Жаргал, зовлон хоёр шувууны хос далавч адил харилцан хамааралтай, тэнцвэртэй байхаар заяагдсан гэж бодоход сэтгэл тань амирлах бус уу…
Миний сэтгэл зүрх хоосон гэхэд нэг л уйтай санагдаж магадгүй зарим нэгэн нь өрөвдсөн харцаар ширтэх байх. Гэвч миний сэтгэл зүрх амар амгаланд эзлүүлж эгээ л ямар нэгэн гайхамшиг өөрөө ирэхийг хүлээн бэлэн болсон мэт амирлангүй оршиж буйг илэрхийлэх ажээ. Хүний сэтгэл бол сав юм.
Хүн хайртай хүнээ муугаар бодож чаддаггүй шиг аливааг хайрлаж, ойлгож харвал энэхэн орчлонд муу муухай зүйлс нэг ч үгүй мэт. Учир нь хайр гэдэг тархи тань учрыг эс оловч зүрх тань ойлгон хүлээж авах бүхий л зүйлсийн хариулт. Гэхдээ өөрөө хэдэн мянган жил оньсого мэт оршсоор ирсэн таамаглал юм.
Харин тэртээх 13-р зуунд Тебризийн Шамс гэх бадарчин дэрвишийн боловсруулсан ХАЙРЫН ДӨЧИН ДҮРЭМ болон түүний Румитэй үүсгэсэн сэтгэлийн холбоо, бат бэх нөхөрлөлийг хоёр тэнгис уусан нэгдэхийн адилаар зүйрлэн өгүүлсэн зохиолыг нэгэн бүсгүй унших даалгавар авсанаар энэхүү ном эхлэнэ.
Руми ба Шамс
Зөвхөн гадаад үзэмжээр маань дүгнэж болохгүй ээ, биднийг
Зүрх сэтгэлийн маань гүнд тохирох зүйл зөндөө бий
Өдгөө өнөөдөр ч нэр нь цуурайтсаар байгаа Румигийн найраглалын ард орших утга учир нь болсон Шамсын тухай хүмүүсийн мэдлэг дутуу дулимаг байх. Энэхүү хоёр эрхэм нь бие биенээ олсон цагаас эхлэн хорвоо ертөнцөд хоёулаа л байгаа мэт гүн гүнзгий нөхөрлөлийг эхлүүлсэн хэдий ч тэдний хамтрал тийм ч удаан үргэлжлээгүй байдаг. Хүмүүс өөрсдийнхөө ухаж ойлгож чадахгүй зүйлийг хүлцэн тэвчиж чаддаггүйн нэгэн жишээ бол тэдэнд атаархагчидын хийсэн хорлолын үр дүнд үүрд хагацан салах болсон тэдний түүх юм.
Шамс байхад Руми энэ хорвоо ертөнцөд юугаар ч дутаагүй мэт, хангалуун мэдрэмжийг, хайр гэж чухамхүү юуг илэрхийлж болох талаар суралцсан билээ. Харин Шамс үгүй болсноор тэр хорвоо ертөнцийн хосгүй найрагч болсон. Учир нь тэр хайрыг мэдэрч үзсэн, түүгээр дутаж үзсэн мөн алдаж үзсэн.
Руми: Түүнийг эзгүй болохоор үхэх гэж байгаа юм шиг л санагдах юм. Яагаад өр зүрх минь өдрөөс өдөрт улам бүр эзгүйрэн хоосорсоор байгаа билээ? Энэ их хоосрол намайг эгээ л өвчин адил ороож аваад зогсохгүй өлсгөлөн харх адил сэмхэн гэтсээр хаа ч явсан дагах ажээ. Байгалийн хуулиар цаг хугацаа урсан одсоор л, шаналал минь уй гуниг болж, уй гуниг минь анир чимээгүйд хувилж, анир чимээгүйгээс хөлгүй далайн хар ус шиг ганцаардал руу уналаа.
Бүх зүйл сайн сайхан байгаа цагт талархах шиг амархан зүйл үгүй. Бид хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран дотоод сэтгэлдээ үргэлж дутуу дулимгийг мэдэрч байдаг. Яг л ямар нэг юмаа алдчихаад, түүнийгээ олж авахгүй л бол болохгүй юм шиг тийм мэдрэмж. Гэвч түүнийгээ олж чаддаг хүн бидэн дунд ховор. Учир нь түүнийгээ эрж хайхаар замд гардаг нь цөөхөн.
Энэхүү зохиолыг унших даалгавар авсан бүсгүй бол бидэнтэй нэгэн зуунд амьдарч байгаа гэрийн эзэгтэй. Хайр гэдэг үг бол түүний хувьд дэвэргэн гэх “үг” төдий илэрхийлэгдэх зүйл бөгөөд нөхөртөө үнэнч өдийг хүрсэн түүний сэтгэл нь энгийн нэгэн тогтоол ус мэт амьдралдаа өөрчлөлт оруулахыг үл хүсэх сэтгэлээс нь улбаатай. Тэрээр энэ амьдралдаа нэгэнт дассан нэгэн.
Түүний амьдарч буй нийгэмд хүмүүсийн харилцаа мэдрэмж гэхээсээ илүүтэй биет зүйлсээс хамаарах болсон нь өдөр тутамд анзаарагдах хэдий ч тэдний адилаар өөрөө юугаар ч дутаахгүй үр хүүхдээ хангалуун өсгөх нь амьдралынх нь хэв маяг тул өөрийгөө сайн эзэгтэй хэмээн дүгнэх нь түүнд амар санагддаг.
Үнэхээр бидний хувьд хайр гэдэг огт таньж мэдэхгүй зүйл мэт болчихсон юм болов уу…
Үнэхээр хайрлахад, хайрлуулахад дүрэм гэж байдаг болов уу…
Хайр үгүй амьдралд утга учир үгүй. Ямар хайр эрж олох вэ гэж өөрөөсөө бүү асуу. Хайрыг оюунлаг болоод материаллаг, бурхных болоод хүмүүнийх, өрнийнх болоод дорнынх гэх зэргээр ангилан ялгахын хэрэг ер үгүй. Юмсыг хувааж ангилах тусам улам л хуваагддаг жамтай. Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг. ЭНЭ БОЛ ДӨЧДҮГЭЭР ДҮРЭМ.
Нэг л өдөр аз жаргалгүй, хайраас хол хөндий амьдарч буйгаа ойлгох болсон бүсгүй хайрыг нэгд нэгэнгүй өгүүлэх номныхоо зохиолч руу мейл бичих болсноор түүний амьдрал бүр мөсөн өөрчлөгддөг. Үл таних зохиолч залууд татагдах болсон түүнд ахин шинээр өөрийнхөөрөө амьдрах боломж олдсон гэхэд хилсдэхгүй. Тэрээр өөрөө дэвэргэн гэх үгийнхээ биелэл мэт болж өөрийн Шамстайгаа учирсан нь нэгэн цагт охиндоо “ээж нь жаргалгүй байна” хэмээсэн гэрийн мухар сахисан дөчтэй эзэгтэй бус танигдахын аргагүй аз жаргалтай, гал цогтой дөчтэй бүсгүй болж хувирч байгаагаа мэдэрсээр байлаа.
Тэрээр өглөө сэрээд өөрийгөө өөрчлөгдөж үү хэмээн удтал толинд харав. Илүү залуужаа юм болов уу? Эсвэл үзэсгэлэнтэй болсон ч юм уу? Гэвч ямар ч өөрчлөлт харагдсангүй. Юу ч өөрчлөгдөөгүй аж. Гэхдээ бас юу ч урьдынх шигээ байхаа больжээ. Гэнэтхэн л сэтгэл нь цэлмээд ирэх шиг болов. Руми, Шамс хоёрын тухай зохиолыг унших даалгавар авсан санамсаргүй тохиолдлоор амьдралдаа гарч ирсэн боломжийг алдалгүй хүлээн авах тэр мөчөөс эхлэн түүний амьдрал бүр мөсөн өөрчлөгдөж энэхэн амьдралдаа харамсахааргүй нэгэн болж чаджээ.
Аливаа зүйлсийг зөнд нь орхиод хүлээн авч, чөлөөлөхөд аяндаа бүтдэг зүйлс гэж байдаг. Заримдаа бид хэтэрхий их хичээснээр урсгал усыг эргүүлэх гэж чармайж байгаагаас ялгаагүй үр дүн биднийг хүлээж байдаг тул урам хугардаг. Тархи хүлээн авч ойлгож чадахгүй ч зүрх чиглүүлэн заах зүйлс олон бий. Хайрыг олж чадсан хүнд хэлний хэрэг байдаггүй. Ямар ч үгээр илэрхийлэх боломжгүй зүйлийг анир чимээгүйгээр ойлгуулах боломжтой байдаг. Хайр бол бидний хэл.
Эцсийн эцэст бид амьдралаа ямар нүдээр харах вэ гэдгээс шалтгаалж амьдрал бидэнд адил хариу барьдаг жамтай.
WRITTEN BY: М. АМАРЖАРГАЛ