ЧИБИ ҮХСЭН ӨДӨР БУЮУ ТҮҮНИЙ СҮНСИЙГ ЭРГЭЖ ИРЭХГҮЙ БОЛТОЛ ТОНИЛГОХОО ШАХСАН БАС НЭГ ӨДӨР
2021-11-15 Tagtaa Review 929

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч 
Доржзовдын Энхболд

***

Маргааш нь мартагдахаа шахсан Октябрийн хувьсгалын 104 жилийн ойн өдөр болох байв. Харин тухайн үед хуанлийн ердийн л нэг зургааны үдшийн 21 цаг өнгөрч байсан үе л дээ. Яг энэ мөчид миний бие зүүмээр Австрали, Япон, Европ, АНУ, Улаанбаатар, Сөүлд суугч залуустай ярилцах учиртай байв. Яриаг Токиогийн Гадаад хэлний Их сургуулийн монгол хэлний багш Цогбадрахын Ганцэцэг эхлүүлэв. 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Японы Шовагийн их сургуульд мастер хамгаалсан маш товчхон намтартай бүсгүй. Энэ шавилхан бүсгүйн “Чиби үхсэн өдөр” нэртэй өгүүллэг ТАГТАА РЕВЬЮ сэтгүүлийн эхний дугаарт хэвлэгдээд удаагүй байв. Ярилцлага чухам энэ өгүүллэгээр эхэллээ.

Би:
-Тийм, тийм уншсан, нэг жижиг нохой үхсэн тухай өгүүллэг байсан даа. Чиби нэртэй тийм ээ?

Ганцэцэг:
-Тийм ээ.
-За тэгэхээр ийм юм л даа...

Ийнхүү би нохой үхвэл монголчууд яадаг тухай бараг хорин минутын лекц уншчихлаа. Ярьж байхдаа “Ингэхэд ЧИБИ нээрэн яаж үхлээ” гэж бодогдож байна шүү. Харин тэр маань бодол биш сэрэхүй байсныг зүүмийн дараа мөнөөх сэтгүүлийг сөхөж уншаад ухаарсан юм. Энэ ухаарлынхаа тухай хэрэв ингэж сэхээрч чадаагүй бол хөөрхий ЧИБИ-г хэрхэн эргэж сэхэхгүй болтол тонилгох байснаа эргэцүүлж бодоод хирт хийсэн тухайгаа энэ эргэцүүлэлдээ өгүүлэхийг зорилоо.

Юуны өмнө би ямар их хэнэггүй болсноо Ганцэцэг дүүгийн өмнө хүлээж түүнээс уучлал гуйх учиртай юм. Уучлаарай, Ганаа дүү минь. Намайг бараг хорин минут нохойн үхлийн тухай цуурч байхад “Үгүй ээ ах аа тэр маань ийм учиртай л даа” гэж яриа таслаагүй Ганаа дүүгийн харилцааны соёл, хүнд хандах хандлагад талархаад баршгүй.

Ийм шинэ үе өсөж бойжоод, шаардлага өндөр их сургуульд багшлаад явж байхад миний байгаа царай даанч яав даа гэж өөрийгөө сэтгэлийн эрүү шүүлтээр орууллаа. Ганц үзэгдэлт энэ жүжиг хэрхэн тавигдсаныг одоо товч хүүрнэе. “Чиби үхсэн өдөр”-ийг би уншаагүй биш уншжээ. Юуны өмнө зохиогчийн товч намтрыг харсан нь лавтай, тэгээд тархинд “Японд амьдардаг хүүхэд байна. ЧИБИ нь япон амьтны нэр байна. Тэр нь мэдээж хүнд хамгийн ойр байдгаараа нохой л байх нь.” Ингэж таамагц цаашаа үсрээд үсрээд явчхаж байна. Заяа гэж эгчмэд бүсгүйн үнээ саадаг хэсэг байна. Гэтэл тэнд бас ТЭР үнээ саадаг бас тарвага өвчдөг. ТЭР бол Заяа байна. /Бас л таалт/ Хөдөөгийн хүүхнүүдэд тарвага өвчих асуудал биш. Ингээд ЧИБИ гуравдугаар сарын гурванд үхлээ. ЧИБИ-г үхсэн өдөр дээр охины хуанли яг зогсов. Тэр өөрчлөхийг, өдрүүд цааш урсахыг зөвшөөрсөнгүй. Тэр охин бол хотын зөрүүд охин. Маш зөрүүд. Аргалд явуулахаар нь дандаа нойтон аргал түүнэ. Усанд явуулахаар нь голын эрэгт өдөржин хэвтчихнэ. Нэг үгээр тэр өөрийн БИ-г тунхаглан БИ-гээрээ амьдарч байгаа нь тэр. Хөдөөгийн амьдралд дасгахаар ээж нь түүнийг эмээ рүү нь явуулсан хэрэг. Заяа гэдэг маань охины нагац эгч. Гэтэл тэнд нэг ТЭР бас байх аж. Тийм бүдэг ТЭР-ийг би огт анзаарсангүй, дэвхрээд явчхаж. ТЭР охинтой дотносож, юүхэн хээхэн ярьдаг төдийгүй бүр нэг удаа:

-Надад миний сайн хүн байгаа юм чинь.
-Чиний сайн хүн хэн юм бэ?
-Чи л ганцаар түүнийг танина гэж хүртэл ярилцана.

Тэдний энэ яриа ч миний оюун ухааны хаа нэгтээгүүр нисээд гараад явчихжээ. Яг л зөгий шиг. Эсвэл бүр ялаа шиг ч юм уу. Тэгээд би ТЭР-ийг ЧИБИ-г үхтэл анзаарсангүй. ЧИБИ-г үхэхэд охин аманд нь наранцэцэгийн үр зуулган оршуулав. НАРАНЦЭЦЭГ. Учир нь охин зөрүүд ахуйдаа хонинд явна гэж зүтгэсээр явсан боловч хонь руу нь боохой бэлтрэгүүдээ дагуулан орж байгааг мэдсэнгүй. Эх боохой нэг ч хонь барьсангүй, харин бэлтрэгүүд нь хонь барих сургууль хийж дөч, тавин хонь гэмтээжээ. Хонинуудын шарх руу батгана ажлаа хийж, одоо охин хониныхоо өттэй тэмцэлдэх болов. Нэг үгээр өөрийнх нь бахархалт БИ тэр өдрөөр төгсгөл болсон хэрэг. Ингээд ЧИ үлдэв. Гэтэл ЧИ-гээс захиа ирсэн чухам тэр өдөр ЧИБИ үхжээ. Банхар нохой үхэж, түүний аманд нагац нь шар тос зуулган сүүлийг нь дэрлүүлж нутаглуулсан, тэр одоо хүн болсон гэж ТЭР буюу ЧИ захиандаа бичсэн байж. Тэгээд л ЧИБИ үхэж байна. Тэд өмнө нь ЧИБИ байсан бол тэр мөчөөс НАРАНЦЭЦЭГ болж ургана. Огт өөр ургамал. Охин хуанлигаа өөрчлөөгүй нь наранцэцэг ургахыг л хүлээж байжээ. Одоо охин аргалд явбал илүү хүнд, нойтон баас хамж мөрөө холгохгүй болсон байж ч мэдэш.

Ийм л түүх. Зүүмд миний тавьсан ийм л богинохон жүжиг. Одоо би энэ жүжгийн төгсгөлийн оргил цэг рүү явж байна. Ганцэцэг ээ, миний дүү хэнэггүй, их зантай ахыгаа уучилж өршөө. Басхүү миний гүн талархлыг хүлээж аваарай.

Тархи сэтгэлд үүсэж, зузааран төлжиж байсан хүйтэн МӨС-ийг ЧИБИ үхсэн өдөр ингэж хайлууллаа.

Баярлалаа. Хэрэв чи надад ингэж ойлгуулаагүй бол би олон олон ЧИБИ-гийн сүнс сүлдийг төөрүүлэх байснаа мэдэрч, гэлмэртэн цочлоо. Цочиход мянган эс сэргэдэг гэдэг сэн дээ.

 2021-11-06

Түр хүлээнэ үү...
Top