П.МАЙНБАЯР: СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД НОМЫН ТЭМДЭГЛЭЛ
2022-01-19 Номын шүүмж 1758

СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД НОМЫН ТЭМДЭГЛЭЛ

Хүний амьдрал сэтгэл санааны хувирал өөрчлөлтөөс бүтэж, хүн гэж өөрсдийгөө товойлгон бодох тэрхүү ертөнцийн гүнд үзэгдэл юмс болон оршдог ажээ. Тэдгээр үзэгдэл юмс хүнийг хөтөлж, залж явдаг гэдэг нь ч тодорхой.Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” ном ч ийм л үзэгдлүүдээс бүтжээ. Энэхүү номын зохиогч хүний сэтгэл зүйн үйл хөдлөл, хэв шинжүүдийг зохиолын баатруудын дүр дүрслэлээр биежүүлж, уншигчийн бодол ухамсарт зогсох, азнах боломжийг олгохын зэрэгцээ тэдний оршин буй ахуйгаар дамжуулан амьдралын цаад мөн чанарыг хөндсөн нь зайлшгүй зүйл агаад тэр нь ч үнэн хэрэгтээ хүмүүсийн сэтгэл зүйгээс салгахын аргагүй үйл явцын хөврөл юмсанж. Гэсэн ч бүдүүн тойм энэ ойлголт маань мөнхүү номыг бүрэн дүүрэн илэрхийлж буй хэрэг огтхон ч биш. Зарим үед нийгмийн амьдрал гэгчээс, түүний мөрдлөг, зарчмаас залхмаар байдаг ч тэндээс зугатах замгүй билээ. Бусдын зүрх сэтгэлийг золиод ч хамаагүй хүрэх гэсэн амжилт бүтээл, өчүүхэн дорой хүсэл, суваг хоолойг хэжин гүйлдэх амьтад, тэдгээр амьтдын шил төмөр мэрэх мэт зүрх зүсэм, чийрт чимээнүүд, үл тасрах гинжин холбоосууд. Энэ бүхэн хүний сэтгэлд аль болох бага зай эзлээсэй гэж боддог. Чухам энэ л бодлын минь ёгт биелэл, далд тайлал болсон нэгэн номын талаар чадан ядан бичиж буй нь энэ. Энэ номын эхний туурь “Аалзны торон дахь хааны туурь” ингэж эхэлж байна. “Түүний хүсэл хар аяндаа биеллээ олоод байгааг тэр өөрийн эрхгүй анзаарч эхэлжээ. Гайхалтай ч гэмээр, итгэхэд ч бэрх гэмээр тэрхүү жигтэй хачин үйл явдлыг тэрээр санамсаргүй олж мэдсэн юм. Эхлээд тэр хөршийнхөө нохойг үхээсэй гэж хүссэн чинь үхчихсэн аж...“ Хөршийнх нь нохой хүүхэд насных нь хамгийн их айдаг амьтан байж. Үеийнх нь хөвгүүн нохойгоо алуулсандаа харамсан уйлж байхыг тэр хараад бусдын зовлон шаналангийн нулимс өөрт нь ямар их аз жаргалын амт болон ирдэг болохыг анзаарна. Ингээд хүсэл цааш үргэлжилнэ... Бүр явах замд нь тээг болдог шонгийн модыг хугараад унаасай гэнэ. Дурласан охин нь өөр залууд сэтгэл алдарсанаа сайхан инээмсэглэлтэй нь холбон тайлбарлахад тэр “Тийм сайхан инээмсэглэдэг юм бол тэр залуу нь тэгээд насан туршдаа “Инээмтгий хүн” шиг царайтай болчихоосой” гэсэн хүсэл тархийг нь өрөмдөнө. Тэр нь ч биелэлээ олж өнөөх залуу нь “Инээмтгий хүн” шиг эрэмдэг зэрэмдэг нэгэн болж хувирна. Хүсэл гэдэг ийм амттай, ийм инээмсэглэлтэй ажээ. Бүр цаашлаад түүний хүссэнээр эцэг нь дүлийрч, эх нь хэлгүй болно. “Түүний хүсэн мөрөөдөж байсан хамгийн гол зүйлийнх нь нэг бол хүмүүс түүнийг хэчнээн худлаа ярьсан ч гэсэн итгэдэг байгаасай гэсэн хүсэл байсан юм...”“-Би хүмүүст аль болохоор туслахсан гэж бодож явдаг. Миний амьдралын чин зорилго хүмүүст туслах явдал. –Үнэнийг хэлдэг хүмүүсийг би хүндэлдэг...” Хүмүүс түүнд итгээд зогсохгүй хүндэлж эхлэх бөгөөд тэр хүссэнээрээ л элбэг хангалуун, эрүүл саруул амьдарч, бусдаас илүү урт насалж, үхэхгүй юм шиг амьдрахыг хүссэн нь ч биелэлээ олдог. Таньдаг мэддэг бүх хүмүүс нь, эхнэр хүүхэд нь ч бүгд насан нөгчөөд тэр ганцаар үлджээ. Өөрт нь хэрэгтэй муу муухайг ч, сайн сайхныг ч тэрээр хамтад нь хүсчээ. Харин туурьт “Хорвоо ертөнцөд хүсэх зүйлгүй болтлоо урт удаан, аз жаргалтай амьдарсан учраас сүүлдээ арга буюу тэр бусад хүмүүсийн адил үхэхийг хүссэн юм. Харамсалтай нь тэр хүсэл нь ер биелээгүй билээ...” гэж хүслийнх нь туйлыг тодорхойлжээ.-Ирэх жилийн өдийд үхчихсэн байх юмсан.Зохиолч хүсэл нь биелэхгүй байгаа дүрийнхээ шалтгааныг “Нэгэнт биелэсэн хүсэл хэзээ ч өөрчлөгдөггүй аж”, “Хүслийнхээ хязгаарыг мэдээгүй хүсэж ирсэн учраас хүсэл нь биелэгдэхгүй болсон...” гэхчлэн егөөдөж бичжээ. Ер хүний нэгэн насны амьдрал гэгч хүслийнхээ хязгаарыг мэдэхгүй хүсэх ч юм сан уу, хэн мэдэх вэ? Бушуухан үхэхийн хүслэн болсон хүнтэй би нэг биш удаа тааралдаж байсан л юм даг. Тэр ч бас аалзны торонд суух алтан титэмтэй хааныг харсан байж мэднэ. Тийм ээ харсан байх. Хүсэл гэгч амьдрал биш, амьдрал гэгч хүсэл биш. Гэсэн ч хүний нэгэн насны урсгал амьдрал гэдэг хүслийн далай тойрогт далавч нь гэмтсэн шувуу адил дүр төрхийг олоод нисэхийн хүсэлд автан нүдээ бүлтэгнүүлэн байх шархтай шувууны үлгэрхүү л юм ажээ. Ийм л нэг шувууны өд сөдөөс хүний сэтгэл зүй бүтдэг шиг. Тэгээд л аалзны торон дахь алтан титэмтэй хааныг хэзээ нэгтээ олж харна. Толгойтой нь цуг алтан титэм нь жижгэрсэн тэр хааныг шүү дээ. Хүний далд ухамсар дахь нийтлэг хэв шинжийг яв цав дүрсэлсэн “Хоёр нохойны зургийн туурь”-д ийм хэсэг бий. “Анх түүнд “Шөнийн ноход” хэмээх этгээд сонин зураг зурах санаа төрөхөд тэрээр хачин их баясан, хүмүүсийн чихэнд хуцах дуу нь зөвхөн сонсогддог түнэр харанхуйн дундах нохдыг нүдэнд үзэгдэж, гарт баригдтал нь зурах хачин содон мэдрэмж төрсөн юм. Шөнийн ноход. Үнэхээр сонин зураг болно гэдэгт тэрээр ер эргэлзээгүй билээ. Гэтэл төсөөлж боломгүй жигтэй явдал түүнийг угтжээ. Зурж байсан зураг нь шал ондоо болон өөрчлөгджээ. Саарал биш хөх ноход болон хувирчээ...” Ийн хувирсанаас хойш зураач бүх зүйлийг өөрөө биш ер бусын ид шид бүтээдэг гэдэгт итгэнэ. Харамсалтай нь дахиж ид шидийн хүч үйлчлэхгүй. Энэ өгүүлбэрт зураачийн хойшдын бүхий л амьдрал багтана. Эзнийхээ яс шидэхийг анан хүлээж буй хөөрхий нохойны өлсгөлөн дүр төрх ч цухалзана. Үүгээрээ энэ туурь шидтэй. Юугаараа шидтэй юм бэ гэвэл, өрөвдөлтэй байдлаараа гэж би хэлэх байна. “Ид шид хүлээнэ гээч хамгийн хэцүү хүлээлт байдаг аж” гэх өгүүлбэрт өөрийнхөө амьдралыг зориулсан зураач “Надад заяагдаж болох байсан тэр их аз завшааныг би ашиглаж чадаагүй юм байх даа” гэх шаналанд ч мөн давхар унана. Хоёр нохойных нь зураг өөрчлөгдсөнөөс хойш тэр бүрэн гүйцэд зураг зурахгүй, зөвхөн санаанд бууснаа л төсөө төдий буулгаад орхичихдог болно. Бусад нь далдын хүчний нөлөөгөөр амилах учиртай юм. Нэг зураач, хоёр нохой гурав л үүнийг эхлүүлсэн. Зураачийн дотоод зөрчил өөрийнх нь зурсан хоёр нохойноос л үүдэлтэй шүү дээ. Шөнийн ноход зураачийн оюун санааг яаж өөрчилж байгааг харж байна уу? Аль нэг ид шидийг горьдон хүлээсээр насан эцэслэх түүний амьдрал үнэн хэрэгтээ хэн нэгний туршилт төдийхөн зүйл л байсан нь зохиолын төгсгөлд тодорно. Гайхалтай. Ид шид гэдэг энэ. Нохойны зургаар хүний амьдралыг тохуурхаж болж байна. Бас л гайхалтай. Гэвч эцэстээ харамсалтай. Итгэл найдвараа үзэл суртлын өнгө будагт хольж, хөөрхий зураачийн адил сэтгэлийн оёг өвчинд баригдан амьдрах бахтай юу? Мухар сохор зүйлийн үзүүрт оюун санаагаа хатгаж орхиод цааш явахад амар уу? Ийм эмгэнэлтэй асуултууд энэ номд элбэг юм. Хэн нэгэн бүтээлийг нь өөрчилж байхад түүнийг ид шид хэмээн итгэх хөөрхий зураач... хөөрхий... Хүний сэтгэлгээний эрх чөлөөнд санаатай хийгээд санамсаргүй байдлаар халдаж буй энэ өгүүлэмж надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Харин зохиолч үүнийг ид шидийн хүлээлт, санааны тарчлаан болгон хувиргажээ. (Зориуд гэмээр ч юм уу) Гэвч иймэрхүү ид шид амьдралд байхгүй. Энэ туурийн гол гогцоо нь энд байна. Би юу хэлэх вэ? Хүлээх сайхан шүү л гэе. "Шөнийн ноход” хэмээх энэ зураг хүний сэтгэл зүйг судлан шинжлэх гэсэн саваагүй нэгний (гэмт хэрэгтний) шийдэл байж, эндүүрсэн зураач насан туршдаа түүний шидийг хүлээх шалтгаан нь болж. Үнэнхүү танил дотно, дургүй хүрмээр дүр зураг. Бүхий л үед ийм байсан ч бил үү. Мэдэхгүй ээ. Яг одоо бол ингэж л төсөөлөгдөж байна. Мөн зураач өөр нэгний гар хүрч орхисон зургийнхаа учир шалтгаанд автсаар яваад үхэж байна. Бас л танил үхэл. Үүнийг л амьдрал гэж нэрлэх. Зураачийн бүхэл амьдралынхаа турш зурсан зургуудийг нь мэргэжил нэгтнүүд нь үзээд, гүйцэд зурсан зураг үнэндээ алга, арай дөнгүүр нь энэ хоёр нохойны зураг л байна гэж хэлдэг нь, тэрхүү зураг ч ачир дээрээ өөр нэгний бүтээл болох нь, бүр тодруулбал сэтгэц судлаачийн туршилт байсан гэдэг нь үнэн хоржоонтой. Зураач бол эмгэнэлтэй шог дүр. Хоёр нохойны зургийн туурь “Ингээд үзэхээр зөвхөн талийгаач зураач төдийгүй хүн болгон шахам л хэн нэгний туршилт болж яваа юм шиг санагдахуйд өөрийн эрхгүй нуруу руу хүйт оргих шиг болох ажээ” гэсэн үгсээр төгсөж байна. Гэвч үл төгсөх сэтгэл зүйн туршилтууд эргэн тойронд шөнийн ноход шиг отож байгаа шүү дээ. Уран бүтээлчийн сэтгэл зүйн байдлыг чадамгай шинжилж бичсэн энэхүү туурийн азгүй зураачийн дүрээр дамжуулан хүний амьдралыг дам шоглон тохуурхахаа зохиолч мартсангүй. Түүнийг нь мэдрэх таагүй. Уран бүтээлийн жинхэнэ мөн чанар ийм байдаг биз ээ. Хэдий тийм ч уншигчийн сэтгэгдэл зохиолчийн судлан шинжилж бичсэн мөнхүү зохиолын уран нарийн сүлжээсийн дэргэд утасны шон дээр үглэх шаазгайны сүүдэр төдий л зүйл билээ.Хүмүүсийн заяагдмал мөн чанарт сүлжиж зохиомжилсон агуулга бүхий “Бүлэг иргэний туурь” бол хэзээ ч, хэдийд ч уншсан хуучрахгүй иргэншлийн түүх. Ирээдүйд ч ийм түүх уншигдсаар л байх вий. Зам бүр Ром хүрнэ гэдэг дээ. Гэхдээ уул давахгүй бол Ром хүрэхгүй. Уг нь хүн бүрт уул давах хүсэл буй. Энэ хүсэл бол аалзны торонд суух хааныхаас арай өөр хүсэл юм. Мэдээж хэрэг хүний салшгүй нэгэн дагуул бол сүүдрээс гадна ертөнцийг танин мэдэх гэсэн тэмүүлэл байж таарна. Тийм тэмүүлэл байхгүй бол өөрийнхөө жалганд л насыг элээнэ. Хуудас бүрээс нь гашуун егөө амтагдах энэ туурийг уншихад ямар нэг зүйлд зовних шиг. (Ямрыг нь мэдэхгүй) Хаа нэгтээд оршиж буй тэр зовнил угтаа бидний баяр жаргал ч байж мэдэх юм. Ийм нэг цаг хугацааг хүмүүс бид хэдийнээс бүтээлцэж ирснийг хэн мэдэх вэ? Лавтай урт хугацаа байх. Тэрхүү цаг хугацааг энэ тууриас уншиж болох ч учир нь тэрэндээ биш. Учир нь, угийн угт нь, голын голд нь хатаж барьцалдсан шавьжны цогцос шиг нэг зүйл хүний бас нэг эд эрхтэн болж, зүрхтэй нь хамт цохилж, зүүдтэй нь хамт амьдарсаар үхдэг аж. Тэгэхийн тулд ч бүлэг иргэд байдаг биз ээ. “Бүлэг иргэн өөдөлсөн ч үгүй, бүр тамтгаа баран арилсан ч үгүй нэг л газраа тойрон нүүдэллэсээр он цагийг элээх болжээ. Тэд нүүдэллэн явах ахуйдаа уулсын бэл хүрээд буцна. Тэдний дөрвөн зүгт тэнгэрийн хаяа цэнхэртэх хязгаарын тэртээд уулс хашаалан сүглийнэ. Тэр уулсыг зориглон давьюу хэмээвээс тэдэнд ямар нэгэн гай зовлон тохиолдож болох мэт санана. Тиймээс тэд уул үл давна...” гэсэн эхлэл хэсэгт уг туурийн төгсгөл ч бас хамаарна. Учир нь тэд уул давахаар ярилцаж хэлэлцсэнээс биш зориглон хөдөлсөн нь үгүй. Уг туурьт гарах хашаалсан уулс бол мэдээж хэрэг хүний ухамсар сэтгэхүйг л бэлгэдсэн байж таарна. Тиймээс тэрс үзэлт нэг нь түүнийг уул биш зүгээр л нэг шороон хэрэм гэж нэрлэж байна. Бүлэг иргэд уул давах гэсэн нэгнийгээ элдвээр хяхаж боож, хавчиж гадуурхаж тэр бүү хэл харгис хэрцгийн байдлаар амь насыг нь егүүтгэнэ. Бидний сонсож дассан “хүний нийгэм” гэгч нь чухам ингэж бүтэж бүрэлддэг бололтой юм. Үүнийг бүлэг иргэнд хамаатуулахгүй гэх шалтгаан ч юу билээ. Бүлэг иргэдийн ихэнх нь эрх чөлөөний мэдрэмжээ алдсан хүмүүс. Тэд нүүдэллэсэн ч гэсэн уулын бэлд хүрээд л буцахыг хүснэ. Эрх чөлөөний мэдрэмж хаана байхаас үл хамаарна, уулын бэлд ч оргилд ч адилхан төрж болно. Гагцхүү хүний сэтгэл зүйг зулгааж чангааж байгаа хэвшсэн үзэл санаа л бүгдийн тээг тээр болоод байгааг мэдрэх төдийд л эрх чөлөө өөрөө хүрээд ирнэ. Орон зайн хашаанаас гарч чадахгүй байгаагаа энд амьдрал болж байна, уул давахад үүнээс ч дор амьдрал угтаж мэднэ гэж хаширлаж байгаагаас харж болох юм. Нэгэнт тогтсон амьдрал нь л тэдэнд үнэ цэнтэй. Түүнээсээ сална гэдэг үхнэ гэдэгтэй адилхан сонсогдож байгаа учраас “уулс хашаалан сүглийнэ” гэх айдас л тэдний “амьдрал” болж байна. Уулын оройд гарах бол эрх чөлөө, тэндхийн салхи бол санаа бодлын туйл. Ийм туйлын дээд оршихуйгаас айж хулчийна гэдэг гутамшигтай явдал. Хаашаа ч хэлбийж хөдлөхгүй юм шиг болсон тийм амьдралын үнэ цэн мөн чанартай үхэхээс ч аймшигтай байж мэднэ. Сэтгэл зүйн ийм төлөв байдлыг энэхүү тууриар дамжуулан гаргажээ. Хоёр дугуйтай усны тэрэг шиг амьдрал ч байна. Хөөрөн нисэх хүчирхэг онгоц шиг нь ч байна. Гээд ямар ч байлаа гэсэн хүн амьдарч л таарна. Харин эрх чөлөөний мэдрэмж л хаа нэгтээ царцаж болохгүй. Үүнийг л би мөнхүү тууриас уншлаа. Уг номын “Үүдэл эцгийн туурь”, “Мөнгөн торхны туурь” хоёр бол нэг л зүйлийг хоёр өөр өнцгөөр илэрхийлж бичсэн гэхэд болно. “Үүдэл эцгийн туурь” бол маш том санааны хураангуй. Үнэхээр ч хураажээ. Сунгаад татаад байвал энэ туурь бараг л романы дайтай юм. “Мөнгөн торхны туурь” бол маш уран, нандин туурь гэж ойлгосон. Энэ хоёр туурийн ялгаатай тал нь гэвэл нэг нь хүний дүрээр, нөгөө нь эд зүйлсээр төлөөлүүлж амьдралын хувьслыг зэрэгцүүлсэнд оршиж байна. Үүдэл хэмээх азтай ч гэмээр, азгүй ч гэмээр нэгэн хүүгийн амьдралын түүх үр хойчсынхоо бахархал, онго шүтээн болон хүндлэгдэж байгаа бол нөгөө туурьт үл мэдэгдэх мөнгөн торх бас нэг өрх бүлийн сайн сайхан амьдрахын бэлгэдэл болж үргэлжилнэ. Аль ч овог удамд өнгөрсөн цагийн бэлгэдэл болсон хүн, эд зүйлс байдаг. Баатар зоригтой, ухаан эрдэмтэй, бяр тэнхээтэй тэдгээр хүмүүс дараа үеийнхээ бахархал болдогийн нэгэн адилаар үнэ цэнтэй эд зүйлсийн сураг ажиг ч мөн тасардаггүй байна. Үүдэл эцгийн ухамсарт орших өш хонзон, бага байхаас сэтгэлд нь тогтсон гэм, эрээ цээргүй амьдралын үнэн нь хожмын бүх худал хуурмагийн эх үндэс болоод зогсохгүй бүр бурхан дүрийг олж байгаа нь гайхамшигтай. Ээ дээ ийм л гайхамшигаас хүмүүс мэндэлсэн юм шүү дээ. Гайхамшиг гэдэг газар дэлхий дээр үргэлж л өрнөж ирсэн. Туйлын хоёр өнгийг шүтэгчид ингэж л завсрын буюу саарал өнгөнд уусан нэгдэж түүнийхээ төлөө насан турхархуу мачийсаар эцэст нь нэг юм нүд аньдаг билээ. Саарал өнгөнд уусан нэгдэж байгаа нь ч ихээхэн утга учиртай юм. Тэгвэл хэзээ хаана байсан нь үл мэдэгдэх нууцлаг мөнгөн торхны төлөө л амьдарч байсан шиг санагдах нь юуны утга учиргүй байх билээ. Утга учиртай болоод л нэгэн бүл хүмүүсийн ой санаанд мөнгөн торх гялалзана. Тийм үзэгдэл юмсгүй тэдгээр хүмүүс яаж амьдрах юм? Мөнгөн торх бол тэдний хувьд бас нэг гайхамшиг нь. Ийм гайхамшиг л ухамсар сэтгэхүйг хөдөлгөөнд оруулж, амьдрах хүслийг нь гялалзтал зүлгэж өгдөг учиртай. Ай даа ийм учраас л хүмүүс үлгэр домогт итгэдэг юм. Домог түүх зохиодог юм. Амьдрал хууч домгийн хэлээр амьсгалж байдгийн учир ч ийм. “Мөнгөн торхны туурь”-д мөнөөх торхыг зохиолын гол баатар дуурайж хийлгэж байгаа нь тэрхүү эд зүйлийн давтагдашгүй чанарыг үгүй болгож байна. Хүний ертөнцийн оршин буй түүх ч үнэндээ мөнгөн торхны л хэмжээний учир явдал шүү дээ. Нэг бүлэг хүмүүс энэхүү түүхийг гээж орхих ч дараагийн хүмүүс түүнийг цааш нь аваад явчихаж чадна. Энэ бол мөнгөн торхны түүхийн мөнх байх учир шалтгаан юм. Тиймээс ч зохиолд “Мөнгөн торхонд зөвхөн ус хийдэг, уснаас өөр юу ч хийдэггүй байсан. Ус хийхдээ амсраас нь гурван хуруу дутуу хийдэг. Хийсэн усаа гурав хоногт ундандаа хэрэглэж дуусгадаг. Гурав хоногоос өмнө дуусгавал дутаж гачигдахын зовлон дуудна, гурав хоногоос илүү удаавал өвчин зовлонгийн гай авчирна. Мөнгөн торхыг жил бүрийн зуны эхэн сард навч ногоо шинэдэн дэлгэрсэн цагт л хэрэглэнэ...” хэмээн тэмдэглэн бичжээ.Тэмдэглэл гэснээс “Зүүдний туурь”-д “Уран зохиол бол амьдрал хэмээх шударга бус ертөнцийн тухай тэмдэглэл” хэмээн бичжээ. Уг туурь бүхэлдээ хүний сэтгэл зүйн талбарт өрнөнө. Нас нөгчөөд олон жил болсон аав нь хүүгийнхээ зүүдэнд ирж хуучин бичгийн машин дээр учир битүүлэг нэгэн зүйлийн тухай бичсэнээ түүнд харуулж байгаагаар зохиол эхэлдэг. Зохиолын гол дүр тэрхүү бичсэн зүйлийг зүүдэндээ уншчих боловч сэрэнгүүтээ мартчихна. Энэхүү жигтэй хачин байдлаас гарах гэж янз бүрийн арга чарга хэрэглэсэн ч тусыг олохгүйн дээр нөгөө л жигтэй хачин зүүдээ үе үе зүүдэлсээр байх аж. Тэгээд аавынхаа бичиж үзүүлээд байгаа битүүлэг зүйлийг олж мэдэх хэрэгтэй гэсэн бодол төрснөөр зохиолын үйл явдал цааш өрнөнө. Зүүдээ тухайн хүн үргэлжлүүлээд бодож буй нь амьдрал болон хувирна. Энэхүү туурийг зүүднээс эхтэй бодлын туурь гэмээр. Бүхэл утгаараа бол амьдралын... Хүний амьдралын хэлбэр загвар гэгч бүдүүн бааргаар бол нэг иймэрхүү. Тиймээс ч зохиолын баатар маань өнгөрсөн амьдралаа эргэж харах, нас нөгчсөн аавыгаа ямар хүн байсныг ахин танин мэдэж байна. Гэхдээ гол гогцоо нь энд биш л дээ. Хүнд ер нь нэг тийм эрээд ч байгаа юм шиг, хайгаад ч байгаа юм шиг амьдрал байдаг. Тэр нь эв зүйгээ олохгүй бол итгэл гэгч нь мухардана. Энэ л амьдралын ярвигтай, зовиуртай үйл явцыг энэ тууриас олж үзнэ.Түүний тууриуд дахь дүрүүд уулсад хашигдсан, хайс төмрөөр хашаалагдсан, цуу ярианд автсан, үнэн мөн гэгчээс харьшиж хөндийрсөн хэв төрхтэй, бие хүнээс илүү бүлэг, нэгдмэл хүмүүс гэсэн утгатай ч тэрхүү ойлголт нь салангид, сарнимхай чанартай бүтээгдэх ажээ. Хашаалж хорьж байгаа үйл явц нь “Төмөр хайсны туур”, “Бүлэг иргэний туурь”, “Булингарт голын туурь” зэрэгт тодорхой илэрнэ. “Төмөр хайсны туурь”, “Бүлэг иргэний туурь” зэрэг бол өнгөц харахад нийгмийн бүтэц загвар мэт санагдах боловч өнгийж сайн харвал сэтгэхүйн л загвар юм. Эгээ л булингарт голын дээрээс өнгийх мэт. Хэдийгээр булингарт голын усанд дүр төрхөө тольдож болохгүй ч тийш харсан мөч бол урсгалд оршсон цаг хугацаа гэдэг нь ойлгогдоно.“Би хотын даргаар сонгогдвол Булингарт голыг цэвэрлэж булингараас нь салгана...” Ямар муухай өгүүлбэр вэ энэ. Нөгөө бидний сонсож дассан, сонсохоос дотор муухайрмаар хөгийн үгс ч энд мөн зайгаа олжээ. Булингарт гол бол бидний сэтгэлийн урсгал чимээ, санаж сэрэхүй юм. Нэг үгээр зүрх сэтгэлийн гол юм. Хотын дарга марга энд пад ч байхгүй. Ингээд ойлгочихвол илүү амар. “Сүүлчийн гол үлдэхэд л сая нэг юм хотынхон гол усандаа санаа тавьцгааж эхэлжээ...” Булингарт голын туурь бол ирээдүйд зориулагдсан үлгэр. Маш эмгэнэлтэй үлгэр мөн. Ийм үлгэр улам үнэтэй болох цаг айсуй. Булингарт голын дээрээс өнгийхөд өөрсдийнхөө дүр төрхийг тод тунгалагаар харчих боломж бий учраас тэр. Сэтгэл зүйн байдал гэгч ийм.Ер тухайн хүн өөрөө ч ойлгож тайлбарлахад бэрхтэй сэтгэл зүйн байдлыг хөндлөнгөөс бол тун амархан дүгнэчихнэ. (Өвчтэй солиотой гэх ч юм уу) Гэвч дүгнэлт, тодорхойлолт гэдэг заримдаа ач холбогдлоор маруухан цаас төдий зүйл билээ. Ээдрээтэй ийм амьдралыг уран зохиолын хэлээр хүүрнэж, түүний далд гүн шигдсэн бүхнийг илчлэн уудлана гэдэг зохиолчоос маш нарийн ур чадвар шаардана. Үүнийг “Хондогын өвөлжөөний туурь”, “Хуучин юмсын туурь”, “Зүүдний туурь”, “Шар харганын туурь”, “Хоёр нохойн зургийн туурь”, “Хэлтгий сарны туурь”, “Өвсөн хавхны туурь”, “Ромео Жульетта хоёрын туурь” зэрэг өгүүлнэ. “Маргааш орой өвсөн хавхаа тавина даа” гэж “Өвсний хавхны туурь”-д бичсэн шиг. “Хуучин юмсын туурь”-д “Чи бид хоёрыг холбосон хялгас ч байх биш” гэсэн нэгэн өгүүлбэр бий. Тэрхүү өгүүлбэрийн дэргэд хэсэг азнаарай. Өөрийн гэж санадаг хүмүүсээ хайрлах амархан. Харин хүнийх гэж боддог хүмүүсийг хайрлах хэцүү. Тэр хэцүүг давж чадсан цагт л хайр жинхэнэ утгаараа ирж магадгүй. Сэтгэлийн тийм нэг тайтгарлыг тэгж л нэг мэдрэх боломжтой. Энэ бодлыг минь дээрх өгүүлбэр сэдрээж орхисон. Гэхдээ ийм боломж хэр олдох бол? Амьдрал өршөөлгүй, хатуу ширүүн, хүний сэтгэл зүй таагдашгүй. Ингэж бичиж суугаа миний сэтгэлд ч хаа нэгтээгээс олсон өш хонзон, гомдол зэвүүцэл холын од шиг гялав цалав хийж байгаа ч бил үү. Хэн мэдэх вэ? Надад ч бас итгэхэд хэцүү сэтгэл зүйн байдал, тааж тааварлашгүй дотоод ертөнц бий шүү дээ. Үүдэл эцгийн гэм ч сэтгэлд буй. Үүнийг л зохиолч тандан судалжээ. Тэр хүний сэтгэлийг эртнээс шинжлэн судлаж байсныг нь мэдэх юм. “Сэтгэл шинжлэл” гээд яруу найргийн номыг нь уншигчид мэдэх байх. “Хондогын өвөлжөөний туурь” бол үнэн худлын дэнс. Үнэн гэдэг нэг хүний харсан бодтой зүйл үү, эс бөгөөс олон хүний ташаарсан ойлголт юм уу. Хүн гэгч амьтан цагаа тулахаар хувь ганцаараа тэр үнэн гээчийг өөртөө тээж үлддэг. Тэгэхээр үнэн гэгч хүний дотоод ахуйд л бодтой оршиж чадна. Тэр нь худал хуурмаг, өчүүхэн дорой байсан ч хамаагүй. Нэг хүний тухай ойлголт хэчнээн олон хүнийг өөрчилдөг вэ. Үнэн гэж ийм л байдаг болов уу гэх худал хуурмагийн үр сад билээ, бид. Мөн зохиогчийн хөндөж бичсэн зарим тууриудын тайлал нь гэмт хэргийн шинжтэй байх нь түгээмэл байна. Угаас хүний сэтгэл гэдэг гэм нүглийн талбар юм гэдэг. Бодож төсөөлсөн шиг сайн сайхан эд лавтай биш. Гэхдээ муу муухайг нь бичээд байгаа нь ч бас сайн сайхныг нь л нээгээд байгаа учир зүйн шалтгаан билээ. Уран зохиол бол хүн, хүний сэтгэл зүй, тэдгээрийн үйл явц гэвэл энэ ном түүний танихуйн шалтгааныг хэдийн олжээ.Сэтгэлзүйн тууриуд ном төсөөлж болох аварга байгууламжийн доторх хүний сэрэмжийг ихэд чухалчласан нь анзаарагдах бөгөөд ирээдүйд болж мэдэшгүй үйл явцуудыг эгээ л замын тэмдэг дохио лугаа хуудас бүрдээ өлгөжээ. Ёжтой үнэн, гашуун егөөдөл, тохуурал нь ч ирээдүй цагт хаяглагдаж байна. Энэ ном үйл явдал хөөж биш уг санааг нь нээж уншихад зориулагджээ. Уран сайхны сэтгэлгээ нь ч уншигчийг хөтлөөд явчих аж.Түүний зохиол бүтээл туурвих тухай ярианд олонтой дурдагддаг туурвил зүй, зохиолын байгууламж, зохиомж, үйл явдлын өгүүлэмж, уран сайхны боловсруулалт гэх үгсийг өөрийнх нь номоос таниж мэдлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Үзлээ. Энэ ном уран зохиолыг танин мэдэх гэсэн, туурвин бүтээхийг зорьсон өчүүхэн миний сэтгэл зүйд ч мөн шинэ өөрчлөлтийг авчирлаа. Гялайлаа. Ингээд мөнхүү номын талаар чадан ядан бичсэн энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Номын хүч цагийг хураах болтугай.

Мөхөс бичээч П.Майнбаяр 2021.12.19

Түр хүлээнэ үү...
Top