Н.Гоголь: ШИНЕЛЬ
2018-03-27 Д.Төмөр-Очир 4955

"Алив, надад, ургуулан бодох урнаар төсөөлөх авьяастай уншигчийг заагаад аль.Чухам л түүнд зориулагдсан тууж юм шүү дээ, энэ чинь" гэж нэрт зохиолч В.Набоков уулга алджээ. Нээрээ л үнэн дээ. Ядуу түшмэлийн дүр бидэнд юу өгүүлнэ вэ?

Абсурд дүрийн мөнхийн бэлгэдэл, ядуу түшмэл Акакий Акакиевичийн амьдрал, мөнхийн тойрогт эргэлдэх хүний амьдралын ерөнхий загвар юм. Доод тушаалын түшмэл тэрээр бичиг хуулах ажилтай, түүндээ хачин их дуртай. Гэртээ чөлөөт цагаараа ч бичгээ л хуулж, дахин дахин бичнэ. Ерөөс түүний амьдралын утга учир, таашаал, урам зориг нь бичиг хуулах ажил нь юм. Түшмэл яагаад залхаж уйдахгүй өдөр болгон бичгээ хуулан бичиж сууна вэ? Таашаал авдаг болохоор л тэр юм. Бид ч таашаал авдаг тэр зүйлээ л дахин давтаж үйлдсээр байдаг. Сексийг хүүхэд хэрэгтэй үед цор ганц удаа хийж болно шдээ уг нь. 

Мөнхийн эргэлт, оршихуй учир утгагүй болох тухай гайхалтай санааг мань түшмэлийн дүрээр, Набоковын хэлснээр "Өгүүлэмж нь нэг онигоорхуу" маягийн хошин зохиолоор гаргаж үзүүлж чадаж байгаа нь гайхамшиг юмаа. Орос орон хүнд сурталд нэрвэгдсэнийг "Чухал хүн"-ий дүрээр ёгтлон харуулсан нь гайхалтай. Хүнийг, хүн чанарыг албан тушаал, цол хэргэм хэрхэн эвдэж байгааг "Чухал хүн"-ий зовлонт дүрээр уран элэглэсэн байгаа юм шүү!

Хөөрхий ядуу дорд түшмэл өвлийн хүйтэн жаварт даанч нэмэргүй түмэн нөхөөс болсон шинелиэ солих, шинээр оёулах мундаг том шийдвэр арайхийн гаргав. Шинэ шинель түүний амьдралын утга учир, гэрэл гэгээ болох нь тэр. Гэтэл, гэтэл тун золгүй юм болж шинэ шинель өмссөн тэр оройгоо хөөрхий түшмэл дээрэмдүүлчихэж байгаа юм. Ингээд амьдралын итгэл найдвар мөхөж, бүх юм нуран уналаа. Түшмэл үүнээс болж сэтгэл нь хямран амьсгал хураажээ. Түшмэлийн үхлээр зохиол маань дахин амилж байна.

Түшмэлийг үхсэн даруйд нь бүгд мартаж орхижээ. Тийм хүн урьд нь амьдарч байсан гэх ямар ч ул мөр үлдсэнгүй. Гэтэл аймшигтай цуу яриа хотоор нь тарах нь тэр. Түшмэлийн сүнс хотоор тэнүүчлэн шинель дээрэмдэх болсон тухай. Үнэн эсэхийг мэдэхгүй ч, мэдэх хүмүүсийн яриагаар тэр түшмэл яг мөн гэнэ.
Энэ нь цуу яриа биш жинхэнэ бодитой явдал болохыг түүнийг амьд ахуйд нь гомдоосон "Чухал хүн" шинелиэ дээрэмдүүлснээр батлагдав. Цагдаа нар үхсэн хүнийг амьдаар нь барих хэцүү даалгавараас ингэж нэг юм чөлөөлөгдөв. Учир нь сүнс санаа нь амарсан бололтой дахиж үзэгдээгүй аж.

"Бид Гоголийн Шинелиэс төрсөн хүүхдүүд" хэмээн Оросын суут зохиолч Достоевский хэлсэн нь учиртай үг. Сэтгэлгээний зохиол бичих урам зориг өгсөн учраас тэр юм. Гоголийн оюун санааны ертөнц бол орчин цагийн квант физик шиг тийм сонирхолтой, тайлагдашгүй, гүн гүнзгий болохыг В.Набоков онцлон дурдсан байдаг. 

Түшмэлийн амьдралын хэв маяг "Сизиф"-ийн чулуу өнхрүүлдэг ажлаас нэг их ялгаагүй. Түшмэлийн дүр уран зохиолд дахин нэг амилсан нь А.Камюгийн "Этгээд хүн"-ий Мерсо юм. Хүний оршихуйд ямар утга учир байнаа гэдгийг уран зохиолоор эргэцүүлж байгаа нь өөрөө гайхамшиг юм даа. Гоголийн нэг өвөрмөц онцлог нь философийн сургаал айлдахгүй, харин хошин шооч өнгө аясаар егөөдөн бичиж, инээд наргиан дунд гүн санаагаа нууж чаддаг жинхэнэ аугаа суу билигтэн билээ. Унших зуур ганцаараа элгээ хөштөл инээсэн билээ.

Түр хүлээнэ үү...
Top