Олон жил өдөр алгасалгүй уйгагүй тэмдэглэл хөтөлдөг ховорхон чадварынхаа ачаар мань эр бөөлжиж эхэлсэн өдрөө яг таг тэмдэглэж, бөөлжихөө больсон өдрөө ч алдалгүй тогтоожээ. 1979 оны 6 сарын 4-ны (цэлмэг) өдөр бөөлжиж эхлээд 1979 оны 7 сарын 14-ны (бүрхэг) өдөр гэнэт больсон аж. Нэг өгүүллэгийн маань зурган дээр ажилласнаас хойш бид танилууд болсон түүхтэй.
Мань эр надаас цөөвтөр дүү авч бид хоёул хуучны жазз пянз цуглуулах хорхойтой байв. Надаас ялгаатай нь тэр найзуудынхаа эхнэр, найз хүүхнүүдтэй загас наадуулчихдаг гэмтэй. Хэдэн жил тойрон чамгүй олон найзынхаа хүүхнүүдтэй энгэр зөрүүлсэнээ надад эрээгүй хуучилсан юмдаг. Найзыгаа шар айрганд гүйгээд ирэх хооронд ч юмуу эсвэл шүршүүрт орох зуур гялс амжуулчихсан удаа ч бий.
“Яаруу үед хувцсаа тайлалгүй хурдхан амжуулах нь чухал. Жирийн нэг бэлгийн ажил сунжирч гүйцдэг байх аа? Үе үе тэс өөр арга барил туршиж үзэх хэрэгтэй. Нүд нээгдэх шиг л болно. Дээр нь зугаатай” гэж тэр хуучилсан юм.
Мэдээж мань эр авхаалж самбаа шаардсан ийм бушуу бэлгийн ажилд дурладаг хэрэг биш. Уламжлалт маягаар, айвуу тайвуу хийх ч үе бий. Гол нь найзынхаа эхнэр, хүүхнүүдтэй унтах л түүнийг чинээнд нь тултал өдөөдөг хэрэг.
-Надад найзуудаа доромжилж, мэхлүүлж, басамжлагдсан нөхрийн дүрд хувилгах ямар ч сонирхол байхгүй. Хүүхнүүдтэй нь унтахаар найзуудтайгаа улам дотносож, гэр бүл шиг болдог юм. Эцсийн бүлэгт энэ чинь ердөө л нэг секс. Нууцалж л чадвал хэнийг ч гомдоохгүй.
-Ер мэдэгдэж байгаагүй гэж үү?
-Огт үгүй гэхдээ зураач маань миний асуултанд үл ялиг гайхав бололтой.
-Үнэнийг илчлэх далд хүсэл дотор чинь буцлаагүй бол иймэрхүү зүйл хэзээ ч ил болдоггүй юм. Найзууддаа хар авхуулах үг унагах, үйлдэл хийхээс болгоомжлох нь зүйн хэрэг. Анхнаасаа л цаад бүсгүйдээ энэ бол саваагүй тоглоом төдий зүйл, хэнийг ч гомдоож, шархлуулах санаагүй гэдгээ тодорхой ойлгуулах хэрэгтэй. Мэдээж шууд пал хийтэл хэлэхгүй эвтэйхэн ойлгуулна.
Ор хөнжлийн ярвигтай харилцааг ийм хялбархан залж болдогт итгэхэд бэрх ч мань эр мундаг эр болох гэж худал чалчих нэгэн шиг санагдаагүй тул би түүний ярианд үнэмшсэн юм.
-Гол нь ихэнх хүүхнүүд ийм учрал нууцхан мөрөөсөж явдаг юм. Тэр хүүхнүүдийн нөхөр, амрагууд, өрөөр хэлбэл миний найзууд надаас хавьгүй илүү залуучууд байсан: надаас царайлаг, ухаалаг, эрхтэн нь ч минийхээс том. Гэвч хүүхнүүдэд иймэрхүү үзүүлэлтүүд онц биш. Өөрийнх нь эр элдэв гаж авиргүй, эелдэг, ойлголцоход амар бол тэгээд л болоо. Хүүхнүүд өөрийг нь “найз охин” эсвэл “эхнэр” гэсэн ердийн дүрээс нь өөрөөр харж, сонирхох эрийг нууцхан хүсэмжилж байдаг юм. Энэ бүхний цаад учир ердөө л энэ. Мэдээж өнгөндөө олон янзын шалтгаан харагдана.
-Тухайлбал?
-Жишээ нь араар нь тавьдаг нөхрөөсөө хариугаа авах, нэг хэвийн бэлгийн ажлаас уйдах, нөхрөөсөө өөр эрд тоогдохтойгоо мэдрэх гэдэг ч юм уу. Ганц харахад л андашгүй. Гол нь үүнийг мэдэрдэг болно гэхэд хэцүү, төрөлх авьяас хэрэгтэй. Чамд нэг бол ийм авьяас заяасан байна эсвэл үгүй.
Түүнд тогтмол харилцаатай байдаг найз бүсгүй байсангүй.
Өмнө хэлсэнчлэн бид хоёул пянз цуглуулах хорхойдоо хөтлөгдөн хааяа уулзаж пянз солилцдог байв. Хэн хэн нь 50 он, 60-аад оны эхэн үеийн пянз цуглуулах боловч сонирхол өөр болохоор пянзнуудаа солилцоход урамтай. Би Баруун эргийн нэрд гараагүй хөгжимчдыг түлхүү сонирхдог бол мань эр Коулмен Хокинс юмуу Лайонел Хэмптон зэрэг аядуухан хөгжимчдийн пянзыг илүү цуглуулна. Түүнд Виктор дуу бичлэгийн студид бичүүлсэн Пит Жоллигийн гурвал байгаад надад Вик Дикенсоны Мэйнстрим олдвол тун сайхан солилцоо болох жишээний. Бид хоёр шар айраг уунгаа солилцсон пянзаа тоглуулж өө сэвийг нь шалгангаа хөөрөлдөж суух дуртай байлаа.
* * *
Ийм нэг солилцооны үеэр тэр надад бөөлжисний тухай жигтэй түүхээ хуучилсан юм. Бид түүний гэрт виски уунгаа яриа маань хөгжмөөр эхэлж согтуу үеийн элдэв хөгтэй явдлуудаар үргэлжилж байв.
-Би нэг удаа 40 хоног тасралтгүй бөөлжиж байсан юм. Нэг ч өдөр алгасаагүй. Мэдээж ууснаас болоогүй. Өвдөж зовсон явдалгүй. Зүгээр л бөөлжөөд байсан. 40 өдөр тасралтгүй бөөлжсөн. 40 өдөр. Айхавтар байсан шүү.
Эхний удаад 6 сарын 4-ний өдөр гэнэт огиудас нь цутгаж бөөлжиж гарчээ. Урд орой нь багагүй виски, шар айраг залчихсан байсан болохоор тэгтэл гайхсангүй. Мөн 6 сарын 3-ны шөнө сурсан янзаараа найзынхаа эхнэртэй энгэр зөрүүлээд амжсан байжээ.
Өглөөний 8 цаг гэхэд мань эр ходоодоо хоосортол жорлон луугаа бөөлжсөн авч элдвээр хүндрүүлэн бодож сүржигнэсэнгүй. Их сургуулиа төгссөнөөс хойш хэтрүүлж ууснаас болж анх ийн бөөлжсөн ч хэрэг биш байлаа. Тиймээс тэр жорлонгийн усаа татаж бөөлжсөө муу усны хоолой руу урсгаж орхиод ажиллахаар ширээнийхээ ард сууж авав. Үнэндээ тийм сүртэй шартсангүй. Харин ч онцгой урам зоригтойгоор зургаа эхлүүлсэн гэхэд болно. Ажил нь ч урагштай ахисаар үдийн хэрд бие нь хэвийн байдалдаа эргэн оржээ.
Өдрийн цайндаа гахайн утсан мах, өргөст хэмхтэй хачиртай талх идэж, нэг лааз шар айраг хүртэл ууж. Гэтэл хагас цагийн дараа хамаг биеэр нь огиудасны түрлэг гүйж хачиртай талхаа жорлон руу юу ч үгүй гаргаж орхих нь тэр. Талхны өөдөс, гахайн утсан махны хэлтэрхий султуурын усанд хөвж байлаа. Тэгсэн ч бие нь тийм дор байсангүй. Ердөө бөөлжсөнөөс цаашгүй. Тэгмэгц хоолойд тээглэснээ гаргах гэж өвдөглөж суугаад суултуур луу өнгийв үү үгүй юу илбэчин бортгон малгайнаас тагтаа, туулай, урт тууз мэтийг завсаргүй хөврүүлэн гаргах шиг гэдсэн доторх нь хормын дотор юүлэгдэж орхив.
-Оюутан байхдаа мал болтлоо уух юм уу автобусанд удаан явахаар дотор муухайрч бөөлжсөн удаа цөөнгүй, гэвч энэ удаагийнх нэг л жигтэй байв. Гэдэс мушгиж өвдсөнгүй. Ердөө гэдсэнд орсон бүхэн ямар ч зовиургүй буцаж гараад байлаа. Бөөлжисний эхүүн үнэр танар ч үгүй. Тэгмэгц л хачин жигтэй санагдаад явчихсан. Ганц биш хоёр ч удаа ингэж ойр ойрхон бөөлжсөн болохоор сэтгэл түгшиж нэг хэсэгтээ согтууруулах ундаанаас хол байхаар шийдсэн юм.
Бөөлжисний дараагийн түрлэг яг маргааш өглөө нь тохиожээ. Өчигдөр идсэн могой загас, өглөөний цайндаа хүртсэн жимсний бүржмэлтэй маффинаа тэр чигээр нь бөөлжөөд гаргачихав.
Тэгээд шүдээ угааж байтал утас хангинах нь тэр. Харилцуураа автал эрэгтэй хүн нэрээр нь дуудсанаа утсаа тасалчихжээ.
-Унтсан хүүхнүүдийн чинь нөхөр юмуу найз залуу биш үү? гэж намайг асуутал
-Яавч биш. Би тэдний хоолойг андахгүй. Тэгэхэд огт танихгүй эрийн хоолой байсан. Тун зэвүүн хоолой. Тэгтэл 6 сарын 5-аас 7 сарын 14 хүртэл өдөр бүр ийм дуудлага ирдэг боллоо. Бөөлжих үетэй давхцсаныг та төвөггүй ойлгосон биз.
-Тийм ээ, гэхдээ бөөлжис, утасны дуудлага ямар хамааралтайг ойлгохгүй байна.
-Би ч учрыг нь олоогүй. Тиймээс л цухал төрөөд байдаг юм. Дуудлага бүр яг ижил. Утас дуугарна, харилцуур авмагц миний нэрийг хэлээд тэр даруй тасалчихна. Өдөрт нэг удаа, өглөө юм уу орой, эсвэл бүр шөнө дунд өдөр алгасалгүй залгана. Утсаар ажлын санал ирэх, заримдаа хүүхнүүд залгадаг байсан болохоор утсаа авахгүй байж болоогүй.
-Тийм байж...
- Бөөлжис, дуудлага аль аль нь өдөр алгасахгүй үргэлжилсээр байсан. Тэр хооронд идсэн бүхнээ хуу гаргасан гэхэд болно. Тэгээд өлсмөгцөө ахиад л иднэ, идмэгцээ юу ч үгүй бөөлжчихнө. Чөтгөрийн тойрог л гэсэн үг. Гэхдээ ядаж идсэн хоолныхоо гуравны нэгийг биедээ шингээж үлдээж байсан тулдаа хэвийн амьдраад байсан биз. Цөмийг нь бөөлжөөд гаргачихдаг бол дуслаар хооллохдоо хүрэх байсан нь дамжиггүй.
- Эмчид үзүүлээгүй юу?
- Үзүүлэлгүй яахав. Гэрийнхээ ойролцоох чамгүй том эмнэлэгт очиж үзүүлсэн. Рентгэн зураг авхуулж, шээсний шинжилгээ хүртэл өгсөн. Хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй учраас эмч нар тун хянамгай шинжилж байсан. Гэвч гаж буруу юу ч илрээгүй. Би цоо эрүүл байсан шүү. Надад ердөө сэтгэцийн зовиураас үүдэлтэй “архаг гэдэсний хямрал”-д уудаг эм бичиж өгөөд, “эрт унтаж, эрт сэр” гэж зөвлөөд, хэсэгтээ согтууруулах ундаа хэрэглэхгүй тайван бай гэсэн. Гэхдээ ямар даажигнаж байгаа биш? Гэдэс хямрахад ямар байдгийг би сайн мэднэ, гэдэс нь хямраад байхад мэдэхгүй явдаг мулгуу амьтан гэж хаа байхав. Гэдэс хямарсан бол гэдэс хүндэрч, шар хөөрч, хоолны дуршил буурах учиртай. Зүв зүгээр бөөлжөөд байхгүй. Гэтэл би гэдэг хүн зүгээр л бөөлжөөд байдаг. Гэхдээ цаг ямагт ходоод хонхолзохоос өөрөөр бүх зүйл сайхан, ухаан санаа ч цэлмэг байсныг хэлэх хэрэгтэй.
- Сэтгэцийн зовиур гээч юм угаас надад байхгүй. Заримдаа ажил овоорч ачаалалтай ажиллах хэрэг гардаг ч байнга биш, хүүхнүүдийн хувьд ч элдэв асуудалгүй. Дэрээс нь би долоо хоногт хоёр юмуу гурван удаа усанд сэлдэг гэхээр сэтгэл зовох зүйлгүй байгаа биз?
- Тийм л юм даа.
- Зүгээр л бөөлжөөд байсан, тэгээд л гүйцээ.
Бөөлжис намдахгүй, жигтэй утасны дуудлага ч тасрахгүй байсаар хоёр долоо хоногийг үзжээ. Мань эр яг 15 дахь хоног дээрээ тэвчээр алдарч ажлаасаа чөлөө авав. Бөөлжихөө больдоггүй юмаа гэхэд өнөөх хачин дуудлагаас зайлсхийх зорилгоор зочид буудлын өрөө хөлсөлж өдрийг зурагт үзэж, ном уншиж баржээ. Эхэндээ ч орчноо сольсон нь үр дүнтэй санагдсан байна. Өдрийн хоолондоо идсэн үхрийн шарсан махтай хачиртай талх, ногооны зуушаараа бөөлжсөнгүй. Гурван цагт зочид буудлын цайны өрөөнд найзынхаа хүүхэнтэй уулзаж интоортой бялуу ходоод руугаа гулгуулж, хар кофе ууж дөнгөжээ. Дараа нь өнөөх хүүхэнтэйгээ нэг оронд орох ажил нь ч саадгүй бүтэв. Зочид буудлаас гарч хүүхнийг гэрт нь хариулчихаад мань эр ойролцоох ресторанд ганцаараа оройн зоог барьж Киото маягаар грилдэж шарсан дүүпүүтэй гэрэм загас, байцааны салат, мисо шөл, аяга цагаан будаатай иджээ. Шинээр тогтоосон дэглэмээ сахих үүднээс архи дарсанд ам хүргэсэнгүй. Зоогийн газраас гарахад оройны 6:30 болж байжээ.
Буудалдаа ороод мэдээ үзэж байгаад Эд Макбейны 87 дахь тойрог романыг эхлүүлжээ. 9 цаг болсон ч огиудас хүрсэнгүйд санаа нь бүрэн амарч, сүүлийн хоёр долоо хоногт анх удаа гэдэс цатгалан байхын сайхныг мэдрэв. Амьдрал нь эргээд хэвийн байдалдаа орсон шиг санагджээ. Тэр даруй номоо хамхиад зурагт асааж суваг сольж байтал хуучны Вестерн кино таарахаар нь үзэж орхив. Кино дуусч үдшийн мэдээ эхлэх үеэр зурагтаа сая нэг унтраасан байна. Унтахын өмнө доод давхрын баар орж ганц хундага виски татах хорхой ассан ч биеэ барьж дөнгөжээ. Сайхан өдрийг дэмий баллаад яах билээ? Тэгээд мань хүн гэрлээ унтрааж хөнжилдөө шургалав.
Тэгтэл шөнө дунд утас дуугарах нь тэр. Нойрмог нүдээр цагаа харвал шөнийн 2:15 болж байв. Нойрмог амьтан утасны хонх дуугарч байгааг бүрэн ухамсарлаагүй ч хар зөнгөөрөө харилцуур авч чихэндээ наажээ.
-Байна уу?
Өнөөх танил хоолой нэрийг нь хэлсэнээ тэр даруй утсаа тасалчихав.
-Тэр буудалд байгаагаа хэнд ч хэлээгүй гэсэн байх аа? гэж би хачирхан асуув.
-Тийм ээ, энгэр зөрүүлсэн хүүхнээсээ өөр хүнд мэдэгдээгүй.
-Тэгвэл тэр хүүхэн чинь хүнд хэлж дээ.
-Яах гэж тэгсэн байх вэ?
Нээрээ л олигтой тайлбар олдсонгүй.
-Тэр дуудлагын дараа би гэдсэн дэхь хамаг хоолоо ахиад л юүлж орхисон. Будаа, загас гээд цөмийг. Өнөөх дуудлага бөөлжис биеэс гадагшлах хонгилын хаалгыг нээсэн мэт л байсан.
-Гэдсэн дэхээ бөөлжиж бараад би угаалгын онгоцны ирмэг дээр суугаад жаал бодож үзлээ. Утасны дуудлага хэн нэгний найруулсан хоржоонтой тоглоом эсвэл андуурал биз гэж таав. Намайг буудалд байсныг хэрхэн олж тогтоосныг мэдэхгүй ч надаар даажигнаж байж болох юм. Эсвэл би хий юм төсөөлсөн ч байж магад. Хэдий өөртөө золгүй санагдавч байдлыг эргэцүүлэх тусам үгүй гэх газаргүй байв. Би утас дуугарч байна гэж хий төсөөлж харилцуур аваад миний нэрээр шивтнэх хоолойг сонслоо гэж бодсон ч юм билүү. Ямартай ч үгүй гэх газаргүй, тйим биз?
-Тийм ээ, магадгүй юм...
-Би буудлын хүлээн авахад хандаж миний өрөөний утсанд дуудлага ирсэн эсэхийг тодруулах гэсэн ч бүтэлтэй юм болоогүй. Тэднийх буудлаас залгасан дуудлагыг бүртгэх системтэй боловч буудал руу залгасныг бүртгэх бололцоогүй байж таарсан. Тиймээс мэдэх арга байгаагүй.
-Буудалд өнгөрөөсөн тэр шөнө миний хувьд шийдвэрлэх хормууд болсон. Тэр шөнө анх удаа бөөлжис, утасны дуудлага хоёрын талаар нухацтай эргэцүүлж, хоорондоо холбоотой ч байж болохыг ухаарсан юм. Миний амьдралд тохиосон сайхь жигтэй хослолыг хөнгөнд бодож, басамжилж болохгүй нь тодорхой болов.
-Өнөөх буудалд хоёр хоноод гэртээ буцсаны дараа ч бөөлждөгөөрөө бөөлжиж, хачин дуудлага ирдгээрээ ирсээр л байв. Хэдэн удаа найзуудаа ханьж болгож хамт байж үзсэн ч утасны дуудлага намайг ганцаараа байх үеийг яаж ийж байгаад мөшгиж олчихоод байв. Үл үзэгдэгч алхам бүрийг минь мөшгиж намайг ганцаараа үлдмэгц залгах гэж, хуруугаа хоолой руу минь дүрэх мөчийг отон хүлээж байх шиг санагдахад нуруугаар хүйт даагаад явчихна. Ингэж бодно гэдэг шизофрени өвчний анхны шинж тэмдэг шүү дээ.
-Магадгүй ээ. Гэхдээ өөрийгөө шизофренитэй болж байна гэж түгшдэг шизофрени өвчтэй хүн нэг их олон биш дээ.
- Тийм ээ, таны зөв. Бөөлжис, шизоферни хоёр ямар ч холбоогүй. Ямартай ч их сургуулийн эмнэлгийн сэтгэл засалч тэгж айлдсан шүү. Намайг шинжилж үзээ ч үгүй. Баараггүй оноштой өвчтнүүдийг л үздэг бололтой. Өдөрт минийх шиг шинж тэмдэгтэй хоёр, гурван хүн ирдэг, ирсэн болгоныг оношилж, эмчлэх хүн хүч, бололцоо байхгүй гэсэн. Тиймээс би дотрын эмчид үзүүлж, утасны дуудлагаа харин цагдаад мэдэгдэх хэрэг гарсан.
- Даанч цагдаа хоёр тохиолдлыг ер хайхардаггүйг та юу эс андах вэ: утсаар тоглох, дугуйны хулгай хоёр. Өдөрт гардаг хэдэн зуун гэмт явдалтай харьцуулахад эд бол шалихгүй хэрэг. Цагдаагийн алба мэдээж цөмийг мөрдөж хүчрэхгүй. Тиймээс ч миний гомдлыг ойшоож үзээгүйд би тэгтэл гонсойгоогүй. Хачин дуудлага ирэх болсоон? Юу гэж байна? Нэрийг чинь хэлсээн? Тэгээд л болоо юу? За, энэ өргөдлийг бөглөөд илүү ноцтой зүйл гарвал бидэнд мэдэгдээрэй. Ингээд л надаас бушуухан салахын түүс болцгоосон. Тэр залуу миний хаа байгаа газрыг яаж мэдээд байдаг билээ гэж хэлж үзсэн ч тусыг олоогүй. Их зүйл шаардвал намайг ухаан санаа нь зүгээргүй амьтан гэж хардах шинжтэй.
- Ингээд эмч, цагдаагийн хэн нь ч надад туслахгүй нь тодорхой болов. Би өөрөө л учрыг олохоос аргагүй боллоо. “Бөөлжистэй утасны дуудлага” ирснээс хойш яг 20 хонож байхад би энэ гарцаагүй нөхцөл байдлыг ухаарсан юм. Өөрийгөө бие, сэтгэлийн чамгүй хаттай гэж боддог байсан ч энэ удаад бүр нурмайх шинжтэй.
- Өнөө найзынхаа хүүхэнтэй зүгээр байсан уу?
- Бүх юм сайхан. Найз маань ажлаар хоёр долоо хоног Филиппини явсан хойгуур бид хоёр хэд хэд зугаацаад авсан.
- Тэр хүүхэнтэй байхад дуудлага ирээгүй юу?
- Ганц ч ирээгүй. Тэмдэглэлээ шалгаж болох ч тэгэх шаардлагагүй биз. Утасны дуудлага намайг ганцаараа байхад л ирдэг. Бөөлжис ч ялгаагүй. Үүнээс үүдээд би хичнээн их ганцаараа байдгаа ухаарах болсон. Өдрийн хорин гурван цагт ганцаараа байдгаа мэдсэн. Би ганцаараа амьдардаг, ажил төрлийн шугамаар хүнтэй ховорхон уулзана, ихэнх ажлаа утсаар зохицуулчихна, найз хүүхнүүд маань ч өрөөл бусдынх, гол төлөв гадуур хооллоно, хичээллэдэг ганц спорт маань усанд сэлэх, хуучны пянз ганцаараа сонсох дуртай, ажлынхаа ард ч ганцаараа нухаж байж л гардаг. Хэд хэдэн найзтай ч ийм насан дээр цөм амьдрал хөөж нөхөрлөлдөө цаг гаргах нь ховор болдог. Та ч мэдэж байгаа биз.
- Тийм ээ, ойлгож байна.
Тэр мөстэй хундагандаа виски хийгээд хуруугаараа хутгаснаа нэг балгав.
-Тэгээд би цаашид яахаа нухацтай бодож үзсэн. Одоо яах вэ? Тэр дуудлага, бөөлжис хоёроос болж хэдий болтол зовох вэ? гэж өөрөөсөө асуув.
- Өрөөлийн биш өөрийн найз хүүхэнтэй болох байж.
- Би ч наадхыг чинь бодоогүй биш бодож үзсэн. Тэгэхэд би 27-той байсан гэхээр төвхнөж суурьшихад боломжийн нас. Даанч би тийм хүн биш. Тийм амар бууж өгөхийг хүсээгүй. Бөөлжис, шал дэмий утасны дуудлагаас болж дуртай амьдралын хэв маягаа өөрчилж шалдаа буухыг хүсээгүй юм. Тиймээс ч би тэмцэхээр шийдсэн. Бие, сэтгэлийнхээ сүүлчийн дусал хүчийг шавхартал тэмцэнэ гэж өөртөө амалсан.
- Хөөх.
- Мураками, та харин яах байсан бэ?
- Бүү мэд гэж би итгэлгүйхэн дуугарав. Үнэхээр л мэдэхгүй байлаа.
- Түүнээс хойш өнөөх бөөлжис, дуудлага хоёр өчүүхэн ч саарсангүй. Би ч чамгүй турж эцлээ. Байзаарай, энд байна: 6 сарын 4-нд би 72 кг байсан бол, 6 сарын 21-нд 67 кг, 7 сарын 10-нд 64 кг болтлоо турсан байна. Хөөх, бүр 64 кг шүү. Миний өндөртэй харьцуулахад даанч найгүй үзүүлэлт. Хувцас хунар ч таарахаа байлаа. Шувтраад болохгүй өмдөө байн байн татаж явах хэрэг гарна.
- Би нэг юм асууя: Яагаад автомат хариулагчтай утас аваад тавьчихаж болоогүй юм бэ?
- Би хулчийж зугатахыг хүсээгүй юм. Тэгсэн бол дайсандаа ялагдсанаас өөрцгүй. Сэтгэлзүйн тулаан явагдаж байсан хэрэг. Нэг бол тэр шантрана, эсвэл би эцсээ үзнэ. Бөөлжист ч би яг ингэж хандах болсон. Бөөлжсийг жин хасах сайхан далим гэж хүлээж авахаар шийдсэн. Азаар нэмж турж эцээгүй болохоор зургаа зурж, ахуйн аар саар ажлаа амжуулах тэнхээтэйгээ үлдсэн. Уухаас ч буцахаа байсан. Өглөөний цайн дээрээ шар айраг, орой нар унахаар хэдэн хундага виски татчихдаг болов. Уусан уугаагүй бөөлжихөөс хойш өөрийгөө хорьж суухын хэрэг юун? Тааваараа уухад ч сайхан байлаа.
-Төдөлгүй хадгаламжаасаа жаахан мөнгө авч биедээ таарсан хослол, хоёр өмд захиалж хийлгүүллээ. Оёдолчны толинд туранхай биеэ харж зогсоход тийм ч муухай санагдаагүй. Сайн бодоод үзвэл бөөлжинө гэдэг сүртэй асуудал биш. Цагаан мах эргэх, шүд өвдөхөөс шаналгаа багатай, гүйлгэж, суулгаснаас хавьгүй цэвэрхэн. Хорт хавдар биш, шим тэжээлээ эргэж нөхөөд байвал бөөлжинө гэдэг үнэндээ гэм хоргүй зүйл байв. Америкт ч жин хасах зориулалттай бөөлжүүлэх эмнүүд зарж л байдаг.
-Бөөлжис, утасны дуудлага хоёр 7 сарын 14 хүртэл үргэлжлээд л больсон гэлүү?
- За байз, яг таг хэлбэл 7 сарын 14-ны өглөө 9 цаг 30 минутад шарсан талх, улаан лоолийн салат идэж, сүү ууснаараа хамгийн сүүлд бөөлжсөн байна. Тэр өдрийн орой 10:25-д Эролл Гарнерийн пянз сонсоод виски ууж суухад хамгийн сүүлд өнөөх дуудлага ирсэн юм байна. Ингэж тэмдэглэл хөтлөх нь хэрэгтэй байгаа биз?
- Тийм юм аа гэж би аргагүй хүлээн зөвшөөрөөд –тэгээд 7 сарын 14-нөөс хойш хоёулаа больчихсон хэрэг үү? гэж асуув.
- Тийм ээ. Яг л Хичкокийн Шувуу кино шиг. Маргааш өглөө нь хаалгаа нээхэд ёрын шувуунууд ор мөргүй алга болчихсон байдаг шиг тэр өдрөөс хойш өнөөх хачин дуудлага, бөөлжис аль аль нь сураггүй болсон. Би ч эргээд хэвийн жиндээ орсон. Өнөөх шинэ хослол, өмдөө харин дурсгал болгож шүүгээндээ хадгалдаг юм.
- Утасны залуу эцсээ хүртэл ганц чиний нэрийг л хэлсээр байсан уу?
Зураач маань над руу хальт харснаа толгойгоо үл ялиг сэгсрэв.
-Үгүй ээ. Сүүлчийн дуудлага нь өөр байсан. Эхлээд өнөөх л янзаараа миний нэрийг хэлсэн. Дараа нь харин “Намайг хэн гэдгийг мэдэх үү?” гэж асуусан. Тэгээд дуугаа хураачихаар нь би ч гэсэн чимээгүй чагнаад зогсоод байсан. Хэн хэн нь үг дуугүй 10, 15 хором болтол өнөөх чинь утсаа тасалчихсан.
- Намайг хэн гэдгийг мэдэх үү? гэхээс өөр үг хэлээгүй гэж үү?
- Тийм ээ, хэлээгүй. “Намайг хэн гэдгийг мэдэх үү?” гэж үг бүрчлэн тодорхой хэлснээс өөр зүйлгүй. Хоолой нь ч тэр танил биш. Ямартай ч сүүлийн 5, 6 жил харьцаж байгаа хүмүүс дотор тийм дуутай хүн байхгүй. Хүүхэд насны танил юм уу үг солихоос хэтрээгүй хэн нэгэн байж болох ч тиймэрхүү хүмүүст надад өш санахаар элдэв юм хийснээ санахгүй байгаа юм. Мэдээж хайр дурлалын амьдрал маань цэлмэг тэнгэр шиг өө сэвгүй биш. 27 жил хорвоогийн тоос хөдөлгөчихөөд огтын хир буртаггүй амьтан гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ л би надтай холбогдож байсан хүмүүсийн хоолойг сонсмогцоо л танина.
- Тийм ээ, найз нөхдийнхөө хүүхнүүдтэй энгэр зөрүүлэх нь энгийн хэрэг биш.
- Тэгэхээр ноён Мураками, би өрөө ч сайн ухамсарлаагүй байхад миний дотоод гэм буруу намайг бөөлжүүлж, хий юм сонсоход хүргэсэн гэх гээд байна уу?
- Үгүй ээ, би биш чи л өөрөө тэгж хэллээ.
- Хмм гээд тэр вискинээсээ балгаад өрөөний адар ширтэн бодлогошрон суув.
- Ийм хувилбар ч байж болох юм. Найзуудын чинь нэг хувийн мөрдөгчөөр чамайг мөрдүүлж, сургамж өгөх үүднээс утсаар дарамтлуулсан байж мэднэ. Бөөлжис яахав дээ, зүгээр тохиолдол ч юм билүү.
-Хмм гэж тэр дуугарснаа – Болох л юм. Ийм болоод л та зохиолч, би зураач болсон биз. Хувийн мөрдөгч энэ тэр үнэн байлаа ч би найзуудынхаа хүүхнүүдтэй унтахаа болиогүй атал өнөөх дуудлага гэнэт л больчихсон. Яагаад тэгдэг билээ? Нэг л авцалдахгүй байна.
- Мөрдөгч хөлслөгч залхсан, үгүй бол мөнгө нь дуусаа биз. Энэ бол нэг л хувилбар төдий. Ийм зуу зуун өөр хувилбар гаргаад ирж болно. Чи аль хувилбарт нь үнэмшиж, түүнээс юу суралцах вэ гэдэг л гол асуудал.
- Суралцах аа? гэж тэр гайхан асуув. Тэгсэнээ хундагатай вискитэй гараараа духаа илбэн
–Суралцана гэж юу гэсэн үг вэ? гэж асуув.
- Дахиад ийм явдал болвол яах вэ гэсэн үг. Дараачийн удаа 40 хоноод болихгүй ч байж мэднэ. Шалтгаангүй эхэлсэн зүйл шалтгаангүй дуусдаг. Тэгэхээр эсрэгцэл нь ч хүчинтэй гэсэн үг.
- Яасан айхавтар үг вэ гээд мань хүн нуг нуг инээснээ ахин нухацтай царайлаад –Сонин л юм. Таныг хэлтэл миний санаанд ер орсонгүй. Үнэхээр энэ бүхэн давтагдана гэж үү?
- Би яаж мэдэх вэ?
Зураач маань хундагатай вискигээ гартаа эргүүлж байснаа огцом хөнтөрч хоослоод ширээн дээр тавьсанаа алчуур гарган нусаа нийлээ. Тэгснээ
-Магадгүй дараачийн удаа энэ явдал өөр хүнд тохиолдож болох юм. Тухайлбал Мүраками танд ч юм уу. Та ч гэсэн огтын нүгэлгүй ариун амьтан биш л байлгүй гэв.
* * *
Тэр залуу бид хоёр энэ явдлаас хойш жилд хоёр, гурав ч уулзаж, ховор пянз солилцож, хамт уусан удаатай. Би тэмдэглэл хөтөлдөггүй болохоор яв цав хэлж мэдэхгүй нь. Юутай ч бурханы авралаар бид хоёрын хэнийг ч одоохондоо утасны дуудлага, бөөлжис зовоогоогүй л байна. ♦
ОРЧУУЛСАН: Ж.ТЭГШЗАЯА