Х.Чойдогжамц(СУИС)
“Би хэзээ ч бичиж буй зүйлсээ ойлгомжгүй байлгахын тулд ойлгомжгүй болгох гэсэн хүсэлд хөтлөгдөж байгаагүй билээ”[1]
(Ж.Деррида)
“...Өнөөдөр “Монголын нууц товчоон”-ыг уншихад нууцлаг хууч, түүхэн домог, шидэт дүрслэлээрээ европын шив шинэхэн роман уншсанаас илүү гайхшрал төрүүлэн бишрүүлэхээр байгааг төвөггүй олж харна. Энэ бол монголчуудын үүсгэн бүтээж цогцлуулсан түүхэн уран зохиолын дотоод нууцлаг шинжтэй холбоотой юм...”
(Ч.Билигсайхан “Монгол эрхи товчис”)
Хэрвээ та буурьтайхан уншигч бол таны ширээнээ ойрмогхон гарсан Г.Аким “Туульс хайлдаг уулс”, С.Дулам “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, Д.Батбаяр “Сайхныг бүтээх нууц I, II”, Г.Бадамсамбуу “Туулын Гурван Улхуны дэвсгэр саглагар мод хаана вэ?”, Д.Галбаатар “XX зууны Өрнө, Дорнын уран зохиол”, Л.Нямаа “Миний амьдардаг ертөнц”, Я.Баатар “Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн судалгаа”, Гадаадын утга зохиолын лекцүүд(I, II), “Ф.Кафка. Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд” зэрэг номууд буй гэдэгт үл эргэлзэнэ. Эдгээр номуудын агуулгыг тодорхой хэмжээгээр нэгтгэж буй зүйл бол уншигчдийн уран сайхны сэтгэлгээ хийгээд тайлан тайлбарлахуй гэж товчоор хэлж болно. Тэгвэл зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Тэнгэрийн судар” хэмээх шинэхэн бүтээл дээрх номуудтай айлсах учир шижим бий гэдэгт мөн үл эргэлзэнэ.
Зохиолч Г.Аюурзана “Монголын нууц товчоон”-ы тухай “Тэнгэрийн судар” хэмээх шинэхэн номоо утга зохиолын талаарх үзэл бодлоо хуваалцаж байна гэж онцолжээ. Үнэхээр ч нууц товчоо шиг түүхэн уран сайхны энгүй хосолмол, тэрчлэн “хураангуй нууцат” бүтээлээ ягшмал судалгаа, угширч тогтсон төсөөлөл, тайлбар сэлтээс аль болох ангидаар халиаж уншихыг эрмэлзэж. Гэмээнэ уран сайхны туршлагаар, сэтгэлгээний уян хатан хийсвэрлэлээр хандан таамнасан нь нууц товчоо болоод нууц товчооны суут бичээчээр нэвтрүүлэн орчин цагийн уран зохиолын туурвихуйн өнгө төрхийг тольдон шинжилсэн гайхам бичвэрт хүргэсэн байна. Жишээ нь Чингис хаанаас салан нүүхдээ Жамухын хэлсэн үгийг Бөртэ хатан ухаалгаар тайлдгийг академич Д.Цэрэнсодном “...Бөртэ үжиний ухаалаг сэргэлэнийг харуулахын хамт Тэмүжинээс нэг насаар илүү гэж дээр хэлсэн санаагаа давхар баталж байх шиг санагддаг юм. Өөрөөр хэлбэл арай хэрсүү эгчмэд байсан гэх санааг илтгэж байна гэж ухаж болох юм”[2] гэсэн тайлбар дэвшүүлсэн байхад Г.Аюурзана “...Бөрт хатан үгийн утгыг тайлж хэллээ гэдэг нь уран зохиолын арга юм. Үгийн цаана үг буйг Тэмүжин өөрөө сэрдээгүй бол хаанаас энэ үгийг дамжуулж хэлэлцэх сэн билээ? Тэгэхээр тайллыг гэргий нь бус, Тэмүжин өөрөө гаргаж хэлүүлсэн байна. Өрхийн тэргүүн, овгийн зонхилогч ноён хүн “Жамух уйдаж, салах санаа гаргаад байна” хэмээн хов мэт үгс дуугарах нь ёс төргүй хэрэг. Тэгээд ч энэ бол ердийн нэг нүүдэл бус, харин хар багад нь мөнөөх л Тайчууд ах дүүсийн тарьсан гашууг тайлах нэхэл өшил байсныг бид залгуулаад өгүүлж буй хэсгээс тодорхойёо хардаг билээ...”[3] хэмээн эсрэг шахуу тайлал цухуйлгасан нь нууц товооны уран сайхны агуулгыг өргөмжлөхийн сацуу орчин үеийн уран зохиолыг үзэх хандлагаа жишин хуваалцаж байна гэмээр. “Тэнгэрийн судар”-таа баримталсан энэ хандалагадаа нотолгоо болгох зорилгоор номынхоо эхэнд “...Эцсийн эцэст түүх гэж бидний ойлгодог тэр бүхнийг дан ганц баримт биш, бас уран сайхны сэтгэлгээ бий болгодгийг мартаж болохгүй билээ...”[4] гэж бичсэнд дэгс зүйл алга. Уншигч та Жамух Чингис хаанаас салан нүүхдээ хэлсэн битүү утгат үгийн тайлал Бөртэ хатны үг биш Чингис хааны л үг, Батачихан бол заавал Бөртэ Чоно, Хуа Марал хэмээгч нэртэй хүмүүсийн хүү байх албагүй, Уулын гөрөөчин Бодончар талын малчин иргэнийг дагуулан эрхшээсэн өгүүлэмж бол Монгол угсаатны хураангуй түүхийн багасгал, Жамух бол бусдад харагддаг дүр биш, өөр дотроо, өөртөө харагддаг жинхэнэ дүрийн жишээ, Чингис хаан багадаа Хэрэйдийн ханынд үрчлэгдсэн зэрэг таамналуудыг дэгс зүйл, сахилгагүй санаа, хээнцэрлэн хийсгэсэн мугуйд гүтгэлгүүд гэж бодож магадгүй л дээ. Нэрт судлаач Ч.Билигсайхан “Монгол эрхи товчис” номдоо “монгол түүхийн уран зохиол”, “монгол түүхэн зохиол” бүрэлдсэн монгол арга, төрлийг сурвалжилж “...Хамгийн том бөгөөд гүйцэд төлөвшин тогтсон төрөл “Эрхи”, “Товчис” болно. Ийм төрлийн зохиол долоо, найман зуугаад жилийг дамжин хөгжихдөө олон янзын нэрээр тэмдэглэгдэж иржээ. Эдгээрийг дурьдвал:
Товч, товчоон Дэвтэр Судар Тууж Үлгэр Бичиг, тэмдэглэл Эрхи Ойллого (ойлбор) Цадиг Намтар, сурвалж Түүх Шастир Домог гэх мэт маш олон нэртэй байна...
Энд дурьдсан түүхэн зохиолын бүтээлийг оноон нэрлэсэн арав гаруй нэрсийн илтгэж байгаа өөр нэг утга санаа бол эдгээр нь “дан түүх” биш шүү гэдгийг сануулаад байгаа хэрэг”[5] хэмээн бичсэнийг санахад “Монголын нууц товчоон” болон “Эрхи” “Товчис”-ууд бодит түүхээс гадна интеграцичилагдсан мэдлэг, уран сайхын өдий төдий нюансуудыг дамжуулдаг, нийлэг мөртлөө тусгаар байдаг бичлэг нь ерөөс нүүдэлчдийн, нүүдэлчин бичээчийн чөлөөт сэтгэлгээтэй, үндэсний давтагдашгүй шинжтэй холбоотой мэт. Ийм нийлмэл хэлбэрийн зохиол хойшид ч бичигдсээр ирснийг XV-XVI зууны үеийн монголын уран зохиолын өв “Хув Навгарлын тууж”-аар жишээлэн үзье л дээ. Зүүн, баруун монголчуудын ноёдын хагарал, үймээн самуунд дургүйцсэн ард түмний сэтгэл санааг тусгасан энэ туужийн гол баатрууд, дүрслэгдэж буй орон газар цөм бодитой гэж байгаа. Түүх гэсэн үг. Гэтэл зохиолд Хатан Бүүвэй баатрын захиас бичгийг хүү Хув Навгарал тайлж буй уран сайхны дүрслэл бий. Далд утгатай 12 мөр шүлгийн утгыг эх нь асуухад мөн 12 мөр шүлэг хэлж тайлаад “Энэ өдөр миний их баяр болдог аж. Сэтгэл минь сэргэв. Одоо та бид хоёрын муугийн сүүл, сайны эх ойртсон гэдгийг ээж минь мэдэв үү?” гэсэнд эх нь “Ачит сайн үрийн минь алтан зарлиг бат оршитугай” гээд мэлмэртэл уйлав. Хүү “Ээж минь уйлах хэрэггүй. Тэнгэр эцэг ноёны буян сүлдээр Халхын нутагт очиж жаргах нэгэн цаг бий”[6] гэдэг. Энэ захиа задлан шүлгийн утгыг хэлэн тайлж буй дүрслэлийн зохиомжийн цаана эх үр хоёр элгэн нутагтаа энх мэнд золгохын тайлал хүлээсийг зориуд бэлгэдэж оруулсан урлал байх шиг. Өнгөц харахад яг л болсон явдал шиг. Лавлаад үзэхээр урнаар шийдсэн зохиолын зохиомжтой байна. Товчоолон үзүүлэх, товчлон хураахуй, эрхилэн хэлхэх гэдэг үгэнд л хураах, агшаах, нэмэх, чимэх, батлах, хасах, гүтгэх, зөвтгөх, совин билгийн уран сайхны бүхий л боломжит аргууд шингээстэй нь мэдрэгддэг бөгөөд үүгээрээ ч “Монголын нууц товчоо” бичлэгийн хувьд гайхалтай “зохиомжийн хөрөнгө”. Тэгэхээр “Тэнгэрийн судар”-ын цохолборуудын зорилт сахилгагүй санаа, хээнцэрлэн хийсгэсэн мугуйд гүтгэлгүүд биш юм гэдгийг дахин хэлэх зүй болов уу.
“Монголын нууц товчоо” гэснээс энэ дашрамд цухасхан хадуураадахья. Дунд сургуульд маань Галдан гэж монгол хэл, уран зохиолын ахмад багш байж билээ. Монголын нууц товчооны эхний бүлгийг л лав цээжээр дууддаг сан. Нууц товчоог л дахин дахин ярина. Хожим хүндэтгэлийн лекц уншуулахаар урлагийн зааланд ахлах ангийнханыг цуглуулахад мөнөөх л нууц товчоогоо гайхам шүлэглэл, уран сайхны талаас нь чин сэтгэлээсээ ярьсан боловч багш нар хүүхдүүдийн шуугианыг дарж чадаагүй. Өвгөн багшийн урамгүйтсэн царай одоо ч тодхон санагдаж байна. Гэхдээ тэр өдрийн ярианаас нэг л зүйл мартагдалгүй үлдсэн бөгөөд монголынхоо нууц товчоог элдэв таамаг санаагаар “сэжиглэх” хийгээд бахдан харах зах сэжүүр надад эндээс л төрсөн. Дөрөвдүгээр бүлгийн 131-р зүйлд “...Бэлгүдэй байнга барилдах тул баруун ханцуйгаа мулталж, нүцгэн явах бүлгээ. Тийн мулталсан нүцгэн мөрийг нь Бүри бөх илдээр ангас хийтэл цавчжээ...”[7] гэсэн хэсгээс үзэхэд Монголын нууц товчоонд гадаад бичээчийн гар “оролцсон” байх магадлалтай гэдгийг Галдан багш дээрх жишээгээр эшлэн тайлбарласан юм. Гэхдээ баттай нотолж чадахгүй байв. Одоо эргэцүүлэхэд нээрэн ч дээл, малгай, бүснийхээ үүсэл хэрэглээтэй холбоотойгоор утга соёлын нарийн нандин бэлгэдэл ёс хэдийнэ бий болчихсон асан үед яагаад ингэж бичив? Дээлээ сугалдаргалах гэдэг монгол үгийг гадаад бичээч мэдээгүй гэхээсээ, тийм үг бий болоогүй байсан учир монгол бичээч ингэж үгчлэн бичжээ гэж гүтгэе гэхэд нууц товчооны хоёрдугаар бүлгийн 103-р зүйлийн
“Бурхан Халдуныг
Өглөө бүр мялаасугай
Өдөр бүр өчсүгэй
Ургийн ураг минь
Ухан мэдтүгэй” хэмээн наран өөд хандаж, бүсээ хүзүүндээ эрихлэж, малгайгаа гартаа сэгэлдэргэлж, гараа өвчүүндээ дарж, наран зүг есөнтээ сөгдөж, сацал сацаж, өчил өгөв”[8] хэмээх төгсгөлд буй “хүзүүндээ эрхилэх”, “гартаа сэгэлдэргэлэх”, “өвчүүндээ дарах” гэсэн хэдийнэ мөн нарийн ялгамжаатайгаар хэрэглэсээр ирсэн нь тодорхой(ялангуяа бичгийн хэлэнд) нэршээл үгс хангалттай сөрөг нотолгоо болохгүй гэж үү? Ядаж ханцуйгаа сугалдаргалж гэхчилэн бичмээр мэт. Тэгээд ч “Монголын нууц товчоон”-ыг хятад галиг үсгээр галиглагч, орчуулагч нарыг Мин улсын үеийн бичгийн мэргэдийн хүрээлэнгийн монгол гарлын эрдэмтэн Хуо Йуан ги(Хуянгаа?), Ма Ша ихэ(Маш их?) нар мөн болов уу? Гэдгийг судлагчид бараг нутлан тогтоожээ”[9]. Тухайн үед галиглахад зарим үгс нь хуучирч мартагдахад хүрчээ гэхэд ийм хэрэглээний үг мартагдах уу? Зүй нь бол хятад галигтаа сугалдаргалах гэж галиглаад баруун ханцуйгаа мулталж нүцгэн явах гэж орчуулга хавсаргамаар мэт. Хятад галигийн эхэд утга тодорхойгүй, тайлбарлан оновчтой орчуулга оноож чадаагүй үгийг ч хэвээр нь тэмдэглээд явсан нь судлаачдын баримтаас харагддаг. Ойрмогхон байснаар нь монголын нууц товчооныг англи хэлээр орчуулж, мөн галигласан Игор дө Рахевилц абугайн эхийг үзвэл “...belgṻdei nasuda abaldurun bara᾽un qancu-ban mṻltṻljṻ nicṻgṻn yabuqu bṻle᾽e teyin mṻltṻlṻksen nicugṻn mṻrṻ inu bṻri-bӧkӧ ṻldṻ-er qangqas cabciju᾽u...”[10] гэж байнам. Насуда абалдурун буюу үргэлжид барилддаг учир баруун ханцуйгаа мулталж нүцгэн явах бүлгээ хэмээснийг Ш.Гаадамба гуай ч 1990 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчоон”-ы худам монгол бичгийн сийрүүлгэ эхдээ хятад уг галигийг барин сугалдаргалах гэж хөрвүүлэлгүй мөн хэвээр буулгасан байдаг. Персийн түүхч Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой”-д болохоор “...Бүри Бэлгүдэй мөрийг илдээр цавчиж, хэсэг махыг тасар татсан ажгуу...”[11] гэж бидний маргаанаас бултсан байх жишээтэй. Галдан багшийнхаа бодлыг гүйцэлдүүлэх гэж нэлээд мөшгөсөн ч амжилтийг төдий л олсонгүй. “Монголын нууц товоон”-ы өөр хувилбар эхүүд байсан байх магдалалтайг судлаачид олноор бичсэн байдаг. Тэдний нэгэнд сугалдаргалах гэдэг үг сунайтал байж буй биз ээ. Хувилбар эх гэснээс “Тэнгэрийн судар”-ын яриандаа эргэн орьё. Зохиолч саяын тайлбар шиг ийм тийм хувилбарт ингэж тэгж байсан болов уу гэх мэт зорилгыг хойш тавьж “...Бичвэр ямар хувилбараар зохиогчоо үүрд орхиж уншигчдад түгнэ, тэр л чухам эцсийн хувилбар нь болдог. Уг эхээрээ “Нууц товчоон” илүү сайн ч байсан байж магадгүй. Гэвч бидэнд уламжлагдсан энэ эх л жинхэнэ нь, бас хамгийн гайхамшигтай нь билээ...”[12] хэмээн мөн л орчин үеийн уран зохиолын тухай бидэнтэй яриа хөөрөө дэлгэхийг урьтал болгосон нь нууц товчоондоо монгол хүн бүр шинээр хандаж, дахин дахин гярхай уншихыг учирлаж бас уриалж байна.
“Монголын нууц товчоон”-ы эхний арван бүлэг Чингис хааны тухай өгүүлээд, Өгөдэй хааны тухай сүүлийн хоёр бүлгийг залгуулан, магад хожимхон нэмэн эрхилсэн байдагчлан зохиолч Г.Аюурзана өөрийн онцолсон зүйл бүрийг нарийн баримттай ишлэн тайлбар таамгуудаа эрт эдүгээг сүлэн чөлөөтэй цохсон нь орчин цагийн монгол эрхи товчист хэлбэрийн бүтээл гэж үнэлэхээр санагдаж байна. Нийтдээ нууц товчооны адил 282 цохолбор болсон нь уран бүтээлчийн бяцхан заль гэлтэй. Хэдийгээр зохиогч энэ бүтээлээ уран зохиолын ач холбогдол давуу гэсэн ч дам дөхөлт, тойруу мөшгөлт, түүхэн нөхөлт, таамаглалт двинацын гээд судалгаа шинжилгээний олон арга техникийг хослон барьжээ. Ингэснээр цохолборууд нь домог судлал, эх бичгийн судлал, үгийн гарвал судлал, намтар судлал, аман зохиол, утга зохиол судлал гээд олон салбар ухаанд холбогдох чансаатай байна. Нэгэн сонирхолтой цохолборыг дурьдая. “Тэнгэрийн судар”-ын 13-р цохолборт “...Бугын махаа Добу мэргэн ядарч зүдэрсэн нэгэн маалиг баяудай хүнд өгөөд, тэр ядуу хүний хөвүүнийг тэжээж тэтгэхээр гэртээ авдаг нь хожмоо Бодончар богдын бие махбодийг бүрэлдүүлэх хувь заяаны үүд болжээ. Бэлгэ үг хэлээд авсан бугын мах бэлгэдлийн бүхэл бүтэн систем – Алтан ураг үүсэхэд зохих хувь нэмэр орууслныг уншигчийн санаанд алгуур суулгаж, өчүүхэн мэт ийм шигтгээ нь ч их утга учир агуулдгаараа “Нууц товчоон” аргагүй авьяас билигтэй бичгийн хүний гар дороос амилсан зохиол гэдэг нь улам бүр тодорно...”[13] гэжээ. Бидний төдий л анзаардаггүй энэ бяцхан хэсэг ингэж л “уншигдахаар” бичигдсэн биз. Энэ далд агуулга цааш “уншигдсаар” Алангоо хатан “гэрлээр жирэмсэлсэн” тухай нэгэн зөвтгөл бэлгэдлийн зөвтгөлийн зөвтгөл болон нөхөгдөж, утга төгөлдөржин цааш уншигдах ёстой аж. Ийм сонирхолтой бөгөөд үнэ цэнэтэй санааны сүвэгчийг цохон нээхүйд чиглэсэн бичвэрийг чухам нэвтэргүүн бичвэр гэлтэй. “Нууц товчооныг нууц хэмээсний учир энэ” гэсэн өгүүлбэр олон цохолборын төгсгөлд мөн л нууцхан дүгнэлт болон олонтаа гарна. Чингис хаан өөрийн зарлигаар “Улсын бичиг” хэмээн тунхагласан “Монголын нууц товчоон” бол тухайн цагийн хамгийн итгэмжит сударч, их хааны шадар бичээч хүмүүн зөвхөн хаадын алтан урагт зориулан маш нууцаар бүтээсэн, Өгөдэй хаан ордондоо төгсгөлийн үгийг нь тавиулж гүйцээгээд чинад хадгалсан, нүүдэлчдийн төрт ёсны их хүч шингэсэн, ер бусын онцгой туурвил хэмээсэнтэй санал нэгдэхгүй хүн үгүй биз. Нээрэн ч жүжигчин Николас Кэйжийн тоглосон “Үндэстний баялаг” кинонд “Ерөнхийлөгчийн ном” гэж ерөнхийлөгчөөс ерөнхийлөгчид дамждаг нууц номын тухай гардаг шиг тодорхой хүрээнд нууцалж далдалдаг байсан мэдээ сэлт бий. Персийн түүхч Рашидаддин Фазлуллахын алдарт “Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой”-д “...Монголчуудын үнэн түүхийг монгол хэлээр, монгол бичгээр зохиож ирсэн боловч түүнийг нэгтгэн эмхэтгэж, нэг мөр болгон цэгцлээгүй, (хаадын) эрдэнэсийн сан сангаар тараан хадгалж, харийнхан болон мэргэжилтний нүднээс далдын далд байлгасан учирт хэн ч түүнд хүрч судлах аргагүй байсан юм...”[14] хэмээн баттай өгүүлжээ. Цааш зохиолч “...Зохиолыг бичих нэг хэрэг. Бичсэнийг цэгцлэх өөр хэрэг. “Нууц товчоон”-ы хэзээ ч хоцрогдохгүй, шинэ үе бүрт шинэ тайлалтайгаар уншигддаг, шилдэг зохиомжийн нууц нь хоёронтоо хүүрнэх шаардлагагүйг шууд танасан, гурвантаа дурдах шаардлагатайг шууд нэмсэн, бодлоготой, цэгцтэйдээ л байгаа юм ”[15] гэжээ. Үнэхээр ч ийм өгүүлэмжийн ялгарлууд нууц товоонд байдаг. Жишээ нь нэгдүгээр бүлгийн төгсгөл хэсэг, бүр лавшруулбал дөрөвдүгээр бүлэг хүрч байж буюу “...Түүний хойно Жамухын дүү Тайчир Жалама уулын өвөр Өлгий булагт нутаглаж байхдаа Саарь хээрт байсан манай Жөчи дармалагийн адууг дээрэмдэхээр оджээ...”[16] гэхчилэн бичээчийн өөрийн сайн мэдэх буюу оролцож явсан ойрмогхон үйл явдлууд хүүрнэгдэж байна уу гэмээр өгүүлэмжийн ялгаа илт мэдрэгддэг. Яахав Хабул хааны хөвүүдийн удмыг бичихдээ Бүри бөхийн хожмын үйлийг нэхэж хавчуулсан, Дайсэцэн анх уулзахдаа Есүхэй худ гэж хэлэх зэрэг оруулгууд байна. Гэхдээ үүнээс өмнөх өгүүлэмжид “Өгэлүн үжинийг Есүхэйн авч ирсэн ёсон тийм”, “Татаарын Тэмүжин үгэг авч ирэхэд төрөв хэмээн Тэмүжин нэр өгсөн учир тийм”, “Тэдний нөхцөж нөхөрлөсөн ёсон тийм”, “Жамуха андад хэлж илгээсэн үг ийм”, “Бөртэ үжинтэй тийн золголдож, Мэргид иргэнээс аварсан ёсон ийм” зэргээр ертөнцийн үүслийн домог шиг, угийн бичиг шиг жагсаан монголын нууц товчоонд нууцалж товчоолон зайлшгүй дурьдагдах ёстой түүхэн баримтуудыг танин мэдүүлэх маягтай дахин дахин баталсан нотолсон өгүүлбэр зонхиолж харагддаг билээ. Юутай ч “Тэнгэрийн судар” урлаг, уран зохиолын учрыг эрэн бэдэрч яваа залууст ялангуяа маш өгөөжтэй, шинэ амьсгалтай нэвтэргүүн бичвэр болжээ. Эрхэм зохиолчоос утга зохиолын тухай үзэл бодол болон сүүлд бичсэн, орчуулсан шүүмж судлагааны ажлуудаа эмхэтгэн “Утга зохиолын тухай яриа-II” номоо гаргахыг хүсч байсан юм. Тэгтэл энэ ном маргаангүй монголын болоод дэлхийн утга зохиолын тухай шинэ яриа ажээ. Онол, таамаг дэвшүүлж байна гэдэг хөдөлбөргүй судалгааны материалаас ялгаагүй бөгөөд нотлогдоогүй орон зайд хөлбөрөх баримтыг санал болгож, нөхөн тэтгэхийг зорилгыг тээнэ. Үүнд шинжлэх ухаанаас гажууд арга зүй хийгээд ёс зүй үгүй юм. “Тэнгэрийн судар”-ын цохолборуудыг үл хүлээн зөвшөөрч, үгүйсгэсэн бичвэрүүд ирвэл улам л сайн. Тэгвэл ёстой жинхэнэ “Монголын нууц товчоон”-д нэвтрэх дам дөхөлтийн арга гээч биелэгдэх амой(инээв). Ийнхүү цохолборууд бичигдсээр “...Аливаа тайлгын дээд нь сэтэр, бишрэл, тэмдэг, бэлгэдэл зэрэг оюуны өргөл байдаг. Тэнгэрийн санааг хэрхэн ухамсарлаж ирснээ хойчистоо өвлүүлэхийн тулд үйлдсэн хадны бичээс, зураг, тамга тэмдэг, үлгэр туульс, дуу хөгжим, бүжиг цөмөөрөө л уран бүтээлийн онгодоор хөтлүүлсэн, эртний тайлгын өвөрмөц хэлбэрүүд бөгөөд XIII зуунд нэгдсэн төр улсаа байгуулмагцаа л онгод зааридын үүргийг бэлгэ тэмдгийн илүү нарийн системтэй тогтолцоо – бичиг үсэг гүйцэтгэх цаг ирснийг гүнзгий ухамсарласан алтан ургийн ноёд Чингис хааны “Улсын бичиг” хэмээн хуульчилсан худам бичгээр үүх түүхээ тэмдэглэн чин үнэнийг тэнгэрт мэдүүлэхийг ариун дээд тайлгын шинэ хэлбэр хэмээн ойлгосон байна...”[17] гэсэн бардам үгээр өндөрлөх ажгуу.
2016.08.08
[1] Ч.Билигсайхан “Монгол эрхи товчис”, УБ., 2000, 117, 130 т.х [2] “Монголын сонгомол тууж”, УБ., 2006, 29 т.х [3] “Монголын нууц товчоо” (сонгомол эх), УБ., 2009, 61 т.х [4] “Монголын нууц товчоо” (сонгомол эх), УБ., 2009, 40 т.х [5] Д.Цэрэнсодном “Монголын нууц товчооны утга зүй, уран сайхны шинжилгээ”, УБ., 2008, 124 т.х [6] Igor De Rachewiltz, Index to the Secret History of the Mongols, Bloomington, 1972, 55 [7] Рашидаддин Фазлуллах “Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой” (орч. Г.Аким), УБ., 2013, 254 т.х [8] Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, УБ., 2016, 88 т.х [9] Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, УБ., 2016, 30 т.х [10] Рашидаддин Фазлуллах “Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой” (орч. Г.Аким), УБ., 2013, 28 т.х [11] Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, УБ., 2016, 139 т.х [12] “Монголын нууц товчоо” (сонгомол эх), УБ., 2009, 61 т.х [13] Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, УБ., 2016, 255-256 т.х [14] Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, УБ., 2016, 108 т.х [15] Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, УБ., 2016, 16 т.х [16] “Философи”. Орч. Б.Батчулуун, УБ., 2002, 313 т.х [17] Д.Цэрэнсодном “Монголын нууц товчооны утга зүй, уран сайхны шинжилгээ”, УБ., 2008, 36 т.х