Бид уншигчдадаа нэгэн чухал судалгааны өгүүллийг хүргэж байна. МУИС-ын "Утга зохиол, урлаг судлалын тэнхим"-ийн багш Ш.Туяа Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөллийн нэг зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Аквариум" өгүүллэг дэх хувийн болоод олон нийтийн орон зайн саармагжилт, социализмын дараах монгол эмэгтэйн дүрийг судалсан нь уран зохиол дахь эмэгтэйчүүдийн дүр, тэр дундаа нийгмийн өөрчлөлт хөдөлгөөн тэдний амьдралд хэрхэн тусдагийг утга зохиол судлалын үүднээс тайлан тайлбарласан сонирхолтой судалгаа болсон байна.
Энэхүү өгүүллийг "Антоон Мостаэрт" монгол судлалын төвөөс эрхлэн гаргадаг "Оюуны хэлхээ" эрдэм шинжилгээний сэтгүүлийн албан ёсны зөвшөөрлөөр нийтэлж буй болно.
1989 онд ардчилсан хөдөлгөөн өрнөснөөр Монгол Улсад улс төр, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт төдийгүй нийгэм, хувь хүмүүсийн амьдралд үзэл бодлын өргөн хувьсал явагдсан билээ. Улс төр, нийгэм соёлын хувьд үзэл бодлын эрх чөлөө нээгдсэн ч эдийн засгийн хувьд төрийн хариуцлага буурч “чөлөөт зах зээлийн” (Снит 2006) хэмээх төвлөрсөн бус, хувийн өмчит зохион байгуулалтад шилжсэн юм. Либераль ардчилсан үзлийн тулгуур нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн үйл ажиллагааг нээлттэй хянан шүүх эрх мөн энэхүү эрх нь олдмол шинжтэй мэт үзсээр бид даруй хагас жаран жилийг өнгөрөөжээ. Энэхүү нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй хэлэлцүүлэх боломж өрнөдөд анх хэрхэн үүсч яваандаа язгууртны засаглалын легитим байдлыг эвдэхэд хүргэж, эргээд энэ нь хөрөнгөтөн ангийн эдийн засгийн ашиг сонирхлыг урагшлуулах зэвсэг болсон тухай 1962 онд Ю.Хабермасын хэвлүүлсэн “Олон нийтийн талбарын бүтцийн хувьсал” бүтээлд тодорхой өгүүлсэн байна. Ю. Хабермасын гаргаж ирсэн олон нийтийн талбар гэх ойлголт пост-социалист уран зохиолын бүтээлд ямар хамаатай, мөн эмэгтэй хүний бичсэн туурвилд энэхүү онолыг шүүмжлэх өнцгөөс би шинжлэх сонирхолтой юм. Энэ удаа Л.Өлзийтөгсийн 2002 онд хэвлүүлсэн “Аквариум” өгүүллэгт социалист нийгмийн дараах эмэгтэйчүүдийн хувийн орон зайг хэрхэн тусгасныг авч үзье.
Социалист нийгмийг байгуулах түүх нь эмэгтэйчүүдийг хувийн хэмээх өрхийн болон ахуйн орон зайнаас “сугалан” олон нийтийн талбарт гаргаж эдийн засаг, хувьсгалын үйл ажиллагаанд татан оролцуулах соёл, боловсролын өргөн аянаар эхэлснийг социалист нийгмүүдийн тухай судалгаанд олонтоо дурдсан байдаг (Лапидус 1978; Удвал 1981; Эттвууд 1985; Голдман 1993; Баклей 1996). Энэхүү аяны хүрээнд уран зохиолд социалист эмэгтэйн дүр, тэр тусмаа феодал, эцгийн эрхт овгийн зохион байгуулалтын “савраас” өөрийгөө чөлөөлж буй шинэ эмэгтэйн дүр бүтээхийг эрмэлзэж байсныг Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийн Цэрмаа болон С.Удвалын зохиолуудын эмэгтэй дүрүүдээс[1] тодорхой харагдана.
Энэ үзэл суртал тухайн нийгэмтэйгээ замхрахад ямар эмэгтэй хүний дүр бий болж байна вэ гэдгийг Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгээс харж болно. Пост-социалист нийгмүүдэд, зөвхөн Монгол биш, зүүн Европ болон ОХУ-д ажиглагдсан нэгэн үзэгдэл бол эмэгтэйчүүд “гэр ахуйн орон зайруу дахин шурган орсон” явдал гэж дүгнэдэг (Пайн 2002; Гал ба Клигман 2000; Бриджер, Кэй, Кинник 1996; Буяндэлгэрийн 2008). Энэ нь эмэгтэйчүүдийг хүчээр түлхэн оруулсан гэсэн үг биш, харин эмэгтэйчүүдэд нийгмийн материллаг ахуйн өөрчлөлтөөр дамжин эцгийн эрхт ёс идеологийн түвшинд хэрхэн хүчтэй нөлөөлөх болсныг илтгэдэг. “Аквариум”-д энэ патриархи-капиталист үзлийн нөлөөг нэгдүгээрт, хувь болон олон нийтийн орон зайн зааг лавширсан, хоёрдугаарт энэ заагийг хэрхэн зөвтгөж, эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь хүлцэнгүй байдлыг олж авах байдлаар хөхиүлэн дэмжиж буйг шүүмжилжээ.
Эмэгтэйчүүдийн хүлцэнгүй байдлыг бий болгох үйл явц нь тэдний субьектлэг чанарыг дарангуйлах байдлаар илэрдэг. Амьдарч буй ахуйгаас нь хамааралтай мэт энэ байдлыг зохиолд гэрийн тэжээвэр амьтан болох гоёл чимэглэл төдий алтан загасны дүрээр харуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох эрхийн тод төлөөлөл болдог хэл яриа, өөрийгөө илэрхийлэх дуу авиагүй загасны шинжээр нь тодотгожээ.
Олон нийтийн гэх Ю.Хабермасын гаргаж ирсэн энэ ойлголтыг нарийвчлан шүүхгүйгээр шууд хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Түүнийхээр олон нийтийн талбарын эхлэл нь хөрөнгөтөн хэрнээ улс төрийн эрх мэдэлгүй нийгмийн ангийн давхарга болон улс төрийн эрх мэдэлтэй язгууртны төр хоорондын дунд үүссэн хэлэлцүүлгийн гүүр байсан юм (1989: xix). Хэлэлцүүлэг гэдэг нь өрнөдөд дундад зууны сүүлээс аажмаар нэмэгдсэн худалдааны пүүс, худалдааны боомт хотуудын хөгжил цэцэглэлттэй холбоотой юм. Эдгээр газар зүйн тодорхой байршлуудаар дамжин “бараа бүтээгдэхүүнээс” гадна хамгийн гол нь “мэдээ мэдээлэл” дамжин эргэлдэх урсгал бий болсон гэж Ю.Хабермас үзжээ (1986:16). Энэхүү зааг жинхэнэ утгаараа лавшрах болсон нь XVII зуунд европчууд бичиг үсэгт тайлагдаж эхэлснээр олон нийтийн хэлэлцүүлгүүд өрнөх болж тэд улс төрийн эрх мэдлээ төлөөллийн засгийн газраар дамжуулан олж авсан явдал юм. Төрийн эрх мэдлийг ганхуулах болсон хэлэлцүүлгийн төгс илрэл нь Францын хувьсгал гэдгийг Р. Козеллек мөн судлан шинжсэн байдаг (1988). Харамсалтай нь энэхүү нийгэмд өөрчлөлт авчирч чадсан талбар нь яваандаа хэрэглээн дээр тулгуурласан зах зээлийн нийгэмд идэгдэж улс төрийн чанараа алдан бараа бүтээгдэхүүн шахах, эсвэл улс төрд ноёрхож ирсэн элит давхаргын үзэл бодлоо хамгаалах, тулгах төдий мэдээллийн хэрэгсэл болж орчин үед хүрснийг Ю.Хабермас шүүмжилсэн байна.
Нийгэм соёлын түүх зөвхөн нэг чиглэлтэй өрнөдөг байсан бол Ю.Хабермасын онолыг пост-социалист нийгэмд амьдарч буй эмэгтэй зохиолчийн зохиолыг шинжихэд ямар ч эргэлзээгүйгээр ашиглаж болох байлаа. Гэтэл хүн төрөлхтний XX зууны түүх тэр бүр адилгүй, зөвхөн нэг зорилгод чиглэсэн байсангүй. Чиглэлүүд нь дээшээ доошоо, урагшаа хойшоо, үсрэнгүй бурангуй гэсэн олон идеологийн тодорхойлолт байлаа. Социалист нийгмүүд хүртэл өөр хоорондоо нэг хэвэнд цутгасан мэт түүхтэй байсангүй (М. Буяндэлгэрийн 2008). Үүнтэй адил Ю.Хабермасын олон нийтийн талбарын онолын орхигдуулсан зүйл бол эмэгтэйчүүд, колончилогдсон субальтерн хүмүүс, боолчлолд байсан өнгөт арьстнууд, эрэгтэй ч биш эмэгтэй ч биш саармаг хүйстнүүд, боловсрол олж авах боломж олдоогүй ажилчин ангийн түүх юм хэмээн Н. Фрэйзер шүүмжилжээ (1990). Олон нийтийн талбарын онолыг социалист түүхтэй Монгол Улсын хувьд авч үзвэл чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр олон нийтэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх эрх нээгдсэн ч эмэгтэйчүүдийн орон зайг үл ойшоосон хэвээр байгааг “Аквариум” зохиол харуулжээ. Тэдний бодол олон нийтийн бус, хувийн чанартай мэт байгааг зохиолын үйл явдал зөвхөн гэрийн давчидмал орон зайд өрнөж буйг аквариум (шилэн хорго)-аар илэрхийлжээ. Ингэхдээ дан ганц биет орон зай бус дотоод сэтгэлийн орон зай мөн давчуу бухимдал төрүүлж буйг давхар бэлгэдсэн байна. Үүнийг “Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг санагдаад үргэлж, үргэлж ч давчдаад явдаг байлаа” (Л.Өлзийтөгс 2002:5) гэх дүрслэлээс харж болно. Нэг ёсондоо эмэгтэйн хүсэл нь яг аквариум шиг хязгаарлагдмал, клаустрофоби[2] шинжтэй байгааг илэрхийлжээ.
Зохиолын жигтэй зүйл бол эмэгтэй дүр нэг жил гаруй алтан загасны амьдралаар амьдарсан өгүүлэмж юм. Шилэн хоргонд амьдардаг “алтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас” (2002:6). Амьтны сонголтыг гоо зүйн хувьд авч үзэхэд, тэжээвэр амьтны төрлийг оноохдоо “жаран хөлт биш” харин “хөөрхөн” алтан загасыг сонгосон нь харахад үзэмжтэй, жижигхэн, арчаагүй, хүний эрхэнд, бас ярих чадваргүй, нэг ёсондоо эрчүүдийн мөрөөдлийн “эмэгтэй” дүрийг гаргажээ. Үүгээрээ эмэгтэй хүнийг ямар хувь чанартайг нь үл хэрэгсэж тухайн амьдарч буй ахуй нөхцөл гоёл чимэглэл төдий, хүлцэнгүй болгож байгааг шүүмжилсэн байна. Эмэгтэйчүүдийн хүлцэнгүй байдлыг бий болгосноор тэдний субьектлэг чанарыг дарангуйлж эцгийн эрхт ёс оршин тогтнох нөхцөлөө хангадаг гэдгийг зөвхөн “Аквариум” бус өрнөдийн хэд хэдэн зохиолд өгүүлдгээс Маргарет Этвүүдийн сонгодог роман “Шивэгчний түүх”-ийг дурдаж болно (1985).
“Аквариум” зохиолд эмэгтэйн хүлцэнгүй байдлыг гаргасан нэг жишээ бол нөхрөө дотнын найзтай нь уулзсаныг хараад загас мэт тэвчин өнгөрөөж буйгаар илэрнэ. Мөн эмэгтэйчүүд хоорондоо нэгддэггүй учир тэдний энэхүү өрсөлдөөн дундаас патриархи ёс хождог гэдгийг энэхүү явдлаар харуулжээ. Мөн зохиолд гарч буй хоёр насанд хүрсэн эмэгтэй хоёул айлын эхнэрүүд гэдгийг анхаарах хэрэгтэй. Гурав дахь эм хүйстэн нь айлын бага охин ч насанд хүрээгүй тул субьектлэг байдал нь тухайн өрх гэрээс хамааралтай, насанд хүрээгүй тул түүнийг саармаг хүйстэн гэж үзэж болно. Насанд хүрсэн хоёр эмэгтэйн нийгмийн статус айлын эхнэр, эх хүн гэдэг тодотголтой байгаа нь тухайн эмэгтэйчүүдийн ижилсэл гэрлэсэн байдал, үр хүүхэд тээх эс чадах, өсгөх чадвараас л хамааралтай мэт. Нөхөртэй гэдэг нийгмийн тодорхойлолттой болж байж л алтан загас эмэгтэйн дүр тодорч гарч ирж байна. Нэг ёсондоо хувийн болон ахуйн орон зай гэдэг нь цэвэр биологийн шинж чанарыг тодотгосон нөхөн үржихүйн орон зай гэсэн үг юм.
Энэхүү өгүүллийн эхэнд социалист нийгмийн дараа эмэгтэйчүүд гэр ахуйн орон зай руу дахин шурган орсон явдлыг нийгмийн шинжээчид цөөн бус удаа тэмдэглэснийг дурдсан билээ. Үүнд эмэгтэйчүүд эдийн засаг, биологийн нөхөн үржихүйн орчин лүү дахин түлхэгдэн орсон гэж нийгэм шинжээчид тодорхойлдог. Пост-социалист нийгэмд монголчууд үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлж, социалист үзлийн догматик уриануудаас ангижирсан ч зарим талаар хүн амын дийлэнхийг эзлэх эмэгтэйчүүдийн субьектлэг байдал хумигдаж, хязгаарлагдмал нөхөн үржихүйн эрхтэйгээ үлдсэн явдал юм. Нийгмийн хувьд ардчилсан ч хувийн өмчид тулгуурласан эдийн засгийн харилцаанаас үүдэн патриарх ёс олон нийтийн талбарыг эзэмдэх болжээ. Энэ нь эмэгтэйчүүдийг хүчээр ахуйн орон зай руу түлхэн оруулсан гэсэн үг биш. Харин А.Грамчи-ийн үзсэнээр тэдний зөвшөөрлийг олж авах, итгүүлэх замаар субьектлэг байдлыг нь дарангуйлсан ([1975] 2007) хэрэг юм. Энэ нөхөн үржихүйн орон зай, хувийн өмчит нийгмийн тогтолцоо хоёрын сүлбээг социализмын үед шинжээчид олж харан бүх нийтээр эмэгтэйчүүдийг уг орон зайнаас гаргах аян өрнүүлж байсныг С.Удвал ийн бичсэн байдаг:
“Нийгэмд эмэгтэйчүүдийн эзэлж ирсэн байр суурийг тэдний биологийн онцлогоор, өөрөөр хэлбэл бие махбод, оюун санаагаар эрэгтэйчүүдээс дутуу бөгөөд, зөвхөн хүүхэд төрүүлэх, бойжуулах, гэрийн ажил хийж байх, нөхөртөө үйлчлэхээр байгалиас заяагдсан мэтээр номлодог хөрөнгөтний үзлийг эсэргүүцэн няцааж, эмэгтэйчүүдийн олон зуун жилийн хоцрогдол, эрх чөлөөгүй байдлыг арилган устгах арга замыг зааж, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн нь хүн төрөлхтний өмнө марксизм-ленинизмийг үндэслэгчдээс байгуулсан аугаа их гавьяа юм” (1981:8).
Хэдий социалист нийгмийн үед эмэгтэйчүүдийг энэхүү эцгийн эрхт ёсны ахуйн орон зайгаас сугалан гаргах бодлого тодорхой хэмжээний амжилтанд хүрч эмэгтэйчүүд боловсрол, олон нийтийн талбарт өөрийн ижилслийг олон авах бололцоог хангасан ч энэхүү аян нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлыг зөвхөн өөр нэгэн салбарт шилжүүлжээ. Асуудлыг цогц байдлаар шийдэж чадаагүйгээс эмэгтэйчүүдэд нийгмийн ачаалал тулгарсныг пост-социалист нийгмийг шинжээчид ажигласан байдаг (Шлапентох 1989; Герасимова 2002). Үүнд эмэгтэйчүүдийн асуудлыг МАХН, ЗХУ-д Колонтайн удирдлага дор өрнөж байсан нөхөн үржихүйг коммун байдлаар буюу үр хүүхдүүдийг асрамжлан хамгаалах, гэр бүл болох явцыг цэцэрлэг нэмж байгуулах, гэр бүлийн институцийг үгүй хийх гэх мэт механик хэлбэрээр шийдэх оролдлогууд байсан юм. Ленинист хөтөлбөрийн эцсийн зорилго нь эмэгтэйчүүдийн субьект эрх чөлөө нь тэдний эдийн засагт оруулж чадах хувь нэмэр, үйлдвэрлэлийн хөдөлмөрийн ангилалд элсэн орох төдийгөөр хязгаарлагдаж байсан. Гэвч цалинтай хөдөлмөрийн эгнээнд нэгдэн орж олон нийтийн талбарт хүчээ сорих боломж нь нээгдсэн ч эрчүүдийн хувийн орон зайд гүйцэтгэх үүргийг орхигдуулснаас эмэгтэйчүүдэд давхар дарамт буюу гэрт ч тэр, олон нийтэд ч тэр үүргийг хүлээх бэрхшээл гарчээ. Тиймээс, социалист нийгэм нуран унахад зарим эмэгтэйчүүдэд энэ хоёр орон зайнаас сонголт хийж дахин ахуйн орон зайд шургах шалтгаан болсон байна.
Тиймээс социалист эдийн засгийн зохион байгуулалттай нийгэм ч, ардчилсан нийгэм ч тэр эмэгтэйчүүдийн субьектлэг эрх ба жинхэнэ эрх чөлөөг механик аргаар тулган шийдэх явдлуудын аль аль нь эрчүүдийн нийгэмд дасан зохицох байдлыг догма мэтээр номлосон болно. Үнэн хэрэгтээ, Ленинистуудын хувьд “эмэгтэйчүүдийн эрх чөлөө” гэдэг бол материалист үзлийнх нь нэг “шийдэх” асуудал л байсан шүү дээ (Маркс, Энгельс, Ленин 1975). Харин Л.Өлзийтөгсийн зохиолын дэвшүүлж буй гол шүүмжлэл бол чухам эмэгтэй хүний “радикал өрөөл”-ийн асуудал юм (Левинас 1995). Нэг ёсондоо “би” ба “би бус”-ын хоорондын радикал ялгаа болоод альтернатив субьектлэг оршихуйг эрэн олох явдал юм. Тиймээс гэрийн чимэг төдий алтлаг загас нь ч “улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүлэн” бамбайтай өөрийн альтернатив ертөнцийг бүтээх чадалтай дүр болж байна.
Зохиолын эмэгтэйн хаагдмал ахуйн орон зайг эсэргүүцэх ганц арга зам нь альтернатив ертөнц буюу зүүдний ертөнц лүү дутаах явдал болж байна. Зөвхөн энэхүү орон зайд өнөөх хувийн (ахуйн) орон болон олон нийтийн (чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх) зайн зааг саармагжина. Нэг ёсондоо бодит амьдрал дээр ахуйн орон зайд бараг үзэгддэггүй нөхөр нь анх удаа гэртээ сууж үр хүүхдээ өсгөн, нөхөн үржихүйн дарамтаас хуваалцахаар болно. Бодит ертөнцөд эхийгээ үл хүндэтгэж түүний гэр бүлд эзлэх байр суурийг үгүйсгэн үл тоомсорлодог байсан хүүхдүүд нь дуулгавартай хичээнгүй дүрүүдэд хувирна. Харамсалтай нь зүүднээсээ сэрэн буцаж хүн төрхөндөө ороход охин нь чихэр жимс нэхдэг ааштай хэвээр, хүү нь яруу найраг бус тооны мэргэжил сонгочихсон, нөхөр нь эргээд гэр орондоо үзэгдэх нь ховор, завгүй захирлынхаа ажилдаа орсон байхыг харвал пост-социалист эмэгтэйн амьдралд дорвитой өөрчлөлт гараагүй тул гагцхүү аквариумдаа буцан орох л сонголт үлдсэнийг мэдэрнэ. “Аквариум” хэмээх хувийн бодлын ертөнцдөө л шурган орсноор л эмэгтэй “жинхэнэ” өөрийн ертөнц рүүгээ аялах боломж олдоно.
Дүгнэлт
Ю.Хабермасын онолын дагуу нийгэмд хувьсгал гарах дэвсгэр нь олон нийтийн хэлэлцүүлэг бий болох явцаас үүдэж, далд байсан шүүмжлэлүүд ил болж аливаа эрх мэдлийг үгүйсгэн шүүмжлэх орон зай нээгдсэнээр эхэлнэ гэж үздэг. Үнэхээр ч энэ үйл явц өрнөдөд улс төрийн эрх мэдэлгүй ч хөрөнгө, боловсрол хуримтлагдсан давхаргынхны нээлттэй хэлэлцүүлгээр эхэлсэн. Гэхдээ тэр болгон асуудалгүй шугаман цаг хугацаагаар, нийгмийн бүх давхарга, хүн амын нийт төлөөллийг хамруулж чадаагүйг Н.Фрэйзер шүүмжилсэн. Нэг ёсондоо бүх хүн төрөлхтний олонлог байдал өрнөдийн хэдхэн нийгмийн адилаар нэг чиглэлд хөгжөөгүй, ажилчин анги, эмэгтэй гэх мэт нийгмийн төлөөллийг гадуурхсан үйл явц байжээ. Иймд социалист нийгмийн үед авч хэрэгжүүлсэн эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогууд тухайн үедээ үнэхээр дэвшилтэт байсан ба анх удаа дорвитойгоор ахуй, олон нийтийн заагийг ойртуулах гэсэн оролдлогууд байсан нь социализмын үеийн зохиолч болох С.Удвалын бүтээлээс харагдаж байна. Харин энэ “эмэгтэйчүүдийн асуудлыг” шийдэх гэсэн оролдого нь гол төлөв механик шинж чанартай байж, эмэгтэйчүүдэд давхар үүрэг, дарамт оноосон нь социалист нийгэм нуран унахад эцгийн эрхт ёстой эвлэрэх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ утгаараа Л.Өлзийтөгсийн бүтээл эмэгтэйн “би” ба “би бус” хэмээх давхар ижилслийг нь ажиглаж зүүд ч гэлээ цэвэр өөрийн төсөөллөөр бүтсэн гуравдагч орон зайг гаргаснаараа жинтэй бүтээл болжээ.
СУДЛАГДАХУУН:
1. Л.Өлзийтөгс. 2004. Нүдний шилэнд үлдсэн зургууд, Улаанбаатар: Мөнхийн Үсэг
НОМ ЗҮЙ:
1. Attwood, M. 1985. The Handmaid’s Tale. New York: Penguin Random House
2. Attwood, L. 1985. ‘The new Soviet man and woman – Soviet views on psychological sex difference, in B. Holland (ed), Soviet sisterhood. Bloomington: Indiana University Press.
3. Bridger, S. and Kay, R. and Pinnick, K. 1996. No More Heroines? Russia, Women and The Market, Routledge.
4. Buckley, M. 1996. ‘The untold story of obshchestvennitsa in the 1930s’, Europe-Asia studies 48 (4): 569-86.
5. Buyandelger, M. Post-Post-Transition Theories: Walking on Multiple Paths. Annual Review of Anthropology 37, no. 1. 235–50.
6. Fraser, N. 1990. ‘Rethinking the Public Sphere: A Contribution to the Critique of Actually Existing Democracy,’ Duke University Press. (25/26):56-80
7. Gal, S. and Kligman, G. (eds.). 2000. Reproducing Gender: Politics, Publics and Everyday Life After Socialism, Princeton University Press.
8. Goldman, W. 1993. Women, the state and revolution: Soviet family policy and social life, 1917-1936 (Cambridge Russian, Soviet and Post-Soviet Studies). Cambridge: CUP
9. Gramsci, A. [1975] 2007. trans. Buttigieg, J.A. Antonio Gramsci: Prison Notebooks. Vol. III.
10. New York: Columbia University Press.
11. Habermas, J. [1962] The Structural Transformation of the Public Sphere: An Inquiry into Category of Bourgeois Society, transl. Burger, T., Cambridge: MIT Press
12. Koselleck, R. 1988. Critique and Crisis: Enlightenment and the Pathogenesis of Modern Society. Cambridge: MIT Press.
13. Lapidus, G. 1978. ‘Introduction: the politics of equality and the Soviet model’ in G. Lapidus Women in Soviet society, University of California Press.
14. Levinas, E. 1995. lterity and Transcendence. New York: Columbia University Press.
15. Маркс, К. Энгельс, Ф. Ленин, В. И. 1975. “Эмэгтэйчүүдйин асуудлын тухай.” Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.
16. Pine, F. 2002. ‘Retreat to the household? Gendered domains in post-socialist Poland,’ in C. Hann (ed.) Postsocialism: Ideals, Ideologies and Practices in Eurasia, Routledge.
17. Sneath, D. 2006. ‘Transacting and Enacting: Corruption, Obligation and the Use of Monies in Mongolia‘ Ethnos, 71 (1): 89-112
18. Удвал, С. 1981. Хувьсгалын 60 жил, Монголын эмэгтэйчүүд. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.
[1] “Одгэрэл” тууж, “Онцгой хүн” өгүүлэг.
[2] Клаустрофоби: Сэтгэлзүйн өвчин. Давчуу орон зайд орохоос айх. Оксфорд тайлбар толь https://tinyurl.com/y9oboqbe