Мө.Батбаяр: Би "Миний Дагестан"-ы дайны зохиол бичихийг хүсдэг
2019-05-15 Ярилцлага 3819

Тагтаа Паблишинг та бүхэнд чадварлаг орчуулагчдаа цувралаар танилцуулан орчуулгын болон хувийн уран бүтээлийнх нь талаар сонин сайхнаас хуваалцаж байна. Хамгийн эхэнд та бүхэнд танилцуулах орчуулагч маань Мөнхцолын Батбаяр. Утга зохиол судлаач мэргэжлээр МУИС-ыг төгсөж, өдгөө Өвөрмонголын их сургуульд магистрын зэрэг горилохоор суралцаж буй түүнийг авьяаслаг яруу найрагч, тун шаггүй орчуулагч гэдгээр нь олон хүн мэднэ. Мө.Батбаяр Тагтаа Паблишингаас зарладаг "Тагтаа" утга зохиолын уралдааны 2018 оны шилдэг яруу найрагч, 2017 оны шилдэг орчуулагч шагнал хүртэж байсан билээ. Олонх уншигчид түүнийг Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" туужийг хятад хэлнээс яруу сайхан монголчилсноор нь таньж буй биз ээ. 


1.  Та өөрийн орчуулсан Хятадын зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" зохиолын тухай яриач. Энэ зохиолын юу нь хамгийн их таалагдсан бэ?

Зохиолчийн бичлэгийн өнгө аяс маш их таалагддаг. Зохиолч бээр байж болох хамгийн энгийн, хамгийн түгээмэл үгсээр, илэрхийлж болох хамгийн товч өгүүлбэрээр энэ зохиолыг бичсэн. Энэ бол зохиолчдын тэр бүр туршаад байдаггүй, ялангуяа миний уншиж өссөн монгол зохиолчдын ор тас мартсан хүүрнэх арга барил. Усан уянга, дүрийн өсөлтөнд үл нөлөөлөх хуучин мартагдсан үгсийн цуглуулга биднийг дэндүү хол төөрүүлчихэж гэж бодогдсон шүү. Нөгөө талаар  хөдөө тосгоны тариачин өвгөн нэгэн насны “гашуун” амьдралынхаа түүхийг ярьж байна гэж бодоход хэзээ ч тийм олон үгтэй байхгүй болов уу. Тэгэхээр энэ маягийн дөрөв таван үгээс бүтсэн товч тодорхой өгүүлбэрээр бичсэн нь хамгийн зөв сонголт, зохиолчийн ухаан юм даа.

2. Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, эсвэл сонирхолтой зүйлээсээ хуваалцаач?

Хүн аливаа үйлийг сонь бураагүй, ид сонирхож хүсэж байгаа үедээ үйлдвээс илүү их сэтгэл зүтгэл, авьяас мэдрэмжээ зориулдаг юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл хэзээ ч махарч, ялархаж хийхгүй гэсэн үг. Тэгэхээр тийм нэг зөв цагийг анаж байгаад алдалгүй хийж бүтээж эхлэх нь зүйтэй юм уу даа гэж бодогдсон шүү.

3.  Яагаад уран зохиолын ном орчуулах болсон бэ?

Нэгдүгээрт надад боломж олдсон. Хоёрдугаарт тэр боломж миний хүсэл сонирхолтой нийцэж байсан. Гуравдугаарт миний чадах зүйл байсан.

4.  Уран зохиолын орчуулга бусад төрлийн орчуулгаас юугаараа онцлог вэ?

Уран зохиолоос өөр төрлийн юм орчуулж үзээгүй болохоор үнэхээр мэдэхгүй байна. Магадгүй хэлний мэдлэгийн хажуугаар хэлний мэдрэмж их шаарддаг. Механик зүйл маш бага байдаг байх.

5.  Орчуулгын бус уран бүтээлийнхээ тухай яриач? Яруу найргийн гурван ч номтой. Ер нь шүлэг, яруу найраг таны ертөнцөд ямархуу байр суурь, нөлөөтэй вэ? 

Уран бүтээлдээ баримталдаг өөрийн үзэл санаа, туршиж хөгжүүлэхийг хүсдэг хэв маягийн тухай яръя л даа. Үйл явдалтай яруу найраг манайд бараг устаад үгүй болчихлоо. Шинэ үеийнхэн ихэвчлэн тоочиж бичээд байгаа нь надад анзаарагддаг. Харин би үйл явдалтай, хүүрнэсэн яруу найргийг хөгжүүлэхийг зоридог. Жишээ болгоод нэг шүлгээ хэлье л дээ...

Цэв цээлхэн устай худаг билээ, чи
Цээжний чинь гүнээс би ус ховоодон татнам.
Сав бүрийнхээ хэлбэрт орж чаддаг ус аа гэж
Сэтгэл ийм байдагсан бол уу, юутай сайхан бэ.

Хүчилж татахгүй, цалгиулж болохгүй
Хөнгөхөөн хөвөөд л хөвөөд л
Тэрүүхэн зуур устай энэ ховоо
Тэнгэрт дүүлж байна даа гэж бодох ёстой.

Төдхөн тэгээд хүний гүний ус
Тэвэрт чинь ирэх болно.
Тонгойлгон хөнтрөхдөө дотроос нь чи
Тусгал дүрсээ олж харна вий.

Ангаж шунасан, эсвэл дээдлэн хүртсэн
Аль ч байж мэднэ, чи л ганцаараа харна
Хайр гэдэг дүрийг чинь л ойлгож чамд харуулах
Хагсаа тайлах ховоо дүүрэн ус билээ.

Миний яриад байгаа санааг дээрхи шүлгээс харж болно. Би чамд хайртай, чи минь надад хайртай биз дээ гэдэг ийм илэрхийлэл надад таалагддаггүй. "Би чамд хайртай" гэж хэлэхийн тулд заавал яруу найрагч байх шаардлагагүй. Дээр нь манай бүх дэлхийн яруу найрагт бурхны байр суурь шиг дээрээс харж бичдэг яруу найрагч алга болчихлоо гээд судлаачид бичээд эхэлсэн нь үнэний ортой гэж боддог. Бурханы байр суурь гэмээр маш өндөр дээдээс биднийг ажиж, хандаж буй мэт бичдэг хамгийн жишиг болохуйц нь миний хувьд Тагүр байлаа. Тэр яг л Гималайн оргил дээр суучихаад эргэн тойрноо ширтэж буй мэт сүрлэг дээд яруу найргийг бүтээсэн.

Жаахан дөхөм болгож тайлбарлахын тулд үндэснийхээ яруу найраг дээрээ жишээ авъя л даа. Б.Явуухулан, за хамгийн ойрын жишээ авъя Ц.Бавуудорж ах. Тэр дэлхийг өрнө, дорно гэж жин дээр тавиад өөрийнхөөрөө нээх гэж нилээд үзсэн. Зарим талаараа нээсэн ч байх. Өрнийн зовлон жаргал юу вэ, дорнынх юу вэ? Өрнийн сайхан нь юу вэ, муухай нь юу вэ? Энэ хоёр хоорондоо яаж эвлэж, яаж эвдэрдэг юм гээд л нилээд дээд байр сууринаас харсан нь ажиглагддаг. Гэтэл манайд одоо бурханы биш хүний байр суурьнаас дандаа бичиж байна. Юуных нь өрнө дорно, тийм юм мэдэх ч үгүй. Өөрөө л хэн нэг охинд хаягдаад үхэх гэж яваагаа уйлагнан бичдэг болсон. Нөгөө нэг хэсэг нь хайртай мориныхоо тухай морины цол шиг урт уянгалсан юм бичиж суудаг. Энэ чинь тэр хүн хаана зогсоод бичиж байна гэдгийг илтгээд байгаа юм. Өндөр дээдээс харж бичих тийм яруу найрагч ховордсон нь хүн гэдэг энэ амьтан энэ зуунд ч юмуу дордож уруудаж байгааг ч илтгэж байж болох юм. Бид жаахан л дээрээс харвал өрнө дорно гэж ялгаж харахгүй юмаа гэхэд өөрийн чинь энэ монгол үндэстэний хэдэн хэсэг тасарч бутарсан гашуун зовлон тосоод мэлтэгнэж байна. Яг л хойшоо давахаар байгаль далай тосон цэлэлзэж байдаг шиг урагшаа хил гаруут говийн өмнөх их тал нутаг нулимстай нүдээр ширтэж буй мэт мэлтэлзэж байдаг шиг. Миний хувьд энэ бол ямар ч яруу найрагчын нэг хүүхэнд хаягдсан хувийн гуниг шаналал, нус нулимснаас хамаагүй эрхэм үнэтэй шаналал. Энэ бол монгол гэдэг үндэстэний шаналал. Би улс гүрнийхээ энэ л хувь тавиланг бичнэ гэж өөрийгөө бэлтгэдэг. Тиймийн тулд өшөө их мэдлэг боловсрол, “сууж бичих” өшөө өндөр оргил надад хэрэгтэй.

 6.  Хамгийн дуртай зохиол, зохиолчийнхоо тухай хуваалцаач?

Дуртай зохиол Расул Гамзатовын “Миний Дагестан”. Хүндэлдэг зохиолч Гүржавын Нямдорж.

7.  Яагаад энэ зохиол, бас зохиолчид дуртай вэ?

“Миний Дагестан” бол миний баримталдаг үзэл санааны толь болсон бүтээл. Уулын тэр жижигхэн үндэстний тухай “Хотол төгөлдөр” илэрхийлэл. Би ийм зохиол бичихийг хүсдэг. Бас энэ зохиолыг орчуулсан хүний дайны орчуулагч болох сон гэж хичээдэг. Хэрэв зохиолч, орчуулагч гэсэн сэтэр зүүхэд хүрвэл Миний Дагестаны дайны зохиол бичсэн цагтаа, Миний Дагестаны дайны орчуулга хийсэн цагтаа түүнийг хүлээн зөвшөөрнө.

Гүржавын Нямдоржид яагаад дуртай юм бол доо. Өөрөө ч гэнэт мэдхээ байчихлаа. Хүн ер нь өөртэйгөө төстэй адилавтар зүйлийг таашаадаг даа. Үүнтэй л холбоотой болов уу даа. Мөн л миний дотроо бодож явдаг зохиолын эн Гүр.Нямдоржийнхоос харагдаад байдаг.

8.  Уран зохиол танд юу өгдөг вэ?

Миний ойлгодогоор бол ямарваа нэгэн ажил, мэргэжил, хобби бидэнд өгдөг гэхээсээ илүү бид шанаганыхаа хэмжээгээр хутгаж авдаг байх. Бид юу хүсэж байгаагаас шалтгаалаад түүнийгээ “олборлон” гаргаж авдаг гэх юм уу. Зарим хүмүүс уран зохиолоос нэр төр, зарим нь мөнгө олж, зарим нь хоосон хоцорч байгаа нь харагддаг. Тэгэхээр хувь хүнтэй илүү хамаатай зүйл юм уу даа гэж ойлгодог. Уран зохиолын замаар явж байгаагийн хувьд одоо надад байгаа бүх зүйлээ би ямар нэгэн хэмжээгээр үүнтэй холбоотой олж авсан. Хайртай хүн чиг, өстөн дайсан чиг  уран зохиолын л нөлөөгөөр надтай учирсан. Хааяа бодохоор миний оршихуй, амьдралын юм бүхэнд гар дүрээд байдаг ядаргаатай ч гэмээр зүйл шүү.

9.  Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаач?

Хятадын өнөө цагийн хоёр алдартай эмэгтэй зохиолчын “Авга ах” “Цасан хөшиг” бүтээлүүд өнөө маргаашгүй уншигчдын гарт очиход бэлэн болоод байна. Хятадын зохиолчдын эвлэлийн хэвлэлийн хорооноос шүлгийн маань түүврийг 2020 ондоо багтаж гаргахаар төлөвлөгөөнд ороод орчуулагч нараа сонгоод байж байна. Мэдээж хүссэн хүсээгүй хүүрнэл зохиол руу орно гэдэгтээ итгэлтэй байгаа.

Түр хүлээнэ үү...
Top