ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Энэ удаагийн дугаартаа бид зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяагийн шинэхэн хэвлүүлсэн “Морин уруул" романыг онцгойлж байна.
*Нийгмийн шилжилтийн эгзэг, цаг үеийн тохироо таарсан уу, авьяас нь халгисан хэсэг залуус уран зохиолын ертөнцөд адуу шиг нижигнэн орж ирсэн нь 90-ээд он. Дурсахад байтугай дам сонсоход ч сайхан энэхэн үеийнхний түүх цааш үргэлжилж, тэд эдүгээ бичгийн амьдралд буйраа улам бат зассаар шүлэг дуудаж гүйлддэг дэврүүн он жилүүдээ тулхтай хүүрнэлчдийн үеэр сэлгэж эхлэж байна уу гэлтэй. Ерөөд оны цовоо шүлэгчдийн дундаас буурьтай романчид болон, хүүрнэл зохиолд ч дараа үеээ үлгэрлэх болов уу хэмээн хэрдээ найддаг хүмүүсийн маань нэг саяхан шинэхэн романаа уншигчдынхаа гарт тавьжээ. Цэнд-Аюушийн Буянзаяа хэмээх эрхмийн “Морин уруул” романы тухай уншигчийн бяцхан тэмдэглэл сийрүүлэхүйн үүд энэ болог.
Бидэнд ойлгогдож заншсан романуудаас ялгаатай нь Ц.Буянзаяагийн эл роман Дэгмид хэмээх багийн эмч өвгөнийг бараадсан ганц л гол дүртэй, түүнийг тойрсон элдэв ээдрээ зөрчилтэй адал явдал бус, их энгийн аахар шаахар үйлүүдэд хөтлөгдсөн тун “зовлонгүй” өгүүлэмжтэй юм. Роман эхлэхэд өвгөн Дэгмид уналгын хүрэн морио хөтлөн элдвийг бодлогоширч яваад гэнэтхэн боссон их салхинд ороолгож, нэмээд бас салхин дунд хуйлран шуугиад өнгөрсөн юу нь эс мэдэгдэх галт амьтныг олж үзэж байна. Хачин тэр үзэгдэл дотроос нь гарч амжаагүй байтал ойрхон байх “нинжа” нарын отгоос хоёр ч хүн гэмтсэн тухай дуудлага ирнэ. Өвгөнийг очиход “нинжа” нарын хоёр нь шороон шуурганы үеэр алтны цооног руу унаснаасаа хойш ямар нэг том шувуу хуйлран ирж өөрсдийг цохиж унагасан тухай элдвийг дэмийрэн, халуундаа шатаж ахуй. Эндээс зохиолч уншигчдадаа байгаль дэлхийн зүй зохирол, оршихуйн нууц, түүнийг эвдэн сүйтгэгч хүн гээчийн ёсон бус үйлдлүүд эцэстээ энэ мэт учир битүүлэг “сануулга, өш авалтын” үүтгэл болоод байна уу гэж сэжиглэх үндсийг өвгөн Дэгмидийн толгойд эргэлдэх элдэв бодол эргэлзээгээр дамжуулж өгнө.
Зохиолчийн байгаль дэлхийгээ гэх эмзэглэлийг сэндийчигчид нь гагц нинжа нар бус, ойр зуураар эргэлдэх хулгайн анчид, элдэв адал сонинд итгэн уул усыг нь амгалан байлгахаа больсон явуулын улс, газар нутгаа харийнханд худалдсан эрхтэн дархтанууд, ерөөс өдгөөгийн бидэнд хэдийнээс танил, нийгмийн ужиг муухай бүхэн. Эндээс зохиолын гол санаа чухам байгаль дэлхийн ариун дагшин байдлыг сахин хамгаалах үзэл санаанд чиглэгджээ хэмээн таамнаж болохоор.
Энэ санаагаа тэрбээр дээр өгүүлсэн ер бусын үзэгдлүүд, битүү дохиогоор эхлэн түүнээс улбаалсан элдэв тайлагдашгүй үзэгдэл сэлтээр баяжуулж уншигчдаа овоохон түгшүүр, адал сонины хүлээлтэд умбуулна. Цааш өгүүлбэл, нутгийн уулнаас ундаргатай голын эхэнд луу ичдэг гэх яриа газар авснаас түүгээр лууны яс хайн холхигчид олширч, лууны мөр харсан хүний буян хишиг дэлгэрдэг гэх цуугаар явуулын улсын хөл тасрахаа больжээ. Тийм улсын нэг нь бас л халуурч солиорсон байртай Дэгмидтэй золгосон нь лууны мөр харах гэж сониучирхаж явсан нэгэн гэр бүлийн бэр хүүхэн. Тэр Дэгмидийн үзсэн шиг галт амьтан харсаар байтал хад руу шургалж ороод хойноо цогшсон улаан тэмдэг л үлдээсэн гэж мэтгэнэ. Ийнхүү ой тоонд ч багтамгүй жигтэй явдлууд нүдэн дээр нь өрнөөд эхлэхээр өвгөн Дэгмид элдэв шинжлэх ухаанч байр сууринаасаа эрхгүй ухарч, алив юмсын боломжтойд итгэгч, ертөнцөд биежин үзэгдэгч, мэдрэгдэгч бүхнийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн онч ухаанаар тайлж тайлбарлах боломжгүйг сэтгэгч ихээхэн агностик үзэлтэй нэгэн болж хувирна.
Ганц гол дүртэй, тэр нь ер бусын агностик үзэлтэй болохоор хажуухандаа амьдрах Долзод хэмээх таван хөвгүүнтэй ганц бие авгайг хүртэл ихээ домоглон бодож, их гурвынх нь эцэг тодорхой, сүүлийн хоёрынх нь эцэг чухам хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байтал авгай өөрөө отгон хүүгээ “Тэнгэрийн хүү” гэж хэлсэн, тэгээд ч тэр “тэнгэрийн хүү” ах нартаа ад шоо үзэгдэхийн эрхэнд ганцаар гал таслан голын өөд зожигрон амьдрах болсон зэргээс үзвэл Алунгоо эхийн домогтой яв цав нийцэж байна хэмээн бодол ургуулж, Долзодын бага хүү хэрхэн өсч, шар гэрлэн эцгээс биежсэн Боданчар мунхаг Монголын алтан ургийн их хаадын дээд яс болсон лугаа чухал үүргийг ертөнцийн түүхнээ бүтээн, цаашлаад дээр өгүүлэгдсэн элдэв битүү таамгийг тайлж өгөх бол хэмээх давхар хүлээлтэд уншигчдаа урина.
Даацтайхан роман эхлэхэд хангалттай учир шалтгаан, үзүүр сэжүүр мөнөөс мөн. Гэвч романы үргэлжлэл уншигчдын энэ их хүлээлтийг алин бээр ч тайлахгүй бөгөөд тайлах гэж анхнаасаа оролдох ч үгүй, эхэнд өгүүлсэн үйл явдлуудаа зохиолч дундаа ороод онхи мартчихав уу даа гэмээр жигтэй хөвөрнө. Товчхондоо бол “Морин уруул” романы ихэнхийг Дэгмидийн социализм ардчиллыг зэрэгцүүлсэн элдэв бодрол, бага залуугийн хайр сэтгэлийнх нь дурсамж, өдөр тутмын аахар шаахар ажил, эмчилгээ домчилгоог тойрсон бага сагахан хэрүүл зөрчил, Монголчуудын аж төрөх ёстой холбоотой тоо томшгүй эргэцүүлэл эзэлнэ. Энэ романд үйл явдал гэж буй аваас тэр нь чухамдаа Дэгмидийн бодол, дурсамж хоёр дотор л өрнөх аж.
Би вээр зохиолч Ц.Буянзаяаг эх орон, элгэн садан, нутаг нуга, үндэс угсаандаа их хайртай, энэ нийгмийнхээ элдэв муу муухайд ихээхэн шаналж явдаг, тэр шаналлаа энэ романдаа ёстой л нэг харамгүй юүлж авъя гэж зорьсон хүн юм болов уу гэж бодмоглоно. Романд социализм ардчиллын зөрүү, капитализмын хор хөнөөлөөс авахуулаад байгаль цаг уурын өөрчлөлт, шашин номын буруу суртал, хүн амьтдын хувьсан буй араншин, тэрбүү хэл шаазан арслан, зоосон мөнгөний хэрэглээ гээд л Монголчууддаа захих, сануулах гэсэн бүхнээ бичээч нь зохиолынхоо өрнөл хэсгийг алгасан байж, сэтгэлээ онгойтол хуучилжээ. Бараг хорин бүлэг дамнасан өвгөн Дэгмидийн бодролыг роман гэхээс илүүтэй цуврал эсээ, тэмдэглэл гэмээр ч юм шиг.
Басхүү, зохиолч гол дүрдээ бодох эргэцүүлэх эрх чөлөөг хэтэрхий сул тавьж өгсөнөөс романыхаа үндсэн шинжийг нугалуулаад зогсохгүй, хөдөөгийн цөлх өвгөний хаа нэгтээх сонины тасархай, араажавын нэвтрүүлэг, дам яриа сэлтээр баяжуулсан барагтайхан оюун дүгнэлтүүдийг бүтээгч өөрийн байр сууринаас зангидаж, эмхэлж өгөхөө мартчихсан юм уу гэлтэй санагдсаныг нуух юун. Чингэхүй зохиолчийн ертөнцийг үзэх үзэл мөнхүү багийн эмч өвгөний хар ухаанаас нэг их хальж дээшлээгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Ийн романы голыг босгосон олон арван бүлэг эргэцүүллийн эцэст зохиолч эхэнд дурдсан өнөөх жир бусын үзэгдэл, тохиолуудаа хүн хүний санааны ертөнц өөр тул, тэр ертөнцдөө юу ч харж, төсөөлж болно гээд л тайлчихаж. Бидний хүлээж байсанчлан байгаль эх элдэв араншин үзүүлж сануулга дохио өгч эхлэлээ гэж бодсон нь уншигчдын санааны ертөнц дэх уран төсөөллүүдийн нэг болж таарлаа. Долзодын бага хүүгээс ямар нэг шийдэл хайн номынхоо хуудсыг удтал тэвчээртэйгээр эргүүлж асан маань ч миний санааны ертөнц дэх дэмий төсөөлөл байв. Тиймээс романд анхнаасаа ямар ч зорилгогүй шургуулагдсан Долзод хэмээх ганц бие авгай, түүний хөвгүүдийг бие даасан дүр гэхээс илүүтэй зохиолын доторх сул иргэд гэвэл зохилтой. Эдний гэр бүлийг цугааранг нь романаас "нүүлгэчихэд" уншигчдад юу ч үгүйлэгдэхгүй, романы "үйл явдал"-д ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэвч тэднийгээ нүүлгэчихээр эл романы нүд нүүргүй хавсарга тавьж, заримдаа овоохон цэлмэж, уулнаас эхтэй голын эрэг дээр нь морин уруул ургасан зэлүүдхэн нутаг дэвсгэр дээр өвгөн Дэгмид, уналгын хүрэн морьтойгоо л торойн үлдэж байна. Чингэхээр романы үйл явдал гагц өвгөний бодол дотор өрнөх нь ч аргагүй мэт ээ.
Гэвч энэ бүхний эцэст би вээр Ц.Буянзаяагийн “Морин уруул”-ыг чухам байгаль дэлхийн ариун дагшин төрхийг сахин хамгаалах үзэл санаанд чиглэгдсэн зохиол хэмээн бодсоор хоцорсноо хэлэх юун. Тэгээд дэлхий ижийн хамгийн их шархдан тарчилж, үр хүүхдийнхээ гарт элэг дотроо өм цөм сэндийчүүлэн шархирч буй энэ харалган цаг дор нэг ч болохнээ уран бүтээлч ийн түрүүлэн сэрж, өөрийн шаналал гунигийг уншигчдадаа хүргэх гэж тэмүүлсэн учирт талархаж барахгүй л суунам.
Б.Баясгалан