ЦОНХООР ЮУ ХАРАГДАЖ БАЙНА?
Оршилд өгүүлэх нь. Яруу найргийн тухай аливаа ярианы нэгэн тулгуур асуудал, тодорхойлон хэлэхэд тун ч төвөгтэй ойлголтын нэг бол ерөөсөө яруу найргийн үүдэн бий болох нөхцөл, амилан бүтэх үйл явц, мөн чанараа олж авдаг нууцтай холбоотой. Үүнээс үүдээд яруу найраг гээчийг хэрхэн бүтээдэг, яруу найргийг чухам яг юу яруу найраг болгодог, яавал яруу найрагч болдог, яруу найргийг хэрхэн бичдэг тухай гүн ухааны ч гэмээр, хоолны жорны ч гэсэн болох яриа хөөрөө тэнэж явдаг. Жишээлбэл үүнд таарах оношлуур байдаг уу гэвэл байж болох юм байна гэж хэлэх байна. “Уншигч яруу найрагч хоёр” гэсэн нэр бүхий шүлэг болгоод дэглэчихэж цаана чинь.
“Шүлэг яаж бичдэг юм бэ?” гэж охин асуулаа
“Цонхоор юу харагдаж байна” гэж би асуулаа
“Тийм ээ, цас орж байна” гээд би гунигтайхан инээвхийллээ
“Шүлэг бичиж яах гэж байгаа юм бэ?” гэж би асуулаа.
Ердөө л ийм нэгэн “яриа”-гаа л тэмдэглэн үлдээсэн нь зохиолч болохыг хүсдэг, болохоор шийдсэн болон зохиолч “болчихсон” нөхдөд ч туйлын хамаатай санагдав. Цонхоор юу харагдаж байгаа тухай тун ч “энгийн” асуултад л “бүдэрсэн” тул “тийм ээ, цас орж байна” гэж гунигтайхан инээвхийлэхээс өөр юу ч гэхэв дээ, нээрээ. Охин юу гэж хариулаад шалгалтад уначихсан юм бол оо.
“Цас орж байна,
Гурван, өндөр охин явж байна!” гэж хариуллаа
“Цагаан болчихжээ, хот маань
Өө, нэг ах уначихлаа” гээд инээлээ
“Тэнд гэнэт машин эвдрээд...
Хүүе... доогуур нь нэг тэнэг нохой шургачихлаа.
Тэр, тэр... хар даа, эгч ээ
Замын гэрлүүд солигдохгүй байна...”
Уг нь та бидний л цонхоор харж буй зүйлийг хэлсэн, асуултад “үнэн зөв” хариулсан юм байна. Гэхдээ хариу нь энэ биш юм байна аа. Цонхоор ийм зүйл харж байгаа л бол шүлэг бичих ирээдүй харагдахгүй нь ээ та бидэнд гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй. Цонхоор тэгээд юу харагдсан юм ингэхэд.
Тэд үнэндээ охид биш ээ,
Гурван тогоруу л хүний дүрээр алхаж байна.
Тэр машин эвдэрсэн юм биш ээ,
Цасны будраанд л түр зүүрмэглэж байна.
Тэнэгхэн нохой гөлгөө хайж явна аа,
Хөлдөөд үхсэнийг нь мэдээгүй...
Тэвдүү залуу өөрөө бүдрээгүй ээ,
сүнснүүд л хөлийг нь дэгээдчихлээ.
Улаан гэрлүүд гацаагүй шүү,
цасны илбээнд л согтоод дүрлийчихэж...
Угаасаа манай хот цав цагаан,
шөнөөр бүр ч гэрэлтдэг юм...
Та мэдэх үү, энэ “яриа” бол өөрөө яруу найраг, эндээс л яруу найргийн тухай ойлголт эхэлдэг юм байна. Таны нүд цонхоор юу олж харж байгаагаас яруу найргийн мөн чанарын тухай цааш ярьж болох, эсэх нь тодордог гэхнээ болдог ажээ. Хамгийн гол нь цонхоор охидын доторх тогорууд, машины зүүрмэглэх чимээ, гөлгөө хайх нохойн алхаа, сүнснүүд хүнийг дэгээдэн зугаацах, согтсондоо дүрлийсэн улаан гэрлийн хүүхэн хараа томрох, шөнийн хот хэрхэн гэрэлтдэг тухай олж харах хараанд л яруу найргийн мөн чанар оршиж байдаг гэсэн үг юм. Энэ бүхнийг олж харж чадахгүй аваас шүлэг бичих бодлоо орхих нь хэн нэгнийг хамаагүй амар амгалан болгоно гэдэгт итгээрэй. Ийм асуултад ингэж хариулах үед шүлэг бичиж яах гэж байгаа юм бэ гэдэг удаах асуулт аяндаа урган гарах нь зүй ч юм даа. Сануулахад энэ бол оюуны итгэлцүүр, ай кү, тооцоолон бодох чадавх, мэдлэгийн цараатай огт хамаагүй, зөвхөн яруу найраг, уран зохиолын орчинд л яригдах шалгалт, асуулт, хариулт юм. Товчхондоо шүлэг бичих, зохиол туурвих их хүсэл тэмүүллийг ингээд л тестэлчихэд болох асуудал ажгуу.
Зохиомж. Утга зохиолын салбарт сүүл үес гарсан хоёр романы тухай ярингаа зарим нэг зүйлсийн тухай хөөрөлдье. Энэ удаад романы төгсгөлөөс яриагаа эхлэх боломжтойг зохиолууд өөрсдөө хэлж өгсөн, бас тэгэх шаардлага ч байна. Л.Өлзийтөгсийн “Хараацай зогсолт” /2020/ хэмээх хоёр дэвтэр романы төгсгөл нэг иймэрхүү. “БИ-д та аандаа л автаж, аандаа санаа зовж, хайрлан түгших вий. Таныг уйлуулж, таныг гуниглуулж, хааяа зэвүүг чинь хүргэн агдасхийлгэж, уурыг чинь барж, удалгүй инээлгэж, энд тэндээсээ эмтэрч хагсартал чинь энэлгэснээ, гэнэтхэн чанга хашгирч цочоох нь БИ-ийн энэ удаагийн гол зорилго. Дэггүй БИ-г маань ойлгохыг л хичээгээрэй дээ! За номоо эхэлцгээх үү? Төгсөв.”[1] Энэ зүгээр нэг маркетинг чамирхал ч бас биш юм аа. Нэг талаас, хоёр ч боть романы оршил бас тайлал энэ л төгсгөлд байна. Нөгөө талаас энэ романыг эхнээс нь, дундаас нь, бүр төгсгөлөөс нь эхэлж уншсан ч болно, учир нь зохиолын бүтэц, магадгүй агуулга өөрөө ийм нөхцөлд байж болох хэлбэртэй гэхэд болно. Бодит байдлын буюу бидний дассан тэр цаг хугацааны дарааллыг хөөх шаардлага энд байхгүй. Тэр ч байтугай агуулгын хувьд ч заавал эндээс эхлээд удаад нь үүнийг гэх зарчим ч үйлчлэхгүй. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй, та хаанаас нь ч эхэлсэн бай ер нь бол зохиолыг бүгдийг үзэж туулж байж, зохиолчийн эелдгээр зөвлөсөн тэр БИ-г нь сая ойлгоно. Би гэдгийг зориуд том үсгээр хэлхсэн байгаа биз.
Тэгвэл Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” /2018/ романы төгсгөлд ийм зүйл тааралдана. Энэ яг ч зохиолын төгсгөл биш л дээ, харин бүтэцдээ бодолцож оруулсан номын шийдэлтэй холбоотой. Энэ шийдэл, бүтцийн тухай уншигчдын тухай хэсэгт дэлгэрүүлэн ярих болно. Харин романы сүүлийн мөрүүд ингэж байна. “Хэдхэн мөчийн дараа тохиох бахархлынхаа зүг рүү би хамгийн их уйлсан өдрүүдээ, хамгийн их инээсэн мөчүүдээ, хамгийн том дутагдлаа, хамгийн сайн сайхан зан чанаруудаа хамтад нь үүрсээр гүйж явна. Алхам алхмаар дөхөж л явна. Заримдаа буцаж, заримдаа зогсож, заримдаа төөрч будилсаар байсан ч туулж ирсэн энэ л зам намайг ял зэм, яруу сайхан бүхэнтэй минь хамт бардам амсхийх ганцхан хором руу хөтөлж явна...”[2] Энд бас нэг БИ гарна, түүний уйлсан өдрүүд, инээсэн мөчүүд, зогссон, буцсан, төөрсөн, будилсан, ял зэм яруу сайхан бүхний эцэст бардам амсхийх ганцхан хоромд очиж байна. Ингэхэд энэ романы хувьд бол намтарчилсэн, түүхэн шинжтэй, дээрээс нь бичлэгийн ерөнхий хэлбэртэй уялдаад эхнээс нь дарааллаар нь унших нь зохистой гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнөх роман ч бас намтарчилсан шинж чанартай. Тэнд намтрын эзэн нь “БИ” байдаг бол, энд тодорхой хувь хүн, эдгээр хувь хүний цаана нийгмийн тодорхой үе цагийн түүх ч бас давхар текст илэрхийлдэг.
Өрнөл. “Хараацай зогсолт” романы БИ хэрэв амьтан болж нуугдахыг санал болговол чухам яагаад алтлаг хайрстай бүлтгэр загас болохыг хожим нэгэнтээ сонгосон шалтгаан, сэтгэл санааны дотоодод үлдэж хоцорсон гүн сэтгэгдлийн түүхийг энд өгүүлжээ. “Загасыг хайрлах сэтгэлтэйгээ, загасыг тэжээх итгэлтэйгээ, загасны зүрхний цохилтыг сонсдог чихтэйгээ, гологдсон загасханаас ч ертөнцийн гоо сайхныг олж хардаг нүдтэйгээ нийлж байж би сая Би болно. Нүдийг минь ширтлээ ч та харааг минь олж харахгүй. Цонхны цаанаас биеийг нь хараад л ойлгочихлоо, мэдэрчихлээ гэж итгэх уншигчид ‘асан цохилох зүрх мэт алтан загасхан’ л охины нууц гэдгийг хэзээ ч мэдэхгүй.”[3] “Аквариум”-д орж нуугдсан загас эртний улбаатай ажээ. Хүүхэд насанд тохиосон загастай танилцсан түүх, жимсний чанамалын шилэнд хийгээд тэврээд явж байсан тэр дурсамж, гар дээрээ тээж явахуйд догдолж асан сэтгэл, гар дээр нь амьсгал хураахад төрсөн мэдрэмж БИ-гийн ой санамжийн туйлын тод нэгэн цэг юм байна. Энэ л сэтгэл, итгэл, сонсох чих, харах нүд түүний БИ-г төрүүлж бий болгосон онцгой учралуудын нэг мөн гэсэн үг. Ерөөсөө энэ романд НҮД гэсэн зохиолчийн хийсвэр төсөөлөл, бэлгэдлийн дүрслэл дагалдаж явдаг. Дотоод мэдрэмжийн онцгой өндөр тэмтрүүлд энэ НҮД баригддаг. Баригдсан тэр НҮД бол зохиолын БИ-тэй харьцдаг, түүнийг олж хардаг, түүнд л өртдөг гэдэг нь ойлгогдоно. Өмнөх үгэнд гарч буй шүлэг, шүлэгт гарч буй цонх, цонхоор харж буй нүд, нүдэнд харагдаж буй зүйлс бол үнэндээ БИ, БИ-гийн НҮД, бүр тэгвэл нүд ч биш нүдний ХАРАА бүгд холбоотой юм. Ой санамжид хадагдаж үлдсэн ‘асан цохилох зүрх мэт алтан загасхан’ охины нууц байж, түүнийг харах НҮД, гэхдээ тэр нүдний цаадах ХАРАА хамгийн чухал болох тухай тун ч учир зүйн дараалалтай тогтож бий болсон эд юмсанж.
Романы бүтэц зохиомж үндсэндээ БИ-гийн намтар, дурсамж, амьдрал, үзэл бодол, сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж, энэ бүхнийг багтаасан өдрийн тэмдэглэлийн хуудсууд, тэдгээрийн эрих, хэлхээгээр бүтсэн. Тэдгээр эрихний ширхэг бөөр бүр нь тусдаа биеэ даасан эссе өгүүлэлт зохиолын шинжийг илэрхийлдэг, харин тэдний холбогч эд нь бэлгэдэлт өгүүлэмж, дүрийн сэтгэлгээ болдог, ингээд бүгдийг хэлхэж нэгэн цагирагт хураан багтааснаар яриад байгаа БИ-г бүтээн босгож цогц хэлбэрийг буй болгожээ. Сайтар анзаарвал зохиолчийн сэтгэл санааны мухарт үлдсэн ой санамж, амьдралын олон үеийн өдрийн тэмдэглэл сэлт романы үндсэн материал болсон нь мэдэгдэнэ. Энд та БИ-гийн хүүхэд насны халуун дурсамж, залуу насны гэгээн амьдрал, хайр сэтгэлийн уярам түүх, хадам эхтэйгээ хэрхэн танилцсан, хайртай ноосон цамцыг нь цаадах нь хэрхэн угаасан паян, бас түүний банштай цайны амт, “Ардын эрх”-ийн амьдралын атаархал, мөчөөрхөл дундаас олсон ухаарал, зохиолчдынхоо тухай эргэцүүлэл, уншигчдынхаа элдэв учрал, яруу найргийг эрхэмлэн үзэх сэтгэл, утга зохиолын орчин тойрны үзэл бодол тэргүүтнийг олж үзнэ ээ. Ер нь бол энэ романаас Л.Өлзийтөгсийн, биш ээ БИ-гийн амьдралын зам гудасын хэрэг учир, түүх намтрыг үйл явдал хөөн уншихаас илүүтэй зохиолыг бүхэлд нь ердөө л “унших”, улмаар хэсэг зуур ч атугай “автах” нь хамгийн чухал нь гэж онцолмоор байна. Ийм санааг зохиолч ч цухуйлгадаг. Тодорхой нэг БИ-гийн хуурай түүх, намтар, баримтыг зохиолчийн уран сайхны өвөрмөц сэтгэлгээ, давтагдашгүй мэдрэмж амь оруулсан, чухам энд л уншигчийн хувьд “унших”, “автах” нууц, орон зай хадгалагдаж байгаа юм.
Харин удаах романы хувьд ч энэ бүхэн бас бий, нэгэнт л хувь хүний түүх, намтар учир. Хоюулаа л бодит хувь хүний тухай юм болохоор, аль аль тохиолдолд болж өнгөрсөн үнэн “баримт”-ад зохистой хэмжээгээр баригдаж, түүнээ дагах нь зүйн доторх явдал. “Би найзтайгаа хамт амьдармаар байна. Өдөр болгон харанхуй гудамжаар ганцаараа алхаж ирмээргүй байна. Би ямар нэгэн тооцоо бодохгүйгээр гараа хүссэнээрээ байлгамаар байна. Зогсох эсвэл суух газартай баймаар байна. Дураараа инээж болох эсэхээ мэддэг амьдралаар амьдармаар байна. Хүн бүрийг орондоо орсны дараа шалан дээр дэвсдэг гудсан дээрх амьдралаас залхаж байна. Орой бүр харьж явахдаа айлын эгч ууртай байгаа болов уу гэж бодмооргүй байна.”[4] Хүүхэд насны гашуун шорвог дурсамж, бага насны ертөнцийг харах нүдэнд хадагдаж хоцорсон дүр төрх. Товчхондоо Ч.Отгончимэг хэмээх уран нугараач бүсгүйн амьдралын түүх энэ романы үндсэн эх материал болсон. Хүүхэд насны, залуу цагийн, эмэгтэй хүний дотоод сэтгэлийг нээх оролдлогууд Ч.Отгончимэгийн гэхээсээ илүүтэй зохиолчийн үзэл бодол, сэтгэлгээ, мэдрэмжтэй илүү холбогдоно гэж бодож байна. Хоосон хөндий баримтыг ингэж уран сайхны хэлбэрт оруулдаг зарчим байна аа. Өөрөөр хэлбэл хэдийгээр бодит хүний тухай өгүүлж буй ч, тэнд гарч буй хандлага, сэтгэл хөдлөл, үзэл санаа, мэдрэмж бүхэн яалт ч үгүй эмэгтэй хүний ертөнцөд харьяалагдана.
Феминизм. Л.Өлзийтөгсийн яруу найраг, өгүүллэгийн төрөл зүйлийн зохиолд илэрдэг магадгүй голлох нэгэн үзэл санаа бол феминизм. Феминизм гэх нэр томьёог энд эмэгтэй хүний, эм хүйсийн дотоод ертөнц, тэндээс урган гардаг сэтгэлгээ, тэндхийн нүдээр харагддаг дүрслэлтэй холбон хэрэглэж байгаа юм. Учир нь чухам ийм л зүйл Л.Өлзийтөгсийн бүтээл зохиолд хамгийн хурц тод ажиглагддаг. Тэрнээс биш эмэгтэй хүн л бичсэн бол эсвэл эмэгтэй баатартай л бол феминизм болчихгүй. Өрнөдөд дэлгэрсэн эмэгтэй хүний эрх чөлөө, үзэл бодлын тунхаглал нь яваандаа бүүр улс төрийн байр суурь, нийгмийн хөдөлгөөн болж, ялгаатай байдлаа давуу талд тооцон түүнээ ашиглах, сурталчлах, гул барих хэлбэрээр өрнөсөн түүх бий. Утга зохиолын салбарын энэ л үзэгдлийн нүүр царай нь Симонэ де Бовуар болж үлдсэн. Энд хамаатай хамгийн гол зүйл бол урлагийн хэлээр илэрч буй эмэгтэй хүний өөр хаана ч байхгүй тэр дотоод ертөнцийн дүр төрх л юм. “Аквариум”, “Эмэгтэй хүн” тэргүүтэй зохиолуудад нэг талаас хувь зохиолчийн уран сайхны сэтгэлгээ, мэдрэмж гарах ч тэр нь эмэгтэй хүн гэсэн нэмэлт өгөгдөхүүнээр боловсруулагдсан байдаг. “Үүнээс гадна би үсээ тайрах донтой. Ургуулж, ургуулж байгаад л гэнэт л нэг өдөр өршөөлгүйгээр тайран хаях. Муухай болох, сайхан болох нь огт сонин биш. Үүнийг үнэхээр, үнэхээр, үнэхээр үл тоодог. Ердөө л тайрч хаях тэр агшинд, яг тайрсны дараа толинд харах, догдлом эгшинд би тэмүүлдэг, шунан эзэмдүүлдэг. Өөрийнхөө хэсгээс тасдан авч хаях нь өөрийн биеэс хүн төрүүлэхтэй дөхөх мэдрэмж. Хүүхэд төрүүлэх үе бол ертөнцийн хоёр туйл яг зэрэгцдэг цор ганц цаг хугацаа л даа. Хамгийн муухай хамгийн сайхан хоёр. Үхтлээ өвдсөнөөр ирдэг амьдрал. Үсээ тайрахдаа би төрөлтийн өвдөлтийг дотроосоо эрж хайдаг ч байж мэднэ.”[5] Асуудал үсэнд байгаа юм биш ээ. Асуудлын гол цөм нь хэлээд байгаа “эмэгтэй хүн”-ий дотор бий. Асуудал тайрч хаяхад ч биш, толинд харах эгшинд байдаг гэнэ. Ойр тойрноо бүгдийг нэвт харсан, хамгийн сайн найз нь хэрхэн худал ярихыг сонссон, эр нөхрийнхөө хайр сэтгэлийг олж харсан хэрнээ нууцтай байх, түүнээ хэлэх эцсийн дүндээ ялгаагүй болж, бүхнээс зугтан загас болон нуугдах их хүслэн үсэн дээр илэрч бууж байгаа нь энэ. Тиймээс л урт богинодоо асуудал биш ээ гээд байна. Нэмж хэлэхэд үс, ерөөсөө зүс гэгч эмэгтэй хүний хувьд өндөр ач холбогдолтой сэтгэлзүй байсаар ирсэн. Гулагийн эмэгтэйчүүдийн хорихын бүх л хэм хэмжээ үйлчлэхээ больсон орчинд ч эмэгтэй хүн уруулаа юугаар ч юм будаж, үс гэзгээ янзлан суухыг хараад учир утгыг нь олж ядан гайхширсан дурсамж, мөрүүд дүүрэн. Эндээс л феминизмийн зах зухыг харж болох юм. Ийм сэдвийн ярианы үед харах, мэдрэх, автах л гэсэн үг дөхөж очих бөгөөд ойлгох гэж байхгүй. Яагаад гэвэл энд утга учир, шалтгаан үр, зарчим дараалал, логик гаргалгаа эрж хайгаад хэрэггүй, ерөөсөө тийм зүйл байдаггүй, түүний оронд зүгээр л мөн чанарын тухай ярих нь зохистой болов уу.
Х.Болор-Эрдэнэ харин эмэгтэй хүний ертөнцийг илүүтэй нийгмийн асуудалтай холбон гаргаж хөндөхийг зорьсон. Ингэх бодит шалтгаан ч бий. Юуны өмнө зохиолын эх дүр хүссэн хүсээгүй үүнд хөтөлсөн байх, түүний цаана өгүүлэх манай нийгэм түүхийн, тэр цаг үеийн дүр зураг ч ингэхийг шаардсан, тэгээд эцэст нь ийм бодит шалтаг, шалтгаан олдож байхад хувь зохиолчийнхоо үүднээс ч, эмэгтэй хүнийхээ талаас ч ашиглаж таараа. “Өнөөдрийг хүртэл би жирийн л нэг охин байлаа. Бусдын адил хүмүүсийн дунд хөлөө олох гэж хэр чадлаараа хичээсэн. Харин гайхамшгийг бүтээгч энэ ертөнцийн нэг хэсэг болон зогсох мөчөөс эхлэн дэлхийн хүн болсноо ойлгосон юм. Одоо би бусдын адил хэн нэгнийг даган гүйгч биш бусдаас түрүүлэн шинэ зам гаргаж, мөс зүсэн зам гаргагч бүтээгч байхыг хүсч байна.”[6] Тодорхой нэг хувь хүн, уран нугараач Чулуунзоригийн Отгончимэгээс халиад нийт эмэгтэйчүүдийн түүнд зохиолч өөрөө ч багтсан хүсэл бодлыг хэлээд авч байна. Тодорхой эмэгтэй хүний гэхээсээ нийт хүйсийн, бүүр цаашлуулаад ярихад хөдөлмөрийн хуваарь, эрх мэдлийн тэнцвэр, байхгүй байна, байх ёстой гэж нэхэн зүтгэх уур хилэнгийн дуу чимээ тээр цаана нь цуурайтна. Ийм дуу хоолойны өнгийг л олж ялгаж байгаа болохоос биш, романд тэгтлээ үзэл бодол, нийгмийн байр суурь, улс төр өрх гэрийн тэгш эрх энэ тэр гэсэн үг үсэг байхгүй. Уран нугараач нэгэн эмэгтэйн бодит түүх, энэ түүхийг бүтээсэн монголын нийгмийн тэр нэгэн цаг үеийн түүхэн үйл явц, тэнд эмэгтэй хүн, эмэгтэйчүүд хэрхэж байсан, хэрхсэн, цаашдаа ер нь хэрхмээр байгаа тухай агуулгын хувьд өргөжин тэлж байгаа юм. “Танай аав, ээж ямар гээч? Пүй ёстой аргагүй бурхнаас заяасан чадалтай хүмүүс. Үгүй ээ, тэгээд тэр сүрхий чадал авьяас хэнд хэрэг болж байна? Айн? Хэн тэрнийг үнэлж байгаа юм? Айн? Энэ төр засаг харж байна уу? Үгүй шүү дээ. Үгүй биз дээ? Үхсэн баас, энэ Монголын байж байгаа царай...”[7] Энэ яриан дотор уран нугараачийн, уран нугараачийн үеийнхний, уран нугараачтай хамт дэлхийн хүн болохоор одогсдын, мөс зүсэн шинэ зам гаргаж бүтээгч байхыг хүсэгчдийн зүй ёсны үндэслэл тайлбар явж байна. Далимд өгүүлэхэд сүүлийн гучин жилийн түүх энэ л уран нугараачийн төлөөлж буй бүхэл бүтэн үзэгдлийг дагуулж, нийгэмд байгаагүй шинэ түүх, шинэ хүй хамтлагийг төрүүлж, тэр байтугай хилийн чанадад гарсан буюу цагаачилсан үе эгнээ утга зохиолын салбарт ч шинж тэмдэгээ үзүүлж эхэлж байгааг харж байна. Дэлхийн утга зохиол, тухайн үндэстний утга зохиолын түүх цагаач зохиолчдын сонирхолтой түүхээр нэн баялаг. Ийм хэллэг, ийм үзэл санаа, ийм утга зохиол төрөхөд мэдээж түүхэн нөхцөл байдал л суурь шалтгаан болдог. Манайд ийм шинж тэмдэг хэдийнэ ажиглагдаад эхэлчихсэн, яваандаа үзэгдлийн хэмжээнд очиж, утга зохиолын хөгжлийн сонирхолтой нэгэн салаа мөчир урган цэцэглэхэд гайхах явдалгүй. Д.Энхболдын “Вера Тууяа хоёр”, “Казиног номхотгосон түүх” ийм л мөчирний анхны үр жимс. Банзрагчийн Энхтуяа “Эх орондоо илгээх шүлгүүд”, “Цаг цагийн эгшиглэн”, “Дорнын салхи”, Х.Тэргэл “Эргэж бүү хар” зохиол, мөн Б.Эрдэнэсолонго, Х.Болор-Эрдэнэ, П.Өлзийбат, Л.Батбаяр, Х.Лхамжав, С.Төрбурам нарын нэр утга зохиолын салбарын анхны жим гаргагчид мөн болой.
Ганцаардал. Нийгмийн амьдралын салхи шуурганд туугдан одож буй бяцхан охин бүхий л зүйлээс хаягдаж түгжигдэж хоцорсон. Ийм тохиолдолд түүнийг хүлээж авсан, хучиж нөмөрсөн зүйл бол ганцаардлаас өөр юу ч биш ээ. “Эмээгээс минь үлдсэн хуучин бор тээш, том нагацаас минь үлдсэн модон иштэй сам, саяхан аягалаад тавьсан халуун кофе, ээж аавын минь бэлдэж өгсөн хувцас, бэлэг сэлт бүгд л ганцаардлын өнгөтэй байдаг. Намайг харсан нүд бүхэн миний ганцаардлыг олж хараад түүнд автдаг. Зарим нь түүнийг ашиглах гэж оролддог байхад зарим нь хурдхан дөлж одно. Ганцаардсан хүн тааралдсан болгоноо ховс шиг уургалдаг. Би ховсдогч байжээ. Тааваараа, жамаараа амьдарч явсан хүмүүсийг харгислал руу, хатуу сэтгэл рүү, шунаг хүсэл рүү, эзэрхийлэл рүү, бас өрөвдөн гансрахуй руу ховсдон оруулдаг ганцаардлын эзэн байжээ. Хүссэн бүхэн хүрэхийн төдийд замхрахад зарим нь инээж, заримынх нь урам хугардаг. Хүмүүс инээж, хүмүүс хөгжилдөж, зарим нь үхэл зовлон дээр бүжиглэж байхад ганцаардал тэдний хаа нэгтэйгээс зүүгдчихээд намайг ханьсахаар дуудаж байх шиг санагддаг байсан. Эргэн тойронд хүмүүс. Хүмүүс байсаар байсан ч би тэрхүү хүн цөлийн дунд ганцаардан хоцорсон хүүхэд настайгаа одоо салах ёс хийх цаг болжээ. Харцнаас, дуу хоолойноос, алхаа гишгээнээс хүртэл асгардаг байсан энэ гансралын дууг би дахин хэнд ч сонсгохгүй байхаар шийдлээ. Би зүгээр л юунд ч юм яарч, хаашаа ч юм гүйж байна.”[8] Эргэж хэзээ ч учирмааргүй, дахин харахыг хүсэхгүйгээр юунд ч юм, хаашаа ч юм гүйж одож буй тэр шалтгаан бол ганцаардал нь байлаа. Айлын буланд хавчуулагдан үлдсэн Ч.Отгончимэгийн хүүхэд нас, нийгмийн ийм үзэгдлийн золиос болон үлдсэн хүүхэд насууд, сэтгэлийн мухарт хадагдаж үлдсэн хамгийн сүүлд дэлгэдэг гудсан дээрх амьдрал бол түүнээс хаашаа ч юм гүйж явах хангалттай шалтгаан мөн. “Ганцхан надад л үргэлж тохиолддог гаслантай салах агшин.”[9] Ийм агшин, ийм гаслан, тэгээд үргэлж тохиолддог нь зөвхөн түүнд зориулан бүтээсэн хувь заяа гэлтэй. Ийм хувь заяаг сонгож, түүний гаслан зовлон, тамлал шүүлтийн цээрлэлээс гүйж одом нөхцөл байдлаар харуулахын тулд зохиолч нэлээд хар бараан дүрслэл, багтрам хүнд ахуйг гаргаж үзүүлж байлаа. Уран сайхны энэ орон зайн дүрслэлийн эх үндэс, үүр уурхайг уран нугараачийн сэтгэл оюуны хөндүүр эмзэг цэгээс, нийгмийн болж өнгөрсөн гэрэл сүүдрээс, эцэст нь зохиолчийн өөрийн дуу хоолойны чичиргээнээс эрж хайж болно. Уран нугараачийн бодит үнэн түүх, хэлж ярьсан амьдрал, үзэж туулсан зүйлс бол нэг хэрэг, магадгүй энэ тэгтэл сэтгэл өвтгөх ч үгүй, гагцхүү түүнийг зохиолчийн мэдрэмж, дүрслэл л бидний нүдний өмнө авчирч, тийм өвдөлт шаналгааг зуулгаж, дутааж одом бачууруулж байгаа хэрэг. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг Үнсгэлжингийн үлгэр биш ээ. Бодит түүхээс сэдэвлэсэн нь нэг талаас эдгээр хайрцагт оруулж байгаа хэдий ч, түүний цаадах өргөн дэвсгэр, давхар текст, хэн нэг хувь хүний, бүр нийт нийгмийн үзэгдлийг төлөөлөн үзүүлж байгаагийн хувьд зорилго нь аргаа зөвтгөх боломжтой. Дахин хэлэхэд хуурай хөндий, хоосон тоо баримт биш чухам уран сайхны орчин нөхцөл болгон тавьж, тэнд гарч буй хар цагаан, эрээн барааныг онцгой мэдрэмжийн хүчээр бүтээж босгож ирсэн нь зохиолчийн ажиллагаа юм. “Хүлээх ямар хэцүү гэдгийг тэр мэдэхгүй. Энэ хүртэл би ганцхан зүйлээс л айж байсан юм. Энэ бол хүлээлт. Хүлээлтийн хүлээсэнд орохгүй гэхдээ би өөрөө бүхнийг угтан гүйхийг хичээдэг болсон.”[10] Байнга, тэгээд зөвхөн өөрт нь ирж байсан салах агшны гарцаагүй үйлийн үр нь хүлээлт. Хүлээхийн хүлээсэнд хаягдаж үлдэх тэр оромжийг ганцаардал гэнэ. Энэ туулайн нүхнээс гарч аль болох хол, энд л биш бол өөр хаана ч хамаагүй гүйж одох их хүсэл бол тэрхүү ганцаардлын үр хөврөл. Шалтгаан үрийн хууль хэн нэгний хувьд ч, уран нугараачийн сэтгэл зүрхэнд ч, нийгмийн үзэгдэлд ч ялгаагүй үйлчилдэг бус уу. Тэгвэл энэ ганцаардлын үнэ цэнэ, төлөөсөнд нь ирэх ухаарал мэдрэмж гэж бас байна аа. “Би аав ээжтэйгээ хамт амьдардаг ч тэд энд амьдардаггүй юм шиг л надаас хол байдаг. Харин чи аав, ээжтэйгээ хамт амьдардаггүй ч тэд чамтай хамт амьсгалдаг юм шиг ойрхон байдаг.”[11] Ганцаардал зөвхөн ганцаараа үлдэхэд ч ирдэг юм биш ажээ. Тэр байтугай охины туйлын хүслэн болсон аав, ээжтэйгээ хамт байгаа хэрнээ ганцаардах үе гэж байдаг юм байна. Энэ бол зохиолчийн ургуулан бодохын хүчээр боссон, сэтгэл санааны орноосоо хайж барьж гаргаж ирсэн танин мэдэхүй. Ганцаардлын дүрс хувилгах тэр агшин.
Ганцаардал олон хэлбэр дүрстэй юм байна. Тэгвэл яруу найргийн орон зайд, сэтгэл санааны орон зайд ганцаардал гэж байж болох уу. Байдаг юм байна аа. “Залуудаа, харсан бүхнээсээ шүлэг олж үздэг байж билээ. Залуудаа, харсан сайхан бүхнээ бичихийн хүслэнд автдаг байж билээ. Харин одоо... Одоо бол зөвхөн мэдрэхийг... Энэ агшныг зүрхэндээ үүрд тогтоон үлдээхийг хүсдэг... Хэнд ч зориулагдаагүй шүлэг сэтгэл дотор минь бичигдэнэ. Мартагдана гэдгийг мэдэх ч зүрхэндээ үглэн, уруулаа үл хөдөлгөн шүлэглэсээр л. Энэ шүлгийг гэхдээ хэн ч хэзээ ч олж уншихгүй. Ингэж бодох тусам улам онгодтой бичсээр.” Яруу найргийг цаасан дээр буулгахаас өөрөөр бичих тухай өгүүлэв. Өмнө ярьсан цонхоор юу олж хардаг тухай энд бас хөндөж, бүүр харсан бүхнийхээ цаана байгаа зүйлийг олж харж, харснаа бичих хүслэнд автдагт нь эргэлзэхгүй байна. Харсан зүйлээ бичиж бусадтай хуваалцах нь өөрийн дотоод сэтгэлээ гарган үзүүлж, түүнд нь уншигч буюу бусад хүн хэрхэн хандаж, яаж хүлээж авч, догдлон автаж эсвэл уурлан эсэргүүцэж, нэг ёсондоо харилцаа хөдөлгөөнд орж байдаг. Мэдрэх нэг хэрсэг, түүнээ илэрхийлэн дамжуулах, бусдад хүргэх бас нэг хэрэг. Шалтгаан нь чухал биш, энэ тохиолдолд илэрхийлэн гаргахаас илүүтэй дотоод сэтгэлдээ мэдрэх, мэдэрсэн тэр зүйлээ өөртөө л зориулна хэмээж байна. Ганцаардал өөрөө Л.Өлзийтөгсийн барьж авдаг бас нэгэн сэдэв гарцаа байхгүй мөн ч, энд харин нэлээд сонирхолтой ганцаардлыг хөндөж орхиж. Аливаад хандах мэдрэмж, мэдрэмжиндээ автана гэдэг яруу найргийн сэтгэлгээний хувьд ганцаардаж буй хэрэг мөн. Ингэж ганцаардаж, түүнээ дотроо нандигнан хайрлаж, хэн нэгний нүдний үзүүрт сэвтээчихгүй юмсан хэмээн харамлана гэдэг зохиолчийн хувьд өөрийн мэдрэмж, сэтгэлгээндээ ямар харамыг илэрхийлж байна. Ийм мэдрэмжтэй байна гэдэг, ийм мэдрэмжтэй гэдгээ мэдэрнэ гэдэг, мэдрэмжийнхээ үнэ цэнийг мэдэрнэ гэдэг өөрөө тийм ч амар эд биш л дээ. Хайрлаж, нандигнавал зохилтой тийм зүйл мөн гэж сэтгэвэй.
Уран зохиол бол... “Бичсээр байгаад миний хүрсэн хязгаар. Уншигчдад хүрсэн, өмнөх номууд бол ердөө ноорог. Жинхэнэ номоо би дөнгөж сая бичиж дуусаад, жинхэнэ өөрийгөө дөнгөж сая хийсгэж орхилоо. Тогоруудад хувилахын тулд л бичиж байж гэдгээ сая ойлгов. Тогоруудтай хамт тэнгэрт хүрэхийн тулд л энд хүрч гэдгээ ухаарав. Хэн ч уншихгүй номыг бичих минь. (Хэн гэдгийн минь баталгаа.)”[12] Уран зохиолыг харах ойлгох, түүний утга учирыг эрж хайх, өөрийн бичиж буй зүйлээр дамжуулан тэр тухайт бодол саналаа хуваалцаж байна. Л.Өлзийтөгс номоо, биш ээ БИ бичиж буй зүйлээ ингэж дүгнэж, ямар зүйл бичихийг хүсч буй тухайгаа дэлгэв. Зохиолчийн эцсийн зорилго гэж нэг юм байх ёстой. Энд тодорхой нэг зохиол, эсвэл тодорхой сэдэв өгүүлэмжийн тухай яриагүй ээ. Өөрийн зохиолыг ямар байгаасай гэж хүсэх, ямар хувь заяатай болохыг зөгнөх, ерөөс өөрийн үзэл бодол, сэтгэл оюун, уран сайхны ертөнц, догдлол мэдрэмж, түүнийхээ хүрэх цэг, туулах орны тухай илүү буурьтай зорилгыг хуваалцсаныг хэлж байна. Хүрэх хязгаар, тогоруу, тэнгэр сэлт бол Л.Өлзийтөгсийн ашигладаг хэлний түгээмэл жишээ. Хэн ч уншихгүй ном, хэн гэдгийн нь баталгаа зэрэг нэлээд уран сайханжуулсан зорилго бол юу, ямар гэдгээс үл хамаарах, давтагдашгүй чанарын төлөөх эрэлхийлэл л юм. Энэ зорилгын нь задаргаа, учир шалтгаан харин роман дотор, урлаг, утга зохиол, яруу найргийн тухайд өгүүлсэн зүйл, сэтгэгдэл, эссе хэлбэрээр багагүй илэрч гардаг. Жишээ нь өдрийн тэмдэглэлийн хуудсуудаас нь эргүүлэхэд 2 сарын 19-ний өдрийн тэмдэглэлдээ “Анна үхэв” гэсэн бичлэгт ингэж хэлж байх юм. “Толстой шиг аварга зохиолчид ч орчлонд гологдсон. Ном хүртэл нимгэрсэн, жижгэрсэн. Ланжгар, том, зузаан номуудаас бүгд нүүр буруулж, ухаалаг, урт ‘нийлмэл өгүүлбэр’ гадуурхагдсан... Зохиолчдыг шүтэн бишрэгчдээс илүү зохиолчдыг хараагчид, барьцагчид, шүүн хэлэлцэгчид ихэссэн. Юунд ч итгэдэггүй, хөөрч баярладаггүй, тэгтлээ гуниглан шимшэрдэггүй, живтлээ автан догдолдоггүй хүмүүс ном уншиж, мэдэмхийрэн цэцэрхэж, утга зохиолын профессорын дүрд уран чадмаг тоглодог болсон. Худал магтаалаар хавтсаа чимсэн, ‘худалдагч-зохиоГч’-дын номыг л шүүрэн авдаг бүхэл бүтэн үе төрөн гарч ирсэн... Хөөрхий. уран зохиол! Тэр ч Анна шиг амиа хорлочихлоо.”[13] Өнөөгийн уран зохиол, түүний эргэн тойрны амьдрал, тэнд өгсөн үнэлгээ. Ард нь харуусал. Гэхдээ нэг талаас нь харвал уран зохиолд хайртай, түүний төлөөнөө санаа нь зовдог, харамсан халаглаж чаддаг зохиолчийн дуу хоолой сонсогдож байгаа, нөгөө талаасаа бол энэ бүхэн өргөн хүрээгээр харахад утга зохиолын тэрхүү аймагт байдаг л өнгө төрх, эрээн бараан, бүүр өнөө цагт байх ёстой ч хэлбэр дүрсүүд гэж харагдаж байгаа. Үүнийг өөрөө ч батлан өгүүлсэн.
Уран зохиолын ертөнцөө ангилан хуваагаад, мөн чанараар нь задлан тогтолцоогоор нь тайлбар хийсэн, хийхийг зорьсон явдал нь үүний жишээ. “Уран зохиолчдын ‘төрөл зүйл’ ” гэсэн тусдаа өгүүлсэн зүйл байна. Энд зохиолчдыг “төрөл зүйл” болгон ангилсаад тус тусад нь тайлбарлалаа. Жишээ нь “Биеэ үнэлэгчид”, “Гүн ухаантнууд”, “Дарга”, “Уралдааны морьд”, “Гутрагчид”, “Шашин урлагийг хослон баригчид”, “Их багштан” гээд арваад “төрөл зүйл” болгосныг та тодорхойлолттой нь уншиж мэднэ. Эцэст нь өөрөө ямар “төрөл зүйл”-д багтахаа ч бодолхийлэв. Тэр өөрөө бол “Ганцаардагчид” хэмээх “төрөл зүйл”-д багтдаг юм байна. Ийм “төрөл зүйл”-ийнхэн ямар байдаг тухай ингэж тодорхойлжээ. “Атаач биш, өрсөлдөөнч биш мөртлөө л дайсан ихтэй байдаг нь олж харсан бүхнээ нууж хаадаггүйгээс болдог... Тэр авьяастай хүнийг л зохиолч гэж үзнэ. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхөөс шууд татгалздаг. Гэхдээ зүрх сэтгэлдээ хэнийг ч ялгалгүй гүнзгий мэдэрч, ойлгодог. Үүнийгээ ил гаргахгүй. (Долигонуур санагдчих вий гэхээс үхтлээ айна.) Ганцаардагчид ганцхан зорилготой. Бичих!... Живсээр, живсээр, живсээр сураг алдраад гэнэт санаад эрж хайх үед тэд хэдийнээ үхээд таван жил болчихсон байдаг.”[14] Манай эрхэм зохиолчид эндээс өөрийгөө ямар төрөл зүйлд багтах, багтдагаа олоод харчих боломжтой. Шударгадуу, шорвог үнэнийг, тодорхой хувь хүний гэхээсээ нийтлэг ажиглагддаг дүр төрхийг гаднаас нь хараад ярвайн унтууцах ч магадгүй. Эндээс өөрийгөө, өөрийн зарим хэсгийг олж хараад унтууцах, гутрах, санаа алдах хэрэггүй гэдгийг сануулах юун. Үүнийг Х.Болор-Эрдэнэ энэ л сэдвийн тухай яриандаа өгүүлсэн. “-Тайз хэнийг ч өрөвддөггүй. Тайз хэний ч зовлонг сонсдоггүй. Тиймээс та нар одоо гонгинохоо боль гэх багшийн хатуу үг биднийг том болгосон. Тэр хатуу сэтгэлт тайз биднээс зөвхөн төгс төгөлдрийг л шаарддаг. Харин бид төгс төгөлдөр лүү ойртохын тулд он жилүүдийн дундуур зав чөлөөгүй гүйлдэж байна.”[15] Уран нугараачийн багшийн үгэнд, урлагийн тайзны дүрмэнд, тэнд үйлчилдэг хууль номоос эш татан хэлж байна. Түүнийг чихээрээ сонсож, нүдээрээ үзэж, биеэрээ туулж яваа уран нугараачийн унаж боссон сэтгэл оюун, тэмцэн зүтгэсэн ухаарлаар дамжуулан хамаагүй илүү өөдрөг үзлийг илэрхийлжээ. Өөдрөг үзлийн бэлгэдэл нь зохиолын нэрэнд байгаа гүйж яваа, бүр зав чөлөөгүй гүйлдэж байгаа тэмцэл, зүтгэл, тэмүүлэл, мөрөөдөлд оруулснаар илүү утга учиртай болж уншигдана.
Уншигчид. Зохиолч уншигч хоёрын холбоо хэлхээ, бие биендээ хандах хандлага өнөө үед нэлээд өөрчлөгдсөнийг бид мэднэ. Орон зайн хувьд нэлээд холдсон тухай, тооны хувьд цөөрсөн тухай, чанарын хувьд муудсан тухай, ер нь л өөрсдөөс нь алдагдаж буй тухай гүнээ харууссан үгс элбэг таардаг. Нөгөө талаараа бол энэ нь зөв голдрил руугаа явж байгаа, эрэмбэ дарааллаа олж байгаа, зохиолч уншигчид хүсэл сонирхлоороо нэгнээ аяндаа олж байгаа, тодорхой зэрэглэлийн уншигчдын эрэлт шаардлага улам бүр өсч байгаа, бүүр зохиолчдын бололцоо, чадвар түүнийг хангаж хүчирч байна уу үгүй юу ингэхэд гэх асуулт ч тавигдаж эхэлсэн. Уншигчдад бас ингэж ханддаг. Л.Өлзийтөгс уншигч гэдэг үгийг хашилтанд хийж байгаад ийн өгүүлж байх юм. “Хэн нь ч байсан хамаагүй, тэдний өмнө шалдалдаг тайчигч төдий билээ би. Тэдний хэн нь ч намайг харж, сонжиж, өөлж, муучилж, өөр өөрсдийн төсөөллийн багаа нүүрэнд минь наамагцаа түүндээ итгэж, инээлдэн шоолж, хямдхан үлгэр зохион гүтгэх эрхтэй. Эрдээ үнэнч намайг ‘биеэ үнэлэгч минь’ хэмээн дуудах нь биеэ үнэлэгч уншигчийн л эрх. Шударга бусыг л үзэн яддаг намайг ‘Муракамигаас хулгайлжээ’ хэмээн хөөр баяр болон зарлах нь хулгайч сэтгэлгээт, эхлэн уншигчийн л эрх. Зөвхөн Муракамиг уншсан хүмүүсийг яалтай. Хамгийн анхныхаа зохиолыг уншиж байгаа хүүхэд ч ердөө ганц таваг, муухан шөлний мөнгө төлөөд л номыг минь худалдан авснаараа намайг шүүх, доромжлох, шүлсдэн хүчиндэх эрхтэй болдог. Ийм шударга бусыг амсаж туулна гэдэг тийм ч ‘гоё биш’ үйлийн үр.”[16] Яруу найргийн хувьд яагаад ганцаардлыг илүүд үздэг болсон шалтгаан энд дурайж байна гээч. “Гоё биш” үйлийн үр. Зохиолдоо хайртай, дотоод сэтгэлдээ харам, мэдрэмжээ зохих ёсоор үнэлж үздэг зохиолчийн сэтгэл ийм байдаг юм байна. Үнэхээр хүндэтгэж үзүүштэй сонсогдном бус уу. Номыг нь мөнгө төлж авсан хэнбугай ч шүүж, доромжилж, шүлсдэн хүчиндэх эрхтэй болно доо гэхээс яс нь хавталзах нь аргагүй ч юм. Бидний гар дээр өргөсөн ном, бичсэн зохиол, хэлхсэн мөр, тэмдэглэсэн үг, орхисон цэг таслал бүрийнхээ араас санаа нь зовних нь, түүнийхээ хувь заяаны төлөө гэхээсээ бүтэж бий болсон, хуран үүдэж төрсөн тэр л ертөнцөө хайрлахын учираар ойлгогдлоо. “Хүмүүст адлагдаж, муу хэлэгдэж, бичсэн бүхнээ шүүлгэж, хэн нэгэн атаачийн гүтгэлгээс танихгүй уншигч минь өмөөрснийг үзвэл баярлаж, огт танихгүй хүмүүст ч хайрлагдаж, амьдрал минь тавилангаараа л өрнөж байна. Би юу ч горьдолгүй ажиллаж, ихийг хүлээлгүй амьдардаг... Гэвч амбийцаасаа болж бичиж буй л гэж амбийцтай нь бодоцгооно. Алдар хүндэд дурласандаа л бичиж буй гэж алдар нэрэнд дуртай нь хардацгаана.”[17] Чухам л үүнийг нь ойлгосон гэх үү, мэдэрсэн гэх үү ямар боловч өөрийг нь өмөөрсөн уншигчаа юунаас ч илүү талархан суудаг хэрэг. Зохиолчийн хувьд бичиж гаргасан зохиолынхоо араас ажиглаж, харж, хаана хэрхэн хүлээж авч, хэрхэн хандаж, ямар зам туулж, ямар хувь заяаг олж буйд тун ч анхааралтай, нухацтай хүлээж авдаг сэтгэлзүй харагдана. 1-р сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн хуудсанд “Бос” хэмээх бичилл өгүүллэг байна. Энд нэгэн уншигчтайгаа таарсан түүхээ их л өхөөрдөнгүй бичиж үлдээж. Ийм юм болж. Өөрийг нь таниагүй нэгэн залуу уншигч хоолны газар сандлаас бос хэмээн хөөж. Хөөрхий таниагүйн буруу байхгүй л байх. Тэгээд нөгөө залуухан уншигч “ ‘Бурханаа’ үзмэгц хөөсөн залуу өөрт нь харагдахыг хичээнгүйлэн гуйв.”[18] Магадгүй ээ, тэр залууг, тэр уншигчийг буруутгах биш, ердөө л хүний харилцаа, ёс суртахууны тухай хөнгөхөн түүх юм. Уншигчидтай нь холбоотой иймэрхүү түүхүүд бишгүй нэг байна. Тухайлаад хэлэхэд 11-ийн өдрийн тэмдэглэлд буй “Уран зохиолын ‘шүүмж’”, “Айргаа бэлд”, “Миний шинэ танилууд” зэрэг бичил эссе тэмдэглэлүүд гээд үргэлжилнэ.
“Гүйж яваа эмэгтэй” роман 47 редактортой. Яг ч редактор биш, эд бол Х.Болор-Эрдэнийн уншигчдын төлөөлөл. Тэдгээр редактороос зохиолд өгсөн зарим үнэлгээг ард нь дайсан байна. Зарим нэгээс нь сонирхьё.
“Эхлээд ч уншаад л, шүүмжлээд л, санаа нэмэрлээд л сүйдлэх юм бодлоо. Гэвч жижиг сажиг үгийн “бөөс” түүхээс өөрөөр “ажлаа” хийж гавьсангүй. Зохиол маань дундаа орох үес зохиолчдоо “чирүүлж” гүйсээр дуусгав.” /Nomio Byamba/
“Дараагийн бүлгийг тэсэн ядан хүлээж шөнө дунд сэрээд ч хамаагүй уншчихаад ундтаг байсансан.” /Gantsetseg Zayanduu/
“Энэ зохиолд эхнэр нөхрийн харилцаа, элдэв хэрүүл, араар тавилт энэ тэр гэсэн улиг болсон зүйл ер гарахгүй. Бас хэт уянгалахгүй. Гэхдээ албархуу биш. Тэгсэн хэр нь чиний, миний, бидний бүх хүний амьдралд тохиолддог зүйлс урсана. Өөрийн бага нас, хайртай охиноо гээд л нэлээд олон “би”-гээ энэ зохиолоос олж харсан. Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн тул зохиолын дүр бүрийг хайж нүүрномыг нэг өдөржин нэгжсэн. Зарим эздийг нь бүр олсон гээч.” /Нора Дэлгэржаргал/
Юун 47 редактор, яагаад тэдний үнэлгээ зурвасыг хавсаргасан тухайгаа зохиолч тайлбарлаж өгсөөн. “... авьяаслаг уран нугараач Чулуунзоригийн Отгончимэгийн туулж өнгөрүүлсэн ер бусын амьдралын түүхээс энэ бэсрэг романыг сэдэвлэн бичлээ. Сэдэвлэн бичнэ гэдэг нь зөвхөн сэдэл санаа авна гэсэн утга тул энэхүү бэсрэг романы зарим үйл явдал болон зарим баатрууд нь зохиомол болно... Бэсрэг романы анхны цахим уншигчаар сонгогдон, зохиолын эхний мөрийг бичихээс эцсийн цэгийг хатгах хүртэл зохиогчтой хамт байж, харамгүй зөвлөгөө өгч, хатуу шаардлага тавьж байсан 47 редакторт баярлалаа.”[19] Энэ бас л зүгээр нэг маркетинг, хээнцэрлэл үү. Уншигчдаасаа сонгон авч, тэдэнд зохиолоо эхнээс нь хэсэг хэсгээр илгээн “зөвлөгөө” авч, зохиолоо төгсгөх хүртэл хамтдаа “бичих” шийдэл бодож олжээ. Түүхэн туршлага талаасаа утга зохиолд шинэ зүйл ч биш л дээ. Дундад зууны Францын утга зохиолд “романы цех” гэж ойлголт гарч байлаа. А.Дюма олон романаа ийм цехээр оруулж, зохиолынхоо тодорхой бүлэг, хэсгийн санаа, агуулгыг хэлж өгөөд түүнээ олон бичээч ашиглан бичүүлж, эцэст өөрөө нэгтгэн редакц хийх маягаар гаргаж байв. Нэг талаас зах зээлийнхээ эрэлт хэрэгцээ, хэрэглэгчийнхээ шаардлагыг харгалзаж байгаа мэт ч, нөгөө талаар үнэндээ тэдэнд хяналт тавьж, түүнд ажиглалт анализ хийж, зохиолоо тэднээс төөрүүлэн, эргээд тэдэнд уран сайхны үйлчилгээ үзүүлэх зохиолчийн арга, туршилт гэж харагдлаа. Нэмж хэлэхэд өмнөх романы хувьд уншчигчиддаа хандсан, тэднийхээ түүхээс хуваалцсан, зохиолчийн ажиглалт нэлээд тод гарч ирдэг. Эдгээр хянан тохиолдуулагчдын “үнэлгээ”-г анзаарвал “редакторуудын”, магадгүй цаашлаад манай шинэ үеийн уншигчдын боловсрол, мэдрэмж, уран сайхны эрэлт шаардлага хавьгүй өндөр болж байна уу даа гэх бодол төрүүлнэ. Яг тодорхой эзлэх хувь, тоо баримт гарт байхгүй ч энэ бол юунаас ч илүү талархууштай мэдээ мөн.
Уншигчид бас ч гэж уран зохиолыг илүү гүнзгий харж чаддаг жишээ ч энд байна. “Охины виз гараагүй нь хичнээн азтай хэрэг вэ” гэж зохиолын дунд бодсон Г.Нармандах гэж уншигч тун ч гярхай нэгэн, арай өөр талаас нь бол уран сайхны багагүй мэдрэмжтэй нэгэн гэж анзаарагдав. Бас “Охин хэрвээ 11-хэн насандаа ганцаар үлдээгүй бол энэ ном төрөхгүй байсан байх аа” гэж Munkhuu Danzan гэх уншигч өөрийн бодлоо хуваалцсан байна. Энэ бол зохиолын хамгийн гол эргэлтийн цэгийг олж харж чадсан уншигчийн үг. Хэрэв охин тэр нэгэн үед виз нь гарч ээж аав гэрийнхэн рүүгээ явсан бол, хэрэв охин тухайн үед ганцаар үлдээгүй бол нээрээ л энэ роман төрж гарахгүй, ингэж бичигдэж чадахгүй, уран сайхны шийдэл тийм ч үнэмшилтэй болж чадахгүй байсан юм. Энэ тохиолдолд үйл явдлын шугам амьдралын үнэний харьцаа хангалттай уялдаж, цаг хугацаа орон зайгаа олж чадаж.
Төгсгөл. Уншигчдын зохих орон зайтай, уран сайхны хангалттай арга туршлагатай гэсэн хоёр зохиолчийн сүүлд гарсан романы тухай авч ярих, бүр нэгтгэж харлаа. Хоюулаа намтар, дурсамжийн шинжтэй, олон талт зохиолчийн үзэл бодлыг тусгасан, тэгээд нэгтгэж байгаа гол зүйл болох эмэгтэй хүний сэтгэлзүйн асуудал, феминизм гүнзгий шингэсэн байгааг хэлэх байна. Цахим орон зай олон боломжийг нээж буйн нэг нь зохиолч уншигчийн холбоо хэлхээ, харилцааны асуудал бөгөөд, уншигчид тухайн зохиол бүтэх үйл явцад оролцох, хамтран бичих, бүр дотор нь орж амьдрах ч виртуал уран зохиолын ирээдүй харагдаж магадгүй. Ийм орон зай үүсэх нь уран зохиолдоо бол сайн бас сөрөг талтай ч байж болно. Хувь зохиолчийн, биш ээ БИ-гийн өдрийн тэмдэглэлийн хуудсууд, ой санамжид хадагдсан онцгой дурсамжууд, амьдралын зарим хэрэг учирын хэлхээсүүд зэргээр үндсэн баримт эх хэрэглэхүүнээ болгож, тэднээс таарах тохирохыг олж зүйн нааж, өвөрмөц холбоосоор залган нэгтгэж бүтээх сонирхолтой туршлага бас харагдав. Зохиомж, арга хэлбэрийн хувьд эртнээс уламжлалтай бөгөөд “Монголын нууц товчоо”-ноос эхлээд Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” хүртэл олон зүйлээр ерөнхий бүтцийг багцлан барьж болно. Ялгаатай нь түүнийг тодорхой нэг БИ-гийн амьдрал, сэтгэл санаа, мэдрэмжээр сүлэн босгож ирсний хувьд шинэлэг туршлага, үзэгдэлд тооцогдоно. Ингэхдээ зохиолч, 11 зэрэг дүрүүдийг зэрэгцүүлэн бүтээж, эдгээр нь нийлж, тойрч өөр өөрийн зүгээс хандсаар бүхэлдээ зохиолчийн хэлээд байгаа БИ-г тал талаас нь, зүг зүгээс нь, гадна дотноос нь барьж бүтээн босгосон юм. Аль аль тохиолдолд уран сайхны хэл, сэтгэлгээ мэдрэмж, илэрхийлж буй дүрслэл, хэлбэр арга талаасаа урьд өмнөх зохиолынхоо хүрээнээс зарим талаар гарч чадаагүй, үе үе үзэгдэж давтагдах шинж ажиглагдаж байгаа нь анзаарагдаж байна. Гэхдээ уран сайхны бүхий л бүтцийн хувьд ашиглагддаг уран сайхны хэрэгсэл, деталийн хэмжээнд гэдгийг тодруулья. Манай уран зохиолын романы төрөл зүйл, түүнд ажиглагдсан зарим нэг онцлог, тэдний цаана байгаа давхар өгүүлэмжээр уран зохиолд шууд болон дам холбогдох бас бус зүйлийн тухай яриа хөөрөө гэвэл нэг иймэрхүү.
2021.10.24
А.Мөнх-Оргил
[1]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 378
[2] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 239
[3]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/тэргүүн дэвтэр/ УБ. 2020., 23
[4] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 34
[5]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 76
[6] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 238
[7] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 61
[8] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 212
[9] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 202
[10] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 150
[11] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 85
[12]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 93
[13]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 142
[14]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 367
[15] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 216
[16]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 306
[17]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 239
[18]Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт”/дэд дэвтэр/ УБ. 2020., 122
[19] Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” УБ., 2018. 3