Ж.Д.Сэлинжер: Хөх тарианы харуул
2018-06-11 Э.Түмэнжин 2197

Уг романы тухай ярихын тулд дөрвөн зүйлийг заавал дурдах хэрэгтэй санагдав.
Үүнд:
1. Романы тухай
2. Зохиогчийн тухай
3. Орчуулагчийн тухай
4. Өөрт төрсөн сэтгэгдэл, тэмдэглэл

1. Романы тухай.

1951 онд хамгийн анх удаа хэвлэгдэн гарсан. Дэлхийн бараг бүх хэлэнд орчуулагдсан. Жилд дундажаар  сая хувь борлогддог бөгөөд анх худалдаанд гарсан цагаасаа эхлээд нийт 65 сая ширхэг хувь зарагдсан байх юм. “Time” сэтгүүлийн тодорхойлсноор 1923 оноос хойших “Англи хэлээр хэвлэгдсэн хамгийн сайн 100 уран зохиолын” номонд багтсан. Мөн XX зууны шилдэг 100 номын жагсаалтад багтсан. “BBC” байгууллагын шилдэг номын жагсаалтад 15-рт бичигдсэн. Номын гол дүрийн баатар болох 17 настай хүүгийн нөлөөгөөр АНУ-д 1960-аад онд өсвөр насны хөвгүүд зохиолын баатрын хувцастай ижилхэн хувцаслах, ижилхэн дүр байдал үзүүлэх явдал ихээр гарч байжээ. АНУ болон Англи хэлээр ярьдаг улс орнуудад ихээхэн нөлөө үзүүлсэн роман юм.

2. Зохиогчийн тухай

Ж.Д.Селинжер нь 2010 оны нэгдүгээр сарын 27-нд 91 насандаа таалал төгсжээ. Америкийн уран зохиолыг донсолгож, өөрийн гэсэн ул мөрөө үеийн үед үлдээсэн маш том зохиолч юм. Нью-Йоркийн их сургууль, Үрсинус коллеж, Колумбиагийн их сургууль зэргийг дүүргэсэн. 1965 онд хамгийн сүүлийн номоо хэвлүүлж байсан бол хамгийн сүүлийн удаа ярилцлага 1980 онд өгч байсан байна. Түүний хэвлүүлсэн ном болоод он: 
1. The Catcher in the Rye (1951)
2. Nine Stories (1953)
3. Raise High the Roof Beam, Carpenters and Seymour: An Introduction (1963)
4. Franny and Zooey (1961)

3. Орчуулагчийн тухай

Доржсүрэнгийн Болдбаатар гуайн тухай ярихад өчүүхэн миний биед ахдаж мэдэх учир зөвхөн өөрийн мэдэх зүйлийг богино дурдъя. Тэрбээр “Чонон сүлд”, “Гурван улсын үлгэр”, “Усан хөвөөний шастир”, “Улаан асрын зүүд”, “Баруунш зорчсон тэмдэглэл” номуудыг Хятад хэлнээс, “Хөх тарианы харуул”–ыг англи хэлнээс монгол хэлэнд гэх зэргээр маш олон номыг Монголчуудын оюунд өргөсөн байдаг. Мөн “Хуанжу гэг” Хятадын олон ангит киног орчуулсан гэх зэргээр нэгэн биед багтамгүй олон ажил хийжээ. Хэрвээ цаашид түүний хөрвүүлсэн номыг олж уншихыг хүсвэл “Гэгээ” хэвлэлийн газраас сураглах нь зөв болов уу.

4. Өөрт төрсөн сэтгэгдэл, тэмдэглэл

Би Англи хэлээр гадарладаг боловч ном, сонин унших нэг их дуртай хүн биш. Яагаад гэвэл төрөлх хэл шигээ таашаал авч чаддаггүй. "Би чинь билиг танхай жинхэнэ Монгол эр хүн шүү дээ хө" гэж бичсэнийг уншаад шууд л ойлгоод, хачин сайхан дотроосоо мэдрээд явчих жишээтэй. Харин Англи хэлээр шүү, хө, ягш дээ, тэгэлгүй хаачив гэх мэт сул үгүүдийг ялгаж мэдэхгүй учраас (эсвэл бүүр байхгүй ч байж мэднэ) надад нэг их гоё санагддаггүй байх. Харин Д.Болдбаатар гуай маань энэ зохиолыг хэн нэгэн Монгол хүн бичсэн мэт үнэхээр сайхан орчуулжээ гэх бодол бараг хуудас бүрт санагдаж байсан шүү.

Номын үйл явдлын хувьд нэгэн хөвүүний хэдхэн өдрийн амьдрал гарах бөгөөд өсвөр насны хөвгүүдийн сэтгэлийн хөөрөл, хөдлөлийг гаргаж өгсөн зохиол. Аль ч нийгэмд, ямар ч цаг хугацаанд хүмүүст уншигдахаар сонирхолтойгоор өрнөх энэ номыг та өөрийн биеэр уншиж үзэхийг зөвлөе.

Түр хүлээнэ үү...
Top