Ким Ү Жүн: Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна
2018-06-11 Э.Түмэнжин 3220

Нэлээд олон жилийн өмнө гэрийнхээ номын сангаас энэ номыг олж хараад их содон гарчигтайг нь бодоод уншиж үзсэн билээ. Аливаа номын чанар хүний сэтгэлд үлдээх ул мөрөөрөө үнэлэгдэнэ гэж би боддог. Одоо шиг олон ном Монгол хэлээр гардаггүй байсан үе юм. Номын дэлгүүрүүд бол сураггүй байсан. Урт цагаан ч юмуу их дэлгүүрт л ном зардаг байсан санагддаг юм. “Баян аав Ядуу аав” гэх мэт номуудын зохиогчид хүүхэд байсан биз. Миний сэтгэлд үлдсэн нэг зүйл нь энэ номын гарчиг дахь ойлголт, ном тэр чигээрээ гарчгийг дэлгэрүүлсэн байсан бөгөөд зохиогчын амьдралын сургамж билээ.

Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн гуайн туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ.

Номын хэсгээс...
... Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх явдал юм. Биднийг өглөө босох бүрд л өнөөдөр амжуулах ёстой үй түмэн ажил хүлээж байдаг. Хэрэв бид эдгээр ажлыг нэг нэгээр нь тодорхой хугацаанд гүйцэтгэлгүй бүгдийг нэг зэрэг хийх гэвэл өөрсдийнхөө бие бялдар, сэтгэл санааг эвдлэх болно.
Гэв гэнэт та бүтэлгүйтвэл “тэд” юу гэх нь хамаагүй, яагаад гэвэл “тэд” бүтэлгүйтэл бүрд төдий хэмжээний амжилтын үр хөврөл байдаг гэдгийг мэдэхгүй. Эмх цэгцтэй байж эцэс төгсгөлгүй аяны замд гарсан хүн шиг л ажилла. Өөр нэг зүйлийг хэлэхэд хүний амьдралын жинхэнэ утга учир нь туулж өнгөрүүлсэн он жилүүддээ биш, хийж бүтээсэндээ байгаа юм. Сайхан амьдарна гэдэг бол тооны ойлголт биш, чанарын ойлголт бөгөөд хөрөнгө гол нь биш, сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал юм...

Түр хүлээнэ үү...
Top