Зохиолчийн үхэл: Зохиол болон зохиолчийн хамаарал
2018-10-10 Номын шүүмж 2622

Энэ түвэгтэй ойлголтыг бидний хамгийн сайн мэдэх нэгэн жишээнээс эхлүүлье. Зохиолч Ч.Лодойдамба гуайг “Тунгалаг Тамир” романаа бичиж, сонинд цувралаар нийтлүүлдэг байх үед олон уншигчаас Долгорыг яагаад алчихсан талаар асуулт тавьсан, дахин амьдруулах тухай хүсэлт гаргасан захидлууд ирдэг байсан, тиймээс ч хоёрдугаар дэвтэртээ Долгорыг амьлуулж Эрдэнэтэй уулзуулсан тухай өөрийнх нь дурсамжид тэмдэглээтэй бий. Үнэн хэрэгтээ “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэсэн зохиолчийн дуу хоолой, харзны мөсөн доогуур далд орж буй Долгор хоёр л энэ зохиолыг илүү амьд, цаашид үйл явдал хөврөх гол шалтгаан болж буйг “гэнэн” уншигчид гадарлахгүй байж мэднэ.

Эсвэл саяхан сошиал орчинд Францын зохиолч Франсуаз Саганы “Сайн уу, гуниг минь” романы үйл явдал зохиолчийн хүнлэг бус сэтгэлтэй холбоотой эсэх маргааныг яриандаа жишээ болгон авч болно. Уран зохиол судлаачид, бичвэр судлалын үүднээс уран зохиол нэг талдаа ухамсаргүйн үйлдэл. Тиймээс зохиолын талаар зохиолчоос асуух, зохиолчийн амьдралыг зохиолтой хольж хутгах нь зөвхөн “гэнэн” сэтгэхүйгээс гарах үйлдэл гэх нь бий. Зохиол бол зохиолчийн гараар дамжин гарсан уран сайхны бие даасан ертөнц. Тэр бол Франсуаз Саган хэмээх франц бүсгүйтэй ямар ч хамааралгүй уран сайхны бүрэлдвэр юм. Зохиол дотор зохиолч амьдарч байсан ч бидний мэддэг бодит хүнээс огт өөр нэгэн болон хувирсан байх вий. Уншигчийн бодлоос зөрсөн бодит түүх уран зохиолын ертөнцөд тоймгүй олон.

1. Хүйсийн тодорхойлолт ба Жеффри Евгенидис

Пулитцерийн шагналт Америкийн зохиолч Жеффри Евгенидисийн “Манин” хэмээх зохиол 2002 онд хэвлэгдсэний дараа “өөрөө дааврын гажигтай байх” гэсэн цуурхал тарж, номыг нь авахаар хайлт хийж үзэхүл номын үнэлгээ өндрийн дээр зохиол бэлгийн хүсэл сонирхлын хувьд жирийн гэсэн тодорхойлолт дагаж байх жишээний. Манин хүн өөрийнхөө туулсан амьдралын тухай бичсэн нийтлэл анх уншаад зохиолчид ихэд сонин санагдаж, эмч биологичдын эрдэм шинжилгээний  ажлуудтай танилцахад ийм амьдрал туулсан хүний дурсамж ч, эрдэмтдийн тайлбар ч жирийн хүмүүс хүлээн авч ойлгоход хангалтгүй санагдаж өөрөө ном бичихээр шийджээ. Ийм эмзэг хэцүү сэдвийг хөнгөн гунигтай атлаа тэрүүхэндээ шогч аясаар, үр хөврөл болж амжихаас өмнөх хүн болгонд байж л байдаг бэлгийн эс (энэ тохиолдолд гажигтай) хүүрнэж байгаагаар эхлээд, үр хөврөл болоод, нэлээд хэдэн сартай ураг байхдаа, дөнгөж төрсөн нялх байхдаа, цэцэрлэг, бага анги, шилжилтийн насны хүүхэд, залуу болон ид насанд ийм онцлогтой хүний бие махбодод сэтгэл санаанд ямар өөрчлөлт гардаг, нийгмийн ямар дарамт дор амьдардаг талаар тухай тухайн насны хүүхдийн хэлээр хүүрнэн бичжээ. Цус ойртох нь ургийн гажиг үүсэхийн нэг шалтгаан гэсэн санааг барьж, зарим газар оронд үеэлүүд хоорондоо гэрлэдэг уламжлал байсан гээд Грекийн нэгэн бөглүү тосгонд өнчин өссөн эгч дүү хоёр хавьтаад, Детройд руу цагаачлан тэнд хүүхдээ төрүүлсэн тухайгаар ном эхэлнэ. Тэгээд л зохиолч грек, англи, ирланд удамтай хүн, өвөг дээдэс нь Европоос Америкт цагаачилж ирэхдээ анх Детройдод суурьшсан, зохиолч өөрөө Америкийн Детройд хотод төрсөн зэрэг нь таарсан, гол нь сэдвээ гүнзгий судалж өөриймшүүлж чадсан нь хэл ам гарах шалтаг болж дээ.

2. Нууцлаг амьдралын гор

Австралийн зохиолч эмэгтэй М.Л.Стедман хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй зангаасаа болж бас элдэв таамаг ярианы бай болсон байдаг. “Зохиолч Австралийн баруун эрэгт төрж өссөн, одоо Лондонд амьдардаг, түүний анхны ном” гэсэн хэдхэн үгтэй маш товч намтартай. Нууцлаг байх тусмаа сонирхолтой гээчийн тод жишээ. Ганц бичсэн номоо хэвлүүлэхээр хэд хэдэн газар санал болгоход олон улсын нэртэй найман хэвлэлийн газар хэвлэх эрхийг нь авах гэж булаацалдан толхилцож байсан гэхээр ямар түвшинд бичигдсэн хэр бүтээл болох нь ойлгомжтой. Энэ түүхэн роман гучин хэдэн орны хэлд орчуулагдан уншигчдын талархал хүлээсэн юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараах үе. Хөвөө хязгааргүй их далайд хөлөг онгоц явах чиг баримжаа болох “гэрлэн дохио” далай дундах эзгүй арлуудад байдаг байж. Түүнийг нь ажиллуулдаг, хэцүү нөхцөлд ганцаардмал амьдралаар он жилийг барах хувьтай хүмүүс бас байж. Азтай зарим нь эхнэртэй. Австралийн ойр орчмын нэг аралд эр эм хоёр гэрэл дохиогоо манаж, ажил  төрлөө залгуулан амьдарч байтал нэг өдөр нас барсан эрэгтэй хүнтэй, өлгийтэй нялх хүүхэдтэй завь эрэгт нь ирж дээ. Ажил үүргийн дагуу энэ тухай нөхөр нь шууд төвдөө мэдээлэх гэхэд, хүүхдийн хүслэн болсон эхнэр нь цааргалан олдмол охиноо өөрийн төрүүлсэн хүүхэд шиг хайрлан өсгөнө. Олон удаа үр зулбаж, төрсөн нь хүн болж амжилгүй эндсээр хүүхэдтэй болох найдвар тасарсан эмэгтэйд энэ охин бол бурхны хишиг юм. Нөхөр нь эх хүн байхын жаргалыг эдэлж буй эхнэрээ өрөвдөх, өөрөө ч бас хүүхдэд ухаангүй хайртай ч, хэдэн жилийн дараа охиноо алдаад шаналж байгаа төрсөн эхэд нь хүүхэд нь хаана байгааг мэдэгдэж орхино. Ажлын хариуцлага алдсан нөхөр шийтгэл хүлээж, төрсөн эхдээ хүүхэд дасахгүй, төрүүлсэн эхийн зовлон барагдахгүй, өсгөсөн эх үртэйгээ уулзах ч эрхгүй... Зохиолчийг хэдэн настайг мэдэхгүй ч эмэгтэй хүн гэж мэдээд, энэ эмэгтэй лав хүүхдээ алдах зовлон үзсэн байх, Австралид төрсөн юм чинь өөрөө биш гэхэд эцэг эх нь тийм гэрлэн дохиотой жижиг арлын ганцаардмал амьдрал туулсан байх гэх мэт таамаг уншигчдын дунд явдаг. Зохиолч эмэгтэй хуульч хүн юм байна. Гэхдээ хэн нэгнийг сайн муугийн дэнсээр шүүсэнгүй. Ямар ч амьдралд аз жаргалыг олж болох, өршөөж уучлах чадвар эргээд хүндээ сайнаар нөлөөлдөг, хүнд ер нь сайн сайхны зөн давамгайлдаг гэх мэт хүмүүний нийтлэг мөн чанарыг цаагуураа хэлээд байх шиг санагдана.

3. Монголын гажуу тусгал

Гэхдээ зохиолч бүхэн өөрийн туулсан амьдралаа уран сайхны аргаар хүүрнэх албагүй. Ялангуяа олон хүнд хүргэх, уншигчийн анхаарлыг татах зорилгоор зарим зохиолчид уншигчдын хүслийн дагуу төлөвлөгөөгөөр зохиолоо бичих нь бий. Чехийн зохиолч эмэгтэй Петра Хулова “Эмээгийнхээ дурсгалд” гэж ном бичиж утга зохиолд хөл тавьж байлаа. Зохиолын үйл явдал Баянхонгор аймгийн өмнөд говьд өрнөнө. Зохиолын гол баатар Тулгаагийнх амины нэлээд малтай, жийп машинтай айл. Авгай Алтаа нь төрхөмдөө байхдаа төрүүлсэн Хироко, нөхрөөсөө Мага, хятадаас эрлийз Заяа, оросын эрлийз Нараа, нөхрөөсөө гэхэд эргэлзээтэй ч цэвэр монгол цусны Оюун зэрэг олон охин төрүүлсэн. Эрлийз хурлийз болсоор хоёр их хөршдөө уусаж байна гэж ёгтлоод ч байгаа юм шиг, хог новштойгоо холилдож хоцрогдоод, энэ Монголчууд өөдлөхгүй ээ гэж хашгираад ч байгаа юм шиг, бүхэл бүтэн үндэстнийх нь хувьд доош хийгээд ч байх шиг цаанаа нэг доромж санаатай, үнэндээ бачуурмаар, Монгол хүн тайван унших аргагүй ном. Эмэгтэй зохиолч янхны тухай бичвэл өөрөө янхан байх албагүй гэдгийг Чех уншигчид сайн ойлгодог болохоор түүнийг зохиолын баатар янхануудын нэг гэж бодсонгүй. Монгол гэхээр гадаадынхан ерөнхийдөө цөөн хэдхэн хүн, цэлийсэн тал цөл, олон сая мал төсөөлдөг. "Тэр их тал, говь цөлд хэдэн малаас гадна янхан хүүхнүүд бас байна хөөе!" гээд хэн нэгэн хашгирахаар юманд дөжирчихсөн, этгээд гажууд зүйлд сэрэл нь хөдөлдөг  “хөгшин Европын” чих дэлдийнэ дээ. Тэд зурагтаар энд тэндхийн зэрлэг омгийнхныг нүцгэн шалдангаар харуулах дуртай. Чехийн уншигчид, дараа нь орчуулгаар нь уншсан европын бусад орны уншигчид хүн бүр очоод байдаггүй, тэртээ холын экзотик орныг төсөөлөхдөө, Монголд жил гаран сурч амьдарсан зохиолч манайд ийм л юм үзэж харсан болоод түүнийгээ бичиж хэмээн сэтгэж, Хуловагийн дэгс дүрслэлүүдийг үнэн гэж, үгүйдээ үнэнд ойр гэж хүлээж авсан. Зохиолчид сайн мэддэг, үзсэн харсан, биеэр туулсан зүйлээ бичдэг гэсэн уншигчдын дунд байдаг ойлголтод дулдуйдан бичиж болдог нэг жишээ энэ.

Түр хүлээнэ үү...
Top