Чехийн уран зохиолын гунигт хаан гэгддэг Бохумил Храбалын оргил туурвил, ерөөс зохиогчид хамгийн их амжилт авчирсан бүтээл болох “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” тууж тун удахгүй монгол хэлээр уншигчдад хүрэхээр боллоо.
Дэлхийн II дайны арын шугам дахь амьдралыг хамгийн тодорхой өгүүлсэн нь Чехийн зохиолч Бохумил Храбал, хамгийн тодорхой дүрсэлсэн нь эл тууж байж ч мэднэ. Өөрийн биеэр үзэж туулсан дайн дажны уршиг, нүдээр үзсэн гачлант жилүүдээс ургуулан бичсэн нь зохиолыг амьд, сэтгэл шимшрэм бодит дүрслэлээр дүүрэн болгосон билээ. Зохиолын гол дүр, төмөр замын дагалдан ажилчин Милош Хрма бол зохиолчийн залуу насны нэгээхэн хэсгийг шингээсэн альтер-эго дүр юм. Францын утга зохиол, экзистенциалистууд, тэр дундаа Артур Рэмбо, Франсуа Рабле нарын бүтээлд шимтэж, Франц Кафкагийн гашуун егөөнд автсан залуу хүчээр шахуу Чарльз их сургуулийн хуулийн ангид элсчээ. 1939 онд нацистууд улсын бүх сургуулийг хааснаар амьдрахын эрхэнд Нимбурк руу буцсан нь зохиолын баатрынхаа амьдралд шуударсан явдал байлаа. 1945 онд Костомлати дахь төмөр замын өртөөнд диспетчерээр ажиллах үедээ нацистуудын гарт амиа алдах шахсан нь зохиолд нь дүрслэгдсэн цаг хугацаа, үйл явдалтай ямхын зөрүүгүй таардаг.
Дэлхийн II дайны гал намдаж ахуй цагт Чехийн нэгэн бяцхан суурингийн төмөр замын өртөөнд дагалдан диспетчер ажилтай Милош Хрма эр хүний анхны “ёслол” нь бүтэлгүйтсэнээс үүдэн гутарч амиа хорлохоор шийдэж, түүнээсээ болоод гурван сар завсарласны эцэст ажилдаа ирж буйгаар зохиол эхэлнэ. Тэр үед ажлынх нь хамтрагч, бас багш Хюбичка нь шууданч эмэгтэйн хондлой дээр өртөөний бүх маркийг хэвлэсэн гэх том хэрэг мандуулчихсан сууна. Энэ л эгэл энгийн амьдралаас дайн дажны арын шугамд өрнөх өрнүүн амьдрал руу шунган орох ажээ.
Тэр дундаа цус үзэж, үхэл үнэртсэн хүн гэдэг мал амьтдад ч хэрхэн хайр найргүй, харгис хэрцгий хандаж буйгаар дайн гэгч үхэл, цусаар зогсохгүй хүний сэтгэлд дүрэлзэж байдгийг тод дүрсэлжээ. Ядарч туйлдсан үнээний гэдсэн доор гар бөмбөг хийж дэлбэлэх малчид, уурлаж галзуурсан бухын хоёр нүд рүү хутгаар бүлж орхисноо бахдан ярих яргачин, өвлийн хүйтэнд задгай чингэлэгт ачигдаад хөл нь тэс хөлдөн, улцан хошуугаа бие биеийнхээ суга руу шургуулж биеийн өчүүхэн илчийг алдахгүйг хичээх тоорой, зуны халуунд хэдэн бээрээр ус ундгүй ачигдаж хатаж үхэх адуу мал, битүү чингэлэгт бөөнөөр ачигдсанаас бүтэж үхсэн ишигнүүд, олон хоног өл хоолгүй ачигдаж, үс ноосоо зулгааж идсээр түгжирч үхсэн хоньд гээд нүд хальтрим дүрслэлүүд зохиолын ёжтой уур амьсгалыг заримдаа бүрсгэр бараан болгох нь ч бий.
Зохиол хэвлэгдсэнийхээ дараа жил Жири Мензелийн найруулгаар дэлгэцийн бүтээл болж Чехословакийн алдартай кино наадмуудад тэргүүлж, Оскарын наадмаас “Гадаад хэл дээрх шилдэг кино”-гоор шалгарч байлаа.
Зохиолын талаар түр орхиод зохиолчийн талаар цухасхан дурдсу. ХX зууны Чехословакийн хамгийн нэр нөлөөтэй зохиолч Бохумил Храбал 1914 оны гуравдугаар сарын 28-нд тэр үеийн Австро-Унгарын эзэнт гүрний Брно хотод жүжигчин, Мэри Бозена Килиановагийн бутач хүү болон мэндэлжээ. Гурван нас хүртлээ эмээ өвөөтэйгээ өссөн Храбал хүү долоо хоногт дөрвөн удаа гэрийнх нь дэргэдүүр өнгөрөх оршуулгын цувааг хачирхан харах дуртай байлаа. Чухам энэ зуршил түүнийг нүд хальтрам, зүрх шимшрэм, арьс хөрзийлгөм, заримдаа элэг хөшөөм инээдтэй хурц дүрслэлүүдэд дурлуулж, хожмын их зохиолчийн уран төсөөллийн суурийг тавьжээ. 1916 онд ээж нь үйлдвэрийн нягтлан бодогч Франтисек Храбалтай нэг гэрт орж, гурвуул Моравия мужийн уулын жижигхэн тосгон Польна руу нүүжээ. Эцэг эх нь театрын үнэнхүү үнэнч үзэгчид байсны ачаар дөрвөн насандаа жүжигт хүртэл тоглож үзэв. Гурван жилийн дараа хойд эцэг нь Нимбуркийн үйлдвэрт ажилд орсноор тэднийх дахин нүүлээ. Зохиолчийг арван нас хүрэхэд амьдралынх нь чухал үйл явдал болох авга ах Пепин нь тэдний гэр бүлд нүүж иржээ. Сул задгай амьдралтай авга нь үлгэрийг ургатал ярьдаг байсан нь түүний зохиолуудад хожим дүр болон үлдсэн байдаг.
Ирээдүйн их зохиолч маань тун тааруухан сурагч байлаа. Чех хэл, уран зохиолын хичээлдээ муугийн хажуугаар байсхийгээд л дүрсгүйтсэн хэргээр эцэг эхийнхээ чихийг халууцуулна. Бүр хоёр ч удаа сургуулиасаа хөөгджээ. Гэвч их сургуульд элсэхийнхээ өмнөхөн гүн ухаан, урлагт дурлаж, латин хэл, төгөлдөр хуур хүртэл тоглож сурав. Харин хуулийн анги зөвхөн ээжийнх нь хүсэлт байсныг намтартаа бичсэн нь бий. “Бороо орж байна” анхны номоо 1937 онд хорин дөрвөн насандаа хэвлүүлж, хоёр жилийн дараа дайнаас болж сургууль нь хаагдахад ажил хийхээр шийджээ. Дайны дараа Прагатаа буцаж 1946 онд хуульчийн зэрэг хүртэв. Даатгалын төлөөлөгч, аяллын менежер зэрэг ажил хийсээр 1948 онд “Орхигдсон зөрөг” нэрээр анхны шүлгийн түүврээ гаргалаа.
Түүний уран бүтээлийн оргил үе 1960-аад онд тохиов. 1963 онд Чехословакийн Хэвлэлийн хороо “Суурин дээрх сувд” номыг хэвлүүлсэн нь тэр жилээ утга зохиолын нэр хүндтэй шагнал хүртэж, дэлгэцийн бүтээл болжээ. Дараа нь “Бусниулагч” (1964), “Нас нэмэхийн төлөөх бүжгийн хичээл” (1964), “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” (1965), “Дахин амьдрахыг хүсэшгүй байшингаа сурталчлахуй” зэрэг бүтээлүүд нь шил даран гарч, өөрөө Парис, Нью-Йорк, Москва хотоор аялах болов.
Бохумил Храбал 1997 онд мэдрэлийн судасны хавдар оношоор эмнэлэгт хүргэгдсэн ч тагтнаас унаж хорвоог орхисон гэдэг. Нэрт зохиолч маань 1997 оны хоёрдугаар сарын 3-ны шөнө Прага дахь Буловка эмнэлгийн таван давхрын цонхоор тагтаа хооллож байгаад унаж амь насаа алдсанаар нэгэн жарныг эзэгнэсэн их зохиолчийн амьдрал эцэслэх нь тэр. Хачирхалтай нь таван давхраас үхэл рүүгээ одсон гүн ухаанч, зохиолчдын талаар тэр нэг бус удаа дүрсэлсэн байдаг. Түүний үхэл санаатай эсвэл гэнэтийн золгүй явдал байсан эсэх нь мөнхийн нууц хэвээр үлдсэн билээ.