“Загсаасан өрөм шиг шаргал талын дундах олон жижиг намжаа толгод тулаад үзэхээр өөр өөрийн өнгө аястай, өөр өөрийн нууц увидастай байдаг. Толгод бол уруугаа ургасан уул, эрдэнэ нуугаад босгосон шав юм. Хүний чанарыг ханилан байж танихын адил толгодын араншинг явж үзэж гэмээнэ мэднэ. Хонхор бүхэн энд тэнгэрийн толгод болохоор орой бэл гэж ярихад бэрх...”
/Ж.Лхагва “Толгодын араншин”/
“Манан”(1992) шүлэгт дүрсэлсэн мананд дарагдсан бүрэнхий зураглал нь хижээл насанд хүрсэн атлаа эргэлзлэл, төөрөлдөлд автсан нэгэн эр хүний дотоод сэтгэхүйг богинохон хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Тэртээ алсад бүрэлзэн харагдаж буй хоёр гэр чухам юуг бэлгэдэж байгаа талаар бол гэр бүлт амьдрал ба нууц амраг, ирээдүй ба өнгөрсөн үе гэх мэтээр олон янзаар унших боломжтой. Мөн цаана нь харагдахгүй тухайн цаг үеийн будлиант байдлыг зүйрлэн харуулсан гэж үзсэн ч болно”. Японы Монголын уран зохиолын нийгэмлэгээс эмхэтгэсэн “Монголын уран зохиол”(2010) сэтгүүлд ийнхүү бичжээ. Зохиогчийг дурьдахаас өмнө шүлгийг нь уншья.
“Гэр, нар, зам
Цөм зэгэл саарал
Мананд будагдсан
Нүд
Харанхуй болоогүй байхад
Төөрөлтэй биш.
Хаашаа зүглэх вэ?
Зэгэл гэр тэртээ хойно,
Зэгэл гэр тэртээ урд”. Шүлэг, зохиолыг ингэж л задалдаг байх даа гэмээр тун гярхай мэдэрч бичсэн байгаа биз. Хижээл насанд хүрсэн эр хүний дотоод сэтгэл, нууц амраг, өнгөрсөн үе гээд л... Шүүрс алдам сайхан шүлэг гэж байдаг бол, шүүрс алдам аатай шүүмж гэж мөн байдаг ажгуу. Зэгэлтэн сааралтах хоёр гэр магад цаг үетэй холбож үзвээс уран бүтээлийн “эзэн суух” эрх чөлөөний “хоёр үнэн”-ий зөрчилдөөн буй за. Яагаад гэвэл тэр сэтгүүлд цааш нь, “тэрбээр 1970-аад оны дундуур сонин хэвлэлүүдэд бүтээлээ нийтлүүлж эхлэв. Тогтсон хэв маягд баригдахгүй, чөлөөт сэтгэхүйгээр бичигдсэн түүний шүлэг нь бусдаас түрүүлээд монголд гарч ирсэн модернист шүлгийн нэг гэж хэлж болно. Нөгөө талаар тухайн үед уран зохиолын гол арга барил байсан социалист реализмын зарчимд нийцэхгүй гэсэн утгаараа ном болгон хэвлүүлэх боломж бага байсан гэдэг”. “Манан” шүлгээсээ найман жилийн дараа бичсэн “Дурдатгал” гэж шүлэг бий.
“Хуучин модон гүүрээр
Нэгэн бүсгүй ирж явна
Эрэг дээр л гарчихвал
Энэ их зовлон хөнгөрөх юм шиг
Хуучин модон гүүр,
Унтраахаа мартсан гудамжны дэнлүү
Салхинд савлаж
Нартайд юу гийгүүлэхэв
Гэвч баярын удиртгал
Эртний дурдатгал”.(“Өөр шүлгүүд”, 2004) Харанхуй болоогүй байхад төөрөлтэй биш, хааш зүглэх вэ? гэсэн эргэлзээ нь хуучин модон гүүр, унтраахаа мартсан гудамжны дэнлүү нартайд юу гийгүүлэхэв? гэж хувирсныг харахад найрагч өөрийгөө өөрчлөлгүй (бүтээл хийгээд бас бусын хувьд (инээв)) өвөртөлсөөр явсан нь мэдрэгдэнэ.
Дээрх сэтгүүлээс үүдэн “Толгод”(1989), “Өөр шүлгүүд”түүврүүдийг уншсан юм л даа. 1970-аад онд ихэвчлэн бичсэн шүлгүүд гэхээр үнэхээр содон аялгуутай, түрүүлж дуугарч байсан ном билээ “Толгод”. Жишээ нь: Нэрт найрагч Ч.Мягмарсүрэнгийн “Ахын бичсэн захиа” гэж хүн бүр мэдэх сайхан шүлэг байдаг.
“Ахын бичсэн захиа
Амьдралын хатуу үгтэй
Адууны омголон мөр шиг
Алдаж оносон үсэгтэй
Ижий чамайг санаад
Ирээч дээ гэсэн санаатай
Ишигний эвэр шиг хоёулахнаа
Эвий дээ гэсэн өнгөтэй...
Ахаас ирсэн захиа
Амьдралын хэрсүү ухаантай
Нутгаа орхисон над шиг
Гээсэн эгшгийн алдаатай”(1985).
“Захидал” шүлгээ харин найрагч 1977 онд бичжээ.
“Аав минь
Нэгдүгээр ангийн сурагч шиг
Нэг ч үг гээлгүй
Нямбайхан бичсэн
Ээж минь
Төрийн зарлиг шиг
Нэг ч үг орхилгүй
Дуудан бичүүлсэн
Захидлыг задлахуйц
Төрсөн нутгийн цэцгийн үнэр
Тасалгаа дүүрэн ханхийв ээ
Аавын хариулдаг
Таван зуун хонь
Шир шир идээшлэн
Амралтаараа очсон хүү минь
Хурга буруулан гүйв ээ...
Захидалд тээгдэн ирсэн
Цамбагарав ууландаа гарч
Нутаг усаа халиав аа...
Өнгөцхөн уншсан хүнд
Нутгаа л магтсан юм шиг
Өөгүй сайхан үг байвч
Ээж аавдаа золгох болоогүй юу гэж
Эрхгүй надад шивнээд байна аа...
Аав ээжийн захидалд
Зэмэлсэн үг байдаггүй ч
Заавал ухаан хайрлах юм даа”. Мөн Ардын уран зохиолч Т.Галсангийн “Өгсүүр замын дуу” гэж нарийн хийцтэй шүлэг бий.
“Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь намайгаа өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхэй насандаа би чинь
Олон бор толгодоо уул гэж эндүүрч явжээ...
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө
Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад
Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байж шүү дээ”. “Эх орны минь толгод” хэмээх найрагчийн шүлэг дээрх шүлгээс харин нэг жилийн ах юм.
“...Насны минь нандин дурдатгалын өлгий
Намхан, номхон толгод минь сайн байна уу?..
Нэргүй толгод минь дуртгалд цөм нэртэй
Хонь тогтдог, мориноос ойчдог, цэцэг үнэрлэдэг
Болзоот, таанат, бүр бодол болдог толгой бий
Наддаа ийм нэртэй байсан намхан толгод минь...
Миний гээсэн чөдөр бий, энэ л толгодын дунд
Миний нээсэн өдөр бий, энэ л толгодын дунд...”. Нэргүй, намхантолгодынхоо дунд гээн гуниж, нээн баясаж явах сэтгэл ямархан хайрлам хийгээд цуутай өндөр вэ? Гээсэн-нээсэн, чөдөр-өдөр гэж ганцхан үсгээр сольбиж урласан “хосмолжин эсрэгцэл”(К.Л.Стросс) ч харагднам бус уу. Хожим 2007 онд авьяаслаг яруу найрагч Х.Нямхишиг
“Тэр зун гээсэн чөдөр Тэнгэрээс олдоход намар болмуй...” гэж тэрслэснийг үзээд олзуурхаж билээ. Төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа нэгэнтээ “Манай яруу найрагт мөнгөн хазаарын эгшиглэн(1961) сонсогдохоос бүр өмнө Н.Нямдорж “Үүлэн бор”(1959) мориор цахилж ирснийг мартах учиргүй. Н.Нямдоржийн шүлгийн зураглал дундаас байгаль, цаг улирал, монгол аж байдал, хүмүүсийн дүр төрх урган ирэхийн зэрэгцээ амьдралын ритм, хөг аялгуу тов тодхон сонсогддог” гэж бичсэн. Санал нийлэхийн сацуу би бас нэгэн ишлэл татмаар байна. “...Энэ хугацаанд манай жүжгийн зохиолчид үлгэр түүхийн баатруудаас өнөө үеийн амьдралд шилжин хөдөлмөрийн хүмүүс болон шинэ хүний дүрийг жүжгийн зохиол тайзны урлагт бий болгосноороо намаас өгсөн үүрэг даалгаваруудыг нэр төртэй биелүүлэв”. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх-II”(1989)-т ингэж батлан дүгнэсэн. “Даалгаваруудыг” гэхээр нэг л эвгүй оргиод байнам шүү. Гэвч хөдөлмөрчин, шинэ, ажилчин хүнээс илүүтэй өөрсдийнхөө үнэн амьдралаа, чин сэтгэлээ, элдэв дэгжирхэл чимэггүй бичих, үлгэр түүхийн баатрууд руугаа эргэн хургах хүсэл давалгаалсан цаг үе ирэх ёстойгоороо ирсэн нь 1960-аад он ажаам. Энэ давалгааны түрлэгт “Толгод” ном томоохон буурьтай. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV”(2014)-т нэр дурьдах төдийгөөр өнгөрчээ. 1980-2000 он монголын уран зохиолын хичнээн баялаг үе билээ, яагаад хоёр ч дэвтрээр нухацтайхан дэлгэрэнгүй биччихэлгүй яарсан юм бол. “Уулын бяцхан горхины хоржигноо, нутгийн бор шувуудын жиргээ, ботгоны буйлаан, хүлэг морьдын янцгаалт, зуны сүүл сарын зөөлөн борооны шиврээ бүхэн МИНИЙ ДУУ ЧИМЭЭ” гэж номынхоо өмнөтгөлд найрагч өөрийгөө тодорхойлсон. “Зуны дунд сарын бороо”, “Цүүний хүүхнүүд”, “Аяархан хайр”, “Орхоны хөвөө” зэрэг шүлгээс нь нүүдэлчин ахуйн онцлог шингэсэн сэтгэлийн дуртгалт явдлууд нандин энхэр аялгуугаар уярал учирлана. Жишээ нь:
“Амрагаа “хайртай” гэж шивнэхэд
Мах бодиороо мэдэрч
Өвс ногоонд нь эрхлэн өнхөрсөн
их усны хөвөө минь
Өрөөл бусдыг гомдоовол
хуур болох шидтэй өвс ногоо минь
Дал мөрөнд миний чиний шүүс, ногоон өнгө бий
Баярласан, туньсан бүхэндээ
чинийхээ хөвөөнд ирж
Сэтгэлээ урсгалаар чинь ариусган тайвширсан...
Биенд минь чиний тунгалаг махбодь бий
Өвс ногооны чинь үнэр, нов ногоохон шүүс бий”/“Орхоны хөвөө”, 1985/. Найрагчийн маань аяархан хэлчихсэн эротик өгүүлэмж цухалзаад байгаа биз. Өөрөө ч аяархан хүн юм уу. Хайрын шүлэг нь хүртэл,
“Танайх руу зорьсон
Миний мөр
тодрон тодорсоор
Хэн ч үл төөрөх,
хэн ч үл явах
Зам болжээ.
Болзооны төгөл рүү очдог
Чиний мөр
бүдгэрэн бүдгэрсээр
чи ч өөрөө төөрч дээ
Замаа олохгүй
зангаа олохгүй
бид хоёр хаачих юм бол доо” гэх шиг. “Өрөөл бусдыг гомдоовол хуур болох шидтэй өвс ногоо минь” гэсэн яруу мөр надад яруу найрагч Д.Баттогтохын“Танайх нүүж байна” шүлгийн
“...Гэрийнчиньгадаатоглож, эмээдчиньзэмлүүлдэгээбодож
Гэртээоролгүйөвснийширхэгтоолж, зүлгэндээрамарч...” гэж бичсэн тал нутгийн амьсгал, сэтгэлийг сануулж байна. (Ямар сайхан юм бэ дээ...)
“...Шөнөжин өдөржин цүү хаяж л байвал
Үеийн бидний нар гармаар ч
Гэрэлтэй ч гэсэн хөвгүүд биш охид олох нь гарцаагүй
Дээлээ, сэтгэлээ хөөргөсөн
Нэгэн голын хөвгүүд бидний хайр
Нэг голын урсгал мэт ая аяа дагадаг байж” /“Цүүний хүүхнүүд”, 1984/
“...Бороо шиврэнэ
Чинийхээ энгэрт дулаацмаар
Бороо, бороо шивэрнэ
Дахиад чи доогтойхон үгээ хэл л дээ
Хэлэх тусам
Ганцаараа,
Шөнөжин уяан дээр чинь зогсож хономоор
Бороо шивэрнэ...
Зуны дунд сарын бороо шиврэнэ” / “Зуны дунд сарын бороо”, 1985/зэрэг сэтгэлийн гижиг хүргэсэн хөөрхөн, хөнгөхөн шүлгүүд. Өвөг дээдсийн оюуны улаагаар шигшигдсэн ардын зүйр цэцэн үг мэт доорх шүлгийн хичнээн хөөрхнийг хараач.
“Тэнэг хардлага
Харанхуй шөнө
Хаясан зүү олуулна”.
“Өөр шүлгүүд”. Хоорондоо 15 жилийн зайтай ч ийм эрс номууд хичнээн байдаг бол?
Зүүд
“Он жилийн цаанаас
Дурдан дээлтэй охин
Зүүдэн дунд
Нэрийг нь хэлэх гээд санадаггүй
Хэлгүй нас...
Тэгсэн мөртлөө
Далан дээрхи мэнгийг нь таниад байна.
Хацрын чинь хөөрхөн хоёр хонхорхойг
Нулимсаар дүүргэсэнээ санаж байна.
Очьё гэтэл хөдлөж чаддаггүй
Хөлгүй нас...”. Зүгээр л зүүдээ буулгаагүй нь тодорхой. Зүггүйхэн “зүүдэн нас”-ны тухай хэлсэн юм биш үү дээ. Мөн ч эвлэгхэн бичиж байгаа биз. “Манан” шүлэгтээ хэлтэй, хөлтэй, манантай ч настай явсан эр “Дурдатгал” шүлэгтээ “дурсамжийнхаа нас”-ыг савлуулж, “зүүдэн нас”-тай учраа юу? Эр хүний нас гэж...За больё, ямар цуврал шүлэг задалж байгаа биш.
“Би чамайг төрүүлсэн ээж шиг чинь мэднэ
Битүүхэн гунигийг чинь
Биеэсээ нуувч надаас нууж чадахгүй дурлахыг чинь мэднэ...
Нуух гэж хичнээн мэрийлээ ч
Нялх хүүхэд шиг энгэрт чинь толгойгоо наахад
Сэм сэмхэн уйлж суудгийг чинь мэднэ
Энгэрт чинь толгойгоо наахад
Энэтээ ууланд өвс ногоо ургаж
Тэртээ талд чөдөртэй морины хөл тавигдах шиг болдог.
Үүний төлөө чамайгаа золиосолдогоо ч мэднэ.
Мэднэ гээд би яах билээ? чи яах билээ?”гэх мэт хайрын гэгэлгэн шүлгүүдийг өмнөх номоос нь ч харамгүй уншиж болно. Шүлгүүд нь үнэхээр өөр болсныг “Билиг тэмдэг”, “Оддын зурхай”, “SOS”(видео найраглал), “Бурхадын шингэн дүрс” зэрэг шүлгүүдээс танигдана. “Оддын зурхай” хэмээх чин сэтгэл гэрэлтсэн, өгүүлэх, хүүрнэх, шүлэглэх, дүрслэх, зурах, ишлэх, тайлбарлах хосолсон нарийн тогтолцоотой шүлгийг эссе-шүлэг гэж нэрлэмээр санагдсан шүү. Хэсэгхэнг ишлэе. “...Тэнгэрээс өвөөгөө хүлээж байсан хөвүүн хэдийн эцэг болжээ. Гэвч одоо ч сэтгэл зүрхэндээ тэр цагийнхаараа. Энэ нь томоотой, хэрсүү ухаанаар бодоход тоглоом, шоглоом ерөөсөө хүүхдийн дэмий хэрэг мэт боловч уян зөөлөн сэтгэл, хайрлах, хэлтрүүлэх, хүлцэхийн эрдэм заяанам. Хоёр охиндоо “Хүн-од”-оо үзүүлж багын явдлаа дурснам. Энэ нь тэдэнд үлгэр мэт санагдана. Хүүхдүүд минь өөрсдийн хүн одоо бүтээнэ. Өвөөгөө тэнгэрээс ирэхийг хүлээсэн хүүхэд цаг шигээ охидынхоо үлгэрт итгэнэ...”
Сэтгүүлийн ишлэлээр эхэлсэн юм чинь мөн өндөрлөхөөр шийдлээ. “Яруу найрагчийн хувьд нэр алдар нь одоохонд олонд танигдаж амжаагүй тал бий...1980-аад оноос 2000 оны эхэн үед бичсэн шүлгүүдийг эмхэтгэсэн “Өөр шүлгүүд” түүвэрт, тухайн цаг үеийн урсгалыг дагаж чадахгүй явсан гэмээр нэгэн яруу найрагчийн бодлогошрол, ганцаардлын өнгө аястай дуу хоолой шингэсэн байдаг бөгөөд чамин үггүй, маш энгийн цөөхөн үгээр гүнзгий утга илэрхийлсэн бүтээлүүд багтсан билээ”.
Мартсанаас би яруу найрагч Ойдовын Содномпилын тухай ярьсан юм шүү.
“...Бадарсан сэтгэлээрээ эх орныхоо намхан
толгодыг дуулж
Би шүлэгч болсон...”
Х.Чойдогжамц /СУИС/
2015.8.19