Гал цогтой найрагч О.Дашбалбартай би ганцхан удаа уулзсан юм. 1995 оны хавар. Бүр тодруулбал гуравдугаар сарын хорины өдөр. Он сар тийм чухал биш ч, одоо бол тодосгож өгмөөр санагдлаа. Яруу найрагч Ч.Дагвадорж гуай, өөр хэдэн хүний хамт манайд ирсэн юм. Ажил албаны гэхээсээ илүү уран бүтээлчийн шугамаар л явсан болов уу, сайн хэлж мэдэхгүй байна.Тэр үед би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд амьдарч байв. Аравдугаар анги төгсөөд хоёр жил болох гэж байсан үе, жинхэнэ уйтгар, жинхэнэ ганцаардал гэгч тэнд л байв шүү. Гэрэл цахилгаан өвөлдөө л гурав дөрвөн цаг асдаг, утасны шонд өлгөсөн цагаан хоолой нь цахлай шиг дуугардаг, өөрөөсөө өөр хүнтэй бол бараг л уулзахгүй шахуу тийм сууринд миний амьдралын тав орчим жил өнгөрсөн юм даа. Зурагтаар эхлээд мэдээ, дараа нь хүүхэлдэйн кино, тэгээд аар саар нэвтрүүлэг, ярилцлага, дундуур нь дахиад мэдээ, төгсгөлд нь, аз таарвал, хуучны оросын ч юм уу нэг кино гарна. Ингээд л гүйцээ. Заримдаа кино дуусаагүй байтал гэрэл унтардагсан. Базаад хэлвэл нэг иймэрхүү л дүр зураг санаанд бууна. Тэнд мөн ч зожиг, түгжигдмэл, буланд хоргодсон сүүдэр шиг амьдарч байж дээ. Нэгэн хэвийн давтамжтай, гадаад ертөнц хаалттай, бөглүү тийм сууринд би шүлэг бичих дон тусаж билээ. Шороогоор барагтай л бол шуурдаггүй сонин суурин шүү.“Хуучирч навтайсан хэдэн байшин нь одоо ч нүдэнд харагдаж, турлиахнууд нь дээврийн хөндий рүү шургалан орох нь сонсогдох шиг. Худгийн онгоц дээрээс хэдэн бор шувуу сархийн нисэх шиг. Эмнэлэгийн цагаан байшингаас нь эртний хүн гарч явах шиг. Тэндхийн бүх юм тэнгэрт хөвж яваа цагаан үүлний тусгал шиг. Энэ үеэс надад үлдсэн юм гэвэл: Хэн нэгнийг хүлээсэн догдлол, /хэн юм бэ бүү мэд/ хэлж боломгүй гуниг, усны мяралзаан шиг уйтгар, тэгээд л дуугүй суух юм уу даа.” Дуугүй суух дуртай болсон тэр л насандаа би жинхэнэ яруу найрагчийн барааг харав. Эхлээд олон хүнээс баахан дөлсхийн гадаа зогсож байлаа. Ээжийг дуудахад л гэртэй орсон сон. Гэрийн хойморт хөө хуяг шиг хөх саарал ноосон цамцтай, сагсгар нохой гуталтай, хийморьтой яруу найрагч Дашбалбар, хажууд нь нутгийн найрагч буурал Дагвадорж гуай, тэгээд доошоо дагалдагсад нь суужээ. (Хүүхдийн зохиолч Д.Давааням гуай явсан юм байна шүү) Дотно халуун яриа ид өрнөжээ. Би хатавчны хавьцаа л суусхийлээ. Дашбалбар найрагч л голдуу ярьж, бусад нь сонсоно. Түүх соёл, дурсгалт газар орны тухай ихэд бахтай хүүрнэж байсан нь сэтгэлд тод. Хөгтэй явдлуудаа ч ярин хөхрөлдөж байв. Үе үе танхайдуу үг амнаасаа унагах агаад үүнийг нь хүмүүс үл тоох бөлгөө. Алт унасан юм шиг л тосож авах аж. “Сүрлэг найрагчийн сүүдэр хүртэл дулаахан байдаг юм шиг ээ.” Надад бол: Юу юугүй нисэх гэж буй уулын бүргэд шиг л харагдсан. Аав ээж хоёр минь ирсэн зочдыг ихэд хүндэтгэж байгаа нь үзтэл илэрхий. Ээж минь маш хичээнгүй хоол цайгаар дайлж байсан сан. Арга ч үгүй дээ. Алдартай яруу найрагч гэрт нь зочилсон юм чинь. Гэрт бүгчим, олон хүнтэй тул би бушуухан гарахыг л хүсэвч энэ хүслийг минь үл мэдэгдэх хүч хазаарлаж байв. Бас аав дуудсан нэгэн учир буй.О.Дашбалбар найрагч аавд хандан:-Уулзалт сайхан боллоо. Сумын иргэд таатай хүлээж авч байна. Хүн зоных нь ахуй амьдрал, хүсэл сонирхол юу вэ гэдгийг тандаж мэдлээ. Хөвсгөлийн ард түмний зан заншил, олон ястны өлгий нутагтай лавхан танилцах учиртай. Бид Чингүнжавын дурсгалт газруудаар явна, та хамт явалцана биз дээ, үндэснийхээ түүх соёлыг хайрлаж хамгаалах цаг ирж байна даа гэхчилэн ярьж байсан. “Муу юмыг жаахан дарж байх хэрэгтэй шүү” гэж аавд аминчлан хэлж байсан нь санаанаас гардаггүй. Шударга бус байдал хаа сайгүй үүрээ засаад эхэлчихсэн, хулгайч луйварчид нь хутгаа билүүдсэн тийм л цаг шүү дээ. Үүнийг л тэрбээр муу явдал гэж хэлсэн болов уу? Аав минь тэр үед тус сумын даргаар ажиллаж байсан юм. “Манж хятадад урваж шарвасан ноёд шиг одоогийн энэ түшмэд эх орноо худалдахаас ч сийхгүй.” Сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн сэн. Олхиогүй түшмэдүүд яаж дураар авирлаж, дунд чөмгөөрөө жиргэхийг одоо ч ард түмэн харсаар байна. Ханаж цадахгүй улс юм даа тэд. Тэр үнэхээр галав эриний зөнч хүн байжээ. Яриа хөөрөө хавтгайрах үед, хэн ч билээ дээ нэг нь: “Та Талын хөх чоно шүлгээ уншиж өгөөч” гэв. Тэрбээр үл ялиг мушилзсанаа:
Би талын хөх чоно
Сур шиг сунаж
Сухай шиг улайж
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлдсэн
Би талын хөх чоно! хэмээн эхний хэсгийг нь нэг л намуухан уншсан сан. Намуухан унших нь түүнд огтхон ч зохихгүй байсан бөгөөд дараа нь эх орны тухай нэг шүлгээ өөрөө хүмүүст уншиж өгсөн сөн. Эх нутгийн тухай шүлгээ унших нь эгээ л тулаанд ялсан баатар шиг. Ингээд л шүлэг зохиол руу ярианы сэдэв шилжих үед аав над руу дохин: Манай хүү шүлэг бичдэг юм аа. Та нэг хараач гэснээ, надад хандан, бичсэн юмаа аваад ир гэвэй. Би ч ёсоор болгоод, аавын хажууд очиж зогслоо. Нэг биш хүн “бичсэн шүлгээ сайхан унш” гэх дуулдав. Надад бөөн зовиур шүү дээ тэр чинь! Тэгтэл, ашгүй Дашбалбар найрагч, “Алив нааш нь би энд хараад орхиё” гэж хэллээ. Тэнгэрлэг найрагч миний зовиурыг мэдэрсэн байх л даа.Бид хоёр их юм яриагүй ээ. Би яриа хөөрөө тааруу, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, дээрээс нь жаахан бүрэг хүүхэд байжээ. Ноомой амьтан л зогсож байсан болов уу? Элдэв юм ч надаас асуусангүй. Гаргац муутай бичсэн шүлгүүдийг минь хүмүүсийн зай завсраар “зав” гарган уншиж амжсан юм. Тэгээд: “Улиасны нарийхан мөчрөөс гэрэлт нахиа цухуйхуй
Унтарсан гал асах шиг мартагдсан хайр сэдэрнэ...”
“Бүрэлдсэн тараг шиг цагаан манан нэвсийж
Бүгээн цагаан гэрэл нар үгүй цайвалзаж...” гэх мэт мөрүүдийг хуруугаараа даран зүгээр гэж хэлсэн бөгөөд, харин,
“Энд харанхуй байна анд минь
Эзэнгүй золбин ноход хуцалдан байна...”
“Янцгаах дуутай хүлгийн яс нь үлдэнэ
Яс зуусан хорвоо ясыг нь химлэнэ...” зэрэг шүлгүүдийг онцлон энэ дэмий, яруу найраг бол гэгээн зүйл гэхчилэн өгүүлж байсан нь сонсогддог. Бас:“Өлгийний үнэрээр амьсгалж, авс нь амилдаг”“Бурхны нулимсанд согтож, чөтгөр нь агсамдаг...энэ мөрүүдийг гүйлгэж биш тогтож харсан! Хүмүүс түүнийг үнэхээр хүндлэн хайрлаж байсан нь санаанаас гардаггүй юм. Гэр дүүрэн хүн, тооноор савсах халуун уур. Энэ халуун уур бол эх орон, газар шороогоо гэсэн яруу найрагчийн сэтгэлээс үүдэлтэй. Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсанҮр ачдаа хүлээлгэж өгнө!Ариун ийм үзлээр тэнд цугларагсад амьсгалж байсан бөгөөд манай гэрийн гадаа гар барихаар хүлээж зогссон олон хүнийг би танина. Одоогийн ойлголтоор бол од. “Оддын аялгуу” номонд нь одны тухай шүлэг олон. “Өглөөний цэцэгсийн дундуур хөл нүцгэн явахад
Өнгөрсөн шөнийн алжаалаас сэрэхгүй унтаж байдаг
Эргээд од болохгүйгээ мэдсэн жижигхэн шүүдрүүд л
Эцсийн удаа уйлсан юм шиг гялтганан байдаг...”
“Одод алтан дээвэрт байшин
Орчлонг ширтсэн мөнгөн цонхоор нь
Тэнгэрийн хүмүүсийн мянган нүд
Тэртээгээс манийг шохоорхоно...”
“Од зүрх хоёр минь орчлонгийн уудамд зэрэгцэн лугшина
Ойр холоос бие биедээ авианы дохио өгч, өнгөний сүлжээ нийтгэнэ...”гэх мэтээр цааш үргэлжилнэ. Од бол түүний дуулах дуртай дээд өнгө нь байжээ.Газар, тэнгэрийн авиаг оюун сэтгэлдээ зурсан энэ яруу найрагч нутагт минь ирээд, ганцаардлыг минь арай өөр өнгөөр сольж өгөөд буцсан юм даа. Тэр өнгийг тийм гэж онож хэлшгүй. Тэгэхдээ л тэмтрэгдээд байдаг юм дээ. Тэрбээр надад: “Бакула хувилгаан” хэмээх цагаан шарын хавтастай нимгэхэн номон дээр гарын үсэг зурж өгөхдөө:-Чи дээд сургуульд сурна шүү. Улаанбаатар хот орохоороо надтай уулзаарай гэж хэлээд, утас, хаягаа үлдээсэн юм. Тэднийг явахад би түлээгээ хагалж зогссон бөгөөд зүрхний минь алсад бяцхан түүдэг дүрэлзсээр л байсан.“Бакула хувилгаан” хэмээх тэр ном надад өнгөрсөн цаг руу нэвтрэх баримжаа, басхүү нэгээхэн баримт болон үлджээ. Нимгэн энэ ном ач тусаа өгсөн буй. “Хүсэн залбирахуй” шүлэгт нь:
Яг дэргэд минь бурхан буйг мэдэвч
Яахын аргагүй хол буйг нь мэдэрнэм
Оюун сэтгэл минь ариусаагүй учир
Орон цагийн ялгааг ялж үл чаднам гэсэн бадаг бий. Тэрхэн үедээ би яг л ийм байсан болов уу?О.Дашбалбар, Ч.Дагвадорж, Д.Давааням нарын зохиолчдтой аав минь хамт явж, Мөнх хааны гэрэлт хөшөөнд сөгдөж, эртний тахилгат Цагаанчулуутын овоонд мөргөж, Эрчүүгийн цагаан балгасны туурийг үзэж, Дэлгэрмөрний хөвөөнд сэржим өргөсөн гэдэг. Омголон найрагч маань улам омогшиж, баярлан бахархаж байсан гэж ойроос харсан аав минь хожим надад ярьсан сан. Оройхон аав минь халамцуухан буцаж ирэхдээ, өврөөсөө тэмдэглэлийн дэвтэрээ гаргаж, О.Дашбалбар найрагчийн захиасыг надад дамжуулсан юм. (Улаан өнгөтэй тэр тэмдэглэлийн дэвтэр надад буй) Аавын албаны дэвтрийн голын хоёр хуудсан дээр: “Унших ном” гэж 35 нэр жагсаан бичжээ. Тэдгээрийг нэг бүрчлэн дурдая. Номын нэр ишлэх ч бас гоё шүү дээ.Махатма Ганди “Миний намтар”, Ев.Богат “Мөнхийн хүн”, “Ойлголцол”, Р.Бернс “Гуниггүй ядуус”, В.Шекспир “Данийн хунтайж Гамлет”, Шиллер “Хар санаа, хайр сэтгэл”, Х.Хайне “Яруу найраг”, Гетё “Шүлгүүд”, Ли Бай “Шүлгүүд”, М.Ю.Лермонтов “Манай үеийн баатар”, “Шүлгүүд”, Уолт Уйтмен “Өвсний навч”, Э.Хемингуэй “Зэр зэвсэг минь баяртай” “Африкийн ногоон толгод”, А.С.Пушкин “Евгений Онегин”, Л.Н.Толстой “Дайн ба Энх” 1,2,3,4 боть, “Анна Каренина”, И.С.Тургенев “Эцэг хөвгүүд”, “Ася”, Гончаров “Обломов”, “Жирийн нэг явдал”, А.П.Чехов “6 дугаар тасаг”, Е.Евтушенко “Ангарын гал”, Ноён хутагт Равжаагийн түүвэр, Д.Нацагдоржийн түүвэр, Б.Явуухулангийн түүвэр, М.Цэдэндорж “Нутгийн чулуу” “Бурхан буудайн хөх салхи”, Г.Сэр-Од “Шөнийн онгоцоор”, Н.В.Гоголь “Амьгүй албат, “Тарас Бульба”, “Петербургийн туужис”, О.Бальзак “Гобсек” “Эцэг Горио”, Свифт “Гулливерийн аялсан түүх”, Ф.Рабле “Гаргюнта Пантюгрэл”, Гомер “Хомерийн туульс”, “Нибулингийн дуулал”, “Роландын дуулал”, “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”, А.Блок “Шүлгүүд”, Р.Гамзатов “Миний Дагестан”, “Уулынхны эх орон”, “Сэтгэл зүрх минь ууланд”, Кайсын Кулиев “Шархтсан чулуу”, М.Цэдэндоржийн орчуулга “Зөвлөлтийн шилдэг яруу найраг 1, 2 боть гэжээ. Зам зуур явахдаа эдгээр номуудыг уншаасай хэмээн тэр бодож, тэгээд бичиж надад илгээжээ. Яруу найрагчийн элгэн халуун сэтгэл юм даа. Хөдөөх хүүд үзүүлсэн том хүндэтгэл байжээ. Үнэнийг хэлэхэд би дээрх нэр дурдагсан номуудыг бүү хэл, өөрийг нь ч уншаагүй л явж! Миний алмай зан байх! Өөр бас бус юм аавд хэлсэн л гэдэг. Тэрийг энд дурдах нь илүүц биз ээ.Энэхүү номын жагсаалтын арын хуудсанд доорх зүйлийг бичжээ.Яруу найрагч анхаарах зүйлс:1.Шударга байх 2.Хүнлэг байх. 3.Эр зоригтой байх 4.Боловсрол төгс байх 5.Хөдөлмөрч байх 6.Цог жавхлантай байх 7.Маш цэвэрхэн хувцаслах 8.Бүдүүлэг явдал бие, хэл, сэтгэлээр үл үйлдэх 9.Тэвчээртэй байх гээд гарын үсгээ зуржээ.Анхааруулах зүйлс дотроос би одоо долоо дахь нь буюу “маш цэвэрхэн хувцаслах” гэдгийг онцоллоо. Учир нь: Тэр үед би орос бакиалтай, хар даавуун дээлэн дээр авга ахын цэрэг суран бүс бүсэлсэн, үс нь ургасан, хөгийн амьтан зогсож байхгүй юу? /Би үсээ ургуулах үнэн дургүй. Өрвийгөөд, муухай дээрээ муухай болчихдог юм. Тэгэхэд ургасан байж таарчээ/. Тэр үед чинь юун үсчин, юун халуун ус, үзвэр үйлчилгээний газрууд үүдээ хаасан, үмх талхаа яая гэж байсан үе. Нэг иймэрхүү дүр төрхтэй түүнтэй уулзсан болохоор ингэж анхааруулсан болов уу даа. Энэ анхааруулгыг би хувьдаа хүлээж авч, хуучин ч байг, хувцсаа цэвэрхэн өмсөхийг хичээдэг болсон юм. Бас миний мэдлэг боловсролын хэмжээг гярхай олж хараад, сургуульд сурна шүү гэж шавдуулсан буй заа. Харин тэр үед би сургуульд сурахгүй, малчин болно гэсэн мугуйд бодолдоо итгэчихсэн байсан. Юунд тэр вэ? Эргээд бодохоор энэ хэдэн жил нэг л этгээд санагдаад байдаг юм.Намар нь надад хэл чимээ ирлээ. Би зэргэлдээх суманд өвөө эмээ дээр оччихсон анчин ахын морь хөтлөгчөөр тохоон томилогдоод байв. Хар үүрээр гараад, харанхуй бүрэнхийд л ирнэ. Ахыг даган уул хадаар тэнэж явах сайхан л байж дээ. Тэгж явахдаа л би: мананд, буганд, хөх буханд, ойн цөөрөмд, нам гүмд, салхинд хайртай болсон шиг ээ. Аав сумын холбоогоор дамжуулж “намайг ир” гэж хүнээр хэлүүлжээ. Өвөө түргэн явж үз гэв. Эмээ харин дургүй янзтай. Дэлгэрмөрний зүүн эрэгт аав намайг тослоо. “Миний хүү сургуульд ор, чиний сонирхолд яг цав нийцнэ хэмээв. Сургуульд орох нь бололтой. Хавар ирсэн яруу найрагчдаас улбаатай ажээ. Дүү бас сургуульд орох тул аав бид хотыг зорив. Баруун дөрвөн замд байрлах “Дорно дахины гүн ухааны дээд сургуульд" орох юм гэнэ. Аавтай хамт сургууль дээр нь очив. Хаяг, энэ тэрийг нь ч сайн анзаарсангүй, нэг өрөөнд орлоо. Зүс үзсэн боровтор, дугуй царайтай хүн сууж байсан санагддаг юм. Захирал нь байсан юм болов уу. Хожим мэдэхнээ яруу найрагч С.Батмөнх гэдэг хүн байжээ. Өрөөнөөс нь бид хоёр нэг их удалгүй гарсан сан. Аавдаа би, “гарья л гэж хэлсэн. Яарч байснаа л санадаг юм. Яагаад яарсаныг Янжинлхам бурхан л мэдэх байх. Юу намайг дуудаж, юунд тэгтлээ адгаснаа одоо ч ойлгоогүй хэвээр л...Уулзаарай гээд, утсаа өгсөн яруу найрагчаа ч асууж сурсангүй. Учир битүүлэг хэвээр нутаг буцав. Ахиад л салхи...ахиад л эл хуль, ахиад л өвөө эмээ...эргэж буцалтгүй одох ёстой он жил. Ер нь юуг ч орхиж болмоор тийм нэг үе намайг дайрсан юм даа. Ганц л юм...шүлгээ бичихээ арай ч орхиогүй. (Анхны номоосоо хойш арван жил шүлгээс хөндийрсөнийг эс тооцвол шүү дээ)Хойтон хавар нь миний анхны ном “Шар навчны сүнс” (1996), хэвлэгдсэн юм. Гал цогтой яруу найрагчийн оч дөл нь үсэрсэн буй заа. Тэр номонд түүний “дэмий” гээд хуруугаараа зааж байсан шүлгүүд ч орсон. Нээрээ эргээд харахад дэмий нь олон юм аа. Эргэж харснаасаа болоод л нэлээд хугацаанд би шүлэг бичихээс татгалзсан. “Явж явж эргээд харсан чинь чиний бичсэн яруу найраг биш байвал яах вэ?”“Од гарагийн алтлаг тоос унасаар Хүүгийн минь зулай битүүрлээ...” гэсэн хоёрхон мөрөөр амьдралын утга учирыг оносон энэ яруу найрагчийн дэргэд миний шүлгүүд жолдох нь аргагүй. Хүүхдийн зулай ингэж битүүрдэг байх нь ээ. Од гарагийн алтлаг тоос унасаар...Орой руу нь юу ч юм орсоор...Хүний оюун ухаан бүрэлдэх онцгой үйл явц энэ бус уу?
Голын чулуу дэрлэн
Цагаан шөнө унага шиг
Унтжээ.Г оо сайхныг олж харахад шөнө ч саад болохгүй. Өдөр-Шөнө. Тэр унаганы зүүдэнд голын ус харгилж, өвс ногоо сэрвэгнэж, уул ороосон улбар шар зам зурайж, загас хааяа нэг цүлхийн амарч, сарны туяа хөл доогуур нь урсана. Яруу найраг бол гэгээн зүйл гэж тэр надад хэлсэн нь энэ гурван мөрөөр дэндүү тодорхой илэрч байна. Тийм ээ, яруу найраг бол гэгээн зүйл, би ойлгосон.“Амьдрал гэдэг нэг л бүтэн өдөр юм шиг санагдана” гэж тэрбээр санааширчээ. Яруу найрагчийн тэртээх өдрүүд номынх нь хуудаснаас гэрэлтэн харагдаж, горхи чулуутай харгин хөгжим үүсгэж, урт намар шувуудын дуугаар шүүрс алдаж, цагаан мөөгний бороонд нутаг нь сүүмийж, ядарсан аянчин зэрэглээнд хууртаж, өвөг дээдсээс бэлгэнд ирсэн толгод шоволзож, бий болохын тулд бүх юм алга болж, цагаан үлгэр сэмхэн шивнэж, ногоон тэнгисийн долгис хойно хойноосоо хөөцөлдөж, Наранбулаг нь цусны эргэлт тоолон хоржигнож, өвгөн шөнө жигүүр дэлгэн одож, тариа будаа урьдын адил шилбэн дээрээ ганхаж, таван мянган жилийн дараа эргэж ирэхсэн гэж бодож, өнгөрсөн цаг руу Пушкинээр дамжин шогшиж, өөр гарагийн гэрэл туяанаас Нацагдорж сүүмэлзэж, Спартакийг даган довтолгож, Бетховений хоёр дүрийг олж харж, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгч, үзэж харах биегүй болсон хүнтэй уулзаж, шидэт ертөнцийн салхи байн байн сэвэлзэх бүлгээ.Хомерийг унших бүр хэдэн мянган жилийн өмнө таалал төгссөн Хомер бидэнд эргэн ирж, Ахиллес, Хектор хоёрын нэрийг Хомер бидний амаар давтаж байна. Аяа, ийнхүү эцэс төгсгөлгүй бодож болох орчлонд хорин гуравхан насалсан Гомбын Сэр-Од хэмээх найрагчийг урин дуудаж:
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинд
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахайн час час хийх төмөрлөг дуун намрыг урин шагширна...Сэр-Одын амьдарч асан аргын мянга есөн зуун гучин хэдэн оны үеийн намрын энэхүү зураг Сэр-Од яаж мэдрэн бидэнд дамжуулсанаар л үлджээ. Яруу найргийн мөнхийн шид нь энэ бөгөөд, зохиогч нь өөрөө мөнхрөх гэсэндээ бус, хүний сэтгэлд яруу сайхны таашаалыг гайхамшигтай сайхан намрын зургаар үлдээж, түүгээрээ хүнд сайн сайхан бодол төрүүлж, хүнийг сайхан болгох гэсэн юм.../Шидэт ертөнц.268-р тал/ Тэгвэл Очирбатын Дашбалбар хэмээх яруу найрагч намрын шөнө голын эрэг дээр охиноо хөтлөн зогсох тэрхүү он цаг руу:
Намрын шөнө голын эрэг дээр охиноо хөтлөн зогсном
Надад усны сэрүүн амьсгал нэгийг бодогдуулах авч
Жижиг навч шиг охины минь халуун алга
Жил сараас авч үлдсэн өөрийн ганц амь ажээ.../Шидэт ертөнц. 283-р тал/ гэсэн шүлгээр дамжин очиж болно. Энэ шүлгэнд сэрүүн шөнийн салхи зурагдсан ч, охиных нь халуун алганаас он цагийн илч дулаан сэтгэл рүү нь нэвчиж буй билээ. Тиймээс намрын шөнийн шүлэг хачин дулаахан байна. Ерөөс жил сар гээч жижигхэн охины л алга шүү дээ. Жаахан охинтой хүний хувьд энэ илчийг би мэднээ. Охиноо хөтлөн би ч голын эрэгт очих дуртай бөгөөд дээр дээрээсээ давхцсан олон асуултанд нь бүдэрч зогсох сайхан л байдаг даа. Яруу найргийн мөнхийн эргэлт, тайлагдашгүй давтамж нь энэ юм....
Нарт хорвоогоос явж буй хэн бүхэн
Намайг жаахан жаахнаар авч одно
Эргэж ирэхгүй дүр төрх нь надад үлдэж
Эцсийн өдрөө хүртэл, тэднийг тээж явнам
Надад итгэн үлдээсэн уулс, нар, одод
Намрын улиас, гол усыг нь хайрланам
Сансрын хязгааргүйд одсон олон хүний
Санаа бодлыг би хадгалж явнам.../Шидэт ертөнц.117-р тал/О.Дашбалбар найрагчийг:- сансрын хязгааргүйд одсон олон хүний санаа бодлыг хадгалаж явсан гэдэгт, дүр төрхийг нь эцсийн өдрөө хүртэл тээж явсан гэдэгт, итгэж үлдээсэн уул усыг нь хайрлаж явсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Өгөөмөр сэтгэлтэй найрагч явсныг нь өргөн түмэн мэдэх билээ л...
Үл үзэгдэх гараар байгаль зохист өөрчлөлтийг яаран хийхдээ
Үнэндээ биднээр дамжуулан ямар нэгэн юмыг сэм амжуулах мэт ээ!
Намрын эзэн, бяцхан шар навчин-завь хөлөглөн
Налгар өдөр голын мандлаар ертөнцийг эргэн явах шиг ээ.
Би ингэж бодсоныг хэн мэднэ, бичил завь гол уруудан хөвнө
Бишгүй л удаан харж зогсоход, навчин шар завинд амин сүнс байх шиг! /Шидэт ертөнц.286-287-р тал/Үл үзэгдэх агшнаар өртөөлөн харахуй, намрын голын хөвөөнд салхинд үсээ хийсгэн зогсох яруу найрагчийн дүр тодорно. Навчин завь хөлөглөн ертөнцийг эргэж яваа намрын эзэнтэй уулзах шиг боллоо. Намрын тухай шүлгүүд номонд нь элбэг. Тогтоон уншихуй, санаа давтагдсан, өмнөхөөсөө салаалсан, өнгө төрх нь ижилссэн шүлгүүд цөөнгүй. Энэ нь хувь яруу найрагчийн ертөнцийг харсан нүдний учир, бурхны оноолт буй заа хэмээн бодном. “Оддын аялгуу” “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу” , “Гэрэлт хайр”, “Тэнгисийн давалгаа” зэрэг хэвлэгдсэн хэвлэгдээгүй номуудаа өнөө би эргэцүүлэн бодож алдсан оносоноо тунгаахуй, зүрхний угт ёгхийн өвднөм” гэсэн нь эрхгүй санагднам. /Бурхны мэлмий. 5-р тал/ Навч улайж, бодол тунгалагших намрын улиралд тэрбээр хичнээн хайртай байсан юм бэ? Тэр ч бас бяцхан завь хөлөглөн ертөнцийг эргэж яваа. Сар гарахад ноход хуцнаЦаг хугацааны урсгал нохойн нүднээс долгилон гарч, сарны туяаны мөнгөлөг үелзлээр зүрхэнд богино долгио шидлэхэд гунигийн хураар бие сэтгэл дүүрнэ. /Шидэт ертөнц.307-р тал/Заримдаа би өөр гарагт хүн зүүдэлж буй байх, тэр зүүд нь миний амьдрал, тэр хүний тусгал нь би гэж бодох юм. Тэр хүн нойрноосоо бушуухан сэрээсэй.../Шидэт ертөнц. 453-р тал/гэх мэт сонин сэтгэхүйгээр бас л арвин. Ер бусын гойд мэдрэмжээр хөглөгдсөн мөр бадгууд ч “урт” шүлгүүд дотор нь нуугджээ.“Горхинд туссан сар, мэлхийн биеийг амрааж”
“Цагаан мөөгний борооноос хөөрхий эмээ минь үзэгдэж
Эртний дуртгал хөглөн хадны хаг түүж явах шиг...”“Оройхон буцаж яваа шувуудын унах өдтэй адилхан юм даа бид Оргилд нь цас будрах уулсын сэрүүн сүүдэртэй ижил юм даа...”“Өрхөн дээр буусан шувуу Өлгий хонхны үлгэр шивнэж...” зэргийг дурдаж болно. Мэдээж ямар ч яруу найрагчид иймэрхүү алдаа үй олон, зарим тохиолдолд эдгээрийг олж харахгүй залхуурах нь ч бий. Нөгөө талаасаа шүлэг зохиол цогц байх ёстой тул тэр болгон нэг хоёр мөр ишлээд байх нь зохимжгүй. Их бичихээр бага мэдрэхийн үлгэр юм болов уу даа. Яг л дээр ишилсэн өлгий хонхны үлгэр шивнэж гэдэг шиг л...
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног улирч байна
Аниргүйн дунд хад чулуу элэгдэж
Аяарханаар гол ус эргээ долоож байна...Аниргүйн дунд хад чулуу элэгдэхийг мэдэрсэн энэ найрагчтай ахиж уулзаагүй. Би 1996 онд оюутан болж хүсэл бодлоосоо огт өөр орчинд суралцаж, хотын гудамж талбайгаар бишгүй л сэлгүүцэж явахдаа нэг л удаа Их сургуулийн зүүн талд бараагий нь харсан билээ. Их үсээ хойш нь илбэн алхаж явсан сан. Хот орохоороо уулзаарай гэсэн үгийг нь мартаагүй ч хойш суусаар л явж дээ би. Юунд тэгж хойш сууж явсан юм бол! Хүмүүсийн хүндэтгэл хайрыг хүлээсэн, алдар хүндийн төвд оршсон, олноор хүрээлүүлсэн яруу найрагч явсан учраас тэр хүрээг нь давах зүрх хүрээгүй дэг ээ. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй ч олон шүлэгч, яруу найрагчийн багш, ах гэдгийг сонин хэвлэлээр мэдэх болсон тул тэдний тоог нэгээр нэмэх хэрэггүй гэж бодсон ч байж мэдхэ? Ёстой нөгөө бусдын явсан зүгт би явдаггүй гэдэг шиг л юм болсон байх аа. Тийм л учраас Дашбалбар найрагч гэж дуудаад байгаа юм шүү. Амьд ахуйд нь багш, ах хэмээн авгайлан дуудаж үзээгүй болохоор тэр л дээ. Аяа, өнөө тийн дуудах аваас алдас болмуй. Дэргэд нь очоод амар мэндийг нь асуусан бол дэмий шүлэг бичиж явсан хүүг танилгүй дээ. Урьд нь хэнд ч хэлж, ярьж байгаагүй энэ гэмшил минь намайг “очих ёстой хүн дээрээ очиж, хайрлах учиртай хүнээ хайрлаж, хэлэх гэж зэхсэн үгээ хэлж чадах сэтгэлийн тэнхээтэй болгосон юм аа.Алсын толгодыг харуулдан ажиглажХүрэн бүргэд тэнгэрт тогтжээТүүнийг би тэнгэрт тогтсон бүргэд гэж боддог. Юу юугүй л нисэх гэж байгаа юм шиг тэр л омголон насанд нь анх харсан болоод ч тэр үү, энэ л адилтгал өнөө сэтгэлд буунам. Тэнгэрлэг найрагчтай би хавар уулзаж, намар үджээ. Тэр намрыг хүмүүс дэндүү мэдэх тул энд олныг үл нуршив. 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Зууны мэдээ” сонины “Ард түмэн түүнд сэтгэлийн үгээ илгээлээ” гэсэн үгтэй, толгой гудайн зогсох хүмүүсийн зураг бүхий нэгэн хайчилбар, дурсан хүндэтгэхийн илрэл болж, нөгөө улаан дэвтрийн завсар хадгалагджээ. Өөд болоочийг сүүлчийн замд нь үдэх өглөө миний оюутан цагийн анд, Баянхонгорын Үйтүмэнтэйгээ хамт очсон бөгөөд Соёлын төв өргөө битүү хүнтэй, зам гудамжаар хүмүүс эгнэн зогсоод, эмгэнэн гашуудаж байсан сан. Газар шороондоо амин хайртай, гал халуун хүсэлтэй бүх л хүн сэтгэл зүрхэндээ чимээгүй уйлж байсан юм. Эх дэлхий минь хүмүүсийн “элгэн сэтгэл” дээр тогтох цаг ирснийг тэнд ирэгсэд ойлгосон!
Хичнээн шувуу унасныг
Тэнгэр мэднэ!
Хичнээн цэцэг гандсаныг
Газар мэднэ!
Хичнээн хүн уйлсныг
Хэн мэднэ?
Асуулт. Бурхны мэлмий” ном. Хадны хаг, модны холтос, зэрлэг сонгино, тэргэл сар, хавирган сар, тэргүүлэгч цэцэг, шүүдэр, тэврэлдсэн хос, цардмал зам, бороо,...Тэд цөм-бурхны мэлмий!Уул толгод чимээгүй алга болжУлирах цаг бүхнийг залгиж байнаӨөрсдийнхөө тухай дуртгал үлдээгээдӨргөн хорвоогоос хүмүүс явж байна... гэсэн шүлгийг нь шивнэнэ. Дуртгал үлдээнэ гэдэг чинь бас л нэг амьдрал шүү дээ!“Өөрөөсөө илүү бусдыг хайрлаж суръя” хэмээсэн өгөөмөр найрагчийн “Шидэт ертөнц” ном ширээн дээр минь байна.“Үнэнийг биедээ хадгалагч хүмүүс буй...”Энэ үнэн байгаа цагт эх орон, тусгаар тогтнол минь байна. Гал сахигч байна. Яруу найраг байна.
БАЙНА!
Бид байна...!!!
2014.01.08-10
П.Майнбаяр