Г.Аюурзана "Сахиуст хангайн нууц"
2018-03-16 Д.Төмөр-Очир 5149

Манжийн цэргээс амь мултран зугтсан Зүүнгарын сүүлчийн хаан Даваачийг Тэнгэр уулын хормойд нэхэн гүйцэж барьсан Халхын ноёнд Өөлдийн бөө хараал шившлэг хийжээ. Зохиолын гол зангилаа эндээс эхэлж байна. Үнэхээр эртний өөлд бөөгийн хараал биелэлээ олж хошуу ноёны удам хойчис, угсаа залгамжлагчдаас төрд нүүргүй, хэлгүй, мунхаг хүмүүс төрөн гарчээ. Ингээд л хараал төгссөн бололтой, дараачаас нь хуульч мэргэн, туульч сэцэн, уран дархан, хөгжимчин гэх мэт гоц авьяас билигтэй Халх даяар алдар нэр нь дуурссан хүмүүс тодорсон байна. Ноёны сүүлчийн угсаа залгамжлагч "Ятгач хуурч Пүрэв гүн" хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжавын намтар цадигаас сэдэвлэн, ардын аман яриа, домог хуучинд тулгуурлан тэр хүний золгүй хайр сэтгэлийн тухай өгүүлсэн түүхэн эмгэнэлт драм. Гэхдээ зохиолын гол өгүүлэмж нь уул усны эзэн лус савдаг, онгод сахиусын тухай гэмээр. "Бөөгийн домог", Цагаан хар улаан", "Шүгдэн", "Судасны чимээ" романуудын гол шугам болсон онгод сахиусын тухай хийсвэр ертөнцийн ойлголтууд энэ хүртэл үргэлжлэн явж байгаа нь нэгийг бодогдуулна. Халхын том хувилгаан Нарбанчин гэгээний нууц янаг бүсгүйд ухаан солиортлоо дурласан Пүрэв гүн оргуулан авч хатнаа болгосон ч хэтэрхий гэмээр жаргал нь дэндүү богинохон настай байжээ.

Үхсэн хатнаа сэрэхийг хүлээн өдөр шөнө, цаг хугацааг үл тоон ятга тоглон суух ухаан самуурсан Пүрэв гүн, "Алтан товч" судраас амилсан Ван хаан, Жамуха нар Найманы цэргээс дутаан шөнө дөлөөр гэрт нь орж ирэн зам асууж буй тэр хэсэг, аль эрт бурхан болсон Балдан зочи тэднийг газарчлан Найманы нэхүүлээс төөрүүлж өгөхөөр дагуулан гарч буй тэр үзэгдэл энэ тэр бол цаг хугацааны гажуудал үүссэн орон зайн бэлчирт олон зэрэгцээ ертөнцүүд бие биеэнтэйгээ давхацсан тийм нэг ер бусын үзэгдэл гэлтэй. Ухаан самуурсан Пүрэв гүн хий юм үзсэн үү, эс бөгөөс барин тавин зүүдний үзэгдэл ч юм уу гэж бодогдмоор байвч Жамухын бэлэглэсэн цутгамал төмөр шагай үлдэж хоцорсоныг бодоход энэ үйл явдал яалт ч үгүй болжээ гэмээр. Болсон явдлаас улбаатай хууч яриа гээч нь ам амнаас ам дамжин өртөөлөхдөө хачир хужир нэмэгдэж, он цагийн уртад хувирч өөрчлөгдөн хуудуу суусан байдаг.Гэвч цор ганц, туйлын үнэн гэж байдаггүй учир нэг үйл явдлын тухай хэчнээн олон хувилбар байлаа ч бүгд өөр өөрийн үнэнтэй. Үнэн ч гэсэн өөрөө хоосон хэмээн зохиолч өгүүлж байна. Бидний нүдэнд үл харагдах, гарт үл баригдах далд ертөнцийн онгод сахиус гээч нь зүгээр л хийсвэр төсөөлөл, хэн нэгний зохиосон домог биш гэдгийг зохиол бидэнд барин тавин үзүүлж байна.

Хүний түр зуурын зүүд зэрэглээ мэт богинохон амьдралтай харьцуулахад өнө мөнхийн настай уул усны эзэн онгод сахиус жинхэнээсээ бодитоор оршин байх нь эргэлзээгүй гэсэн санааг эндээс ойлгож авч болно. Хүний амьдралд одоо цаг гэж үгүй бүгд өнгөрсөн лүү урсана. Тиймээс хүний амьдрал гээч нь болж өнгөрсөн үйл явдлын дурсамжаар хоосон орон зайгаа дүүргэж, түүгээрээ сэтгэлээ хооллож явдаг байх нь . Зарим нь ор тас мартагдсан байхад, зарим нь саяхан болсон мэт тодоос тод байдаг хүний хэсэг бусаг дурсамжууд дотроос аз жаргалтай хэсгүүд нь олон байвал тэгээд л болоод явчих нь тэр. Байзаарай, дурсамж гэдэг чинь төсөөлөл төдий хоосон зүйл тэгэхээр амьдрал гэдэг зүгээр л хоосноос тогтож хоосонд тулгуурлаж байдаг хоосон зүйл гэсэн үг үү! Заа бүүр толгой эргэчихлээ хэхэ. Юутай ч эргэцүүлэх юмтай зохиол гэдэг сайхан шүү! "Зүүд цорын ганц бодит үнэн" билүү тийм нэртэй ном харсан санагдаж байна. Зүүд өөрөө нэг бие даасан ертөнц төдийгүй, бодит амьдралын тусгал, салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болж явдаг байх нь гэсэн нэг тийм санаа төрлөө. Бидний гурван хэмжээст ертөнцийн хязгаараас давсан бүхэнд тайлагдашгүй гүн гүнзгий нууцууд оршин байна Түүнд хүрэх нэг арга зам нь магадгүй уран зохиол байх. Ойрадын Даваач хааны шадар Тогоруун нэрт Өөлд бөөгийн хараал жатга Халхын ноёны сүүлчийн удамын хувь заяанд далдуур нөлөөлж эхэлсэн байх нь гэсэн сэжиг таамаг надад төрсөн юм.

Үйлийн үр гэгч хаашаа ч бултах аргагүй хувь заяаны хэлхээс юм. Гагцхүү боловсрох цагаа хүлээн сүүдэр мэт дагаж явдагыг, тэр нь хэзээ биелэлээ олохыг урдаас тааж мэдэх аргагүй нь гачлантай юм даа. Сайны үр дэлгэрч, салхины үр дулаарна гэсэн сайхан хэлц байдаг. Сэтгэлдээ сайн сайхныг бодож эргэцүүлж явдаг, амьдралыг байгаагаар нь хүлээн авдаг, хар хорын сэтгэлгүй, шунал тачаалын манангаас эгнэгт ангид тийм нэг жир сайхан хүмүүсийн зам мөр гэрэл гэгээтэй, үр удам нь хангалуун сайхан амьдрах хувь ерөөлтэй юм байна даа гэж надад бодогдсон. Байгаль дэлхий амь сүнстэй, уул ус онгод сахиустай хэмээн өнө эртнээс дээдлэн шүтэж ирсэн, сүсэг бишрэлээ далд ухамсартаа тээж явдаг Монгол хүн л ойлгож ухаарах, сэтгэл баясах, гэмшин харуусах гэх мэт сэтгэлийн олон өнгө аясыг мэдрүүлж чадсан сайхан монгол роман уншлаа гэж хэлмээр байна. Постмодерн утга зохиолын эцэг Борхесийн "Салаа замууд давхацсан цэцэрлэг" шиг, шидэт реализмын сонгодог төлөөлөл Г.Маркесийн "Зуун ганцаардал" мэт нэг тийм үлгэр домог үнэн бодит амьдралтай сүлэлдэж, жир явдал ид шид хоёр нэгдэн нийлж дөрөө харшуулан явах, хувь тавилангийн ээдрээ ончроо хэзээ, хаана, яаж тайлагдах нь оньсого мэт битүү байдаг тийм л нэг сонирхолтой бүтээл юм даа.

Түр хүлээнэ үү...
Top