Ц. МӨНХЖИН: ӨӨРИЙН ХӨГ АЯЛГУУГ ХААНА ДУУРСГАНА ТЭНД Л ЧИНИЙ ХУВЬ ТАВИЛАН БУЙ
2020-12-10 Уншигч 1020

“Өөрөө өөрийгөө таньсан цагт бурхныг таних тийм ч хэцүү биш. Сэтгэл дотор бурхан оршдог бус сэтгэл гэдэг нь өөрөө бурхан учраас тэр юм шүү дээ.” (Шамс)


Зураг: Уншигч

Зохиолч: Элиф Шафак нь англи болон турк хэлээр бүтээлээ туурвидаг, Ойрх Дорнодын ертөнцөөс дэлхийд танигдсан анхны Турк эмэгтэй зохиолч юм. Түүний бүтээлч, шинэлэг сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, уншигчдадаа өгөхийг хүссэн мессеж, бичлэгийг жанр нь гойд санагдсан тул youtube-д тавигдсан ярилцлагуудыг бүгдийн шахуу үзчихэв. Ингээд феминист, либериал үзэлтэн, нийгмээ хурцаар шүүмжилэгч, эрэгтэй хүйстний нөлөө давамгай Турк орны нэр алдрыг дэлхийд эмэгтэй хүний байр сууриар таниулж яваа Элифийн “Хайрын дөчин дүрэм” романы ертөнцөөр хамтдаа аялъяа.


Манай Элиф аниа нууцлаг бас

…Чиний гэрэл гэгээн дор би хайрлаж сурсан. Чиний гоо үзэсгэлэнд автан би найрагч болон хувирсан. Чи хэнд ч үл харагдах цээжин гүнд минь бүжин наадахад гэгээн дүр чинь урлагийн бүтээл адил гэрэлтэнэ… ( Руми )

Зохиол дотор орших зохиолын хэлбэрээр үйл явдал нь өрнөх энэ амттай романыг гамнан, хайрлан уншчихаад номноос авсан тэрхүү нандин мэдрэмж, ухаарал бодол санаанаас арилахаас өмнө тэмдэглэл бичье гэж бодсон ч завгүйгээр шалтаглаж явсаар коронагийн хорионы ачаар сая нэг бичиж дуусгав.

“Хайрын дөчин дүрэм”-ээр аялсан 40 хоног уран зохиолын амтанд улам гүн умбасан мөчүүд байлаа. Чингэхдээ эр эмийн хайр төдий бус бурхны төлөөх, анд нөхөрлөлийн төлөөх хайранд өөрийгөө золиосолсон Тэрбризийн мэргэн Шамсыг одоо ч төсөөллийн ертөнцдөө амьдруулсаар байна.

Хайрын дөчин дүрмийн нэг:

“Жинхэнэ бузар буртаг дотоод сэтгэлд бий. Гаднах буртаг бол угаахад л арилна. Биеэ ариусгая гэвэл мацаг барьж, нүглийг тэвчихэд болно. Харин сэтгээлээ ариусгая гэвэл зүрхээ хайраар дүүргэх хэрэгтэй.” /Шамс/


Ууланд, томилолтоор, саунд гээд хаа явсан газар минь хань болсон найз минь.

Номын нэрнээс хэн нэгэн дурлалт хосын хайр дурлал, ээдрээт амьдралыг өгүүлэх болов уу гэж таамагласан минь тун өнгөцхөн байлаа. Чухамдаа язгууртан, харц, янхан, бадарчин, архичин, гуйлгачин аль нь ч бай ертөнцийн юмс бүхэн нэгэн бүхэл тул хэнийг ч үл ялган, хайрлах атлаа зоримог бай, бурхныг бүү гаднаас хай, тэр бол чиний сэтгэл гэсэн санааг өгөхийг зорьж гэж дүгнэлээ.

Зохиол XXI зууны АНУ-ын Массачусетс хотод амьдардаг дунд эргэм насны бүсгүй Элла Рубенштэйний амьдрал болоод 1200-аад он буюу Монголчууд бага Азийг байлдан дагуулж, Ойрх Дорнодод Хүлэгүгийн Ил Хаант улс ноёрхож байсан ороо бусгаа цагийн оюун санааны удирдагч, шашны номлогч Руми болоод түүний ментор Тэбризийн Шамсын анд нөхөрлөлийн түүхийг өгүүлнэ.


Зохиолын орчин цагийн баатар Эллаг гаднаас нь харвал нөхөр, хүүхдүүдийн хамт хувийн харшдаа хангалуун амьдардаг гэрийн эзэгтэй ч, дотоод сэтгэл рүү өнгийвөөс хайр халамжаар дутсан, сүүлэрдэг нөхөртэй, өөрийг нь ойлгодоггүй хүүхдүүдтэй, аз жаргалгүй амьдралаасаа өөрийгөө сатааруулахаар завгүй байлгаж ирсэн нэгэн. Тэрээр нэгэн хэвлэлийн компанид ажилд орж, Азиз гэх зохиолчийн “Яруу доромж” нэртэй романд шүүмж бичихээр уншиж эхэлснээр, зохиол доторх зохиол болох Руми, Шамс хоёрын амьдарч асан цаг хугацаа, “Хайрын дөчин дүрэм”-тэй танилцаж улмаар Азиз өөрийн эрхгүй сэтгэл алдардаг. Тус роман ньИсламын ертөнцийн юун санааны соён гэгээрүүлэгчид болох Руми, Шамс хоёрын ертөнцөөр дамжуулж тухайн цаг үе, нийгмийн амьдрал ахуй, ертөнцийг үзэх үзэл, философийг тун сонирхолтойгоор өгүүлдэг бол нөгөө талдаа хайрын 40 дүрмийг амьдралдаа хэрэгжүүлж буй орчин үеийн Америк бүсгүйн түүхийг сөөлжилж өгүүлнэ.

“Хэн нэгэн уурыг чинь хүргээд байвал түүний царайг хамгийн дотны хүнийхээ төрхөөр орлуулан төсөөлж бай”…(Румигийн том хүү, дүүгээ аргадахдаа ийн хэлдэг.) Энэ сургаалыг амьдралдаа хэрэгжүүлж уур цухал хүргэсэн, санаатай,санаандгүй гомдоож, доромжилсон нэгний өөдөөс “асах” бус тэр хүний царайг ээжийнхээ төрхөөр орлуулж төсөөлдөг болсноор илүү ууч, нэгэн болсноо анзаарч байгаа.


Румид зориулан босгосон хөшөө

Мевлана (Желаладдин Руми)-гийн мэргэн ухааны сургаалуудыг турк хэл сурч байхдаа олонтаа уншиж байв. Хожим их сургууль Ойрх Дорнодын түүхийг судлахдаа яруу найрагч, философич түүний ертөнцтэй ахин танилцаж байв. Харин энэ удаад “Хайрын 40 дүрм”-ээр дамжуулан түүний амьдралын сорилтууд, яруу найрагч болсон түүх…Оршихуйн мөн чанарыг эрж яваа билэг төгөлдөр Шамсын мэргэн ухаан, уужуу холч сэтгэл… Утга учиртай шинэ амьдралыг бүтээхээр, нийгмээс ирэх шүүмж, ялыг сөрж, зоримог алхам хийж буй Эллагийн түүх төдийгүй зохиолд гарах дүр бүхэн нэгийг бодогдуулж олныг ухааруулна.

Тус роман бусад нийтлэг романы бүтэц, бичиглэлийн жанраас онхи ондоог онцолмоор байна. Зохиолч бүх дүрийг нэгдүгээр биеэр бичсэн буюу хэнийг ч үйлэнд өртөгч бус үйлийн эзэн болгож авч үзсэн. Тухайлбал зохиол доторх зохиолын дүрүүд болох Бейбарыс /хүчирхийлэгч/, архичин, гуйлгачин, янхан, Румигийн эхнэр, хүүхдүүд, Шамсыг үзэн ядагчид, сурагчид, номлогч гээд бүхий л дүрийг хөндлөнгийн хүүрнэг ч биш, тэдний үзэл бодол, туулсан амьдрал, хүсэл мөрөөдөл, өвдөлт гээд хүн болгоныг өөрөөр нь яриулсан нь баатрын дотоод ертөнцийг илүү сайн ойлгож, олон өнцгөөр эргэцүүлэх боломж олгосон юм.


Өөрөөр хэлбэл архичин гэдэг дүрийг бидний оюун санаанд тулган хүлээлгэх (талх өгөх) бус архичиний юу бодож байгааг, юунд эмзэглэж, юунд баярлаж, ямар сайхан сэтгэл өвөртөлж байгааг өөрөөр нь яриулснаар уншигч бидэнд( талх барих арга буюу) өөрийн оюун ухаандаа тухайн дүрийг дүгнэх боломж олгосон нь нэн олзуурхууштай байлаа.

“Хайрын дөчин дүрэм”-д чухам юуг өгүүлдөгийг бүгдийг нь хуваалцмаар байв ч орчуулагчийн оюун хөдөлмөрийг хүндэлж, нэгийг бодогдуулсан эшлэш, 40 дүрмийн зарим хэсгийг уншигч танд хэцүү үе сэтгэлийн дэм өгөөсэй гэсэндээ хуваалцлаа. Тагтаагийнхан ойлгоно биз ээ.


Дахин сануулахад энэ зохиол нэг удаа уншаад өнгөрөх зохиол биш, сэтгэлийн дэм өгч, амьдралын гүн ухааныг өгүүлэх тул таныг заавал уншаасай гээд үйл явдлыг спойлордохыг хүссэнгүй.

“Шамс бол Румиг жижигхэн хотын шашны номлогчоос дэлхийн алдартай яруу найрагч, шашны номлогч болгоход нөлөөлсөн . Шамс шиг хүмүүс цөөнгүй байж болох ч хамгийн гол нь түүнийг таних Руми шиг хүмүүс байх болов уу” гэж Азиз (Яруу доромжийн зохиолч, Эллагийн дурлалт залуу) хэлдэг. Билэг төгөлдөр, мөн чанараараа, сайн хүн цөөхөн ч тэдгээрийг таних билгийн нүдтэй хүн түүнээс ховор биз. Тиймдээ ч Коньяа хотын хэсэг балмад нөхөд Шамсыг хөнөөчихдөг. Иймд та бусдаас гэрэл гэгээг л олж хардаг Руми шиг хүн байгаарай.


Шамсын хөшөө, Техран хот

“Ийм нэг түүх бий. Оршин суугчид нь гадны хүнийг үзэж чаддаггүй нэгэн тосгонд бадарчин дэрвиш иржээ. “Эндээс тонилж үз! Чамайг мэдэх хүн манай энд нэг ч байхгүй!” хэмээн тосгоныхон түүн рүү хашхичиж гарав. Тэгэхэд нь дэрвиш “Тэр үнэн. Гэхдээ би өөрийгөө мэднэ. Хэрэв зээ та нар намайг мэдээд би өөрийгөө мэддэггүй байсан бол үүнээс дор байхгүй юу” гэж тайвнаар хариулжээ.

Хайрын 9-р дүрэмд


“Өрнө, дорно, өмнөд, хойдод ялгаагүй. Хүрэх газар хаана байхаас үл шалтгаалан зорьсон аялал бүхнээ зүрх сэтгэлийнхээ гүнээс эхлэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь дэлхийгээр тогтохгүй гараг ертөнцийн уудамд аялж чадна.” (Сэтгэлээ таньж мэд)

Хайрын 40 дүрмийн нэг:

“Бусдаар хүндлүүлье гэвэл өөрийгөө эхлээд хүндлэх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн яаж бусдаар хайрлуулах билээ. Өөрийгөө хайрлаж сурсан цагт харин өрөөлийн хатгасан өргөс бүрийг талархан хүлээж ав. Учир нь өргөсөөр хатгуулна гэдэг удахгүй сарнайн дэлбээнд умбахын дохио.

Өөрийгөө хүндлэл хүлээх үнэ цэнэтэй нэгэн гэж хүлээн зөвшөөрөөгүй байж үл хүндэллээ гэж өрөөлийг буруутгах нь утгагүй хэрэг.”

Хайрын 40 дүрмийн нэг:

“Хүрэх газартаа бүү санаа зов. Харин түүний оронд нэг ч атугай алхаад үз. Энэ тийм ч амар байхгүй нь мэдээж, гэхдээ гарцаагүй чиний хийх ёстой зүйл. Эхний алхмаа хийж чадвал үлдсэн нь жам ёсоороо өрнөнө. Урсгалыг дагаж амьдрах хэрэггүй, харин өөрөө тэр урсгал нь бай.”

Энэ ертөнц нэгэн бүхэл билээ. Ертөнцийн бүх юм үл үзэгдэх шимжээр хоорондоо холбоотой. Бид өөрсдөө мэддэггүй болохоос биш анир чимээгүйгээр дамжуулан хоорондоо ярилцаж байдаг. Тиймээс хэнд ч бүү хор хүргэ. Гагцхүү хайр, энэрлийг л түгээ. Хэнийг ч далдуур бүү муул-хэчнээн гэм хоргүй байсан ч ховын үг амнаасаа бүү унагаа. Бидний амнаас гарсан үг замхарч цаг нь болохоор бидэнд өөрсдөд маань буцаж ирдэг. Нэг хүний зовлон бүгдийг шаналгаж болно. Нэг хүний баяр хөөр бүгдэд инээмсэглэл бэлэглэж болно.

Энэ дэлхий эгээл таны дуу хоолой цуурайлан давтагч цаст уултай ижил. Таны амнаас сайн, муу ямарч үг гарсан чамд буцаад очдог жамтай. Таны тухай муугаар бодож байгаа хүнд адтилхан муу үг хэлэх нь нөхцөл байдлыг улам л дордуулна. Тиймээс 40 өдөр, 40 шөнийн турш тэр хүний талаар зөвхөн сайн сайхныг бодож, сайныг хэлээд үз. 40 хоногийн дараа бүр зүйл орвонгоороо өөрчлөгдсөн байх болно, учир нь таны дотоод сэтгэл ч бас өөрчлөгдсөн гэсэн үг.


Хүний амьдрал урьдаас хатуу төлөвлөгдөхийг хувь тавилан гэдэггүй. Тиймээс хорвоо ертөнцийн хөг аялгуу үүсэн бүрэлдэхэд хувь нэмрээ оруулахаас татгалзаж, бүхнийг хувь тавиланд даатган үлдээнэ гэдэг нь харанхуй бүдүүлгийн шинж. Хорвоо ертөнцийн хөг аялгуу хаа сайгүй тархаж, 40 өөр түвшинд дуурсдаг билээ. Чи өөрийн хөг аялгууг хаана дуурсгана тэнд л чиний хувь тавилан буй. Хэдийгээр чи хөгжмийн зэмсгээ өөрчилж болох ч хэр сайн тоглох чинь зөвхөн чамаас л шалтгаална.

40-р дүрэм

Хайр үгүй амьдралд утга учир үгүй. Ямар хайр эрж олох вэ гэж өөрөөсөө бүү асуу. Хайрыг оюунлаг болоод материаллаг бурхных болоод хүмүүнийх, өрнийх болоод дорнынх, гэх зэргээр ангилан ялгахын хэрэг үгүй. Юмсыг хувааж ангилах тусам улам хуваагддаг жамтай. Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайрласан хүн бол гал. Гал ус хоёр нэгдсэн цагаас ертөнц тэр чигээрээ өөрчлөддөг юм.

Түр хүлээнэ үү...
Top