ПҮРЭВЖАВЫН БАЯРСАЙХАН: ХҮН ГЭДЭГ ХЭЗЭЭНЭЭСЭЭ ЗОВОХ ДУРГҮЙ АМЬТАН
2020-07-29 Уншигч 1570

“Хүн гэдэг хэзээнээсээ зовох дургүй. Зовох дургүй мөртөө зовлонгийн хаалга болгоныг онгойлгоод явдаг амьтан…” (П.Баярсайхан, “Хотын онгон” роман)

90-ээд оны эхээр 10 гаруйхан настай хүү байхдаа шар гадартай, хавтсан дээрээ хөдөөний бололтой өвгөний зурагтай ном уншсан сан. Уншаад 2 зүйл гайхшралыг минь төрүүлж билээ: Эхнийх нь, “Хөх туурийн тал” гэсэн нэртэй атлаа яагаад хөх биш шар өнгийн хавтастай байгаа юм бол? Хоёр дах нь, “100 жил” гэдэг өгүүллэг. Эдгэрэшгүй өвчин туссан залуу ирээдүйд анагаах ухаан өнөөх өвчнийг нь эдгээх боломжтой болох хүртэл буюу 100 жилийн хугацаатай өөрийгөө хөлдөөхөөр шийдэж буй тухай гардаг. Монголын хүүрнэл зохиолын сэдэв нь голдуу сайн муугийн тэмцэл, нэгдлийн малчдын амьдрал, хувьсгал гэсэн хүрээнд л эргэлддэг байсан болохоор үүнээс тэс өөр өгүүлэмжтэй өгүүллэг уншаад мэл гайхах минь аргагүй л дээ.
1980-аад оны хүүрнэл зохиолд Д.Норов, Б.Догмид, Д.Цэнджав, Д.Энхболд, С.Жаргалсайхан, П.Баярсайхан нар үнэхээр онцгойрдог. Ялангуяа Баярсайханы өгүүллэгүүд үнэхээр өвөрмөц, хүний өөрөө ч анзаардаггүй араншинг нь нээж гаргахдаа гарамгай.
1970-аад оны Монголын хүүрнэл зохиолд хөдөөгийн амьдрал хөгжиж цэцэглэж буй тухай, залуус орон нутагт очиж ажиллаж амьдрахаар тэмүүлж буй тухай “ухуулгын” зохиол элбэг ажиглагддаг. Харин 1980-аад оноос залуус хөдөө орон нутгаас дайжиж буй тухай, хот руу тэмүүлэн илүү тав тухтай амьдрахыг хүсэж, хүүхэд хөгшид л нутаг орноо сахин үлдэж буй тухай эмзэглэн бичих болсон. Гэхдээ илэрхийллүүд нь хоорондоо ихээхэн төстэй. Хотод ирээд хүнээ байсан хямдхан сэтгэлтэй залуус, ажил төрөл ихтэй гэж шалтаглан эцэг эхээ мартаж, эргэж тойрохоо больсон хүүхдүүд, эсвэл хотын маягтай хямсгар, дүр эсгэж амьдардаг материаллаг сонирхолд автсан хүмүүсийн тухай… Ердөө энэ хэдэн сэдэвт л утга санаа, агуулга нь эргэлддэг. Киргизийн зохиолч Чингиз Айтматовын “Зунаас ч урт өдөр” романы хуулбар гэмээр.
Харин Баярсайханы илэрхийлэл тэс өөр. Дотор хүнийг, тэр бүү хэл дотор хүний цаана нь нуугдаж буй “далд хүн”-ийг нь ил гаргаж ирдэг. Тэгэхдээ шуудхан ухаад уншигчдын өмнө гаргаад ирэхгүй. Хүмүүсийн харилцаа, бодол, хэлж буй үг, гаргаж буй үйлдлээр дамжуулан “далд хүн”-ээ ил болгодог. Чингэхдээ амьдралын жижиг сорилттой учруулах, гарцаагүй нөхцөлд оруулж мухардуулах, ганцаардуулах, бага багаар хэмлэх гэх мэт олон аргуудыг ашиглана гээч. Яг л туршлагатай, ур чадвартай мөрдөн байцаагч гэмт хэрэгтнийг улайлгах лугаа адил. Сонирхолтой нь Баярсайхан эдгээр өгүүллэгүүдийнхээ дийлэнхийг нь 27–28 орчим настайдаа бичсэн байдаг юм билээ. Ийм залуу хүн яаж ингэж хүний сэтгэлийг таньж, мэдэрч бичсэн нь гайхмаар.
Түүний ур чадварыг илэрхийлж чадахуйц 2 өгүүллэг, 1 жүжгийг нь энд цухас дурдъя.

“282” өгүүллэг: Төмөр зам дагуух жижигхэн сууринд амьдардаг нас өндөр ээжийгээ авахаар ирэх хүүхдүүд. Эмгэн идээшиж дассан нутагтаа баймаар байдаг, гэтэл нас дээр гарсан тул хотод хүүхдүүдтэй хамт амьдрахаас өөр аргагүй. Эмгэний цухалдан аашилж, хүүхдүүддээ туньж буй байдал, гарцаагүй нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр аргагүй ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхөд бэрх байгаа зэргийг янзтай урнаар бичсэн.

“Сармагчин бол сармагчин” өгүүллэг:
“… — Хэзээ амар заяа үзэх хүн бэ, би?! Хэсэг ч болов төвшин суух цаг ирээсэй! Хүний хүүхдүүд хэчнээн сайхан байна вэ?! Яасан гэж намайг зовооно вэ?
Эхнэр мөд тайвшрахаасаа өнгөрчээ.
“Хүүхдүүд зовоолоо гэнэ үү? Гайгүй байлгүй, харин ч миний хэд эрээд олдохгүй хүүхдүүд шүү. Хэн нь хэнийгээ зовоогоо бол доо.” Дэлэг ийн сэмхэн үглэж хэвтэнэ. Чанга хэлж болохгүй, эхнэр дуулчихвал харайж ирээд багалзуурдахаа ч байг гэхгүй. Гал дээр тос хийсэнтэй ялгаагүй юм болно. Дэлэгийг хатуу үг хэллээ гэж эхнэр нь урьд өмнө зуурч зулгаасан удаатай. Тэгтэл өөрөө хатуу ширүүн байтугай хараалын үг зоргоороо урсгаж байдаг.
- Гэрээр дүүрэн дураараа улс. Үг хэл ч авдаггүй. Тэр том толгойт гудамжинд орогнох нь дутаж дээ. Эцэг нь мөн шүү юм бол үг хэлэхэд яана вэ? Ажил албан дээрээ дуугай суудаггүй л гэх нь билээ. Хоосон хэнхэг. Тэгээд юу дээрдэв ээ? Өөдөлсөн л юм алга…”

Ихээхэн танил уншигдаж байна уу? Бидний амьдралын дүр зураг. Хэдийгээр өөрийнх нь амьдрал дутаж гучаагүй ч бусдынхтай харьцуулан байнга чамлаж сэтгэл гонсгор явах эхнэр. Одоогийн байдалдаа овсгоо муутай эр нөхрөө үргэлж буруутгана. Эр нөхөр нь мөрөөрөө ажлаа хийдэг энгийн л албан хаагч. Гэр бүл болохоос өмнө хэн хэн нь ийм болно гэдгийг төсөөлөөгүй. Хувийн эрх чөлөө, амар амгалан байх нөхцөл, хүсэл мөрөөдлөө эхнэртээ (ийм хүмүүсийг бий болгодог нийгэмд?, биесээ сармагчин лугаа адил дуурайж мөчөөрхдөг хүмүүст?) өдрөөс өдөрт булаалгаж, аажмаар үүнтэйгээ эвлэрэн зохицохоос өөр сонголтгүй болж буй залуу.

“Хүн гөрөөс” жүжиг:
Дурлалт хосууд хээр салхинд гарна. Тэд биесдээ хэлж чадаагүй, ер хэлж боломжгүй хувийн нууцтай. Хирдхийлгэм явдал болсны дараа тэд өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг үзүүлж, өнөө нууцаа дэлгэхээс аргагүйд хүрнэ. Уншигчдад тэднийг буруутгах бодол огтоос төрөхгүй. Бид бүгд л энэ хүмүүстэй ижил, бусдаас, бүр өөрөөсөө хүртэл нууж явдаг зүйлтэй.

ТЭМДЭГЛЭЛИЙГ: "ЦЭГ ТАСЛАЛ" ХУУДАС 

Түр хүлээнэ үү...
Top