Бон Жон Хо: НОВШ ГЭЖ, ЮУ БОЛООД БАЙНА АА?
2020-02-12 А.Мөнхзул 3109

“Parasite”-ийн найруулагч Бон Жон Хогийн
нийгмийн давхарга хоорондын тулаанаас олж харсан урлаг 

Өчигдөр кино сонирхогчдын өдөр байлаа. Хоакин Фениксийг шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авна гэж дэлхий нийтээрээ хүлээж байсан, биеллээ. Брэд Питт 56 насандаа жүжигчний хувиар анх удаа Оскар хүртэж, Өмнөд Солонгосчуудын хийсэн “Parasite” уран сайхны кино мөн л анх удаа дэлхийн кино урлагийг цойлон гарч ирлээ. Хэдийгээр бидний гараг өнөөдөр үхлийн аюулт өвчин, гамшиг зовлонгоор амьсгалж байгаа ч  хүмүүс урлаг, уран сайхнаас хэзээ ч татгалзаж чадахгүй нь гэдгийг өнөөдрийн Оскарын шагнал гардуулах ёслол баталж харууллаа шүү дээ. Харамсах зүйлгүй Оскар болж өндөрлөсөн гэж би хувьдаа дүгнэж байна. Бас сэтгэл хангалуун байна, Бон Жон Хо найруулагчийн өмнөөс, Брэд Питтийн  өмнөөс сэтгэл хангалуун байна.

Дөрвөн “Оскар” хүртсэн “Parasite”уран сайхны кино нь Бон Жон Хо найруулагчийн долоо дахь уран бүтээл бөгөөд хамгийн шилдэг гэдэг нь ч ийнхүү батлагдлаа. 2013 онд “Цас ханзлагч”, 2017 онд “Okja”кинонууд нь кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байсан билээ. Мөн 2006 онд “The Host”, 2009 онд “Ээж” кинонуудаараа тус тус шуугиан тарьж байв.  “Parasite”буюу “Шимэгч”нь баян, ядуу хоёр гэр бүлийн харьцуулшгүй ялгааг өгүүлэх агаад хүнд триллер жанрыг ёгт егөөдөл, бараан наргианаар (dark comedy) хулдан ороосон,  сэтгэхүйн бүтээл юм.  Найруулагч Бон Жон Хо “Parasite”киноныхоо санааг нэлээд олон жилийн өмнө бодоод олчихсон байж. Санаагаа улам улмаар баяжуулан дотроо найруулж явсаар бүрэн боловсорсон гэж дүгнэснийхээ эцэст кино зохиолдоо оржээ. “Энэ сэдэв хэзээ миний санаанд ороод ирчихсэн юм бүү мэд. Гэхдээ яг л шимэгч хорхой шиг миний дотор байж, томорсоор л байсан шүү” гэж хошигнож байсан удаатай. Мөн коллежид байхдаа англи хэлний гэрийн багш хийдэг  байснаа дурсаад энэ үед багшаар ажилладаг байсан тэр баян айлаа өөрөө тагнаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдөг байсан, их зугаатай бас хачин санагддаг байлаа гэжээ.

2019 оны 10 дугаар сард Лос Анжелосын хэвлэлд өгсөн ярилцлагыг нь орчуулан хүргэж байна. Хэрэв та уг киног үзэж амжаагүй байгаа бол спойлердуулах магадлалтай гэдгийг дуулгая.

Сурвалжлагч: “Parasite”кино “Snowpiercer” болон “Okja” кинонуудтай сэдвийн хувьд төстэй санагдсан. Гэхдээ та энэ хоёр киногоо англи хэл дээр бүтээсэн шүү дээ. Гэтэл “Parasite”-ийг яагаад солонгос хэл дээр гаргасан юм бэ?

Бон Жон Хо: Зүгээр л цаанаасаа, жамаараа л ийм зүйл болчихсон юм. Би Сөүлд амьдарч байхдаа эргэн тойрныхоо хүмүүсээс, хөршүүдээсээ өдөр тутмын амьдралынх нь түүхийг сонсохыг хүсдэг байлаа. Эндээс л энэ санаа анх урган гарсан. Хүрээлэн буй бодит юмсыг илүү гүнзгийрүүлж судлахыг би хүсдэг. Яг л маш жижигхэн хэрнээ бүүр цаана байгаад байгаа зүйлийг  микроскофоор харж байгаа аятай. “Ээж” болон “Аллагын түүхүүд”шиг хэмжээтэй кино хийх гэсэн маань нутагтаа эргэж очсоноос ч илүү чухал үйл явдал байлаа. Яагаад гэвэл “Okja”, “Snowpiercer”кинонууд бол үнэхээр том төсөвтэй, нүсэр кинонууд байсан.

Сурвалжлагч: Та амьдралынхаа чухам аль үед нийгмийн анги давхаргын тухай ойлголттой болсон гэж өөрийгөө хэлэх вэ. Бас хэзээнээс өөрийн уран бүтээлдээ энэ сэдвийг тусгая гэж шийдсэн бэ?

Бүхий л бүтээгчид, уран бүтээлчид тэр ч бүү хэл бид цөмөөрөө л цаг ямагт энэ сэдвийг сонирхож байдаг гэж би боддог. Хэрвээ бид сонирхохгүй юм бол энэ бүгд ямар ч утга учиргүй зүйл байх байсан. Бид метро, гудамжинд танихгүй хүмүүсийг харахдаа тэдний хичнээн баян байгаад анхаарлаа хандуулахгүй байж чаддаггүй. Эсвэл онгоцны буудал дээр бизнес ангиллаар нисч буй хүмүүсийг харахдаа бас л баян чинээлгийг нь алмайран харж байдаг шүү дээ. Яагаад гэвэл бид капитализмын эрэн үед амьдарч байгаа учраас бүгд ижилхэн ийм суртахуунтай байгаа юм. Яг үнэндээ хүмүүс баян, хоосны ялгаанд дэндүү мэдрэмтгий ханддаг гэж  би боддог шүү.

Америкийн кино найруулагч Жордан Пийлийн найруулсан “Бид”, Японы найруулагч Хироказү Кори Идагийн бүтээл “Дэлгүүрийн хулгайч нар” болон Солонгосын найруулагч Ли Чан Доны “Burning” кинонууд бүгд л баян, ядуугийн тухай өгүүлдэг. Сүүлийн хоёр жилд тэсрэлт хийсэн уран бүтээлүүд шүү дээ. Бидний хэдэн найруулагч нийгмийн давхаргын тухай хуралдахаар  цугларцгаачихаад байгаа юм биш, байгалийн жамаараа л ийм зүйлс болоод байгаа юм.

Баян гэр бүлүүдэд мөнгөний үнэр авах олон л арга зам байдаг байх. Та энэ гэр бүлийн гоо зүйн асуудлыг кинондоо хэрхэн тусгасан бэ?

Энэ гэр бүлийнхэн өөрсдийгөө “Бид мөнгөтэй, тийм ч болохоор тансаг, дээд зэрэглэлийн хүмүүс” гэж харагдуулахыг хичээдэг. Тиймээс алдартай архитекторын барьсан байшинд амьдардаг. “Бид урлаг мэднэ. Урлагийн мэдрэмжтэй” гэж бусдад ойлгогдохыг хүсдэг. Тэд юм үзээгүй баячууд биш гэдгээ батлахыг цаг мөч тутамд хичээж байдаг хүмүүс. Гэхдээ тэдний туйлын хүсэл бол, ноён Пакийн кинон дээр хэлдэгчлэн, өөрсдийн энэ аятай тохьтой амьдралыг тойруулан хүрээ татчихаад үүндээ хэнийг ч ойртуулахгүй байх явдал юм. Тэд гаднах ертөнцийг, хонгил подвалиар амьдардаг үнэр танартай хүмүүсийн тухай сонсохыг ч хүсдэггүй. Энэ тойрог руугаа ойртсон хэнийг ч цааш түлхэн, өөрсдөө дотор нь аюулгүй байхыг л эрхэмлэгчид юм.

Үнэр бол энэ киноны маш чухал хүчин зүйл. Хамгийн эгзэгтэй хэсэг гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ та яагаад ийм шийдэл оруулсан гэдгээ тайлбарлах өөр шалтгаан байвал бидэнд хэлээч?

Ноён Пакийн гэр бүлийнхэн энэ баян айлд ирээд жолооч, гэрийн багш, гэрийн үйлчлэгч хийдэг. Баян эзэдтэйгээ маш ойрын зайнаас харьцаж, өөрсдийнхөө муухай үнэрийг үнэрлүүлж болох тийм онцлогтой ажлууд л даа. Энэ л өгүүлэмж нь уг түүхийн хамгийн төгс хэрэгсэл болж байгаа гэх үү дээ.

“The Host” кинон дээр улсын цолтой харваачийн дүр гардаг. Харин энэ кинон дээрх ядуу ээжийн дүр нь хуучин зээрэнцэг шидэлтийн аварга байсан. Эдгээр хөнгөн атлетикийн спортын юу нь таны сонирхлыг татдаг юм бэ. Тэр тусмаа энгийн ажилчин хүмүүсийн төлөөлөл болсон тамирчдаар дамжуулж юу хэлэхийг зорив?

“The Host”-ийн дүр болох эмэгтэй хүрэл медаль хүртдэг бол “Parasite” дээрх ээжийн дүр мөнгөн медалиа ханандаа өлгөсөн байдаг.  Хэрэв “Parasite”- ийн эхнэр, нөхөр хоёр зодолдвол эхнэр нь төвөггүйхэн цохиод унагачих юм байна гэдгийг харуулахын тулд би ийм зураглал оруулсан юм. Нөхөр хэдийгээр өрхийн тэргүүн боловч нийгэмд эзлэх байр суурь болон эдийн засгийн хувьд чадамжгүй хүн. Тэр сэтгэл санаагаар ч тэр бие махбодиор ч ихээхэн сул дорой нэгэн. Энэ дүрийн арчаагүй  байдлыг мэдрүүлэхийг зорьсон нь энэ л дээ.

Энэ баян гэр бүлийг амьдралд ингэж хөнгөн хандахад нь юу нөлөөлсөн гэж та бодож байна?

Юуны түрүүнд баян айлын ээж бол үнэхээр хөөрхөн бас гэнэн дүр юм. Гэхдээ би түүнийг хэзээ ч тэнэг, мулгуу гэж бодож байгаагүй л дээ. Тэр их ухаалаг. Магадгүй их сайн сурагч байсан байх. Тэр зүгээр л хүмүүст дэндүү амархан итгэчихдэг, яагаад гэвэл түүний амьдрал ийм мэтийн зүйл дээр туршлага хуримтлуулахуйц байгаагүй. Та мэдэх үү. Энэ эмэгтэй маш залуудаа баян айлын бэр болж, эцэг эхийнхээ ивээл дор амьдарч, хэзээ ч тэмцэх шаардлага гараагүй. Хүмүүст эргэлзэж эхлэхийн тулд танд ямар нэгэн муу зүйл тохиолдох ёстой гэж би бодож байна. Гэтэл түүний амьдралд хэзээ ч ийм юм болж байгаагүй.

Та баян айлын гоо зүйн асуудал дээр онцгойлон анхаарсантайгаа адил ядуурлын бүтцийг ч гэсэн өвөрмөцөөр гаргаж тавьсан байсан. Энэ эсрэгцлийг амилуулахын тулд юун дээр анхаарсан бэ?

Зургийн баг маань энэ тал дээр үнэхээр их хичээж ажилласан. Ганц тэр ядуу айлын ноорхой байшингаар тогтохгүй хөрш айлуудынх нь байшинг ч бүгдийг барьж бүтээсэн. Ингэхдээ усны танкан дээр барьсан. Зургийн багийнхан маань дахин төлөвлөлтөд орсон, нураахаар завдаж буй хорооллуудаар явж, орхигдсон байшингуудаас хаалга, цонх, шал гэх зэрэг зүйлсийг ховхлон авч түүгээрээ эдгээр оромжуудаа босгосон. Энэ нь ядуу өрхүүдийн үнэн бодит төрх байсан юм.

Тийм ээ. Эгч нь ариун цэврийн өрөөнд суугаад тамхи татаж байхад суултуураас ус алдаж, дэлбэрдэг хэсгийг би мартаж чадахгүй байсан шүү?

Зөвхөн энэ хэсгийн л зургийг авах гэж тусгай эффектийн баг маань маш их ажилласан. Суултуур дэлбэрэхэд ус хэр хүчтэй цацагдахыг хүртэл бид судалж тооцоолж байж хийсэн.

Кинон дээр гардаг гоймонтой хоолны “ram-don” гэх нэршлийг таныг санаанаасаа зохиосон гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн хэрэгтээ яг ямар хоол вэ?

Энэ хоол нь хар буурцагтай болон халуун ногоо, далайн амттай гоймонгийн холимог юм л даа. Дундаж болон дунджаас доош давхаргынхны дунд алдартай хоол. Ер нь баячууд үнэтэй, органик хүнс хэрэглэдэг тул ийм зүйл идэхгүй. Гэхдээ хүүхдүүд энэ гоймонд маш дуртай байдаг. Хүүхэд баян байж болох ч хүүхэд хэвээрээ л байна шүү дээ. Амтлах мэдрэмж нь ижилхэн л байж таараа. Ээж нь гоймон дээрээ үхрийн гол мах тавиад өгчихөд л тэд баян хэвээрээ үлдэж байгаа юм. Яг үнэндээ бол ямар ч чинээлэг хүн үүнийг идэхгүй. Энэ зүгээр л миний төсөөллөөрөө хийсэн зүйл  байсан юм. Солонгосын “jjapaguri” гэх энэ хоол нь хоёр брэндийн нийлмэл учраас орчуулагдахгүй. 

Таны киноноос миний сонирхлыг хамгийн их татаж байсан зүйл бол ажилчин ангийн хүмүүсийн хооронд эв нэгдэл маш их дутагдаж байсан явдал. Та яагаад ийм сэдэв хөндөх болов?

Та маш чухал зүйлийг онцолж хэллээ. “Ээж” кинон дээр юухан хээхнээр дутагдаж гачигдах явдал  нь эргээд хэрэгцээ шаардлагатайгаа тэмцэлдэж байдаг. Нөгөөтэйгүүр, “The Host” дээр бол тэд хоорондоо эв нэгдэлтэй байж, бие биенийгээ хамгаалан, хүчээ нэгтгэдэг.   Таны хэлсэнчлэн “Parasite” бол “Ээж”-тэй тун төстэй, тэдний сул дорой байдал нь тарчиг амьдралтайгаа зөрчилдөн  өөрсдийгөө зовооно. Маш харамсалтай боловч бодит байдал нь л энэ юм.  Эндээс гунигтай болон хошин мэдрэмж аль алиныг нь авч болно.

Киноны чухал мөчид“in ginocchio da te,” дуу эгшиглэдэг. Маш эгзэгтэй дохио өгж байгаа юм шиг. Энэ дууны юу нь тийм онцлог гэж?

Аав маань маш олон итали LP пянзтай байсан. Тиймээс надад итали дуу танил санагддаг ч нэг ч дуу бүтнээр нь мэддэггүй байлаа.  Танд итали үеэл бий юү?

Миний аав итали хүн л дээ.

Биднийг киногоо Каннд гаргаж эхлэхэд италичууд их баяртай хүлээж авсан. Яг тэр хамгийн чухал үзэгдэл дээр тэд бие биедээ заналхийлж байгаа нь харгис, хор хөнөөлтэй боловч Газар дундын тэнгисийн нарыг санагдуулсан энэхүү тайвшралын аяз нь энэ хэсэгт гайхалтай тохирох болов уу гэж би бодсон юм. Маш хэрцгий сцен үзэж байхад энэ эсрэгцэл нь сайхан санагдах болов уу гээд сонгосон.

Энэ дуу ихэвчлэн хайрын түүхэд хэрэглэгддэг. Би үүнийг YouTube-ээс сонсож байлаа. Дуучин Жиани Моранди залуу  байхдаа романтик комеди жүжгийн үеэр дуулдаг юм.  Моранди энэ дууг дуулаад амрагтайгаа уулзахаар гүйж байгаа хар цагаан бичлэг л дээ. Дууны нэр нь “Чиний өмнө өвдөг сөхрөхүй”. Киноны гол дүрүүд дуу эгшиглэж байх яг тэр мөчид өвдөг сөхөрдөг нь бүрэн давхцал юм.

“Palme d'Or”-ийг хүртэж байхад танд юу бодогдсон бэ?

Энэ үнэхээр галзуу явдал байсан л даа. Маш гэнэтийн зүйл болсон. Новш гэж, юу болоод байна аа гэж уулгалж байгаа юм шиг л. Гэхдээ дараа нь мэдээж өөрийн төлөвөө буцааж олж авна л даа. Үүнийг давахын тулд эндээс явах  ёстой, цомоо бариад зургаа авахуулах ёстой. Зүгээр л болж байгаа зүйлд авт гэж бодно. Дараа нь үдэшлэг зохиож, ууж наргих болно. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Канн бүхэлдээ нам гүм, Каннын нар өрөөнд минь мандах болно шүү дээ. Жинхэнэ сэтгэл хөдлөл энэ үед л эхэлнэ.

Орчуулсан А.Мөнхзул

Түр хүлээнэ үү...
Top