САЛХИН ДУНДАХ ЗУЛ
2015-08-06 Номын шүүмж 1630

Галаа багшийн “Зул” байна уу? Уншсан уу? гэж оюутнууд биенээсээ их сураглана. “Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг ариусгагч зул” хэмээх утга төгөлдөр нэртэй номыг уран зохиол, тэр дундаа шүүмж, судлалынхан андахгүй л дээ. Харин энэ удаад монголын их уран зохиолын шүүмж, судлалын салхин дунд “зуурдхан бадамласан” нэгэн шүүмжлэгчийн зул  шиг(ганц) номын тухай ярих гэсэн юм аа...

***

Ж.Төмөр “Үндэс үрнээсээ”(1974). Содон ягаан хавтастай, ёстой л алгын чинээ гэмээр энэ номыг нэрт утга зохиол судлаач, шүүмжлэгч Ч.Билигсайхан агсны номын сангаас бэлэгшээн “авчихаж” билээ. Нэрнээс нь шүүмжийн ном болохыг таасан төдий. Утга зохиолын залуу үеийнхэн энэ шүүмжлэгчийг бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Түүхэн, тойм бүтээлүүдэд ч нэр, мөр нь дурдагдалгүй өнгөрчихдөг болохоор ч тэр байх. Юутай ч “Утга зохиолын хөгжлийн асуудлууд”(1971), “Монголын орчин үеийн уран зохиолын түүх -III”(1998), Д.Галбаатар “Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл”(2012) номууд Ж.Төмөр гэдэг шүүмжлэгч 1970 оны эхээр ид туурвиж, утга зохиолын шилдэг төлөөлөгчид чуулсан “Дөмөн” нэгдэлд “дуурьсаж” явсныг мэдээлдэг. Анхныхаа шүүмж, судлалаар “оролдож” гаргасан номдоо би “Яруу найраг яруу тунгалаг байх учиртай” шүүмжээс нь ишилж оруулсандаа олзуурхдаг. “Сэрэхүйгээс урган, сэтгэлээр дамжиж ухаанаар боловсордог энэ хөдөлмөр  хүний оюун билгийн хамгийн нарийн нандин бүтээлийн нэг бөгөөд сэтгэл эзэмдэх чухал хэрэглүүр тул яруу найраг ямагт яруу тунгалаг байх учиртай” гэж 1971 онд дуугарсан энэ тодорхойлол өрнө дахины судлаачдын “Сэтгэхүйн эгэл энгийн хэлбэр нь оршин буй зүйлийг л илтгэх юм. Сэтгэхүй нь сэрэлээр дамжигдан “бүрэг бараг” мэдрэгдэх юмс үзэгдлийг тодорхой болгож, тэдгээрт нэр өгч ойлголтыг бүтээх үйл тул хүртэхүй, бодомж чанартай гэж ойлгож болно” гэсэн ялангуяа уран бүтээлч хүний сэтгэхүйн онцлогийн тухай хэсгийг шууд сануулсан. (К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал”, I лекц)

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм. Жараад оны үргэлжилсэн үгийн шинэ амьсгалын амин судсыг барьж эхэлсэн зохиолч П.Лувсанцэрэн, тухайн үедээ гал цогтой гарч ирсэн шүүмжлэгч Ж.Төмөр нар их утга зохиолыг орхисноос хойш багагүй хугацаа өнгөрсөн...” хэмээн “Утга зохиолын тухай яриа”-даа дотноор дурссаныг мөн эргэн саная. Ердөө 1970-1972 оны хооронд бичсэн 17 бүтээлээс бүрдсэн энэ “бичил” номд яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, кино, театраар зогсохгүй уран зураг, уран баримал, дуу, дуурийн урлагийн шүүмж тэмдэглэлүүд орсныг хараад үнэнхүү бэлчээр томтойд нь сүрдэж билээ. Карпатын нуруунд болсон тэр осол үнэхээр манай соёл урлагийн түүхийг ямархан хар толбоор нялсныг хясмаар... Амьддаа “Үндэс үрнээсээ” гэсэн нэртэй ном бүтээхээр бэлдэж байсныг нөхөд нь (Д.Өлзийбаяр, Д.Урианхай) биелэл болгожээ. Олон төрөл чиглэл рүү хөрвөж бичсэн бүтээлүүд нь агуулга, хэлбэрийн хувьд бас өргөн далайцыг хамарсан байдгийг онцлууштай. Нэг ном, нэг бүтээлийн тухайлсан шүүмжээс гадна орон нутгийн сонинд гарсан өгүүллэгүүд, ажилчны сэдэвт утга зохиолын тухай зэрэг томоохон тойм шүүмжүүд, кино, дуурь, жүжгийн шүүмждээ найруулагч, жүжигчин, хөгжмийн зохиолч, тайз заслын тухай заавал тусгайлан тогтож бичнэ. “Эдип хаан” жүжгийн тухай гэхэд театрт тавигдахаас нь өмнө сургуулалтын талаар нэг тэмдэглэл, тайзнаа гарсны дараа ахиулан цуврал шүүмж зориулжээ. Бүр лавшруулвал бичихээр “онилсон” зохиолчдоороо дандаа томчуулыг барьж авна. П.Лувсанцэрэн, М.Цэдэндорж, С.Дашдооров, Д.Пүрэвдорж, П.Хорлоо, Э.Оюун, Ц.Пүрэвдорж гэх мэт. Жишээ нь тэмээний тухай огтхон ч гардаггүй П.Лувсанцэрэн зохиолчийн “Хөдөөгийн дуун” тууж гарахад “тэмээний тухай” онолын маргаан өрнөсөн байдаг. Үнэхээр ч энэ сайхан нэртэй тууж эхэлсэн шигээ чимбай дуусаагүй өөн дээр л ярилцацгаасан. Ц.Мөнх гуай энэ дутагдлыг нь “Зам дээр хэвтсэн тэмээг дурдсан атал зохиолчоос нь тэр тэмээ харагдахгүй байна” гэхэд зохиолчоос “Хэвтэж байгаа тэмээг хүн олж хараагүйд тэмээ буруугүй” гэсэн хариу өгснийг “Тэмээний ч зөв биш” гэсэн томоохон шүүмж бичиж маргааныг голтой л тасалж байсан шиг харагддаг. “Авьяаслаг залуу шүүмжлэгчийн маань амьдрал, уран бүтээл ид цэцэглэх эхлэл дээрээ тасарсан юм” гэж нэрт шүүмжлэгч, судлаач Ц.Мөнхийн халаглал маргаангүй үнэн болохыг “Үндэс үрнээсээ” нь бардам батлана.

            Ж.Төмөр шүүмжлэгчийн давуу тал олон үг нуршиж тойруулдаггүй, үзэл бодолдоо чиг тууштай, эндэгдлийг товч боловч даацтай үгээр оноохдоо хурц хэлдэг, хамгийн чухаг нь сайлсан ч, өөлсөн ч жишээ баримтыг түшиглэж, иш үндэстэй задлан шинжилж дүгнэдэг барил. Ишилж, ишилчихээд түүнийг задлан илчилж бичихгүй(чадахгүй) төгсгөдөг, нэг бол ишлэх ч үгүй, илчлэх ч үгүй байж шүлэг болбоос, урлаг болбоос тийм, ийм гэж “агаарддаг” энэ хүрээнийхний нийтлэг дутагдлын эсрэг сурах бичиг болмоор ном гэхэд болно.

 “Толь-
  Тал засдаггүй шударга
  Дотно нөхөр

  Толиноос илүү шударга” гэж Ш.Цогтын номносон номноогүй бид үүнээс илүү урнаар нөхрийнхөө шударгыг ухаан санаандаа үнэлэн үзэж байхад түүнээс долоон дороор хүн толь хоёрын илүү дутууг харьцуулж байх нь хаашаа  юм...яруу найраг хүний хүсэл сэтгэлээс хол хоцорч ямар ч урлаг, уран сайхангүйгээр юмыг ердийн нэг хүүрнэж болохгүй”. Энэ хялбархан жишээнээс түүний үг хэлний онцлог, багахан егөөтэй бичлэг харагдана. Цаг үеийнхээ нөхцлөөс хамаатан шүүмжлэлийнх нь шаардлага уран зохиолд ардач, намч, социалист төрх байдал, улс төр, ухуулгын дайчин шинж чанарыг нэхсэн тал байсан ч бүтээлч, уран сайхантай дүрслэхийг ямагт нэхэн шинжилдэгээрээ онцлогтой байж. Шүүмжээ богино ч бичдэг, санаагаа түргэн ойлгуулдаг, жишээ баримт сайтай учир сонирхолтой, уншууртай. С.Дашдооровын “Тэнгэрийн дуун” хэмээх аргагүй монгол өгүүллэгийг маш сайхан тайлан тайлбарлаж бичсэн байх бөгөөд “Энэ өгүүллэг эхнээсээ аваад эцсээ хүртэл хүүхдийн үгээр бичигдсэн болохоор тэр хэлбэрээ алдахгүй байх нь чухал байсан. Гэтэл сайхь хүүхэд “Замт нуруу хэмээх газар буув” гэж өгүүлдэг. Хүүхдийн ярианд “хэмээх” гэж үг хэрэглээд байдаггүй байх. Тэрчлэн тул, үл, эс үгийг хүүхдийн яриа бодол дээр олон оруулж бичсэн байна” гэж гярхай ажигласан бий. Мөн залуу зохиолч П.Хүрэлтогоогийн нэгэн өгүүллэгийн талаар “Өгүүллэгт үйл явдал үгнээс илүү үнэтэй байдаг. “Байшингийн буланд тулган тавьсан ширээний ард бичиг бичиж суусан эхнэр нь намайг очихоор суухыг уриад цай идээ авч өгөхөөр босов” гэсэн ганц өгүүлбэрээс ч болов санаа авууштай санагдана. Учир нь байшингийн буланд гэвэл гадаа баймаар. Тэгээд хананд тулгаад тавьчихсан ширээний ард хэн хэрхэн яаж бичиг бичих билээ гэдгийг бодож өрөөнийхөө гэх үү? Өөр эсвэл ямар үг тохирч тэнцэхээр байгааг хүртэл нарийн сонгох хэрэгтэй” хэмээн тун онож хэлсэн.

Ямарваа уран бүтээлчийн тухай өгүүлэхдээ заавал өмнөх бүтээл, гарсан шүүмжийг үзэж, шинжилсэн саналаа бичээд сая шинэ бүтээлтэй нь харьцуулан ултай ярьдаг. Жишээ нь хүмүүсийн хамгийн сайн мэдэх “Амьдын жаргал” уу, аль эсхүл...” шүүмжээ “М.Цэдэндоржийн “Амьдын жаргал” гэдэг түүврийг нарийвчлан үзэж мөн “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэн Б.Цэдэв, Д.Цэнд нарын бичсэн шүүмжийг сайтар тунгаан бодсоны эцэст энэхүү шүүмжийг бичих нь зүйтэй мэт бодогдлоо...Дээрх шүүмжлэгчид ямар нэг талаар шүлэгчид нааштай хандахыг хичээсний улмаас зарим нэг шүлгийг шударга бусаар дэвэргэн дэмжсэн нь нөхөрт тус биш ус болж болзошгүйн учир шүүмжид нь хүртэл шүүмжлэлтэй хандууштай байна...” гэж эхэлснийг үзэхэд алдаа эндэгдлийг хэлэхдээ өмнөх шүүмжлэгчдийн саналыг мөн шүүхээ мартаагүй байна. Ихэнх бичлэгт нь зохиолчоос урьд түрүү нь дуугарсан шүүмжлэгчдийн шүүмжийг шүүмжлэх, залруулах “заншилтай” гэмээр. Одооч гэсэн утга зохиолын хүрээнийхний дунд “ирээдүйн Төмөр” гэж хэллэг байх бөгөөд эр зоригтой, сүрхий бичиж эхэлсэн залуучуудыг урамшуулах цол юм.

“Шивээ Хиагт” дуурийн тавилтын тухайд “Нэг жишээ нэрлэхэд Сүхбаатар Онолттой уулзаж буй эхний хэсэг дээр жүжигчин О.Лувсандамдин харьцаж байгаа гол хүн Онолтод ихэвчлэн нуруугаа харуулж хөндий ханддаг нь их хүний энгүүн даруу зан чанар ухаалаг төлөвтэй үл нийцнэ. Гэтэл тэр уулзалт бол уг дуурьд гаргасан утга агуулгаараа Сүхбаатарын элэгсэг дотно харьцаа ухаалаг мэргэн үг яриагаар Онолтын үзэл санааг эргүүлж буй их эгзэгтэй үе байлаа.(Энэ үед хэн хэний нь тоглолт дутсан шүү) Үүнийг илэрхийлж чадаагүйгээс болж Сүхбаатарын эхний гаралтууд илүүц зүйл юм шиг бодогдоход хүргэсэн” гэж бичсэнийг үзэхэд нэг хүний шинжлэн таних олон талт хараа, мэдрэмж, мэдлэгийг бишэрмээр.

Сүүлийн жишээндээ жүжгийн шүүмжийг нь онцольё. “Эдип хаан” жүжгийг хүн өөрт оногдсон заяа тавилан, хувь төөргөөс хүн хэзээд зайлж чаддаггүй, харин ч түүнээ хүлээх хариуцлагатай, шударга, чин зоригтой хүн байх ёстой гэсэн санааг онцолсон түгээмэл илэрхийллийн тиг байдаг. Гэтэл шүүмжлэгч Ж.Төмөр энэ жүжгийн зохиолыг, тавилттай нь хамтатган тун нарийн судалж, өөрийн тайлал, гаргалгааг дэшүүлсэн нь тэр үедээ шив шинэ байсан гэдэгт үл эргэлзэнэ.“Грекийн эмгэнэлт жүжгүүд ялгаагүй хувь заяаны асуудлыг голлодог ч ертөнцийг үзэх үзэл нь хүнийг түүний өмнө сохроор сөгдүүлэх биш харин тэр их хүчирхэг тэнгэр дээдсүүдийн эсрэг тэмцэлдүүлдэг...Софокл тухайн үеийнхээ нийгмийн нүүр царайг илрүүлж, тэнгэр дээдэстэн гэгч худал хуурмаг зүйл болохыг илчилжээ...Өөрийнхөө амьдарч байсан нийгмийн муу муухайг илчилж, түүнээс гарах ганцхан арга зам бол тэнгэр язгууртан гэгдэгч мэргэч төлөгчдийн номлолд үл итгэх явдал гэж үзээд үүнийгээ “Эдип хаан” жүжигт илтгэн харуулжээ”.

***

“Үндэс үрнээсээ” гэх “өчүүхэний аугааг” шингээсэн номыг бид үзэгдлийн түвшинд харж, үл мартан үргэлжид халуунаар санагалзах ёстой болов уу. Япон ардын зүйр үгэнд “Амьдрал бол салхин дундах зул” гэж өгүүлдэг гэнэм. Товчхондоо ишилж ч, илчилч ч, шинжилж ч чаддаг шүүмжлэгч Жүгдэрнамжилын Төмөр, түүний эхний бөгөөд эцсийн “өчүүхэн” ном монголын их утга зохиолын салхин дундах зул байжээ.

“Үндэс үрнээсээ” байна уу? Уншсан уу?...

2015.8.1

Х.Чойдогжамц. 1992 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Монгол Улсын Их Сургуулийн утга зохиолын ангийг төгссөн. “Тайлахуйн чинад”(2013) шүүмж, судлалын түүвэр хэвлүүлсэн. Соёл Урлагийн Их Сургуулийн багш.

Түр хүлээнэ үү...
Top