Чимээн доторх Чимээ...
Гэхдээ усны чимээ шүү.
***
“Чи үнэхээр эрсдэлээс, үхлээс айхгүй зоригтой байх юм аа. Аргагүй дээ, дөнгөж хорин нас шүү дээ. Чи таван жилийн дараа өнөөдрийн хийж байсан үйлдлүүдийнхээ заримыг хийж чадахгүй, заримыг нь харин арай дөнгүүр хийдэг болно.
Хийж чадахгүй үйлдлүүддээ л харамсвал зохино. Тэд нь дандаа амь эрстсэн үйлдлүүд байна. Хийхгүй байх нь чамд сайн ч уйтгартай байх болно, шувуухай минь.”
Энэ үгсийг сонсчхоод би адал явдал дүүрэн аяллынхаа талаар юу ч бодсонгүй, харин Фу Гүйн:
“Хаан намайг хүргэнээ болгохоор шийдэвч хүрэх зам дэндүү холын учир би явахгүй” гэж хэлснийг санав.
Үнэхээр бидэнд нүд гялбуулам гэрэл гэгээ, зүрх чичрүүлэм түнэр харанхуйгаас өгсүүлээд үзэж туулах юмс их бий. Заримдаа бяцхан шийтгэл бас урамшуулал.
Фу Гүй залуудаа хийж болох бүх л алдааг хийсэн. Гэхдээ алдаанууд нь байсан учраас л тэр залуу байсан юм шиг...
Нас болгон маань бидэнд өөр өөр төрх бэлддэг шиг ээ. Хорин настай чи хэчнээн ухаантай байсан ч энэ чинь хорин насны л ухаарал шүү дээ гэмээр. Мэдэхгүй ээ, гэхдээ би яг үүнийг гуч хүрчихээд дахиад л бичиж суух болов уу.
Далай шиг нуурыг ширтэнгээ "Үй Хуа-гийн "Амьдрахуй" номыг цүнхлээд гарахгүй яав даа" гэж харамссан.
***
Сонсогдохгүй байж магад. Гэхдээ сонс доо... Усны чимээ. Их усны чимээ. Заримдаа би их усны чимээнд амарч, нүдээ анингаа тэр чимээг анирдахыг хүсдэг.
***
“Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй.”
Амьсгалах л аз жаргал. Зүрх чинь чиний төлөө минут секунд тутамд цохилж л байвал тэр аз жаргал.
Тэгэхээр нөгөө хайгаад, хайх тусмаа зовоод байдаг АЗ ЖАРГАЛ гээч нь чамтай хөтлөлцөөд л өөрийгөө хайлцаад байдаг байх нь уу?
Энэ сэдэв намайг голох шиг болж байна. Тийм болохоор би эндээс зайтай суулаа.
***
Хааяа би усны чимээг үзэн яддаг. Ус намайг ядрааж бас айлгадаг. Заримдаа их усны шуугин давалгаалах нь намайг сандрааж, үймүүлдэг. Хэзээ мөдгүй миний хамаг сайхан үгсийг хөмрөөд... Ямар ч ул мөр үлдээлгүй алга болгочих вий гэхээс би эмээдэг.
***
Өдөр болгон хамтдаа л байвал өөдлөх уруудах, үгүйрэх дүүрэх ч яамай. ГЭР БҮЛ.
Энэ хорвоо дээр хамгийн сайхан зүйл гэр бүл гэдэгт би хэзээд итгэлтэй байх болно. Хэдэн настай байх минь хамаагүй. Энэ тулах цэгээ би хэзээ ч гээхгүй.
Зохиолч, орчуулагч хоёр маань уншигч биднийг жаргал, зовлон аль нь ч тохиолдсон тулах цэгээ олоосой гэж хүсэхдээ эл бүтээлээ туурвисан байх? Үгүй ч байж болно л доо...
***
Усны чимээ дан ганц усных юм уу? Салхины чимээ, усан доторх ургамал, амьтдын чимээ хаачдаг юм бол? Чимээн дотор дахиад чимээ байдаг юм болов уу? Бид сонсож чаддаггүй ч юм билүү?
***
Амьдрал энд бас үргэлжилдэг. Бид хэлдэг л дээ... Хэн нэгнээ тэнгэр лүү явсан гэж. Үгүй. Тэр сарниж бутран өч төчнөөн хэсэг болоод бидний сэтгэл дотор баяр баясал, уйтгар гунигаар тэжээгдэн амьдарч байдаг. Гэхдээ амьсгалахгүйгээр. Би Реализмд дургүй.
Миний ээлж ирэхэд би харин үл таних чимээ, үл таних хүний нэг хэсэгт амьдрах болно.
Э.Сувдаа