Сүүлийн арван жилд хүмүүс мэргэжлийн мацаг барихуйн ухааныг ойшоон сонирхох нь илтэд буурчээ. Дээхэн үед бол тийм гайхалтай үзүүлбэрийг зохион байгуулж, хөлс мөнгийг нь гомдоохгүй төлдөг газар олон байлаа. Өдгөө харин байдал онхи ондоо болжээ. Урьд цагт хот даяараа мацаг баригчийн тухай ам хуурайгүй чалчиж, мацаглах өдөр хоногууд нь уртсан олшрохын хэрээр үзэгчдийн шагшран сониучирхах нь ихсэж, мацаг баригчийг өдөрт ядаж ганц удаа ч болов харах сан хэмээн хошуурцгааж, түүнийг үзэх тасалбарыг хэдэн өдрөөр нь булаалдан авцгааж, мацаг баригчийн суух бяцхан сараалжин торны өмнө өглөөнөөс үдэш болтол шавааралдан шуугицгаадаг байв. Бамбарын бүдэг гэрэлд байр байдал нь улам сүржин, улам жихүүцэм болох шөнийн цагаар ч хөл хөдөлгөөн тасрахгүй. Нарлаг сайхан өдрүүдэд мацаглагчийг тортой нь цуг гадаалуулна. Чухам энэ үеэр хүүхдүүд ганц башийна. Томчуулын хувьд мацаглагч бол сониучирхмаар зугаа төдий байхад хүүхдүүд гар гараасаа тас атгалцаад үнэнхүү биширсэн харцаар ам ангайн гөлрөн зогсоцгооно. Богино хар өмднөөс өөр бие халхлах хувцасгүй, хэрзийсэн хэдэн хавирга нь нимгэн арьсныхаа цаанаас эвгүй ёрдойн үзэгдэх мацаглагч харин сүрлэн дэвсгэр дээрээ туниагүй бөхийн суусан чигтээ хааяа сэтгэл хангалуун толгой дохиж, ээрэн шалгаах олны асуултад сулхан инээмсэглэлээр хариу барьж, заримдаа чөргөр нарийхан гараа торны завсраар олны зүг сунгаж байснаа гэнэт л өөр дотроо шигдчих мэт орчин тойрноосоо алсарч, торон доторх ганц эд зүйл болох жигдхэн цохилох цагаа хүртэл үл тоон, гагцхүү хагас аниатай нүдээр оргүй хоосныг гөлрөн байснаа өмнө нь байх аягатай усанд уруулаа чийглэх төдийд ам хүргээд буцаан талбиж үзэгдэнэ.
Энгийн үзэгчдээс гадна сониучирхах олон дундаас хэдэн хүн сонгоод (тэр болгонд гол төлөв мах нядлагчид таараад байдаг нь жигтэй) мацаг баригчийг сэм хооллож буй эсэхийг тандуулахаар гурав гурваар нь бүтэн өдрийн манаанд ээлжлэн гаргадаг байв. Олны хардлагыг тайлах ёс төдий энэ ажиллагаа үнэн хэрэгтээ огтын шаардлагагүй бөгөөд мацаглагч ямар ч нөхцөлд, бүр хүчинд автсан ч бай мацгийнхаа үеэр үмх хоол ам руугаа зүглүүлэхгүй, мэргэжлээ хүндлэх чин сэтгэлд нь овлох тухай бодол хумхын чинээ ч торох зайгүй юм. Даанч үзэгчид мацаглагчийн энэхүү үнэн сэтгэлийг ойлгохгүй. Шөнийн харуулуудын дийлэнх нь манааны үүргээ умартаж, буланд тухтайхан цуглаж аваад хөзөрдөөд суучихна. Мацаг баригчид сэм хооллох боломж олгон сэжиг таамгаа батлах л гэж тэр шүү дээ. Ийм увайгүй үзэгчдийг мацаглагч хамгаас жигшинэ, тэд л мацгийг нь тэсвэрлэхийн эцэсгүй болгож, мэргэжлийг нь тохуурхан доромжилж байх шиг санагдана. Заримдаа тэрбээр харуулуудыг хөзөрдөн зугаацаж байх зуур эл хардлага нь ор үндэсгүйг нотлох гэхдээ суларсан биеэ хүчлэн байж тэнхээгээ тасартал чангаар дуу аялаж үзнэ. Тэгсэн ч сэтгэлгүй харуулууд дуулж байхдаа хүртэл юм идэж дөнгөдөг мацаглагчийн ов мэхийг гайхахаас хэтрэхгүй. Харин хонгилын ёлтгор гэрлийг голж, зохион байгуулагчдын тарааж өгсөн гар дэнлүүг хэрэг болгон өмнөө барьсаар шөнийн турш өөрийг нь нүд салгалгүй харуулддаг үнэнч ажиглагчид мацаглагчийн сэтгэлд гойд нийцнэ. Олигтой нойр авдаггүй түүнд дэнлүүний хурц гэрэл төдийлөн яршиг болохгүй, тэгээд ч мацаглагч маань гэрэлтэй, харанхуй аль ч цагт, чимээ шуугиантай ямар ч үед жаахан дуг хийгээд амарчихдаг аж. Тиймээс ийм ажиглагчидтай хэчнээн шөнийг нойргүй үдсэн ч харамсдаггүй бөгөөд хэрмэл амьдралынхаа сонин сайхныг хуучилж, хааяа хошигнох зэргээр болж л өгвөл тэднийг сэрүүн байлгаж торонд нь сэм аваад ходоод руугаа гулгуулчих юу ч үгүйг нотлох гэж хэр чадлаараа чармайна. Өглөө нь цурам хийлгүй хонож ядарсан эрчүүл өөрийнх нь авч өгсөн өглөөний цай руу ухасхийн шүлэнгэтэхийг үзэх мацаглагчийн хувьд хамгийн жаргалтай хором. Гэхдээ энэ өглөөний унд бол ажиглагчдыг хахуульдах гэсэн зохисгүй оролдлого хэмээн улс амьтан хэл ам гаргаснаас болж өглөөний цай өгөхөө баймагц харуулд гарах хүний тоо эрс цөөрсөн авч мацаглагчийг хардан сэжиглэх нь харин буурсангүй.
Ийм хоосон хардлага мацаг баригчийн мэргэжлийг сүүдэр мэт дагадаг нь жам байв. Учир нь мацаглагчийг өдөр шөнөгүй байнга харуулдах боломжгүйн дээр мацаглах дэг ёсоо үнэнчээр сахиж буй эсэхийг нь баараггүй нотлох аргагүй аж. Гагцхүү мацаглагч л өөрөө өөрийнхөө үнэнч шударгын гэрч болно. Тэрбээр өөрийн чадварт эргэлзэж байсан удаагүй боловч сэтгэл дундуур гонсойн үлдэх нь элбэг. Олон хоногийн мацгаас болж бие нь хүн харахын эцэсгүй хэрзийн турж, үзэгчид түүнээс илт жийрхэн дөлдөгт лав тийн гуниагүй. Тэр л ганцаараа мацаг барих хэчнээн амархан болохыг мэднэ. Түүний хувьд мацаг барих нь ертөнцийн хамгийн хялбар ажил байв. Үүнд ямарваа нэгэн гойд нууц үгүй гэж хэчнээн хэлээд ч хүмүүс түүнд итгэхгүй, зарим нь түүнийг даруу загнаж байна гэх бол, олонх нь харин олон хоногоор мацаглах онцгой ов мэхээ гайхуулах гэж нохойтож байна гэнэ. Мацаглагч маань энэ бүхнийг дуртайяа хүлцэн тэвчдэг ч мацаглан суух өдөр хоногоо өөрийн дураар шийдэж болдоггүйдээ л гол горойн харамсдаг байв. Зохион байгуулагчдаас дээд тал нь дөчин хоног л мацаглахыг зөвшөөрнө. Хүн зон багширсан том хотуудад ч ялгаагүй. Учир юун хэмээвээс яаж ч сурталчилж, ухуулсан бай дөч хоногоос илүүтэйгээр үзэгчдийн сонирхлыг татаж дийлдэггүй аж. Дөч хоногийн дараанаас хотынхоны сонь өөрийн эрхгүй буурч эхэлнэ. Сайх хугацаа хот суурин, улс болгонд харилцан адилгүй ч дээд тал нь дөчин хоног гэсэн алтан дүрэм ягштал мөрдөгдөнө. Дөч дэх хоног болмогц танхим дүүрэн үзэгчид цуглаж, цэргийн сүрт жагсаалын аян дор, цэцгэн хэлхээгээр өвч чимэглэсэн торных нь хаалгыг ёслол төгөлдөр нээж, хоёр эмч мацгийн үр дүнг хэмжсэнээ цагаан хоолойгоор олонд зарласны дараа ийм нэр хүндтэй үйл хэрэгт сонгогдсондоо илтэд баярлах хоёр залуухан бүсгүй мацаг баригчийг торноос нь дэмнэн гаргаж, холгүйхэн зассан хоолны ширээ тийш аваачихаар ирнэ. Яг энэ мөчид л мацаглагч маань ямагт ундууцан зөрүүдлэнэ. Тэрбээр туслах хоёр бүсгүйн зүг хариугүй чөргөр гараа сунгах боловч яагаад ч юм хөдлөлгүй суусаар л байна. Чухам яагаад дөч хоноод мацгаа зогсоох учиртай гэж? Тэр мацгаа дөч хоногоос ч илүүгээр үргэлжлүүлж чадна. Тийм байтал мацгийнхаа оргил үед яагаад хүчээр болих учиртай юм бэ? Мацаглагч маань бүх цаг үеийн хамгийн удаан мацагласан гэх дээд амжилтыг хэдийн өөрийн болгосон бөгөөд түүний мацаглах чадвар бололцоонд хязгаар гэж үгүйгээс хойш хүний ой ухаан, төсөөлөлд багтамгүй удаан хугацаанд мацаг үйлдэж өөрийнхөө нөөц бололцоог чинээнд нь тултал сорьж үзэхийг мөрөөднө. Үзэгчид түүнийг бишрэн хүндэтгэж буй дүр үзүүлнэ. Мацаглагч насаараа хоол идэхгүй байж чадах аваас үзэгчид ч гэсэн түүний эл чадварыг хүндэтгэн хүлцэх учиртай бус уу? Нөгөөтэйгүүр мацаглагч маань үнэхээр ядарсан аж. Сүрлэн дээрээ тухтай нь аргагүй суусан тэрбээр хэдэн туранхай ясаа харшуулан байж өндийн босоод төсөөлөх төдийд л бөөлжисийг нь хүргэх хоолны ширээ өөд зүглэнэ гэхээс халширч байв. Мацаглагч ихэд найрсаг янз байдалтай зогсоо ч үнэн хэрэгтээ туйлын харгис шинжтэй өнөөх хоёр эмэгтэйн зүг цөхөрсөн харцаар ширтэн, эсэргүүцлээ илэрхийлэн нарийхан хүзүүнд нь илт томдсон толгойгоо бөнжигнөтөл сэгсэрч үзсэн ч тусыг эс олов. Болдог зүйл болдгоороо л өрнөв. Зохион байгуулагч түүний зүг үг дуугүй дөтлөн ирээд сүрлэн дээр толгой гудайн суугаа хөөрхий нэгэн зовлонтныг бурхдын ивээлд хүргэж буй аятай гарыг нь өндөрт өргөн сүржигнэснээ нарийхан бэлхүүснээс нь сэв хийтэл өргөөд дальдчин зогсох хоёр эмэгтэйн зүг түшүүлээд тавьчихсанд мацаглагч өөрийн эрхгүй гуйвлан дагжаад ирэв. Толгой нь хүзүүнээсээ салаад унах нь уу даа гэмээр байдгаараа гудайн санжиж, хамаг бие нь хоосон оргиж, удаан сууснаас оршиж хөшсөн хөл нь өвдгөөрөө тахийж нугалараад, газар гишгэх бус агаарт хөвж яваа мэт ганц хоёр сарвалзсанаа цаас шиг хөнгөн болсон биеийнхээ хамаг жингээр нэг эмэгтэйгээс арайхийн зууран тогтов. Гэнэтийн явдалд самгардсан туслах эмэгтэй мацаглагчийг тас тэврэн зогсохдоо толгойгоо байдгаар нь гэдрэг цахлан, өөрөөс нь хувь илүү азтай хамтрагчийнхаа зүг тусламж гуйн царайчлавч цаадах нь мацаглагчийн бугуйнаас чичирсэн гараар үл ялиг зуурахаас өөрөөр нэмэр болсонгүй. Хөл дээрээ боссон мацаглагчийг харсан өргөн олны сэтгэл хөөрөн догдолж, заримых нь нүдэнд нулимс цийлэгнэх аж. Төдөлгүй хоол ирж үйл явцыг сүржин, чангаар зарлан тунхаглаж үзэгчдийн анхаарал түр сарних хооронд зохион байгуулагч ухаан тавихын наагуур дэн дунтай суугаа мацаглагчийн ам руу жаахан идэх юм хийж дөнгөв. Төгсгөлд нь олон нийтэд зориулж баярын хундага өргөх болж, мацаглагч зохион байгуулагчийн чихэнд хундаганы үг шивтнэхтэй зэрэгцэн цоглог хөгжим нүргэлэн эгшиглэж, цөм сэтгэл хангалуун, хөөр баяр дүүрэн үйл ажиллагааг дуусгах үед хөөрхий мацаглагч л ганцаар сэтгэл горойн үлддэг байв.
Мацаглагч олон жилийн турш ийнхүү олон нийтийн бахдан шагшсан үймээн дунд нэр төртэйгөөр мацгаа завсарлах авч сэтгэл нь ямагт шаналан зовно. Зовлонгийн шалтгааныг ухах хүн нэг ч үгүй нь нэн гачлантай. Мацаглагчийг өрөвдөн ойлгох сайхан сэтгэлтэн таарч гэмээнэ гутрал шаналал нь удаан мацаг барьсны хор уршиг гэж таамаглахаас хэтрэхгүй. Мацаглагч маань хааяа гэнэт хилэгнэн тэсэрч тороо зэрлэг амьтан аятай сэгсчин догширдгоос үзвэл сайх дүгнэлт магадтай ч юм шиг. Тэр тоолонд зохион байгуулагч мацаглагчийн өмнөөс үзэгчдээс уучлал эрж, гэнэтийн ийм уур цухлыг удаан мацаг барьсны үр дүн, хоол ундаар дутдаггүй жирийн хүмүүс ойлгохгүй хэмээн эерүүлэн тайлбарлана. Чингээд түүний илүү удаан хугацаанд мацаглах гэсэн бадрангуй тэмүүллийг магтан сайшаах мөртлөө өнөөхөө тэр даруй үгүйсгэж, худалдаанд буй зурагнуудаас авчруулан дөч дэх өдрөө ядарч сульдсанаас болоод орон дээр хагас үхлүүт хэвтээ мацаглагчийн зургийг үзэгчдэд үзүүлж гарах нь тэр. Үнэнийг мушгин гуйвуулдагт мацаглагч хэдий дассан ч ийм тохиолтой эвлэрэх хэцүү. Үнэн хэрэгтээ мацгийг нь гүйцээлгүй тасалснаас болж л тэр ийнхүү сульдан доройтсон хэрэг шүү дээ. Даанч үнэнийг үл ойшоох ертөнцийн эсрэг ганцаар тэмцэнэ гэдэг боломжгүй. Зохион байгуулагчийн үгийг анхааралтай чагнаж зогссон мацаглагч зургийг нь авчирмагц халаглан гиншсэнээ муу сүрлэн дэвсгэр дээрээ унаад өгмөгц тайтгарсан үзэгчид торонд дөхөж түүнийг гайхан ширтэцгээнэ.
Үзэгчид сайх явдлыг хэдэн жилийн дараа нэхэн санаад ч нарийн учрыг ухсан нь үгүй. Мацаглах үзүүлбэрийг сонирхох улс цөөрөхийн хэрээр мацаглагч маань шөнөжин тийн догшрон хилэгнэдэг болсон ч хэрэгсэх хүн гарахгүй болов. Эцэстээ нэг л нартай өдөр зөрүүд, задарсан мацаглагч маань хэн ч өөрийг нь тоохоо больсоныг ухаарчээ. Зохион байгуулагч алтан үеийн үзэгчдээс сонирхох хүн үлдсэн байж магад хэмээн мацаглагчийг аваад Европын талыг хөндлөн гулд хэрэн бэдэрсэн ч тусыг эс олов. Хаа сайгүй хэлэлцэн тохирсон мэт мацаглах ухааныг үл хэрэгсэх аж. Ийм байдал гэнэт дэлгэрсэн хэрэг биш, мацаглах үзүүлбэр ид мандан түгж байхад эсэргүүцэн муулагсад их байсан ч хөөрөн шагших олны давалгаанд дарагдаад анзаарагддаггүй байжээ. Ирээдүйд мацаглах үзүүлбэр ахин сэргэн мандах цаг ирж мэдэх ч өдгөө бол яалаа ч гээд олны сонирхлыг татах хөг нь өнгөрсөн байв. Тэгэхээр мацаглагч маань яах болж байна? Цагтаа мянга мянган үзэгчийн хүндэтгэлийг хүлээж асан түүнд аль нэг суурингийн гудамжны бүхээгт сууна гэхэд ичгүүртэй, өөр ажил хийе гэхнээ нас нь талийж өгсний дээр мань эр мацаглах үйлдээ бүрэн автсан байлаа. Тиймээс зохион байгуулагчаасаа салан том циркэд харьяалагдах болж, гутрахгүй гэсэндээ гэрээний заалтыг зориуд уншилгүй бүх нөхцөлийг нь шууд зөвшөөрчээ.
Элдэв ажилчид, амьтад, тоног төхөөрөмжөө сэлгэн шинэчилж байнгын хувьсал хөдөлгөөнд байдаг том циркэд ганц мацаг баригчид орон тоо гаргахад саадгүй агаад хамгийн гол нь түүний олон жилийн турш олж авсан өндөр нэр хүнд чухал байв. Хэдий мацаглагч нас ахисан ч мэргэжлийн чадвар нь буурсан хэмээн дүгнэх аргагүйн дээр мацаглагч өөрөө хүссэн хугацаагаар нь мацаг бариулах юм бол хэний ч төсөөлж байгаагүй дээд амжилтыг тогтоож ертөнцийг гайхшруулна хэмээн ам шүд алдсанд циркийн зүгээс сайх хүсэлтийг нь олон таван үггүй зөвшөөрчээ. Мохошгүй хүсэлтэйгээ цуг мартагдаж буй мацаглагчийн амнаас ийм бадрангуй үгс унахыг дуулсан хэн боловч тохуурхан мушилзсан нь дамжиггүй биз.
Мацаглагч маань үнэндээ бодит байдлаас тэгтэл холдож төөрөлдсөн нэгэн биш, тиймдээ ч өөрийнх нь байрлах торыг циркийн голд бус гадаа амьтны торнуудын хажууд гол орох хаалганы дэргэд тавьсныг ойлгож байлаа. Торных нь хөндлөвчөөс хурц тод өнгөтэй тайлбар бичиг жаазлан өлгөжээ.
Амьтан сониучирхахаар ирсэн хүмүүс мацаглагчийн торны дэргэдүүр өнгөрөхөөс аргагүй тул цөөн ч гэсэн үзэгч түүнийг анзааран харах авч нарийхан хонгилд цувран яваа үзэгчдийн дийлэнх нь шал дэмий тийн саатахаас төвөгшөөн алгуурлан зогссон нэгнээ шавдуулсаар шуугилдан одно. Мацаглагч амжилтыг нь гэрчлэгч-үзэгчдээ ямагт талархан угтдаг байсан бол өдгөө харин халшран жийрхэх болов. Анхандаа тэрбээр үзвэр нээх цагийг тэсэн ядан хүлээж, үзэгчдийн түрүүч ойртож явааг хармагц догдлон өндөлздөг байсан бол яваандаа өөрийгөө хэчнээн ятган үнэмшүүлээд, горьдонгуй харцаар ахин дахин нягтлан хараад ч тэдгээр үзэгч өөрийг нь биш амьтан сониучирхахаар ирдэгтэй аргагүй эвлэрчээ. Үзэгчдийн бараа тэртээд тодрох эхний агшин л сайхан. Дараагийн агшинд үзэгчдийн цуваа торных нь дэргэд ирчихээд зарим нь мацаглагчийг харах гэж, зарим нь цааш явах гэж бөөн хэрүүл шуугиан болно. Мацаглагч яваандаа торных нь өмнө саатагсад сонирхсондоо бус дураар авирлаж, бусадтай зөрөлдөх аян шалтаг гаргах гэсэндээ л тийн аягладгийг мэдээд тэднийг ч, амьтан үзэхээр хөөрцөглөн дэргэдүүр нь жишимгүй өнгөрөх олныг ч хялайн харах болов. Аз гийсэн тун ховор тохиолдолд хүүхдүүдээ дагуулж ирсэн аавуудын нэг мацаглагч руу хуруу гараараа заан байж түүний амжилтыг тайлбарлаж, өмнө нь мацаглах үзүүлбэр ямар сүр дуулиантай болдог байсныг хуучлахад энэ тухай ямар ч ойлголтгүй бяцхан жаалуудын нүд сониучирхан гэрэлтэхийг ажвал урьдны сайхан цаг хаяанд байх шиг санагдана. Заримдаа мацаглагч торыг нь амьтдын дэргэд байрлуулсанд гоморхон гутарна. Амьтдын торноос ханхлах өмхий самхай, шөнө дүлээр точигнолдон хөлхөх элдэв чимээ, том том түүхий мах дэргэдүүр нь зөөвөрлөн гүйлдэх ажилчид, хоолоо булаацалдан архиралдах араатнуудыг мацаглагч арайхийн тэсвэрлэх ч циркийн удирдлагад гомдол гаргаж зүрхлэхгүй. Юутай ч торных нь дэргэдүүр үзэгчид тасралтгүй цувж ганц хоёр нь ч болтугай түүнийг сонирхдогт амьтдад л талархахаас өөр яалтай. Тэгээд ч гомдол гаргах аваас түүнийг газрын хаашаа ч цөлж орхих юм билээ. Үнэндээ мацаглагч амьтдыг үзэх замд тээр төдий нэгэн байв.
Удах тусам улиг гэгчээр сүүлдээ мацаглагчийг тоож анзаарах хүнгүй болов. Мацаглагчид хүссэн хугацаагаараа мацаг барин хатамжлах тэвчээр буй ч дэргэдүүр нь жишимгүй өнгөрөх үзэгчдийг тогтоон барих хүч л байсангүй. Хэн нэгэнд мацаглахуйн урлагийг тайлбарлах гээд үз л дээ. Ойшоон сонирхохгүй хүн ойлгоно гэж юу байхав. Торны гадаах зурагт хуудас ч урагдан салбараад үг үсэг нь уншигдахын эцэсгүй болж, мацаг үргэлжилж буй хугацааг бичсэн бяцхан самбарыг циркийн ажилчид эхний хэдэн долоо хоногт хичээнгүйлэн хөтөлж байснаа сүүлдээ хайхралгүй орхисон ч мацаглагч маань хатамжлан тэссээр байв. Тэрбээр нэгэнтээ мөрөөдөж байснаараа тасралтгүй мацагласаар хэдий удсанаа өөрөө ч мэдэхээ больсон агаад гагцхүү хэний ч хүрээгүй, тэр байтугай өөрийнхөө өмнө тогтоосон амжилтаа хэд дахин давуулснаа мэдрэн сэтгэл дүүрэн байлаа. Заримдаа торных нь дэргэдүүр сэлгүүцэгчид самбарын хуучин үзүүлэлтийг хуурамч хэмээн дүнгэнэтэл мэтгэлцэх нь мэдэхгүй зүйлээ мэдэмхийрэн үгүйсгэгч хүмүүний адгийн чанар гэлтэй. Угтаа үнэнчээр мацаглан суугаа энэ эрхэм бус хорвоо ертөнц л түүний амжилтыг үгүйсгэн мэхэлж байлаа...
Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" номд
Ж.Тэгшзаяагийн орчуулснаар орсон.