Т.Мандир "Хорин нэгэн хөрөг"
2018-10-01 Д.Төмөр-Очир 2773

"Гагцхүү бичсэн нь уламжлан үлдэнэ гэдэгт итгэвэл түүнээс эрхэм шагнал түүнд байхгүй юм байна" гэж Монголын нууц товчоог туурвигч сударчийн тухай "Өгөөдэй хаан" зураглал өгүүллэгт дурдсан нь Монголын түүхийн алтан хэлхээг бүрдүүлэгч түүхт Хорин нэгэн хүний хөрөг дүрийг бүтээж, далд араншин, бодол санаа, зан авиры нь дүрслэн бичиж суухдаа авьяас билэгт эрхэм туурвилч маань энэ үгийг өөрөө өөртөө хэлж суусан бизээ гэж бодогдоно. "Өнгөрснийг дурсаж шархыг бүү сэдрээ! Гэвч дурсахгүй бол чамайг бас хүн гэхэд хэцүү" гэсэн Араб хэлц үг өвөг түүхээ сонирхон судлагч, шимтэн дурлагч хүмүүнийг ажил албаа умартан, нойр хоолоо хасан эх түүхийн балархай жимийг өргөсгөн тэлж, урьд өмнө нь хэн ч санаж сэдээгүй өвөрмөц бүтээл туурвих зоримог аянд мордуулсан мэт санагдана.

"Түүхэн зохиолууд уншихаар дон шүглэнэ гэгчээр дүрүүд нь үнэхээр орой руу орж ирээд байдаг. Би тэр л хүчээр тэгж л зурж, бичиж байсан" гэж зураач-зохиолч ярьсан нь үнэхээр л чин сэтгэлээсээ зорьж, хүсэл сонирхолдоо дур татагдан автаж байсан хэрэг. "Чингисийн хүлэг баатруудын тухай уншихаар л дүр зураг нь сэтгэлд бүр дээрээс буугаад ирж байгаа юм шиг л санагдаад байсан" гэж оюун бодлоо чилээн, сэтгэл зүрхээ хөглөн зурж бичиж сууснаа дурссан нь бий. Хөх Монголын түүхнээ тодорсон гавьяат баатруудын тэр цаг үед очсон мэт сэтгэгдэл төрөх нь эрдэмтэн Ш.Гаадамба гуайн дүгнэснээр "Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн хэлний үг найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэлийг тэр цагийн түүхт хүмүүсийн үг найруулга үнэхээр л иймэрхүү байсан болов уу гэж үнэмшигдэхээр "түүхэн өнгө аяс бүхий" үг найруулгаар бичиж чадсанд оршиж байгаа юм. Хорин нэгэн түүхэн хүний хөрөг дүр, зураглал өгүүллэгийг бүтээхдээ тухайн баатрын аж амьдралаас нэг л үеийг зурваслан авч түүхэн баримт түшсэн зүүлт тайлбарыг сөөлжүүлэн хийж өгсөн нь баримт уран сайхныг хослуулсан өвөрмөц шийдэл, дүрээ товойлгон тодруулсан уран сэтгэмжийн цогц болсноороо уншигч хүмүүний мэдлэгийг нэмэх, оюуныг баясгах, түүхээ сонирхон судлах урам зоригийг хөгжөөсөн гоц уран туурвил болох үндэс болжээ.

"Нар үүлсийн цаагуур нуугдахад тэнгэр, тэнгис хоёрын зах мандал ууссан мэт, давалгааны хяр дээрх цав цагаан хөөс л энэ бүдэг саарал орчинг сүлнэ...Далайн орог буурал мандал түүнд хаврын хавсарганд нүдүүлсэн нутгийнх нь нүцгэн бор толгодыг санагдуулжээ...Төрөлх хөх бууцанд минь хүрэх газар үгүй...~ Яруу найргийн мөртүүд шиг, уран зургийн дүрслэл шиг сэтгэлд бууж, нүдэнд харагдах оновчтой сайхан найруулга, үг хэллэгээр баялаг араанд уусаж хорхойсуулах намрын айраг мэт часхийсэн амттай бүтээлүүд билээ. "Үхрийн мах үнхэлцэгтээ багтана" гэдэг шиг баатруудаа гадаад төрх байдал, ааш зан, хэл яриа, бодол сэтгэхүй, явдал суудлаар нь тодорхойлж чадаж байгаа нь уран зураачийн билгийн нүд, үгээр урлан бичих төрөлх авьяастай нь хосолсоны шид гэмээр. Цавчаал боомтыг уран аргаар эзлэн авсан Зэв жанжны сийрэг ухаан, хуурай газрын дайдыг хэмжиж дуусаад Атираат тэнгисийн өмнө омог бардам зогсох Сүбээдэй баатрын эрэлхэг төрх, Жамухын хүрээнд Чингисийг хаан болно гэж зарлаж яваа Дэв Тэнгэр бөөгийн зүрх зориг, Эзэн хааны санааг угтан мэдэж тэнгэрт дэвшсэн Мухулайн оронд хүү Булуг өргөмжлөх арга сэдсэн Бөртэ хатны гүйлгээ ухаан, Чан Чун бумбатай ном хаялцах эрдэмт сайд Чингай Чинсаны будаа тарианы их үйл хэрэг, энгийн нум сумаар гайхамшигтай хол харваж гэрэлт хөшөө босгуулсан Есүнгэ мэргэний төрийн хөвгүүдийг сургах эрдэм ухаан, Бөртэ хатны ураг төрлийн баян язгууртанд цаазын ял оноож буй Шихихутаг заргачийн чигч шударга зан, амь нас нь ахархан болсон ч төрийн төлөө байгуулсан гавьяандаа сэтгэл хангалуун байгаа барласын Хубилайн бодол эргэцүүлэл гээд түүхт олон баатруудын дотоод ертөнцийг тольдож, дэргэд нь хамт байгаа мэт сэтгэгдэл төрөх нь юутай гайхам.

Их хаантай хувь заяа нь огтлолцон сөргөөлдөн тэмцэлдсэн хүчирхэг түүхт хүмүүс болох Хөхөчүү бөө, Хэрэйдийн Тоорил хан, Найманы Даян хан, Жамуха сэцэн нарын зан авир, далд бодол санааг тэмтэрч "Саргүй шөнө шиг баримжаагүй, самууран ширэлдсэн тэр бэрх жилүүд"-ийн уур амьсгалыг уран яруугаар дүрслэн үзүүлсэн байна. Хүний амь нас гэдэг элсний мөр, усны хөөс шиг эмзэг хэврэг эд боловч байгуулсан гавьяа нь морин өртөө шиг он цагийг улаачлан давхисаар үр хойчдоо дурсагдах учиртай аж. Эцэг Есүхэй баатраар эхэлсэн хорин нэгэн хөрөг Их Монгол гүрний хаан Өгөөдэйгээр отголохдоо "Эрх мэдэл гэдэг илд далайсан дайснаас илүү хөнөөлтэй. Эсэргүүцэн босогчид ил байдаг. Тэднийг цавчиж, цаазалж хороож болно. Эрх мэдэл бол зүрхэнд хамт лугших бөгөөд өчүүхэн төдий зайлсхийвэл бүрмөсөн орхичих болов уу хэмээн айж, улам бүр автагдахад амт нь мэдэгддэг билээ. Ай, үр сад минь эрх мэдлээс айгтун!' хэмээн Монголын бууран доройтохын шалтгаан болсон эрх мэдэл булаацалдан тэмцэлдэх гашуун зовлонг сануулан сэнхрүүлсэн үгээр өндөрлөж байгаа нь үнэ цэнтэй юм.

Гярхай дүрслэл, хэрсүү бичлэгээр Хорин нэгэн сувдыг хэлхэсэн түүхч, зураач, зохиолч Т.Мандир хэмээх эгэл даруухан хүмүүн үр хойчдоо дурсагдах гэрэлт хөшөө босгосон нь энэ буюу.

Түр хүлээнэ үү...
Top