С.БАТЗОРИГ: УХАМСРЫН БҮТЭЭЛ "ГЭМ ЗЭМ
2022-10-04 Номын шүүмж 1519

Ертөнцийн намар ахин айлчилсны амгаланг айлтгаж, Homo-Sapiens ялгаран хөгжсөний маш эргэлзээтэй, хэд ч байж болзошгүй жилийн ойн мэндийг төрөл нэгт та бүхэндээ хүргэе! Бид үнэхээр Homo-Sapiens учраас зүрхлэн мэнд мэдэж байна. Оюун санаагаараа бүтээж, төсөөллийн дэг журмаар өөрсдийгөө хамгаалсаар ийм олон жил өнгөрчихсөн гэж бодохоор баяр, гуниг зэрэг төрж байна! Төрж байна уу?  

Бид нөр их туршлагынхаа замд урлаг, уран зохиол гээчийг сэдэн санаачлаад зүдэргээт ахуйнхаа дундуур чирэн чирэн авчирсанд нь баярлаад баршгүй ээ. 

Баярлах нь: Суут зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан, “Orfey” театр, найруулагч М.Батболдын найруулан тавьсан “Гэм зэм” (дахин төрсөн хүний түүх) пост-драмын жүжиг 2021, 2022 оныг дамнан үзэгчдийн таашаалд лавтай нийцэж, монголын театр урлагийн түүхэнд тод үлдэх амжилт боллоо. Үүний сацуу судлаач, шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татаж, шүүмж, задлал, сэтгэгдэл бичигдэж, идэвхтэй маргаан өрнөсөн нь мөн нэгэн сайн жишиг юм. Энэ жишиг тогтож, цааш үргэлжлээсэй. 

Мөн намар болон хаврын улиралд жүжгийн найруулгад нэг бус ялгаа гаргасан нь биднийг энэхүү сэтгэгдлийг бичих сэдэл болсон билээ. Уг сэтгэгдэлд хувь үзэгчийн байр сууринаас хандахаас гадна, эх зохиолтой харгуулан өөрийн ойлгож, мэдэрснээ өгүүлэх юм. 

1. Намраас хавар хүртэл 

(“Гэм зэм” жүжгийн намар, хаврын улирлын тоглолтыг харьцуулсан зарим ажиглалт)

Раскольников - Лхагва 

Родя бол алуурчин. Тэрбээр оюун санааны зөрчил, сэтгэл зүйн хоёр туйлт эмгэгийн шинжтэй гажуудал, бузар булай нийгэмтэй эсрэгцсэн хувь хүний хүчин мөхөс тэмцлийнхээ цөхрөлөөс болж мөнгө хүүлэгч авгай Алена Ивановнаг санаатайгаар түншиж, түүний дүү Лизаветаг санамсаргүйгээр цавчиж хөнөөсөн нь аллага мөн. Энэ аллагыг жүжигт улсын яллагчийн үүрэг гүйцэтгэж буй Алена Ивановна “Шунахайн сэдэлтэй” хэмээн нотлохыг оролдож байдаг. 

Раскольниковын хашгираан бол дотоод сэтгэлийн нүргээн. Харин жүжигчний илэрхийлэл хэт гадагш чиглэж, чанга чанга хашгирч, үсээ үгтээн зовуурилж буй нь зохиолын уур амьсгалтай холбогдохгүй, чихэнд чийртэй байлаа. Тэр юуг үзэн ядна вэ? Тэр юуны тул шазуураа няцартал зууж, зүхэл зүхнэ вэ? 

Дахин төрсөн хүн бол Раскольников. Родя халуун хижиг туссан шиг чичигнэж, галзуу солиот хүн мэт татран тусаж байдаг нь үнэн. Гэвч бидний бодоход түүний саруул ухаан солиорлын мананд бүрхэгдсэн боловч мунхгийн бин харанхуйд төөрөөгүй билээ. Улсын яллагч “Мөнгө хүүлэгчтэй анх уулзаад ямар сэтгэгдэл төрснийг бидэнд үнэнээр нь яриач?” гэж асуухад Родя “Зэвүүцэл”  гэж хариулдаг. Ерөөсөө энэ зэвүүцлийг илэрхийлэх гэж жүжигчний хийсэн оролдлогууд заримдаа Родягаас тэс өмнөө “би”-гээ хянах чадамжгүй архинд донтогч, мансуурагч, дутуу дулимгийн мэдрэмждээ хүлэгдсэн хөөрхий атаархагч болж хувирав. Тэр зөвхөн мөнгө хүүлэгч эмгэнд зэвүүцсэн бус мөнгө хүүлэгч мэт дүр төрхтэй нийгмийн амьдралд зэвүүцэж байгаа гэдгийг үзэгчид  жүжигчний тоглолтоос ойлгох ёстой. Үзэгч зохиолыг заавал уншсан байх албагүй шүү дээ! Гэтэл улсын яллагчийн нотлох гэж оролдож байгаачлан Родя “шунахайн сэдэл”-ээр эмгэнийг хөнөөсөн мэт  үзэгдэх хэтэрхий дэгс тоглолтууд харагдсаныг хэлэх нь зүйтэй юм. 

Соня – Золзаяа

Өрнийн уран зохиолын нэгэн сонин дүр бол “ариун янхан”-ы дүр байдаг. Намрын улирлын тоглолтод жүжигчин Золзаяа ариун янхны дүрийг “төгс” бүтээсэн. Раскольников Сонягийн өмнө сөгдөхдөө “Би чиний өмнө сөгдөөгүй. Би хүн төрөлхтний зовлон шаналлын өмнө сөгдөж байна” гэж хэлдэг. Соня балчир бие цогцсоороо дааж давшгүй зовлон зүдгүүр эдэлж буй ч үнэхээр хатамжлан тэвчиж, сэтгэлийн ариун их хүчээр ноёлон чадаж, ирээдүйн тухай хүчирхэг үзэл бодлоороо үзэгчдийн сэтгэл зүрхийг соронзлон татаж асан билээ. Харин хаврын улирлын тоглолтод тэрхүү “хүч” харагдсангүй. Бүр эсрэгээрээ шаналалдаа тачаадан дурласан, сөхөрч унасан, уйлж хайлсан үтэл дорой Соня бидний өмнө гарч ирсэн. Театрын онолч Б.Брехт “Жүжигчин тайзан дээр бүтээх гэж буй дүрдээ бүрэн хувирч болохгүй. Тийм ээ, Лир биш, Гарпагон, Швейкийн аль нь ч биш, зүгээр л тэднийг үзүүлж байна. Тэдний хэлж байсныг байж болох хамгийн энгийн байдлаар дамжуулж, яаж хөдөлж, ямар ааш авир гаргаж байсныг өнөөгийн хүмүүс ямар хэмжээнд төсөөлдөг тэр хэмжээнд дуурайж, өөртөө яг хувирлаа гэж итгүүлэх гэж зүтгэхгүй”  байхыг санал болгосон байдаг. Жүжигчин Золзаяа хэтэрхий дүрдээ орж буй нь өнгөц харваас чадамгай жүжиглэх мэт авч оюун санаа, ухамсрын хүчин, сэтгэлийн хат, орчлонг үл үзэн ядахуйн бахдам хайр тэргүүтэн дүрийн цаанаас огт үзэгдэхээ больж, зовлон шаналалдаа тарчлан тийчлэх өсвөр насны биеэ үнэлэгч л үлдсэн билээ. 

Найруулагч М.Батболд Улирал №2-ын тоглолтдоо чухал дүрүүдийн жүжигчний сонголтоо өөрчилсөн. Үүнийг үзүүлбэл: 

Зосимов - Цасчихэр, Дөлгөөн: 

Жүжигчин Цасчихэрийн тоглосон сэтгэцийн эмч Зосимов эрч хүч дүүрэн, саруул ухаантай Зосимов байсан. Танхимд гаднаас хиймэл үс, этгээд хачин хувцас, өсгийтэй гутал, зохицолгүй нүүр будалттай орж ирэн, эмэгтэй хүнийг дэгсдүүлэн аяглаж, хоолойгоо нарийсган маяглах нь сонирхол татаж, эгдүү хүргэж байснаа улсын яллагч “Хатагтай Зосимова” гэж дуудахад царай нь хувьс хийн, эмэгтэй багаа хуу татан баргил хоолойгоор “Ноён Зосимов!” гэж сөргөн хэлсэн зэрэг нь хувь хүний хоёрдмол байдлыг илэрхийлсэн  найруулагчийн уран шийдэл байсан юм. 

Харин хаврын улирлын тоглолтод “Хатагтай Зосимова”, “Ноён Зосимов” үгүй. Яагаад Зосимовын хувцас, нүүр будалт, хүмүүний дотоод асуудлыг илэрхийлсэн дүр төрхийг арилгаа вэ? гэдэг асуулт эгэл жир үзэгч надад төрж байлаа. 

Разумихин - Түвшинбаяр, Ууганбаяр

Дээрх жүжигчид эсрэг темпераментийн Разумихинийг толилууллаа. Жүжигчин Түвшинбаяр нягт нямбай, аядуу, сэтгэлийн хөдөлгөөнөө барихыг хичээдэг, болгоомжлонгуй флегматик байдлыг гаргаж байсан бол жүжигчин Ууганбаяр түргэн хэл яриатай, нүүрэмгий, зарим талаар хөгжилтэй, зүрх зоригтой, шуурхай илүү сангвиник талдаа Разумихин байлаа. Энэ тийм ч ноцтой ялгаа биш. 

Пульхерия Александровна – Уранчимэг, Нармандах: 

Эх хүүдээ л санаа зовниж, хүүгээ амьдралынхаа гол утга учир болгосон юм шиг уншигдана, үзэгдэнэ. Хүүдээ бичсэн захидалдаа охиныхоо хэрэг явдлыг хэрхэн шийдэлцэж буйгаа уг шийдвэр нь Родягийн сайн сайхны төлөө байсан тухайг нэн дэлгэр өгүүлдэг ээ (Родягийн эмгэнийг хөнөөсөн хэрэгт энэ захиа ноцтой нөлөөлсөн). Энэхүү харилцааны гүн далд ньюансыг жүжигт үггүй жүжиглэлтээр үзүүлэхэд жүжигчид эрс ялгаатай хандсан юм.  Пульхерия Александровна хүүдээ шаналсан хөөрхий бэлэвсэн авгай л даа. Гэхдээ Дуня охиныхоо гэрлэж бараалах төвөгтэй асуудалд өөрийнхөө эрх ашгийн талаас хандах маяг цухалздаг. Бидний хувьд энэ бас л хоёрдмол байдалтай дүрд жүжигчин Уранчимэг илүү тохирсон гэж харж байгаа. Жүжигчин Уранчимэгийн илт хэтрүүлсэн, тэнэгдүү дүйнгэ царайг хүчлэн гаргасан ч юм шиг үггүй тоглолтыг үзэхэд эрхгүй инээд хүрч байсан. Хүйтэн бус, үнэн голоосоо хөөрхийлж, дорд үзсэн ёжлонгуй инээд. Уранчимэг дүрдээ өөрөө орж, дүрээр амьдрах бус үзэгчдийг жүжгийн орчин, ахуй, уур амьсгал руу хүчтэй татаж, үзэгчдийг жүжгийн нэгэн дүр, Дуняг тойрсон адгийн явдлуудын гэрч болгон оролцуулж чадсан учраас тэр “ёжлол” үзэгчид (С.Б-г хэлэв) төрсөн. Энэ чанар нь пост-драмын чухал шинж билээ.

Дор өгүүлэх нь: Дүр болон жүжигчний уусан нэгдэл, жүжигчний уран чадвар тодхон үзэгдсэн гурван тохиол. 

Лужины дүрд жүжигчин Доржсүрэн: 

Намрын улирлын Лужин ганган фрак өмссөн, мэдээж гялгар арьсан гуталтай, хээнцэр таяг тулсан, тун хямсгар, биеэ хэтэрхий хичээж авч явдаг хүн байлаа. Дуняд дурласан ч өнчин охинд номхон морийг ноолоход амар гэж ханддагийг, мөн нийгэмд эзэлж буй байр суурь ихээхэн өөр гэдгийг энэ донж маяг нь хангалттай илэрхийлсэн. Хаврын улирлын Лужин хамбан болов уу гэмээр хөх өнгийн, зузаан гэрийн халаадтай, шаахай жийсэн, илтэд ярвагар, таягаа өөрийн эрх мэдлийг илэрхийлэгч ямар нэгэн зэвсэг мэт ойлгодог (Таалалд нь үл нийцэх аваас таягаа хөсөр шиднэ. Шидэх бүрд нь Дуня шүүрэн авч мэхийн гардуулах бөлгөө). Аа, сүүлийн энэ Лужинаас Дуняд татагдсан,ядах нь аа өчүүхэн ч болов энэрэх сэтгэл харагддаггүй. Пульхерия Александровна хэдий ухаан муутай хүн байвч энэ хоёр Лужины хэн нь дээрийг ялгаж танина. Ямар ч эх хүн, хэчнээн ядарч зүдэрсэн ч бай хаврын Лужинд охиноо өгөх тухай бодол толгойд нь орж, үүнийгээ охиныхоо ахад, өөрийнхөө хүүд захидлаар санал болгоно гэж нэг л буухгүй байгаа юм. Гэхдээ хоёр дахь хувилбар оновчтой ч юм шиг. Лужины бурхан бол “мөнгө”. “Мөнгө бол нэг ч үл итгэгчгүй, нэг ч үзэн ядагчгүй цор ганц шүтээн!” Үүнээс өөр үнэн Лужинд үгүй. Ийм байхад Дуняг энэрч, Дуняд дурлана гэж үү? Заримдаа давс шорвогдсон байх ёстой биз дээ. Лужины давсыг ихдүүлсэн нь дүрийг улам товойлгож, үзэгчдийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөллөө. Харин жүжигчний тоглолт хаврын тавилтад унасан байлаа. Намрын тоглолтод Лужины монологийн үг бүрийг “шивж” байсан мөртлөө хавар яагаад ч юм үлбийж орхижээ. 

Мармеладов болон шүүгчийн дүрд жүжигчин Эрдэнэзаан:

Сонягийн аав, архичин. Дүрийн тухай гэхээсээ илүү жүжигчний тухай ярихыг хүсэж байна. Жүжигчин Эрдэнэзаан өөрийгөө дахин нээсэн. Зөвхөн хошин шогийн жүжигчин биш гэдгээ олон үзэгчдэд нотолсон. Мармеладов бол жүжгийн ёроолын цэг. Охиныхоо биеэ үнэлж авчирсан мөнгийг хар архи болгоод хоолойгоороо давуулдаг л сайн эр дээ. Мармеладовыг шаналаагүй гэж бодож байна уу? Шаналсаан! "Ямар ч ядуу хүнд нэр төр байдаг юм”. Hard rock хөгжмийн нүргээн дор Мармеладов сүүлчийн хундагаа өргөж буй нь одоо ч нүдэнд харагдаж байна. Гаслант амьдралынхаа турш ганцхан хундаганаас татгалзсан нь тэр байсан билээ. Бурханы ивээлд багтах болтугай!

Улсын яллагчийн дүрд жүжигчин Ганцэцэг: 

Жүжгийн хамгийн хүчирхэг дүр, хамгийн хүчирхэг жүжигчин. Улсын яллагч – Алена Ивановна – Цөөвөр. Жүжигчин Ганцэцэгийн бүх зүйл төгс байсан. Түүний жүжиглэлтийг хооронд нь харьцуулахад ямар ч ялгаа, ямар ч өө сэв харагдсангүй. Жүжгийн турш хэм хэмнэлээ огт алдалгүй сэтгэл зүйгээ төвшин байлгаж, дүрийн зан чанарыг буй биеэрээ нэвтэрхий үзүүлж, “Гэм зэм”  романд үнэхээр улсын яллагчийн дүр байдаг бил үү? гэж бодтол эх зохиолд нь нааж тоглолоо. Жүжигчин Ганчимэгийн харц үзэгчдийн хамгийн арын эгнээ рүү цоргиж, нэг зүг рүү чиглүүлж буй мөртлөө яаж нийт үзэгчид рүү буудаж чадаж байна аа (нүднийх нь судас хэрхэн цочирдон тодорч буй нь хүртэл харагдсан. Энэ нь магадгүй том дэлгэцээр давхар үзүүлсэнтэй ч холбогдох л байх). 

Эцсийн эцэст зүгээр л ур чадвар, авьяас, ухаан юм! 

2. Эх зохиолыг эзэмшихүй 

“Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, Э.Бүжинлхам нарт онцгойлон талархал илэрхийлэх учиртай. Туульсын нүсэр романыг жүжгийн зохиол болгохдоо товчлолгүй (бараг нэг ч үйл явдал үлдээгээгүй гэхэд хилсдэхгүй), хялбарчлалгүй, билбүүрдэлгүй, романы дэвсгэр өнгө, уур амьсгалыг эвдэлгүйгээр орчин цагийн урбан хэлд хөрвүүлж, 21-р зууны Раскольников, Соня, Алена Ивановна, Лужин, Мармеладов, Свидригайловыг дуугаргав. 

Энэ жүжигт нэг ч эсрэг дүр байхгүй.

Учир нь эрхэм Ф.М.Достоевский романаа нэг ч эсрэг дүргүй бичсэн юм. 

Түүний хүн төрөлхтөнд өвлүүлсэн ёс суртахууны үл үзэгдэх хязгаарыг 

давж гишгэх зүрх зориг бидэнд байсангүй.

Зохиолч Я.Баяраа ингэж цохолсон байх ба үнэхээр ч эсрэг дүр үгүй байлаа. Энэ зөв шийдэл болжээ. Мөн романаас зарим чухал хэсгийг (Пульхерия Александровна Раскольниковагийн захидал, Родягийн нийтлэл, романы гэрэл гэгээт төгсгөл) шууд эшлэн авсан нь оновчтой байв. Дүрүүдийн мөн чанарыг илэрхийлсэн үзэл санаалаг монологиуд жүжгийн амин сүнс нь байлаа. Мармеладовын hard-rock тамлага, Лужины шүтээндээ өргөсөн үг, Свидригайловын учрал болохын орь дуу, Сонягийн янхны дүрт ариун сэтгэлийн өчил. Эдгээр монологи үгүй сэн бол энэ жүжиг байдаг л нэг туршилт болон өнгөрөх байсан юм. Жүжгийн зохиолчид эх зохиолыг бүх л талаас нь ойлгож, романыг өөрөө бичсэн юм шиг эзэмшиж чадсан учраас дүрүүдийн дотоод ахуйг мэдэрч маш нягт, голыг нь оносон, хиймэл биш, үнэн хөрвүүлжээ.  

Мөн жүжгийн зохиолчийн гайхалтай уран шийдэл бол Алена Ивановнаг “Улсын яллагч” болгон хувиргаж, архичин Мармеладов шүүгчийн ширээнд заларч, Ф.М.Достоевскийн романы үйл явдлын туйл хүртэлх хэсгийг “Шүүх хурал” маягаар харуулсан нь байлаа. Энэхүү романаар голчлон олон ангит кино бүтээсэн байдаг. Үнэхээр ч өөр аргагүй мэт санагдана. Аллагын өмнөх сэтгэл зүй, төлөвлөгөө, аллага үйлдсэн процесс, аллагын дараах сэтгэл зүйн өөрчлөлт, гэнэтийн цочролууд, мөрдөн байцаалт гээд эх зохиолчийн нэгд нэгэнгүй задлан бичсэн нүсэр байгууламжийг хэрхэн эвдэж, жүжгийн норматив цагт (жүжиг гурван цаг үргэлжлэв) тааруулах вэ? гэдэг бол ямар ч зохиолч, ямар ч найруулагчийн шүдний өвчин болох асуудал мөнөөс мөн. Гол нь романы гайхалтай детектив, уншигчаас тайлал шаардсан чанарыг ямар ч тохиолдолд алдагдуулж үл болно. Тэгвэл “Гэм Зэм” биш. Зохиомжийн ийм бөх бат торон дундаас зохиолч эвтэйхэн, чухал нь хамгийн оновчтой аргаар сугарч чадсан. Энд “гэмт хэрэг”, “аллага” үйлдэгдсэн. Гэмт хэргийн мөрөөр мөшгөх хэрэгтэй. Хэрэгтнийг олох шаардлагатай. Эцэст нь “шүүх хурал” болох нь тодорхой. Шүүх хурал дээр хэргийн гол гол баримтуудыг дэлгэн ярилцана. Шүүх танхимд байгсад баримттай танилцана, хэргийн учир зангилааг олохыг хичээнэ. 

Үүнийг тайзнаа буулгаснаар гол баримтуудыг үзэгчид богино хугацаанд дэлгэрэнгүй мэдэх боломжтой болсон. Улсын яллагч, өмгөөлөгч, гэрчүүд энэ ажлыг хийнэ. ENOUGH! Жүжгийг үзэхээс өмнөх хамгийн том асуултад зохиолч ийм энгийн, итгэл төгс, хоосон хэлбэр, хуурай онолгүйгээр хариулт өгсөн нь эрхгүй алга ташууллаа. 

Дээрх үгсийг ийн сунжруулан наана цаанаас хэлж буйн шалтгаан болбоос жүжгийн зохиолчид эх зохиолыг зохиолчийнх нь хэмжээнд тултал мэдэрч, ойлгож, улмаар “эзэмшиж” чадсаныг л түмэнтээ сануулахыг хичээж буй минь юм.  

Sapiens-ууд аа! Ухамсарт хүн төрөлхтөн өө!

“Гэм зэм” жүжиг авьяас, хүний оршихуйн тухай эргэцүүлэл, гол нь “ухамсар”-ын бүтээл боллоо.

Уулын оргил өөд биеийнхээ нэг хэсэг болсон чулууг мөрлөн өгсөх Сизиф адил,  зөрчилдөөн, зэвүүцэл, үзэл санаа, хайр сэтгэлийг төлөөлөх мэт нэгэн сандлыг асар их хүч гарган түрэн, чирэн, үүрэн, дүүрэн зүтгэх Раскольников 2021-2022 онд амьдарч байгаа миний мэт хүн төрөлхтний нийтлэг дүр төрх болон харагдахад Родяд төрж буй зэвүүцэл дотор буцалж байлаа. Раскольников “дахин төрсөн”. “Бид ч бас дахин төрөх ёстой” гэх шиг тайзны гэрэл огцом тодорсноор жүжиг өндөрлөлөө. 

“Orfey theatre” энэ намар Жон Патрикийн “Опал” жүжгийг найруулан тавихад бэлэн болсон байна. Мөн “Аннушка наранцэцгийн тосоо аль хэдийн авчихсан, аваад зогсохгүй асгадгаа асгачихсан”. 

Түр хүлээнэ үү...
Top