СЭТГЭЛЗҮЙН ХАЛЗ ТУЛААН
2018-03-16 Д.Төмөр-Очир 1496

Ядуу ноорхой оюутан Раскольников оюутан ухаандаа удаан хугацааны турш эргэцүүлэн бодсон шинэ "онол"- оо туршиж үзэхээр зориг шулуудсан боловч эхний алхамаа хийгээд л бүдэрчихлээ. Ингээд л эцэс төгсгөлгүй сэтгэлийн гутрал зовиур, эргэлзээ айдаст автан шаналалын мөнхийн эргүүлэгт унаж байна. Тэр өөрийгөө гэмт хэрэгтэн гэж үзэхгүй байна. Ядуу зүдүү, гачигдал зовлонтой хүмүүсийн шим шүүсийг сорж байдаг хэнд ч хэрэггүй хортой бөөс мөнгө хүүлэгч эмгэнийг хөнөөгөөд түүний мөнгөөр шинэ амьдралыг босгож хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах учир энд буруу юм байхгүй. Нэг амиар зуун амийг аврах нь буруу гэж үү? Эсвэл нийгмийн шударга бус явдал, зовлон зүдгүүр, ялзрал доройтол, гамшиг бүхнийг хүлцэн тэвчээд тэрэгний морь шиг зүтгээд л байх уу. Хүнийг энэрэн нийгүүлсэх ёстой тэр Бурхан хаана байна? Энэ бүх зовлон зүдгүүрээс хүн төрөлтнийг яагаад чөлөөлж өгөхгүй байгаа юм бэ? Уушийн газрын үүдэнд эзэндээ жанчуулж байсан тэрэгний хөгшин морийг тэвэрч уйлсан, тэгээд ухаан солиорсон гэгддэг суут философич Ницще хөөрхий биднийг өрөвдөн бурханы өмнөөс уучлалт гуйж уйлсан юм биш үү?

Аугаа сэтгэлзүйч, гүн ухаантан зохиолч маань гүн эргэцүүлэл хөвөрсөн гайхамшигт туурвилаараа хүн төрөлхтний өмнө мөнхийн асуулт тавьсан юм. Бурханд чин сүсэгтэй ч хүмүүсийн гуниг зовлонг хуваалцаж чадахгүй бурханаар ер нь яах ч юм билээ гэж бодсон байх.Тиймээс бурханд найдаж Ядуурал, өр шир, үхэл хагацал, шорон гяндан, цаазын ял, цөллөгийн хүнд бэрх хөдөлмөр гээд амьдралын хамгийн хүнд хүчир бүхнийг сэтгэлийн хаттай туулсан гарсан суут зохиолчид гүн гүнзгий сэтгэн бодох оюуны өндөр чадвар, уран зохиолын гоц авьяас бурханаас заяасан тул ийм гайхалтай бүтээл туурвин үлдээжээ. Хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн өмнөөс сэтгэл нь шаналж явсан их зохиолч гарах гарц, аврагдах боломж юу байна гэж тунгаан бодсон нэг эргэцүүлэл нь энэ роман билээ. 
"Энэ хорвоод жинхэнэ аугаа хүмүүс аугаа уйтгар гунигийг мэдэрч байх ёстой юм шиг санагддаг" гэж зохиолын гол баатрын үг бол зохиолчийн сэтгэл зүрхний үг юм. Аугаа уйтгар гунигаас л энэ аугаа туурвил төрөн гарчээ гэж хэлж болно. Зохиолын баатруудын хоорондох харилцан ярианууд бол тэр чигтээ СЭТГЭЛЗҮЙН ХАЛЗ ТУЛААН юм. Оюун ухаанаа хөвчлөн дайчилж, дотоод сэтгэлийн тулаан хийж буй тэр баатрууд бүгд амьд үнэмшилтэй, бүр өмнөөс нь хор шар хөдөлж, яс хавталзаж, амьсгаа давчдан, зарим үед хөөрч бачууран ёстой нэг үйлээ үздэг, тэгж л хүнийг татан оруулж чаддаг гайхамшигтай туурвил юм даа. Сэтгэлзүйгээр л ялж ялагдаж, үхэх сэхэхээ үзнэ, учир нь сэтгэлзүй гэдэг ямагт хоёр талтай байдаг. Хүн ч гэсэн дотроо өөртэйгөө ямагт зөрчилдөж сэтгэлзүйн хоёрдмол байдал ордог бөгөөд дотоод ухамсарынхаа дуу хоолойг сонсож шийдвэрээ гаргах нөхцөл байдалд хүрдэг. Хүний дотоод сэтгэлийн гүнд нэвтэрч, сэтгэлзүйгээр хүний араншинг тодорхойлох гайхалтай арга барил, гэмт хэргийн дэвсгэр дээр гүн ухааны эргэцүүлэл хөврүүлэх философи-уран зохиолын хам нэгдлийг үүсгэж чадсанаараа Достоевский утга зохиолд цоо шинэ эргэлт,шинэ зам мөр гаргаж ирсэн юм. 

ДҮРҮҮД

Хуулийн ангийн оюутан Раскольниковт боломж бололцоо дүүрэн байсан бол тэр цаашид олон хүний амьдралд нөлөөлөх оюун санааны удирдагч, сайн үйлс бүтээх хүчирхэг хувь хүн болон хөгжих байсан байх. Тэр зан авирын хувьд хэцүүхэн хар сэр ихтэй дотогшоо хүн боловч ядуу зүдүү нэгэнд сэтгэл харамгүй туслах хүнлэг нэгэн. Тэр өөрийнхөө "онол"-д бүдэрсэн боловч энэ нь онол буруу гэсэн үг биш, Раскольников өөрөө сэтгэл санааны хувьд бэлтгэгдээгүй байна гэсэн үг. Үүнийгээ ч ойлгож, амьдралаа цоо шинээр эхлэхээр зориг шулууддаг билээ.

"Хүнлэг хүн алдаагаа ухаараад шаналдаг тэгээд тэр нь шийтгэл болдог юм, цөллөгийн оронд" гэж хэлж байгаа түүний үг өөрийг нь бүрэн дүүрэн тодорхойлж байгаа юм.
Раскольниковын яг эсрэг дүр нь Соня юм. Бурханд чин сүсэгтэй, номхон хүлцэнгүй зантай, амьдралыг байгаа чигээр нь хүлээн авдаг, хувь заяатайгаа эвлэрсэн бусдын өмнөөс амиа золиход бэлэн тийм л хүн. Архичин эцэг, хойд эх, дагавар дүү нараа тэжээх гэж янхны замд орсон түүнээс өөр хүн бол лав амиа хорлох биз. Нийгэм ийм мянга мянган "золиос"-н дээр тогтож ирсэн, цаашид тогтсоор л байх болно. Бурханы ивээл хайраас хөсөр хаягдсан ч бурханд чин үнэнчээр сүсэглэн, бурууг бусдад тохохгүй байгаа дэндүү гэмээр түүний энэрэнгүй, өрөвч зан Эх дагина амилан буугаад ирэв үү сэтгэгдэл төрүүлнэ. Цөллөгийн цагаандаа гарсан алуурчин, хулгайч, тонуулчид түүнийг яг л Эх дагина мэт хайрлан хүндэтгэж байдгаас харж болно. 

Дуня бол энэ романы онцгой гоё, содон дүр! 
Түүний гоо үзэсгэлэнг нүдэнд харагдаж сэтгэлд орштол дүрслэн үзүүлсэн байдаг. Бүх юм нь өөгүй тэгш гэж хэлэхгүй ч түүнд эрчүүдийн сэтгэлийг татах ер бусын увидас байгаа аж. Нүд гялбам гоо үзэсгэлэнтэй, дур булаам сайхан бүсгүй гэж зохиолч дуу алдсан байдаг. Боловсролтой, зоримог зантай, нэр төрөө эрхэмлэх сэтгэлтэй энэ бүсгүй баргар хүйтэн зохиолд гэрэл гэгээ нэмж чимэг болж байна. Ахынх нь гэмт хэргийн нууцыг мэдэж байгаа хорон санаат Свидригайлов аврах төлөвлөгөө боловсруулж, өчнөөн сайхан зүйл амалдаг боловч тэр үзэл бодлоосоо урвадаггүй.

Мөрдөгч Порфирий, хуулийн оюутан Разумихин хоёр бол зохиолын туршид мэтгэлцээнд оролцож буй хамгийн чухал дүрүүд. Раскольниковын найз Разумихин бол хэзээ ч гуньж гутардаггүй, амьдралд бууж өгдөгггүй, цайлган сэтгэлтэй, оюуныхаа хүч чадлаар юунд ч хүрч чадах хэний ч хараат бус хүчирхэг хувь хүний дүр юм. Тэрээр гайхалтай логик сэтгэлгээ, анализ хийх чадвараараа хамгийн түрүүнд Раскольниковын гэмт хэргийн бүрэн зураглалыг гаргадаг билээ.

Мөрдөгч Порфирий бол сэтгэлзүйн их мастер , гайхалтай уран чадварлаг шинжээч юм. Гэмт хэргийг тогтооход баримт нотолгоо, гэрч, хэрэгтний буруугаа хүлээсэн мэдүүлэг энэ бүгдийн аль нь ч сонин биш.Гэмт хэрэгтний сэтгэл зүй, нөхцөл шалтгааны нь тогтоосон цагт сая үнэн зөв шийдэгдэнэ гэж үздэг хүн. Раскольниковтой мэтгэлцэхдээ хоёр талт сэтгэлзүйн дайралт хийсээр буулгаж авдаг билээ. Раскольниковын оюуны чадварыг өндрөөр үнэлж, сайн дураараа хэргээ хүлээхийг зөвлөдөг хүн чанараа гээгээгүй нэгэн ажээ.
Дуняд санаархасан Лужин, Свидригайлов хоёр хоёулаа хоосон дотортой хорон санаатнууд боловч үзэл бодол, зан авирын хувьд тэс ондоо дүрүүд юм. 

"Оюун ухаан гэдэг чинь хүсэл тачаалд л үйлчилж байдаг эд" гэсэн үзэлтэй Свидригайлов бол маргаангүй аймшигтай хорон санаатай хүн, хэргээ бүтээхийн тулд замд таарсан хэнийг сэтгэл нь төвдөхгүй алж устгаж чадна. Өгөөмөр загнавал, хэнд ч бас юугаар ч тусалж чадна. Тийм л өвөрмөц дүр!

"Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Хорвоо дэлхий хувийн аминч үзэл дээр тогтож байдаг юм" гэсэн үзэлтэй Лужин бол манайхны хэллэгээр хүн харахад өөгүй "дүн нуруутай" сайхан хүн. Гэвч дотроо өөрийгөө дээдлэх үзэлд хэт автаж, бусад хүн өөрийш нь биширч мөргөж явбал ганц бах тав нь ханана. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хууль дүрэм огтхон ч зөрчихгүй ягштал баримтлана. Гэхдээ хүн хорлоё гэвэл хэний ч санаанд оромгүй хорон зан гаргаж бас чадна. Өөрийнхөө хаант улс дотор бусдыг сөгдүүлэн амьдрах тийм л хүсэлтэй хүн.

Зохиолд маш олон дүр гардаг. Дүр болгон өөрийн онцлогтой, өөрийн сэтгэлзүйтэй. Гүн ухаан, сэтгэлзүйн энэ аугаа туурвилд үйл явдлын хэлхээ сүлжээс, дүрүүдийн дам холбоосыг гайхалтай уран бодож олсон төдийгүй зохиолын дүрслэл нь энэ тэр бол үнэндээ л гайхамшиг, дахин давтагдахгүй онцгой юмаа. Бурханд биш Достоевский танд л сөгдөн мөргөе!

Түр хүлээнэ үү...
Top