Өөрийн туулсан амьдрал, үзсэн харсан, дурсамж сэлтийг үндэтснийхээ домог зүйн сэтгэлгээтэй холбон, уран сэтгэмжээр баяжуулан бичдэг зохиолч Мө Янь Хятадын соёлын хувьсгалын гашуун түүхийг “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” романаараа дүрслэн үзүүлсэн бол “Мэлхий” хэмээх зохиол нь хятадын “төлөвлөгөөт төрөлт”-ийн эмгэнэл, уй гашуу, сэтгэл сэрхийлгэм үйл явдлыг өгүүлснээрээ онцлог юм. Зохиолч Мө Яний төрөлх нутаг болох Гаоми тосгоноос “шанаган хорхой” нэрт бичээч хятадын зүүн хойд нутагт алдартай эх баригч авга эгчийнхээ тухай дурсамж бичин илгээж буйгаар зохиомжлон бичсэн боловч зохиолын гол дүр Авга эгч бол “Энэ романд миний нагац эгчийн амьдрал тусгалаа олсон юм. Эгч маань миний төрж өссөн Гаоми сууринд насаараа эх барих эмчээр ажиллахдаа элдвийг л үзсэн гэдэг. Тэгээд би тэр бүхнийг нь буулгах ёстой юм гэж бодсон доо.” хэмээн Мө Янь ярьсанаас үзэхэд бодит дүр, болсон явдал, баримт сэлт бүхий зохиол гэдэг нь тодорхой.
“Ариун цусаар бузар цусыг угаадаг юм” гэж өөрийнхөө туулсан амьдралын хар цагаан, алдаа оноог дүгнэн хэлж буй “Авга”-ын үг зохиолын гол цөм санаа байж магад. “Хүмүүс Хятадын цагаан хэрэм, Египетийн пирамид зэрэг түүхэн байгууламжуудыг шагшин гайхдаг боловч аварга барилгуудын доор үй түмэн хүний үхэл зовлон, хувхай цагаан яс хэвтэж буйг мэддэггүй”, “Гэвч түүх гэдэг үр дүнг чухалчилдаг болохоос яаж хүрсэн арга замыг огоорч орхидог жамтай” гэснээс үзвэл тэрхүү “цусан зам” татуулсан бодлогын ачаар хятад гүрэн хүн амаа хазаарлаж чадсаныг зөвтгөж байгаа юм. Авга эмч түмэн хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан агуу их гавьяатай ч , түүнээс дутахгүй олон ургийн аминд хүрсэн гэм нүглээ “бузар цусыг ариун цусаар” угаасан хэмээн цагаатгах нь бас зүй ёсны хэрэг юм. Намын бодлогын золиос болсон ч , ирээдүйд өсөн бойжих олон олон хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн үйл хэрэг гэдгээрээ зорилго нь аргаа зөвтгөж, Хятадын “нэг хүүхэд” бодлогыг харгис хэрцгий гэж барууны нийгэм эгдүүцэж буйд зохиолч уран бүтээлээрээ хариу барьсан нь энэ буйза.
"Нэг хүний үхэл бол эмгэнэлт явдал. Сая, сая хүний үхэл бол статистик тоо." гэсэн Сталины алдарт үг бий. Харин Мө Янь зохиолч “нэг хүүхэд” бодлогын золиос болсон сая,сая хүүхдийн хувь заяаг нэг гэр бүлд учирсан гамшиг, нэг хүүхдэд тохиосон үхэл хагацлаар “Хүүхэд бол юугаар ч орлуулж болшгүй, цор ганц бурхны бүтээл” гэсэн үзэл санаагаа тусган үзүүлсэн байна. Хүн нь илүүдэж буй нийгэмд хүн нь хүнээр дутах зовлон бас байдаг ажээ. Үр хүүхэд хүсэж мөрөөдөх, үр удмаа үлдээх байгалийн зөн совинг ямар ч хүчирхэг тогтолцоо нухчин дарж чадахгүйг зохиолын баатруудын амь хайргүй тэмцэл, “хар данс”-ны хүүхдүүд бэлхнээ гэрчлэнэ. “Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтохын дайтай ховор хувь тавилан” гэх үг өөрийн эрхгүй санагдана. Мө Янь үлгэр домог, ид шидийг бодит амьдралтай сүлэн бичих ур чадвартайгаас гадна амьдралын хатуу хэрцгий бүхний цаана нуугдан буй үнэнийг эрж хайдаг, “мэлхий вааглах харанхуй намаг” -аас гэрэл гэгээг олж хардаг энэрэнгүй уран бүтээлч гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Үр хүүхэд хүсэн мөрөөдөх ч нас хэвийсэн Арслан зүст эх баригч, гоо сайхнаа алдсан тээгч эх Хөмсөг Чэн бүсгүй хоёрын хувь заяаны огтлолцол бол “цор ганц бурхны бүтээл”-ийн төлөөх хатуу ширүүн тэмцлийн нэг л дүр зураг. Арслан зүст эх баригч Хөмсөг Чэнийг хорвоод мэндлэх хувь заяаг тоссон хүн. Харин үр хүүхэдтэй болох хүслийнх нь төлөөс болж эргэж учрах нь үйлийн үр гэхээс өөр юу гэхэв. Ерөөс зохиолын нэг үндсэн санаа бол буддын шашны эргэн төрөх сансрын хүрдний сургаал, үйлийн үрийн өр төлөөсийн тухай өгүүлэмжүүд юм.
Гэтэл “Дорд бүсгүй би угтаа энэ хүүхдийг төрүүлж мөнгө аваад өөрийн эцгийн эмчилгээний төлбөрийг төлчхөөд голд харайж үхье гэж бодсон юм. Гэвч жирэмсэн болсноо мэдэрч , халуун зүрх хэвлийд минь цохилж эхэлснээс хойш би үхэхийг хүсэхээ больсон юм” гэх Хөмсөг Чэний өчил бол үр хүүхэд гэдэг “бурхны бэлэг”-бол хайрын дээд юмаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.
Хятадын “их өлсгөлөн” буюу хүүхдүүд “нүүрс идэж” байсан тэр дотор жихүүцэм үеэс хойш гойд арвин ургац хураасан жилүүдэд “амтат төмс”-ны хүүхдүүд олноор мэндлэх болсон нь хятадын хүн амын өсөлт хязгааргүйд тэмүүлэх гараа байж. Чухам энэ цаг үед “нэг айл-нэг хүүхэд” бодлого хэрэгжүүлсэн нь хувь хүн, гэр бүлийн хувьд ямархан гамшиг тохиосон тухай, намын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эх баригч эмч “Авга” хэрхэн цусан зам татуулсан тухай, үр удмаа үлдээх гэсэн хувь хүний тэмцэл, цөхрөл, арга барагдсан “чимээгүй” хашхираан, хүн болох хувь заяагаа нэхсэн сүрэг “мэлхий”-н вааглаан болж дотор зарсхийлгэнэ. Хүн бол мэлхийнээс үүсэлтэй гэх хятад домгийн сэтгэлгээ, дам утга, далд бэлгэдэлүүд энэ зохиолын нэг амин сүнс гэхэд болно. “Авга” руу сүрэглэн дайрч буй сүрэг мэлхий бол түүний үр хөндсөн үй олон хүүхдийн сүнс байхаас зайлахгүй. Насаараа үр хүүхэдгүй, хань ижилгүй явсан “Авга” шавар хүүхэлдэй урлаач Гар Ли хэмээх уран бүтээлчтэй яг тэр үед танилцаж гэр бүл болдог. Үүнийгээ хувь тавилан хэмээн хэлдэг. Энэ нь бас учиртай. Сүсэг бишрэл ихтэй, зан үйл, бэлгэдэлийг эрхэмлэдэг хятад хүний хувьд шавар хүүхэлдэй гэдэг үр хүүхэд урин залах шүтээн, нэг ёсны дом шившлэг юм. “Авга”-ын бас нэг цагаатгал, өр төлөөс нь энэ байж болох.
Мө Янь уран бүтээлдээ Хятад үндэстний зан төрхийн өвөрмөц онцлог, суртал шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, уламжлалт зан заншлыг зохиолдоо илүүтэй тусгаж амьдрал ахуйн эгэл, энгийн зүйлсээс энэ бүхнийг гярхай ажиглаж, дүрүүдээ амилуулдаг “ид шидтэй” зохиолч гэдэг нь анзаарагддаг. “Нэг хүүхэд” бодлогын золиос нь удам угсаа залгамжлах эрэгтэй хүүхдийг илүүд үздэг уламжлалт ёс заншлаас болж хохирч буй “Эм хүйстэн” -үүд юм. “Хүүхэд бол юугаар ч орлуулж болшгүй, цор ганц бурхны бүтээл” гэсэн итгэл үнэмшлээрээ зохиолч хятадад эртнээс нааш баримтлан ирсэн “Эр хүйстэн”-ийг дээдлэх үзлийг эсэргүүцсэн үзэл санаагаа сөргүүлэн тавьсан нь Күнзийн суртал амь бөхтэй оршиж буй гүрний хувьд “эсэргүү” үзэгдэл юм. Үйлийн үр, гарцаагүй хувь тавилангийн өмнө хүн ямагт хүчин мөхөсдөх ч “хүн чанар, хүний ёс”- оо хадгалан үлдэх гэж тэмцэж буй тэр л дүрүүд баргар хүйтэн, дүнсгэр өнгө аясаар бичигдсэн зохиолын, хүйтэн хананы цаанаас цоо ширтэх мэт санагдах үй олон сүнснүүдээс уншигчаа чөлөөлж буй гэрэл гэгээ нь юм.
“Хайр дурлал гэдэг нэг төрлийн өвчин юм” гэдэг үгийг тунгааж үзвэл орчлонгийн үй олон хүний дундаас яагаад цор ганц нь дурлалт хүний зүрхийг насан туршид нь шархлуулдагийг ойлгож магадгүй байх . “Фройдын сүүдэр” -т дайруулсан байж болох тэдгээр “дурлалын өвчтөн”-үүд нэг олдох амьдрал хувь заяагаа зольж буй гашуун гэмээр хувь тавилан нь, хувь заяагаа өөрөө сонгох, өөрийнхөө сонголтонд үнэнч үлдэх “оршихуй”-н баатрууд юм. Хүний өмнө ямагт сонголт гарч ирдэг. Хэрэв сонгохгүй байна гэвэл тэр бас нэг сонголт болдог тийм л “оршихуйг” хүлээн зөвшөөрч чадвал хувь хүний эрх чөлөө юм даа.
Хөх Толбот Д.Төмөр-Очир