I.
Борхесийн “Зүүдний ном” их алдартай. Энд есөн шидийн зүүд Вавилоны цамхагийн хэлийг эзэмшсэн мэт үржиж, хуваагдан бутарч, сарнин алга болсноо эргэн биежиж байдаг. Тус ном дотор “Колриджийн зүүд” хэмээх тэмдэглэл бий. Тэр нь Английн яруу найрагч Сэмюзд Тейлор Колридж 300 гаруй мөр найраглал зүүдэндээ зохиосон тухай гарна. Тэрхүү найраглал нь “Хубилай хаан” нэртэй бөгөөд зөвхөн эхний хэсэг нь л үлдсэн байдаг. Харин энэ тухай Борхес ийн өгүүлжээ.
“Хэдхэн минутын дараа нойронд автах хүртлээ баруун зүгт Марко Пологийн буянаар алдаршиж амжсан Хубилай хааны ордны байгууламжийн тухай бичсэн Пэрчесийн номыг уншиж байжээ. Санамсаргүй уншсан зүйл нь зүүдний хэлээр өрнөн, үржиж хуваагдан, унтаж байгаа хүний нүдний өмнө дүр зураг зэллэн үзэгдэж, тэр ч бүү хэл тэднийг илэрхийлж буй үгс өрөгдөн бичигдээд...” |орч.Д.Оюунчимэг|
Үнэндээ Колридж энэ тухайгаа бичиж үлдээсэн ч Борхес шиг зүүд нь хэрхэн эвлэж буйг төсөөлөлгүй сэрсэн биз. Үүнтэй холбоотойгоор эвлүүлж унших бүтэцтэй нэгэн бүтээл 1972 онд хэвлэгдэн гарсан нь Италийн зохиолч Итало Кальвиногийн “Үл үзэгдэгч хотууд” нэртэй тууж байв. Барууны зарим сайт, сэтгүүлд “бичил роман” хэмээсэн нь ч буй. Борхесийн үзсэнээр Хубилай хаан зүүдэндээ үзсэн төлөвлөгөөнийхөө дагуу өөрийн ордонг барьж бүтээжээ. Зохиолд Хубилай хаан өөрийн төсөөлөлд ургуулсан хотын тухай ярьж түүнтэй адилхан хот буй эсэхийг Марко Пологоос асуудаг. Тиймдээ ч Кальвиногий бүтээсэн үл үзэгдэх хотуудын санаа ямар нэг сэжмээр Борхесийн бүтээлтэй холбоотой мэт санагдана.
“Тагтаа паблиншиг”-аас эрхлэн хэвлүүлсэн тус туужид Италийн нэрт аялагч Марко Поло үзэж туулсан хотуудынхаа тухай Хубилай хаанд өгүүлж буйгаар гардаг. Мэдээж хотууд бодитой оршин байхгүй ч гэсэн уншигчид хот тус бүрийг бодитой болгон төсөөлж чадах билээ. Тийм л эрх чөлөөт байдал, хоорондоо урвуу хамаарал бүхий сэтгэхүйн гойд чанарыг “Үл үзэгдэгч хотууд” бүрнээ төлөөлж чадна.
Зохиолын хамгийн эхний бөгөөд сүүлийн ес дэх бүлгүүд 11 хэсэгтэй. Бусад нь тус бүр таван хэсгээс бүрдэнэ. Нийт 55 хотын тухай өгүүлэх бөгөөд бүгд өөрийн дурсамж, дохио тэмдэг, хүсэл, нүд, нөгчигсөдтэй. Харин бусад нь нарийхан, худалдааны, үргэлжлэн буй, нуугдмал хотууд гэсэн нэрийн дор сүндэрлэцгээнэ.
II.
Марко Пологийн ярьж буй хотууд оршин байхгүй мөртлөө оршин байдаг. Учир нь түүний ярьж буй хотууд оюун бодолд нь загварчлагдаж буй. Тиймээс л энэхүү төсөөлөн бодохуйн загварчлагдаж буй ухамсар нь хаа нэгтээ үзэж харсан бодит оршихуйгаас үүсэн бүрэлдсэн байх учиртай. Хот тус бүр айдаст автуулж, дур тачаал өдөөж, гоо сайхныг бишрүүлж, үхэгсдийн чимээг сонсгож чадна. Бүх хотуудад өөрсдийн гэсэн дурсамж, дохио тэмдэг байх хэдий ч эцэстээ бүгд хоосон чанартай. Үүнийг зүүдтэй адилтгаж болно.
“Хот гэдэг зүүдтэй төстэй; зөвхөн төсөөлж болохуйц зүйлс л зүүдэнд үзэгддэгчлэн санаанд үл багтам, хачирхаж гайхам зүүд гэдэг хүсэл дур ба хүйдэс айдсыг далдлан нуусан оньсого таавар байх нь бий. Түүн лугаа адилаар хотууд ч бас дур хүслэн хийгээд айдсаар цогцлох агаад хэтийн төлөв нь нууц, хийсвэр дэг журам, бусармаг бүхүйн тул өөр нэгэн зүйлийг далдлан нууцлах ажгуу”. |“Үл үзэгдэгч хотууд” 44-р тал, орч.Б.Эгшиглэн|
Дээр жишээ татсан өгүүлбэрийг Марко Поло хэлдэг бөгөөд Хубилай хаан хариуд нь ийн өчнө.
“Надад дур хүсэл, айдас хүйдсийн аль нь ч алга. Зүүд минь болвоос оюун ухаан, учрал тохиолын аль нэгнээс л үүдэх билээ” хэмээн хаан тунхаглав. |“Үл үзэгдэгч хотууд” 44-р тал, орч.Б.Эгшиглэн|
Аялагч, хаан хоёрын энэхүү харилцан яриа хоорондоо зөрчилдөж байгаа мэт боловч нэгэн том цул өгүүлбэрийг бүтээж байна. Аливаа дур хүсэл, айдсаар цогцлон буй хотууд зүүд шиг давхар нэгэн нууц агуулан оршино. Тэрхүү нууцад хааны зүүдний үүдэл болох оюун ухаанаар л нэвтрэх нь зайлшгүй. Магадгүй эндээс сониуч зан, айдас бүрэлдэх бөгөөд дур хүслээр цогцолсон хотуудын учрал тохиолыг өгүүлж баршгүй юм.
Мэдээж мета түвшний зохиолчид уншигчдад тайлбар өгдөггүй. Тухайн өгүүлбэр дотор нуугдаж буй хоёр өөр утга бүхий парадоксыг бид л олж нээх зайлшгүй үнэнтэй нүүр тулгарна. Харин Кальвиногийн хувьд бол тухайн өгүүлбэр хоёр өөр санааг агуулсан, давхар нууцтай гэдгийг шуудхан хэлж байна. Харин тэрхүү нууц нь чухам юу вэ гэдгийг олохын тулд уншсан бүхнээ эргүүлэн харж, шоо шиг эвлүүлж үзсэн ч хариулт нь гарч ирэхгүй байх маягаар тэр хотуудаа сүндэрлүүлжээ. Энэхүү бичлэгийн арга барил нь түүнийг онцгой болгодог болов уу.
III.
Одоо харин эвлүүлж тоглох гээд үзье. Туужийн 5 дугаар бүлгээс эхлэн “Хот ба нөгчигсөд” гэсэн хэсэг гарна. 5 дугаар бүлгийн тав дахь хэсэг нь “Хот ба нөгчигсөд” гэсэн нэртэй бөгөөд 6 дугаар бүлгийн дөрөв дэх хэсэг, 7 дугаар бүлгийн гурав, 8 дугаар бүлгийн хоёр, 9 дүгээр бүлгийн нэг дэх хэсэгүүд ийм нэртэй байна. Ажиглавал “Хот ба нөгчигсөд” нэртэй хэсэг бүлэг болгонд доороосоо дээшлэх байдлаар өсч байна. Энэхүү өсөлтийг хэрхэн бий болж буйг уншигчдад мэдэгдэхийг тулд бүлэг дотор буй хэсэг тус бүрт тоонуудыг байрлуулж өгчээ.
Эцсийн бүлэгт буй “Хот ба нөгчигсөд” хэсэг “5” гэсэн дугаартай байна. Тэгвэл үүнд хамаарагдах таван хотын түүх туужид бий. Харин “Хот ба тэнгэр” хэмээх хэсэг “4” дугаартай. Тэгвэл энэхүү нэрийн дор дөрвөн өөр хотын түүх агуулагдсан гэсэн үг. Мөнхүү хэсэг тус бүрийн ард буй тэдгээр тоонууд нь “Хот ба дурсамж”, “Хот ба нэрс” гэсэн хэсгүүд хэд дэх удаагаа давтагдаж буйг илэрхийлнэ.
“Хот ба нөгчигсөд 1”. Мелания хотын иргэд төрөхдөө л өөр нэгний орыг залгаж байдаг. Хэн ч хэн нэгний харц, дүр төрхийг өвлөж авдаггүй бөгөөд үргэлж мөнхийн их хувирал хотод явагдана. Харин нэг хүн балмад этгээд, сайхан санаатны дүрд зэрэг хувирах боломжтой.
“Хот ба нөгчигсөд 2”. Энэ бол Аделма хот. Марко Поло тус хотод хөл тавихдаа боомтын тавцан дээр олс уяж зогсох эрийг хараад олон жилийн өмнө хамт алба хааж байсан талийгаач найзаа дурсан санадаг. Энэ бол зөвхөн нөгчигсөд л зорин ирдэг бөгөөд тухайн аялагч өмнө нь таньдаг байсан хүмүүстэйгээ учирдаг хот юм.
Эхний хотод нөгчсөн зорчигдод ч Аделмад ирсэн байж болзошгүй. Учир нь өөрийнхөө оршихуйг тодорхойлж чадалгүй нөгчигсдийн дүрд хувирсан нэгэн энэ л газартай холбогдохоос аргагүйд хүрнэ. Энэхүү байгууламж нь туужийг адармаатай болгох төдийгүй, нарийн утсаар холбож буй билээ.
“Хот ба нөгчигсөд 3”. За нөгчигсдийн хот гээд нэрлэчихвэл болмоор санагдлаа. Гурав дахь нөгчигсдийн хот буюу Эвсапияд болж буй үйл явдал нь өмнө өгүүлэгдсэн хоёр хотын иргэд зэрэгцэн байх шиг мэдрэмж төрүүлнэ.
Эндхийн иргэд үхэл, амьдралын ялгааг зөөлрүүлэхийн тулд хоттой яг адилхан дахин нэг Эвсапиягийн хуулбарыг газар дор барьсан нь бий. Цогцоснуудыг тусгай аргаар занданшуулж өмнөх насны үйл хэргээ үргэлжлүүлж буй мэтээр идээ ундаа өрсөн ширээний ард суулгадаг. Харин дээд хотын иргэд үхэгсдийн хотод зочлоход ямар нэг өөрчлөлт орсон байдаг талаар цаг үргэлж мэтгэлцдэг. Гэхдээ энэ бүхэн гэнэт болоогүй бөгөөд газар доор буй талийгаачид л нэгэн цагт Эвсапиягийг босгосон гэдгийг Марко Поло сануулдаг. Тиймээс л энэ хотод үхэгсэд, амьдрагсад зэрэгцэн орших бөгөөд хэн нь амьд, хэн нь талийгаач вэ гэдгийг ялгаж чадахгүй аж.
“Хот ба нөгчигсөд 4”. Аргияг бол агаарынх нь оронд хөрс байдаг хот. Тууж доторх бүх хотуудаас хамгийн жигтэй нь энэ бөгөөд хот тас харанхуй тул хүмүүсийн хөдөлгөөнийг ч жуулчин олж харахгүй, тэрийж хэвтэх нь дээр гэдгийг мэднэ. Хүмүүс зэлүүд газрыг зааж оршин суугчид нь доор бий хэмээлцдэг. Шөнөөр газарт чихээ нааж чагнавал хаалга хаагдах чимээ сонстоно.
“Хот ба нөгчигсөд 5”. Энэхүү хэсгийн сүүлчийнх буюу Лаудомия хот өөртөө гурван хотыг агуулан оршдог. Хоёр хот зэрэгцэн оршиж, үзэгдэхгүй байж болдог тухай ч бид уншсан. Харин Лаудомия бол төрөөгүй хүмүүсийн буюу ирээдүй цагийн хот гэнэ. Амьдарч буй иргэд нь булшний газарт очиж боржин чулуунаас өөрсдийнхөө нэрийг унших бөгөөд мэндлээгүй иргэдэд зориулж барьсан сууцанд очиж асуулт ч тавьцгаана. Харин тэрхүү асуулт нь ирээдүйд мэндлэх хүний тухай бус өөрсдийнх нь тухай л байдаг. Төрөөгүй иргэдийн Лаудомия нь амьд иргэдтэй харилцдаггүй.
Харин одоо эвлүүлээд үзье. Эхний өгүүлэгдсэн хотод хүмүүс өөрсдийгөө бүтээсэн бол дараагийн хотод талийгаачийн хувиар зочилжээ. Үүнээс хойш талийгаачид зэрэгцээ оршихуйг бий босгосон бол одоо түүнд нь хэн ч нэвтэрч чадахааргүй болсон бөгөөд сүнсний ертөнцийн хаалганы чимээ л дөрөв дэх хэсэгт дуулдаж байна. Харин ертөнцийн зүй тогтол мөхөж, эргэн бүрэлдэж байдаг жамтай. Тиймээс л ирээдүй цагийн иргэдийг багтаасан Лаудомия оршин байх хэрэгтэй болов.
Гэхдээ туужийн хэсэг бүр нь яруу найрагчийн санаанууд, концепцийн цуглуулга гэмээр бүтэцтэй учир уншигчийн хийсэн эвлүүлэг чухам үнэн болохыг нотлох шаардлага огт үгүй санагдана. .
VI.
Борхесийн хамгийн алдартай өгүүллэгүүд цэвэр оюун санааны зөгнөлт бүтээлүүд боловч яг л болсон юм шиг бодит байдаг. Дээр нь домогчилсон хүүрнэл, түүхүүд ч нэмэгддэг. Харин Итало Кальвиногийн “Модон дээр амьдрагч Барон” зохиолыг 19 дүгээр зууны язгууртны түүх хэмээн нэрлэх нь бий. Гэвч энэхүү бүтээлийг түүх болон бодит амьдрал хоёрын хооронд орших төсөөллийн харилцааны сонгодог жишээ гэж үнэлдэг.
Магадгүй уран зөгнөлд шинэ бүтэц оруулах санаа нь эндээс эхтэй байж мэднэ. “Үл үзэгдэгч хотууд” хүүрнэлийн ямар нэг уламжлалт арга барилд захирагдаагүй учир ойлгоход бэрх. Зохиолын эхлэл ч тодорхой нэг цэг дээрээс эхэлдэггүй. Мөнхүү төгсгөл нь ч бүрхэг. Зүгээр л төрөл бүрийн эд бараа, чихэр жимсээр дүүрэн дэлгүүрт орж байна гэж бодох хэрэгтэй. Тэнд чи эрж байсан зүйлээ олж, мэдэрч, хүртэж болно. Басхүү айдас төрүүлэм тоглоом, амнаасаа салгах аргагүй амттан ч байгаа. Гол нь та энэ дэлгүүрт хэзээ ч уйдахгүй.
Харин дараа нь хүмүүсийн соёл иргэншлийг харилцаанаас нь дээгүүрт тавьж үзвэл оршихуйн мөн чанар юунд хувилж болох вэ? гэсэн асуулттай туужийн төгсгөлд тулгарч байв. Гэвч хүн бүр өөр, өөр асуулттай нүүр тулах биз ээ.
Ямартаа ч Итало Кальвино хүүрнэл зохиол дахь бүх дүрмийг зөрчсөн. Басхүү сэтгэхүйн чөлөөт бичлэгийн хэлбэрийг нээн харуулснаараа дараа үеийн зохиолчдод өршөөл үзүүлсэн гэж ч хэлж болно. Дүрэм зөрчих, өршөөл үзүүлэх эрх зөвхөн хааны титэмд л байдаг билээ.
Б.АЛТАНХУЯГ