Харуки Мураками "Цонх" өгүүллэг
2014-12-25 Тэгшзаяа 4818

ЗАХИДАЛ ОЧИХ ӨДРИЙН МЭНД!

Нар илчгүйхэн ээх хэдий ч өдөр өдрөөр хүйтний эрч суларч, хаврын урь наашилж байна. Урин цаг ойртохын хэрээр хүний сэтгэл ч тэнийх юм.

Таны захидлыг унших сайхан байлаа. Котлет задьтай \амтлагч\ хоршихоор ямархан амттай болдгийг дүрсэлж бичсэн хэсэг чинь гойд сайн болжээ. Надад өдөр тутмын амьдралын жинхэнэ амт шимтийг мэдрүүлсэн. Гал зуухнаас хорхой хүрэм сайхан үнэр анхилж, хутга, гампанз харшиж, сонгино хэрчих цолгиун дуу хадах нь хичнээн амьд агшин бэ!

Захидлыг чинь уншаад котлет идэх сэн гэхээс байж суухын аргагүй болж тэр оройдоо би хамгийн ойр байхзоогийн газар луу чавхдаж хүрсэн. Өнөөх зоогийн газарт Техас маягаар шарсан, Хавай маягаар бэлдсэн, Япон маягаар амталсан гэх мэт 8 янзын котлет байв. Техас маягийнх нь маш том. Техасчууд алс холын Токиогоос нутгийнхаа амтыг амталж болно гэдэгт лав итгэхгүй дээ. Хавай маягийнх нь харин хан боргоцойтой. Калифорни маягийнх нь...юутай байлаа даа, мартчихжээ. Япон маягаар амталсан нь цагаан луувангийн бүрмэлтэй. Тэр газар ч давгүй тохилог, оготор банзал өмссөн царайлаг зөөгчидтэй юм билээ.

Би тийшээ дотоод заслыг нь сонирхож, зөөгчдийнх нь хөлийг сонжих гэж очоогүй нь мэдээж. Котлет идэх, тэгэхдээ-Техас, Калифорни маяг оруулан бэлдсэн биш-энгийн, хольцгүй котлет идэх ганц л хүсэлтэй байв.

Зөөгч охинд учраа хэлтэл “Уучлаарай, манайд ийм хэдэн төрлийн котлет л байгаа” гэх нь тэр.

Зөөгч охиныг буруутгах аргагүй. Тэр ийм цэс зохиогоогүй. Ширээ цэвэрлэж, аяга таваг хураах тоолонд гуя хас нь ил гарах задгай хувцас өмсөнө гэж сонгоогүй. Тиймээс би түүн рүү инээмсэглээд Хавай маягаар бэлдсэн котлет захиалсан. Хүсвэл ийм котлетыг хан боргоцойг нь орхиод идчихэж болно гэж зөөгч маань зөвлөсөн хэрэг.

Ингэхэд бид ямар гээч жигтэй ертөнцөд амьдардаг юм бэ дээ? Энгийн нэг котлет олдохгүй, заавал Хавай маягаар бэлдсэнийг хан боргоцойг нь орхиж идэхээс аргагүй.

Та харин энгийн котлет хийдэг бололтой. Захиа бичсэнд баярлалаа, таны хийсэн ямар ч хольцгүй, энгийн котлетыг идэх хорхой астал бичжээ.

Харин Галт тэрэгний төв зогсоолд байдаг тасалбар түгээгч автомат машины тухай өгүүлдэг хэсэг жаахан дулихан болжээ. Асуудлыг сонирхолтой өнцгөөс харсан боловч үнэмшилгүй дүрсэлж. Нэвт шувт, нүдэнд харагдтал дүрслэх гэж хүчлэх хэрэггүй. Бичнэ гэдэг үнэндээ мөнхийн цаг хугацаанаас өчүүхнийг хэлтэлж аваад үлдээж буйгаас ялгаагүй зүйл.

Таны энэ захианд би 100-аас 70 оноо тавилаа. Бичих арга барил чинь удаан боловч тогтвортой сайжирч байна. Тэвчээр алдруузай. Өдий хүрсэн шигээ шаргуу байж хичээхэд л болно. Дараагийн захиаг чинь тэсэн ядан хүлээж байна. Хавар ойртож байгаа нь хичнээн сайхан бэ, тийм ээ?

Жич: Жигнэмэгний цуглуулга явуулсанд баярлалаа. Амттай байсан шүү. Холбооны дүрмээр захидал солилцохоос өөрөөр хувийн харилцаа тогтоохыг хатуу хориглодог. Тиймээс цаашид таны сайхан сэтгэлийг буцаахаас аргагүй болж байна.

Тийм хэдий ч ахин талархсанаа илэрхийлье.

Би ийм нэг ажил жил орчим хийсэн юм. Тэр үед дөнгөж хорин хоёрхон настай байв.

Идабаши дүүрэгт байрладаг “Үзэг нэгт ахан дүүс” нэртэй жигтэй, жижигхэн компанид иймэрхүү захиа нэгийг нь 2000 иенээр бичиж сард бараг гуч, дөчийг машинддаг байлаа.

Компанийн сурталчилгаан дээр “Та ч гэсэн гайхалтай захидал бичиж чадна” гэсэн өгүүлбэр дурайж байдаг сан. Шинэ “гишүүд” элсэлтийн хураамж, сар бүр тогтмол төлбөр төлөөд хариуд нь “Үзэг нэгт ахан дүүс” рүү сард дөрвөн удаа захидал илгээх эрхтэй болно. “Үзэг нэгт багш” буюу би гэдэг хүн гишүүдийн захидлыг уншаад алдааг нь залруулж, санал хэлж, цаашид хэрхэн сайжрах зэргийг зөвлөн дээрхийн адил хариу захидал бичих учиртай. Утга зохиолын тэнхимийн үүдэнд өлгөөтэй зарлалыг уншаад л би анх ажлын ярилцлагад очихоор шийдсэн хэрэг. Тэгэхэд сургуулиа төгсөх асуудал нэг жилээр хойшилж, аав ээж хоёр ч дүргүйцсэндээ сар бүр явуулдаг мөнгөө багасгаад байсан үе. Товчхондоо амьдралдаа анх удаа амь зуулгаа өөрөө залгуулах хэрэг гарсан нь тэр. Ярилцлагад орж, хэд хэдэн зохион бичлэг бичиж өгөөд, долоо хоногийн дараа гэхэд л би хүссэн ажилдаа тэнцчихэв. Тэгээд захидлын алдаа засах, зөвлөгөө өгөх, бас бус жижиг арга мэх заасан долоо хоногийн сургалтанд суулаа.

“Үзэг нэгт ахан дүүс”-ийн гишүүн тус бүрт эсрэг хүйсний “Үзэг нэгт багш” томилдог байв. Надад 14 настай өсвөр насны охиноос 54 настай хижээл эмэгтэй хүртэлх 25-35 насны эмэгтэйчүүд зонхилсон 24 гишүүнтэй бүлэг хариуцуулж өглөө. Тэдний ихэнх нь надаас эгчмэд байсныг нуух юун. Эхний сардаа би яах учраа олохгүй балмагдаж билээ. Тэр бүсгүйчүүд надаас хавьгүй сайн бичдэг, захидал бичих тал дээр над мэттэй эгнэхээргүй туршлагатай байв. Гэтэл би гэдэг хүн амьдралдаа захидал ховорхон бичиж үзсэн байдаг. Эхний сарыг яаж давсаныг мэдэхгүй. Гишүүд дүрэмд заасан эрхийнхээ дагуу намайг өөр багшаар солихыг шаардвал яана гэж бодохоос тувт бэмбэгэнэж, хүйтэн хөлс чихардаг байснаа л санадаг юм.

Нэг сар өнгөрсөн ч миний талаар гомдол гарсангүй. Түүгээр тогтохгүй гишүүдийн дунд би нэлээд эрэлттэй байгааг захирал маань дуулгав. Хоёр сар болоход миний “зөвлөмж”-д талархагчид олширч, тэр хэрээр улам урам зориг орж байлаа. Тэр бүсгүйчүүд намайг багшийн хувиар хүлээж авч чин сэтгэлээсээ итгэсэн нь гайхмаар байв. Үүнийг мэдэх тусмаа би тэдний захидалд үүртэж түүртэлгүй, зовлонгүй хариулах болов.

Үнэндээ тэр эмэгтэйчүүд ганцаардмал улс байсан учраас л би ажилдаа шалихгүй амжилт олсноо хожим ухаарч билээ. Хэдий хүссэн ч тэдэнд захидал бичих хүн байдаггүй байж. Тэд биширдэг жүжигчиндээ захидал бичээд сэтгэл ханачих эмэгтэйчүүд биш. Алдаагаа засаж, сайжруулах зөвлөмжөөр дүүрэн албан ёсны хариу авдаг ч гэсэн тэдэнд тийнхүү өөрийгөө илэн далангүй уудлаж бичих нь л сайхан байжээ.

Тэр нэг жилд хорь шүргэж яваа нусгай жаал хүүхнүүдийн халуун дулаан захидлаар зай завсаргүй бордуулсаар далайн соёот морь шиг занхгар амьтан болсон гэхэд хилсдэхгүй.

Эмэгтэйчүүд ямар гайхмаар эсэн бусын захидал бичдэг гээ! Залхуутай, хөгжилтэй, уйтай гээд есөн шидийн захидлууд хөвөрч өгнө. Харамсалтай нь надад ганц ч захидал үлдээгүй бөгөөд (бүх захидлыг компанид эргүүлж өгөх журамтай байсан), тэр цагаас хойш олон жил өнгөрч нарийн ширийнийг санах аргагүй болсон ч, тэдгээр захидал ахуйн аар саархан явдлаас эхлээд оршихуйн ярвигтай асуудлыг хамарсан амьдралын баялаг үзэмжээр халгиж цалгиж асан нь санаанд тодхон үлджээ. Харин хорин хоёр настай оюутан хүүд тэр бүхэн бодит байдлаас тасарсан хоосон зүүд шиг санагддаг байв. Гагц амьдралын туршлага дулимаг байснаас ч болсон хэрэг биш. Одоо бодоход бусдад нээж үзүүлэхэд биш өөрийн биеэр амсаж туулахад л амьдралын мөн чанар оршдог ажээ. Тэр үед бидний хэн нь ч үүнийг ухаараагүй байв. Тэдгээр захианд бичсэн бүхэн намайг нэг л жигтэй хоёрдуулаад байсны учир ч энэ байж.

Намайг ажлаасаа гарах болоход миний хариуцаж байсан “Үзэг нэгт эмэгтэйчүүд” их л харамсаж билээ. Үнэндээ би эх адаггүй захиа бичдэг энэ ажлаас хэдийнэ залхсан ч, тэндээс гарч буйдаа гонсгор байв. Надад өөрсдийгөө ийм энгийн, илэн далангуйгаар нээх хүмүүстэй амьдралдаа ахиж таарахгүй гэдгийг мэдэрсэн юм.

*    *    *

ЭНГИЙН КОТЛЕТ. Өмнөх захианд дурдсан эмэгтэйн гарын котлетыг идэх завшаан надад тохиож билээ.

32 настай, хүүхэдгүй, нөхөр нь Токиогийн шилдэг таван компанийн нэгт ажилладаг эмэгтэй.  Намайг сарын сүүлээр ажлаасаа гарах болсныг мэдээд өдрийн хоолонд урьсан хэрэг. “Би танд хамгийн энгийн котлет хийж өгье” гэж бичсэн байлаа. Холбооны дүрэмд харш ч би урилгыг хүлээн авахаар шийдлээ. Хорин хоёр настай залуу эрийн сониуч зангаа  хорьж дийлээгүй хэрэг.

Тэдний байр галт тэрэгний Одакью замын харалдаа байв. Хүүхэдгүй хосууд л тийм байдаг болов уу гэмээр гэр нь эмх замбараатай, цэвэрхэн аж. Гэрийн тавилга сэлт, цахилгаан хэрэгсэл, эмэгтэйн хувцас хунар тансаг биш ч аятайхан. Уулзсан эхний хэдэн хоромд би түүний оворгүй төрхийг гайхаж, эмэгтэй миний жинхэнэ насыг сонсоод цочирдлоо. Намайг өөрөөсөө ах гэж санасан аж. Үзэг нэгт багш нарын насыг нууцалдаг байсан юм.

Хэн хэнээ гайхаж, нүүр хагараад хоёул биеэ барилгүй овоо чөлөөтэй болов. Котлет идэж, кофе хувааж уугаад галт тэрэгнээс хоцорсон зам зуурын танилууд шиг л байцгаав. Тэдний гурван давхрын цонхноос хурдан галт тэрэгний зуурайсан зам харагдана. Нар ээсэн дулаахан өдөр байсан тул хүмүүс тагтан дээрээ цагаан хэрэглэл, хөнжил гудсаа гарган тавьжээ. Хулсан гүвүүрээр гудас саваадах бүгтхэн чимээ нээлттэй салхивчаар дуулдаж байлаа. Он цаг огт улираагүй мэт одоо ч  тэр чимээ чихэнд минь дуулдсаар байдаг.

Котлет нь өөлөх юмгүй, шаргал хайрс тогттол шарсан, шүүсэрхэг агаад амт шимт, сүмс нь ч сайхан таарчээ. Амьдралдаа идэж үзсэн хамгийн амттай нь биш ч ойрд ийм сайхан котлет идээгүй байв. Эзэгтэй ч миний магтаалд сэтгэл хангалуун үлдэв.

Кофегоо ууж гүйцээд бид хоёр Берт Бакаракын цомгийг сонсонгоо хэн хэндээ амьдралаа  хуучлав. Амьдрал үзээгүй шахуу жулдрайд ярих юм ч олдсонгүй эзэгтэй л ихэнхдээ ярьсан юм.Тэр их сургуульд байхын л зохиолч болохыг хүсдэг байсан, Франсуа Саганыг унших дуртай, ялангуяа Чи Брамст дуртай юу? романыг нь гойд үнэлдэг гэв. Би Саганыг тэгтэл ойшоодоггүй ч, нэг их хямдхан зохиолч гэж боддоггүй байв. Хүн бүхэн Хенри Миллер, Жан Жене шиг роман бичих албагүй.

“Гэхдээ би бичиж чаддаггүй юм” гэж тэр эцэст нь яриагаа дуусгав.

“Одоо эхэлсэн ч оройтохгүй” гэж би түүнийг ятгалаа.

“Үгүй ээ, би бичиж чадахгүйгээ мэдсэн. Үүнийг чи надад ухааруулсан шүү дээ” гээд инээмсэглэснээ “Би чамд захидал бичиж байхдаа л авьяасгүй гэдгээ ойлгосон” гэв.

Би дороо улайж орхилоо. Одоо бол барагтай ичиж улайхгүй боловч хорин хоёртой байхад унтраалга дармагц гэрэл асах шиг амархан улайчихдаг байв. “Тийм гэж үү? Захиа чинь уул нь үнэн, аятайхан болсон байдаг.”

Тэр үг дуугүй, хүлцэнгүй инээмсэглэв.

“Юутай ч нэг захиа чинь намайг котлет идүүлж дөнгөсөн л юм.”

“Зүгээр л өлсөж байсан байлгүй дээ.”

Үнэндээ тийм ч байж магадгүй.

Тэдний цонхон доогуур хурдан галт тэрэг шунгинан өнгөрлөө.

ТАВАН ЦАГТ би тэднийхээс явахаар бослоо. “Нөхөртөө оройн хоол бэлдэхгүй бол болохгүй биз.”

“Нөхөр маань оройтож ирдэг юм” гээд шавь эмэгтэй маань гарынхаа алгыг хоёр хацартаа нааснаа “Шөнөөс наашгүй” гэв.

“Завгүй ажилладаг хүн бололтой.”

“Тийм л байх” гэснээ тэр хэдэн хором дуугаа хурааснаа “Би нэг удаа чамд энэ тухай бичиж байсан даа. Нөхөртэйгээ ярилцахаар огт ойлголцдоггүй юм. Би түүн рүү яагаад ч нэвтэрч чаддаггүй. Хоёр өөр хэлээр л яриад байх шиг санагддаг” гэв.

Надад хэлэх үг олдсонгүй. Огт ойлголцдоггүй хүнтэй яаж хамт амьдарч болдгийг нэг л төсөөлөхгүй байлаа.

“Гэхдээ бүх юм зүгээр дээ” гэж хэлэхдээ тэр үнэхээр л бүх зүйл зүгээр юм шиг сулхан дуугарав. “Энэ хэдэн сар надад захидал бичиж байсанд баярлалаа. Чиний захидлууд үнэхээр сайхан санагддаг. Чамруу хариу бичих л миний ганц аврал байсан.”

“Надад ч  захидлууд чинь таалагддаг” гэж тал засахдаа үнэндээ түүний юу бичдэг байсныг бүдэг бадагхан л санаж байв.

Тэр гэнэтхэн чимээгүй болж, цаг хугацааны урсгалыг нэгд нэгэнгүй нэгжих мэт ханын цаг руу гөлөрлөө.

Тэгсэнээ “Сургуулиа төгсөөд яах гэж байна?” гэж цочмогхон асуув.

Би шийдээгүй байгаа гэж үнэнээ л хэлэв. Тэр хариултыг минь сонсоод дахин сулхан инээмсэглэснээ “Бичих ажил хийсэн нь л онох байх даа” гэв. “Чиний захидлууд их сайхан бичлэгтэй. Би дараагийн захиаг чинь тэсэн ядан хүлээдэг байлаа. Үнэн шүү. Худлаа магтаагүй. Чиний хувьд ажлын гүйцэтгэл төдийхөн ч үнэхээр мэдрэмжтэй бичдэг байсан. Би чиний захидлуудыг цөмийг нь хадгалсан. Үе үе гаргаж ирж уншдаг юм.”

ТЭР ЦАГААС ХОЙШ 10 жил улирсан ч Одакьюгийн замаар өнгөрөх бүрт өнөө эмэгтэйн ямар ч хольцгүй, энгийн котлетын амт санагддаг. Жирэлзсэн олон цонхнуудын аль нь тэр эмэгтэйн цонх болохыг өөрөөсөө асууж, тэр өдөр цонхоор юу харагдаж байсныг хичнээн бодовч санаанд торох юмгүй.

Магадгүй эмэгтэй эндээс нүүсэн ч байж мэднэ. Тийм бол эндхийн цонхноос биш өөр хаа нэгтээ Берт Бакаракын дуунууд эгшиглэж байгаа даа.

Би түүнтэй унтах ёстой байв уу?

Энэ асуулт л үе үе толгойд эргэлддэг.

Гэвч яагаад ч юм хариулж чаддаггүй. Одоо хүртэл шүү. Амьдралын харгуйгаар өөд уруугүй туучиж, цаг хугацааны нэхээс бүрийг эргэн хөвлөө ч ойлгохын аргагүй зүйлс  байдаг. Тиймээс тэр хавиар өнгөрөх бүртээ өнөө эмэгтэйн цонхыг хий дэмий л хайхаас өөр яалтай. Байшингийн үй түмэн цонх тэр эмэгтэйн цонх мөн ч юм шиг, биш ч юм шиг эрээлжилнэ. Тэр өдрийн дурсгалд ийм хэдэн цонх л үлдэж дээ.

*    *    *

ОРЧУУЛСАН: Ж.ТЭГШЗАЯА

Түр хүлээнэ үү...
Top