Г.Аюурзана “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”
1.Шувуу – бичил дамжуулагч – үл таних нууцлаг хүн
...Нэг өглөө дугуй унаад цэцэрлэгт хүрээлэнг тойрч явтал...
Зохиол ийнхүү эхэлж тэрхүү залуу нэгэн жигтэй хачин шувуутай мөргөлджээ. Зүүдний хэлээр ярьдаг шувуу! Хаа сайгүй л байдаг ердийн л улаан хошуут жунгаа юуны учир зохиолын гол дүр болчихов оо! Шувуу – бичил дамжуулагч – үл таних нууцлаг хүн гэсэн дүрүүд зохиолын гол өгүүлэгчид мөн. Гэхдээ энэ гурван дүрийн үг яриа, бодол санааг дамжуулж буй нь мөнөөх цэцэрлэгт хүрээлэнд зугаалагч залуу. “Шувуудын амьдралыг ойлгож чадвал л хорвоо ертөнц сая бүрэн танигдана” \”тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”- 26-р тал\ гэсэн эрдэмтдийн санаанаас шувуудын тархины эд эсээр тэжээгдэн бүхий л мэдээллийг дамжуулах үүрэг бүхий бичил тархи зохион бүтээх ажил эхэлжээ. Гэхдээ бүр цаад зорилго нь “Шувуудыг биш, тэдний нүүдлийг л ойлгож чадвал амьдралын утга учир танигдана”\ “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”-27-р тал\ гэсэн үзэл онолд суурилаж байна. Зөвлөлтийн үеийн эрдэмтдийн санаанд багтамгүй зардал төсвөөр бүтээсэн энэхүү энэхүү төсөл гэгч угтаа нүүдэлчин Монголчуудын бодол санааг тандах, хянах, тэднийг эрхшээлдээ оруулах, цаашлаад үндэстнийх нь хувьд мөхөөн устгах далд бодлогын нэг хэсэг ч байсан байж магадгүй гэсэн хар сэжиг төрөв. Азаар Зөвлөлт нийгэм нуран унаснаар энэхүү аварга төсөл зогсжээ. Одоо цагт бол хиймэл оюун ухаан гэсэн гоё нэртэй болон хувирч “тэдний сүүдэр бидний дээрээс тусаж” байна.
“Бид бол төрмөл, заяагдамал, жинхэнэ. Тэр бол хиймэл, олдмол, хуурмаг. Төрөх нь хийгдэхээс хол дээгүүр. Заяагдана гэдэг тэнгэрийн эрх хүчээр үүддэг зүйл учир зохиомол юмс бидэнтэй эн зэрэгцэж хэзээ ч чадахгүй”\ тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт- 122-р тал\ гэсэн итгэл үнэмшил бид бүгд туршилтын улаан хошуут жунгаа болчих юм биш биз гэсэн айдас хүйдсээс аварч байна. "Философи бол үгийн эрэлд хатаж шаналсан оюун ухаан" /Гадамер/ хэмээсэн онч үг байдаг. Философи нь ойлголт буюу оюун санаа буцаж өөрөө өөрийгөө ухамсарлах рефлекс юм.” хэмээн С.Энхбаяр нэгэн шүүмждээ бичжээ. Чухамдаа хиймэл тархитай шувуу өөрөө өөрийгөө ухамсарлах үйл явц нь сүнсний тусламжтайгаар хийгдэж буй тул “тэнгэрийн эрх хүчээр үүддэг зүйл” нь сүнс болж таарлаа. “Шувууд улирал хооронд л нүүдэг, нутаг хооронд нүүдэггүй” \ Г.Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” 177-р тал\ гэсэн үг буй. Нүүдэлчид нутаг сэлгэх гэсэндээ биш малынхаа бэлчээрийг даган улирал хооронд л нүүдэг. Нүүдэлчид бол ямар нэгэн философигүй ард түмэн мэтээр донгосогчид бол ердөө юу ч мэдэхгүйгээ харуулж буй мунхрал гэлтэй. Нүүдэлчдийн философи нь “байгалийн жам” хэмээн товчхон тодорхойлж болно. Харин тэрхүү жамыг өөрсдийн дур зорго, хүсэл сонирхолд хүчээр нийцүүлэх гэсэн хүн төрөлтөөс байгаль хариугаа авч буйн наад захын жишээ нь ковид хэмээх тахал байж болзошгүй. Тиймээс энэ зохиолын гүнд шувуудын амьдралаар дамжуулан нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд амьдрахуйн жам ёсыг төлөөлүүлсэн далд бэлгэдэл буй хэмээн үзэх үндэстэй. Бичлэгийн хэлбэр нь хүн- шувууны хүүрнэл, монологууд. Гэхдээ “зүүдний хэл”-ээр яригч шувууны яриаг бичиж тэмдэглэж буй залуу, тэрхүү шувуунд суулгасан хиймэл тархи, тэрхүү шувуу, түүнийг цаанаас нь удирдаж буй нууцлаг хүн бүгд нэг хүний есөн шөнийн зүүд байлаа ч онцын ялгаагүй. “Он цаг гэдэг бол зүгээр л хүмүүсийн зохиосон, хүмүүс өөрсдөө л хууртахыг хүссэн илбэ зэрэглээ юм”гэсэн мөрүүдийг санавал бидний бодит ахуй яг жинхэнээсээ бодитоор оршоогүй ч байж мэдэх, нэг шөнийн зүүд ч юм бил үү хэн мэдлээ. “Уран зохиол нь харанхуйд асаж буй чүдэнз юм. Гэрэл гаргаад зогсохгүй бидний эргэн тойронд эцэс төгсгөлгүй харанхуй хүрээлэн байгааг ухамсарлан ойлгоход хөтлөх учиртай” хэмээн Нобелийн шагналт зохиолч Фолкнер айлджээ. Чухамдаа тэрхүү “эцэс төгсгөлгүй харанхуй”-г ухамсарлах дохио тэмдгийг “зүүдний хэл“- ээр илгээж буй нь энэхүү зохиолын үнэ цэн болох биз ээ.
2.Тэнгэрийн үгийг дамжуулсан шувуу
“Та нар байгальлаг чанараа гээсэн. Өөрсдөөсөө бусад амьтныг байтугай, өөрсдийгөө ч "ойлгох чадвар та нарт үлдээгүй. Тиймээс л шувууд биднээс их өөр. Харин эртний өвөг дээдэст чинь шувуутай адилхан чанарууд байсан. Үгүйдээ л тэд бүхнийг тэнгэрээс харж буй сэтгэлгээгээр зурж чаддаг байж” \Г.Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”- 192-р тал\ Байгальлаг чанар бол нүүдэлчдийн амин оршихуй. Нүүдэлчид амар хялбарыг бус байгальтай зохицон амьдрах зам мөр\жам\- ийг сонгосон нь хожим хоцрогдсон бүдүүлэг хэмээн хэлэгдэх шалтгаан болжээ. Г.Аюурзанын “Бөөгийн домог”- оос хойш хэвлүүлсэн “Шүгдэн”, “Цагаан Хар Улаан”, “Судасны чимээ” романуудыг хамрах нэгэн мөчлөгийг “Эрлийн роман: Нүүдэлчдийн мөр” гэж тодорхойлмоор байна” хэмээн яруу найрагч, судлаач Я.Баяраа бичжээ. Чухам энэхүү “нүүдэлчдийн мөр”- ийн эрэл хайгуул үргэлжилж буй нь энэ романд дурдагдан буй “Чингис” хэмээх нэрийн учир, түүний мэндэлсэн цаг хугацааны тухай тайлал, гаргалгаа юм.
“Чингис хаан яг хэзээ төрсөн бэ гэдэг дээр эрдэмтэд маргалддаг. Маргааныг одоо харавтар тодол тасалж чадна. “Чингис” цолыг шувууны дуугарснаар баримжаалж өрөсөн гэлцдэг шүү дээ. Төрөхөд дуугарсан харавтар шувууны дуугаар . Тэр харавтар шувуу нь хаврын дунд эсвэл адаг сард Монгол оронд нүүж ирээд, зуны тэргүүн сарын эхээр өндөглөж, эр эм хоёул өндгөө дарж үрсээ бойжуулаад, зуны адаг эсвэл намрын эхэнд сард буцдаг юм байна. Бас шившрээн дундаа азнаж”Чингис, Чингис гэх шиг дуу гаргадаг нь өндөглөсөн, өндгөө дардаг үе нь юм байна...Жилийн дундуур, зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр мэндэлсэн гэдэг судрын мэдээг өнөөдөр байгалийн жам хуулиар баталж нотолж чадах амьтан нь энэ харавтар тодол болж таарлаа. Баталж нотолж ч байна. Түүхэнд бичигдсэн зүйлийг бидэнд шувуу дамжуулж байна гэдэг бол түүхийн эхлэл өөрөө бидэн рүү шувуугаар дохио илгээж байна гэсэн үг. Гайхамшиг!”\ Г.Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”- 144-р тал\ гэснээс үзвэл байгалиас холдож, ой санамжийнхаа мананд төөрсөн эдүгээ цагт Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сар гэж оноосон нь “ хавар агт туранхай тул байлдах боломжгүй” гэх ядруу тайлбар, “Урианхайн Жарчиудай шинэ төрсөн хүүд булган өлгий өргөсөн тул өвөл байх магадлалтай” хэмээх гүжир шалтгаан юм. Нүүдэлчдийн хувьд хэзээд хаашаа ч нүүхэд бэлэн, гэнэтийн довтолгоо, дайн байлдаан болзошгүй тул жир үед унаж хэрэглэхгүй нөөц агттай байдаг биз. Булга бол язгууртнууд л хэрэглэдэг тансаг эдлэл учраас шууд утгаар нь бус бэлгэдэл, гүн их хүндэтгэл гэдэг талаас нь харвал, тэгээд ч аль ч улиралд нэхийд өлгийддөг байсныг бодолцвол хялбархан няцааж болох мэт. Зохиолын гол дүрийн залуу Зана хэмэх уран гоёмсог жиргэдэг шувууны нэртэй байгаа нь нэгийг өгүүлэх биз. “Жинхэнэ нүүдэл тэгэхээр бяраар бус авьяас билгээр, далавчаар бус сүнсний эрчмээр туурвигддаг, нууц нь тайлагдашгүй хийсвэр урлаг юм байна” хэмээн тодорхойлсон нь дан ганц шувуудын тухайд биш , нүүдэлчдийн оршихуйг төлөөлүүлсэн бэлгэдэл гэдгийг гярхай уншигчид олж харсан нь мэдээж биз ээ.
\ Г.Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” 265-р тал\
“Уран бүтээлч хүн нуур усны бидэр, өвс навчисын хөдөлгөөн, цэцгэн дээр суусан эрвээхэйн далавчны дэрвэлзэл, залуу бүсгүйн ичингүйрэл мэтсийн энэ бүх үл ялиг хөдөлгөөнийг анзаардаггүйсэн бол шүлэг зохиол хэрхэн төрөх билээ” Дарма Батбаяр.
Байгальтай ойр, байгалийн үр сад гэдгээ ухамсарладаг, байгальлаг язгуур чанараа гээгүй нүүдэлчдийн хувьд байгалийн дохио тэмдэг, хувирал өөрчлөлт, юмс үзэгдлийн шүтэлцээ холбоог уран бүтээлч шиг анирдаж чаддаг байсан нь гарцаагүй. Үл ялиг тэр бүхнийг анзаарч ойлгох сэхээ самбаа нүүдэлчдэд давуу байх нь ёстой л жам ёс юм даа. Тэнгэрийн цаана тэнгэр бийг аль эрт ухаарсан нүүдэлчдийн хувьд хоосон чанарыг таньсан буддын шашин илүү ойр дөт байсан нь гарцаагүй. Г.Аюурзанын уран бүтээлийн тойрог нь “Нүүдэлчдийн мөр” -хэмээх язгуур сэтгэлгээ, хүний оршихуй, ертөнцийн зүй тогтол гэсэн гурамсан бүтэцтэй, цаг хугацааны давтагдах шинжийг агуулсан юм гэж хэлж болохоор байна.
3.Зүүд – Миний өмч
Цаг хугацаа хаашаа алга болдог вэ? гэсэн эргэцүүлэл Г.Аюурзанын зохиолуудад бишгүй нэг тохиолдоно. “Яруу найрагч Г.Аюурзаны мета романууд нь амьдрал-ертөнц-оюун санааны гүнд нэвтрэх, танин мэдэх гэж тэмүүлэхдээ философи-уран сайхны төгс байгууламж- супер зохиомжийн эрэлд хатаж шаналсан оюун ухаан юм.”\ Утга зохиол судлаач, шинжлэгч С.Энхбаяр нэгэнтээ бичжээ. Энэхүү “хатаж шаналсан оюун ухаан”-ы эрэл үргэлжилсээр буйг энэ роман бэлхнээ нотолно.
“Цаг хугацаа улиран өнгөрнө гэж байдаггүй. Бүх цаг зэрэгцээ. Яг л зүйж өрсөн замын хавтангууд шиг. Бид ердөө тэр л, үл үзэгдэгч зэрэгцээ хавтангуудыг дамжиж яваа хэрэг. Юу ч үгүй болохгүй. Хавтан хавтандаа л үлдэнэ. Бид ч , бидний үг үйлдэл ч. Бүх зүйл ердөө л мөнхийн цаг хугацааны давхарлагууд дахь баримт. Бүх зүйл мөнхийн одоо цагт орших тул үгүй болох, үлдэх, арилах тухай ойлголт ч байхгүй. Өчигдөрөөс, өнөөдрөөс ч ангид ирээдүй хэмээх тусгай цаг огт байхгүй тул, хэзээ нэг өдөр энэ ертөнцийн зүй тогтлыг программчлаад нээхэд л бүгд ил тод харагдана. Бүгд ил тод шүү! Үг, үйлдэл алхам бүр чинь тодоос тод хадгалагдсан байгаа. Тиймээс муу юм хэзээ ч бүү хий! \Г.Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”- 234-р тал\ гэжээ. Чухамдаа ертөнцийн зүй тогтлыг эргэцүүлсэн философи- уран сайхны нээлт гэгч нь энэ болов уу. “Би мэдэрч байна. Энд хэлснээсээ ч илүүг мэдэрч байна. Гэхдээ мэдэрч буй бүхнээ үгээр илэрхийлж чадахгүй. Боломжгүй”\ Г.Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”314-р тал\ гэсэн зохиогчийн үгээр гул барин олон зүйл бичихээс татгалзав. Үг, яриа гэгч хүний бодол сэтгэхүйн гүн дэх сэрэл мэдрэмжийг хэлбэржүүлж буй “хагас дамжуулагч” юм гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй байх. Хүний ухамсарлаж буй бүхэн гадаад ертөнцийн тусгал. Мэдлэг гэгч зээлдмэл оюун санаа. Харин хүнд өөрт нь тэнгэрээс заяасан, өмчилж болох, хэнтэй ч хуваалцах аргагүй цор ганц зүйл бол зүүд байж магад. Зүүдний орон зайд мөнөөх гурван цагийн хэмжээс хүчингүй болж яг л дээр дурдсан шиг цаг хугацаа зэрэгцэн оршиж байдаг. Мөнхийн цаг хугацаанд оршигч давхарлагуудаар бид зүүдэндээ аялж явдагийг үгүйсгэх аргагүй.
“Уншигчид юу ч үлдээхгүй шавхан бичиж хэзээ ч болохгүй. Түүнийг уншуулах гэсэндээ биш харин эргэцүүлэн бодуулахын учир тэр билээ”
Монтескье хэмээх их сэтгэч хэлсэн нь жинхэнэ уран зохиолын шалгуур юм биш үү? Хүний тархинд бичил чип суулгаж бусдын бодол санааг уншдаг болчихвол ямархуу санагдах вэ?Хиймэл оюунаар бүхнийг тооцоолж, хянаж, дата цуглуулж, бусдын бодол санаанд нөлөөлж болох ч харин зүүдний ертөнцийн учрыг тайлж чадах болов уу? Хүний зүүдэнд нэвтэрч чадах болов уу? Юутай ч өнөөдөртөө зүүдийг захиалах, хулгайлах, зүүдэнд нэвтрэх “үзэгдэл”-үүд зөвхөн хүний төсөөлөлд, уран зохиолд л байгаа. Цаашид юу болохыг таашгүй. “Амьдрал бол хугацааны ул мөр” гэхээр ой дурсамжийн цуглуулга гэсэн үг. Тэгэхээр амьдралын мөн чанар гадна талдаа нэн бодит, реалист боловч жинхэнэ гүндээ тааж тайлахын аргагүй хийсвэрлэл, сюрреализм байх нь ээ. Үүнийг урлаг, уран зохиолоор дамжуулан илэрхийлэхээс өөр сонгодог арга одоохондоо алга. Галуу, өвөг тогоруу, хөхөө, улаан хошуут жунгаа зэрэг олон шувууны биеийг зээлдэн сүнсний аялал хийсэн зохиолын гол дүр \магадгүй зохиол бичээч гэвэл илүү оновчтой ч байж мэднэ\ цаг хугацааны тойрогт гээгдсэн зэрэгцээ амьдралын ул мөрийг бэдэрч яваа хэн нэгний төсөөлөл, зүүдний ертөнцийн “хэлмэр” мөн эсэхийг уншигчид эргэцүүлэх буйза.
2021.12.22 Хүй 7 худаг. Усны эхийн хөндий.
Хөх толбот Д.Төмөр-Очир