Монголын уран зохиолын шилмэл бүтээлүүдийн цувралыг Төрийн шагналт зохиолч Д.Норовын өгүүллэг, туужаас түүвэрлэсэн “Тэжээвэр - тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” ном уугалсныг эрхэм уншигчид маань бэлхнээ санаж буй биз ээ. Энэ удаа мөн наяад оны хүүрнэл зохиолд өөрийн гэсэн бичлэгийн өнгө аяс, уянга сэтгэлзүйн уран дүрүүдээрээ уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч Пүрэвжавын Баярсайханы шилмэл бүтээлийн чуулганыг “Сармагчин бол сармагчин” нэрийн дор уншигч танаа барьж байна.
Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.
П.Баярсайхан нь 1970-аад оноос яруу найраг, өгүүллэгээр уран бүтээлийн гараагаа эхэлж дүрийнхээ дотоод сэтгэлийн хувирал, бодол санааны эргэлт, сэтгэлзүйн шинж байдлаар зохиолынхоо үйл явдлын голчлон зангидсан өгүүллэг, туужаараа 1980-90 оны хүүрнэл зохиолын нэгэн хэв загварчлал, тогтонги байдалд өөрчлөлтийн салхи авчирсан зохиолчдын нэг юм. Тэрээр Монголын уран зохиолд П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, Д.Мягмар нарын уламжлуулж ирсэн уянга сэтгэлзүйн бичлэгийг хөгжүүлж ухамсрын урсгал, бодрол эргэцүүллийн өнгө аястай бичлэгийн арга маягаар, зөвхөн П.Баярсайханых л гэмээр өвөрмөц урлалыг уран зохиолд бүтээсэн билээ. Тухайлбал, “Чулуу” өгүүллэгийн үйл явдалууд гагцхүү гол дүр Барьдын бодол санаанд л өрнөдөг. Юу ч үгүй цулгуй газар бүдэрч уначихаад юунд бүдэрснээ дороо эргэж хурган хайж буй Барьд үнэндээ юунд ч биш, өөрийнхөө оюун санаанд өрнүүлсэн түмэн бодолдоо тээглээд ойччихсоныг зохиолч тун чамбай төлөөлүүлэн урласан буй. Мөн “Нохойн хэвтэр” туужийн ёр билгийн дүрслэл, этгээд үйл явдлын давхцал ч баатрын оюун санааны бодит ертөнц дэх төсөөлөл, бодрол эргэцүүллийнх нь биелэл аж. Өглөө ажилдаа очоод орой нь гэртээ ирэх хүртэлх нэг өдрийн үйл явдлыг асар өргөн хүрээнд тэлж, зохиолын баатрынхаа ухамсарт өрнөж буй бодлын урсгалаар баяжуулан бичсэн нь уг туужийг онцгой гэмээр бичлэгтэй болгосон байдаг. Мөн ихэнх зохиолынх нь гол сэдэв болдог хүний мөс чанарын эрэлхийлэл, хот хөдөө, нүүдэл сууриншлын эсрэгцэл, өөрийнхөө дотоод хүнээс алсран холдож буй орчин цагийн нийгмийн зөрчлийг “Хөх туурийн тал”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Хоёр зуун дөчин хоёр”, “Захиа”, “Тавиул” зэрэг бүтээлүүдээс нь олж харах буй за. Утга зохиол судлаач Ц.Хасбаатар нэгэнтээ “П.Баярсайхан бол гэгээн зохиолч” хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр ч түүний бүтээлүүд гэрэл гэгээ тийш бидний мартагнан төөрч буй зам чигийг заасан, үгүйрч гээгдсэн хүн чанарыг үгүйлсэн, бусдын төлөө Хөх туурийн талаар уйлан хайлан яваа Лувсан өвгөн лугаа гэгэлгэн дүрүүдээр дүүрэн байх аж.
Та бүхний гарт буй энэхүү бүтээл П.Баярсайханы бичиж туурвисан бүхий л бүтээлээс уран зохиолын үнэ цэнэ, урлал туурвилын гойд чанарынх нь хувиар “Тагтаа паблишинг”-ийнхны нарийн шалгуураар сонгосон шилмэл бүтээлийн чуулган болно. Ийн сонгохдоо өгүүллэг бичлэгийн ур маяг, богино хэмжээний хүүрнэл зохиолын туурвилзүйд оруулсан шинэлэг арга барил, зохиолчийн бичлэгийн ур чадварыг бүрэн төлөөлөхүйц хэмээн үзсэн есөн өгүүллэг, ер бусын нууц далд, ёр билгийн өгүүлэмжийг сүлэн бичсэн “Нохойн хэвтэр” тэргүүт тууж, хүний сэтгэлийн гүн дэх нунж дорой, өчүүхэн ядмаг зүйлийг ухаж төнхөн илрүүлсэн “Хүн гөрөөс”, “Албин” жүжгийг багтаалаа. Ялангуяа энэ түүвэрт УДЭТ-ын тайзнаа тоглогдсоноос өөрөөр олон нийтэд хүрч байгаагүй “Албин” жүжиг нь багтан анх удаа уншигчийн хүртээл болж буй нь танд содон байх болов уу. Жүжгийн зохиолын туурвилд наяад онынхон томоохон орон зайг эзэлдгийн дотор П.Баярсайханы дээрх хоёр жүжиг жин бан, цар далайцаараа мөнхүү чансаатай бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтана.
Ийн сонгохдоо бид эх зохиолыг хэвлэлтийн хамгийн анхны хувилбараас авч, үг бичлэгийн онцлогийг өмнөх байдлаар, засвар хийлгүйгээр оруулахыг чухалчиллаа. Энэ нь уран зохиол судлаач, уншигчийн хувьд зохиолчийн бичлэгийн онцлогийг мэдрэх чухал нэгэн мэдээллийг агуулдаг хэмээн үзсэнээс тэр.
Эцэст нь монгол хэлтний уран зохиолын нэгэн онцлог төлөөллийг уншигчдадаа танилцуулах ажлыг маань хүндэтгэн хүлээж авсан зохиолчийн гэр бүлийнхэнд уншигчдынхаа өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Орчин цагийн Монголын уран зохиолын гол төлөөлөгчдийг шилмэл бүтээлүүдээр нь танилцуулах энэхүү ажил маань хэвлэл талаасаа уран зохиолын үнэлэлт дүгнэлт, хэвлэн нийтлэхийн хэм хэмжээ, дотоодын уран зохиолын үнэ цэнийг өсгөж, агуулга талаасаа тулхтай уншигч, ирээдүйд улс үндэстнээ төлөөлөх зохиолчдод шат гишгүүр, ташуур нь болоосой хэмээн зорьсныг дахин тодотгоё.
Уран зохиол хэмээх ертөнцийн доторх өөр нэгэн ертөнцийн хаалга таны өмнө нээлттэй байна. Аялал тань адал явдал, ухаарал сэрэхүйн зөнгөөр дүүрэн байг!