П.МАЙНБАЯР: БАРХАНЫ ГАЗРЫН САХИУЛ
2020-12-28 Уншигч 2012

Г.Нямдоржийн тууж өгүүллэгүүдэд дааж давшгүй их зовлон гуниг гэрэлтэн харагдах шиг болдог.

Л.Нямаа

НЭГ.

Хөвсгөл нутгаас төрөн гарсан авъяас билигт зохиолч, яруу найрагч, шог зураач Гүр.Нямдоржийн “Манай эриний хүн” өгүүллэг нь Занабаранз зайранг дотоодыг хамгаалахын төлөөлөгч байцааж байгаагаар эхэлдэг юм.

-Нэр?

-Занабаранз

-Овог

-Урианхай

-Нас

-Мэдэхгүй...

Насаа мэдэхгүй байгаа энэ бөөгийн ой санамжаас л бид төрсөн! Бөөгийн үүсэл гарал нь ухамсар сэтгэхүй үүссэн тэр цагтай л давхцаж таарна.

“...Би үнэхээр төрсөн жилээ мэддэггүй юм. Нэг л мэдэхэд ойд байж байсан. Энэ чинь одоогоос хэдэн зуун жилийн өмнөх явдал шүү дээ, хүүхдүүдээ...” гэж хэлээд хээвнэг нэг үүх түүх ярьж суугаа бөөгийн хувьд онгод сахиуснаас нь өөр хүч байхгүй. ОНГОД САХИУС гэдэг чинь ОЮУН САНАА. Зохиолч энэ санааг л хөнджээ. Дотоодыг хамгаалахын ахлах төлөөлөгч зөвхөн Занабаранзыг бус бөөгийн соёлыг устгахаар заналхийлж байгаа нэгэн. Харин Занабаранз зайран өөрийнхөө өмнөөс биш бөөгийн соёлын өмнөөс “тэднүүстэй” ярьж байна. Нөгөөдүүл нь мэдээж юу гэж ойлгох вэ? Зайрангийн хааяа нэг бүлээсгэсэн рашаанаар биеэ угаадаг том зэс тогоонд үүрээр агнасан бугын мах даргилан буцлахыг харангаа хөхрөлдөнө. “Идэх, бодох хоёр ийм ялгаатай аж”.

“... Өвгөнийг буудах л үлджээ. Хоолны дараа буудна. Одоо бол Занабаранз модонд хүлээстэй сууна. Ногоон малгайтнууд байшинд орцгоож, нэгжлэг хийж эхэллээ. Бөөгийн хэнгэрэг, хонхинуур жингэнэсэн яндар дүүрэн өмсгөл, үйсэн сав, суулгануудыг хаалгаар шидэлцгээж, үнэтэй цайтай юм эрцгээнэ. Хүрээ лам нарын гэрээс алт, мөнгөн тахил цөгц, адаглаад ганц хоёр янчаан олддог бол энд жодоо модны үндэс, хадны хар барагшинаас өөр олигтой юм гарсангүй...” Маш үнэтэй зүйлийг нь чихээрээ сонссоноо мэдээ ч үгүй ногоон малгайтнууд шал дэмий юм эрж байх ч гэж. Тэдний олж чадахгүй зүйл зөвхөн ухамсарт бий. Удахгүй бөөтэй хамт тэнгэрт гарна. 

“... Занабаранз нүдээ аньж, өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэгэн үгийг амандаа давтан шивнээд амьсгалаа түгжив. Тэр үнэхээр цэцгэн дээр суужээ. Салхинд цэцэг ганхахад өвгөн яг л навчис мэт үл мэдэгхэн хөдөлнө... Ахлах төлөөлөгч винтовоо шүүрэн авч түүнийг буудав. Энэ явдал бүр эрт эхэлж 1938 оны зуны дунд сарын шинийн арван нэгний орой Тасрангийн нуруунд дуусчээ. Одоо тэнд очиход орос винтовын суманд зад цохиулсан холтостой хөгшин нарс бий.”

Нарс мод л гэрч болж үлдлээ. Шүүхгүйгээр бууддаг байсан үе. Монгол хүмүүсийн тархинд зоож байсан орос винтовны сум шунгинах шиг. Хэдийгээр аймшигт цаг ирсэн ч хүний оюун сэтгэлгээ буун дуутай замхардаггүй юм гэдгийг зайран цэцгэн дээр сууж үзүүллээ. Гэтэл нөгөө ногоон малгайтнууд нь буудаад л байдаг. Үхэшгүй оюун сэтгэлгээг өдгөө ч агуу хүмүүс үргэлжлүүлсээр буй.

Мөн “Өнчин хүний хоолой” зохиолын Санаа охин авьяасаа олонд дэлгэн үзүүллээ. Олны хөлийн газар амьдрахын эрхэнд дууллаа. Нэг дууны хулгайчаас бусад нь анзаарсангүй. Анзаарсан учраас тэр хулгайч нь авъяастай болж таарах нь ээ дээ. Хулгайчийн аав нь хүүгийнхээ төлөө Санаа охиныг эхнэрээ болгон авна. Хүүгийнхээ авъяасгүйг бусдад мэдүүлэхгүйн тулд амыг нь барьж буй сонгодог арга юм даа. Зохиолын гол шугам нь энэ. Өгүүллэгээс иш татая. –Сонин хэвлэлээр түүнийг нулимсан зардсан “энэрлийн хаан” хэмээн бичих болов. Өнчин хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг оны шагналаа түүнд өгчээ. Шагналын цайллага дээр урлаг судлаач өвгөн:- Ийм сайхан сэтгэлийн дуу энэ гял цал эрийн хаанаас нь гарч байнаа...Энэ чинь өнчин хүний хоолой байна шүү дээ гэсэн нь Тамзавын нүд рүү чичээд авах шиг болжээ.

“Ийм урлаг судлаач манайд хэд билээ.”!!!

“Борооны цэнхэр хөөнгө дунд эмнэлгийн хөх байшин хөлөг онгоц мэт сүүмийж, дэргэдэх цэцэрлэгээс багваахай үнэртэнэ.” Зохиолын төгсгөлд Тамзавын хойд ээж Санаа эмнэлэгийн орон дээр үхэж байна. Төгсгөлийг нь их уран, тэгсэн атлаа сэтгэл урагдмаар хийсэн дээ. “Өнчин хүний хоолой” /Г.Аюурзана. Л.Өлзийтөгс. Монголын сонгомол өгүүллэг. 2007/ өгүүллэг нь нэгэнт уншигчдын хүртээл болсон тул олон юм нуршихийг хүссэнгүй.

Гүр.Нямдоржийн өөр нэг өвөрмөц зохиол бол “Бэнсэн үлгэрч” юм. /Хөвсгөлийн алтан ном. Ч.Нямжав. 2011./ Зохиолын хэсгээс: -“Хуучирын аялгуу намсан намссаар уулын цаана урамдах бугын дуу шиг бүдгэрэхэд туулийн нэгэн бүлэг дуусаж хоромхон зуур зогсоц болов. Алтнаа эцсэн хоолойгоо засаад сая амьсгаа авлаа. Яг энэ чимээгүй, зүүний сүвэгч шиг агшинд хамгийн ард сууж байсан тагжгар хар өвгөн гэнэтхэн босож “Хэй-рав-со-ши-шад-ба” хэмээн түвдээр маань мэгзэм мэт юм дуржигнуултал энэ тэндээс хэдэн хүн шовсхийн босоцгоож “тэр хүний үхэр бууг авъя. Сумлахаас нь урд авъя”. “тэр чинь буу биш эмээгийн таяг уйлахад хэрчлээсэн дээгүүр нь хэдгэнэ халтиран ёолж байгаа юм, үзье гэж хашгиралдлаа. Тэр зуур хэд хэдэн хүн тайз руу довтолж, нэг нь самбай томж хийсэн оосроор хуучирыг нь тун мэргэн бугуйлдаад чангааж эхлэв. Энэ бүхэн хоромхон зуур болсон тул юу болж байгааг ухаарч амжсангүй. Гэнэт тэр “хуурыг нь дуугарахаас өмнө татаж ав” гэсэн тагжгар өвгөний хахирган дууг сонсмогцоо, ухасхийн хуучиртайгаа ноцолдож, “Яаж ийж байгаад дуугаргачих юмсан. Дуугараад эхэлбэл энэ хүмүүсийг зогсоож болно хэмээн бодлоо. Гэвч өвчин нь сэдэрсэн галзуучуудын догшин гараас хөгжмөө салгаж чадсангүй бөгөөд нүгэл хилэнцийг идэж цээрлүүлдэг хүн бие, бухан толгойтой Минотавр шиг зэрэмдэг эр хэдүйнээ хоёр хэсэг болгон хуучираар нь бүсгүйн толгой дундуур татаад авав. Алтнаа бүр маргааш орой нь л ухаан оржээ.”

Алтнаа бол зохиолч Довдонгийн бэлэвсэн эхнэр бөгөөд Бэнсэн үлгэрийг үргэлжлүүлэгч юм. “Бэнсэн үлгэрч” өгүүллэгийн өрнөж буй үйл явдлууд бүхэлдээ ганцаардлыг өгүүлнэ. Өгүүлэгч би баатар өөрөө ч ганцаардах бөгөөд эхнэр аваад ч, хүүхэдтэй болоод ч, хулганатай нөхөрлөөд ч өвчин нь илаарь болсонгүй. Бүр халдварт шар өвчнөөр өвдөөд ч тэр. Үүнийгээ мэдэрсэн тэрбээр “Миний өмнө асар урт, бараг төгсгөлгүй гэмээр өвөл иржээ” гэж хэлдэг. Хүү бэр хоёр нь Коль хэмээх хулганыг нь няц дэвссэний дараа би баатар.., ганцаардлыг хүссэн хүнтэйгээ хуваалцаж болдоггүйг ойлгосон доо хэмээдэг. Зохиол эхнээсээ төгсгөл хүртлээ ганцаардлаар амьсгална. Хүн бүхэнд өөрийн гэсэн ганцаардал байдаг. “Зарим хүний ганцаардал төгсөж байж л төгс болдог учир жанцантай аж”. Бичигдээгүй энэ хуулинд “Бэнсэн үлгэрч” бас захирагджээ. Алтнаагийн хайлж дуусгасан тууль нь үл мэдэх соёл судлаач Шархүүгийн гарт орох ба тууль ч мөн л ганцаардал хэмээх зохиомжтой. Талийгаач нөхөр нь оргил хэсгийг нь гяндангийн хоригдлуудад сонсгохыг хүсдэг байжээ. Яагаад заавал гяндангийн хоригдлуудад гэж! Нөхрийнхөө энэхүү хүслийг биелүүлэх гэж зүтгэснийхээ шанд Алтнаа сэтгэцийн өвчтөн болж хувирна. Хөөрхий бүсгүй гяндан, эмнэлэг хоёрыг ялгасангүй. Зүрх сэтгэлийнхээ жинхэнэ эрх чөлөөг олох гэсэн хүсэл нь эцэстэй ийм байдалд хүргэж байна. НИЙГЭМ БОЛ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГ Ч МӨН, СЭТГЭН БОДОХ ТАЛБАР Ч МӨН. Өмнө нь ч тийм л байсан. Одоо ч хуучирсан юм алга шив. Хуучираар нь бүсгүйн толгой дундуур татаад авч байгаа тэр зэрэмдэг эрийг харахгүй юу? Тагжгар хар өвгөнийг хэлсэнийг сонсохгүй юу? “Эмээгийн таяг уйлахад хэрчлээсэн дээгүүр нь хэдгэнэ халтиран ёолж байгааг үзэх гэсэн тэр нэг сонин нөхөр байна”.

Бэнсэн үлгэрчдийн ширээний номноо гардаг /Г.Г.Маркес. Зуун жилийн ганцаардал/ дөрвөн жил, арван нэгэн сар, хоёр өдөр тасралтгүй орсон бороо хүний зовлонгийн төлөө сэтгэл нь өвдөж чаддаг хүмүүсийн хувьд өнөөдөр ч гэсэн үргэлжлэн асгарсаар л байна... Өөр бодолтой, өөр сэтгэхүйтэй хүмүүст бол энэ бороо их хэрэгтэй бороо юм. Тийм ч учраас Гүрж.Нямдорж “Зуун жилийн ганцаардал”-ыг  бэнсэн үлгэр болгон Довдон, Алтнаа нараар хайлуулжээ. “Би оньстой бүжигчин авна” гэж хэлдэг хэсгийг гурван цагийн турш хуучирдан өгүүлэхэд хайрцагнаас гарч ирсэн Мелькиадесийн үеийн хуучин, тоос шороо болсон юмс... өнгөөрөө, жингээрээ, эзлэхүүнээрээ нүдний өмнө бүр бариад авч болохоор үзэгдэх шиг зохиогчид санагдаж, тэгээд “хүн нэгэн амьдралын турш хэдэн зуун оймс элээдэг бол бас хэдэн хүнийг элээсэн ганц оймс болохыг ухаарч таньсан хэрэг л дээ. Би баатар зохиолын төгсгөлд морин тэрэгчин болно. Довдон мөн л морин тэрэгчин байсан. (Дашрамд хэлэхэд би бас “морин тэрэгчин” болохсон гэж мөрөөддөг юм) Зохиолын гол дүр болох Довдон, Алтнаа нарын хайлсан “Бэнсэн үлгэрийн бичлэгтэй хуурцагууд нь усанд хаясан чулуу шиг алга болсон доо...” Шархүү гэх наймаачны гараар ороод... Ашиг хонжооч хүмүүсийн дүр төрх дүрслэгдсэн хэдий ч ардын аман зохиолтой адилхан ч юм шиг. Бэнсэн үлгэрч бол зохиолч биш гэсэн давхар санаа зохиолд яваад байдаг. Би баатрын хэтийн ганцаардал /зохиолч/ “бэнсэн үлгэр” хэлбэртэй илрэхгүй нь тодорхой байна. Дам илэрхийлсэн утга нь энэ болов уу гэж би мунхагласан. Ганцаардал хэмээх гайхамшигтай үзэл хаана ч, хэзээ ч тасрахгүй юм шүү гэдгийг би баатар, жаахан охин хоёр ярилцаж байгаагаар зохиол төгсжээ. Сайхан төгсгөл. Нөгөө талаасаа бол бодууштай төгсгөл гэх үү дээ.

-Морь чинь номхон, тийм ээ, ахаа

-Тиймээ, харин чиний нэрийг хэн гэдэг вэ?

-Та өөрөө таа л даа гээд охин эмсгий шүдээ гарган инээмсэглэв

-Алтнаа юу?

-Та яаж ингэж тааваа!

-Биднийг дайрахаар ирж яваа цөмийн хөдөлгүүрт галт тэрэгний дууг сонсооч! Сүүлийн энэ өгүүлбэр бол бидний эгэл ахуйд оршин буй үнэт зүйлсийг хөнөөж буй, хөнөөхөөр зэхэж буй иргэншил мөн.

Гүр.Нямдоржийн хүүрнэл зохиолууд нь өвөрмөц зохиомжтой, олон өнцөгтэй, үйл явдлын содон өрнөл, хурц дүрслэлтэй, ямагт шинийг эрэлхийлсэн шинж чанартай байдаг. Өдгөө цагт ихээхэн хөндөгдөн яригдах болсон уран зохиол дахь сэтгэлгээний хандлагыг тэр эрт мэдэрчээ. Эрэл хайгуул ч зогсолтгүй хийж байж. Өөрөө ч энэ тал дээр итгэлтэй байсан шиг билээ. Зохиолын баатрууд нь хоорондоо ижил хэв шинжтэй байх нь зохиолчийн туулсан амьдралтай нягт холбоотой. Хэлгүй дүлий бүсгүй Нинжмэд, /Нинжмэд/ нутаг заагдсан Довдон /Бэнсэн үлгэрч/ өнчин охин Санаа, /Өнчин хүний хоолой/ харь гарагийн хүн Гонс /Танихгүй хүн/ гэх мэт. Учир нь гэвэл нэг үзэл суртлаар өвчилсөн цаг үед өөр үзэл бодол, бүр “өөр зүүд” ч үзэл суртлын галт тэргэнд өчиггүй дайруулна. Энэ л утгаар нь зохиолуудыг нь ойлгох учиртай болов уу?

“Би барууны сэтгэлгээтэй иргэншлийн талаар бичих дуртай, шинэ хэлбэрийн төлөө гэсэн уухайг шүтдэг. Саваагүй зан биш ухамсартай сонголт гэж болно. Манай үргэлжилсэн үгийн олон зохиолч сайн морь, сайхан хүүхний тухай бичсэний нэлээд нь Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгийн хуулбарууд шиг бодогддог. Энэ бүтээлч уламжлал биш ээ.(Гүр.Нямдорж “Хориотой нас” 2008. 7-р хуудас) Манай утга зохиол дахь зайлшгүй энэ шинэчлэлийг “Түнэл” хэмээх буйд сууринд сууж ахуйдаа эхлүүлж, бүтээлчээр уламжилсан хүний нэг нь Гүр.Нямдорж юм. Шинэчлэгчдийн эгнээнд нэр нь зайлшгүй бичигдэнэ. Худлаа гэвэл Түнэлийн номын сангаар нэг ороод үзээрэй. С.Эрдэнэ баавайн нөлөөн дор өгүүллэг тууж бичиж өндөрт хүрсэн заримтай нь эн зэрэгцэнэ үү гэхээс ер дутах юмгүй. /Нөлөөн дор гэдгийг би илэрхий хуулбар гэх утгаар нь хэрэглэж буй юм шүү. Түүнээс биш бусдын нөлөөнд автдаггүй хүн ч гэж хаа байх вэ? Би бол автах нь ашигтай гэж боддог/. Тэрбээр нэгэн ярилцлагандаа:- Бичиж байхдаа би юм л бол Хемингуэйгээс иш татчих гээд байдаг. Борооны тухай бичих бүрийдээ Хемингуэйг санадаг. Энэ хүн миний сэтгэлд хичнээн их нөлөөлдгийг ноднин “Билгүүн сударт” гарсан “Өнчин хүний хоолой” зохиолоос үзэж болно...Өнгөрсөн хавар С.Дамдиндорж гэдэг хүний “Жимсний бөөр” гэдэг шүлгийн хуучин ном олж уншлаа. Дандаа наяад онд бичсэн шүлгүүд, их сайн юмаа... Р.Ганбатын “Хургалагын амны жимс исгэлэн” гэдэг туурь зүгээр дээ”. Ч.Мөнхбаярын “Ням гариг” дээр нийтлүүлсэн “Өвгөнтэй тэнгис” туужийн эхний хэсгийг уншаад өөрийгөө бор баазхан бичдэгийг ойлгосон... Голч сайхан үгнүүд шүү. Ингэж хэлдэг хүн ховор. Би...би...гээд л өндөлзөөд байдаг, “чи” гэж хэлэхдээ яс мах нь янгинадаг зохиолчид яруу найрагчид захаас аваад л байна. Өөрөөс нь өөр хүн байхгүй мэт аашладаг, дээдийн алдар хүндийг шаарддаг, агуу ихийн дүрдээ орон навсганадаг амьтадын дэргэд бол Гүр.Нямдорж аугаа юм. Хэлэх гэснийгээ тэр хэнээс ч эмээхгүйгээр, тал тохой таталгүйгээр шууд хэлчихдэг байсан гэдэг. Ойр дотно явсан нөхөд нь тийн дурсдаг билээ. Аливаад голч шударгаар ханддаг, бодтойгоор үнэлж цэгнэж чаддаг хүмүүсийг би үнэн голоосоо хүндэтгэж явдаг. Хүндэтгэж, хайрлаж явдаг тэдгээр хүмүүсийн нэг нь энэ хүн. Бидний дунд байхгүй ч гэсэн... тэгэх тусам нь бид мартах учиргүйсэн. Урлаг, утга зохиол ийм л хүмүүсийн хүчинд урагшилдаг шүү дээ.

Цаг үеийнхээ нүсэр зузаан ханыг нэвтлэн гарахыг тэр үнэхээр хүсч явж. Зохиолыг нь уншиж суухад эрхгүй тэгж бууна. Тэр л хүслээрээ бичиж туурвижээ. Ойлгох нь ойлгосон, ойлгоогүй нь одоо ч ойлгоогүй хэвээр л... Түүний тухай яруу найрагч Ломбын Нямаа гуай голыг нь олоод хэлчихжээ. “Бурхан багш Г.Нямдоржид авъяас чадварыг хайрлалгүй заяасан авч, бид түүнд хайр хүндэтгэл үзүүлж чадсангүй дээ”. Худал нь үнэн болсон цөвүүн цагт амьдарсан нь түүний хохь биш байх!!! Үзүүлэх ёстой хайр хүндэтгэлээр одоо ч (ердөө л зохиол бүтээлийг нь хэвлэх, түгээх) дутаж явж мэднэ. Гэхдээ Гүр.Нямдоржийг ерөөс ойлгодоггүй байсан мэтээр ярьж бичих нь үнэнд үл нийцэх өрөөсгөл явдал юм. Авъяас билигт энэ хүмүүнийг таньсан, мэдэрсэн, нөхөрлөсөн, дэмжсэн, дурссан олон хүн байсныг үгүйсгэх учиргүй. Тухайлбал зохиолч, зураач Т.Мандир, яруу найрагч Л.Нямаа, шог зураач Ц.Байды, зохиолч, орчуулагч Ж.Нэргүй, зохиолч, сэтгүүлч Н.Нагаанбуу, эрдэмтэн зохиолч Г.Аким, зохиолч Д.Батбаяр, кино найруулагч Ж.Бунтар, хүүхдийн зохиолч Д.Давааням, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, яруу найрагч Ж.Баяржаргал, яруу найрагч Л.Энхамгалан, түүний дотны анд, уран бүтээлийн өвийг нь сахин хадгалагч Ч.Бадарч, нутгийн эрхэм нөхөр Ц.Цагаанчулуун, Б.Батэрдэнэ, Ч.Бямбадорж нарыг дурдаж болно. Шог зургууд нь бас алдартай бөгөөд энэ талаар мэдэх юм хомс тул мэдэх нэгэнд нь даатган үлдээе.

Гүр.Нямдоржийн туурвисан “Алтан аяганаас ус уудаг хүн”, “Гүнж”, “Цэцэг худалдагч бүсгүй”, “Нобелийн шагнал горилогч”, “Хөгжмийн гурвал”, “Дуугүй кино”, “Бурханы сургуулийн шавь” зэрэг тууж өгүүллэг, “Хоёр үеийн намтар”, “Гадаад хэлний сургууль”, “Усгүй хар архи”, “Шар хотын захирагч” зэрэг жүжиг, “Хар өвгөд”, “Тавдугаар гяндан” роман, “Морьт хөшөөнд хүрсэн зам”, роман тэмдэглэл, сэтгүүл зүйн чиглэлээр бичигдсэн олон арван эргэцүүлэл нийтлэл, тэмдэглэл нь мөдхөн уншигчдын хүртээл болно гэдэгт туйлаас итгэж байна.

Хоёр.

“Дэндүү шударга, дэндүү цагаахан хүн явсан”

Ж.Нэргүй

Борооны тухай бичих бүрийдээ Хемингуэйг санадаг энэ хүнийг цас бударсан өвлийн сард дурсаж сууна. Их хүнтэй амьд ахуйд нь уулзаж танилцаж байсангүй. Тийм болохоор сөхөөд ярьчих халуун дурсамж надад алга. Зөвхөн хүмүүсийн ярианаас төсөөлөн зурсан гунигтай төрх нь л сүүмэлзэж асан. Ганцаардмал, зожигдуу, сайн мэдэхгүй нэгэнд бол “хэг ёг” хийсэн хачин нөхөр байсан л гэлцдэг. Ер нь уран бүтээлч хүн “хачин” үедээ л хамгийн сайн бүтээлээ туурвидаг байх шүү. Тэрбээр нэг удаа:

Цас нам гүмхэн бударч байх нь сайхан ч

Өлдсөн малын нүдийг харах хэцүү ...гэж эмзэглэжээ. Бодит байдал дээр бол ийм л байдаг. Өөр утгаар нь ойлгох юм бол сэтгэлээрээ өлдсөн хүмүүс л яруу найрагч руу ширтэж байна. Гоо сайхан, бодит ахуй хоёрын зөрчил энэ юм. Тиймээс нам гүмхэн будрах цасны тухай цааш үргэлжилсэнгүй. Өлдсөн малын нүдийг харах хэцүү л дээ. “Мөнхийн дуудлага” шүлгэнд:

Зөвхөн өөр заяагаар амьдрахын тавилан надад ирлээ

Зөвхөн дуудах нэр минь л сүүдэргүй болж үлдлээ

Би хэнийг ч уй гашуунд унагаадгүй эс болно

Буурал орчлонгийн өлмийд өөрийгөө дахиж нээнэ... гэсэн бадаг бий. Зөвхөн өөр заяагаар амьдарч буй үед нь шүлэг зохиолоор нь дамжиж уулзаж байна. Үүнээс илүү уулзалт ер нь бий гэж үү? Өөрийгөө нээх тухайд ч дурджээ. Зохиол бүтээл нь цогц байдлаар хэвлэгдээд гарчихвал мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид үгээ хэлэх болов уу? Миний нээх ч гэж юу байх вэ? Уран зохиолын ай савд өчүүхэн дусал ч нэмэр болох болов уу гэсэндээ л... Энэхүү бичвэр зөвхөн миний хэр хэмжээнээс хамаарч байгаа тул танд таалагдахгүй бол би гайхахгүй. Гунигт сэтгэлтэй, сонин хувь зохиолтой нэгэн хүн бидний дунд чимээгүйхэн амьдарч байжээ. Амьдралын хүндийг багаасаа үүрч, нийгэм цаг үетэйгээ зөрчилдөж, эрх чөлөөт сайн цагийг талархан угтаж, үйл явдалд нь өөрөө оройлон оролцжээ. Тэгсэн хэдий ч ая тухыг олсонгүй. Ая тухтай амьдрана гэдэг уран бүтээлч хүнд давахгүй даваа л даа. Тэр тусмаа Гүр.Нямдорж шиг үзэл бодолтой хүнд бол бүр ч хэцүү. Зохиол бүтээл нь цаг хугацаа алдахгүй хэвлэгдэж, алдаа оноогоо магадлан шүүж, урам зоригоор тэтгэгдсэн бол илүү ихийг бичих байсан гэдэгт нь би огтхон ч эргэлздэггүй. Гэвч ертөнцийн жам ийм билээ. Шүлэг зохиол нь цөөхөн уншигчийн мэдэлд байдаг, уран зохиолын цомхон хүрээнд яригддаг энэ хүний бүтээлийн өв чамгүй их ээ. Өдий хүртэл бүрэн хэмжээгээр уншигдаагүй л байна. Амьд ахуйдаа үргэлжилсэн үгийн “Авга гүний эрчүүд” /1993/, яруу найргийн “Гүнд цэцэг” /1992/, номууд гаргажээ. “Хориотой нас” яруу найргийн бүрэн түүвэр нь 2008 онд хэвлэгджээ. Бурхан болоод даруй 15 жил болох гэж байна. Судлал энэ тэр бол бүр орхигдсон. Зөвхөн дурсах төдий л...

Бичигдсэн түүх, шагшигдсан намтаргүй ч

Би чиний зүүдэлж амжаагүй гайхамшиг... гэж өөрийгөө тодорхойлсон энэ хүмүүн бээр дөнгөж дөчин насны босгыг л давжээ. Ир бяр нь ид тэгширдэг нас. Ялангуяа хүүрнэл зохиолд нь бүр ч их хамаатуулмаар санагддаг. Одоо тэр одод хавиас л биднийгээ харж байгаа.

Ер нь хэн нэгийгээ аугаа, сод, гайхамшигтай гэх мэтээр цоллон дуудахаасаа өмнө уран бүтээлд нь ул суурьтай хандаж, бодтойгоор үнэлж сурах нь маш чухал. Чингэсний хойно бол аяндаа хэн болох нь тодроод ирнэ. Аман яриагаар бусдын бүтээлд хандаж, шүүрс алдаж явах нь нэн зохисгүй. Энэ л ойлголтынхоо хүрээнд зохиол бүтээлд нь хандаж ирэв. Өчүүхэн миний ойлголт онол номоос зөрөх нь магадтай тул “өөрийн бодол өөртэй зөв” хэмээн цааш муйхарлав. Түүний шүлэг зохиолд утга уянга ч бий, улс төрийн аястай ч бий, бусдыг дууриасан нь ч бий, бусдаас илүү гэж бодсон нь ч бий! Энэ бол байдаг л зүйл, байхгүй болдог зүйл. Байснаа байхгүй болсон нь, байхгүйг бадраасан нь харин үнэн юм аа. Тухайн үедээ сонин байсан юм, өдгөө нэгэнт сонин биш болжээ. Үлдэх нь үлдэж гээгдэх нь гээгддэг хорвоо доо. Учир утга гэдэг ч угтаа ийм юм. “Улаачиндаа” хэмээх шүлгийг нь эхлээд сонголоо.

1.

Бурханд мөргөхөөр нэгэнтэй тонгойх Чинь

Чамба цэцэг түүхээр бөхийх Мэт

Миний Дарь эхийн өлмийд Ургасан

Усан лянхуаг чи яах гэж зулгаана Вэ?

2.

Үзэсгэлэнт чи ашока модны бохийг Зажлах нь

Зоргоороо охин хэлээ зажлан эрхлэх Мэт

Мөн төдөлгүй, тэрхүү амтат бохь Гашилахад

Гарын минь алган дээр шүлсээ чи Хаяарай

3.

Таны сайхан дүрийг харах Бүрий

Бие минь ятга адил Хөглөгдөж

Хангинатал дуу аялмаар Санагдахуй

Санаа алдан бүх чавхдасаа Тасалчихлаа

4.

Надаас чи хайр гуйж Яваагүй

Яруу дуугаар уучлалт бас Гуйгаагүй

Гуйгаагүй энэ бүхэн чинь Надад

Нөхөж чадашгүй төлөөс мэт Санагдана

Гүр.Нямдоржийн “ГҮТҮРЖ” хэлбэрийн шүлэг. Эл дол болсон нийтийн түвшний шүлгүүдээс эрс ялгаатай. Яруу найрагчийн дотоод чанад эгшиглэнэ. Эрчим нь энд цуурайлна. Сэтгэлд баригдаж болохоор байна. Ятга адил хөглөгдсөн бие, яагаад гэнэт бүх чавхдасаа тасална вэ? Яруу найрагч  энэхүү асуултандаа хариулт нэхсэнгүй. Учир нь тэр хэнээс ч хайр гуйж яваагүй. Уучлалт бас гуйгаагүй. Энэ бүхэн нь одоо ч нөхөж чадашгүй төлөөс мэт санагдсаар л... “Би яруу найрагт юмаа хийсэн... “ГҮТҮРЖ” гэдэг хэлбэрийг бий болгосон”. Нэгэн ярилцлагандаа ингэж хэлжээ. Хэлбэрээс бүр цаана оршдог зүйлийг  “Улаачиндаа”  өгүүлсэн бус уу? Өөр нэг шүлэгтэй:

Өөхөн дэнгийн Гэрэлд

Гурван марал гудайтал Суухад

Сүүдэр Минь

Мараанд орсон Буга адил

Аяархан шивэр Авирхийнэ...

гэжээ. Сүүдэр нь Мараанд орсон буга шиг харагдах нь гагц яруу найрагч хүний л хийсвэрлэл, юугаар ч сольшгүй аз жаргал нь юм аа. Аяархан шивэр авир хийж буй тэр сүүдэрт бид чинь хичнээн хайртай билээ дээ. Өөхөн дэнгийн бүдэг гэрэл... Гурван марал. Уулнаас хужир мараа долоохоор бууж ирсэн буга. Эгээ л тэр буга шиг шүлэг зохиолд хорхойсон, номын хуудас долоон суугч... Гүр.Нямдорж. Бууж байгаа биз! Харанхуйд гэрэл цацрах шиг. ГҮТҮРЖ хэлбэрийн шүлгүүд нь нэг иймэрхүү ГЭРЭЛ-СҮҮДЭРТЭЙ.

Найман өнгийн солонго татлаа ч

Намайг чамайг холбож чадахгүй

Өдөржин шөнөжин бороо орлоо ч

Өнчин нулимсны үнэд хүрэхгүй...

Хүмүүний амьдрал гэдэг ийм л өнгөтэй, ийм л чимээтэй. Тэрхүү өнгө нь солонго шиг хуурамч, дусал нулимс шиг хэврэг. Долоо биш, найман өнгийн солонго татлаа ч нэмэргүй. Нулимсандаа харам эр хүн хамаагүй мэлмэрээд явж болохгүй. Эр хүний үнэ цэнэ ч энд оршдог байх. Шүлэг зохиолд нь энэ санаа нэлээд түгээмэл бий. Уран бүтээлийнх нь бас нэг эрэл бол богино /хайку/ хэлбэрийн шүлгүүд юм. Энэ төрлөөр “Гүнд цэцэг”, “Гийгүүлэгч улирал” нэртэй хоёр ном туурвижээ. Өөрөө ч богино шүлгүүддээ их хайртай байсан нь анзаарагддаг! Богино /хайку/ шүлгийн амин сүнс нь агшны мэдрэмж. Энэ амин сүнсийг тэр тээж явсан учраас, мөн чанарыг нь өөрөө мэдэрсэн учраас... Манайхан болохоор Японы хайку шүлгийг дууриалаа гэцгээдэг. Гурван мөр шүлгийг нэг мөрөөр ч бичиж болно, хоёр мөрөөр ч /хос уянга/ бичиж болно. Гол нь мөрөндөө биш юм. Үүнийг мэдэрсэн учраас л энэ төрлийг ихэд дээдлэж явсан байх. Дээрээс нь утга гүн, тансаг гэдгийг нь бүгд мэднэ шүү дээ. Түүний уйтгар гунигт амьдрал нь:

Дээлээ цойлдон суухуй

Дэнгийн шар гэрэл хүртэл

Нөхөөстэй байна... гэсэн гурван мөрөөр илэрдэг.

Энэ мөрүүдээс ганцаардал тэмтрэгдэнэ. Зүдгүүр зовлонгоос урган гарсан үнэн сэтгэлийн дуу сонсогдоно. Дэнгийн шар гэрэл нөхөөстэй харагдах мэт тийм шөнүүд яруу найрагчид олон тохиолдоно. Ийм шөнүүд олон байх тусмаа ашигтай, тустай гэж би боддог. Харин Гүр.Нямдоржийн хувьд бол хэтэрхий олон байсан юм шиг ээ. Мэдэхгүй ээ... бараг л ухамсарт бүх амьдрал нь ч байсан юм уу. Өөхөн дэнгийн гэрэлтэй шөнүүд бол түүний жинхэнэ өдрүүд байжээ гэж өнөө бодном. Шүлгүүдэд нь өөхөн дэн олон анивчих бөлгөө. /Лаа/ Лаанд хайртай л яруу найрагч байжээ.

“Үнэгэн сүүл шиг лааны гэрэл сүүмэлзэхэд,

Дэнгийн эрвээхэй бидэн хоёр ном барьж тойрно

Бүдгэрч тодрох он цагийн эргэлтэнд

Бид бүгдээрээ шатаж дуусна.

...Хүн бүхний өмнө нэг нэг лаа

Харанхуй огторгуйг цоо цонон бадамлана

Хүйтэн салхи нэг нэгээр нь цохиж унтраахад

Гэрэлт цох шиг бидний харц ёлтойж хоцорно.

Энэ цогшсон харцыг чонын нүд гэж

Эрлэгийн элч хорхойсон түүж буудна

Чоно биш, хүмүүс байна гэсээр

Чи лаа асаавч дэндүү хожимджээ.

Гэрэл гэгээ гэдэг өнгөрсөн хойно л илүүтэй их цацарч мэдэгдэх юм даа. Лаа асаавч хожимджээ.

Өвгөдийн бунхан

Өвсөн дундуур урагшлах нь

Цоохор нүүдгэй аж.

Ингэж харахад зүгээр нэг баясалтай нүд хангалтгүй. Маш гунигтай нүд шаардана. Бас... Бясалгал. Миний бодлоор бол... Гүр.Нямдорж энэ зиндаанд харьяалагдана. Ёстой л яруу найрагч Л.Нямаа гуайн хэлсэнээр “Ертөнцийн бүх зовлонг өөртэй нугалсан юм шиг гунигт харцтай нэгэн байж л дээ.

Аргамжаатай морь

Арван тавны сарны тигийг

Арын ууланд зурна.

Амьдралын тиг ийм юм.... Аа яа..яа.. гэж дуу алдлаа. Эрх чөлөөний тиг ч мөн адил. Ээ... ээ... ээ... гэж хашгирлаа. Аргамжаатай морь сарны тигийг газарт зурна гэдэг. Арын уул гэрэлтэх шиг боллоо. Сарны эргэлтээр аргамжаатай морь идээшлэнэ. Хааяа тургилж, ижлээ үгүйлэн янцгаана. Хяруу унасан намрын үүрээр сарны тиг бүр ч тодхон сон. Газарт буусан дугуйных нь хээг та үзээрэй. Хүн ч, морь ч, аргамжаандаа амархан дасдаг. Ертөнцийг хүн нүдээрээ, хуруугаараа, морь туурайгаараа, шүдээрээ зурж дуусдаг. Тэрхүү тигийг зурах гэж л бид хүн болсон, морь болсон.

Нулимсаа нуух гэж

Баруун хойшоо харсан чинь

Бороо сая дусав

Халширмаар, хайрламаар мэдрэмж шүү. Шаналал гунигаас нь хуваалцаж бороо дусна гэдэг. Хэн нэгэнд үзүүлэх ёсгүй нулимс л даа. Дотогшоо залгих ёстой. Гунигтай, шимшрэм тэр мөчийг нь үүлс хуваалцаж байна. Далдын нулимс нь  бороогоор, хараагүй охиноор дамжин дусаж байна. Тэр дандаа ингэдэг юм.

Хараагүй охинд

Толийг нь олж өгчихөөд

Хэсэг уйлж суулаа... Өвдсөн зүрх... Өөр юу гэхэв дээ.

“Аарц шахдаг чулуу

Айлын зуслан дээр үлдэхэд

Намар цаг ирнэ... гэж уншихад нүүдэлчдийн оршихуйн шууд зүрхэнд ирнэ. Аарц шахдаг чулуу бол нүүдэлчдийн тэмдэг. Санаандаа тэмдэглэсэн ариун газар. (Тэмдэг, дохио) Хойтон хаваржаанаас зуслан руу нүүнэ. Элэнц дээдсийн эртнээс гаргасан зүг хөтөлнө. Дөрвөн цагийн хөсөг нүүдэл хөвөрнө. Өнөөгийн бидний авч хоцрох ёстой өв соёл! Салхи л өргөдөггүй юм бол...? “Аарцны чулууг Англи хүн өргөж хүчрэхгүй ээ”.

Оюутны намар

Галуу шувууд

Гитар тоглоно.

Буцаж буй шувууд... Гуниг. Галуудын ганганаан, гитарын аялгуунд автаад газардлаа. Гитарын аялгуу нь галуудын ганганаанд зүүгдээд тэнгэрт гарлаа. Уран сайхны сэтгэлгээгээр шүлэгч жигүүрлэсэн учраас тэр. Тэгээд л галуу гитар тогложээ. Энэ галуу бол “нөгөө усан цэргийн дуу дуулагч халамцуу бор шувуутай төстэй юм.”

Түүдэг галын оч

Тэрлэгний хормой цоолоход

Ар нуруу хүв хүйтэн

Өнгөц уншсан хүнд бол зэврүүн шөнийн зураглал! Ухан бодвол жихүүн амьдралын хоёр тал. Өмнөөс төөнөх гал мэт хүн, араас гэтэх хутга мэт хүн.

Гэр минь цэл хүйтэн

Галаа түлье гэтэл

Бурхнаас өөр модгүй...

Дээрхи гурван мөр шүлгийг уншиж суухад үстэй дээлтэй, эсгий гуталтай Гүр.Нямдорж шүлгээ бичиж суух шиг үзэгддэг юм. Өвлийн тэсгим хүйтэнд галгүй гэрт бээрсэн гараа үлээн үлээн зохиолоо бичдэг байсан гэдэг. Ингэх хэрэг байсан юм уу гэж зарим нь асуух л байх. Үгүй бол арчаагүй амьтан гэж нөгөө нь бодох ч бил үү. Аль нь ч байсан хамаагүй. Ийм л хүмүүсийг ойлгодоггүй, ойшоодоггүй байлгасаар хорвоогоос буцаадаг нүгэлтэй билээ бид. Энэ нүгэлд орчлон өөрөө ч дуртай юм. 

Нүцгэн хөлийг чинь

Өгсүүлэн дээш харсаар

Нүгэлд би дасна... гэдэг шиг л.

Тэрбээр ганц бие эр хүн явжээ. Өвчин зовлонд багаасаа ээрүүлжээ. Бас... бас...бас.. Бас одоогийнхоор бол хөгжлийн бэрхшээлтэй. (Хөгжил гэдэг биед хамаатай гэж итгэгсэд дэндүү олон юм даа) Амьдарч асан цаг үе нь хөлдүү хүйтэн. Гэхдээ л бурхныхаа модыг түлээгүй. Түлдэг ч ёс ч гэж хаа байх вэ? Итгэл үнэмшлээсээ няцаагүй, зовлон шаналалд бууж өгөөгүй, нөөлөг нөмөр хайж шогшоогүй, оюун санаагаа худалдаагүй, аврал тус эрж гонгиноогүй гэсэн үг ээ. Эр хүн шиг л амьдарчээ. Үүгээрээ Гүр.Нямдорж ялагдашгүй юм. Энэ тэндхийн шавар тагз, модон амбаар дамжиж явахдаа “байн байн” баруун хойшоо харж явсан биз дээ хөөрхий! Тэсгэлгүй ивэлсэн нулимсаа дотогш нь гүд хийтэл залгиж зогссон ч юм бил үү? Түүнийг нь сонсох чих олон биш. Хоёр Түнэлийн хооронд хүдэн манан татахад биш, зулгуй муу хүмүүсээс болж л модон хөл нь даардаг, түүнийгээ хий хоосон мананд тохоод сэтгэл нь тайтгардаг ч байсан уу, бүү мэд. Уйтгар шаналан зохиолч хүний дагуул л юм биз, ядуу тарчиг амьдарсан л юм биз, яруу найрагчийн хувьд энэ юу юм, юу ч биш шүү дээ. Юу ч бишийг нь таньсан учраас л тэр “таг чимээгүй” амьдарсан байх аа!

Байгалиас заяасан авъяастай энэ хүн нэгэнтэй “Би амьдралыг дандаа хар бараан талаас харж бичдэг гэж хэлсэн удаатай ч”,

***

“Намрын өглөө гуулин шугуйгаар уруудахад

Усны хөх шувууд оросоор Ганганана

Гудайн сууж тариачин Есенинг уншсан Болохоор

Буй юмс бүхэн оросын сайхан Аялгуутай...”

***

“Орох бороо цонхыг минь Угаалаа

Угаалаа гээд угаадас болсонгүй

Болор өнгөөр гэрэлтэн Туяарч

Таны өмнөөс цонхыг минь арчиж өглөө

Өнөрболд минь, Улс болд минь гэж

Гэгээн дуслуудад нэр бодож Оллоо

Одоо ингээд би олуулаа Болцгоож

Бүсгүй танаар дутахгүй Боллоо...”

***

“Хэцэн дээр тохсон

Хүүхдийн цоорхой оймсыг

Бор шувуу өмсжээ..”

***

 “Энэ цагаан мөөгийг

Дү Фүгийн ээжид өгөхсөөн гэж

Дөрвөн намар бодлоо”

... Борооноос хоргодохоор гэрийн хаяагаар орж ирсэн чогчигоноос хүртэл аялгуу эгшиглэх шиг санагдав...” (Бэнсэн үлгэрч) “Туушин голын арал дээрх гацаа руу цас чихруулан алхахад өвлийн дунд сарын төгрөг саран Фетийн нэгэн дөрвөн мөртийг санагдуулан мэлтийнэ...(Нинжмэд) зэрэг олон сайхан шүлэг, өгүүллэгүүд бичиж үлдээжээ. Одоо шүлгүүдээс нь элдэв тайлбар зүүлтгүйгээр унш даа.

***

 Хүйтэн шөнийн бороо

Хөнжил дээр дусахад

Тэнгэрийн дуу сонсогдов

***

Аймаар харанхуй шөнө

Айлын яндангаар оч хаялах нь

Аль эртний цох оо

***

Ширэнгэний оройд

Шар шувуу суучихаад

Дүүжин даажин...

***

Хаврын цасны ус

Дээвэр дээрээс дусах нь

Хамгийн анхны бороо...

***

Ойн хөрмөг дээгүүр

Танихгүй охин алхах нь

Оройтсон жимс ээ

***

Юмаа гэж сонин юм даа

Юүдэн ч үгүй, цув ч үгүй явтал

Юүлэх мэт бороошино

***

Зулаа өргөчихөөд

Дэнгээ олж асаатал

Дөрвөн сүүдэр тусав

***

Дулаахан мөөгөн зүс бороо

Элчилгүй тэнгэрээс зүйрмэглэн шивэрнэ

Догшин аадар сөрж явсан надад

Энэ бороо дэндүү их уйтгартай

***

Хаврын урь ороход

Халаасанд байсан үрнээс

Яргуй үнэртэв

/Түүний энэ шүлэгтэй утга санаа адилхан шүлэг надад бий. Шүлэг зохиолд автаж явсан мөхөс миний гэмийг өршөөнө буй заа/.

***

Эзэнгүй сүмд ороход

Энд суурьшсан албин чөтгөр

Лимбэ тоглох аж

***

Ширээн дээр минь

Ганцхан халбага байх нь

Шөнийн зочин..”

***

Аадар борооноор

Мөндөр түүгээд идсэн чинь

Аянга амтагдлаа

***

“... Хаана би хэрэгтэй байна

Тийш нь би зүрхээ явуулдаг байсан

Хаана дундуур дутуугийн шаналан байна

Түүнд би зүрхээ юүлдэг байсан...” /Улаан хонх шүлгээс/

***

(Ээжийгээ дурсахуй)

Олон жил дэрлэсэн

Энэ дээлийг угаа юу гэтэл

Саалийн үнэр нь хайран

/Энэ гурван мөр шүлгийг ер тайлбарлах хэрэггүй. Саалийн үнэр нь арилчихна/

***

Чамдаа гэж би мянган захиа бичсэн

Чамдаа гэж мянган захиа минь болжмор болж ниссэн

Их хотын дундаас сууцыг чинь олж буусан

Ирмэх цонхны чинь дороос будаа олж түүсэн

***

Нар ёлтойсон өвлийн бүүдгэр өдөр

Мөрөнгийн шавар байшингууд чийчаан мэт

Амьд цэцгийн баглаа эрж

Аяа би хичнээн их явав аа!

/Хэнд өгөх гэж хайсан юм бол доо, хөөрхий/

***

Зөрөг зам дээр чиний шивнээ шиг

Зөөлөн хонгор бороо шивэрнэ

Миний ойлгож мэдсэн юм гэвээс

Мананд төөрсөн чамайгаа олохсон доо

***

Намрын цэцэрлэгт эл хуль гэж

Найрагч охин нэгэнтэй бичжээ

Тэнд би өчнөөн намар ганцаар суухдаа

Түүний хаагуур нь өнгөрсөн юм бол доо

Тэр найрагч охин түүн шиг урт удаан олон намар уйтгарлан суугаагүй болохоор зөрөх нь аргагүй л дээ. Хэсэг суугаад л буцсан байх. Эдгээр богино шүлгүүдээс гадна “Нямдорж”, “Сонсогчгүй академи ба академигүй сонсогч” “М.Цэдэндоржид зориулсан натюрморт”, “Төрөлх хэл”,  “Мөнгөн сэрэл” “Хар сүм” “”Азийн чоно”, “Манжерок” зэрэг 20 гаруй найраглал бичжээ. “Сонсогчгүй академи ба академгүй сонсогч” найраглал дотор нь:

Дээвэр дээрээ

Тургеневийн хаврын цасны устай

Дээврийн хонгилдоо

Лендгрины Карлоснтой

Энэ номын сангаас намайг эрээрэй... гэсэн мөрүүд бий. Түүний найраглалууд нь сэтгэлгээ баян, цаанаа л нэг уншууртай байдаг юм. Тухайн цагтай тийнхүү бичсэн нь хэд ч билээ. 

Малчин, ногоочин, сурвалжлагч, ажилчин, зохиолч, шүлэгч Гүр.Нямдоржийн богинохон амьдрал бидний мэдэхгүй нууцаар дүүрэн байсан нь дамжиггүй. Зохиол бүтээлийг нь мэддэг хүн манай энэ хавиар бол тун цөөхөн.

-Гүр.Нямдоржийг мэдэх үү?

-Мэдэхгүй

Ихэнх тохиолдолд ийм л хариулт сонсдог. Товчхон энэ хариултанд анхандаа би нэлээдгүй дурамжхан байдаг байлаа. Эцэст нь нэг дүгнэлтэд хүрсэн юм. “Ерөөсөө мэдэхгүй байгаа нь л түүний үнэ цэнэ юм байнаа гэж”. Энэ тодорхойлолт оносон эсэх нь хамаагүй ээ.

Барханы газрын сахиулаа тэр хийсээр л байна!

 

2013.12.19

П.Майнбаяр

 

  

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top