“Хүн үхэх нь навчис унах, дэн унтрах мэт” ердийн Дин тосгон
2022-10-03 Д.Төмөр-Очир 516

Зохиолч: Ян Лянкэ

Орчуулагч: Мө.Батбаяр

"Дин тосгоны зүүд"

“Хүн үхэх нь навчис унах, дэн унтрах мэт” ердийн Маогийн дэглэм дор хятадын ард иргэд хэрхэн зовж зүдэрч байсныг харуусал гуниг дүүрэн өгүүлжээ. Чухамдаа зүүдэнд л тохиолдож болох мэт тэрхүү үйл явдлууд нэгэн тосгонд өрнөж буй нь сонирхол татна. Хятадыг үсрэнгүй хөгжүүлэх зорилготой  “Их үсрэлтийн бодлого”, “Соёлын хувьсгал” гэх мэт хийрхэлүүд нь жирийн ард иргэдийн нууран дээр хүндээр тусаж, аргагүйн эрхэнд цусаа зарж  амь амжиргаагаа залгуулах болсон гунигт түүх. Хамгийн харамсалтай нь цусны наймаа эмх замбараагүй болсны улмаас тосгонд ДОХ-ын халдвар тархана. Үхлээ хүлээн өдөр хоногийг өнгөрөөж буй хүмүүсийн дүр төрх, зан араншин, үг үйлдэл бүхэн энэ зохиолын гол цөм юм. Дин тосгоныг үүсгэн байгуулагч Дин овогтынхон эргээд тосгоноо сүйрүүлэв. Зохиолын үйл явдлыг нэгдүгээр биеэс буюу нас барсан арван хоёр настай хүүгийн сүнс хүүрнэнэ. Түүний аав Дин Хуй цусны наймааг тосгондоо анх эхлүүлсэн, цусны Ван хэмээн өргөмжлөгдсөн баян чинээлэг эр. Түүний нүглийн золиос болж бусдад хорлогдсон арван хоёр настай хүүгийн сүнс бүх үйл явдлыг өгүүлэх нь бас нэг сонин зохиомж.

 Зохиолын үйл явдлууд тосгоны хамгийн хүндтэй хүн болох Дин багшийг тойрон өрнөнө. Угтаа бол сургуулийн манаач, хонхочийн ажлыг насаараа хийсэн  Дин өвгөн энэ тосгоны хамгийн нэр хүндтэй хүн. Тэр  харин цусны наймааг тосгондоо эхлүүлж ДОХ буюу халуун ханиад  хэмээх аймшигт тахал дэлгэрэх эхлэлийг тавьсан том хүү Дин Хуйгийн өмнөөс шаналж зовж яваа хүн. Халуун ханиад туссан хүмүүс сургуульд бөөгнөрч үхэх өдрөө хүлээнэ. Үхэл бол магадлал биш баталгаа. Хүний амьдралд тохиох зайлшгүй маргаангүй зүйл бол үхэл. Бусад нь бол магадлал. Үхэх нь тодорхой ч хүн харин үхлээс зугтаж чадах мэт аягладаг хачин араншинтай. Дин тосгоны халдвар авсан хүмүүс нэг дор бөөгнөрч тосгоны сургуулийг үхлийн өмнөх хуаран болгожээ. Үхэл өнөө шөнө, маргааш, магадгүй сарын дараа, их удвал жилийн дараа ч юм уу ирэх нь тодорхой. Үхлээ хүлээн өвчиндөө шаналж буй хүмүүс юу мэдэрч, юу хүсэж мөрөөддөг бол? Өнөө маргаашгүй үхэх нь тодорхой болсон хүмүүс харин ч хачин ааш авир гаргадаг ажээ. Бурханд мөргөж аврал эрэхээс илүүтэй өнөө маргаашийн идэх хоол, өмсөх хувцас, эд зүйлд шунан татагдах аж. Үхэл алс хол юм шиг санагдах нь магадгүй хүмүүст тайвшрал авчирдаг байх. Харин үхэл хүзүүн дээр нь сандайлсан хүмүүсийн хувьд нэгэнт цагаандаа гарч юу ч хийхээс буцахгүй болдог аж. Үхлээ хүлээсэн хүмүүсийн сэтгэлзүйг тун чамбай дүрслэн үзүүлсэн зохиол. Хүнээс ямар ч хорон санаа гарч болно, гэхдээ хэн ч хэзээ ч үхлийг хуурч чадахгүй.

Гэхдээ хүн, хүний араншин өөр. Зарим нь нийтийн хоолны гурил будаа хулгайлж, нэгнийхээ хэтэвч мөнгийг ч хулуун одно. Зарим нь үхэхийн хооронд үйл лайгаа зузаалаад яахав гэж нинж сэтгэл гаргана. Дин өвгөний том хүү Дин Хуй цусанд шунасан араатан адил баяжиж хөлжихийн төлөө юу ч хийхээс буцахгүй болж, авс дамлаж зарах, үхэгсэдийг гэрлүүлэх зэрэг үхлээр мөнгө олох ажлыг тасралтгүй хийнэ. Хамгийн их сэтгэл зовж буй хүн нь түүний аав Дин багш. Өшөө хорсолдоо автсан тосгоныхон хүүгийнх нь амь насыг хөнөөх вий гэж  санаа зовно. Бүр хэрэг болгон зорьж очиж сэрэмжлүүлнэ. Хүү үл тооно. Мөнгөтэй байхад бүхнийг дийлнэ гэсэн хатуу бодолтой. Гэхдээ үйл лайгий нь хэн нэгэн үүрэх ёстой. Тэр хүн хэн байж болох вэ?

Хятад хүний үхэлд хандах хандлага бусад үндэстнүүдээс эрс өөр юм шиг санагдлаа.  Монгол хүний хувьд үхлийн тухай ярих ч цээртэй байдаг бол хятад хүн харин үхэлд маш их ач холбогдол өгдөг нь авс тойрсон үйл явдлуудаас харагдана. Амьд хүний орон байрнаас илүү үхсэн хүний авсанд  хүндэтгэлтэй хандана. Тосгоны иргэдийн үхэл нохой, муур үхэхээс ялгаагүй хэвийн үзэгдэл болсон төдийгүй, хэрхэн хиарч сүйрч байгааг, авс хийх модны эрэлд гарч тосгоныхоо ургаа моддыг юу ч үгүй хядаж байгаагаас харж болно. Авс хүртэл олдохгүй үхэл гэхээр юу мэдрэгдэх вэ? Сургуульд хуарагнасан халдварт өвчтөнүүд хоол хүнсгүйн улмаас гэр гэртээ тарахдаа сургуулийг хамаг эд хогшлыг тонож тэр байтугай хичээлийн самбар, хонхыг хүртэл хулууж оддог. Үхэхийн хооронд үйл лайгаа зузаалаад яахав гэж боддог хүн хэд байдаг юм бол доо? Өвчинд нэрвэгдэж үхэх өдөр нь ойртсон Жао Дэчүан хэмээх ядмаг эр тосгоны хамаг модыг авс хийх нэрээр хядаж дуусгаж байгаад сэтгэл нь зовниж, харамсал төрж байна. Түүнд үхэх хайран биш, харин үхлийн авс болон хувирч буй модод хайран санагджээ. Тэрээр эхнэртэйгээ гэрлэхдээ час улаан хүрэм авч өгнө гэж амлалт өгсөн байж. Үхэхээсээ урьтаж тэр хүрмийг авч өгөхийг туйлаас их хүснэ. Тэгтэл тосгоны хэргийг түр хамаарагч нэг нөхөр үхэхдээ тосгоны тамгийг авсандаа авч орох талаар өдрийн бодол шөнийн зүүд болох аж. Үхлийн өмнө хүний төрөлх мөн чанар, араншин хэрхэн илэрдэгийг тун ч хоржоонтой дүрслэн үзүүлсэн зохиол. Эдгэрэшгүй хүнд өвчин гэдэг хүний тамир тэнхээг барж, шим шүүсийг нь барахаас гадна, сэтгэлзүйн хувьд харх мэт дотроос нь мэрж дуусгадаг аж. “Өргүй бол баян өвчингүй бол жаргал” гэж юутай үнэн билээ.

 Энэ зохиолд сэтгэл шимшрүүлэм үйл явдал зөндөө. Дин Лянь, Линьлинь хоёрын хайр сэтгэлийн түүх бол өр өвтгөм. Хоёулаа халдварт өвчин тусаж гэр бүлээсээ тусгаарлагдсан, эхнэр нөхөртөө ад үзэгдсэн тэр хоёр хүн хайр сэтгэлтэй болж, үхэхээсээ өмнө амжиж гэрлэлтээ батлуулан бие биенээ хайрлан халамжилж байгаа халуун дотно сэтгэл зүрх шимшрүүлэм санагдана. “Удахгүй үхэхээ нэгэнт мэдсэн хүнд нэр хичээн, намба зааж суух хэрэг юу байхсан билээ. Нэг өдөр, нэг цаг, нэг агшны жаргал ч түүнд үнэ цэнтэй шүү дээ” гэсэн бодол тэр хоёр хүнийг үхлийн өмнө аз жаргалтай болгож байна.

“Хүн энэ ертөнцөд ер хэчнээн өдрийг баяр жаргалтай өнгөрөөдөг юм бол доо. Гар хоосон, хөл нүцгэн ирээд тэр л жамаараа буцдаг биш үү. Амьдрах нэг өдөр байна гэдэг ая тааваараа жаргалтай байх нэг өдөр байна л гэсэн үг” хэмээн нэгэн эр хэлдэг нь мундаг үг.

Тариа ногоогоо  тарьж, тахиа гахайгаа тэжээж жир мөрөөрөө сэтгэл амар аж төрж байсан Дин тосгоны иргэдийг цусаа худалдаж мөнгө олох, баяжих гэсэн хүсэл нь сүйрүүлж орхижээ. Нэг үгээр хэлбэл зүгээр сууж байгаад баяжих хөлжих гэсэн шуналынхаа түймэрт шатаагдах нь тэр. Гэхдээ цусаа зарсан нь бус цус худалдаж авсан нь баяжиж хөлжжээ. Хятадыг үсрэнгүй хөгжүүлэх гэсэн Маогийн утопи мөрөөдөл нь эгэл жирийн олон иргэдийн цусыг сорж, ясыг мөлжсөн аймшигт дарангуйлал, яргалал байсныг үүнээс илүү яаж хүний ой тойнд буулгах вэ дээ. Дин тосгоноор төлөөлүүлэн нийт хятадын нийгэмд учирсан гай гаймшгийг цаагуураа ёгтлон бичсэн мэт санагдаж байна. Нөгөө талаар харанхуй бүдүүлэг тариачдын мухар сүсэг, ядуу тарчиг хүмүүсийн шунаг зан, хүний хорон санааг хоржоонтой бичсэн нь бий. Үхэгсэдийг гэрлүүлдэг муу ёрын гэмээр харанхуй сүсэг намын уриа лоозонгоос ч илүү хүчтэй байдаг аж. Хүний зан араншингийн тухай ёгтлон бичсэн зохиол гэхэд ч болохоор. Дин өвгөн байнга зүүдэлнэ. Тэр зүүд нь зэргэлдээ болж буй үйл явдлыг урьдчилж мэддэгээрээ онцгой. Зохиолын төгсгөлд Дин өвгөн зүүдэлнэ. Дин тосгонтой адил олон зуун суурин тосгон хүн амьтангүй, мод бутгүй хувхайрч хоосорсон байхыг олж үзнэ. “Тал нутаг эзгүй зэлүүд, хүн амьтангүй газар болжээ. Энэ шөнө, бороо орно. Аадар бороон дундуур өвөө тал нутаг нь дэвтэж, шавар шавхай болохыг үзэв. Нэгэн эмэгтэй хүн гартаа бургасны мөчир барин явах агаад түүгээрээ шавар хутган өөдөө цацна. Цацсан шавар нь газарт унахдаа нэгэн шавар хүн үсболон амилах буюу...газарт үй түмэн шавар хүмүүс...” Домгийн эхлэл мэт төгсгөл. Үй олон хүмүүсийн цусанд дэвтсэн газар шорооноос шинэ хүмүүс мэндэлж байна. Шинэ нийгэм буй болно. Гэхдээ урдын гашуун түүх, явж ирсэн зам мөрөө мартаж болохгүй. Үнэнийг хүмүүс мэдэх ёстой. Цус ямар үнэ цэнтэйг. Зохиолын хэлэх гэсэн гол санаа, үнэ цэн үүнд оршино.

Сэдэв нь хүнд хэдий ч тун чимхлүүр бичлэгтэй, бас яггүй егөөтэй зохиол.

Хөх толбот Д.Төмөр-Очир

Түр хүлээнэ үү...
Top