Д.ДАШМӨНХ: "Уран зохиолыг би талх шиг хэрэглэдэг"
2016-07-05 Ярилцлага 2322

Тэрээр “Би уран зохиолыг талх шиг хэрэглэдэг” гэлээ. Энэ үгийнх нь жинхэнэ утгыг магадлахын тулд нөхөр Д.Дашмөнхийн талхны хэрэглээг мэдэх хэрэгтэй болно. Картын барааны үед залуу нас нь өнгөрсөн хүний хувьд талхыг хар цайнд норгож идэх, элсэн чихэр асгаад тогшиж идэх, масло, жимсний чанамал түрхэж идэх, хуурайгаар нь “нулих” гээд есөн бусаар болгоох зуршилтай, энэ зуршлаа эдүгээ ч гээгээгүй хүн байж мэдэх. Эсвэл бүр эсрэгээр, тэр даржин үеийг санагдуулах идээ ундын төрлийг тэвчдэг хүн ч байж мэднэ. Талх түүнд тансаг идээ, өдөр тутмын хүнсийн алинг төлөөлдгийг бид мэдэхгүй. Тиймээс эл үгээр нь толгойлсон бидний ярилцлага таныг анхалж сэтгэснээс тань тэс өөр зүгт хөтөлж мэднэ. Үгүй ч байж мэднэ.

Юутай ч ярилцагч маань ерөөд оны эхэн үед уран зохиолын ертөнцөд өөрсдийгөө зарлан гарч ирсэн олон бүлгэмийн төлөөлөл “Хүрээ хөвгүүд”-ийн нэг гэдгийг, Япон зохиолчдын үхлийн сэдэвт тууриудыг багцалсан “Үхлийн тууриуд” нэрт орчуулгын түүврээрээ тэр үедээ шуугиан тарьж мөнхүү ном нь уран зохиол сонирхогчдын дунд эдүгээ ч эрэгдсээр байдгийг, Р.Л.Стивенсон, Брэм Стөүкер, Рюнэско Акүтагава, Эдогава Рампо, Рэй Брэдбери, Роэльд Даль зэрэг өрнө дорнын уран сэтгэгч, адал зохиогчдыг Монгол уншигчдадаа анхлан таниулсан орчуулагч, зохиолч гэдгийг энд нурших илүүц биз ээ.


БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: Хамгийн сүүлд хэвлэгдсэн номоос тань яриагаа эхлэе. Яагаад Рампо гэж?

ДАШДОРЖИЙН ДАШМӨНХ: Рампог би шүтэж биширч сүйд болдоггүй ч унших дуртай. Хүүхэд байхаасаа л оросоор хэвлэгдсэн ихэнх номыг нь түүгээд уншчихсан юм. Монголын уран зохиолд хамгийн их дутагддаг үндэсний өвөрмөц сэтгэлгээ, адал сэтгэмж, хийсвэрлэн бодох, төсөөлөх чадвараараа маш их сонирхол татдаг зохиолч. Дээр нь нэмээд орчин үеийн "культ" гэгддэг урлагийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж буй уран бүтээлч. Ялангуяа японд. Яагаад ч юм бэ, сүүлийн арваад жил монголчууд урлагийн "культ" чиглэлийг маш их сонирхдог болжээ. Тэгээд л бага ч гэсэн нэмэр болох юм болов уу, бас хүмүүс сонирхох байх гээд бүрэн түүврийг нь орчуулсан юм. Өмнө нь гурван өгүүлэгийг нь орчуулж байсан л даа.

Монголд тагнуулын уран зохиол гайгүй бичигдсэн байдаг авч триллер, детектив гэхчилэнгийн зохиолууд огт бичигддэггүй нь ч үүнд нөлөөлсөн. Бага ч гэсэн загвар болох болов уу гэсэн бодол юм даа.

БАЯСГАЛАН: Культ урлаг, уран зохиолд ямархуу төлөвийн бүтээлүүд, бүтээгчид багтаад байна вэ? Багахан хүрээний таашаагчидтай, тэр хүрээндээ тахигдаад байдаг зүйлс бүгд культ болох уу, Рампо шиг?

ДАШМӨНХ: Энэ үгийн үндсэн утга бол тодорхой нэг шүтээн бүхий шүтлэгийн урсгалыг хэлдэг шиг байгаа юм. Харин урлагт хамаарч буй утга нь хавьгүй өргөжөөд уламжлалт бус, тодорхой хэлбэр хийц, агуулга, дүрслэл зарим тохиолдолд бүр гажуудалд баригдсан гэмээр бүтээлүүдийг, тэр дундаа хүнийг бус агуулга хэлбэрийг туйлчилсан бүтээлүүдийг хэлдэг юм уу гэж би ойлгодог. Буруу ч байж мэднэ. Гэхдээ миний харж байгаагаар тийм.

Жишээлбэл Квентин Тарантиногийн "Kill Bill" буюу "Биллийг хөнөөх нь" гэдэг кино бий. Энэ киног үзэхэд хэлбэр агуулгыг дээд зэргээр туйлчлан хөөцөлдөж, өш хонзонгийн философийг үзэгчийг бялууртал, цочирдтол, сэтгэл нь ханаж сүүлдээ бүр залхтал цус нөж, аллага, солиорол, айдас хүйдэс, тэсвэр тэвчээртэй хольж харуулдаг. Аль ч реалист, эсвэл модерн кино ингэж харуулахгүй. Хийц нь маш гял цал учраас олон үзэгч таашаасан ч түүнээс олон хүн ойлгомжгүй гэж хүлээж авна. Учир нь тэд бол киног дагаж сэтгэж чадахгүй хэсэг л дээ. Тэд тэр олон аллага, өш хонзон, харгислалыг мэдэрч, сэтгэл ханамж авч дөнгөхгүй байгаа юм. Гэтэл амьдрал дээр хүн бүхэн уурладаг, өширхдөг, бухимддаг, дээр нь түүнийгээ тайлахыг боддог. Яаж тайлах вэ гэдэг нь шал өөр асуудал. Тэгэхээр энэ хэлбэр агуулгын хагас галзуурлаар бүтээгдсэн кино, зохиол, уран зураг, баримлуудыг л культ гээд байх шиг байна. Мэдрээд байгаа хэсэг нь түүндээ дурлаад байдаг, мэдэрч чадахгүй олонхи нь "балай юмс" гэж дургүйлхээд байдаг.

Энэ үүднээс харвал Рампо гарцаагүй культ болоод явчихна. Ер нь культ урлагийн тэр бага хүрээ нь өөрөө гажууд, маш хурц өнгө төрхтэй байдаг нь нийт олонхийн таашаалд бас л нийцдэггүй юм шиг билээ. Энгийн зохиолуудад ууртай хүн бол ууртай хүн л байдаг бол культ зохиолуудад тэр нь улайрсан интэй алуурчин болж гарч ирдэг шиг байгаа юм. Хүний нийгмийн хөгжил ахих тусам аливааг улам хурц өнгөөр илэрхийлэх сонирхол ихэссэн байх л даа.

Баясгалан: Тэгвэл ер нь яагаад манайд  зарим төрлийн зохиолууд огт бичигддэггүй юм бол?

ДАШМӨНХ: Өөрсдөө культ эсэхийг нь мэддэггүй болохоос бид "культ" гэж хэлж болох зохиолын муугүй өвтэй. Тэгээд ч урлагийн бүтээлүүдийг ангилж суух нь судлаач нарын ажил болохоос зохиолч, уншигчийнх биш хойно ангилал төрөл зүйл мэтэд гоц ач холбогдол өгөөд байх хэрэг үгүй л байх. Харин манайхан үнэхээр детектив, триллер, science fiction, авангард гэхчилэн олон төрлийн зохиолуудыг бичиж чаддаггүй нь уран зохиолын тухай яриа гүн их самуурч, ард түмэнд зориулж, тэдэнд тааруулж, таалагдах гэж бичдэг яруу найрагч зохиолчид сүүлийн 60 жилд монголд зонхилсоны гай болов уу. Одоо ч энэ үзэгдэл монголын уран зохиолд зонхилж байгаа. Ард түмнийг жаргаах гэж биш, хүмүүсийг босон харайлгах гэж урлаг оршдог байх аа. Гэхдээ цаг  цагаараа байдаггүй гэж нэг сайхан үг бий болохоор бид монголын уран зохиолд дутагдаад байгаа бүхнийг бичдэг туурвидаг л болно. Түүнд л хойч үеэ, уншигчдаа бэлдэх хэрэгтэй байх даа.

БАЯСГАЛАН: Зарим хүн урлагийн мөн чанар хүнийг гэгээрүүлэх, сайн сайхан руу хөтлөхөд оршдог гэж ярьдаг. Харин таны зохиолууд, орчуулж буй бүтээлүүд үүний эсрэг “ажиллаад” байх шиг, үгүй дээ л урлаг, уран зохиолын энэ "зориулалтыг" эс ойшоогоод байх шиг санагдах юм.

ДАШМӨНХ: Би урлагийг хамгийн түрүүнд хүний тархины хүнс гэж боддог. Бодит амьдрал дээр хүнс бүхэн өөр өөр бүтэцтэй өөрийн гэсэн ач тус, хор холбогдолтой. Цэвэр усанд хордоод, биед нь давс дутагдаад үхчихсэн хүний тухай уншиж байсан. Минийхээр утга зохиол ч гэсэн адилхан. Хүнийг гэгээрэлд хөтлөх мөн чанартай гээд айх, уурлах, тачаадах, шоолох, доромжлох гэхчилэн мууд тооцох асар олон зан авирыг нь "буруу" гээд чичлээд байх нь үр дүнтэй биш гэдгийг уран зохиолын түүх өөрөө харуулдаг шүү дээ. Үүнийг Достоевский хамгийн гарамгай харуулж, өрнийнхөн түүнийг нь өлгөж аваад л магтаад байгаа биз дээ.

Хүн өөрөө жинхэнэ эсрэг тэсрэгийн нэгдэл, сонгох эрх чөлөөний туйл учраас түүний бүтээсэн бүхэн мөн тийм л шинж чанартай байх учиртай биз. Байгал эх, эсвэл бурхан урлаг уран зохиолыг бүтээчихээгүй нь мэдээж хойно.

БАЯСГАЛАН: Жишээ нь таны орчуулсан зохиолуудыг уншаад хүнийг хэрхэн ажиг сэжиггүй алах тухай санааг өлгөн ярилцах улсыг нэг биш харж байлаа. Тэд мэдээж тоглоом шоглоомын завсар, ямар нэг давхар санаагүй чалчицгааж байсан биз. Харин таны орчуулгын сонголтууд хүмүүст сэдэл, тайвширал, хор тайлах ерөндөгийн алийг нь түлхүү өгдөг бол? Бүтээлүүдээс тань уншигчид юуг аваасай гэж та хүсдэг вэ?

ДАШМӨНХ: Ерөндөг өгөх нь их байх аа. Хүн санаанд байгаа юмсаа гадагшлуулах тусам илүү ихээр тунгаан боддог шиг надад санагддаг. Тунгаан бодох тусам уялдаа холбоог нь ойлгож нэг бол хэрэгжүүлдэг эсвэл бүрмөсөн хаядаг. Уурласан хүн уул толгойн орой дээр гараад хоолойгоо сөөтөл сайхан бархираад уйлаад орхивол бухимдал тайлагддаг шиг л юм уу даа. Магадгүй тэр нь эргээд өнөө чиний хэлсэн гэгээрэл рүү дөтлүүлэх зам ч байж болох юм.

БАЯСГАЛАН: Хорыг хороор гэж үү? /Инээв./

ДАШМӨНХ: Магадгүй ээ. Гэхдээ би зохиол бичих, орчуулахдаа ийм зорилго тавихаасаа урьд хүний оюуныг тэжээхийг л зорьдог.

БАЯСГАЛАН: Хоёулаа яриагаа Рампо руугаа эргээд хандуулъя. Эдогава Рампо хэмээх энэ зохолч японы уран зохиолд чухам ямархуу нөлөө үзүүлсэн юм бэ? Түүний гойд нь юундаа байдаг юм бол?

ДАШМӨНХ: Тэрийг би хэлэхэд түвэгтэй байна. Учир нь би судлаач биш. Миний мэдэхээр япон бол сүнс чөтгөр, гэмт хэрэг, адал явдлын маш сонирхолтой, баялаг, ардын аман болон бичгийн уран зохиолтой улс байж. Аж үйлдвэржилтийн шинэ эрин, нийгмийн дэвшилийн явцад тэр нь шахагдаж өрнийн уран зохиолд эзлэгдэж эхэлсэн шиг байгаа юм. Энэ түрэлтийг зогсоож, японы өөрийн уран зохиолыг хамгаалж, тэр их өв уламжлалыг авч үлдэх үйлсэд их хувь нэмэр оруулсан хүн бол Рампо. Акүтагава, Сосэки, Осаму, Кавабата нараас дутахгүй нэмэр оруулж японы детектив, триллерийг орчин үеийн уран зохиолын салшгүй хэсэг болгосон зохиолч.

Нэмж хэлэхэд, тэр өөрийн үндэсний онцлогтой адал сэтгэлгээ, өөрөөр хэлбэл япон онцлогтой адал жигтэй сэтгэлгээ бүхий зохиолууд бичсэн нь давтагдашгүй. Ер японы нэртэй зохиолчид тийм байдаг. Давтагдашгүй япон байдаг юм. Кавабата, Мишима, Акүтагава... Бас японы детективийн суутан гэгдэх Сэйчо Мацумото. Детектив бол бараг жорын дагуу бичигддэг, өвөрмөц юм шингээхэд асар хэцүү төрөл шүү дээ. Гэтэл Рампо японоос өөр хаана ч байж боломгүй өвөрмөц, япон хүн дүрсэлсэн детектив бичсэн байгаа юм даа.

БАЯСГАЛАН: Таны эмхтгэн орчуулсан "Үхлийн тууриуд" ном мөн л япон зохиолчдын бичсэн үхлийн сэдэвт зохиолууд шүү дээ. Энэ номонд хөгшин залуугүй л ам сайтай байдаг. Ингэхэд таныг японы уран зохиолд дурлуулаад байдаг зүйл нь энэ хаа ч давтагдахгүй япон онцлог мөн үү?

ДАШМӨНХ: Яг япон онцлогт нь дурласан гэх хаашаа юм. Өвөрмөц байдал нь, давтагдашгүй чанар нь, түгээмэл чанартай боловч нарийвчлаад үзэхээр үндэстнийх нь онцлог шинж суурь болчихсон байдаг тал нь таалагддаг гэж хэлбэл оновчтой байх. Тэр номонд орсон бүх зохиолуудыг тус бүрд нь салангид өөр номнуудаас уншвал төдийлөн хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй. Гэтэл сэжмийг нь олоод сүвлэж хэлхээд нэг ном болгочихоор асар хүчтэй сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.

Монголд чухам ийм л зохиол бүтээлүүд гарч байж монголын утга зохиол мандана гэж би санадаг юм. Түүнээс биш, зохиол бичих сэдэв, сэдлийг хүн төрөлхтөн нээгээд дуусчихсан юм гэнэ лээ. Түүнд л үлгэр жишээ болчихоосой гэсэн санаагаар бүтээсэн номууд л даа.

БАЯСГАЛАН: Тэгж бичихийн тулд монгол зохиолчид маань өөрсдийгөө үндэстний нэг хэсгийн хувьд их таньсан, мэдсэн байх ёстой байх. Бас юугаараа бусдаас ялгаатай, давтагдашгүй вэ гэдгээ ухамсарлаж байхын тулд гадны уран зохиолыг ч уншиж судалсан байх учиртай. Бидний дундаас ийм зохиолч төрөх нь ховор байгаа нь нэг бол би жинхэнэ монгол, дэлхийд байхгүй амьтан гээд монгол хүн л ойлгох юм бичээд, дэлхий рүүгээ өнгийдөггүй, эсвэл дэлхийн уран зохиолын чиг хандлагад хөл нийлүүлж байна гээд өөрийн онцлог, үнэ хүрэх чанараа цэмбийтэл нь зүлгээд арилгачихдагт бий юм шиг ээ.

ДАШМӨНХ: Санал нэг байна. Монголд ард түмэн гэж ярьдаг, тэдний төлөө, тэдэнд зориулж бичдэг, ард түмэндээ л хайрлагдах хүсэлтэй олон зохиолч, яруу найрагч бий. Тэднээс адарч би энэ номуудыг орчуулсан гэж хэлье л дээ. Өөрсдийн өвөрмөц давтагдашгүйг бичих гэж байна гээд Чингис хаан, үүх түүх, мал, малчин, бор толгодоо бичээд байгаа. Тэдгээрийгээ "уран зохиолын мөн чанар сайн сайхан байх учиртай" гэсэн коммунист ухуулгын хүрээнд олж авсан ойлголтоороо болгоогоод л гоё сайхан юмны тухай гоё сайхан бичих гээд үзэж тарж үсэрч наалддаг шүү дээ. Эсвэл үүнийг нь эвдэх гэж байна гэж мунхаглаад хаа хамаагүй эр эмийн явдал, солиорол, дэмийрэл, хийрхэл авчирч наана.

БАЯСГАЛАН: Тэгвэл таныхаар яамаар юм бэ дээ?

ДАШМӨНХ: Яах ч хэрэггүй байх аа. Ердөө л ажиглаж харснаа тогтмол хэлээд сануулаад байхад болох байх. Учир нь, монголчууд хүссэн хүсээгүй даяарчлагдаж, аж үйлдвэржсэн нийгэм рүү явж байна. Залуучууд үүнийг сүрхий тусгаж авч байна. Үе солигдоно л доо.

Монголд өнөөдөр уран зохиолыг байгаагаар нь, оюуны хүнс гэдгээр нь хүлээж авдаг уншигчид олширсон. Тэгэхээр өөрийгөө зохиолч яруу найрагч гэж тооцдог улсууд нэг бол уншигчдаа хараад өөрчлөгдөнө, өөрчлөгдөхгүй ч ертөнцийн жамаар цөөрсөөр, алга болно. Жараад онд мандаж байсан төрийн шагналтай, энгэрээрээ дүүрэн одон медальтай, нэр цуутай олон зохиолчийн зохиолыг байтугай нэрийг нь ч санах хүн одоо олдохгүй байна шүү дээ. Зарим нь сануулаад л сүйд болдог, нэмэр байдаггүй.

БАЯСГАЛАН: Ингэхэд манай зохиолчид "Бид дэлхийн хэмжээний юм биччихлээ. Гол нь орчуулдаг хүн алга,” гэдэг. Та орчуулдаг бас дэлхийн утга зохиолыг оросоор ч, англиар ч уншдаг хүн энэ талаар юу гэж бодож байна вэ?

ДАШМӨНХ: Орчуулгын хувьд би нэг л юм хэлж чадна. Би англиар, оросоор уншдаг учраас орчуулдаг юм биш. Би монгол хэлийг хичээж сайн сурсандаа л сонирхолоороо орчуулга хийдэг. Зориуд онцолж хэлэхэд монгол зохиолыг англи руу буулгаж байгаа бол монголыг маш сайн мэддэг, унаган англи хэлтэй хүн л орчуулбал хамгийн сайн. Гэтэл тийм хүн алга.

Харин манай зохиолчдын зохиолын чанарыг би мэдэхгүй. Минийхээр муу биш, гэхдээ гайхамшигтай ч биш. Дээр нь чи бид хоёрын түрүүний ярьсан өвөрмөц, дэлхийн бусад улсын уншигчид уншчихмаар юм цөөхөн бичдэг. Гэхдээ Г.Аюурзана, Ч.Галсан, Л.Өлзийтөгс, Г.Мэнд-Ооёо гэхчилэн олон хүний бүтээлүүд гадаадад хэвлэгдэж л байна шүү дээ.

Г.Аким гуай нэг удаа хэлж байхыг дуулсан. Орчуулгыг хамгийн түрүүнд хэл мэдэхгүй хүнд л зориулж хийдэг гэж. Монгол зохиолыг англиар, англи хэлтэй хүнд ойлгуулах гэж байгаа бол эхлээд англи хэл гаргуун эзэмших хэрэгтэй.

БАЯСГАЛАН: Таны яриаг чагнасан ч, танил орчуулагчдаа ажигласан ч орчуулах зохиолоо сонгохдоо энэ талаараа монголчуудад хэрэгтэй юм бол уу, тэр утгаараа залуучуудад санаа болох юм болов уу, эсвэл эндээс уншигчид нэг ийм юм ойлгочихоосой гэсэн хүсэл нь түлхүү байх юм. Яахав, мөнгө л олж байвал юу ч хамаагүй орчуулаад, бичээд хэвлэчих хүмүүс бий л дээ. Ер нь орчуулгын сонголтын ард ямар нэг хариуцлага байдаг уу? Эсвэл бид хөгжлөөрөө тэртээ тэргүй хоцрогдож яваа болохоор тэр хоцрогдлоо нөхөхийн тулд орчуулагчид маань хэн нэгэнд аль нэг талаараа “хэрэг болох” юм  сонгохыг л урьтал болгоод байна уу?

ДАШМӨНХ: Орчуулгын сонголтын ард хариуцлага байх ёстой. Бас хоцрогдлоо нөхөх нь ч чухал. Гэхдээ хариуцлагатай сонголт илүү чухал юм. "Хүн сандал" номыг би орос, англи хэлнээ хэвлэгдсэн дөрвөн ном шүүн уншиж байж сонгож орчуулж эмхэтгэсэн юм. Би япон хэл мэдэхгүй. Англиар 1956 онд анх хэвлэгдсэн "Нууцлаг адал явдал болон ер бусын төсөөллийн япон зохиолууд" гэсэн нэртэй номыг суурь болгож авсан. Энэ номонд орсон есөн зохиолын долоог нь би монголоор орчуулсан. Энэ есөн зохиолыг англи хэлэнд орчуулах үед Эдогава Рампо амьд сэрүүн байсан болохоор өөрөө сонгож, орчуулгын ажилд нь гар бие оролцсон байдаг юм. Үнэхээр энэ номонд орсон зохиолуудыг дэлхийн аль ч улсын ямар ч уншигч уншсан уйдахгүй, гайхан мэлрэнэ. Нийт бүтээл нь хорь орчим боть болох зохиолч өөрөө сонгон байж есийг нь үлдээсэн гэдэг нэг юм хэлээд байна аа даа. Дээр нь орос хэлээр хэвлэгдсэн хоёр ном, англиар хэвлэгдсэн нэг номноос дөрвөн зохиол нэмж орчуулсан. Орос хэл дээрх  номыг Галина Дуткина гэж хүн бүтээсэн байгаа юм. Дуткина бол оросын япон англи хэлний нэртэй орчуулагч л даа. Тэр хүний сонголтыг би давхар шүүгээд шилдэг гэснийг нь монголоор буулгасан хэрэг.

Тэгэхээр монголын уншигчид тун азтай. Тэд Рампогийн хамгийн сайн зохиолуудыг уран зохиолын мэдлэгтэй, бэлээхэн орчуулагч редакторуудын сонголтоор уншчихаж байна. Ер нь сайн зохиол гэж байдаг болохоос сайн зохиолч гэж нартад байхгүй учир ингэх нь ч ашигтай. Уул овооноос их цаасан дундаас сайныг нь бэдрэх хүсүүштэй ажил биш байх аа.

Тэгтэл уншигчдын таашаалд хүргэх гэж айхавтар асуудал дунд нь бий. Сайн зохиол сонгочихоод тэрийгээ орчуулж дөнгөхгүй бол ёстой дэмий юм болох байх. Энэ нь эргээд л орчуулагчийн хамгийн том хариуцлага юм. Сайн зохиолыг орчуулах биш, оршуулдаг хүн олон болсон санагдах юм.

БАЯСГАЛАН: Тэдэнд орчуулгын арга барилын зөвлөгөө өгөөч?

ДАШМӨНХ: Би ч зөвлөгөө өгөх хүн мөн үү дээ. Ц.Сүхбаатар багшийн "Монгол хэлний найруулга зүй" гэсэн ном бий. Тэрийг мянган удаа уншиж, зуун удаа хуулж бичвэл гайгүй бичгийн хэлтэй хүн болж юуны магад.Үзээд алдахгүй юү. Японоор бичсэнийг ойлгочихоод өгүүлбэрийн бүтэц ойролцоог нь далимдуулаад монгол үгээр орлуулаад тавьчихаар монголоор орчуулчихаж буй явдал биш шүү.

БАЯСГАЛАН: Ингэхэд та уран зохиол гээч юмтай яаж учирсан хүн бэ? Юу нөлөөлөө вэ?

ДАШМӨНХ: Ном унших дуртай маань л нөлөөлсөн байх. Уран зохиол миний бүхэл амьдрал биш. Би өөрийгөө зохиолч, орчуулагч гэж нэрлэж зүрхлэхгүй. Гэхдээ энэ бол миний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг, надад амьдралын баяр баясгалан бэлэглэдэг, миний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлсийн нэг гэдгийг л хэлж чадах байна даа.

БАЯСГАЛАН: Та зохиолч, орчуулагч биш болчихоор хэн нь мөн болох вэ, хөөе?

ДАШМӨНХ: Г.Аюурзана, П.Батхуяг яагаав. Олон хүн бий дээ.

БАЯСГАЛАН: Та нарын дунд ямар ялгаа байна?

ДАШМӨНХ: Тэд уран зохиолоор амьдардаг, би амьдардаггүй. Тэд уран зохиолыг бүтээдэг, би хэрэглэдэг. Тэд үүний төлөө сургууль төгссөн, номыг нь үзсэн. Харин би өөрийн сонирхлын хэмжээнд судалсан, таашаасан, хүссэнээ гэрийн боловсролоор шахуу олж авсан. Гэхдээ би энд зохиолын чанарыг оруулаагүй гэдгээ зориуд хэлье. Дахиад хэлэхэд би сайн зохиол байдаг гэж үздэг болохоос сайн зохиолч байдаг гэдэгт огт итгэдэггүй. Толстой уул овоо шиг их цаас цоохорлосноос хүн төрөлхтөн хоёр роман, ганц тууж, өчлийг нь л онцолж уншдаг.

БАЯСГАЛАН: Таныг ингэж ярихаар өнөөх "Хүрээ хөвгүүд" бүлгэм, люмпенпастухын уран зохиолыг арчиж хаяна гэсэн та нарын гал цогтой уриа яах болж байна аа? Миний санахад та нарын бүлгэмдэл "Хүрээ ахан дүүс" болж нэрээ өөрчилснөөс бус одоо ч оршсоор, та түүний нэг гишүүн хэвээр биз дээ?

ДАШМӨНХ: “Хүрээ ахан дүүс”-ийн хамгийн том санаа нь "Яруу найрагч, зохиолч болохын тулд биш сэтгэл зүрх, мэдрэмжээрээ, үнэнээсээ зохиол, яруу найраг бичье!" гэсэн юм. Люмпенпастухын уран зохиолын тухай яриа ч гэсэн тухайн үеийн гажуудал, хуурамч аяглал, хийрхэлийг эсэргүүцсэн санаа шүү дээ. Өөрийн дотно анд Пүрэвхүүгийн Батхуягаар жишээлээд үзье л дээ. Тэр уран зохиолд өдөр тутмын амьдралынхаа бараг 90 хувийг зориулж амьдардаг. Үнэн сэтгэлээсээ бичиж туурвиж уншиж, задлан шинжилж түүнийгээ оюутнуудад лекц болгон уншдаг. Энэ бол түүний амьдрал, тэр уран зохиолоор амьдарч байна. Гэхдээ дотны андын хувьд миний мэдэж байгаа зүйл бол тэр хэзээ ч бусдад таалагдаж одон медаль шагнал авах гэж жороо морь, эх орон, малчин монгол, хонь ямаа, хөдөө нутаг гэхчилэн мэдэрдэггүй, мэдэрдэггүй болохоор мэддэггүй сэдэв агуулгатай хуурамч зохиолууд бичдэггүй. Зохиолч яруу найрагч гэдэг нэрийг хадгалж, өндөр өргөж явахын тулд санаа бодлын эрэлд хатаж уул овоо шиг их цаас цоохорлодоггүй. Энэ л бидний зарчим.

Нэмээд уран зохиолоор амьдардаг хүн болгон уран зохиолч биш, уран зохиолч болдоггүй гэдгийг хэлье л дээ. Өөрөөр хэлбэл яаж ч уран зохиолд бүхнээ зориулаад юунд ч хүрч дөнгөдөггүй, шалихгүй уншигчаас хэтрэхгүй, цаас эрээчдэг улс олон бий. Ер нь ч уран зохиолоор амьдардаг, мэргэжлийн зохиолчид, редакторууд ихэвчлэн нийтэд зориулсан зохиол бичдэг. Нийтийн дуу гэдэг шиг нийтийн-массын зохиолууд... Тийм зохиолууд нь ад үзээд байхаар юм биш ч уншигчдын сэтгэлгээг нэг загварт чихэхээр оролдоод байдаг өөдгүй талтай.

Захиалгаар зохиол бичихийг би тун балай хэрэг гэж үздэг. Болдог л доо. Гэхдээ тэр нь амь тааруу зохиолууд байдаг юм. Жаахан ээдрээтсэн зөрчилтэй яриа болчихов уу даа...

БАЯСГАЛАН: Уран зохиолоор амьдрах, уран зохиолоор амьжиргаагаа залгуулах хоёр өөр байх аа? Би таныг эхнийхэд нь багтаах гээд байна.

ДАШМӨНХ:  Би өөрийгөө аль нь ч биш л гэж хэлнэ. Би уран зохиолыг ердийн сайн уншигчаас арай гүнзгий ухамсарладаг нь үнэн. Гэхдээ түүгээр амьдардаг гэж хэлж зүрхлэхгүй нь ээ. Тэр бол уран зохиолд бүхий л зүйлээ өгсөн хүнд таарах тодорхойлолт. Яг Чойном эсвэл Дашбалбар, Марсель Пруст шиг. Харин би бол зүгээр л уран зохиолыг өдөр тутам иддэг талх шиг хэрэглэдэг хүн шүү дээ. Би ном уншихгүй, юу ч бичихгүй, юу ч бодохгүй сар болж дөнгөнө өө. Харин П.Батхуяг нэгээс илүү хоног тэвчихгүй л байх.

БАЯСГАЛАН: Таны хэрэглээнд science-fiction буюу шинжлэх ухааны уран сэтгэмжит зохиолууд бас их том байр эзлэдэг. “Харь гаригийн өгүүллэгүүд” тань миний хамгийн дуртай номуудын нэг. Уран зохиолын энэ төрлийн талаар яриач?

ДАШМӨНХ: Шинжлэх ухааны уран сэтгэмжит зохиолуудад дурладаг минь миний үлгэр домогт дуртай байсантай холбоотой. Энэ бол хүний нийгмийн, техникийн дэвшил урлагт хүч түрэн орж ирсэний том илрэл шүү дээ.

“Харь гаригийн өгүүллэгүүд”-ийг би монгол хэлээр ийм төрлийн зохиолууд хэвлэгдэх нь цөөхөн учраас л эмхтгэж орчуулсан.  Гэхдээ Монголд нэг хэсэг, 70-аас 90-ээд оны хооронд иймэрхүү уран сэтгэмжийн зохиолуудыг орос хэлээр уншдаг хүмүүс маш их байсан юм шүү. Голдуу эрдэмтэд, тэр тусмаа байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд, бас өсвөр насныхан ийм зохиолуудад дуртай байдаг юм. Унших тусам төсөөлөн бодох, мөрөөдөх сонирхолыг хичнээн их өдөөж өгдөг гээч. Гоё шүү.

Далимд ярихад би анх Польшийн зохиолч Станислав Лемийн "Солярис" гэдэг гайхамшигтай романыг унших гэж орос хэл идэвхийлэн үзэж эхэлсэн юм.Толь бичигтэй хамсан гурван сар нухаж байж тэр номыг уншчихаад их баярлаж билээ. Харамсалтай нь монголд уран сэтгэмжийн зохиол уншигчид бас л цөөхөн дөө.

БАЯСГАЛАН: Уран сэтгэмжит зохиолын юу нь таныг тэгтлээ татдаг юм бэ? Рэй Брэдбери, Айзик Айзимов, Курт Воннегут гээд л энэ төрлийн лунжгарууд баруун тийшээ их бий. Шинжлэх ухааны хөгжил, ноёрхогч улсын байр суурины нөлөө байх. Бас мэдээж сэтгэлгээ нь гайхамшигтай.

ДАШМӨНХ: Артур Кларк, Айзек Азимов, Роберт Хайнлайн гурвыг шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын ноён оргилууд гэж судлаачид үздэг. Тэд бүгд нэрд гарсан нээлт хийсэн эрдэмтэд шүү дээ. Сэтгэлгээнийх нь цар хүрээ, мөрөөдөх, төсөөлөн бодох чадварыг нь бишрэн шүтэх ч багадна. Ер нь триллер, детектив, шинжлэх ухааны уран сэтгэмжийн сэтгэлгээ нь гайхамшигтай байдаг. Бүгд романтизмын ай савд багтдаг. Бодит мэт төсөөлөл, ургуулан бодох чадвар, мөрөөдөл хийсвэрлэлийг хүнд наалдуулж үнэмштэл бичиж чаддаг нь гайхамшигтай. Эдгээрийн аль ч төрлөөр бичихэд асар том орчин, субьектив бодит байдлыг төсөөлж байж бичдэг. Тэр нь л өөрийн эрхгүй сэтгэлийг минь соронздон татдаг гэж хэлж болно доо. Би уран зохиолын тэр субьектив бодит байдал үүсгэдэг төрөл зүйлүүдийг л их шохоорхдог шиг байгаа юм.

БАЯСГАЛАН: Хүний тархи,  зүрх, оюун, сэтгэлд лабораторийн туршилт хийгээд шинжлээд байгаа юм шиг зохиолуудад уу?

ДАШМӨНХ: Тийм ээ.

БАЯСГАЛАН: Ингэхэд та уран сэтгэмжит зохиол дахь субъектив бодит байдлын тухай дурдлаа. Cанаагаа жаахан тодруулаач?

ДАШМӨНХ: Субьектив бодит байдал гэж би юу тодорхойлоод байна гэхээр аливаа уран сэтгэмжийн зохиолыг бичихийн тулд тухайн зохиолын өрнөж байгаа орчинг эхлээд төсөөлөх учиртай болдгийг хэлээд байна л даа. Тэр бол маш хийсвэр, бидний өдөр тутмын амьдралаас ангид орчин байдаг. "Харь гаригийн өгүүллэгүүд" номонд орсон Роберт Шеклигийн "Алах эрхийн бичиг" өгүүллэг дээр огторгуйн хаа  ч юм бэ орших хүмүүсийн колоничилоод хэдэн зуун жил болсон гариг гардаг. Харин тэр гариг ямар байхыг зөвхөн зохиолч л уран сэтгэмжээрээ төсөөлж чадна. Гэхдээ уншигчид таалагдтал, үнэмшилтэй бодитой орчин үүстэл төсөөлж ойлгуулж мэдрүүлж бичих ёстой. Үүнийг л хэлээд байна. Зохиолчийн бичсэнийг уншигч мэдэрч, төсөөлж байж зохиол бүтдэг.. Жишээ авъя л даа. "Бороо орж байна". Зохиолчийн бичсэн энэ өгүүлбэрийг уншигч уншаад төсөөлж эхэлнэ. Гэхдээ уншигч бүхэн өөрийнхөөрөө...бороо нь ямар ч байж болох мэт. Тэгтэл зохиолч илүү хүчтэй өгүүлбэр бичнэ. "Гадаа аадар цутган, уйтгарласан Дорж түүнийг цонхоор  харна."  Уншигч үүнийг мэдэрч эхэлнэ. Реалист эсвэл модерн зохиолуудад энэ нь хялбархан байх нь. Учир нь хүн бүхэн  энд дэлхий дээр, өөрийнхөө амьдралд ядаж нэг удаа бороо цутган орж байхыг цонхоор харсан байдаг тул дээр нь нэмээд уйтгарласан Доржийг ургуулан бодож зохиолыг илүү хүчтэй мэдэрч болох нь. Харин галактикийн хаа нэгтээ орших гариг дээр бороо яаж ордог юм бол? Үүнийг уншигчид төсөөлүүлэх, төсөөлөх сэдлийг гаргаж бичих хэр хэцүү вэ? Үүнийг л би хэлсэн юм. Ингэхэд яриа маань жаахан зохиол хэрхэн бичих талаарх заавар гэмээр болоод байна уу, үгүй юү?

БАЯСГАЛАН: Платон жинхэнэ ертөнц гэдэг бол аливаа зүйлийн төгс хэлбэрийг агуулсан санааны ертөнц юм. Харин бодит ертөнц бол санааны ертөнцийн муухан хуулбар гэсэн шиг санагдаж байна. Минийхээр уран сэтгэмжит зохиол тэр санааны ертөнц дэх төгс төгөлдөр дүрс, хэлбэр, утгачлал, дэглэл рүү уншигчийг урьдаг юм шиг. Гэвч уншиж буй хүн бүрийн текстийг төсөөлөх, ухамсарлах санааны ертөнц өөр. Тэнд өөр өөрийн субьектив реализм оршиж байдаг. Тэгэхээр текст өөрөө чухал биш, харин түүнийг тусгаж авах уншигчдын интерпретаци л илүү чухал байх нь.

ДАШМӨНХ: Гарцаагүй. Чухам түүн дээр түшиглэж л уран зохиол оршин байдаг.  Хүн бүрийн, уншигч бүрийн гэе л дээ, түвшин адилгүй учраас зарим зохиолыг маш олон хүн уншаад хялбархан мэдэрч болдог. Жишээ болгоод монголчуудын бахдан уншдаг А.Дюмагийн "Монте Кристо гүн"-г дурьдчихъя. Тэр зузаан pulp fiction-ыг тусгаж авахад хялбар бас төсөөлж мэдрэхэд амар, ухамсарлахгүй, сэтгэлдээ дарамт болгохгүй тархиа зугаацуулаад өнгөрөхөд зохимжтой тул манайхан одоо болтол уншдаг. Бүр гайхмаар олон хүн уншдаг шүү. Муу нь ч юу байхав. Гэхдээ далимдуулж хэлэхэд дэндүү бэлэн хоол халбагадах дэмий л байх.

Бас энд зориуд онцгойлж дурдах ёстой нэг зүйл бий нь уншигчдын хүлээн авах байдлыг хэрхэн чадварлагаар өдөөж, манайхны хэлдгээр "санаагүйг сануулж, сэрээгүйг сэрээж" нөлөөлөх нь уран зохиолын маань өөрийн гайхамшиг, зохиолчийн авьяас юм л гэж би ойлгодог. Уншигчийн тархийг ажиллуулж чадаж байгаа нь авьяасын ирэл гээд хэлчихвэл бүдүүлэг болох юм болов уу?

БАЯСГАЛАН: Таныг хамгийн гайхамшигтайгаар сэргээж байсан ямар ямар зохиол байна?

ДАШМӨНХ: Хэцүү асуулт байна.  Мишель де Монтенийн "Эссе буюу туршицууд", Михайл Булгаковын "Мастер Маргарита хоёр", Габриаль Гарсия Маркесийн "Зуун жилийн ганцаардал", Станислав Лемийн "Солярис", Стивен Кингийн "Гялбаа", Умберто Экогийн "Сарнайн нэр", Ясүнори Кавабатагийн "Изүгийн бүжигч бүсгүй", Артур Кларкийн "Раматай учирсан нь" гэхчилэн тоочоод барагдахгүй л дээ. Зүгээр л байнга сөхөж харах дуртайгаараа Монтенийг л онцлоё доо.

Ном уншаад л хэвтэж байх гэдэг надад бол амьдын жаргалын маань нэг хэсэг болохоор хариулахад түвэгтэй байна. Уучлаарай. Би өөртөө таалагдсанаа, гайгүй болов уу гэж бодсоноо л уншдаг юм.

БАЯСГАЛАН: “Хуучин хүүхэлдэйнүүд” богино өгүүллэгийн түүвэр тань хэвлэгдсэнээс хойш дөрвөн жил боллоо. Их л сонин сэтгэлгээтэй, өнөө таны яриад байдаг адал сэтгэмжээр дүүрэн ном доо. Уншигчид яаж хүлээж авсан бол?

ДАШМӨНХ: Өө бүү мэд. Надад элдэв юм мэдрэгдээгүй, Мэдрэгдээгүй ч гэж дээ. Хүмүүс ийм байна, тийм байна, уншаад ийм санагдлаа, бүр зүүдэллээ гэж хэлж л байсан. Гэхдээ тэр нь надад сэтгэгдэл төрүүлээгүй. Харин “Надад цөөхөн ч гэсэн уншигч байдаг юм байна” л гэж бодоод өнгөрсөн. Би зохиол бичиж, орчуулж суухдаа л уран зохиолоос амтыг нь мэдэрдэг балайдуу хүн. Харин миний бичсэн орчуулсныг хүмүүс уншаад шагших эсвээс эс тоох нь надад нэг их сэтгэгдэл төрүүлдэггүй юм. Ингээд ярихаар дээр хэлсэнтэй бас зөрчилдөх янзтай болж байна. Чухамдаа бол ийм л учраас би өөрийгөө зохиолч гэж нэрлэж зүрхлэхгүй байгаа юм. Жинхэнэ зохиолчийн хувьды бол уншигчид түүний зохиолыг байнга уншиж өөрийг нь цэцгээр тогтмол булж байх нь чухал байдаг байж магад.

БАЯСГАЛАН: Таны толгойд одоо ямар зохиолын санаа эргэлдэж байна вэ? Бас ойрд юу орчуулах төлөвлөгөөтэй байна?

ДАШМӨНХ: Яасан хэцүү асуулт вэ? Нэг хуучны англи зохиол орчуулж байгаа. Хамгийн түрүүнд тэрийгээ дуусгана даа. Надад бол орчуулж байхад зохиол бичих жаахан хэцүү байдаг. Өнгө аяс, олон юмс нь холилдож хутгалдчих гээд. Орчуулгаа дуусгаад л өөрийн зохиолуудаа бичих байх. Бас энэ зун "Цэвэрхэн гэрэл гэгээтэй газар" нэртэй орчуулгын өгүүллэгийн түүвэр гаргах санаа байна. Сонгодг зохиолчдын жижигхэн өгүүллэгүүдийн ном юм уу даа. Данийл Хармс, Умберто Эко, Андрей Платонов, Эдуард Лимонов, Эрнст Хэмингэуй гэхчилэн арваад зохиолчийн бүтээлүүд орсон юм. Одоогоор түүнийгээ нягталж, орчуулгаа хянаад л сууж байна.

Гоодаль сэтгүүлийн 80 дахь дугаарт зориулав.

Түр хүлээнэ үү...
Top