Д. ТӨМӨР-ОЧИР: "ХЭЛ ЯРИА БОЛ ХҮН ӨӨРӨӨ ЮМ"
2021-12-10 Д.Төмөр-Очир 1228

Уран зохиолын хүрээнийхэн Мө.Батбаярыг хятад хэлнээс орчуулсан “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Авга ах”, “Цасан хөшиг” номуудаар нь андахгүй. Мөн яруу найрагт дуртай хүмүүс “Өртөөн дээр хэлэгддэг үгс” шүлгийн түүврийг нь үнэлдэг юм билээ. Орчуулга уран яруу, утга санаа ойлгомжтой, уншихад тээг саадгүй байх нь хэчнээн сайхан байдаг билээ дээ. Энэ удаад түүний хүүрнэл бүтээлийн анхын ном болох “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” гэх сонин содон нэртэй номын тухай өгүүлэх гэсэн юм.

1.Үгийн зохирол, сэтгэлийн найрал

“Хэл яриа бол хүн өөрөө юм” гэсэн үг буй. Хүн өөрөө төдийгүй, улс үндэстэн бүхлээрээ багтагч тэрхүү хэл ярианы арвин баялаг санг өвлүүлэн дамжуулагч, өртөөлөн түгээгч нь нэн түрүүнд бичгийн хүмүүс юм. Орчуулагч Мө. Батбаярын найруулал, тэмдэглэл, өгүүллэгээс бүрдэх бэсрэг номыг зүгээр л нэг уншаад өнгөрөх бус, эргэцүүлэн бодох, элдвийг тунгаах шалтгаан буй ажээ. Юуны түрүүнд түүний бичлэгээс гуч хүрээгүй залуу хүн гэхэд дотроо ихийг бодож тунгаасан гуниглуун өнгө аяс мэдрэгдээд байгаа юм. Энэ нь хувийн амьдралын аар саар зүйлээс илүү хувьсан өөрчлөглдөж буй нүүдэлчдийн  оршихуйг эргэцүүлсэн, шаналсан “авьяасын эмзэглэл” гэдэг нь анзаарагдана.

 “Ийнхүү би долдугаар ангидаа анх Данзангийн Нямсүрэн гэдэг найрагчийг өөртөө нээсэн юм даа. Түүний шүлгүүд холхи хөдөөгийн, хорин дөрвөн цагийн тог ч үгүй сумын дунд сургуулийн хүүгийн сэтгэл зүрхэнд тодоос тод туссан гэрэл байв”\Орох цас орчлонгийн налуу руу шуурна 78-р тал\ гэснээс үзвэл тэр сэтгэл доторх “гэрэл”- зөнгөөрөө  сэрж мэдэрч, өөрийнхөө явах зүг чигийг эрт баримжаалсан аж. Ардын аман билигч өвөө нь нэгдүгээр ангийн ач хүүдээ орой бүр нэг сэдэв өгч шүлэг бичүүлдэг байсан нь уран зохиолын агуу ертөнцөд хөл тавих эхлэл, дөрөөнд нь дусаасан сүү байж. Түүний бичвэрүүд энгийн юм шиг мөртлөө уншихад сэтгэл хөглөх шидтэй байдаг нь түүний бичсэнээр “Миний амьдралын олон олон хэсгийг холбож буй алтан шаатай торгон утас бол миний хэл юмсанж”\Үг бидэн хоёр\ энэ л “алтан шаатай торгон утас”-ыг уран чадварлаг нэхэж буйд оршино. Үгийн донж маягийг тааруулах, зүй зохисыг нь олох бичээчийн эрдэм мөнөөс гадна түүнд сэтгэлээ шингээж чадваас сая үг амилж утга санаа тодорхой, уран яруу болох учиртай аж. Үүнийг “Үгийн зохирол, сэтгэлийн найрал” хэмээн томъёолж болох мэт санагдана. “Өнөөгийн хүмүүс бидэнд юу ч үзэл харалгүй, сонсолгүй, уншилгүй, утас маажилгүй зүв зүгээр бодол болоод явах цаг олдохоо байжээ. Бид “бодох цаггүй” болсон байнам”\Орох цас орчлонгийн налуу руу шуурна 82-р тал\ гэх нь бодлыг оюун санааны эрэл хайуул, бичихийг бусдад түгээх илч гэрэл хэмээн сэтгэсэн хүний үг биз. Ганцаардал хэмээх нь гань ганц хүний ганьхрал бус хүн өөрөө өөртэйгээ байх дотоод сэтгэлийн бясалгал юм гэдгийг түүний бичвэрүүд бэлээхэн нотолж байна. Амьдралын өдөр тутмын , хэн ч анзаардаггүй, энгийн зүйлсээс гоо сайхан хийгээд оршихуйн утга учрыг олж харах нь билгийн мэлмий нээгдсэн хүний үйл гэхэд нэг их хэтийдсэн болохгүй байх. Мөнөөх алдарт Эрээнцавын Нямсүрэн найрагч ердийн борог өвснөөс ертөнцийн мөн чанар хийгээд гоозүйг нээсэн шиг “Аян аялал гэхэд хэн нэгэнд инээдтэй санагдаж болохоор гэвч би ийм л ердийн энгийн зүйлсээс чухамдаа амьдралын ийм л энгийн анзаарагдамгүй өнгөрч буй агшин хоромуудаас “атгаж” үлдэхийн хүслэнтэй явдаг. Хэн ч анзааралгүй туучаад өнгөрч байгаа тогтоол уснаас хэний ч анзаараагүй хэлбэр дүрсийг олж харах нь л магад миний хийх ёстой ажил байж магад билээ”\ Зун биднийг дандаа урин дуудах юм 132-р тал\  хэмээн бичсэн нь түүний бичвэрүүдийн олз омог юм. Чухамдаа хэний ч анзаараагүй хэлбэр дүрсийг олж харж чадсан учраас л түүний бичвэрүүд уншигчдын сэтгэлийн мухрыг гижигдэж, амтархан унших сэдлийг төрүүлж, эргэцүүлэн бодохын их хүсэлд автуулдаг биз ээ. “Хүн бай” гэж тулгах, “хүн шиг бай” гэж хэлэх амархан . Харин чухам тэр чинь яг юу гэсэн үг юм бэ? гээд асуувал тоймтой юм хэлэх хүн төдийлөн олдохгүй,  “хүн гэдэг бол” хэмээн уртаас урт сургаал айлдаж мэднэ. Харин Мө.Батбаярын хувьд энэ нь тун энгийн ойлголт аж.“Хүн шиг харьцах гэдэг яг юу юм бэ?.. Яахав дээ, энгийн шүү дээ. Хамт дуулах, хамт уух, хаа гаргаж чанаад хамт идэх, хэн нэгнийг халуунаар дурсах, хүний тухай сайхан үг унагах сэтгэлтэй байх гээд дэндүү энгийн гарын доорх сэтгэл шүү дээ”\Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн-25 р тал\ ердөө л “гарын доорх сэтгэл” юм. Ийм л анзааргатай, авьяастай залуу бидний дунд амьдарч, бичиж туурвиж яваа гэж бодохоор сэтгэл өег болох юм. Гадаад л бол “гахай нохой” байсан ч шүтдэг залуус олширч буй энэ цаг үед нүүдэлчдийн оршихуйн ертөнцийн гээгдэж хоцорсон  мөн чанар, улам бүр бүдэг балархай болж буй зам жимийг тодруулж, “энгийн юм шүү дээ” гээд ул дол болсон энэ үеийнхэн үл тоомсорлох тэр л зан заншил, ахуй амьдралын ”гарын доорх сэтгэл” шиг нарийн нандин зүйлсийг аргал түүх шиг цуглуулж яваа нь эрхгүй нэгийг бодогдуулна. Эх хэлээ хайрлах сэтгэл эхийн цагаан сүү шиг амин чухал болсон энэ цаг үед  “Хэдий би өөр газраас энд шилжүүлэн суулгасан мод шиг шинэ бүхэнтэй дасан амьдарч сурч байгаа ч гэсэн амьдралын өмнөх хэсгээс надтай хамт энд ирсэн цаашид ч мөнхөд надтай байх зүйл байгааг энэ романыг орчуулах явцдаа олж мэдсэн юм. энэ бол ЭХ ХЭЛ минь байлаа” \Үг бидэн хоёр 33-р тал\ хэмээн бодож сэтгэж явна гэдэг юутай сайхан хэрэг билээ.“Эх хэлээ хайрлая, хамгаалъя” гэж зарлан тунхаглахаас илүү эх хэлнийхээ арвин баялаг, уран яруу, утга төгөлдөрийг бүтээлээрээ нотлон харуулна гэдэг үр өгөөжтэй үйлс юм даа. Уран яруу бичих гээд утга санааг төөрүүлж, усан бороо нүдэх шиг уйтгартай болгодог гэм бий. Харин Мө.Батбаярын хувьд “уран яруу” гэдэг нь хуучирсан үгээр хулдаж, мэдэхгүй үгээр чамирхах бус үгийн  донж маягийг тааруулж энгийн хүүрнэл дотроо санаа юугаа эв зүйг нь олоод шургуулчихдаг, нэг тийм анзаарагдамгүй хэрнээ нүдэнд торж сэтгэлд үлдэх үгсээр наадаж чаддагт оршино гээд хэлчихмээр санагдана. Өөрийн гэсэн найруулгын хэв маягийг бүтээж чадна гэдэг уран бүтээлч хүний чадал чансааг харуулж буй хэрэг юм.

 Хайрын тухай бичээгүй уран бүтээлч гэвэл бараг л олдохгүй.  Харин тэр хайрын тухай хэчнээн янзаар бичлээ ч өчнөөн асуулт ард нь үлддэг адармаатай эд. Тэгвэл тун энгийн байдлаар “Хайрын сайхан учирсандаа ч биш, хагацсандаа ч бус, хамтдаа юу туулсандаа байдаг шиг. Хамтдаа туулсан сайхан зүйлс биднийг холбож үлддэг шиг”\Зун биднийг дандаа урин дуудах юм 126-р тал\ гээд биччихэж байгаа нь мөнөөх “хэний ч анзаараагүй хэлбэр дүрс” гэгч тэр юм.

Тэнгэр хэмээгч цанатай цонхон дээр гаргасан хурууны ором буюу од мичид түүгээр харвал бас нэгэн ийм тэнгэр байх авай. Тэр тэнгэрийн цаана бас нэг тэнгэр түүний цаана бас нэг тэнгэр баймаар аа. Ерөөс ертөнц гэдэг олон арван тэнгэрсийн хооронд байдаг ч юм шигээ”\ Орох цас орчлонгийн налуу руу шуурна 82-р тал\ хэмээн сэтгэж бодож суугаа уран бүтээлчийн энэхүү мөрүүдийг унших суухдаа ижийгээ үгүйлээд бичсэн:

“Тэнгэрийн цаана тэнгэр бий

Тэнд минй ижий бии

Тийм л хол явна гэж хэн санах билээ” гэх мөрүүд  буйг санав. Орчлонгийн мананд халхлагдсан олон олон тэнгэрийн тухай санаагаа өөр өөрийнхөөрөө тунгаан бичсэн нь “Ханцуй шүргэхийн төдийд урд насны учир шалтгаан буй” гэсэн үгийг бодогдуулав. Шалтгаан буй учраас би номыг нь уншиж, үүнийг ийнхүү тэрлэн бичиж буй хэрэг биз ээ.

2.Өгүүллэгийн өнгө төрх

“Амьд дүрслэл”

Хөхөө өвлийн хүйтэнд хүн малгүй зүдэрч яваа бээлийн чинээ хоёр хүүхэдтэй малчин гэр бүлийн тухай “Өвөл” нэртэй өгүүллэгээс юу харагдав? Хөдөөх нутгийн тухай бичихээр нэг л хэвийн дүрслэл, хэв шинжи дүрүүд манай уран зохиолд хоршоо үг шиг салгаж боломгүй өөрийн байр суурийг эзлээд удсан шүү дээ. Харин энэ өгүүллэгийн онцлог нь бага насны хүүхдийн бодол сэтгэхүйг тун ч үнэмшилтэй, яг л байгаагаар нь үзүүлсэнд байгаа юм. “Тэгээд болоогүй, зоогоороо тэмээн тавхай, гуугаараа тэрмийн бүслүүрээр татах цастай хөхөө өвлийн хүйтэн шүү дээ”\Өвөл 136-р тал\ гэсэн өгүүлбэрээс л тэр өвлийн хатуу хариг, цас зудны овоолго нүднээ илт харагдаж байна. Амин зуулга болсон малынхаа бэлчээрийг бодон хоёр салсан малчин өрх. Аав нь өвөлжөөндөө урц барин цагийн хатуу, цасны зузааныг барах гэж байгаа бол ээж нь хоёр хүүтэйгээ хаваржаандаа малын хөл гүйцэхгүй хэдэн ишиг борлонгоо онд оруулахаар мачийж байгаа өрөвдөлтэй дүр зураг. Хаваржаандаа өвөлжинө гэж санаагүй тул түлээ түлш байхгүй, хүйтэн гэрт хэрхэн зутарч буйг” Хөнжлийн зах амьсгалд цантаж дардайн хөлдөөд үүрээр миний нүүрэн дээр мөс тавьсан юм шиг хайрч дааруулахад би сэрнэ...Хоёр хөл маань ч гэсэн хүйтэн цасан дээр тоглож тоглочихсон юм шиг цэв хүйтэн. Бид гурав ингэж ухнын хар шогшоогоор сэрчхээд амнаасаа уур савсуулан элдвийг ярьж гэгээ жаахан орохыг хүлээнэ. Ингэж ярьж хэвтэхдээ ижийнхээ нэг гуянд дүү, нөгөө гуянд нь би цэв хүйтэн хөлөө нааж хэвтэнэ. Хоёр хөл минь хав халуун гүзээнд наалдсан “дүлий” дэлүү шиг надад санагдана”\Өвөл 140-р тал\ ийнхүү дүрслэн бичсэн нь нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдэх “хөхөө өвөл” юм. Дүрслэн бичих ур чадвар гэдэг ийм багахан зүйлээс ч харагдана. Хүүхдийн бодол сэтгэхүй бол өөрийгөө бүтээж буй шинэ ертөнц гэдгээрээ өвөрмөц. Хүүхдийн ертөнцийг том хүний нүдээр харж бичвээс тэр хуурай, худал болно. Хүүхдийн зохиол бичихэд хэцүү нь  үүнд оршино.  Таван  настай, арван  настай хүүхдий тухай бичих гэж байгаа бол өөрөө тийм хүүхэд болохоос өөрцгүй.  Ээжтэйгээ ишгээ тууж явахдаа замдаа хүү ингэж асууж байна:

“-Ээжээ, аав та хоёр өөр өөр өвөөтэй юм уу?

-          Тэгэлгүй яахав дээ. Аав нь өөрийн өвөөтэй. Өвөөгийн өвөө байгаа.

-          Ээжид нь бас өөрийн аав, өвөө, өвөөгийн өвөө байгаа гэж ижий хэлэв.

-          Тэгвэл миний өвөө, өвөөгийн өвөө хэн ий?

-          Аав, ээжийнх л аав ээж, өвөө эмээ миний хүүгийн өвөө эмээ шүү дээ.

Ээжийн өвөө, өвөөгийн өвөө, өвөөгийн өвөөгийн өвөө, бас аавын өвөө, өвөөгийн өвөө, өвөөгийн өвөөгийн өвөө бүгд нийлээд миний өвөө гэж бодохоор сэтгэлд нэг л буухгүй байлаа. Энэ хорвоо дээр тийм олон цагаан толгойтой өвөө нар байдаг гэж төсөөлөхөөр нэг л хачин. Цагаан толгойтой гэж бодохоор хотонд хэвтэж байгаа хонинууд миний нүдэнд харагдана. Гэхдээ манай хонинуудаас ч их өвөө нар байгаа гэж бодохоор итгэмгүй. Тэр өвөө нар тэгээд хаана байгаа юм бол” \Өвөл 138-139 р тал\ Тоо томшгүй олон өвөөгийн тухай балчир хүүхдийн төсөөлөлд ийнхүү бууж байгаа нь нэн үнэмшилтэй, өхөөрдөм. “Өвөө” гэсэн үгийн олон давталт нь тэрхүү хязгааргүй олон “өвөө”-г итгэж үнэмшихэд хүргэж байна. Энэ бол давтах ур маягийг тохируулан хэрэглэхийн учир юм. Үзэх, харах, унших, сонсох юм ховор зэлүүд буйд хөдөөх нутгийн хүүхдүүдийн хувьд шагай гэдэг юу юунаас эрхэм нандин тоглоом наадгай юм. Санамсаргүй гал алдаж гэрээ шатаасан хүү өөрийн өмч хөрөнгө болсон шагайгаа авахын тулд:

“Ойртохын эцэсгүй улаан гал дундаас хаалга минь шатаагүй харагдаж байгаа нь орчхож болмоор санагдана. Би газраас цас авч нүүрэндээ сайн гэгч нааж байгаад орохоор шийдлээ. Гал эхлээд миний нүүрэнд наасан цасыг хайлуулна тэгээд миний нүүрийг шатаах хооронд шагайгаа аваад гараад ирж болмоор санагдав”\Өвөл 145-р тал\ хэмээн сэтгэж байгаа нь яах аргагүй л гэнэн цагаан хүүхдийн бодол мөн дөө. Энэ бол зохиогч ямар нэгэн тайлбар хийж, учир шалтгааныг тоочдог тэр улиглалаас зайлсхийж “би” баатар  “цэвэр дүрээрээ” оршиж байгаа нь энэ. Энэ л манай уран зохиолд дутагдаж байгаа сул тал мөн. Дүрийнхээ өмнөөс бүгдийг тайлбарлаж тоочдог тэр  хуурай, аргуу бичвэр нь огтоос үнэмшилгүй болдог учраас уншигчийн сэтгэлд торох орон  зай үлддэггүй ээ гэсэн үг. Цас зуданд  зүдэрч явахад орон гэрээ шатаасан тэр гамшгийг мэдээд аав нь хар хурдаараа ирж байна.

“...Аав мөн байлаа..Би

-Ааваа, миний шагай... хэмээн өмнөөс нь тосож гүйж очтол намайг өрөөсөн гараараа үсэртэл нударч би түнгийн орой руу гэдрэг савж уналаа.

-Хамт шатаад үхэхгүй яасан хар шээснүүд үү гэх нь бүдэг бадаг дуулдав. Өндийгөөд хартал дэрс сандайлан уйлж суусан ээжийн нуруун дээгүүр суран бүсээрээ

-Хамт шатаад үхэх чинь яасан юм, хамт шатаад үхэх чинь яагаав, хар гайнууд гэж ороолгож гарч байлаа...Аав шатсан гэрээ тойрон наагуур цаагуур нь баахан цамнаж алхав” \Өвөл 146-р тал\ . “Ашгүй та нар минь амьд мэнд байна. Тэр гэр орон яахав ээ, амьд байхад бүх юм бүтнэ” хэмээн аав тэвэрч үнсээд “хайр”-ын нулимс унагасангүй. Харин харааж зүхээд гөвшиж байна. Хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хатууд орон гэрээсээ салсан хүн бачимдаж цухалдалгүй яахав. Энэ бол амьдралын бодит үнэнийг нэмэр хачиргүй байгаагаар нь бичсэн нь энэ.

“Тэр шөнө бид дөрөв амбаартаа унтав...Тэрлэгээ хувааж нөмрөөд аав ээж хоёр минь гал түлж хоносон шөнө тэр өвлийн хамгийн дулаан шөнө байж билээ”\Өвөл 147-р тал\ Чухам энэ төгсгөл бол өгүүллэгийн гол цөм санаа, эргэлт юм. Орон гэрээ шатаагаад аавдаа гөвшүүлж, амбаартаа дээлээ нөмөрч унтсан хүүд тэр өвлийн шөнө яагаад хамгийн дулаахан байв? Орох оронгүй болсон ч аав нь хүүхдүүдээ уучилж, ээжийг нь аргадаж байгаа тэр дүр зураг, тэр сэтгэлий илч гэгээ хамгийн дулаахан байсан нь тэр ээ. Өгүүллэгийн бичлэг дүрслэл яах аргагүй амьд тодорхой. Үүнийг л нүдэнд харагдаж, гарт баригдтал бичих гээд байгаа юм шүү дээ. Иймэрхүү амьд дүрслэл, дүр үгүй болсноос “зохиолгүй зохиолчид” олширч байгаа тухай бичсэн минь тэр шүү дээ.

“Үхсэн хүн үг хэлнэ”

Үхлээ хүлээж буй хүний тухай зохиол манайд цөөвтөр бий. Хамгийн алдартай нь нэрт хүүрнэл зохиолч Эрдэнэ баавайн “Өвгөн шувуу” өгүүллэг. Гүн ухааны аястай энэ өгүүллэг нэн жаргалтай гэмээр төгсөнө. Хорвоогийн жамыг ухаарсан хүнд үхэл гэдэг унаа морио юүлэх шиг насны сэлгээ аж. Харин “Ерөөл зохиогүй хурим” өгүүллэгийн хувьд жам бусаар буюу цагаасаа эрт үхэлтэй нүүр тулж буй хүний бодол сэтгэлийг тусгаснаараа онцлог юм. “Гэвч үхэхэд мэндэслнээс өөр шалтгаан хэрэггүй байдаг билээ. Энэ хорвоод ирээд зүрх чинь нэг л удаа цохилсон бол тэр үхлийн өмнө хангалттай шалтгаан болж чадах юм. Үхэл гэдэг ийм сонор, эмзэг шинээр цохилох зүрхний цохилтыг андашгүй бүртгэж авч чаддаг ад мөрийн зүйл ажээ”\Ерөөл зохиогүй хурим 149-р тал\  Том хүүг нь хуримлуулах санаа бол Цогтыг үхэхээс өмнө амжуулж гал голомтных нь утааг үнэрлүүлэх гэсэн хэрэг л дээ. Харин үхэл хүлээгч Цогтын хувьд:

“Үхэхийг нь хүлээж буй энэ хүмүүс амьсгал тасармагц нь аваачаад хүйтэн шороон доор булаад орхино доо гэж бодохоос эндхийн амьдралын юунаас ч юм зуураад явмааргүй тэгэхийг нь мэдэж буй юм шиг эргэн тойрныхон юм бүхэн өөрөөс нь сүрлүүн дээд харагдаж, өөрөө савны ёроолын хөгцөнд үүссэн өтний чинээ санагдах болжээ” \Ерөөл зохиогүй хурим 153-р тал\ хэмээн эргэцүүлэх аж. Жам бус үхлийн шалтаг шалтгааныг хайж, ямар нэгэн зүйлээс зуурч үлдэх барьц хайж буй Цогтын хувьд өөнтөгч сэтгэлээр хандаж буй мэт боловч үхэл хүлээгчээс хүн бүр цаагуураа нүүр буруулдаг байж болох юм. энэ өгүүллэгт эхнэр нь, том хүү нь, хамгаас хайрлаж өсгөсөн дунд нь охин нь Цогтоос илтэд нүүр буруулсан нь тээршааж байгаа тэр авир зангаас харагдана. Харин төрөлхийн түнхний мултралтай сүдэгнэх бага охинд аавыгаа гэх сэтгэл үлджээ. “Хүний муу нь хүнд тустай” гэдэг шиг ямар нэгэн зохиолд золгүй хувь заяатай хүмүүс нинж сайхан сэтгэлтэй байдаг тухай тэр өгүүлэмж давтагдсан нь байдаг л нэг санаа юм даа гэх бодол төрүүлэв. Харин өгүүллэгийн төгсгөл энэ бүхнийг эерүүлж байгаа нь:

...Цогтын сэтгэл хэлтийж “хүүгийн минь энэ хуриманд ер энэ янзаараа ерөөл зохидог болов уу? Цаашлаад энэ хоёр маань айлын дайтай айл болж явдаг болов уу? Хэзээ мөдгүй мордох болчихсон би гэж хүн хойморт нь суугаад байхаар амьтан ах дүүс найрлаж дарвилдаж таацах болов уу? Надгүйгээр ч илүү жаргалтай сайхан болох байсан хурим ч юм бил үү? Гэхдээ хорвоо дээр галаас гал тасдаж илүү олон галын сор тэнгэр өөд цоролзон гэрэлтүүлэхийг харах шиг сайхан нь хаа билээ”\Ерөөл зохиогүй хурим 158-р тал\ гэх бодлоос харагдана. Цогтын сэтгэлзүйн хоёрдмол байдлыг дүрслэн бичихдээ тэрээр үхэлтэй эвлэрч, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовниж буй нь дүрийн эргэлт юм. Ерөөл билиггүй юм болох вий санаа зовох ч хүүгийнхээ гал голомт асахыг харах гэж бодох нь Монгол хүний л язгуур мөн чанар, бодол сэтгэл билээ. Харин Цогт хуримаас өмнө үхсэн эсэх, эсвэл  бие тэнхээ нь дориун болоод хуриман дээр ерөөлийн үг хэлсэн байж магадгүйг уншигч бээр гүйцээж бодох л үлдлээ. Ерөөс уран зохиолд “эс төгсгөх” гэсэн ойлголт байдаг. Энэ уншигчдад үлдээж буй орон зай юм.

Айлын хүүхдүүд адилгүй

“Айлын хүүхдүүд” нэртэй чамгүй урт өгүүллэгийг бага насны дурсамжаасаа снэдэвлэн бичсэн болов уу гэж бодогдсон. Зохиогч телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “ 1-р ангидаа өвөөгийндөө байсан. Өвөө нас бараад дараа жил нь айлд суусан” хэмээн ярьж байсан юм. Манай хүүхдийн уран зохиолд бага насныхаа дурсамжаас сэдэвлэсэн зохиол багагүй бий. Үүнийг тэрлэгч миний бие бага ангидаа айлд сууж аяга хоол, атга боорцог горьдож явсан хүний хувьд яг л нүдэнд минь харагдаад байсан. Гагцхүү яг ийм сэдвээр зохиол бүтээл олон тул шинэ соргог юм үнэндээ олж харсангүй. Харин хүүхэд насны дурсамж минь сэргэх шиг болсон. Айлын хүүхдүүд адилгүй ч гэлээ нэгэн цаг үеийнхэний туулсан амьдрал ойр төстэй байх нь мадаггүй. Өлсөж цангахын эрхэнд дотуур байрнаас, суугаа айлаасаа оргож босож, явган нүцгэн гүйж чоно нохойд хөөгдөх явдал бишгүй нэг байсан тул танил зохиолоо л дахин уншиж байгаа мэт санагдлаа миний хувьд. Хүүхдүүдийн хувьд сургуульд сууж эрдэм ном сурах гэхээс илүүтэй төрсөн гэр орон, аав ээж рүүгээ очих халуун дотно хүсэл мөрөөдөл байдаг даа. “Айлд байгаа айлын хүүхэд болгон л хонины шөл уух хувьгүй эрүүний шөл уух заяатай байдаг байх нь гэж бодогдов” \ Айлын хүүхдүүд 224-р тал\ гэсэн хүүгийн бодлоор төгсөж буй энэ өгүүллэг тун ч бодитой, амьд дүрслэлтэй санагдсан тул зохиогчийн бага насны дурсамжаас үүдсэн болов уу гэж санагдсан билээ.

“Хүүхэд насны дурсамж хүнийг зохиолч болгодог” хэмээн нэрт зохиолч С.Дашдооров гуай дурссан нь бий. Дурсамжаа янз бүрээр бичиж болох ч хамгийн гол нь бодитой, сайхан найруулгатай л бичих. “Найруулга сайн болох шалтгаан нь оновчтой үгээр, энгийн мөртлөө уран яруу дүрслэх юм” гэж хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Ц.Сүхбаатар “Монгол хэлний найруулга зүй” номондоо дурдсан байдаг. Тэгвэл энэхүү шалгуурыг түүний бүтээлүүд хангажээ хэмээн хэлэх байна.

Тэнгэрт ойрхон бичиж яваа хүн

Энэхүү бичвэрийг ийн нэрлэсэн нь түүний бичсэн бүхнээс гэгээлэг сайхан зүйл олж харсных билээ. Гуниг гэдэг гэгээн мэдрэмж. Чухамхүү түүний бүтээлүүдээс тэрхүү гэгээн гуниг “амтагддаг” нь “Тэнгэрт ойрхон бичиж яваа хүн” гэж бодогдоход хүргэсэн юм аа. “Эх хэл минь-унаа уналга” минь хэмээн сүслэн бодож яваа залуу уран бүтээлчийн үгийн шид, ухааны ур, сэтгэлийн гэгээ уншчигдын оюуныг тэтгэж байхын ерөөл дэвшүүлье.

Хөх Толбот Д.Төмөр-Очир

2021.12.06

 

Түр хүлээнэ үү...
Top