ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Энэ удаагийн дугаартаа бид СГЗ, зохиолч Г.Аюурзанын шинэхэн хэвлүүлсэн "Дурлал зохион бүтээгч хэмээх өгүүллэгийн түүврийг онцолж байна.
Томоохон дэлгүүрүүдийн борлуулалтаараа тэргүүлж буй номын жагсаалтын ихэнхийг үндэсний зохиолчдын ном эзлэж, түүн дотор ном нь худалдаанд гарсан өдрөө л мөнхүү жагсаалтыг тэргүүлээд эхлэдэг монгол зохиолч байдаг гээд бодохоор манай уншигчдад уран зохиолын амт шимтийг эх хэлээрээ амталж таашаах хэрэгцээ болоод хүлээлт өндөр байдаг гэлтэй. Г.Аюурзана бол тэрхүү жагсаалтыг ямагт тэргүүлэгчдийн нэг. Уран зохиолын жинхэнэ үнэ цэнг шүүн хэлэлцэж буй тохиолдолд энэ баримт танд юу ч өгүүлэхгүй байж мэдэх ч, уншигчид эл зохиолчоос чухам тэр үнэ цэнг ямагт эрэлхийлж, түүний бүтээл туурвил, хэлсэн үгс, илэрхийлсэн үзэл онолыг таашаал, сонголтынхоо баримжаа болгосон нэгэн үе өсч торниод тулхтай уншигчдын эгнээг түрэн урагшилсаар буй үнэнг хэн няцаах билээ. Энэ хандлага сайх зохиолчийн саяхан хэвлүүлсэн “Дурлал зохион бүтээгч” хэмээх өгүүллэгийн түүврийг ч тойрсонгүй.
“Дурлал зохион бүтээгч”-ийг 2009-2015 онд бичигдсэн, нийт арванзургаан өгүүллэг бүрдүүлжээ. “Хээр хоносон сар”, “Солгой гарын ноктюрн”, “Хөлөг онгоцны яндан”, “Дурлал зохион бүтээгч” зэрэг олон сонирхолтой өгүүллэг дунд нь бий. Гол баатрууд нь зүүд, мөрөөсөл, дурсамж, аж төрөхүйн уйсал, зөн сэрэхүйдээ хөтлөгдсөн, өгүүлэгч нь залуугийн халуунаа гээж эхлэсэн идэрмэг эрийн өмнөөс өчсөн, зөрчил нь идэр насны эрийн эрт урьдын дурлалууд, эцэг-хүү, эцэг-хүүхдүүдийн харилцааг товойлгон хөвөрсөн, диалоги нь ихээ хүйтэн ухаантай, ёжтой хүний үгээр голдуу биежсэн, уур амьсгал нь бодит ахуйн гүнд яваа атлаа оюун санааны хувьд амьдралаасаа нэлээд харьшиж хөндийрсөн дүрүүдийн хөшүүн, уйтай үйл байдлаас бүрдсэн, бүгд нийлээд нэг цогц өгүүлэмж илтгэх мэт нэг ийм ном бидний өмнө дэлгэгдлээ.
“Солгой гарын ноктюрн” хэмээх содон нэртэй нэг өгүүллэг тун сонин тайлалтай. Түүнийг нь уншигчдадаа үлдээгээд анхаарал татсан зарим хэсгийг хуваалцая. Нэг эр зурагтаас хуучны нэгэн учралыг нь эргэн сануулах зүйл үзжээ. Эхнэр нь амаржаад бие тэнхээ, ахуйн ачаалалдаа түүртсэн цухалдуу нэгэн болох үеэрх эр хүний амьдралд ороод гарсан бүсгүйн тухай зурвас дурсамж. “Магадгүй, хаа нэгтээ юунд ч түүртээгүй, хэнтэй ч энгэр зөрүүлэхээс татгалзахгүй, ид насандаа яваа бүсгүй таарч болно.” Тэд ингэж л учирч, тэдний дунд зуурхан нэгэн шөнө тохиогоод өнгөрчээ. Удтал чимээгүй байсан бүсгүй нэг удаа түүн рүү залгаад хүрч ирэхийг гуйна. Очтол орцны дээд тавцангаас олсон гэх дүүрэн мөнгөтэй хавтас үзүүлжээ. Тэгээд өөрт нь онц хэрэггүй тэр мөнгөний төлөө өөр хэн нэгний үнэтэй хүсэл тэмүүллийг баллах бодолгүй буй тул (Шоушенкогоос оргосон нь кинон дээрх хар өвгөн шиг тэр мөнгийг л олох гэж амьдралаараа дэнчин тавьсан хүн цаана нь байвал яана) буцааж байсан газарт нь тавихыг хүсч буйгаа хэлжээ. Өгүүллэгийн гол өгүүлэмжид огт хамааралгүй мэт энэ хэсгийг зохиолч юунд цохолж оруулсныг таах аргагүй. Гэвч эхнээсээ л өөрийнх нь биш мөнгийг үл мэдэгдэх эзэнд нь буцааж өгсөнөөрөө тэр бүсгүй анхнаасаа л өөрт нь заяагаагүй эр хүнийг эхнэрт нь өгөх ёстойгоо илэрхийлж буй мэт, залуу ч бас хүүхний үгэнд орон мөнгийг нь өөрийн биеэр буцаан тавьж тусалсандаа өөрийнхөө хуумгайхан хүсэл шуналаас татгалзаж амьдралд нь зурвасхан орж ирсэн тэр хүүхнийг аль байх ёстой “байранд нь буцааж тавьж буй” мэт. Гэвч зохиолч энэхүү илэрхийллээ анзааргагүй уншигчийг араас нь чангаагаад байхааргүй, огтын санамсаргүй мэтээр өгүүллэгийнхээ дунд шургуулчихаж. Ийм жишээ уг түүвэрт олон бий.
Өгүүллэгүүдийн өгүүлэгч нь залуугийн халуунаасаа хагацаж өтлөх хөгшрөх насны үүдэнд ирсэн, тиймдээ ч туулсан амьдралаа эргэн нэг харж, амьдралын утга учрын тухайд нухацтай бодолд автах болсон эрчүүд голдуу буйг дээр дурдсан билээ. Ийм насны эрчүүдийн сэтгэлийн эмзэглэл амьдралын утга учрын тухай эргэцүүлэл, амжилт ололтоо дэнслэх барьцгүйдэл, урьдын дурлалуудынхаа тухай санаашрал (алдагдсан боломжууд), тэгээд эцэг хүний зөн сэрэхүйгээр нь илүүтэй илэрдэг бололтой.
Түүвэрт “Эцгийн үхэл”, “Лам эцэг”, “Нар мандаж байна”, “Хөлөг онгоцны яндан”, “Аз жаргалын үнэ цэн” гэх мэт эцэг хүү, эцэг хүүхдүүдийн харилцааг харуулсан нэлээн хэдэн өгүүллэг бий. Томрох тусмаа биеэ дааж хөндийрсөн хүүхдүүд, хөгшрөх тусмаа дотогшоогоо хярж, үр хүүхдээсээ хүнийшсэн эцгүүдийн тухай эл өгүүллэгүүдийн халуун дулаан нь чухам хамгийн гүндээ л буйг “Эцгийн үхэл” өгүүллэгийн дурсамжаа шинээр зохиох замаар эцэг эхийнхээ сэтгэл дэх байр сууриа “нөхөн олж буй” хүү, “Аз жаргалын үнэ цэн” өгүүллэгийн нууцхан хүсэл мөрөөдлөө золин байж босгосон утгагүй ч гэмээр амьдралынхаа ард гараад, нялхдаа эр эмгүй адилхан байсан ч томрох тусмаа ааш зангаараа ч, нүүр царайгаараа ч тэс өөр хүмүүс болсон хэдэн хүүхдээ л зүүдэлж унтах эцэг, “Лам эцэг” өгүүллэгийн сэлмээ ганцхан эргүүлээд л агаарт хуралдсан хүүгийнхээ тухай бодлуудыг, эцэг хүн байсан, эцэг хүн болсон тухай дурсамжуудаа цавчиж хаячихаад бясалгалдаа эгэх өвгөн ламын тухай өгүүлэмжүүдээс уншиж болно.
Г.Аюурзанын зохиолуудад элбэг анзаарагддаг, өнгөц харахад бидний бүгдийнх нь мэдэх эгэл амьдралыг дуулаад буй юм шиг мөртлөө хүн нэг бүрийн дотор хөгжих эгэл бус, этгээд сонин, заримдаа бүр боломжгүй ч гэмээр үзэгдэл, үйл явдал, ойлголт, шид тохиолууд энэ номын баатруудыг ч бас алгассангүй. Хүсвэл дурлалыг ч санаан зоргоороо зохиочхож болно. Эсвэл дурлалт хүний тухай мэдээлэл анхнаасаа л бидэнтэй цуг төрж, бид тэр мэдээлэлтэй аль болох олон шинжээр таарч буй хүнийг л хайртан янагаа гэж итгэдэг. Зүүднээ учралдах нь бодитоос ялгалгүй. Хүн хүсвэл цаг хугацааг товчилчихож болно. Бүр цаашилбал ирээдүйг урьдаас очоод харчихаж болно, таалагдахгүй бол буцаж ирээд шийдвэрлэх тодорхой эргэлтүүдийг нь өөрчилчихөж болно. Зэрэгцээ амьдралын шугамуудаар нэг дор амьдарч, чинхүү хүсвэл амьдын ертөнцөд амьдарсан шиг амьдарч, эс хүсвэл үхэгсэдийн ертөнцийн анир гүмд уусан алдарчих ч боломж байна. Бас хүн дурсамжуудаа хүссэнээрээ өөрчилж, тийн өөрчилснөөрөө амьдралаа цоо шинээр эхлүүлж болно. Эсвэл бүх дурсамж, бүх зовлон, бүх хүлээсээ агаарт зангидаж байгаад ганцхан сэлэмдчихэж болж байна. Бидэнд харагдаж буй амьдрал бол жинхэнэ амьдралын муухан хуулбар. Жинхэнэ амьдрал ерөөс хүний сэтгэлд, зүүд, дурсамж, зөн совин, ёр билиг, зөн совин дотор л өрнөдөг, түүнээ чагнаж, сэрж, мэдэрч чадсан нь илүү баялаг оршихуйг бүтээдэг шиг санагдана.
Ингээд бодохоор амьдрал овоо зугаатай эд шиг санагдавч яг ингэж үйлдэн буй Г.Аюурзанын баатрууд амьдралаас нэг л уйдаж залхсан, учир утгагүйдэж хүнийшсэн, үйл явдал дунд хутгалдаж орчихоод гаднаас дүгнэлт хийсэн, өнгөрснөө дурсаж ямар нэг зүйлд харууссан, тэгээд харуусал төрүүлэгч яг тэр зүйлээ буцаж очоод өөрчилчихвөл, хэрэв ингэсэн бол, хэрэв тэгсэн бол гэж төсөөлөхдөө эцэст нь тэглээ чиг гэсэндээ юу ч өөрчлөгдөх зүйлгүй, амьдрал өөрийнхөөрөө л урсах байсан гэсэншүү бодлоор халирч ухарсан, тодорхойлж хэлэх аргагүй, шийдвэргүй, шийдэлгүй дүрүүд. Гэлээ ч орчин үеийн хүнийг бүтээгч энэ олон эргэлзээг зохиолч бээр ийн зэрэгцүүлж тавьснаараа уншигч танд ямар нэг шийдмэг бодол төрүүлэх ч юм билүү хэн мэдлээ.
Б.Баясгалан