Жулиан Барнс 1946 онд Английн Лестер хотноо мэндэлж, төд удалгүй Лондон руу гэр бүлээрээ нүүжээ. Эцэг эх нь хоёулаа франц хэлний багш байсан бөгөөд багаасаа уран төсөөлөл сайтай хүүхэд байв. Тэрээр их сургуульд орчин үеийн хэл судлалаар мэргэшиж, төгсөөд толь зүйчээр гурван жил, хожим нь сэтгүүл, телевизэд ажиллах болжээ. Өдгөө 13 роман, хэд хэдэн эсээ, богино өгүүллэгийн түүвэр, намтар дурсамжийн ном туурвиснаас гадна 1980-аад онд Дэн Кавана хэмээх нууц нэрээр гэмт хэргийн сэдэвт дөрвөн цуврал зохиол бичжээ. 1980 онд хэвлэгдсэн “Метролэнд” хэмээх анхныхаа романыг найман жил, харин гэмт хэргийн зохиолоо хоёрхон долоо хоногт бичсэн нь юунаас ч эмээлгүй турших, өөрийгөө сорьж үзэх оролдлого байсан аж.
Тэрээр 2011 онд “Төгсгөлийн мэдрэмж” бүтээлээрээ англи хэлт уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал Мэн Бүүкэрийн шагналыг хүртсэний дараахан PBS телевизийн “Art Beat” буланд өгсөн ярилцлагаас нь хэсэгчлэн хүргэж байна. Тэрээр өмнө нь “Флоберын тоть” (1984), “Англи, Англи” (1998), “Артур, Жорж хоёр” (2005) зохиолоороо уг шагналд нэр дэвшиж байжээ.
_____________________________________________________________________________
Номын тань тухай ярилцахаас өмнө та уг шагналыг хүртээд баярласан уу, сэтгэл уужирсан уу гэж асуух нь зүйтэй байх, та өмнө нь гурван ч удаа сүүлийн жагсаалтад үлдсэн шүү дээ.
Тийм ээ. Нэрээ сонсоод санаа амрах шиг болсон, тэгээд баярласан даа.
Юун түрүүнд санаа амарчээ дээ.
Юу л даа, би чинь өмнө нь гурван удаа тунаж үлдсэн хүн. Бүүкэрийн шагнал авахгүй хоцрох ямар байдгийг ар өвөргүй мэдэх юм чинь шагнал хүртэх ямар байдгийг мэдэхэд яах вэ дээ гэж санасан хэрэг. Тийм болохоор магнайгаа хагартал баярласан.
Энэ явдал олны анхаарал татаж байна л даа. Олон ном бичиж, өөр олон ч шагнал хүртсэн хүний хувьд энэ танд юугаараа чухал юм бэ?
Дэлхийд танигдах гарц л даа, энэ шагнал. Юу гэхээр, өмнө нь намайг дуулаагүй улс, өө, энэ зохиолчийг уншаад үзье гэж мэднэ, тэгээд зохиол маань таалагдаж гэмээнэ өмнөх номуудыг маань сонирхох ч юм бил үү. Би 20 ном бичсэн, одоо бол шагнал хүртлээ гээд бичих арга барил, ертөнцийг үзэх үзэл маань өөрчлөгдөхгүй, харин уншигчийн тоо л нэмэгдэж магад.
Энэ номын тань баатар Тони Вебстер хэмээх жар гарсан эр өөрийнх нь хэлдгээр эгэл жир амьдрал туулсан нэгэн, гэтэл нэгэн хэрэг явдлаас үүдээд өнгөрсөн рүүгээ өнгийхөөс аргагүйд хүрдэг. Би унших зуураа бодлоо л доо, богинохон зохиол гэхэд өргөн санаа агуулжээ. Та амьдралыг ажиж шинжих гээ юү, аль эсвэл аливаа хүн амьдралаа хэрхэн тольдож ухамсарладгийг шинжсэн хэрэг үү? Та яг юунд зорьсон юм бэ?
Би цаг хугацаа хийгээд дурсамжийн тухай, цаг хугацаа дурсамжид хэрхэн нөлөөлдөг, хэрхэн өөрчилдөг, эргээд дурсамж цаг хугацаанд яаж нөлөөлдөг талаар бичихийг хүссэн. Мөн хэзээд итгэж үнэмшиж явсан амин чухал зүйлс чинь эндүү байсныг хожим нь олж мэдэж буй тухай энэ номд өгүүлдэг. Энэ талаар би нэлээд хэдэн жилийн өмнөөс бодох болсон юм, нас ахихаар ийм бодол ээрдэг ч байж мэднэ. Танд өөрийн гэсэн амьдралын дурсамж дуртгал бий, амьдрал тань хэрхэн өрнөсөн талаар гол төлөв өөртөө л хүүрнэдэг түүхүүд гэж бий. Тэгтэл өнөө түүхдээ үе үе эргэлзэхээс аргагүйддэг. Ямар нэг зүйл тохионо, хорь гучин жилийн тэртээх явдлыг хэн нэгэн сөхнө, ярьсан нь харин таны бодож итгэж явсантай зөрж орхидог. Би энэ тухай л бичих гэсэн юм. Харьцангуй богинохон зохиолд хэр өргөн сэдэв багтаасан тухай яривал - 150 хуудас ном шүү дээ - зохиолчийн ур ухаан тэгшрээд ирэхээр цаг хугацааны эвийг олохдоо арай дөмөг болдог шиг байгаа юм. Апдайкийн сүүлийн зохиолуудыг харвал - миний хүндэлж явдаг зохиолч - тэр бүхэл бүтэн амьдралыг зурвасхан хугацаанд багтааж чаддаг нь биширмээр шүү. За бас Канадын богино өгүүллэгийн мастер Элис Мүнро байна. Гучхан хуудсанд нэгэн амьдралыг цогцоор нь хүүрнэж чаддаг. Миний өмнөх зохиол бараг 500 хуудастай.
Та тэгэхээр хасаж танах дуртай юм шив дээ.
Тийм ээ, үнэн. Би чинь роман бичиж эхлээд, тэртээ хойно өгүүллэг бичиж эхэлсэн зохиолчдын нэг. Нэг талаар аятайхан санаа олдоогүй, нөгөө талаар өгүүллэг бичих хамаагүй хэцүү санагддагийнх л даа. Богино өгүүллэг бичихэд суралцсан маань романаа хасаж танах дуртай болгосон байх. Гэхдээ өмнө хэлсэнчлэн, нарийн ширийнийг нь дурдалгүй хэлэхэд, уг зохиолд Тони Вебстерийн олж мэдээгүй, мэдэж чадахгүй зүйлсийн талаар өгүүлдэг шүү дээ. Өөрийнх нь ой дурсамж, амьдрал, бодит байдалд үүссэн онож тэмтрэх аргагүй цоорхойн тухай гардаг болохоор зохиол богинохон болсон ч тал бий. Хэрэв түүний олж мэдээгүй бус, олж мэдсэн зүйлсийн талаар өгүүлсэн бол 250 хуудас болох биз.
Уншигчдад сонирхолтой, нууцлаг санагдаж мэдэх нэг зүйл нь, өгүүлэгч маань үнэн ярьж буй эсэх эргэлзээ, тийм үү? Мань хүн яг үнэн мөнөөр нь санаж байна уу, аль эсвэл өнгөрсөн түүхээ засаж залруулаад байна уу?
Бид энэ асуултыг амьдрал дээр өөрсдөөсөө асуух ёстой. Хүмүүс барагтай ингэж асуудаггүй шүү дээ, энэ тал дээр би ч ялгаагүй гэмтэй. Гэхдээ та мэднэ дээ, бид амьдралаа дурсаж хуучилдаг, чингэтэл хөгшрөх тусам хэлж ярьсныг маань гэрчлэх улс цөөрч, буруу зөвийг нь цэгнэж, маргах хүн ховорддог. Тэгэхээр худал хуурмагийн хана мөргүүлэх явдал гарч гэмээнэ тэр бол уг зохиолын эрчим, өрнөлийн нэг хэсэг.
Таны зохиол болгонд гардаг, бүтээлээ туурвих сэдэл төрүүлдэг зүйл чинь юу гэж үнэн үү? Юу л даа, таны өгүүлэхийг хүссэн түүх, үйл явдлаас гадна, та дандаа философийн ч гэмээр асуулт хөнддөг үү?
Аль аль нь чухал. Бодит, үнэмшмээр дүргүй бол роман бичиж чадахгүй шүү дээ, хэт онолын буюу хэт философилог болчихвол өнгөрсөн 50, 60 жилд франц зохиолын бий болгосон аюулд унах болно. Амт шимтгүй хуурай болчихно. Уншихад яг л бодит хүн шиг санагдахаар жинхэнэ, танигдахуйц дүр урлах учиртай. Гэхдээ үүнээс гадна, ертөнцийг бид хэрхэн ойлгодог хийгээд ертөнц угтаа ямар байдгийн ялгаа; өрөөлд хүүрнэдэг түүх хийгээд өөртөө хэлдэг түүхийн ялгаа гэх мэтийг би мэдээж хэрэг сонирхдог. Орос хэлэнд “Үзсэн юм шиг бурах” гэж сайхан хэлц бий, би нэг романдаа эпиграф болгон эшилж байсан юм. Ёстой овжин, мэргэн, үнэн үг чинь тэр дээ.
Сэтгүүл зүйд бас хэрэгтэй эд шив дээ?
Сэтгүүл зүйд ч, шүүхэд дуудагдсан гэрчид ч хамаатай, тийм шүү.
Сонирхолтой байна л даа. Та өгүүллэгийн талаар ярилаа, таны романуудыг ч мэднэ, гэтэл нууц нэрээр гэмт хэргийн зохиол бичсэнийг тань энэ шагналтай холбоотой уншиж судалж яваад л олж мэдлээ?
Тийм ээ, тэгсэн. Юм юм л оролдож үзсэн дээ.
Ёстой мэдээгүй шүү. Та бас хоолны тухай эсээний түүвэр гаргасан байна лээ.
Тэгсэн, тэгсэн. Нээрээ сая ярьж байсан сэдэвтэй уялдах юм байна. “Гал тогооны номчирхол” гэдэг нэртэй ном. Би чинь хэзээ хойно хоол хийж сурсан хүн. Багадаа заалгаагүй, хорь гарч байж л аргагүйн эрхэнд хоол унд аялуулж сурсан. Хэлэх нэг өөр, хийх нэг өөр гэсэн санаа - гял цал зурагтай хоолны жор болон гэртээ хийсэн хоол хоёрын ялгааны талаар бичсэн юм. Яг л секс хийх заавар, секс хоёр тэс өөр байдаг шиг. Алд дэлэм зөрөөтэй шүү дээ, зохиолч хүн...
Та арай энэ талаар бичих юм биш биз?
Би зохиолдоо мэр сэр бичиж л ирсэн, ахиад бичих нь ч эргэлзээгүй.
Зохиолд тань гардгийг мэднэ л дээ, гэхдээ яг гарын авлага.
Би мэдээж сексийн гарын авлага бичихгүй, үгүй дээ. Аз минь л харьчихгүй бол бичихгүй.
ОРЧУУЛСАН: Д. МӨНХХИШИГ