МЗЭ-ээс зохион байгуулдаг, утга зохиолын салбарын оны шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт, орчуулагч БАТСАЙХАНЫ СУВДДУЛАМ-тай уулзаж, шинэхэн бүтээл "ХАЙРЫН ДӨЧИН ДҮРЭМ" романы хүрээнд товч асуулцлага өрнүүлэв.
- Заа сайн л яваад ирэв үү? Нутгаасаа хэзээ ирэв? Хэрэг зориг юунд?
- Сайн явж ирлээ. Ирээд хэд хонож байна аа. Очиж ярилцлага авна шүү гээд өөрийг чинь айлгаад байхаар нь хүнд явдал чирэгдэл болоод яах вэ гээд хүрээд ирлээ ш дээ. :D Тоглосон юм. Урин дулаан байгаа дээр ээжтэйгээ золгож зээгийнх нь барааг хэд хоног харуулах гээд ирсэн. Жил шахам уулзаагүй найз нөхөд, ах дүүстэйгээ ч уулзах санаатай. Хөл хорионоос болоод Цагаан сараар ирж чадаагүй юм. Бас сүүлд орчуулсан хүүхдийн зохиолоо гаргачхаад явах бодол байсан ч энэ удаад арай л амжихгүй бололтой.
-Өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. Аль нутгийн хүн билээ? Ямар мэргэжитэй билээ? Яаж яваад уран зохиолын орчуулга хийх болов?
Миний бага нас алдарт Шаргын говьд өнгөрсөн. Эмээгийн эрх шар охин байлаа. Эмээтэйгээ өссөн болохоор үлгэрт дуртай болчихсон. Уран зохиолд дурласан минь тэндээс эхтэй. Том болохоороо ном уншаад цалин авдаг ажилтай болно гэж мөрөөддөг байлаа. Сурагч байхдаа уран зохиолоос гадна англи хэлний хичээлд гойд дуртай байж билээ. Тэгээд л Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Англи-Орос хэлний багшийн анги төгссөн. Уран зохиолоос илүү англи хэл ирээдүйтэй гэсэн ээж аавынхаа үгийг дагасан хэрэг. Тухайн үед дурамжхан байсан ч одоо бол баярладаг. Төгсөөд СЭЗИС ажилсан. Тэнд миний их сургуульдаа хичээл заалгаж байсан, хамгийн хайртай багш минь ажилладаг байсан юм л даа. Хайртай багштайгаа л хамт ажиллаж байвал юу ч хийсэн яах вэ гээд л яваад орчихсон хэрэг. :D Багшаасаа номын ном, хүний ном аль алиныг нь л сурсан даа. Хэдий хүсэл мөрөөдлөөсөө тэс өөр ажил эрхэлж байсан ч тэнд өнгөрүүлсэн жилүүддээ огтхон ч харамсдаггүй. Багш миний хүсэл мөрөөдлийг маш сайн мэддэг, дэмждэг байлаа. (Одоо ч хэвээрээ.) Тийм болохоор СЭЗИС-д ажиллаж байхдаа МОЭ-ээс зохион байгуулдаг Сонгодог өгүүллэгийн уралдаанд оролцож үзсэн юм. Хамгийн анх Оскар Уайлдын “Алтан гургалдай ба сарнай цэцэг” өгүүллэгийг орчуулж байлаа. Тэндээс л анх уран зохиолын орчуулга хийж чадах юм байна гэсэн итгэлийг олж авсан гэж болно. Түдэлгүй “Монсудар” хэвлэлийн газарт англи хэлний редактораар ажилд орсон. Ингэж л “ном уншаад цалин авах” мөрөөдөл минь биелсэн дээ. Өмнө нь зүгээр л уншигч байсан хүн редактор болоод нэг ном ямар олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтдэгийг нүдээр харж, биеэр туулж, маш их зүйлийг сурч авч билээ. “Монсудар”-т ажиллаж байхдаа хоёр ном (уран зохиолын бус) хамтран орчуулсан ч миний дотор бие даан уран зохиолын ном орчуулах хүсэл дүрэлзсээр л байсан юм. Харин 2017 онд “Тагтаа” хэвлэлийн газраас залуу орчуулагчдын дунд уралдаан зарлахад Америкийн алдарт зохиолч Рэй Брэдбэригийн “Африкийн онгон тал” өгүүллэгийг орчуулж шилдэг 5 орчуулагчийн нэгд багтсанаар “Тагтаа” –тайгаа хамтран ажиллах болсон. Ингэж л дотор шатаж явсан хүсэл минь биелж, дуртай ажлаа аз жаргалтайгаар хийгээд аж төрж байна даа.
-Африкийн онгон тал өгүүллэг одоо ч миний дотор түрүүхэн уншиж дууссан мэт тов тодхон байна. Монгол хэлэнд “мордохын хазгай” гэсэн хэлц бий. Миний мэдэх залуус дундаас “мордохоосоо л” шилээвэр, сайн бүтээл сонгож орчуулж эхэлсэн цөөхөн хүмүүсийн нэг нь таныг гэж боддог. Бүтээл сонголтоо буруу хийснээс олон залуу орчуулагчдын урам унтарч, тэгсгээд орхиж байгаа харагддаг. Таны хувьд орчуулгын бүтээлүүдтэйгээ ямар хувь зохиолоор хэрхэн учирч байв.
Рэй Брэдбэри бол миний хайртай зохиолчдын нэг. Анх “Фаренгейтийн 451 хэм” романыг нь уншаад л дуртай болсон доо. Шинжлэх ухааны зөгнөлт зохиол төрөлдөө яах аргагүй шидээвэр. “Африкийн онгон тал” –ыг нь орчуулахаар сонгосны шалтгаан нь тус зохиолын үйл явдал, өнөөгийн бидний амьдрал хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй болсныг анзаарч эмзэглэсэнтэй холбоотой. Хэт их хөгжил мөхөл дагуулдаг гэдэг хуудуутай үг ч биш байх аа. Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, хөдөлмөр хөнгөвчлөх зүйлс олширч, хэрэглээ нь улам бүр хялбаршиж, технологиос хараат болохын хэрээр хүн хоорондын харилцаа улам хөндийрч, халуун дулаанаа гээсээр л байгаа. Ээжийн зөөлөн энгэрийг хүүхэд бүүвэйлэгч орлочихдог болсон тийм л цагт бид амьдарч байна шүү дээ. Нэг ёсондоо Рэй Брэдбэригийн 1950 –иад онд бичсэн зохиол өнөөгийн нийгэмд биеллээ олоод эхэлж. Утга зохиолын ертөнцөд орох жимийг минь татаж өгсөн болохоор энэ өгүүллэгтээ хайртай. Номуудын хувьд “Тагтаа” –гийнхаа сонголтоор л орчуулдаг. Хэвлэлийн газар болгонд редакцын нэгдсэн бодлого гэж бий. Түүнээс биш хүн болгон дуртай зохиолоо барьж аваад орчуулчихна гэж байхгүй. “Тагтаа” –гийн хувьд орчин цагийн дэлхийн уран зохиолыг түүчээлж яваа сартваахиудын сор болсон зохиолуудыг сонгон хэвлэдэг гэдгийг уншигчид маань сайн мэдэж буй. Тэр шалгуурт нийцсэн зохиолуудын эрхийг авч, орчуулагчдадаа санал тавина. Орчуулагч тэдгээрээс өөрт таалагдах хийгээд орчуулж чадна гэснээ сонгодог. Ер нь орчуулах зохиол ч андашгүй л байдаг даа. Уншиж байхад л мэдэгддэг юм. Өөрийн эрхгүй л энэ өгүүлбэрийг ингэж буулгавал зүгээр юм, энэ үгийг ингэж оноомоор юм гэж бодогдоод эхэлнэ шүү дээ.
Монголд ер нь дан ганц ном орчуулаад амьдрах боломж хэр байдаг вэ? Бид бэлэн болсон бүтээлүүдийг нь л авч уншихаас цааш нь хувь орчуулагчийн ажил, амьдралын “хөнжлийн үзүүрийг” сөхөж байгаагүй юм байна.
Талх шиг зарагддаг биш, тулхтай уншигчийн тархи, зүрхэнд үлдэх ном гаргая гэж зорьдог хүнд тийм боломж бараг л үгүй. Яах вэ, хэд хэдэн ном гаргаад, тэдгээр нь тогтмол зарагддаг бол болно л доо. Гэхдээ тийм болтол овоо хэдэн жил шаардагдана. Ном бүтээнэ гэдэг асар их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил. Нэг ном орчуулах гэж наад зах нь хоёроос гурван сар болно. Хоёроос гурван жил болох ч явдал бий. Тэр хооронд амьдрал ахуйгаа залгуулах хэрэгтэй. Хүний хэрэглээ барагдах биш. Монголын зах зээл жижиг, оюуны салбарын үнэлэмж муу, уран зохиолын орчуулагчийн цалин хөлс бага гээд бэрхшээл бий бий. Гэхдээ би номын цагаан буян байдаг гэдэгт итгэдэг. Ном дагасан хүн нэг их уруу дорой амьдарч байхыг хараагүй. Ер нь явж явж хэдийг олоход бус, олсноо яаж зарцуулахад л учир бий. Миний хувьд номынхоо үр шимээр өөрийнхөө хэмжээнд хангалуун сайхан л амьдардаг. Мэдээж би өөр салбарт ажиллавал, эсвэл утга зохиолоос өөр чиглэлийн орчуулга хийвэл одоогийнхоосоо хамаагүй их мөнгө олж чадна. Гэхдээ тэндээс би аз жаргал мэдэрч чадахгүй. Хайрлаж дурладаг, өөрт үнэ цэнтэй зүйлээ хийнэ гэдэг л хамгаас сайхан.
- Янн Марртелын “Пигийн амьдрал” романы орчуулагчаас Элиф Шафакийн “Хайрын дөчин дүрэм” романы орчуулагч хүрсэн замд орчуулагчийн хувьд олон өөрчлөлт тохиосон байх. Бие даасан анхны бүтээл гэдэг утгаараа “Пигийн амьдрал” –ыг анхны хайр гэдэг шиг л халуун, өрнүүн сэтгэлээр бүтээгдэж. Дараа нь “Сайн уу, гуниг минь”, “Истанбул: дурсамж ба хот”, тэгээд “Хайрын дөчин дүрэм” гээд хойшлох тусам халуун, өрнүүнээсээ илүү туршлага дадал зонхилсон хөдөлмөрөөр бүтээгдэх нь элбэ болж байна уу? “Анхны хайрын” тэр нандин, ариун сэтгэл унтардаг юм байна уу? эсвэл.
- Хоёр өөр хүнд яг адилхан дурлаж болох болов уу? Үгүй л байх даа. Ном болгон дахин давтагдашгүй, цоо шинэ ертөнц. Тийм болохоор шинэ номтой учрах болгондоо сэтгэл догдолдог. Тэр нандин, сэргэг мэдрэмжээ алдчихвал дахиж ном орчуулахын хэрэг үгүй биз. Ур чадварын хувьд бол тэс өмнөө асуудал. Ямар ч зүйл хийгээд л байвал сайжраад л байна. Тэр л жамаараа яваа. Гэхдээ төгөлдөрших хаа ч байсан юм.
- Буддын сургаал болон Шинэ гэрээтэй харьцангуй танил монголчуудад Исламын ертөнц, Коран судар төдийлөн сайн танигдаагүй. Бурхангүй ч гэмээр үзэлтэй суфичууд тухайн цаг үедээ исламчуудад ихээхэн ад үзэгдэж байсан ч Румигийн ачаар танигдан хүндлэл хүлээж буй тухай романд өгүүлдэг. Романы сүсэг бишрэлийн өгүүлэмжийн талаар хуваалцвал?
“Хайрын дөчин дүрэм” хэвлэгдэж гарснаас хойш уншигчдаас олон захидал хүлээж авч байгаа. Азиз шиг л. :D Тэдэн дунд энэ номыг уншаад Исламын шашны талаар ихээхэн эндүү ойлгодог байснаа мэдлээ гэсэн хүмүүс хэд хэд байсан л даа. Зөвхөн манайхан ч гэлтгүй соёлжиж иргэншсэн гэгдэх өрнөдийнхөн хүртэл муслим хүнийг террорист мэтээр хардаг явдал түгээмэл. Ямартаа л исламын шашинтай залуу “Би муслим, гэхдээ террорист биш. Та итгэж байвал намайг тэврээч” гэсэн бичиг энгэртээ бариад гудманд зогсож байх вэ. Цөөн хэдэн хүний балгаар гэм зэмгүй олон ард түмэн гэлмэгддэг байх нь.Бидний дунд ч “муусайн лалууд” гэсэн хандлагатай хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ. Харин “Хайрын дөчин дүрэм” номын ачаар нэг ч атугай хүн хандлагаа өөрчилж, бусдын соёлыг хүндэтгэж байгаа нь сайн хэрэг. Зохиолч байхын нэг сайхан нь үүнд оршдог болов уу. Өөрийн шашин, соёл, уламжлалыг өрөөлд зөвөөр таниулах өргөн боломж тэдэнд бий. Элиф Шафак ч энэхүү боломжоо алдалгүй ашигласан хэрэг. Гэхдээ Исламын шашин л туйлын үнэн гэж бусад шашныг үл ойшоогоогүй нь магтууштай санагдсан. Анзаарвал Буддын шашны үзэл санаатай төслүү зүйлс ч нэлээд бий. “Бузар буртаг гадна өнгөнд бус дотоод сэтгэлд бий”, “Ад зэтгэрийг алсаас эрэх хэрэггүй. Тэр бол гэмгүй байхад тань гаднаас дайрдаг албин чөтгөр бус, таны дотор оршиж байдаг жирийн л нэг дуу хоолой” гэх мэт. Ер нь романд гарч буй сүсэг бишрэлийн өгүүлэмжийг Исламын шашны үзэл баримтлал гэхээс илүүтэй оршихуйн мөн чанар гэдэг талаас нь хүлээж авууштай. Тэгээд ч өөр өөр замаар л явдгаас биш угтаа бүх шашин нэг л зорилготой байдаг шүү дээ.
- Түрк хэлний утга зохиолоос Орхан Памукийн ном монгол уншигчдад хэдийн танил болжээ. “Хайрын дөчин дүрэм”-д өөр өөр дүрээс “би” өгүүлэмжтэй байгаа нь Орхан Памукийн “Миний нэр улаан”-тай төстэй ч гэмээр шугамаар өрнөж байгаа нь өвөрмөц байлаа. Таны хувьд тэдний онцлог ялгаатай талыг дурдвал уншигчдад сонирхолтой байх болов уу?
“Хайрын дөчин дүрэм” бол “зохиол доторх зохиол”. Өөрөөр хэлбэл “нэг сумаар хоёр туулай буудах” боломжийг уншигчдад олгож буйгаараа онцлог. Нэг талд хорин нэгдүгээр зууны Америкт аж төрж буй дөч эргэм насны гэрийн эзэгтэй, дэлхийг тойрон аялдаг зохиолч залуу хоёрын хүсэл шуналаас хэдийн ангижирч, зүрх сэтгэл, оюун санаагаараа холбогдсон нандин хайр, нөгөө талд арван гуравдугаар зууны Бага Азийн Коньяд амьдарч асан аугаа яруу найрагч, Исламын гүн ухаантан Руми, үнэн худал нь үл мэдэгдэх үүх түүхээрээ алдартай бадарчин дэрвиш Шамс хоёрын гал усан дундуур туучсан бат бөх нөхөрлөлийн түүх сүлэлдэн нэгэн цогц бүтээл болж байгаа юм.
Цаг хугацаа, орон зайгаар чөлөөтэй аялан, өнгөрсөн рүү ирж, буцах эрхийг уншигчдад өгч байгаагаараа сонирхолтой. Бас илүү яруу найраглаг гэж хэлж болно. Миний хувьд анх удаа шүлгийн мөртүүд орчуулж үзсэн. Бас л нэг шинэ сорилт болсон шүү. Өөр нэг онцлог нь “Хайрын дөчин дүрэм” романы бүлэг бүр нь Маснавитай нэгэн адил “Б” үсгээр эхэлдэг.
- Романы орчин цагийн шугамын гол баатар Элла гурван хүүхэдтэй, өнгөн талаасаа аз жаргалтай ч гэмээр амьдралтай. Эгээ л Анна Каренина, Бовари хатагтай шиг ганцаардсан, хайранд тэмүүлсэн бүсгүйн дүр шиг… “Хайрын дөчин дүрэм” эмэгтэй хүний бичсэн зохиол болоод ч тэр үү, тэр бүх эмзэглэлийг илүүтэй мэдэрч бичсэн ч юм шиг?
Өөрөө яг онож зүйрлэлээ. Элла, Анна Каренина, Бовари хатагтай аль аль нь л өнгөн талаас дүгнэхэд амьдрал нь тэгширсэн, аз жаргалтай эмэгтэйчүүд. Тэдэнд дутагдах гачигдах зүйл үгүй... Гэвч хэн хэн нь дотоод сэтгэлдээ ганцаардмал, хайраар дутсан хүмүүс. Ялгаа нь гэвэл Элла орчин цагийн эмэгтэй учраас нийгмийн зүгээс арай бага гадуурхал амсана. Анна, Бовари хатагтай хоёрын хувьд үнэн сэтгэлээсээ хайрласныхаа төлөөсөнд үхэхээс өөр аргагүй болдог шүү дээ. Бас Эллагийн дүр илүү энгийн. Амьдрал дээр Элланууд хаа сайгүй л таардаг. Гэвч Элла болгон Азизтай учирдаггүй болохоор аз жаргалгүй амьдралдаа хүлэгдсээр сэтгэлийн амар амгаланг олж чаддаггүй байж ч мэднэ. Элиф Шафак эмэгтэй болохоороо энэ бүхнийг илүү мэдэрсэн гэж бодохгүй байна. Ямар ч хүнийг мэдрэх нь зохиолч хүний ур чадвар байх. Эмэгтэйчүүдийг өөрсдөөс нь ч илүү мэдэрч бичдэг эрчүүд олон шүү дээ. “Анна Каренина”–г уншиж байхад эмэгтэй хүний ойлгомжгүй занг яаж ингэж мэдэрч гаргадаг байна аа гэж өөрийн эрхгүй дуу алдмаар болдог. Кундера байна. Бас л шар үс бостол бичдэг ш дээ.
ЯРИЛЦСАН: МӨ. БАТБАЯР