Бараан егөөдөл нэвчсэн философийн роман: ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ
2017-09-13 Номын шүүмж 3158

Орчин цагийн дэлхийн утга зохиолын нэн содон төлөөлөгч Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романы талаар "Гоодаль" сэтгүүлийн номын тоймч Филип Нобелийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.


Өөртөө тогтоосон идеал, зарчмын дагуу амьдрах, эсвээс аливаа ёс суртахуун, идеалын хүлээснээс ангид байх, чухам аль нь бидэнд илүү хялбар бол? Монгол хэлнээ анх удаа орчуулагдан гарч буй дэлхийд зартай философийн роман “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” бүтээлдээ Милан Кундера амьдралын энэхүү эгзэгтэй асуудлын мөн чанарыг дэлгэсэн юм.

Магадлалын гурвалжин

Нэрээсээ эхлээд сайх роман амьдралыг оршихуй, хүнд, хөнгөн хэмээх гурван өнцгөөр тодруулж буйгаа эвтэйхэн тунхаглачихдаг хэрэг. Сайх гурвалжныхаа өнцөг бүрд харгалзуулан зохиогчийн бүтээсэн гурван дүрийн эхнийх нь Томас оршихуйг, түүний эхнэр Тереза хүндийг, нууц амраг Сабина нь хөнгөнийг бэлгэднэ. Амьдралын их эргүүлэгт татагдан орох эдгээр гурван дүрийг романы туршид зохиогч дэргэдээс нь анхааралтай ажиж, тэдний дотоодод гарч буй хувирал, өөрчлөлтийг зохиогч өөрөө задлан шинжилж уншигчдад тайлан өгдөг нь хүүрнэхүйн сонин шийдэл.

Чухам энд л Кундерагийн хөгжмийн зохиолчийн шинж тодорно. Зохиогчийн аав нэртэй хөгжим судлаач, төгөлдөр хуурч байжээ. Хөгжмийн яггүй боловсролтой болж өссөн Кундера зохиолуудаа хөгжмийн бүтээлийн жишгээр бичдэгээ олон номдоо дурдсан байдаг. Түүний романуудыг тодорхой сэдэв\үндсэн ая нь байн байн давтагдан уянгалах долоон бүлэгт симфонитой зүйрлүүлж болох юм.

Романы гол дүр Томас бол залуухан, амжилттай яваа тархины мэс засалч. Ажлынх нь зэрэгцээ түүний амьдралын нэгэн тод зорилго бол хүүхнүүдийг байлдан дагуулах. Сайх зорилгоо гүйцэлдүүлж, өөрийн эрх чөлөөг хамгаалах мөртөө хүссэн үедээ амраглах хүүхнүүдээр тасрахгүй байх үүднээс тэрбээр тодорхой мөрдлөг бүхий амьдралын хэв маягийг өөртөө бүрдүүлсэн аж: Томас эмэгтэй хүнийг хүсэх мөртөө бас айна. Айдас, хүслийн дунд тэлчлэхдээ“эротик нөхөрлөл” гэж өөрөө нэрлэсэн нэгэн зүйлийн амьдрахуйн хэв маягийг боловсруулжээ. Эротик нөхөрлөлөө дассан сэтгэл болохоос сэргийлж удаан хугацааны амрагуудтайгаа тодорхой зайтай уулздаг байв.

Гэвч Томас Терезатай уулзсанаар, Томасын өөрийн тодорхойлсноор “зургаан тохиолын үр дүнд” учирсан үл таних эмэгтэйг амьдралдаа оруулснаар сайтар хөглөсөн амьдралынх нь зугаатай хөг аялгуу алдагдаж эхэлнэ. Томасын амьдрал ягуухнаар өөрчлөгдөж, Терезад сэтгэл уягдах болно: “Өрөвдөх сэтгэлээс илүү хүнд зовлон үгүй аж. Төсөөллөөр өдөөгдөж, өөрийгөө хувилан, хэдэн зуу дахин цуурайтан түгэх хүчтэй өрөөлийн төлөөх сэтгэлийн зовлон  биеэр эдэлж буй бодит зовлонгоос хавьгүй хүнд санагддаг.” Ийнхүү Моцартын хөнгөн хөгжим шиг Томасын санаа амар амьдрал эмгэнэлт хөгжмийн хүнд аялгуунд зугуухан байраа тавьж өгөх нь тэр: Томас Терезатай гэрлэж, 1968 онд ЗХУ Чехославакыг эзлэн түрэмгийлэх үеэр хоёул Швейцар луу дүрвэдэг.

Гэвч Томасын амьдралын хөг ахиад л өөрчлөгдөх учиртай байжээ: Харь газарт амьдарч тэвчилгүй эх орон луугаа зүг хандуулсан Терезаг даган Томас Прагадаа эргэн ирдэг. Улс төрийн хавчлага, дарамтаас үүдэж 1968 оны дараах Чехославакийн ихэнх сэхээтнүүдийн туулсантай адил Томас эхлээд Прагад цонх угаагч хийж, эцэст нь хөдөө фермер болон амьдардаг.

Амьдралынхаа хэв маягийн ийм огцом өөрчлөлт, шийдвэрүүдээ мань эр өөртөө бол ийн тайлдаг: “Хүн үүрдийн хайр дурлалаа ямарваа нэг хөнгөн, хоосон мэдрэмж байх юм гэж хэзээ ч төсөөлөхгүй, хайр, амьдралын утга учир хоёрыг ямагт эн тэнцүүд бодож, бидний агуу хайранд Бетховен хүртэл өөрийн биеэр “Es muss sein!”-ээ тоглож байх шиг санадаг.”

Зохиолын дүрүүдээ хөндлөнгөөс, гүнзгий ажиж байдаг зохиогч өөрөө Томасыг адал явдал, азгүй хувь зохиолоо сэтгэхүйн ганц л хөшүүргээр туулж буй нэгэн хэмээн үзжээ: “Мэс засалч гэдэг юмсын гадаргууг зүсэж яраад доторх нууцыг нээгч юм. Томас “Es muss sein!”-ий эсрэг талд юу нуугдаж байдгийг олж мэдэх далд хүслээр мэс засалч болсон байж магад, өөрөөр хэлбэл хүн өөрт оногдсон зайлшгүйг үл хэрэгсэх аваас хэрхдэгийг мэдэх хүсэл юм.”

Тэгэхээр Томасын амьдралын жинхэнэ тэмүүлэл аваас хөнгөнөөс хүнд хүртэлх бүхий л замд түүнийг хөтөлж байсан сониуч зан нь аж.

Дараагийн нэг чухал дүр бол Тереза хэмээх анхнаасаа л амьдрал нь байнгын зөрчлөөр дүүрэн буйд хотын бүсгүй. Тэр бол ярвигтай өнгөрснийг  туулсан зөрчилтэй гэр бүлд, тосгонтой л зүйрлүүлж болом жижигхэн хотод өсөж торнисон нэгэн. Утга зохиолын хамгийн хайртай дүр Анна Каренинатай адил өөрийн золгүй, эмгэнэлт хувь тавиланд дотуур шаналсаар хотын тэс өөр амьдралыг мөрөөдөн Прагад ирдэг.

Зохиогч сайх дүрийнхээ номд ухаангүй дуртай сэтгэлзүйн төрхийг ийн зураглажээ: “Терезагийн хувьд ном бол ахан дүүсийн нууц бүлгэмийн бэлгэ тэмдэгтэй адил. Өөрийг нь бүчин хүрээлэх эв хавгүй ертөнцийн эсрэг барих цор ганц зэвсэг нь хотын номын сангаас авсан түүний номнууд, тэр дундаа романууд байв.  Филдингээс эхлээд Томас Манн хүртэл Тереза цөмийг уйгагүй уншина. Тэдгээр романууд түүнд сэтгэл дундуур амьдралаасаа оюун санаагаар дайжин зугтах боломжийг олгохоос гадна биет зүйлийн хувьд ч гүн учир утгатай байв, тиймдээ ч Тереза гудамжаар гартаа ном бариад алхах дуртай аж. ”

Тереза бол Томасын хөнгөн амьдрал дахь хүнд билээ. Буйд, бяцхан төрөлх хотдоо Томастай санаандгүй учирсны дараа нэг л өдөр Тереза Прага дахь түүний гэрийн үүдэнд зогсож байна. Тереза өөрийн зорилгыг хэзээ ч ил шулуун илэрхийлдэггүй боловч зохиогч дүрийнхээ дотоодыг ийн гаргажээ: “Хааяа надад Терезагийн бүхий л амьдрал ээжийнх нь оршихуйн цуурай шиг санагддаг, чухам биллиардны бөмбөгний өнхрөх хурд тоглогчийн гарын цохилтын хүчнээс хамаардагтай эгээ адил юм.” Терезагийн сул дорой мэт боловч чанд байдал Томасыг цуцалтгүй өөрчилсөөр байдаг: “Хүн бүр ялагчийг хүч чадалтайгаар, гэм зэмгүй хохирогчийг сул доройгоор төсөөлдөг. Харин Тереза өөрийнх нь тохиолдолд үнэн эсрэгээр болохыг ухаарчээ. Тереза сул дорой чанараараа түрэмгийлсээр Томасыг гартаа тэвэрсэн бяцхан туулай болгон хувиргасан байв.”

Гурвалжны гурав дахь өнцөг бол зоргоор, чөлөөт амьдралын хэв маягаас урам зориг, хүч чадлыг ологч чөлөөт зураач Сабина юм. Сабина Томасын удаан хугацааны байнгын амраг бөгөөд өөрийн амьдралын чөлөөт хэв маягийг хадгалахыг юунаас ч илүү эрхэмлэдэг нэгэн. Томас, Тереза хоёрын адилаар Сабина 1968 онд Швейцар луу дүрвэдэг боловч тэднээс ягаатай нь Чехословак улсдаа эргэж ирдэггүй. Женевт Франц хэмээх шинэ амрагтай болж хожим түүнээ орхин Парис явж цаашлаад Калифорнид амьдрах болдог.

Товчоор бол Сабина чөлөөт байдлын биелэл аж: “Урвалт. Ухаан орохоос л бидэнд эцэг, эх, багш нар цөм урвалт бол байж болох хамгийн бузар үйлдэл гэж сургасаар ирсэн. Чухамдаа урвалт гэж юу юм бэ? Урвалт бол тогтон дагтаршсаныг эвдэхүй юм. Урвана гэдэг хуучин тогтолцоог нурааж шинийг туршихын нэр. Шинийг туршихаас илүү гайхамшгийг Сабина мэдэхгүй байв.”

Сабина өнгөрсөнтэйгөө зууралдах дургүй, түүний гэр бүл, үндэс угсаатайгаа холбогдох цор ганц сэжим нь ердөө ганц бүрх малгай болж таарна. 1948 онд Коммунистууд засгийн эрхэнд гарсны дараачаас хавчигдан зовох болсон өвөөгөөс нь өвлөгдөж ирсэн дугуй бүрх. Хөрөнгөтөн хийгээд хоосны бэлгэ тэмдэг.

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” бүтээлээ зохиогч 1975 онд эх Чехословак улсаасаа дүрвэж Францад суурьшиж байх ахуйдаа бичсэн учир тухайн цаг үеийнх нь амьдралын тодорхой үеүд романд буусан байх магадтай. “Хүн амьдралынхаа хэцүү бэрх цаг үеийг илэрхийлэхдээ дандаа хүнд зүйрлэлүүд ашиглах гэдэг. Түүний эмгэнэл хүнд биш хөнгөнөөс үүдэлтэйд учир байгаа юм. Сабинаг хүнд зовлон дарах бус харин тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй бүчиж байна. Хүн эцэг эх, нөхөр, эх орон, хайр сэтгэлээсээ урваж болно, гэтэл эцэг, эх, нөхөр, эх орон, хайр сэтгэл ч үгүй болоход хүнд юу үлдэх вэ? Сабина оргүй хоосныг л мэдэрч хоцордог. Урвалтынх нь эцэс ердөө ийм хоосон байвал яах вэ?”

Энэхүү дүрийн гурвалжин дотор Томасын амьдралын хэзээ ч эвлэрч нийцэхгүй мөртөө эн тэнцүү байр суурьтай хоёр туйл болох Тереза, Сабина хоёр чөлөөтэй шилжин нүүж байдаг нь Кундерагийн хүүрнэхүйн нэг онцлог юм. Гэхдээ энэ гурвалжин бол “Хүүрнэхүйн зорилго юу вэ?” гэх илүү нухацтай асуултын ердөө урьдач нөхцөл төдий.

Кундера: 20 дугаар зуунд амьдрагч сэргэн мандлын зохиолч уу?

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг Томас, Тереза, Сабина хэмээх гурвал хөгжмийн хоршин найрсах аялгуут хүүрнэл хэмээж болно. Басхүү сайх роман бол хүүрнэгчийн түүх юм. Өрнөж байсан романы үйл явдал дундуур хүүрнэгч гэнэт орж ирэн дүрүүдийн тухай өөрийн ажиглалтыг уншигчидтай хуваалцаж, Чехийн үүх түүхийг тайлбарлаж, философийн бэсрэг эсээ хөврүүлж, өөрийнхөө тухай бяцхан баримтуудыг дэлгэх нь энэ төрлийн хүүрнэхүйн хэв маягт дасаагүй уншигчдад бол нэн жигтэй.

Чухам энд л зохиогчийн романы үйл явдал дунд чөлөөтэй хутгалдаж, өөрийн санаа бодлыг зохиолын дүр хийгээд уншигчдад саадгүй илэрхийлдэг Сэргэн мандлын үеийн зохиолчдын арга барил ажиглагддаг. Чехийн утга зохиол судлаач Кветослав Хватик “Кундерагийн романы байгууламж” хэмээх эссендээ түүний анхны өгүүллэгийн түүвэр “Инээмтгий хайр” номынх нь тухайд ийн өгүүлжээ: “Энэ цаг үеийн ихэнх зохиолуудаас (дотоод монолог, ухамсрын урсгалд түшиглэсэн) Кундерагийн ялгагдах шинж бол түүний хүүрнэхүйн баяр бахдал, Бокаччогийн “Декамерон”-ыг санагдуулам сэргэн мандлын үеийн хүүрнэлийн зугаатай арга барил юм” гээд цааш нь “Кундера бол Рабле, Сервантес, Стерн, Дидро нарын хүүрнэхүйн арга барилын уламжлалыг санагалзах мөртөө тэдгээрийг хуулбарлан дуурайх бус орчин цагийн зохиолчийн оюун санаагаар өөрчлөн хувиргаж, шинээр бүтээн өөрийн хэв маяг болгон ашигладаг зохиолч.” Кундера “Романы туурвил” хэмээх өөрийн эсээ номондоо “Өдий хүртэл роман хүний амьдралын ёс суртахуунаас ангид нууцлаг орон зайг ил болгож чадаагүй” хэмээн түүний зохиолуудад түгээмэл үзэгддэг ёс суртахууны асуултуудаар уншигчдыг ээрэн хоргоож байдаг гүн ухаанч хүүрнэгчийнхээ уг үндсийг тайлбарласан аж.

Сэргэн мандлын үеийн хэв шинжит утга зохиолд зохиогч бол шууд утгаар бүтээгчийн бүтээгч юм. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романдаа зохиогч  роман хэрхэн бүтсэнээ тайлбарласан байдаг: “Томас миний санаанд олон жил хадаатай явсан. Гэвч мөнхүү эргэцүүллийн гэрэлд л би түүнийг тодхон харж байна. Арын цэцэрлэгийн хана туурга ширтэн гэрийнхээ цонхон дээр яахаа мэдэхгүй эргэлзэн зогсоо түүнийг харж болно... Өөрийн дүрүүдийг бодит хүн хэмээн уншигчаа ятгах нь зохиолч хүний хувьд утгагүй хэрэг. Дүрүүд маань эхийн хэвлийгээс бус нөхцөл байдал, үг өгүүлбэрээс мэндлэгсэд юм. Томас бол “Einmal ist keinmal” буюу “Ганц гэдэг оргүйтэй адил” хэмээх хэлцээс төрсөн” хэмээгээд энэ тухай цааш дэлгэрүүлэхдээ “Зохиолын дүрүүд хүмүүс шиг эхийн хэвлийгээс бус өмнө хэний ч нээж олоогүй, хэлээгүй, зохиогчийн дотор бүрэлдсэн хүний оршихуйн боломж, хувилбаруудыг агуулсан нөхцөл байдал, өгүүлбэр, зүйрлэлээс мэндэлдэг юм.” гэжээ.

Түүний зэрэгцээ Кундера зохиогч, дүрийн хоорондох уялдаа хамаарал ямагт таатай байдаггүйг онцолсон байдаг: “Зохиолч бүтээлдээ зөвхөн өөрийгөө л бичдэг гэдэг нь үнэн болов уу? Би зохиолдоо гарч байгаа бүхий л нөхцөл байдлыг мэднэ, цөмийг өөрийн биеэр туулсан авч тэдгээр үйл явдлын аль нь ч миний товч намтарт бичигддэг, намайг төлөөлөх бодит хүнд хүртээлгүй юм. Романы маань дүрүүд бол миний өөрийн ухаараагүй боломжууд билээ. Тиймээс л би дүрүүдээ хайрлахын зэрэгцээ айдаг. Дүр болгон бодит амьдрал дээр миний эвтэйхэн тойроод гарчихсан хил хязгаар луу нэвтэрч байдаг. Дүрүүдийнхээ гэтэлсэн энэхүү хязгаарт л би юу юунаас илүү сэтгэл татагддаг. Тэгэхээр роман гэдэг зохиогчийн өөрийн тухай наманчлал бус ертөнц хэмээх хавханд орсон хүний амьдралын задлан шинжлэл юм.”

Зохиол философитой ийн нягт уялддаг чанар бол сэргэн мандлын үеийн романы гол хэв шинж юм. Дидро, Вольтер, Руссо нарын 18 дугаар зууны хүүрнэлүүд бол роман хэлбэрээр бичигдсэн философийн эсээнүүд байдаг. Мөнхүү романы дүрүүд ч философийн асуулт ургуулж болох эгзэгтэй нөхцөл байдалд орсноор дүрслэгддэг, ийм уламжлал Европын утга зохиолын сонгодог туурвил Сервантесын “Кихот ноён” романаас улбаатай.

Тэгэхээр гүн ухааны яриа өдүүлэх нь Кундерагийн хүүрнэхүйн зорилго байж. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романд үзэл бодлын ялгаатай баримтлал бүхий Европын хоёр гүн ухаанч  Ницше, Парменид нарын гүн ухааны үзэл гардаг. Зохиогч романдаа Томасын тухай “Тэр Парменидын шидэт талбар луу нэвтэрч, оршихуйн хөнгөн чанарт автан мансуурч байна” гэж зурагласан байдаг. Харин Парменидын хөнгөний тухай үзлийн эсрэгцэл болох Бетховенд холбогдох хэсгээс Ницшегийн эргэцүүллүүд цуурайтаж байдаг: “Парменидаас ялгаатай нь Бетховен хүнд гэх ухагдахууныг сайшаагч байсан. Хувь тавилангийн зайлшгүй л хүчирхэг нь аргагүй дуурсан цуурайлна, гарцаагүй байдал, хүнд, үнэ цэнэ хэмээх гурван ухагдахуун салшгүй холбоотой: гарцаагүй байдал хүндийг, хүнд үнэ цэнийг дагуулдаг. Метафизик хүндийг нуруундаа үүрэгч л чухам Бетховены эрхэмлэн хүндлэх баатар аж.”

Романд бол тэрхүү “метафизик хүнд”-ийг нуруундаа үүрэгч нь өөр хэн ч биш Сабина\Парменид болон Тереза\Ницше хоёрын дунд эргэцэх Томас юм. Энэхүү зөрчил гэвч Томасын хүний оршихуйн тухай өөрийнх нь эргэцүүллээр тайлагддаг: “Хүн угаас амьдралаас чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Бид зүйрлэж жишихийн аргагүй ганцхан хувь амьдралыг туулдаг болохоор анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөрших боломжгүй. Харьцуулах туршлага байхгүй болохоор аль нь илүү оновчтой шийд болохыг хэмжих аргагүй. Тиймээс амьдралыг тулсан даруйд нь туулаад гарахаас өөр замгүй... “Einmal is keinmal” гэж Томас өөртөө шивнэв. “Ганц гэдэг оргүйтэй адил” хэмээх утга бүхий герман зүйр үг. Тэгэхээр ганц амьдарна гэдэг угтаа амьдраагүйтэй адил гэсэн үг.”

Егөөдөл хэмээх аврал

Сонголт гэж ердөө хуурмаг үзэгдэл төдий юм бол “тэвчихийн аргагүй хөнгөн” хэмээх ухагдахууныг шийдэх тохиромжтой философийг Кундера эрэлхийлсэн мэт санагддаг. Зохиогчийн өөрийн ухаараагүй боломжид хамгийн дөхүү дүр бол Сабина. Дугүй бүрх донжтойхон духдуулсан эл бүсгүй өөрийгөө болон тогтсон ёс, хариуцлагыг дооглон тохуурхагч нэгэн. Сабинагийн гол зэвсэг бол тохуурхал, гол дайсан нь сүржигнэл (kitsch).

Романы зургаадугаар бүлэг бүхэлдээ “хэнээрхэл, сүржигнэл” хэмээх утгатай Герман үг болох kitsch-ийн тухай гэж болно. Kistch-ийг үзэн яддаг болохоор л Сабина улс төрийн хэнээт үзлээсээ болж хожим Бангкокт амиа алддаг Швейцар амраг Францаасаа салдаг: “Зүүний үзэлтнүүдийг онол сургаал бус харин ямар ч онолыг Ялалтын жагсаал мэтийн сүржигнэлд хутгаж орхидог хэнээрхэл  л зүүний үзэлтэн болгож байдаг юм.”

Зохиогч Kitsch хэмээх ойлголтыг ийн тайлбарлажээ: “Kitsch нүднээс тань цувран унасан хоёр дусал нулимсны шалтаг болсон байг. Тэгвэл эхний нулимс “Өвсөн дээгүүр хүүхдүүд гүйлдэх нь хэчнээн сайхан юм бэ!” хэмээн дуслах бол, хоёр дахь дусал “Өвсөн дээгүүр хүүхдүүд гүйлдэх нь, ер хүн төрөлхтөн гээч хэчнээн сайхан юм бэ!” хэмээн дусална, сүүлийн энэ нулимснаас л kitsch эхэлж байгаа юм.” Мөн зохиогч kitsch улс төрд бэхжин хутгалдахаар яадаг тухай ийн бичиглэжээ: “Улс төрийн ганц хүчний эрх мэдэл хаа сайгүй ноёрхсон нөхцөлд kitsch-ийн дарангуй засаглал тогтдог. Kitsch-ийн тогтолцоог зөрчсөн аливаа бүхнийг, тухайлбал хүний хувийн орон зай, эргэлзээ, элэглэл бүхнийг хуу хорьдог. Kitsch-ийн  ийм дарангуй засаглалд бүхий л хариуг урьдчилан гаргасан, асуулт тавих орон зай үлдэхгүй. Асуулт тавьдаг хүн kitsch-ийн засаглалын гол дайсан гэсэн үг. Асуулт бол тайзны хөшгийг хүү татан ард нь нуугдаж буй бүхнийг илчлэгч хутгатай төстэй. Хөшигний наана илэрхий худал, цаанаа нь далд үнэн бий.”

Тэгэхээр Kitsch-д зөвхөн асуулт болон бараан хошигнол-егөөдлөөр л хариу барьж болох аж. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман ийм шүр, сувд мэт чамин егөө, хошигнолоор дүүрэн.

Кундера чамгүй ёжтой бичлэгтэй: “Томас энэ үед зүйрлэл гээч хэчнээн аюултайг хараахан ухаараагүй байв. Зүйрлэлийг хөнгөнд бодож болохгүй. Ганцхан зүйрлэлээс хайр ургаж ч мэднэ.”

Романы нэг гол дүр болох Томас, Тераза хоёрын нохойг танилцуулахдаа зохиогч тун ёжтой бараан хошигнол нэржээ: “Терезагийн шаналанг нимгэлэх гэж Томас түүнтэй гэрлэж, мөн бяцхан гөлөг бэлэглэжээ. Хоёул өнөөх гөлөгтөө нэр өгөхөөр болов. Томас бол нохой Терезагийнх гэдэг нь шууд ойлгогдохуйц тодорхой нэрлэхийг хүсэж байв, гэтэл анх Прагад ирэхдээ Терезагийн гартаа барьж явсан ном Томасын санаанд гэнэт буужээ. Тиймээс мань эр гөлгийг Толстой гэж нэрлэх санал гаргав.”

“Толстой гэж болохгүй ээ. Энэ чинь охин гөлөг. Анна Каренина гэвэл яаж байна?” хэмээн Терезаг асуусанд Томас

“Анна Каренина ч тохиромжгүй нэр. Ямар ч эмэгтэй хүн ийм инээдтэй царай гаргахгүй. Энэ амьтан Каренинтай л илүү төстэй юм. Аннагийн нөхөр. Надад бол нөхрийнх нь царай л харагдаад байна” гэв.

“Гэхдээ Каренин гэж эрэгтэй нэр өгөхөөр хүйсийнх нь шинжид нөлөөлөхгүй биз?”

“Нөлөөлж мэдэх л юм. Эм нохойнд эрэгтэй нэр өгөхөөр ижил хүйстэндээ илүү элэгтэй байдаг гэсэн шүү.” Хачирхалтай нь Томасын үг үнэн болж таардаг.

THE UNBEARABLE LIGHTNESS OF BEING, Juliette Binoche, 1988, ©Orion Pictures

Сабина ч ялгаагүй ёжлолын мастер гэж болно: “Оросууд Чехословак улсыг эзлэн түрэмгийлснээс хойш 7 хоногийн дараа Сабинагийн зургийн үзэсгэлэн Женевт нээлтээ хийж таарав. Харь оронд эзлэгдэн зовж буй ядарсан орны зураачийг өрөвдөхдөө тэндхийн баячууд бүх зургийг нь үлдээлгүй худалдан авчээ. Харин Сабина “Оросуудад баярлалаа, би баян эмэгтэй боллоо” гэж талархал илэрхийлдэг.”

Улс төрийн хошигнол ч романд чухал үүрэгтэй. Кундера тухайн үед нууц албаныхны хэрэглэж байсан аргыг ийн дүрсэлжээ: “Нууц албаныхан урван тэрслэгчдийн яриаг нууцаар чагнан бичиж авснаа олон нийтийн радиогоор цацдаг байсан нь зөвхөн Прагад л хэрэгжсэн гайхамшиг байлаа!” Кундерагийн ёжлол, хошигнолууд нь мөн тун чөлөөтэй. Томаст өөрийнх нь хөнгөн явдалт өнгөрснийг мэддэг эмэгтэйн гэрийн цонхыг угаах тохиол таартал өнөө эмэгтэй түүнтэй загас наадуулах хүсэлтэйгээ илэрхийлдэг, сайх хэсгийг зохиогч ийн ёжтой гаргадаг: “Эцсийн бүлэгт би биш манай нөхөр төлбөрийг чинь хийнэ (цонх угаасан төлбөр). Бас төлбөр чамд биш төрд очно. Тэгэхээр бид хоёрын дунд ямар ч хэлцэл болоогүй гэсэн үг.” 1970-аад оны Прагын тийм харанхуй цаг үед ёж, егөөдөл л хэцүү бэрхээс зугтах ганц арга зам байсан биз.

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман бол гүнд нь олон дүр, амьдралын баялаг өнгө төрх сүлэлдэн хангинах нүсэр симфони юм, гэвч уг симфони уншигчийг барьж тодорхойлохын эцэсгүй жигтэй эргэлзээнд хөтөлдөг: “Ницще мөнхийн эргэлтийг хамгийн хүнд зовлон хэмээсэн учир ийм аж. Мөнхийн эргэлт гэгч хамгийн хүнд зовлон юм бол хүний зуурдын амьдрал хамгийн хялбар зол жаргал болж таарна. Парменид хөнгөнийг эерэг, хүндийг сөрөг хэмээн үзжээ. Түүний зөв үү, эсвэл буруу юу? Энэ л асуудал. Хөнгөн хийгээд хүндийн эсрэгцэл хамгийн ярвигтай, холбиромтой нь буюу.”

Хэдий зохиогч романдаа эцсийн хариу оноож өгөхөөс татгалзсан ч 1983 онд Paris Review сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний энэ роман бол дүгнэж, цэгнэдэг хахир орон зай бус, харин таашаан зугаацаж, таамаг дэвшүүлдэг чөлөөт бүс юм” хэмээжээ. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг уншихаар л амьдралд яаж ийгээд тэвчээд үлдчихмээр болдог юм.


Түр хүлээнэ үү...
Top