Тагтаа паблишингаас "Tagtaa Review" утга зохиолын улирал тутмын сэтгүүлийг эрхлэн гаргаж, анхны дугаараа энэ намар уншигчдадаа хүргэсэн билээ.
Редакцын зурвас
Тагтаа Хэвлэлийн Газар байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний уран зохиолын хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний уран зохиолын хойч үеийг дэмжих, залгамж халааг бэлдэхийн тухайд үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулж ирсэн билээ. Уншигчдын уран зохиолын боловсролыг дээшлүүлэх тал дээр өөрсдийн сонголтоор жишиг тогтоож, дотоодын зохиолчдодоо ч дэлхий дахины уран зохиолын урсгал, хөгжил, хөдөлгөөнөөс хоцрохгүйгээр унших, туурвих, өрсөлдөх боломж олгохыг зорьж бүтээсэн олон арван ном, бүтээл маань үүний бэлээхэн жишээ.
Мөн бид залуу уран бүтээлчдэд уран бүтээлээ тууштай туурвих бололцоо өгөх, зохиол бүтээлийг нь олон нийтэд хүргэх, уран бүтээлчийн хувиар өсөж хөгжих боломж олгох, цаашлаад өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах олон талт зорилготой Taгтаа-Утга зохиолын шагналыг хоёр жил тутамд зохион байгуулдаг болсон нь эдүгээ утга зохиолын салбарын залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ.
Дээр дурдсан олон зорилго, хүсэл тэмүүллийн маань бас нэгэн бодит биелэл нь эдүгээ таны гарт буй энэ сэтгүүл билээ. Улирал тутамд хэвлэгдэх энэхүү сэтгүүлээрээ бид уран бүтээлчдэд бүтээл туурвилаа уншигч олон нийтэд хүргэх томоохон талбар бий болгож өгөхийг юун түрүүнд зорилоо. Мөн зохиолчид, уран бүтээлчдэд бие биеэсээ суралцах, өсөн хөгжих, бүтээлч өрсөлдөөн өрнүүлэх боломж нээж өгөх нь бидний хоёр дахь зорилго байв. Эцэст нь утга зохиолын салбарт мэргэжлийн редакцын шалгуур, шүүлтүүр, бүтээлч ажиллагааг нэвтрүүлэн уран бүтээлчдэд бүтээлийнхээ чанар чансааг дэнслэх боломж олгох, дэлхий дахинаа хэдий нь тогтсон энэ жишгийг уран зохиолын ертөнцөд соёл болгон төлөвшүүлэх эрхэм зорилгыг өмнөө тавьсан билээ.
Ийнхүү хэтийн хэргийг бэлгээр санахдаа цагийн цөвүүнийг зоригоор сөрөн эхлүүлсэн Tagtaa review маань The New Yorker, Tinhouse, Granta, Ploughshares, Paris Review, The Iowa Review, The New England Review, Georgia Review гэх мэт дэлхийн уран зохиолын өнгө төрхийг тодорхойлогч томоохон сэтгүүлүүдийн нэгэн адил утга зохиолын үнэ цэн, чанар чансааг өөрийн нэрээр батлан даасан, улам өргөсөн, урт удаан жилийн настай, жинхэнэ мэргэжлийн утга зохиолын сэтгүүл болохын зэрэгцээ үндэсний уран зохиолоо дэлхийн уран зохиолын ай савтай нэгтгэхэд нэгэн урсгал болон зам гаргаж, жим татаасай хэмээн ихэд хүсэж басхүү итгэж анхны дугаараа мэргэн уншигч таны өмнө мэхийн дэлгэлээ.
Эрхлэгч Батсуурийн Баясгалан