Ч.АЛТАНЗАГАС: ТАЙЛБАР ТОЛИЙГ ТОЛЬДОХУЙ
2020-06-19 Номын шүүмж 2632

  Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2008 онд Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толийг таван ботиор хэвлэн гаргасан юм. Энэ бол тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд 1980 оноос эхлэн зохиож, олон хүний олон жилийн нөр их хөдөлмөр шингэсэн томоохон бүтээл билээ.

     Я.Цэвэл авгайн зохиосон Монгол хэлний товч тайлбар толь (1966) бол хагас зуун жилийн туршид оюутан, сэхээтэн, ер үзэг цаас нийлүүлдэг хүн бүрийн дотнын туслагч анд, ширээний нь ном байсаар XXI зуунтай золгосон сайн толь байсан ч цагийн эрхээр элэгдэж олдохуйя бэрх болсон үед Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толийн таван боть хэвлэгдсэн билээ.

    Энэ толь наяад мянган толгой үг, зуун хорин мянга орчим үг хэллэгийг багтаасан үнэхээр дэлгэр толь болсон байсан. Гэвч сөхөөд харахын төдийд эргэлзээ дагуулсан зүйл захаас аван дайралдсан гэдгийг нуух юун. Би бээр нэгэнт хэвлэгдээд гарчихсан номыг яалтай билээ  гэж  бодоод нүдээ аниад чимээгүй байсан арван жилийн дотор энэ 5 ботийг нэг боть болгон хураангуйлсан хэд хэдэн толь шил даран гарсан, гарсаар ч байна. Тухайлбал, Монгол хэлний хураангуй тайлбар толь (Эрхлэн гаргасан Б.Баярсайхан, эмхэтгэн редакторласан А.Янжиндолгор (2009), Монгол хэлний тайлбар толь (2011), Монгол хэлний сурагчийн тайлбар толь (Ерөнхий редактор А.Янжиндолгор, эрхлэн гаргасан Б.Баярсайхан) гэх зэрэг толиуд Интерномын бестселлерийг он дараалан тэргүүлж удаа дараа хэвлэгдсээр байгаа ч эрэлт хэрэгцээ ихтэй л байна. Тэд, таван ботид байгаа онцын хэрэгцээгүй үгсийг нь, уран зохиолын жишээтэй нь хасч хураангуйлсныг буруутгах юун. Гэхдээ арван жилийн хойно ийнхүү ам нээх болсон шалтгаан гэвэл тэдгээр ганц боть толиудад дээрх таван ботийн алдаа мадгууд тэр чигээрээ давтагдаад байсантай холбоотой. 

     Бүх нийтийн эх хэлний боловсрол доройтсоор буй энэ цаг дор алдаа мадаг ихтэй толиуд дахин давтан хэвлэгдээд байгаа нь санаа зовоож буй учир хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон өөрийнхөө нөхдийг шүүмжлэхээр шийдлээ. Тэд маань дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хэлж байж санаа амардаг зангийг минь мэдэх тул намайг ойлгох буй заа. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгч болоод буй тул ам нээхээс аргагүй боллоо. Өчүүхэн намайгаа өршөөн хэлтрүүлэхийг хүсье! Ингээд гол зүйлдээ оръё.

Нэг. Толгой үгсийг бүрдүүлэхдээ тользүйн зарчмыг зөрчжээ.

     Энэ толийн аргазүй нь буруу учраас “мордохын хазгай” гэгч болсон байна.

  Энэ толийн ерөнхий редактор академич Л.Болд толийнхоо оршилд:”Монгол хэлний уламжлалт тайлбар  толиудад (Б.Шагж,Я.Цэвэл,Ц. Норжин нарын толиудыг онцлов Л.Б) үгийн сан, хэлзүйн зааг ялгааг төдий л тууштай баримтлан ялгадаггүй байсан уламжлалыг эргэн үзэх шаардлага бас гарсан юм” гэж бичсэн байна. Гэтэл хэлсэн үгийнхээ яг эсрэг: үгийн хэлзүйн хэлбэр бүрийг толгой үг болгоод явсан байх юм.Тухайлвал үйл үг бүрийн араас хэв, байдлын дагавар залгаад үүссэн хэлбэр бүрийг нь толгой үг болгох замаар нэг үгийг гучин гурван үг болгож “баяжуулжээ”. Ингэж л энэ толь наян мянган толгой үгтэй болсон ажээ.      

     Хоёр хэлний толь бичиг зохиох явцад монгол хэлний үүднээс үзэхэд хэлзүйн хэлбэр боловч цаад хэл рүүгээ үгсийн сангийн нэгжээр орчуулахаас аргагүй болдог тохиолдол буй. Ийм тохиолдолд уул хэлзүйн хэлбэрийг толгой үг болгож авдаг. Жишээ нь, харьяалахын тийн ялгалын олон янз утгыг орос хэлнээ хүртээл үгээр орчуулагдах байдлыг харгалзан толгой үг болгох тохиолдол байдаг. Орчуулгын тольд л ихэвчлэн тохиолддог энэ явдлыг тользүйн ухаанд зөвшөөрдөг бөлгөө.Гэтэл өгүүлэн буй нэг хэлний тольд хэлзүйн хэлбэр бүрийг толгой үг болгож авсан нь тользүйн зарчмаас үлэмж гажсан явдал болно. Нэг хэлний тольд ийм явдлыг орчин цагийн  тользүйн ухаанд зөвшөөрдөггүйг цаашид толь зохиох эрхмүүд мэдэж аваасай билээ!

     Шинээр нэмж оруулсан үгс нь Видар, Витар, Вихар, Вишай гэх зэрэг голдуу шашны холбогдолтой үгс, олон нийтэд хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй : Важгин, Важигьяан, Вайбранз, Вайдуу, Вайлан, Вайсака (1б.437), Тамбарах, Тамбаруулах, Тангага, Тарчаа (4б., 1890-1905), Тэнгэрэх, Тэнгэргэх, (4б., 2146) гэх мэт олон үг байна.       

     Энэ толийн 120 000-аад үг хэллэг дотор хэрэгтэй ч юм их байна, хэрэггүй юм их байна. Жишээ: Худаг зайдлах/худгийн амсар дээр алцайн зогсох/ гэж оруулах хэрэгтэй  эсэх нь эргэлзээтэй, харин худгийн асгар гэж ороогүй нь тоогүй. Энэ мэт шаваа(5б.3026)-д бөхийн шаваа-г орхисон, чихэвч(5б. 3007)-д хөгжим сонсдог чихэвчийг оруулаагүй гэх мэт юм арвин байна. Огт хэрэггүй юм оруулснаасаа болж эвгүй алдаа гаргасан нь ч байна. Ганц жишээ: хүүр хайлах, хүүр нясгах (Vб.2779) зэрэг нь оршуулгын зан үйлтэй холбоотой учраас тольдоо оруулж тайлбарлах нь зүйн хэрэг. Харин чандарлах гэсэн утгатай энэ хоёр хэллэг хоёулаа орчихоод байхад хүүр шатаах гэж оруулаад түүнийгээ: үхсэн хүний цогцсыг занданшуулах гэж шал буруу тайлбарласан нь тоогүй. Энэ бол тогтвортой нийлэмж үг ч биш. Нэгэнт оршуулсан цогцсыг шатаах нь зохисгүй явдал. Занданшуулна гэдэг огт өөр ойлголт.     

  Орчуулгын “шарилж”-уудыг ч олноор оруулжээ. Жишээ: тэргүүн хатагтай(4б.2155): ерөнхийлөгчийн гэр бүлийн хүн гэж тайлбарлажээ. Үүнийг Ерөнхийлөгчийн гэргий гэхэд л болох байсан. Энэ бол англи хэлний Fist lady- гийн л махчилсан орчуулга. 

     Монгол толбо (lV б. 1989). Энэ бол оор мэнгэ. Оросууд л үүнийг монгольское пятно гэдэг бөлгөө. Өөрийн үг байсаар байтал өрөөлийн амаар будаа иддэгээ болимоор. Сүү, сүүн бүтээгдэхүүн (lll б.1816) л гэнэ. Энэ бол орос хэлний  молоко и молочные продукты. Монголоор бол  цагаан идээ. Цасан бүрхүүл(Vб.2895). (газрын гадаргад үүссэн цасан хучлага) гэж тайлбарлажээ Энэ бол орос хэлний снежный покров.цасны хонь нь снежный баран. Монголоор бол аргаль. Ийм юмыг тоочоод байвал мөд барагдахгүй тул үүгээр хязгаарлая.

Монгол хэлний тайлбар тольд аль болох цөөн гадаад үг оруулахыг хичээх ёстой байтал тэгсэнгүй. Жишээ нь Цемент хэмээх үг орос хэлний төрөл бүрийн толиудад хүртэл гуравхан толгой үг байхад Монгол хэлний тайлбар тольд есөн толгой үг(V б.2902) орсон атлаа үүнийг монголоор гахиур гэдэг гээд ганц ч удаа хэлчихээгүй л байх юм. Энэ мэт Орос-Монгол тольд л байхаас монгол хэлний толь д орох онцын хэрэгцээгүй олон гадаад үг оржээ. Жишээ нь Ледерин,Лемур, Лесби, Лифчик гэх мэт. Ледерин-ийг хөвөн цаасан даавуу (llб.1163) гэж буруу  тайлсан. Энэ бол ном хавтаслахад  зориулж боловсруулсан хиймэл арьс.( угтаа бол герман  хэлний Leder - арьс гэсэн үг).

Хоёр. Үгийг буруу үүрлүүлжээ.

     Үгийн гол болон салаа, шилжсэн утгуудыг зөв үүрлүүлэх нь тользүйн үндсэн бөгөөд тулгуур зарчим байдаг. Түүнийг дэлхий даяараа чанд мөрддөг учиртай. Гэтэл манай толь зөрччихсөн байх ажээ.Жишээ: Тивl 1.Бурхны шашны домогт гарах Сүмбэр уулыг тойрсон далайн дөрвөн талд орших их эх газар. 2.Далай тэнгисээр хүрээлэгдсэн томоохон эх газар ба тэр хавийн арал.Тивll тив лам(ширээт лам) гэжээ.Энэ үгийн гол утга нь эх газар байтал түүнийг хоёрт бичээд нэгд нь салаа утга болох шашны домогт гардаг утгыг бичсэн.Цэвэл гуай тольдоо тив гэж ганц л толгой үг оруулаад эх газрын тухай л бичсэн.Энэ тольд түүнийг баяжуулсан хоёр толгой үг нь хоёулаа шашны холбогдолтой. Ийм тайлбар тун ч элбэг.Өөр нэг жишээ: Тэнгэр .1.Хүний орчлонгийн дээр оршиж, бүхнийг мэдэж захирах хүч, түүний орших орон: бурхан тэнгэр 2.Бөө нарын шүтэх онгон шүтээн: тэнгэр бурхандаа мөргөх(бурхан шүтээндээ мөргөх).3.Огторгуй гэжээ(lVб.2145) гэжээ. Бас л гол утгыг нэгд биш, гуравт бичсэн нь шашны толь шиг болжээ. Ийм  тайлбаруудыг уншсан дэлхийн монголч эрдэмтэд болон монгол хэлтэй гаднынхан юу гэж бодох бол? Ингэж бусдын нүдэнд өөрсдийгөө доош хийх хэрэггүй бизээ. Ийнхүү үгийг буруу үүрлүүлсэн газар тун ч элбэг ажээ. Аливаа юм зохих байрандаа байж л үүргээ гүйцэтгэдэг, эс бөгөөс утга чанараа алддаг бөлгөө.

Гурав. Тайлбар толь,  Нэвтэрхий толь хоёрыг  эндүүрчээ.

     Тользүйн ухаанд хэлшинжлэлийн тольд үг тайлбарлах, нэвтэрхий тольд өгүүлэл бичих хоёр нь зарчмын үлэмжхэн ялгаатай билээ. өөрөөр хэлбэл, нэг нь хэлний нэгж болохын үүднээс, нөгөө нь тухайн ухагдахуун хийгээд оноосон нэр тэргүүтнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлана гэсэн үг. Гэтэл тэр зарчмыг баримталсангүй. Ганц үгээр жишээ татъя. 

     Монгол гэдэг үг байлаа гэхэд Монгол хэлний тайлбар тольд зөвхөн үндэстнийх нь тухай л товч тайлбар хийнэ. Харин Нэвтэрхий  тольд бол тухайн үндэстэн болон улсынх нь тухай бичнэ гэсэн үг. Я.Цэвэл агсан энэ зарчмыг яс баримталсан байх ажээ(Я.Ц.339).

    Тайлбар тольд уг нь: Монгол. Монгол улсын үндсэн хүн ам гэж тайлбарлах ёстой байтал энэ тольд бантан хутгажээ.Жишээ: Монгол. Ази тивийн төвд орших, нэг сая таван зуун жаран зургаа аравны зургаан хавтгай дөрвөлжин километр квадрат (1,566,6 км2) талбай бүхий нутаг дэвсгэртэй, хоёр сая таван зуу гаруй мянган хүн амтай ,  парламентын засаглалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг үндэстэн гэжээ (lll б.1234).

     Монгол хэлний тайлбар тольд оруулах шаардлагагүй илүү тайлбар хийхдээ мянган гэдэг үгийг хаяж бичсэнээр газар нутгийн маань хэмжээ өчүүхэн жижиг болчихжээ.

   Монгол хэмээх энэ л  толгой үгэн дотор монгол ард хэмээх нийлэмж үгийг: Эх орны дайны үед Гитлерийн Германыг бут цохиход зориулж, монголын ард түмний тусламжаар байгуулсан сөнөөгч онгоцны салбар цуваа гэжээ. Тэр эскадрилийн нэр Монгол ард  бол оноосон нэр шүү дээ. Оноосон нэрийг тайлбар тольд оруулж тайлбарлах ёсон байхгүй. 

  Гэтэл бас Баярын мишээлийг: Ямар нэгэн баярыг тохиолдуулан хийсэн цэнгээнт нэвтрүүлэг (IIIб.1227) гэж тайлбарласан байсан. Энэ ч бас л тэр нэвтрүүлгийн оноосон нэр шүү дээ. Эх орны дайн гэснээс ядахдаа Дэлхийн II дайн гэчихгүй дээ... Тэр дайн манайд болсон дайн биш, Оросууд бол тэгж нэрлэлгүй яахав. 

  Харин байж болох Монгол толбо-ын тайлбар дотор, үүнийг оор мэнгэ гэдэг гээд хэлчихсэнгүй. Монгол хүн малаараа, монгол гэр үдээрээрээ гэдгийг монголчууд малаараа бахархах гэсэн санаа гэж тайлбарлажээ.Юу л бол? Энэ тухайд Монгол хүн малынхаа хүчинд аж төрдөг, монгол гэр үдээрийн хүчинд тогтдог гэж монгол хүн  ойлгодог. 

    Үүнчлэн Монгол  хэмээх ганц үгийн тайлбар дотор 5-6 алдаа байх жишээтэй. Монгол гэдэг үгийн энэ тайлбар Монгол хэлний сурагчийн тайлбар толь (А.Янжиндолгор, Б.Баярсайхан 2017)-ийн 432-р талд яг энэ чигээрээ л уламжлагджээ.

    Энэ толийн ерөнхий редактор академич Л.Болд толийнхоо оршилд:”... сүүлийн үед гарсан… академич Б.Чадраагийн ерөнхийлөн редакторлосан “Монгол хэлний нэвтэрхий толь(l,ll б.УБ.2000) гэж бичжээ(XVlll тал). Тэр толь бол монгол хэлний толь биш, Монголын нэвтэрхий толь бөлгөө. Иймд эрхэм академич Нэвтэрхий толийг хэлшинжлэлийн тольтой андуурсан байна.

Дөрөв. Ярианы хэлийг бичгийн хэлтэй андуурчээ.

    Цэвэл гуайн толийг дэлгэрүүлэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн нь олонтаа. Хоёрхон жишээ: Ухаа l: ухаа алдах, ухаа орох, ухаа сэхээ гэх мэт 14 нийлэмж үг үүсгээд 34 мөр тайлбар бичжээ(4б.2266). Энэ бол ухаан гэдэг үгийн ярианы хэлний хэлбэр. Үүнийг ухаа гэдэг үгийн 1-р утга гэж үзэх нь байтугай угаас тольд орох ёсгүй үг. Уран зохиол дотор хааяа тохиолддог  ярианы хэлний үгийн зөв бурууг шүүн тунгаалгүй шүүрч авч тайлбар тольд оруулах ёсгүй. Өөр нэг жишээ: Дарь бол тэсрэх бодос гэсэн ганц утгатай, уйгар хэлнээс орж ирсэн dari хэмээх үг. Гэтэл энэ тольд: Дарь: дарь эх (Бурхны шашны нэгэн эмэгтэй бурхны нэр: ногоон дарь эх, цагаан дарь эх хэмээн 14 мөр  тайлбар бичжээ(2б. 681-р тал) Энэ бол санскрит хэлнээс манай хэлэнд орж ирсэн tara хэмээх үг, ярианы хэлэнд л дарь эх болчихдгоос бус уг нь дара эх юм. Дар эх гэж ярьж, бичиж болно.

Тав .Хуучраагүй үгсийг хуучирсан үг гэжээ.

    Урьд өмнө нь хэрэглэж байсан ч өдгөө хэрэглэхээ больсон үгийг хуучирсан үг гэнэ.Гэтэл энэ тольд: өлзий, өлтрөх, титэм, тэнгэр гэх хэсэг үгийг хуучирсан үг гэжээ. Өлзий хээтэй алчуураа өврөөсөө битгий  салгаарай гэж бид дуулдаг. Өлзий буян,өлзий учрал гээд өчнөөн үгийг идэвхитэй хэрэглэж байхад чоно үүрэндээ өлзий -г хуучирсан хэллэг гэжээ (3б 1570).

     Өлтрөх гэдэг үгийг хуучирсан үг (IIIб.1574) гээд Монголын нууц товчооноос... хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав гэсэн жишээ авчээ. Эртний уран зохиолоос жишээ татсанаар хуучирсан үг гэж үзэж болохгүй л дээ. Өдгөө ч өлтөртлөө шөл гардаггүй өтөлтлөө ухаан суудаггүй гэж ярилцдаг бөлгөө. 

     Титэм хуучирсан үг. Хааны ёслолын малгай (IVб.1963) гэжээ. Гэтэл энэ үгийг өдгөө ч бид өргөн хэрэглэж буй. Монгол бичигт титэм буй. Титэм судас гэж бий. Гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн мисс бүсгүйд титэм өмсгөдөг. Тэнгэр хуучирсан үг. Хүний орчлонгийн дээр оршиж, бүхнийг мэдэж захирах хүч түүний орших орон (IVб.2145) гэж тайлбарлажээ. Тэнгэр хүйтрэх, тэнгэр цэлмэх, агаар тэнгэр гээд өдий төдий үг хэллэг яаж хуучирсан байх юм бэ? Энэ бол иймэрхүү үгсийг хуучны үг гэж ад үздэг байсан хийрхүү,  хуучин сэтгэлгээний үлдэгдэл биз ээ. ХХ зуунд Цэвэл агсны зохиосон тольд: Тэнгэр 1.Огторгуй, газрын дээд талд буй бидний нүднээ үзэгдэх агаар мандал, хөх тэнгэр, тэнгэр арилах, тэнгэр муухайрах (Я.Ц.576-р тал) гэсэн байхад ХХI зуунд хийсэн толь түүнээс дор тайлбартай л байна шүү дээ. Энэ мэт дордуулсан нь мундахгүй их ажээ.

Зургаа . Үгийг тайлбарлахдаа алдаа их гаргажээ.

     Жишээ нь  Дампуу.1. Барьцаалан зээлдүүлэх газар, данжийн пүүс. 2.Хуучин юм худалдах газар гэжээ(2б.660). Энэ үг хятад хэлэндээ ийм утгуудтай байхыг үгүйсгэхгүй, би хятад хэл мэдэхгүй.

     Гэвч Монгол хэлний гадаад үгийн толь (Н.Балжинням 2005), Монгол хэлэнд орсон хятад үгийн толь (Н.Балжинням 2008) -д тийм утга тэмдэглээгүй байна. Хятад хэлэндээ тийм олон утгатай байлаа ч монгол хэлэнд тийм утга нь орж ирээгүй. Тийм ч учраас Цэвэл авгай тольдоо: дампуу хүн, дампуу эд гэсэн хоёр утгыг л оруулсан байна (Я.Ц. 186). Цэвэл гуай бид хоёр л мэдэхгүй байгаагаас биш үнэхээр монгол хэлэнд ийм утга нь ороод ирчихсэн юм бол энэ олон ломбардыг Дампуу гэж  нэрлэвэл яасан юм бэ? Дампуу-г А.Янжиндолгор, Б.Баярсайхан нарын Монгол хэлний сурагчийн тайлбар тольд ч (2017) 1.барьцаалан зээлдүүлэх газар. 2.Хуучин юм худалдах газар гэж давтсан ажээ (220-р тал).

   Эх хэлнийхээ үнэт эрдэнэс болсон зүйр цэцэн үгсийг тайлбарласан цөөн жишээ: Зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам  таргалдаг (Ямар нэгэн муу хэрэг явдал болоход ашиг завшаан эрэлхийлэгчид хождог гэсэн санаа) гэж тайлбарлажээ(4б. 1923). Энэ бол зуд болоход нохойд, зовлон болоход ламд завшаан тохиодог гэсэн л үг.

     Хэл нь хэнээс ч мэргэн, хийх нь хэнээс ч тэнэг (хэрэлдэхдээ сайн боловч, хийж бүтээхдээ муу(5б. 2805) гэжээ. Энэ бол ярих нь цэцэн, хийх нь тэнэг гэсэн л үг. Хэл туулайнаас хурдан, тангараг гангаас хатуу (үнэн үг бүхнээс хүчтэй гэсэн санаа) гэж тайлбарласан(5б. 2806). Энэ бол хэл сураг буюу цуурхал хурдан тархдаг гэсэн л санаа. Сүүнд халсан хүн  тараг үлээнэ гэдэг бол уг нь халуун сүүнээс хаширсан хүн хүйтэн тараг үлээдэг гэсэн үг. Гэтэл үүнийг (ичиж зовсон хүн юу ч хийж мэднэ) гэжээ (3 б. 1816). Энэ буруу тайлбар Б.Баярсайхан, А.Янжиндолгор нарын толь(2011.1033-р тал)-д энэ чигээрээ л явж байна. Ингэж ардынхаа хэлний шижир алтыг гууль болгоод байж болох уу?

Долоо. Далай баян жишээн дотроос 
даамай сайныг нь шилж авч чадсангүй.

     Таван сая картан дотроос гартаа дайралдсаныг л эшлээд байж болохгүй.

    Жишээ нь Итгэлцүүр гэдэг үг (IIб.1128) байна. Уг нь коэффициент. Энэ үгийг УНТК аль эрт Илтгэлцүүр гэдэг үг оноогоод баталчихсан. Гэтэл хайхрамжгүй заримууд “л” үсгийг нь гээж буруу ярьж бичсээр байгаад төр засгийн тогтоол шийдвэрүүдэд хүртэл (Ж нь: Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолд цалингийн итгэлцүүр гээд явж байна) буруу хэрэглэсээр байна. Үүнийг засахын оронд буруу чигээр нь зүтгүүлж Монгол хэлний тайлбар тольдоо оруулаад улам лавшруулан баталгаажуулжээ. Дашрамд тэмдэглэхэд энэ үгийг гурав дахин оруулж тайлбарласан: Жишээ нь Илтгэлцүүр, (IIб.1104) Итгэлцүүр (IIб.1128), Коэффициент (IIб.1150) болно. 

     ТОГЛОХ… 4. Хөгжмийн зэмсгээр наадах(4 б.1972) гэжээ. Хөзөр даалуугаар наадахаас бус хөгжмийн зэмсгээр наадахгүй, хөгжимдөнө. Энэ бол оновчгүй орчуулгын балаг. Орос хэлний играть хэмээх үг уул хэлэндээ 70 гаруй утга илэрхийлдэг. Түүнийг бүгдийг монголоор: шатар нүүх, бөмбөг өшиглөх, хуучирдах, дүр бүтээх гэхчлэн хэлж болох ч бүгдийг тоглох гэдэг ганц үгээр аргацааж эх хэлнийхээ үгийн санг ядууруулсан нэгэн жишээг энд эш татжээ. Дайн Пантелейг хурим хийж балалайка хөгжмөө ид тоглон халууцаж байхад нь олов.Д.Гармаа. Хулан зээрд (4 б.1972) гэх мэт жишээ арвин ажээ.

     Аргазүйн болон  тользүйн зарчмыг зүйл бүрээр зөрчсөн, тайлбарын тухайд наад зах нь зах зээлийн нийгэмд зээлэх, зээлдүүлэх хоёрыг хольж хутгасан, Жишээ: өглөг авах (хэн нэгэнд зээлсэн зүйлээ авах) гэж (III б.1555)-д буруу тайлбарласан, сэтгэл алдрах (сэтгэл алдах) (III б.1852-1855) гэх мэтээр алдах ,алдрах хоёрын ялгааг гаргаж чадаагүй, зарим зарим үг хэллэгийг нүүр улаймаар буруу тайлбарласан толийг би оргил толь болсон гэж магтаж чадахгүй.

     Гэхдээ энэ тольд  “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) –ийн тайлбарыг баяжуулан зөв тайлбарласан зэрэг шинэ юм их байгааг тэмдэглэлгүй орхих аргагүй. Харин тэр бүхэн нь манай зарим ахмад үеийн эрдэмтдийн зохиосон хэсэгт хамаарна. 

   ШУА -ийн удирдлага энэ тольд анхаарлаа хандуулсан байна. Тухайлбал ШУА-ийн ерөнхийлөгчийн шийдвэрээр тус тольд орсон төрөл бүрийн мэргэжлийн нэр томьёо болон үгийн тайлбарыг хянан засварласан академич П.Нямдаваа Sc.D, дэд профессор Ч.Санчир, Sc.D, профессор Б.Минжигдорж нарын зэрэг эрдэмтэд тус тольд бодтой хувь нэмрээ оруулсныг талархууштай.

     Энэ толь хувь хүмүүсийн нэрээр гарсан бол өөр хэрэг. Гэтэл монголын шинжлэх ухааны толгой байгууллага Шинжлэх ухааны академи, Монгол хэлшинжлэлийн ариун сүм Хэлзохиолын хүрээлэнгийн нэрээр хэвлэгдсэн учраас залуус маань энэ тайлбаруудыг үнэн зөв гэж итгэнэ. Ингэж үр хойчсынхоо толгой тархийг буруу хазгай мэдээллээр мунхруулах нь зөв үү?

     Бүтээл бүтээлийн дээд нь толь бичиг гэх нь буй.Бас толь бичиг зохиох нь мах идсэн хамгийн зовлонтой ажил гэсэн нь бий. Толь бичиг зохиоход  өргөн  мэдлэг, бичгийн чадвар, сэтгэл, зүтгэл хэрэгтэйг энэ толь нотлон харуулжээ. Дээр өгүүлсэн доголдлын цаана гурван гол зүйл  байна. Үүнд:

     1/Овор хэмжээг томруулж олон боть болгох гэж дэмий  чармайхын оронд олигтойхон, чамбай толь хийхийг хичээх хэрэгтэй байсан юм биш байгаа гэдэг сэтгэгдэл төрлөө.Дэлгэрэнгүй гэдэг нэрдээ баригдаж хэрэглээ бага, утгыг нь сайн ухаараагүй олон үг оруулж, түүнийгээ тойм төдий, буруу, зөв тайлбарласнаар: а. дотроос нь нь хэрэгтэй үгээ онож олоход бэрх болжээ. б.тэр хэрээр хэрэгтэй үгийнх нь эзлэх хувийн жин багасч толийн чанарт яав ч сайнаар нөлөөлсөнгүй.

    2/ Цаг үеэ сайтар мэдрээгүй,олон нийтийн эх хэлний боловсролын төвшинг харгалзалгүй, тухай тухайн үгийн уугуул утга хөгжил хувирлыг мэдээгүй, бусдын бичсэн зүйлийн зөв бурууг авах гээхийн ухаанаар дэнслэлгүй шууд хуулан оруулдаг зэргээс үүдэн үгийн тайлбарын нэлээд хэсэг нь оновчгүй, буруу зөрүү, нуршуу, хайш яйш, ойлгомжгүй болсон.

    3/Энэ мэт алдаа мадгийн зүйлийг ботийн редакторууд болон ерөнхий редактор нь засч залруулахгүй яасан юм бол доо?

    Сэжүүрээс нь сөхөн харах төдийд ийм юмс нүдэнд тусч байгаа юм чинь цааш нь үзвэл ямар ямар ноцтой алдаа байгааг бүү мэд шүү дээ. Хамгийн наад зах нь аль ч улсын олон боть тайлбар тольд гадаад үгсийг ямар хэлнээс орж ирсэн, ямар утгатайг нь товч боловч тайлбарладаг нь дэлхийн нийтийн жишиг шүү дээ. Гэтэл таван болт тайлбар тольд харь үгийн гарлыг тэмдэглээгүйг яав ч зөвтгөх аргагүй.

     Энэхүү таван боть толь гурван удаа хэвлэгдэхдээ алдаа мадгийг нь засаж, сайжруулахын оронд 80-н мянган толгой үгийг нь 60-н мянга болгож, 120-н мянган үг хэллэгийг нь 80-н мянга болгон цөөлөх маягийн өөрчлөлт оруулаад дахин давтан хэвлээд байгаа бололтой юм. Андуурч, эндүүхсэн юмаа засалгүй, ахин дахин хэвлэхийн ач тус нь юусан билээ.

   Дашрамд тэмдэглэхэд, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Доктор, Профессор Ц. Шагдарсүрэн бээр эцгийнхээ толийг ихэд дэлгэрүүлж шинэчлэн, 2013 онд хэвлүүлсэн нь хэрэглэгч хүнд өгөөжтэй, үнэн, зөв тайлбартай чамбай толь болсон байна билээ. Даанч тэр толь нийтэд хүртээмжтэй хэвдэгдээгүй нь хяслантай. 

     За юутай ч хэл шинжлэлийн гүн мэдлэгтэй, эх монгол хэлэндээ эзэн болсон мэргэжил төгс хойч үеийн залуу судлаачид маань монгол хэлнийхээ мөн чанарыг харуулсан сайхан толь гаргана гэдэгт итгэж суухаас даа.

Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Чимэддоржийн Алтанзагас

Түр хүлээнэ үү...
Top