Тагтаа Паблишинг та бүхэнд чадварлаг орчуулагчдаа цувралаар танилцуулан орчуулгын болон хувийн уран бүтээлийнх нь талаар сонин сайхнаас хуваалцаж байна. Энэ удаад та бүхэнд танилцуулах орчуулагч маань Базаррагчаагийн Дэлгэрмаа. Тэрээр 2013 онд Монгол улсын их сургуулийг Утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцын эрхлэгчээр 2017-2019 онд ажиллаж байсан. Монсудар хэвлэлийн газарт байх хугацаандаа "Мөчрөн хүн", "Мэдрэмжийн цуврал" "Сонирхолтой амьтад" "Будда унтлагын цагаар" зэрэг хүүхдийн номуудын орчуулагч, редактораар ажилласан.
Мөн Б.Дэлгэрмаа маань Тагтаа Паблишингаас эрхлэн гаргаж, уншигчдын гар дээр тавиад удаагүй буй, Японы нэн шинэ үеийн алдартай зохиолч Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" бэсрэг романы орчуулагч билээ.
1. Орчуулсан номынхоо талаар товчхон танилцуулаач?
Японы зохиолч Саяака Муратагийн 2016 онд бичсэн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" зохиолд 36 настай Кейко гэх эмэгтэйн тухай өгүүлнэ. Амьдралынхаа тэн хагаст дэлгүүрт цагийн ажил хийсэн, нийгмийн тогтсон хэв маягаас гажууд "сондгой" амьдралтай Кейко гэр бүл, найз нөхдөөс ирэх нөхөрт гарч, хүүхэд төрүүлж, тогтсон ажил төрөлтэй болох гэх зэрэг шахалт шаардлагыг анхнаасаа л ойлгодоггүй байлаа... Эл зохиол 2018 онд англи хэлнээ орчуулагдаж олон уншигчдад хүрч, шилдэг орчуулгын зохиолуудын нэг болсон.
2. Энэ зохиолын юу нь хамгийн их таалагдсан бэ?
Өөрөөсөө асуудаг олон асуултад минь хариулж, амьдралыг харах өнцөгт шинэ зүйл нэмсэн.
Хүмүүс өөрийн амьдралаа шүүлгэж, шүүмжлүүлэхийг хүсдэггүй атлаа бусдыг бол хайр найргүй гоочилж байдгаа анзаардаг болов уу?
Номоо анх уншиж байхад амьдралтай минь тун ч ойр санагдсан. Уншсан хэн бүхэнд ийм мэдрэмж төрж мэднэ. Кейко өөрийн зүгээс хүүрнэх тул яг л буй биеэрээ Кейко болчихоод, дэлгүүрт ажиллаж буй мэт татагдан ордог. Бичлэгийн өнгө аяс маш товч, тодорхой атлаа үнэн хэрэгтээ маш "дэлгэрэнгүй" зохиол санагдсан. Бид бүгдээрээ л амьдралынхаа аль нэг үед олны дунд сондгойрч, гадуурхагдах, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх мэдрэмжтэй нүүр тулдаг байх.
"Дур зоргоороо амьдрахын тулд нийгэмтэй ана мана үзэлцдэг хүн түүнээс ирэх зовлон шаналалаа ч хүлцэх учиртай гэж би боддог. Хэрэв чадахгүй бол заавал урсгал сөрж тэмцэх хэрэггүй." гэж Кейко хэлдэг.
Аливааг эрүүлээр хардаг, амьдрах "гарын авлага"-аа дэлгүүрээс олсон, урсгалд хамагдаж одоогүй, хаана сэтгэл хангалуун байхаа мэддэг, хэзээ ч хэн нэгний амьдралыг шүүхгүй, хэнд ч түвэг удаагүй орон зайгаа хамгаалсан тэр “хачин жигтэй" эмэгтэй алив бүхнийг байгаагаар нь энгүүн хүүрнэсэн нь сайхан.
3. Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, сонирхолтой зүйлээсээ хуваалцаач.
Сар шинийн үеэр замд явж байхдаа зохиолоо уншиж эхэлсэн юм. Яаж шинэлснээ огт санадаггүй. Уншиж дуусаад цаас бал гаргаж ирээд шууд орчуулж эхэлсэн. Тэгтлээ татагдсан хэрэг.
Энэ миний анхны орчуулгын бүтээл. Тэгэхээр мэдээж туршлага бага. Нэг өгүүлбэрээ хэд дахин нягтлаад хэчнээн цагаар суусан ч цаг хугацаа хэрхэн өнгөрснийг мэдээгүй дууссан. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа ер ядарч, зүдэрдэггүй шүү дээ. Бас зохиолч нэрийн дэлгүүрийг дурайтал сайхан зураглан бичсэн ч өөрөө тэр газар оронд нь очиж конбинигийн уур амьсгалыг мэдрээгүй болохоор орчуулгадаа эргэлзсээр японд байдаг дүүгээрээ нэрийн дэлгүүрийн тухай нэмж зөндөө яриулсан даа.
4. Яагаад уран зохиолын ном орчуулах болсон бэ?
Багаасаа л унших дуртай байсан. Их сургуульд сурч байхдаа "Дараа өдрийн тэмдэглэл", "Нэг өдөр", "Ертөнцийн анир" гээд хэд хэдэн блог байнга уншсаар хэл усгүй атлаа уран зохиол орчуулах битүүхэн хүсэлтэй болсон. Сүүлийн хэдэн жилд надад хүчтэй нөлөөлсөн хэдэн хүний бичсэн, орчуулсан бүхнийг алдалгүй уншиж, бас хэлээ бага багаар сайжруулсаар жаахан дөртэй болж аваад, хүсэж явсан зүйлээ хийх боломж олдсон юм.
5. Уран зохиолын орчуулга бусад төрлийн орчуулгаас юугаараа онцлог вэ?
Бусад төрлийн орчуулга хийж үзээгүй учир сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ уран зохиол орчуулахад юу юунаас илүү монгол хэлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй юм болов уу гэж санадаг. Тиймээс монголоороо нэг ч гэсэн шинэ үг сураад хэрэглэхийг хичээдэг. Бас мэдрэмж, чин хүсэл сонирхол чухал болов уу.
6. Хамгийн дуртай зохиол, дуртай зохиолчийнхоо тухай хуваалцаач ?
Олон сайхан зохиол байдаг учир ийм асуултад хариулахад үргэлж хэцүү байдаг ч хамгийн дуртай зохиол маань Францийн зохиолч, нисгэгч Антуан Де Сэнт Экзюперигийн "Бяцхан Хунтайж".
7. Яагаад энэ зохиол бас зохиолчид дуртай вэ?
Насаараа нисгэгч явсан Антуанд яваагүй газар орон гэж үгүй. Тэнгэрт удаан нисэх тусмаа газар дэлхий түүнд илүү ойр болж үргэлж л амиараа дэнчин тавьж найз нөхдөө аюул ослоос аварсаар ирсэн зохиолч маань нэгэнтээ Сахарын цөлд осолдож амьд гарснаасаа хойш 10 жилийн дараа өөрөө чимэг зургийг нь зурж, бичсэн "Бяцхан Хунтайж" зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхдийн зохиол гэдэг ч үнэн хэрэгтээ энэ зохиолыг томчууд ч унших хэрэгтэй, тэдэнд л зориулсан шиг санагддаг. Ид шид мэт ийм зохиол бичсэн түүнд хайртай. Аливаа номыг амьдралынхаа аль цаг үед уншсанаас их зүйл шалтгаалдаг биз. Олон зүйлд итгэл алдарч, сайн сайхныг харах нүдээ хаа нэгтээ гээчихсэн, сэтгэлээ нээх хүнгүй явахад үгээр хэлэмгүй "дулаахан" энэ ном намайг зүгээр л жаргалтай нэгэн болгосон. Хэзээ ч "том хүн" бололгүй амьдарч чадна гэдэгт итгүүлсэн. Муу муухайтай тулах үедээ номоо дэлгэж хардаг. Үйл явдал нь хүүхдэд зориулсан атлаа, мөн чанараараа томчуудад ч, хүүхдүүдэд ч аль алинд нь зориулсан ийм зохиол бичиж, номдоо зориулж амьтай мэт чимэг зургуудыг өөрөө зурахыг хүсдэг.
"Юмыг сэтгэл зүрхний гүнээс л олж хардаг. Мөн чанар нүдэнд харагддаггүй. "
8. Уран зохиол танд юу өгдөг вэ?
Уран зохиолоос би чадлынхаа хэрээр сайн сайхныг авсаар л байна. Өдий хүртэл уулзаж нөхөрлөсөн хүмүүс, очсон газар орон, хийсэн бүхэнд минь уран зохиолын нөлөө бий. Ном бодол санаа, зүрх сэтгэлийг минь зүлгэж, өнгөлж, өөрт минь нээж байдаг. Аяндаа юмсыг олон талаас нь харж, ургуулж боддог нь л хамгийн чухал байх. Миний мэдэх уншдаг хүмүүс их уужуу дотортой "том зүрхтэй" санагддаг. Ямагт сайн уншигч байх юм сан. Уншиж байхдаа би аз жаргалтай, амьдрал минь гэгээ дүүрэн байдаг. Уран зохиолоос авдаг бүхэн минь энэ.
9. Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаач?
Тагтаагийнхаа сонголтоор нобелийн шагналт өмнөд Африкийн зохиолч Жон Максвилл Күтсигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" зохиолыг ойрын хугацаанд орчуулах төлөвлөгөө бий. Бас "Нью Йорк Таймс"-н 2017 оны шилдэг ном Мексикийн зураач Фрида Калогийн тухай зурагт номыг орчуулж, монгол хүүхдүүдэд хүргэх тухай эртнээс бодож яваа. Мөн зурагт номын зохиол бичиж, сайн орчуулгын бүтээлүүд гаргах хүсэлтэй байна.