“Мэлхий” роман: Уламжлал - шинэчлэлийн завсарт эмэгтэйчүүдийн дүр
2021-05-03 Номын шүүмж 1842

1979 оноос БНХАУ-д “Төрөлт төлөвлөх бодлого” хэрэгжиж, тухайн үедээ зөвхөн ганц хүүхэд төрүүлэх эрхийг олгож байсан хугацаанд феминист судлаачид ганц охин төрүүлсэн эмэгтэйчүүдийн асуудлыг голчлон хэлэлцэж байв. Тухайлбал Хятадын уламжлалт үзлээр удам залгах хүүтэй байхыг эрхэмлэн үзэж байснаас зөвхөн ганц хүүхэд төрүүлэх боломжтой төрөлт төлөвлөх бодлогын үед охин хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ихээр хохирч зарим тохиолдолд эцэг эх нь охиндоо санхүүгийн дэмжлэг үзүүлж, боловсролд нь хөрөнгө нь оруулахаас татгалзаж байсны үр дүнд айлын ганц охид нийгмийн байр сууриа олж авахад ихээхэн хүндрэл учирч байв. Тухайлбал охидыг эрчүүдийн адил боловсрол эзэмшиж, өндөр алба хашиж, хөрөнгө чинээтэй болж, насны эцэст эцэг эхээ дэмжиж чадахгүй гэж үзэж байснаас энэ асуудал улбаалжээ. Мөн ахин хүүхэд төрүүлэх хүсэлтэй гэр бүлд төрөөс нөлөөлж, хоёр дахь хүүхдээ тээж буй эмэгтэйчүүдийн үрийг хөндөж байснаас олон эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч эхлэв.

Төрөлт төлөвлөх бодлого нь нийгмийн өсөлтийг хянах хатуу бодлогуудын тоонд багтах бөгөөд хэрэгжиж эхлэхээс өмнөх Хятадын хөдөө тосгодод олон хүүхэд төрүүлэх явдал хот суурин газрынхаас өндөр, удам залгах хүүтэй байх, олон хөвгүүд төрүүлэх уламжлалт үзэл санаа тэр хэмжээгээр хүчтэй оршиж байлаа.

Төрөлт төлөвлөх бодлого хүчирхийлэл дагуулсан ч орчин үеийн Хятадын нийгэм, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн байр сууринд эерэг нөлөө үзүүлжээ. Тухайлбал орчин үеийн Хятадад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын талаарх уламжлалт санаа оршсоор байгаа ч айлын ганц охид дээрээ ах эсвэл эрэгтэй дүүтэй охидоос өндөр боловсрол эзэмших, нийгмийн байр сууриа бэхжүүлэхэд таатай нөхцөл бүрдсэн гэж хэлж болохоор болжээ. Эрэгтэй дүү, эсвэл ахтай үед эрэгтэй хүүхдийн боловсролд анхаарахыг нэн түрүүнд тавих бол айлын ганц охидод эрчүүдээс дутахгүй байж, эцэг эхээ ачлах  шаардлага тулгарна.

Энэ нь нэг талдаа хүйсээс үл хамааран хүн боловсрол эзэмшиж, нийгэмд байр сууриа олох боломжтой гэдгийг нийтээрээ ухамсарлаж чадсаныг харуулж байна. Нөгөө талаас ганц охинтой өрхөд эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд эмэгтэй хүүхдийн боловсрол, нийгмийн байр суурийг эрчүүдээс хамааралгүй, тогтвортой болгох шаардлага тулгарснаар тэдний нийгмийн байр суурь дээшлэх нөхцөл бүрджээ.  

Мө Яний “Мэлхий” романд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хүнтэй гэрлэж олон хүүхэд төрүүлэх, тэр дундаа хүү төрүүлэхээс шууд хамааралтай уламжлалт үзлийн үеэс хөдөлмөрийн хүчээр өөрийн байр сууриа баталгаажуулах боломжит нийгэм рүү шилжиж буй эмэгтэй дүрүүдийн дунд гол зөрчил үүсдэг.

Хүү төрүүлэх эр зориг

Анхны төрөлтөөрөө охин төрүүлсэн эмэгтэйчүүд маш их зориг гарган ахин хүүхэд тээх хүсэлд автаж буй гол хөшүүрэг нь хүү төрүүлж эхнэр хүний үүргээ гүйцэлдүүлэх хүслээс улбаална. Эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, эмэгтэй хүн болж төрсөн хувь тавилан нь үр хүүхэд тээж төрүүлэх гэдэг ганц үүргээс салж чадаагүй нөхцөлд эмэгтэй хүн үүргээ гүйцэлдүүлэх гэж хэрхэн амь насаа золин тэмцэж байгааг олон жишээгээр харуулжээ.

Нөгөөтээгүүр нийгмээс тулган шаардаж байгаа шинэ нөхцөлийг хүлээн авах бэлтгэлгүй, оюун санаанд нь нэгэнт тогтсон үзлээс салахад амаргүй байгаа мөчид төрөөс гэр бүлийн амьдралд нөлөөлж эхлэхэд хүмүүс хоорондын зөрчил хэрхэн хурцдаж буйг харуулна.

Романы хүүрнэлч Шанаган хорхойн эхнэр Ван Рэнмэй хоёр дахь хүүхдээ нууцаар тээснээр нөхрийнх нь байр суурь, нэр нөлөөнд хүндээр тусдаг. Хэрэв хүүхдээ төрүүлбэл Шанаган хорхой албан тушаалаасаа татгалзахаас аргагүйд хүрнэ. Нийгмийн талаас гэр бүлийн хүрээнд тохогдож буй үүрэг хариуцлагатай эмэгтэй хүний уламжлалт үүрэг зөрчилдөнө. Тийнхүү нөхөр ч, эхнэр ч тэр нийгмийн байр суурь, нэр нүүрээ золиослох хүсэлгүйн улмаас гэр бүлийн хүрээнд хагарал үүсэж, үр хөндүүлэхгүйн тулд Ван Рэнмэй эцгийн гэр лүү зугтахад хүрдэг.

Эндээс нэгэн сонирхолтой шийдэл гарч буй нь төрөлт төлөвлөлтийн хэлтсийн удирдах албан тушаалтан тосгонд ирж Ван Рэнмэйг үр хөндүүлэхийг ятгахдаа “Хүүхдээ төрүүлэлгүй нөхрийнхөө албыг үргэлжлүүлэхэд тусалбал Бээжинд ганц охиноо дагуулан очиж сайн сургуульд сургахад чинь тусална” гэх агуулгатай санал. Эсрэг утгаар үр хөндүүлэхгүй бол нөхөр чинь  албан ажлаа алдаж, үр хүүхдийн чинь ирээдүй бүрхэгдэнэ гэх тулгалт хадгалагдаж буй. Иймээс Ван Рэнмэй тээж буй хүүхдийнхээ амийг илүү өндөр нийгмийн байр суурь, боломжийн сайхан амьдралаар солихоор сэтгэл шулуудна. Түүгээр ч барахгүй Ван Рэнмэйд төрөлт төлөвлөх хэлтэст албан тушаал амлаж “Нөхөр Ван Рэнмэй одоогийн асуудлаа шийдчихвэл дараагийн шатанд онцгой үр дүн үзүүлэх нь дaмжиггүй” хэмээж байгаа нь хүү төрүүлэх уламжлалт үүргээ  нийгэмд ажил эрхэлж нөхвөрлөн, шинэ байр суурь олж авах саналаар арилжиж буй байдал ажиглагдав. Гэвч хүүхдээ нууцаар тээж буй бусад эхчүүдэд төдий л ийм боломж олдохгүй.

Нийгмийн бүтээсэн эмэгтэй

Зохиолыг Шанаган хорхой хэмээх бичгийн нэртэй хүүрнэгч авга эгчийнхээ тухай захидал бичиж буйгаар зохиомжилсон. Авга бол нийгэм, цаг үеийнхээ байдлыг гүнзгий тусгасан дүр.

Гаоми нутгийн хүүхэд бүрийг өөрийн гараар эх барьж, хоцрогдсон төрөх уламжлалыг өөрийн мэдлэг, чадвараар шинэчлэхэд гар бие оролцож, хөдөө тосгоны төрөхийн эндэгдлийг бууруулсан ч улсаас явуулж буй төрөлт төлөвлөх бодлогод итгэл үнэмшилтэй оролцсоноор эргээд үр хөндөх ажлаар гараа цустахаас аргагүйд хүрсэн. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч, шударга боловч тэр хэрээр уян зөөлөн чанараа алдахаас замгүй болсон эмэгтэй.

Түүний нэр хүнд, авьяас чадварын эсрэг ард иргэдийн шүүмжлэл, тэр дундаа гэр бүлдээ хүлээсэн эмэгтэй хүний үүрэг болох гэрлэх, үр хүүхэдтэй болох жамаасаа хазайх золиос хүртэнэ.

Тосгоныхны өмнө авга бол хүүхэд бүрийн эх хийгээд төр засгийн гар хөл болж үр хөндөлтийг оройлогч гэсэн эсрэг тэсрэг үүргийг хүлээх болдог. Тиймээс сэтгэлдээ төрөлт төлөвлөх улсын бодлогын өмнөөс хариуцлага хүлээж, хятадаар “хүүхэд” хэмээх үгтэй төстэй бөгөөд, хүүхэд хэмээх бэлгэдлийг агуулдаг мэлхийнээс насан туршдаа айн, насны эцэст үр хөндөлтөөр амиа алдсан хүүхдүүдийг төлөөлүүлэн хүүхэлдэйд нэр, дурсамж бүтээж, сэтгэлээ тайтгаруулна.

Зохиолын төгсгөлд дүрслэгдэж буй эдийн засгийн хувьд хүчирхэг улсын үндсэнд төрөлт төлөвлөх бодлогын золиос болсон авга болоод түүний үр хөндсөн олон эмэгтэйчүүд тулгуур болсон. Нийгмийн засаглалын тогтвортой байдал гэр бүл, сүм хийд, сургууль, эмнэлэг гэх мэт оюун санааны нэгдлүүдийн дэг журмаар бэхжиж байдгийн ёсоор төрөөс гэр бүл төлөвлөлтөд шууд нөлөөлж улс орны эдийн засгийн өсөлт, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдэхийг зорьсон нь хэрэгжих явцдаа хүн ёсноос гадуур маш олон золиосыг дагуулсны тод илрэл бол эмэгтэйчүүд, хүүхдүүд, ажил үүргийн шинэ хуваарьт орсон бүсгүйчүүд байв.

Эмэгтэйчүүд нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Өдий хүртэл аль ч улсад эр, эм хүйсийг гоо зүй, бие махбод, оюун санааны хувьд ялгаж, салгах гэсэн тодорхой оролдлогууд нь нийгмийн нөхөн үржихүйг тогтвортой байлгах зорилгоос үүддэг. Хуучны цагт эмэгтэйчүүдийг эзэмшсэнээр эрх мэдлээ зузаатгах боломж бүрдэж, үзэмжит сайхан эхнэр, олон хүү төрүүлсэн эхнэр бол нөхөн үжихүйд өндөр хувь нэмэр оруулж, эмэгтэй болсныхоо гавьяаг байгуулсан гэж тооцогдож, нэгийнх нь гоо сайхнаар нөгөөг нь хэмжин, үзэмжит сайхан эхнэрүүдийг үйлдвэрлэсэн овог аймаг бусад аймгуудад охидоо арилжиж, нэр хүнд, эрх мэдлээ нэмэгдүүлдэг байлаа. Харин зохиолд тусгагдсан эмэгтэй хүний төрөх, эс төрөх асуудалд төрөөс хяналт тавьж, нийгэмд эзлэх байр суурийг нь цөөхөн үр хүүхэдтэй, эсвэл олон хүүтэй байх байдлаар хэмждэг хоёр үеийн зааг, нийгмийн уламжлалт оюун санаа болон шинэ цагийн үзлийн зөрчилдөөн дунд үрэгдсэн эмэгтэйчүүдийн дүр бол цаг үе болоод нийгмийн асуудал, тэр тусмаа эмэгтэйчүүдийн асуудлыг олон талаас нь дүгнэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Ө.Сумъяа
МУИС, Утга зохиол судлал, 3-р курс 

Ашигласан зохиол:

Du, L. (2014). Abortion in Faulkner's The Wild Palms and Mo Yan's Frog . In Y. H. Angelica Duran, Mo Yan in Context (pp. 63-76). Purdue University Press .

Fong, V. (2002). China's One-Child policy and the Empowerment of Urban Daughters . American Anthropologist vol.104,no.4, 1098-1109.

Янь, М. (2020). Мэлхий . Улаанбаатар: Тагтаа Паблишинг

 

Түр хүлээнэ үү...
Top