А.АНУДАРЬ: "ХАР СУДАР" РОМАН
2015-06-16 Уншигч 1078

♥Урин дулааны улирал эхлэж залуучууд их хотын чимээ шуугианаас түр ч бол дайжин байгалд гарч, өдөржин нүдээ чилтэл ширтэж суудаг дэлгэцнээсээ ч бас холдон сонирхолтой номууд, чихэвчтэйгээ илүү найзлах болжээ. Ийм нэг сайхан цагаар бид "Амралтаараа уншиж буй номоосоо хуваалцаач?" гэж Эрх зүйч, Бодлогын шинжилгээ, хүний эрхийн судлаач А.Анударийг  "Уншигч" буландаа урьсан юм. Харин тэрбээр бидэнд хамгийн сүүлд уншсан номынхоо талаар хачин сонирхолтой, сэтгэл сэргээм бичлэг илгээсэн нь энэ.


Зургаан өдөр нухаж, номондоо нэг орон нэг гаран (ихэнхдээ л гаран: хэдий их хуудас унших үлдсэн, хэд дэх бүлэг дээрээ явж буйгаа байн байн үзэх; Галип, Желяль болон Рюйя ямар зүс царайтай улс бол хэмээн тэднийг хэн нэгэн дүрслэн зурчихсан нь олдохгүй байгаа даа гэж Гүүгл имэжээр тэнүүчлээд олон улсад гарсан янз бүрийн хавтасны зургаас өөрийг олохгүй байх; түүнээсээ үүдээд монгол хэвлэлтийн хавтасны дизайн зураг номтойгоо огт дүйхгүй байна гэж голж бодох; Түркийн төрийн эргэлтүүдийн тухай Википедиагаас унших, Ататюркийн намтарыг бас унших; Желяль, Галипын насыг нарийн тооцож, он тоолол гарах бүрт Желяль тэдийд хэдтэй, Галип хэдтэйг бодох) байж сүүлийн гурван бүлгийг нэг дор (бүлгүүдийг дарааллан нэг дор бараг уншаагүй) нэг амьсгаагаар дуусгав. Гуравхан үлдсэн гэх бас удахгүй дуусаж байна гэх бодол нөлөөлсөн үү эсвэл үнэхээр тэр үед л би номонд оров уу... мэдэхгүй. Постмодерн сод бүтээл гэж дахин дахин давтсан, арын нүүрэнд ч дахин ишлэгдсэн өмнөх үг бичигчийн цохон тэмдэглэсэн үгсийг эс тоож эхэлсэн ч явах тусам орохдоо ярвигтай, урт, нуршуу өгүүлбэр, дээр дээрээсээ давхарлан орж ирэх санаануудаас залхахдаа өөрийн тэнэгийнх гэж бодох ч (унших "формондоо" ороогүйг ч хэлэх үү) "постмодерн" гэгчтэй л үзэлцэж байна даа гэж бодох.

Гэвч үнэнч, анхааралтай, ухаалаг уншигчийн дүрээс урвахгүйг хичээн тэр тоочилт ихтэй урт өгүүлбэрүүдээс нэг үг гээхгүй, басхүү утгын хөврөлийг гээхгүйг хичээн уншивч хааяадаа өгүүлбэр гэхээсээ санаа хаанаасаа эхэлснийг алдаж догол мөрийг давтан уншсан нь цөөнгүй. Галипын явдлын дундуур орох Желялийн өгүүллэгүүдэд илүүтэй автан, тэр ээлж ирэхэд илүүтэй урам зоригтой шимтэн уншиж байв. Тэрэндээ ч Желяль Бэйд илүү хайртай болов. Галипын улайрсан, шургуу юм шиг мөртлөө үүгэлтсэн, арчаагүй ч юм шиг, унж дорой ч юм шиг байдал бухимдал төрүүлээд байх, түүнээсээ үүдээд Галипыг хамгийн ихээр айлгадаг Рюйягийн хайхрамжгүй байдлын дүрслэл ч бухимдуулаад авна. Рюйя түүнийг орхисон нь урвалт байгаасай ч гэж хүснэ (Галипыг алдартай жүжигчин бүсгүйг дуурайж аягладаг янхан хүүхэн дээр очиход "болж!" ч гэж бодож байх шиг). Галипын Рюйяг гэх хайр нэг л яршигтай байсных. Тэр нэг бүх юмнаас тэмдэг хайдаг, хүний нүүрнээс хүртэл тэмдэг хайдаг, хуруфитууд, үсгийн тэмдгийн тухай бүлгийг үзэн ядсаныг яана (явж өгөхгүй байсанд нь л). Хунтайжийн тухай бүлгийн төгсгөлд нулимс гаргав. Энэ зохиол хүн өөрийгөө хайх, олох, танихын тухай уншсан цөөн хэдэн ном зохиолоос минь хамгийн надад ойроор тэгсэн мөртлөө хариу, дүгнэлт, тулгалтгүй, нууцлагаар хүүрнэсэн хүүрнэл байлаа. "Яг тэр шүү!" гэж бодсон, сайхан хэлсэн өгүүлбэр, мөртэй хуудсуудын өнцгийг нугалсан. Ер харандаа, балаар ч юм уу санааг тэмдэглэдэггүй нь ном бүрт дараагийн уншигч буй гэж боддогийнх бөгөөд нэг талаасаа тэднийг өөрийн үзлээр хүчиндэхгүй байх, нөгөө талаас би л эдгээрийг олж харсан гэх өчүүхэн санаатай төдий. Өнцгийг нугалсан хуудастай таараад яах гэж тэр хуудсыг тэмдэглэснийг яахин таах билээ, магадгүй уншиж яваад орхисноо тэмдэглэж л гэж санах биз. Номонд цаанаас нь хадсан хавчуургыг тууз хэт богино байсан. Инээдтэй юман дээр хэмнэсэн эсвэл зүгээр хайхрамжгүй хэмжсэн байх л даа (Болор судар-ын шинэ хэвлэлтийг л яриад байгаа юм).

Зуны сарын голцуу нартай өдрүүдэд, суурин газрын/хотын шинж тэмдэг нэгээхэн ч үгүй, задгай салхитай, хүүхдүүд байнга л шуугилдсан сувиллын газар уншсан нь энэ номын уур амьсгалтай огт зохицохгүй гэмээр ч ном өөрөө намайг хүйтэн, жихүүн, нойтогносон тухгүй байдалд оруулж, чулуун зам, харанхуй гудамж, худаг, байшингийн завсарт эрхгүй аваачсан. Бас хэзээ ч тэгтлээ сонирхож байгаагүй Турк, Истанбулыг, нэрийг нь тогтоож чадаагүй Европын дүүргүүдийг нь, Босфорын эргийг нь үзэх, туулайн бөөр моддын (чухам ямаршуу модыг хэрэг болгон олж үзэв) хажуугаар алхах, турк кофе бас цай уух, нарийн боов идэх, ресторанд суух хүслийг эрхгүй төрүүлэв. Бас Алааддины мухлагтай төстэй мухлаг, Алааддинтай төстэй худалдагч таараасай гэж хүсэв. Араб дорно дахины гүн ухааны талаар түй ч гүйгээ мэдэж, магадгүй хэзээ ч гүйцэлдүүлэхгүй "мэдэх ёстой" юмныхаа жагсаалтыг нэжгээдээр нэмэв. Зохиолын төгсгөлд Галип, хайртай Желяль минь, Рюйя ч огт байгаагүй (мэдээж байгаагүй л дээ...), тэд бол зохиомлын зохиомол бөгөөд би харин зохиолчийн ярих элдэв түүх (тэр дунд нь зохиолын гол шугам ч орно)-ийг сонсон Истанбулаар л баахан тэнэсэн шиг болж үлдэв. Тэгээд унших явцад үе үе цухалзах "том" санаа нь хэн, хэзээ Монголыг ингэж ер бусаар (13 дугаар зууны түүхээр биш... бахдах бишрэх, хүндлэхээр биш), шимшрүүлэн, эмзэглүүлэн хайрлуулах (хэн хүнгүй гэхээсээ уран зохиолыг шимтэн уншигчдаар) зохиолыг бичих бол доо... , тэгээд тэр зохиолч нь Нобель аваасай гэх "цогтой эх оронч" хүсэл байв.

Түр хүлээнэ үү...
Top