Сургуулиасаа хөөгдсөн, байнга хараал урсгаж, тамхи татан, архи уух дуртай өсвөр насны энэ хүү чинь ёстой золигийн дамшиг юм гээч! Пенсильваний нэр хүндтэй хувийн сургуулиас хөөгдөн, гэртээ харилгүй Нью-Йорк хотод хоёр хоног буудал хөлслөн шөнийн цэнгэний газар архи ууж, хүүхнүүд өдөн, томчуудыг гоочлон, элдэв хачин юм бодож суугаа Холден хүүг та л лав жигшин зэвүүцэх байх даа. Тэр хайртай охин дүүтэйгээ уулзаад гэр орноо бүрмөсөн орхин зэлүүд газар нүдэн балай, чихэн дүлий амьдрахаар шийдсэн нэг муу мангар бацааан шүү дээ! Түүний хоржоонтой хүүрнэлийг романы турш сонсон тэвчээртэй сууна гэдэг хэн хүнд байж боломгүй түвэгтэй, залхуутай мэт санагдана гэж та бодож байна уу? Үгүй шүү! Зохиолын төгсгөлд эх захаа алдсан хүмүүжилгүй тэр хүүг харин халуун дотноор хайрлах сэтгэл төрсөн юм. Хачирхалтай байгаа биз! Зохиолч Сэлинжкер цөөн хэдэн өгүүллэг бичсэн бөгөөд ганцхан энэ романыг бичээд алдар хүндийн оргилд гарсан мөртлөө ор сураггүй алга болсон нь гайхмаар. Зэнгийн сургаалийг бясалган хувийн эдлэндээ нам гүмхэн суусаар насан хутгийг олжээ. ХХ зууны дуулиантай гэмт хэргүүдийн нэг, алдарт Битлзийн Жон Леноны аминд халдсан Марк Чепмэн гэгч этгээдийн өврөөс энэ ном гарсан гэж байгаа. Өсвөр насны хүүгийн нүдээр томчуудын амьдралыг тольдон харж, шүүн тунгааж, эргэцүүлж байгаа өгүүлэмж бүхий тун ч сонирхолтой зохиол. Айхтар хэрсүү, ажигч гярхай Холден хүү томчуудын ертөнцийн худал хуурмагийг жигшин зэвүүцэж, өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрахыг хүсэж байгаа шилжилтийн насны тогтворгүй сэтгэлзүйг нээн харуулсанаар үнэт бүтээл болжээ. Материаллаг ертөнцөөс илүү оюун санааны үнэт зүйл хэчнээн эрхэм нандин болохыг, хүүхдийн хүмүүжилд эцэг эх, багш нар, сургуулийн орчин ямар нөлөөтэйг дам үзүүлж байна. Эмэгтэй хүнтэй ойртох хүсэл тээж яваа ч " Эмэгтэй хүний биеийг хийл хөгжимтэй зүйрлэвээс түүнд тохирох том хөгжимчин л яруу дуурьслыг үүсгэж чадна. Бэлгийн харилцаа бол бие махбод хийгээд оюун санааны нэгдэл төдийгүй урлаг юм" хэмээн бодож яваа тэр ухаалаг хүү бол үнэндээ завхарсан амьтан биш томчууд бидний ёс суртахуунгүй, худал дүр эсгэсэн амьдралыг егөөдөн суугаа хоржоонтой дамшиг билээ. Анх томчуудад зориулан бичсэн зохиол боловч гарсан даруйдаа өсвөр залуу үеийнхний сонирхол, шохоорхолыг гойд ихээр татан Америкийн нийгэмд соёлын шинэ давалгаа үүсгэн утга зохиолын үнэт бүтээл, сонгодог туурвилын санд багтжээ. Харвардын их сургуулийн оюутнуудын заавал унших номын жагсаалтанд дээгүүр байр эзэлсээр олон оныг үдэж байгаа энэ зохиолын тухай Г.Аюурзана "Энэ номыг уншилгүйгээр залуу насаа өнгөрөөчихвөл магадгүй чи олон зүйлд насан туршдаа сэтгэл дундуур явах болно" гэсэн нь учиртай юм. Өсвөр залуу насанд бушуухан том хүний эгнээнд орж бие даасан хувь хүн болох хүсэл хэн хүнийг тойроогүй дайрсан нь мэдээж бөгөөд сэтгэл санаа тогтворгүй эмзэг болдог энэ эгзэгтэй үед залуу хүний дотор ямар санаа бодол нуугдаж явдагыг жирийн нэг хүүгийн дүрээр дуурайтал үзүүлсэн уг бүтээлийг тун ч яруухан орчуулсан тул нэрт шогч Ц.Доржготов гуайн хоржоонтой, егөөтэй зохиолуудыг уншиж буй мэт гоё сэтгэгдэл төрлөө. Унших зуураа "Гүй ээ чи мөн ч золиг шиг хүүхэд юмаа" гэж хэдэн удаа инээмсэглэн хэлснээ ч санахгүй байна. Хязгааргүй уудам хөх тариан талбайн дунд эрх чөлөөтэй тоглон наадах хүүхдүүдийг ангал руу унахаас сэргийлэн зогсох Харуул болох хүсэлтэй энэ ухаалаг хүү өсвөр залуу настай минь дахин учруулах шиг боллоо.Тийм л золигийн дамшиг байгаа юм даа энэ Холден хүү чинь!