"Цөвүүн цагт төрсөн минь юутай азтай вэ"
Ф.М.Достоевский
Суут зохиолчийн гурван оргилын нэг МААНАГ бол хилийн чанадад хэдэн жилийг өнгөрөөсөн их зохиолч харь газар амьдрахдаа Орос орныхоо ирээдүйн хувь заяаны талаар санаа чилж, хүний мөн чанар, ёс суртахуун, мораль, хайр сэтгэл, шашны үзэл санаа, нийгмийн зөрчил хямралыг эргэцүүлсэн гүн ухаан сэтгэлзүйн туурвил юм.
Гадаадад эмчлүүлж байгаад эргэн ирсэн унаж татдаг өвчтэй, сурвалжит удмынхаа сүүлчийн ван Мышкин болон түүний эргэн тойронд өрнөсөн хайр сэтгэлийн адал явдлуудыг нухацтай авч үзэн, тал бүрээс нь тойруулж бичсэн нуршуу гэмээр боловч хэлэх гэсэн санаа нь гүн гүнзгий сэтгэлзүйн эмгэнэлт драм билээ.
Төгс сайн хүний дүр бүтээхийг мөрөөддөг, хүмүүсийг тийм байгаасай гэж хүсдэг их зохиолч ядуурч хоосорсон, хүлцэнгүй дорой Мышкин ванг юуны учир гол дүрээ болгон сонгов? гэсэн асуулт гарч ирж байна. Хэрэв Христ газар дэлхий дээр бууж ирвэл иймэрхүү царай төрхтэй, зүрх сэтгэлтэй байх биз гэсэн бодлоор дүрээ бүтээсэн мэт санагдана. Хүмүүсийн гэм нүглийн өмнөөс загалмайд хадагдсан Христ арван есөн зууны дараа хүмүүсийн дунд орж ирэхэд тэд хэрхэн хүлээн авах бол? Тэр үеэс хойш хүний ухамсарт өөрчлөлт гарсан юм уу гэсэн асуудал хөндөгдөж байна.
Зохиолын гол дүрийн хоёр бүсгүй бол гадаад гоо үзэсгэлэн, дотоод нандин чанар хоёр нь эн тэнцүү үнэт ховор эрдэнэ "алмааз" шиг бүсгүйчүүд боловч тэс өөр эсрэгцсэн маягаар зохиолын туршид дүрслэгдэж байна. Баян генералын бага охин Агаля болор шиг цэвэр тунгалаг сэтгэлтэй бүсгүй. Тэрээр нийгмийн уламжлалт хэвшлийг эсэргүүцэгч, феминист үзлийг дээдлэгч, оюун санаа, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэгч "чөлөөт эмэгтэй" байхыг хүсдэг маш гоё дүр. Олон жил хайрцганд хав дарсан үнэт эрдэнийн "алмааз" юм. Тэрээр хэн нэгний гоёл хэрэгсэл болж үдэшлэг цэнгээн хэсэж явахыг хүссэнгүй, харин гадаад орноор аялж, урлагийн гоо сайхныг таашаан үзэх, эрдэмтэн мэргэд уран бүтээлчидтэй уулзахыг хүсдэг тийм л оюунлаг, гэгээлэг дүр юм. Мышкин ван шиг чин шударга, цэвэр ариун сэтгэлтэй хүнийг мөрөөддөг байж.
Жинхэнэ дуулиан шуугианы эзэн үзэсгэлэн төгөлдөр Настасья бол сэтгэлзүйн хоёрдмол байдал үзүүлдэг тогтворгүй "хачин" эмэгтэй юм. Түүний сэтгэл зүрх ариун нандин ч Агалягийн дэргэд өнгөлж засаагүй "алмааз" л гэсэн үг. Хорвоо ертөнц, хайр сэтгэлийг дэврүүн сайхнаар мөрөөддөг байсан бүсгүйн онгон ариун сэтгэл зүрхийг хуял тачаалдаа дийлдсэн газрын эзэн Тоцкий буртаглаж хаясанаас хойш тэрээр юунд ч итгэж найдахаа больж, эмэгтэй хүний хайр сэтгэлийг эд бараа адил худалдан авч болно гэсэн сэтгэхүйтэй "эрчүүд"- ээс өшөөгөө авах, зовоон тарчилгах ад мөрийн гэмээр донтой болжээ. Яг л тийм мөчид түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж өрөвдсөн цор ганц хүн гарч ирсэн нь хөөрхий "Маанаг" хочтой Мышкин ван байв. Бүсгүй түүнд юугаа ч зориулахад бэлэн байсан боловч вангийн "хайр" бол өрөвч ууч сэтгэлийн хайр, харин тэр өөр бүсгүйд сэтгэлтэй гэдгийг мэдээд бараг л хагас солиорлын байдалд орчихож байгаа юм.
Настасьяд ухаангүй дурласан Рогожин ванг замаасаа зайлуулбал бүх юм бүтнэ гэж бодсон нь том эндүүрэл байжээ. Хөрөнгө мөнгө байвч хүний сэтгэл зүрхийг худалдан авч болохгүй аж. Дурлалдаа солиорсон өсөрхүү зант Рогожин хад мөргөн унаж байна. Хүний дотоод мөн чанарт юу нуугдаж байдгийг үнэмшилтэй, хайр найргүй дэлгэн харуулснаараа уншигчдыг гүн харанхуй ангалд унагах шиг мэдрэмжинд автуулна.
Мышкин вангийн үзэл санаа хүмүүст аажимдаа нөлөөлж, тойрон хүрээлж эхэлж байна. Чулууг ус дийлэхийн адил түүний номхон хүлцэнгүй, бүхнийг хүлцэн тэвчих уучлалт зан чанар нь хүмүүсийн сэтгэлд зүрхэнд бага боловч гэрэл гэгээ татуулж эхэлжээ. Цөвүүн цагт хүний сайн муу чанарууд илт тодорхой ялгарч, нийгмийн бурангүй үзэгдэл нь хүмүүсийн оюун санаанд хэрхэн нөлөөлж байгааг хайр сэтгэлийн дэвсгэр дээр мөн ч гайхалтай дүрслэн үзүүлсэн байгаа юм даа.
Шашинд хуурамчаар сүсэглэх нь шашингүйн үзлээс долоон дор адгийн зүйл болохыг жигшил зэвүүцэлтэй бичсэн байдаг. "Христ минь өршөө" гэж залбирчихаад гэмт үйлдэл хийж явдаг цэвдэг хүмүүсээс бурхан байхгүй гэж боддог нь илүү нүгэл хилэнц багатай гэж шуудхан өгүүлж байна. Ертөнцийг бүтээгчийн хүү Христ өвдөх, зовох, үхэх байгалийн хуулийг сөрж чадахгүй байгаа юм чинь хорвоо ертөнцийн бүх юмс үзэгдэл байгалийн хатуу дошгин, өршөөл энэрэлгүй хуулиас хаашаа ч гарч чадахгүй гэсэн "эсэргүү" санаа цухалзаж байна.
Достоевскийн амьдарч байсан цаг үе, үймэрч самуурсан донсолгоотой, шинэ өөрчлөлтийг хүсч байсан тийм нөхцөлд байдалд байжээ. Харанхуй бүдүүлэг, хоцрогдсон Орос орныг сэрээх хэрэгтэй гэсэн үзэл санаа, онол, хөдөлгөөнүүд хүчээ авч эхэлсэн тийм цаг үед сэтгэгч, уран бүтээлчийн хувиар өөрийн үзлийг зохиолдоо нэвт шингээжээ.
Сэтгэл зүрх нь цэвэр тунгалаг, дотоод мөн чанар нь ариун нандин Мышкин ван шиг тийм хүмүүс харанхуйд үүрийн гэгээ татуулах шиг нийгмээ өөрчлөн хувиргана гэсэн мөрөөдөл байсан биз ээ. "Романы дүрд хувирсан гүн ухааны хэлэлцүүлэг" гэж энэ зохиолын тухай эшлэл уншсан минь хамгийн оновчтой тодорхойлолт юм даа.
"Өрөвдөх сэтгэл бол хүмүүн төрөлхтний оршин байхын хамгийн гол, магадгүй бүр цорын ганц хуульч байж болох" гэж хэлж байгаа суут зохиолчийн үг түүний насан туршдаа баримтласан амьдралынх нь мөрдлөг билээ.
2018-03-04