Олон жилийн өмнөх тэр нэгэн хаврын явдал өвөөгийн нүдний өмнө яг л өчигдрийнх мэт нэг нэгээрээ тодорч авай. Дөнгөж гөлөглөсөн модны нахиа мэт шив шинэхэн, тэнгэрт гийх тэргэл саран мэт тув тунгалгаар нүднийх нь өмнө тодорно. Тэр хаврын хором мөч бүрийг нэхэн санаад өвөө минь нэгэн зүйлийг нөхөн ухаарчээ.
Салхи исгэрч, модны навч сэрчигнэнэ. Навч сэрчигнэхүй таг мартаад удсан тэр явдал гэнэтхэн санагджээ. Тэр хавар хошууны Сурган хүмүүжүүлэх хорооны дарга Дин тосгоныхны цусаа зарахыг идэвхжүүлэхээр хоёр мэргэжилтнээ дагалдуулан иржээ. Хаврын дунд сар хэдий ч тосгонд урь хэдий нь орчихсон, гадаа гудамжинд ирж буй цагийн тунгалаг агаар сэнгэнэж байвай. Сурган хүмүүжүүлэх хорооны дарга бээр тосгоны дарга Ли Санрэнийг олж уулзаад дээрээс ард иргэдийн дунд цусаа худалдах аяныг зохион байгуулахаар болсныг дуулгах хүртэл шүү дээ.
Ян Лянкэ "Дин тосгоны зүүд" романаас
Орчуулагч Мө. Батбаяр
Зохиолч Т.Бум-Эрдэнэ: Хятад драм, хятад зөрчил зарим тохиолдолд хүний санаанд оромгүй, ой тойнд буумгүй эрчилдгээрээ, өөрөөр хэлбэл хятадад л ийм явдал болдог байх, хятад хүний сэтгэхүйд л ийм бодол төрдөг байх гэмээр ёс гажуудаараа онцлог болдог. Магад сонирхолтой ч гэж болох. Нөгөө талаасаа хятад зохиолч л ийм нөхцөл байдлыг оюун санаандаа бий болгож, түүнээ үгээр дүрслэн буулгаж чадах байх гэмээр зохиолууд тааралддаг. Түүний нэг нь “Дин тосгоны зүүд”. Орчуулагч, яруу найрагч, өгүүлэгч дүү Мөнхцолын Батбаяр (бидний дууддагаар Мө дүү) хөрвүүлэн буулгасныг хэд хоног шимтэн уншлаа. Цусаа худалдсаны гайгаар хуйгаараа ДОХ өвчинд нэрвэгдэж, эцэст нь хот, тосгодоороо хиарч буй тухай, өнөө маргаашгүй үхэхийн хооронд л хүнээс гарамгүй зан авир, хамгийн гол нь “яаж бодож олов” гэмээр хорон санаа хүн бүрээс шахам гарна. Хэдий булингартай ч гэлээ хүний л тухай юм болохоор өчүүхэн ч атугай гэрэл гэгээ бий. Эцсийн бүлэгт гэгээн өдөр харанхуйн араас шил даран довтолдог шиг хорон хүүгийн төгсгөл эцгийн гараар ирнэ. Айхтар хоржоон шүү. Редакторынх нь бичсэнчлэн романд нийгмээ, магад удирдлагаа явуулсан егөө догио ч их бий. Уншихаар мэдэгдэнэ. Миний хувьд зохиолчийнх нь бичлэгийн хэв маяг, аргачлалыг нь тогтож уншив. Хэдийгээр хуудсаас хуудсанд нурших мэт боловч чимхлүүр, няхуур дүрслэлүүд, уншигчаа алдчихгүй, залхаахгүй барьж буй аргачлал нь сонин байлаа. Энэ нь нуршаа биш чадвар л юм даа. Орчуулагч ч энэ талыг нь уйгагүй тодруулсан санагдана. (Зохиолчийн арга барилын талаар орчуулагчтай хувьчлан хөөрөлдсөн тул ингээд орхив)
Эдгэшгүй өвчний тухай энэ номд өгүүлдэг учраас “үхэл” гэх үг мөн чиг олон гарна. “Үхэл”-ийг үхэл л гэж бичээд байвал хичнээн уйтай, юутай үлгэн. Гэтэл орчуулагч маань Үхэл гэх үгийг духаа шороодох, чулуу дэрлэх, дэрс налах, толгой гудайх, нүд аних, амьсгал татах, нөгөө ертөнцөд морилох, мажийх гэх мэтээр за бараг арван хэдэн янзаар илэрхийлсэн байна. Мө дүүгийн урыг ганцхан энэ жишээгээр дурьдахад хангалттай. Тэрнээс гадна тэр нуугисан хүүрнэлийг, энгүүн нюансын донжийг нь тааруулан барихдаа Мө дүү гаргуун юмаа. Энэ бүгдийн эцэст миний толгойд тэс өмнөө бодол гэх үү, хүсэл төрсөн нь: Мө дүү өөрийн гэсэн хүүрнэл зохиолоо эхлээсэй гэж. Тэгвэл монгол ахуй, нюанс хоорондын хэлхээ, өгүүлэмж санаа, ур хийц нь жигдхэн гарна гэдэгт найдна. Түүний шүлэг, өгүүллэгт тодхон харагддаг ч томхон хэмжээний бүтээлд нь хэрхэн буух бол гэдэгт хорхой хүрнэ. Тэр өдрийг баяртай хүлээе...
Хуульч Х.Буянбат : Энэ зохиолын талаар хүмүүс нэг хэсэгтээ л чимээ имээгүй байн байх. Уншаад алмайрах, гайхах, эс таалагдах, уурлаж дургүйлхэх, уншаагүй царайлаад туурвил зүйн онцлогоос нь хуулахаар адгах гээд л олон л хүмүүс бий байх. Ямартай ч тэд өдгөө ч чимээгүй л байна. Энэ зохиолын талаар олон зүйлийг өгүүлж болно. Олон ч тайлал, задаргаа гарах биз. Гэвч үүнээс илүү чухал нь энэ зохиол бол туурвилзүйн үүднээс нэн шинэлэг хийгээд бүтээлч шинжтэй бөгөөд энэ нь уншигчдыг түүртээж залхаах ядраах, эс ойлгогдох зүйл огт үгүй. Харин ч өөрийн энэ л шинжээрээ уншигчдыг буй бодит орчноос таслан тусгаарлах шиг шимтэн уншигдана. Мэдээж энэ шинжийг нь үл алдагдуулж эх хэлнээ буулгасан орчуулагчийг зохиолчийн хэмжээнд үнэлэхэд огт болохгүй зүйлгүй. Учир нь хятад яруу найргийн айзам, хэмнэлийг хүүрнэл зохиолд чадварлагаар ашигласан нь энэ зохиолыг орчуулахад нэн хүндрэлтэй болгож байх ч орчуулагч Мө.Батбаяр ширээнээ өөрийгөө харагдахгүй шахам болтол давхарлан өрсөн монгол хэлний олон зүйлийн толийг уйгагүй хэрэглэж, яруу найрагчийн ураар найруулан хөрвүүлж биднээ толиулсан нь, хийж чадсан нь эх орныхоо уран зохиолд оруулсан гавьяа юм.Тэгээд чухам юугаараа онц содон зохиол юм бэ дээ гэж асууж магад. Түүнийг өгүүлбэл барагдашгүй олон зүйл бий. Юун түрүүнд Дин тосгон өөрөө зохиолын үйл явдал өрнөх орчин хэдий ч бас дүр шиг амьд. Дүрүүдийн сэтгэл зүй, өрнөх үйл явдлын мөн чанар тосгоны ахуй орчны дүрслэлтэй шууд холбогдоно. Нар хаанаас хэрхэн мандах, салхи хаанаас хааш салхилах, юмсын үнэр хэрхэн үнэртэх, модод хийгээд моддын навчисны хөдөлгөөн, байр байдал гээд тосгон үйл явдал өрнөх орчин биш харин үйл явдалд дүрүүдээс илүү идэвхтэй оролцогчийн байр суурь эзэлдэг. Уншиж гэмээн өөрсдөө илүү ихийг харна биз ээ. Зохиолд хамгийн ихээр үзэгдэж харагдах өнгө болбоос улаан өнгө юм. ДОХ-ын учруулж буй гай гамшиг, хагацлыг илэрхийлсэн бүлэгнэх цусны улаан өнгө. Сайтар анхааран уншвал улаан өнгөнд хувилаагүй, уусаагүй зүйл зохиолд бараг үгүй. Хорвоо дэлхийг цусан улаанаар бялдах хэсэг өчнөөн бөгөөд тэрхүү хэсгийн дүрслэлүүд айдас төрүүлж, үл итгэмээр. Түүнчлэн юуны төлөө эх орондоо хоригдсон зохиол билээ дээ, улс төрийн агуулга их. Ян Лянкөгийн уншигчийг инээх, уйлах, гайхахын алийг нь үзүүлэхээ эс мэдэхэд хүргэх цэл хүйтэн егөө цусаар урссан халуун ханиадны сэдэвтэй харшлах бүрийд нэг тийм давтагдашгүй уур амьсгал бий болж үүгээр энэ зохиол өөгүй шахам бүрэлдэн тогтож байна. Уншаад барсны хойно зохиолын эхэнд сул өгүүлсэн гурван зүүд шиг энэхүү роман тэр чигтээ нэгэн хүний зүүд ч юм шиг. Дин багшийн зүүдний хэсгийг онцгойлон ялгахгүй л бол бодит амьдрал дээрх үйл явдлаас төдийлөн ялгагдахгүй байсаар зохиолын төгсгөлд зүүд хийгээд бодит амьдралын хоорондох ялгаа бараг үгүй болох бөгөөд зүйрлэвэл яг л элсэн цаг шиг: зохиолын эхэнд зүүд, бодит амьдралын зааг ялгаа тод томруун байснаа зохиолын төгсгөл рүү улам нарийсан бараг үгүй болж байна, нэгээс нөгөө рүүгээ юүлэгдэх мэт. Зохиолын төгсгөл дэх Дин багшийн зүүдэнд хүмүүс нэгэн эмэгтэйн цацсан шаварнаас бий болж байгаа нь Зуун жилийн ганцаардал дахь Макондо тосгон шиг Дин тосгон устаж үгүй бололгүй харин үгүйрсэн бөгөөд иргэд хүмүүс нь бурханы анх бүтээсэн тэр л ёсоор ахин мэндэлж тосгон ч мөн адил эснэхийг зөгнөж байх шиг. Ер нь Дин багшийн зүүд ямар алддаг биш дээ.
Багш Н.Норовсамбуу: Тосгоны сургууль- түр эмнэлэг - утопи коммун Ёстой л нийгэм журмыг цогцлоож буй коммунист Хятад орон, тэр үзлийн золиосыг нэгэн зуунаар үзсэн 20р зууны Монголчууд, магадгүй цар тахлыг туулан гарч буй шинэ үеийнхэнд тосгоныхон үхлээ хүлээгсэдээ тусгаарлан нийтийн гал тогоотой чадлынхаа хэрээр өөрийн хувийг нийлүүлж, тэгш нормоор хуваан хүртэх коммун үүсгэн амьдарч байгаа энэ шийдэл танил санагдаж мэдэх юм. Ийм утопи шийдлийг гарцаагүй коммунистуудаас эс бөгөөс тахлын үеийн барьц алдсан төрийн бодлогоос олж харах боломжтой. Бусдаар бол ч яагаад сургууль дээрээ цуглачихаад үхлээ хүлээж нийтээрээ амьдраад байгаа, улсаас нь хоол хүнс, авс зэргийг тусламжаар болон хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа зэргийг ойлгохгүй байж болох юм. Цар тахлын сургамжийн ачаар бид улс төрийн бодлогоор өвчтэй зовлонтой хүмүүст өчнөөн тусламж өгдөг түүнийг үйлэргүй нэгэн нь дундаас нь завшиж мэдээлэлгүй, мэдлэггүй, хов мухар сүсэгт итгэсэн ард олныг төөрөгдүүлж баяжих боломжтойг дурайтал нь харж авсан байх аа. Ингээд дундаас завшигчдад итгэл алдарч, нэр төр хөөцөлдөгч мунхагаар удирдуулсан тосгоныхон хэдхэн өдрийн дотор бүх мод, сургууль гээд цөлмөөгүй газар үлдэлгүй устгаж байгаа нь тэгшитгэх нь шударга ёс хэмээн үзэх мунхагллын хоруу чанарыг харуулсан тун ончтой жишээ байлаа.Зүүд -зөгнөл, тайлалУншигч та анзаарсан бол бүлэг бүрийн дотор Дин өвгөний зүүд, хос уянга, дуу найраг зэрэг нь өөр шрифтээр бичигдсэн буй. Энэхүү зохиолд зүүдний зөгнөх функцийг ашиглан уран сайхны тайлал, тайлбаруудыг оруулжээ. Хэдийгээр Дин өвгөн зүүдлээд, зүүдэндээ болж буй үйл явдлын учир шалтгаан, цаашид болох үйл явдлын шийдэл, үр дүнг олж хараад байгаа мэт боловч эдгээр зүүдээр зохиолч асар олон давхар санаа билгэдлийг илгээж буй. Ер нь уран зохиолд зүүдийг зөгнөл, тайллын зориулалтаар ашигласан олон сод бүтээлүүд бий. Харин яалт ч үгүй дундадын хүн болох Ян Лянкө зүүдийг ингэж уран тансагаар тайлан хувиргаж, зөгнөн залж гайхалтай нэгэн бүтээл туурвижээ. Уншаагүй хүмүүс “ Яажшуухан зүүдэлдэг улс вэ энэ дундадынхан?” гээд л бодоход уншмаар санагдана даа. Нэгэнтээ мэргэн ухаантны өгүүлсэнчлэн “Даяанч би бээр намайг зүүдлэх эрвээхийг зүүдэндээ үзэх нь миний зүүдэнд эрвээхий дэвж буй хэрэг үү Эрвээхийн зүүдэнд би үзэгдэж буй хэрэг үү?” гэсэн үг уншихаас өмнө, уншсаны дараа ч бодогдсоор байна байх даа. Тэдний олон мянган жилийн зүүд өнөөдөр ч энэ агуу нүсэр, асар завгүй, нүдгүй шавсан, нүцгэн ирж нүцгэн буцсаар буй орчин цагийн Хятад оронд ч сэрүүн зүүдлэгдсээр ажгуу гэж бодсоор үлдэнэ дээ…Хүн зүүдэндээ ч үхэл, өвчин хоёртой нүүр тулахаар үнэн нүүр царай нь харагддаг бололтой гэдгийг ухаарсаар л хоцорно доо.