Б. БАТЧИМЭГ : АМЬДРАЛД МӨН Ч ОЛОН ӨДӨР ИРНЭ ДЭЭ
2020-08-23 Уншигч 1667


Зүсийг нь ч мэдэхгүй танихгүй залууд бичсэн үгсээр нь дамжуулан дурласан бүсгүй. Ирүүлсэн захиаг нь л уншаад татагдсан залуу хоёр. 21-р зуунд байгаа эмэгтэй эрэгтэй 2 хүн, 13-р зуунд байгаа 2 эрэгтэй хүний бие биеэ гэсэн хайрыг дүрсэлсэн ном. Хайр гэдэг зөвхөн амраг хос, аав, ээж, үр хүүхдэд л хамаарах зүйл биш шүү гэдгийг дүрүүдээрээ илэрхийлсэн ном.Зохиол доторх зохиол. Хайрын тухай дэврүүн зохиол. Хэн нэгнийг ялгах, өөрөө ялгарах нь угтаа ямар ч үндэсгүй хоосон зүйл болохыг сануулсан үнэн з. Бид үнэндээ бусдыг зүгээр л хайрлаж, хайртай гэдгээ илэрхийлж чаддаггүй гэдгийг БУРХАНГ ашиглан бараг хуудас бүрдээ хэлнэ.Жаргалтай болгож, инээд хүргэдэг, нэг их гуниг төрүүлж хоосруулдаг яг ийм зохиолуудад хачин их хайртай. Би харилцаагүйгээр амьдарч чаддаггүй болохоороо л ном уншдаг юм шиг санагддаг. Дэргэд  хэн нэгэн байхгүй өдрүүд, хэн нэгэнтэй уулзаад ярилцахад хэт их цаг авчих болохоор тайван ч байж чадахгүй байхдаа гэж бодоод бусдаас зугтсан завгүй юм шиг завтай өдрүүд. Яг ийм өдрүүдэд ном барьж авах тоо нь олширч, сошиал медиад оруулах постын тоо маань ихэсдэг байх. Харин энэ ном шиг хань болдог хачин дулаахан зүйлстэй таарахаар сэтгэл сайхан цэлмэчих шиг л болох юм.

Хүмүүс чи бусдыг ойлгох ёстой гэж хэлдэг нь надад ер таалагдахаа больсоон. Үнэндээ хэн нэгэн надад ойлгогдох албагүй юм л даа. Аль болох л энэ хүн ийм л хүн юм байлгүй дээ гэж боддог болохыг л хичээж байна. Надад хэн нэгнийг шүүх ямар эрх байгаа гэж?. Гэхдээ энэ зарчмаа сайн баримталж сурахгүй байна. Өдөр бүр олон төрлийн хүмүүстэй харилцахдаа хорвоо дээр ийм хүн байдгаа гэж гайхан цөхрөхөө болихгүй л байна. Одоогоор ойлгож байгаа юм нь гэвэл энэ хүн яагаад ийм юм бэ гэж бодох үед энэ хүн яагаад ийм байж болдоггүй юм? чиний мэдэх асуудал уу? гэж асуух үед хамаагүй тайвширчихдаг болсон. Энэ хичээл зүтгэлээ алдаж болохгүй шүү гэдгийг энэ зохиол санууллаа.Бас би амьдралдаа аль болох үнэн байх ёстой юм шүү хэмээн хичээдэг. Таалагдсан хүндээ надад яагаад таалагддагийг хэлж, баярласан хүндээ яагаад их талархаж яваагаа сануулж, мэдэх бол мэдэхээ, мэдэхгүй бол мэдэхгүйгээ, дуртай бол дуртай, дургүй бол дургүйгээ хэлчихдэг хүн байхыг. Гэхдээ дургүйлхлээ гээд нэг их үзэн ядахгүй орхичихдог хүн болохыг л баримталж яваа юм. Энэ үзлийнхээ дагуу прогресс үзүүлж байгаа гэдэгтээ их л итгэлтэй байлаа энэ номыг унших хүртэл. Гэтэл 3 хүүхэд, нөхрөө орхиод танихгүй зохиолчийг дагаад явсан гол дүрийн бүсгүйг бүрэн зөвшөөрч чадахгүй байгаагаа мэдсэн чинь үнэн байж сурах хаа ч байсан юм шиг санагдлаа. Хайр нь хөрчихсөн хэрнээ хажууд нь шигдэж үлдэхгүй өөр хүнд дурласнаа хэлдэг, гаднаас нь харахад бүх зүйлс цогцолсон амьдрал нь аз жаргал мэдрүүлэхгүй байгааг хүлээн зөвшөөрдөг энэ эмэгтэй шиг үнэн хүн би лав болоогүй л байгаа аж. Гэсэн ч "Хүмүүс бид дөч, тавь, жаран насыг зооглож, арав арван жилээр урагш ахих тусмаа бүрэн дүүрэн мэдрэмжийг бага багаар амсаж эхэлдэг. Хүрэх газар үгүй байсан ч бид алхсаар л байх учиртай" гэж энэ номон дээр гардаг шиг би үнэн хүн байхаа, бусдыг байгаагаар нь хүлээж авдаг хүн байх гэж хичээхээ үргэлжлүүлсээр л байх учиртай гэж бодно.Амьдралд мөн ч олон өдрүүд ирнэ дээ. Олон ч хүнтэй учирна. Хайраар дүүрэн хүн байж хорвоог туулахсан

ТЭМДЭГЛЭЛ: Б. БАТЧИМЭГ 

Түр хүлээнэ үү...
Top