Мүраками Харүки "НОРВЕГИЙН ОЙ"
2018-03-16 Д.Төмөр-Очир 2615

Ватанабэ гэх 37 настай япон залуу хориод жилийн өмнөх өсвөр залуу насныхаа хайр сэтгэлийн гунигт дурсамж, дотно найзуудаа эргэн дурсаж байгаа дурдатгал зохиол юм."Битлз" хамтлагийн Norwegian Wood дуу анхны хайрынх нь дурдатгалтай салшгүй холбоотой учраас энэ дуу эгшиглэх бүрт сэтгэлийн шарх нь хөндөгдөж, дурсамж нь сэргэдэг аж. Цорын ганц дотно анд Кизүки нь учир битүүлэгээр арван долоон насандаа амиа хорлосон явдал түүний сэтгэлд гүн шарх үлдээж үхлийн тухай эргэцүүлж эхэлжээ. " Үхэл гэдэг нь энэ амьдралын нөгөө тал бус амьдралд өөрт оршиж буйг" ухаарсан тэр мөчөөс улам л дотогшоо шигдэж, ганцаардмал байдалд орсон Ватанабэд цорын ганц өмөг түшиг сэтгэлээ нээж ярьдаг хүн нь дотно анд Кизүкигийн найз охин Наоко байсан нь санамсаргүй явдал биш байлаа. Тэр анхнаасаа л Наокод дурласан болохоор найз залуугийнхаа үхэлд харууссан түүний сэтгэлийн зовлонг хуваалцах далимд өөрийгөө илчлэх бодолтой байв. Сэтгэлийн гутралд орсон Наоко хорин насныхаа төрсөн өдрөөр хайртай залуудаа зориулж чадаагүй онгон биеэ түүний мэдэлд тушаасан нь тэр хоёрын энгэр зөрүүлсэн эхний бөгөөд эцсийн учрал байжээ. Барууны дуу хөгжим, утга зохиолыг бишрэн шүтэгч Ватанабэг оюутны найз Нагасава үзэл бодол адилхан гэж дотносох авч цаад зорилго нь хань татаж хүүхэн ангуучлах, шалиг дур хүслээ хангахад нь хамтрагч байх төдийхөн л байжээ. Хэн бүхнийг байлдан дагуулах авьяас чадалтай Нагасава "Амьдрал богинохон.

Цагийн аяс давж гарахгүй ном зохиол уншиж цаг алдмааргүй байна" гэж хэлдэг барууны сонгодог утга зохиолыг шүтэн бишрэгч, том эрхтнээ өөрийн хүч чадлын бэлгэдэл гэж үздэг, түүнээ батлахын тулд хүүхнүүдтэй замбараагүй сексийн харьцаанд ордог, найз бүсгүйтэй мөртлөө зөвхөн дур тачаалаа хангахын төлөө энэ бүхнийг хөсөр хаядаг "Оюунлаг-бэртэгчин" юм. Энэ бүхний нь мэддэг ч юу ч болоогүй юм шиг тэвчин суудаг царайлаг бүсгүй Хацүми " Хань ижил үр хүүхэдтэй болж, шөнө болгон тэвэрт нь эрхлэхээс өөр хүсэх юм алга" гэсэн бодолтой цайлган нэгэн билээ. Наокогийн дураараар зантай эгч нь 17 настайдаа амиа хорлосон нь бага насанд нь тохиолдсон аймшигт сэтгэл зүйн цочрол байжээ. Хар багаасаа өвөр түрийдээ өссөн багын найз хайртай залуутайгаа бэлгийн харьцаанд орох гэсэн оролдлогууд нь бүтэлгүйтсэн төдийгүй, магадгүй түүнээс ч болсон юм уу хайртай хүн нь амиа хорлосон явдал эдгэшгүй сэтгэцийн өвчтэй болоход хүргэжээ. Харин түүнийг эдгэнэ хэмээн найдаж байгаа Ватанабэ сувиллын газар эргэж очихдоо эгчмэд бүсгүйтэй танилцсан нь хөгжимчин Рэйко байв. Итгэмээргүй хачин тохиолдлоор эмгэгтэй болсон бүсгүй аж. Гэрээр хөгжим заалгадаг 13 настай шавь охин нь лесби байснаас энэ бүхэн үүдэлтэй ажээ. Их сургуулийн драм судлалын ангийн оюутан Ватанабэ алс хол сувилалд хэвтэх Нагоког санан мөрөөдөж, гиюүрч явсан тэр гунигтай өдрүүдэд нэг сургуулийн оюутан Мидоритой танилцсан нь бас нэг шинэ ертөнц байв. Эрчүүдийн анхаарлыг татах богино банзал өмсөж, тамхи татан, шалиг завхай зүйл ярих эрээ цээргүй мэт энэ бүсгүй цаанаа бол зовлон туулж ганцаардаж гунирхасан нэгэн байсан ажээ. "Хүн аажмаар үхэх л хамгийн аймшигтай. Үхлийн сүүдэр амьдралын гэрэл гэгээг сөөм сөөмөөр мэрсээр нэг л мэдэхэд тас харанхуй болж...тэгэхгүй л юмсан" гэж үхлийн тухай өөрийн эргэцүүллээ Мидори хүүрнэж байна. "Шоргоолжнууд ийм ажилсаг мөртлөө яагаад хувирч өөрчлөгдөхгүй шоргоолж хэвээрээ байдаг юм бол" хүүхэд шиг гайхаж байгаа сэргэлэн хөөрхөн Мидорийн дүр сэтгэлд нэг л дотно. Японд барууны үзлийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн гарч байсан жараад оны сүүлээр өрнөх үйл явдлууд, эдгээр өсвөр залуу насны хүмүүсийн хайр сэтгэл, хоорондын харьцаа, сексийн амьдралыг дэлгэн үзүүлсэн сонирхолтой зохиол юм.

Япон соёлын уламжлалт онцлогууд бидний бодол сэтгэхүйгээс тэс өөр учир гайхан алмайрмаар юмнууд зөндөө байна. Амиа хорлох явдал самуурайн ёс уламжлалаас эхтэй бөгөөд тухайн үедээ нэр төр, эр зоригийн бахархал болж байжээ. Харин орчин үед юуны учир ялих шалихгүй шалтгаанаар амиа хорлох болов гэдэг хачирхалтай санагдаж байна. Нийгмийн үсрэнгүй хөгжил нь хүн болгоныг чөлөө завгүй болгож, бие биеэнтэйгээ харилцах амьд дотно харилцаа үгүй болж, хүн бүр хувиа хичээн дотогшоо шигдэж ганцаардах нь хүний сэтгэл зүйг эмзэг хэврэгхэн болгосон төдийгүй "бусдад түвэг удахгүй" -н тулд сайн дураараа оддог бололтой. Зохиолын багагүй хэсгийг секс өгүүлэмжүүд эзэлж байгаа нь садар самуун зүйл ердөө ч биш. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон сексийн харьцаа, дур хүслээр дамжуулан хүний дотоод мөн чанарыг гаргах гэсэн зохиолчийн эрэлхийлэл.

Зохиолын дүрүүдийн сэтгэл зүйд нэвтэрч байгаа арга барил нь Достоевскийг өөрийн эрхгүй санагдуулж байна. "Аугаа Гэтсби"-ээс салдаггүй, чөлөөт цагаараа пянзны дэлгүүрт ажилладаг, барууны хөгжим, утга зохиолд дуртай барууны соёлыг шүтэн бишрэгч эгэл даруухан Ватанабэд зохиолч залуу насныхаа дурсамжийг шингээсэн гэдэг нь дамжиггүй ээ. Хувь хүний эрх чөлөөг дээдлэн үзэх үзэл энэ зохиолд нэвт шингээстэй байна. Янз бүрийн шалтгаанаар ганцаардсан зохиолын баатрууд хоорондоо ямар нэгэн сэжмээр холбогдож бие биеэндээ дотносон сэтгэлээ нээж байгаа тэр дүрслэлүүд гайхалтай байлаа. Зохиолын туршид хар бараан, баргар хүйтэн өнгө ноёлох шиг сэтгэл тавгүйтэж, Мишимагийн алдарт "Алтан сүм"- ийг уншсаны дараа сэтгэл хоосорсон тэр мэдрэмж дахин давтагдлаа. Япон утга зохиолоо гэж...

Түр хүлээнэ үү...
Top