А. МӨНХЗУЛ|ҮГҮЙ ЁСТОЙ ХӨГИЙН ЮМ АА
2020-02-06 А.Мөнхзул 5839

ХӨГИЙН буюу хэтийдсэн үнэнийг өгүүлэх “Крейцерийн сонат”-д алга ташмаар байна

ҮГҮЙ ЁСТОЙ ХӨГИЙН ЮМ АА.  Лев Неколайвич Толстойн “Крейцерийн сонат” туужийг гурвантаа барьж авч, буцааж “шидсээр”дөрөв дэх тохиолдол дээрээ уншиж дуусгалаа. Аазгай хөдлөөд, эгдүүцэх үедээ шидчихээд нэн таашаалтай болохыг нь санаад эргээд барьж авсаар сүүлийн удаад нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Бидний хамгийн их мэддэг ч мэддэггүй царайлдаг, эмзэг хэрнээ эрээгүй харилцаа болох эр эм хүйстний хоорондын холбоог бичихдээ Толстой хэнээс ч ичиж эмээсэнгүй, юунаас ч айж ширвээтсэнгүй бололтой. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг, сайжирч эсвэл муудаж байдаг нь хорвоогийн жам ч гэлээ хэлбэр төдийхнөө л өөрчлөхөөс цаад мөн чанар нь ямагт хэвэндээ байдаг юмс гэж байдаг бололтой. Энэ нь тэгээд нөгөө л улиг болсон эсрэг хүйстний харилцаа юм биш үү гэсэн бодол толгойноос салахгүй байсаар сүүлийн өгүүлбэрийг уншиж дуусахад ой тоонд хадагдчихсан. Яг энэ хадаас хэзээ нэг цагт сугарч унаж болох ч тав нь үлдэнэ. Уг туужаас авж үлдэх гэсэн санаа минь энэ тав байг.Эсрэг хүйстнүүдийн хооронд болдог энэ хачин, ээдрээтэй, сайхан ч биш, муухай ч биш мэдрэмжүүд чухамдаа хэнд хэрэгтэй гэж, хайр дурлал гэж үнэхээр байдаг юм уу, гэр бүл зохиох хэнд ашигтай гэж, бид хэн нэгэнтэй хамт байхаар сонгох тэр мөчдөө юуг олж авч юугаа давхар алдаж байдаг вэ гэх мэтийн этгээд асуултууд ганц надад ч бишхүн төрөлхтний нийтлэг асуулт байсныг олж мэдэхэд хачин санагдаж байлаа. Гэр бүл, хосуудын харилцаа нь эдүгээ цагт л хөндөгдөөд байгаа сэдэв ч биш аж. Тэртээ 19-р зуунд, соёл, хүмүүжил төлөвшөөд удаагүй үед, гэр бүл салалтын тухай барагтаа л олж сонсохгүй байсан тийм “хариуцлагатай” нийгэмд ингэж бичиж, үүнийг хэдэн саяараа хүлээн зөвшөөрч уншиж байсан (Николай хаан хориглож байсан ч гэлээ)гэж бодохул гайхахаасаа илүүтэй өөрийгөө гаж сэтгэж байна гэх зэмлэлээс хэлтрэх боломж олдсонд баярлаж суув аа. ҮГҮЙ, ЁСТОЙ ХӨГИЙН ЮМ АА. 

Сонгодог зохиолын үнэ цэнэ хаанаа оршдог вэ. Ямар ном унших вэ, сонгодог зохиол гэж чухам ямар зохиолыг хэлдэг юм бэ. Тийм зохиолыг таних тодорхой шүүлтүүр, шалгуур байдаг л байлгүй гэсэн хүмүүсийн асуултанд би өөрийнхөөрөө ингэж хариулдаг. Зүгээр л үр дүн хүлээлгүйгээр уншаад л үз гэж. Ингэхэд чамд онцгой сэтгэгдэл төрүүлж чадаж байвал, зохиолын үйл явдлыг эсвэл аль нэг баатрын үйлдэл, зан байдлыг чиний доторх хүн толгой дохин хүлээж авч талархаж эсвэл жигшин зивүүцэж, хялайн харж байвал тэр сонгодог зохиол гэсэн үг. Сайн зохиол гэсэн үг гэж би хэлмээр байдаг. Миний хувьд тийм л юм. Дээр нь нэмэхэд, уншаад дууссан ч хэдэн өдөр сараар ч бодогдоод салахгүй, баярлаж хөөрөөд эсвэл шаналаад уйтгарлаад байвал сайн зохиолын шалгуур давсан гэсэн үг, минийхээр. Тийм зохиол уншиж байхад өөртэйгөө ярилцах давгүй байдаг, өө чи ийм мөн чанартай хүн юм бий вий, аан чи ч нэг ийм юманд л байдгаа тавиад туухаас сийхгүй нь, ийм нөхцөлд үхтэл айж хулчийн зугтахнээ гэх зэргээр өөрийн доторх араатан, эсвэл сахиусан тэнгэр гээд аль алиныг нь сэрээн уулздаг юм. Үүнийг л эрэлхийлж уншдаг. Харин өөрөөсөө авах тэрхүү шалгалтын асуултууд их, бага байх, хатуу зөөлөн байх эсэх нь тухайн зохиолоос л шалтгаалдаг гэж болно.  Наманчлал хэлбэрээр бичигдсэн зохиолууд өөртэйгөө хийх дайны хамгийн сайн зэвсэг болдог. Уран зохиолыг таашаал эдлэх гэж бус өөрийгөө байцаах гэж “хэрэглэдэг” над мэтийн уншигчид бол наманчлал хэлбэрийн зохиолыг сайшаадагболов уу гэж найдна. Ийм зохиолын сонгодог жишээ гэвэл Достоевскийн зохиолууд, онцгойлон “Газар дороос бичсэн тэмдэглэл” байна. Мөн миний хайртай зохиолч Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” энэ шалгуурт зүй ёсоор тэнцэнэ. Өөрийгөө ялласан, шийтгэсэн, шүүсэн ийм төрлийн зохиолууд уншихад нэн төвөгтэй, юун таашаал эдлэхтэй манатай зүгээр л дотор хутгаад, тархи мэдрэлийг онгичих шиг болдог. Маш хүнд шалгалт болдог гэсэн үг л дээ. Гэсэн ч миний хамгийн дуртай шалгалт. Хүн байх эсэхийг шийдэх, амьдрахуйн шалгалт гэж би дээдэлдэг.

Харин энэ “Крейцерийн сонат” галт тэрэгний давчуу бүхээгт миний дотор хүнтэй урд урдаасаа харж суугаад өтгөн байхуу цай уунгаа, нэгэн хартай эрийн эхнэрээ хөнөөсөн түүхээр дамжуулан эсрэг хүйстнүүдийн тухай хичээл заачихдаг байна шүү. Бүр акедемик түвшинд гэж онцолмоор байна. Шалгалтын асуултуудыг хараад мэдээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг л байлаа. Асуулт асууж буй багш маань өөрөө эрээлээгүй байхад би хариултаа хэлэхээс ичээд байх шиг л байв. ҮГҮЙ, ЁСТОЙ ХӨГИЙН ЮМ АА.

Хуудас эргэх тоолонд “Тийм шүү дээ” л гэж уулгалаад байлаа. Ердөөсөө амьдрал гэдэг чинь ийм л новшийн зүйл байдаг, бүх зүйл бидний бодсон шиг, сэтгэсэн шиг, анхны удаагийн мэдрэмж шиг сайн сайхан байдаггүй, тэгээд энэ бүгдийг олж мэдэж өөрийгөө дасгалжуулах тутамдаа унаган зангаа гээдэг. Улмаар өөрийгөө алдаж, нэг хэвэнд цутгагдахаар хүлээж буй зуурсан шавар шиг болж байгаагаа мэдрэх нь амьдралын хамгийн муухай хэсэг биш гэж үү. Үүний оронд юу ч мэдэхгүй, маанаг хэвээрээ амьдралыг дуусгая, би юу ч мэдэрмээргүй байна, хүмүүсийг танимааргүй байна,  зүй тогтлыг олмооргүй байна үгүй бол би тэр хэвэнд цутгуулмааргүй байна. Ингээд наран ээвэр газар өөрийнхөө хэлбэрийг олоод хатаж бэхэжье гэж орилмоор байдаг хэмээн би Толстойн өөдөөс хээвнэг хариуллаа. Гэтэл “Жирийн энэ өдөр тутмын амьдралдаа бид нэрэлхүү байхгүй л юм бол амьдрахын хэрэггүй шүү дээ” гэсэн өгүүлбэрийг уншигч над руугаа хайр найргүй чулуудаж байгаа юм. Ийм байхад сонгодгоос сонгодог гэж хэлэхгүй би өөр хэрхэх билээ дээ.

Зохиолд хэд хэдэн маш чухал сэдвийг нэлээд дээрээс харсан шинжтэйгээр хөндөн бичжээ. Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдийг хэрхэн үнэлдэг вэ, тэдэн рүү харж байхдаа юу боддог вэ, нийгэмд ямар байр суурьтай байвал зохилтой гэж үздэг вэ гэх зэргийг зохиолч бээр өөрөө эр хүн биш юм шигээр, нарийн яривал феминист ч байх магадлалтай хандлагаар гаргаж дэвшүүлжээ.  Эмэгтэй хүн эрчүүдийн дур хүслийн хэрэгцээг хангаж байх ёстой, үүний тулд эмэгтэйчүүд бүгдийг золиосолдог байх ёстой. Тэдний хийж буй өчүүхэн үйлдэл ч эрчүүд бидний төлөө, бидэнд тоогдох гэж, бидний хараанд өртөх гэж хийж байгаа гэдэгт зуун зууны турш итгэсээр ирсэн, энэ нь цаашид ч өөрчлөгдөхгүй байх гэсэн шорвог санааг хүлээн зөвшөөрөх хэцүү байсныг нуух юун. Ингээд ч зогсохгүй эмэгтэйчүүд биднийг зөвхөн нөхөрт гарахын төлөө, эрд тоогдохын төлөөнөө л өдөр хоног өнгөрүүлж, амьсгалж, идэж бас унтдаг гэчихсэнд эгдүүцэв. “Охин нас биед хүрлээ л бол эцэг эх нь гэрлүүлнэ. Хүн төрөлхтөн ингэж л байсан, одоо ч ингэж байгаа. Хятадууд, энэтхэгчүүд, лалынхан, манай ард түмэн бүгд ийм, ерөөсөө хүмүүн төрөлхтний 99% нь ийм шүү дээ. Зөвхөн 1% нь буюу бидний цөөхөн дампуучууд үүнийг тааруухан хэрэг гэж үзээд шинэ юм бодож олжээ. Тэр шинэ юм нь юу гээч. Охид хүүхнүүд нь гэртээ сууж байдаг, харин эрчүүд нь зах руу явж байгаа юм шиг очоод шилж сонгодог болсон. Харин хүүхнүүд хүлээгээд л бодоод л суух ч “Хөөе, намайг шүү. Намайг л авчихаач дээ. Түүнийг биш намайг. Миний мөр, цээжийг хар л даа” гээд хэлчихэж зүрхлэхгүй. Харин эрчүүд бид нааш цааш алхаад л сонжиж шинжээд л, их л маадгар сэтгэл хангалуун байдаг” гэсэн хэсэг байна. Үүнийг би өөрийн амьдарч буй цаг хугацаа, нийгэмдээ зөөвөрлөн авчраад тавьж үзэхэд бараг л таарч байна, харамсалтай. Цаг үе өөрчлөгдсөн ч энэ санаа цуллаг хэвэндээ л байсаар байгаа нь эгдүү хүргэж байгаа юм. Хэдий бид гэртээ суугаад, цээживчээр бэлхүүсээ чивчиртэл ороочихоод, хөгжим, уран зураг оролдсон шигээ ирээдүйн эр нөхрөө хүлээн гиеүрч суудаг 19-р зуунд амьдраагүй ч гэсэн, дэлхий ертөнц бидний өмнө нээгдэж, хаанаас ч юуг ч олж болдог, хэнтэй ч учирч болдог цаг үед амьдарч байгаа ч гэлээ одоо хэр нь дээрх тогтсон замналаар явж байгаа нь үнэн шүү дээ. Эрчүүд эмэгтэйчүүдийг сонгодог. Эмэгтэйчүүд хэдийгээр дотроо голж шилж, хаяж сонгож байдаг ч эрчүүд л эцсийн шийдвэрийг гаргадаг. Тийм болохоор л ийм хөгийн санаа хэдэн зууныг дамжжээ.  Гэхдээ эмэгтэйчүүд бид түрүүлж санал тавьдаг байсан бол эрчүүд ямар ч сонголтгүй үлдэх байсныг би баттай мэдэгдье. Эрчүүдэд миний энэ мэдэгдэлинээдтэй санагдаж байж болох ч энэ харин үнэн шүү. ҮГҮЙ, ЁСТОЙ ХӨГИЙН ЮМ АА.

Эрчүүд эмэгтэйчүүдийг хэрхэн үнэлдэг вэ гэх маш том асуудлыг дагаад хүний ёс суртахуун хурцаар тавигдах нь зүй. Бүсгүй хүн үр удмаа тээж төрүүлэх, нөхөж үржих үүрэгтэй. Гэтэл эрчүүд хүүхдээ тээж буй эхнэрийг өөрийн дур хүслийг хангах зорилгоор ашигладаг. Амьтан хүртэл үр тогтоох зорилгоор л ганц, нэг удаа хавьтдаг байхад хүмүүс амьтнаас дор, хүслээ захирч чаддаггүй хэмээн шүүмжилсэн нь ихэд содон дүгнэлт санагдсан.

Хүмүүс бусармаг зүйлс хийдэг ч өөрийгөө гэнэт л ариухан амьтан болчихно гэдэгт итгэсээр, гэтэл нөгөө л муу зүйлсээ тарьж ургуулсаар насыг бардаг гэдэг. Ухамсартай, соёлтой болж харагдах гэдэг хүмүүс угтаа хамгийн увайгүй амьтас байдаг. Ариун гэгээн мэт аашлах ч цаагуураа хамгийн адгийн зүйлсийг хийж л явдаг. Угтаа бол харагдаж байгаа шигээ биш шүү дээ гэдгийг бүгд шахуу мэдэж байдаг ч биз. Өөрийнхөө байхыг хүссэн хамгийн сайн хувилбарыг хүмүүс бүрдүүлэх гэж хичээдэг, ингэсээр үүндээ өөрөө төөрөлдөж, хүмүүсийг ч өөрийнхөө хуурамч багтай тааруулж харьцахыг шаардаж эхэлдэг. Хуурамч багтай чинь сайхан тааруулаад харьцлаа гэж бодоход жинхэнэ өөртэй чинь зөрчилдөх нь дамжиггүй биз. Ингэж л бид худал хуурмагийн далайд хамтдаа нэг завинд суугаад сэлж байдаг юм даа. Ёстой ХӨГИЙН байгаа биз. Хүн төрөлхтний мөн чанар нь угаас ийм юм. Жич: Би нигилист нэгэн биш гэдгээ баттай мэдэж байна.

Дараагийн дэвшүүлсэн асуудал буюу их л эмзэглүүлэм, хамаагүй ярихаас ч халшрам кэйс нь гэвэл Толстой үр хүүхдийг хүртэл зовлон шаналлын эх үүсвэр мэтээр бичжээ. Бурхнаас илгээсэн бэлэг, амьдралыг гэрэлтүүлэгч, дээд тэнгэрийн элч гэж бид үр хүүхдээ хайрладаг биш бил үү. Айл гэрийн бурхан гэж шүтдэггүй бил үү. Гэтэл Толстой бидний энэ уламжлал болсон гэж боддог сэтгэхүйг хайр найргүй шинжилж үзээд “Үгүй шүү найзууд аа, тийм биш” хэмээжээ. Та нар дотроо хааяа ч гэсэн үр хүүхдээ төвөгшөөж байсан л биз дээ. Заримдаа бүр үүнийгээ ил гаргах ч тохиолдол байдаг шүү дээ. Тийм байтал битгий сахиусан тэнгэрийн дүр үзүүлээч дээ гээд даажигнасан байна. Зохиолын баатар Позднышев гэр бүлийн бүтэлгүй амьдрал, гэргийдээ хандах хүйтэн хандлага, хэрүүл шуугиандаа хүүхдүүдээ нэрмээс болсон хэмээжээ. Жил дараалан олон хүүхэдтэй болохдоо шинэхэн хосуудын харилцаа муудан муудсаар илжирч, бие биедээ дөхөхөөр л хавь ойрдоо өмхий самхайгаа тавьдаг болсон юм байх. Бараг л асрамжийн газрын эр эм хоёр захирал шиг л хэдэн жилүүдийг өнгөрүүлсэн ажээ. Яах гэж гэрлэлээ, юуны төлөө энэ хүнийг насныхаа ханиар сонголоо гэдгээ ухамсартайгаар бодож үзэх нь битгий хэл эхнэр нөхөр гэдгээ ч умартаад хүүхдүүдийн элдэв асуудалд л толгойгоо ажиллуулдаг болж. Энэ нь ужгирсаар бие биенээ үзэн ядахад хүргэжээ. Харамслаар дүүрэн амьдрал ямар л олиг байхав дээ. “Бидний амьдрал бол санаанаасаа ургуулсан эсвэл бодитой ямар нэг аюулаас л байнга аврагдаж мултрах явдал байсан юм” гэж зохиолын баатар Позднышев гэр бүлийн амьдралаа, эхнэр хүүхэдтэйгээ амьдарч асан хугацаагаа дүгнэдэг. Хэртхиймээр, ингэж шуудхан, илхэн хэлж болдог гэж санасангүй. Энд л уран зохиолын, сонгодог зохиолын үнэ цэнэ оршиж байгаа юм биш үү. Дээрх шиг дүр зураг өнөөгийн нийгэмд ч байж л байгаа шүү дээ. Бүр даамжирсан ч байхаа магадгүй. Тэглээ гээд бид үр удмаа үлдээхээ больж болохгүй учраас энд өөрийн үзэл бодлыг илчлэхээ азнахаар шийдлээ.

Хамгийн сүүлийн хөндүүр сэдэв нь хардалт. Хардалт гэх айхтар муухай сэтгэлийн хөөрлийг мэдэрч үзээгүй хүн гэж үгүй л болов  уу. Хүний сэтгэлийн ийм нарийн мэдрэмжийг хүртэл  уншигчдад мэдрэгдэхүйц, булгилж лугштал нь бичсэн зохиол хуруу дарам цөөхөн шүү дээ. Харын хороор эхнэрээ, таван хүүхдийнхээ эхийг өөрийн гараар хөнөөчихөөд гурав дахь хоног дээрээ оршуулганд нь очихдоо л өөрийнхөө юу хийснийг ухаарч байгаа эрийг хөөрхийлөх үү, зивүүцэх үү. Энд бас л нэг шалгалт. Нөгөө л асуултууд ундарна. Өөрөөсөө асуух түм түмэн асуултад ээрэгдэн байж уншаад төрсөн сэтгэгдэл ийм байна.

Хамгийн ХӨГИЙН зүйрлэл нь, насан туршдаа нэг хүнийг хайрлана гэдэг байж боломгүй зүйл бөгөөд амьдралынхаа турш нэг лааг асааж болно гэж хэлэхтэй адил. Хоёр хүн харилцан бие биеэ гэх сэтгэл нь тэмдэг тавьсан хоёр вандуй шуудайтай вандуйн дотор хамт байх боломжгүйтэй агаар нэгэн гэжээ. Түүнчлэн гоо үзэсгэлэн, хайр сэтгэл, эр эмийн харилцаа, гэр бүл гээд бүгд харагдаж байдаг шигээ сайхан, хүсүүштэй зүйл биш аж. Үүнийг бүгд мэддэг хэрнээ мэддэггүй царайлж явдаг нь хүмүүн төрөлтний хүсээгүй үнэн нь юм уу даа.

Антон Чехов 1890 оны хоёрдугаар сард А.Н.Плещеевд бичсэн захидалдаа “Утга зохиолын хувьд ямар сод бүтээл гэдгийг нь энд дурдахаа больё... Ердөө, энэ тууж танд ямар их зүйл бодуулж байгааг нь ойлгоод л та үүнийг олж уншсандаа баярлах болно. Крейцерийн сонатыг унших үед <Яг тийм шүү!> эсвэл <Үгүй ёстой хөгийн юм аа!> гэж хашгирмаар санагддаг юм шүү” гэжээ.

Түр хүлээнэ үү...
Top